Гадны түрэмгийлэгчид Монголыг хуваасан нь
Манж, Хятад, Орос болон Япон улсууд Зүүн Хойд Ази, тэр дундаа Монголын бүс нутагт эрх мэдлээ тогтоохоор удаан хугацааны туршид өрсөлдөж иржээ. XIII, XIV зуун буюу Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний үеэс хойш ойролцоох хөрш улсууд нь Монголчуудыг аюул учруулж болох цэргийн хүч гэж харах болжээ. Ингээд Монголчуудын нэгдлийг сарниаж хүчийг нь сулруулах мөн тэрхүү нэгдлийг нь хөхүүлэн дэмжих аргаар зогсоох аль алиныг нь хийх хэрэгтэй болов.
1636 онд Манжууд Монголыг өвөр, ар гэж хуваагаад Өвөр Монголыг нь эзэлж түүнийг Хятадыг эзэлж Чин гүрнийг (1644-1911) байгуулах бааз сууриа болгожээ. 1691 онд Ар Монголыг эрхшээлдээ оруулсныхаа дараа Манжууд Монголчуудыг тэдний эсрэг нэгдэхээс сэргийлэн ар, өвөр гэсэн хиймэл заагийг хадгалан үлдээв. 1729 онд Орос Ар Монголын хойд хэсэг, Байгал нуурын орчмоор нутаглах Буриадыг өөртөө нэгтгэснээр Монголын нэгдлийг улам сулруулсан байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн төлөөх Хятад, Орос, Японы санаархал
XIX зууны хоёрдугаар хагаст Чин Гүрний уналт эрчимжих хэрээр олон улс орон үүнийг ашиглан улс төрийн болон худалдаа, эдийн засгийн эрх мэдлээ өргөтгөхийг сонирхож байлаа. Эдгээр улс орнууд дотор Их Британи, Франц, Герман, Португал зэрэг Европын орнууд төдийгүй Азийн томоохон гүрнүүд ч багтаж байв. Монголын зүүн хөрш болох Манжуурыг эрхшээлдээ оруулах гэсэн Орос, Японы тэмцлийг авч үзье. Өмнөд хэсгээрээ Бохайн буланг дагасан мөстдөггүй усан боомтууд бүхий Манжуур нь стратегийн хувьд маш ашигтай байрлал төдийгүй Чин Гүрэнд Монголыг хянаж байх бааз суурь болж байжээ.
1894-1895 оны Чин гүрэн болон Японы хоорондох дайнд ялалт байгуулсан Япончууд Манжуурын өмнөд хэсгийн Лиаодунг хойгийг өмнөд захын Порт Артурын (Далиан, Дариэн) хамт эрхшээлдээ оруулсан байна. 1896 онд II Николас хаан (Оросын – ред.) Японы эсрэг Хятадын холбоотон болсноор Транссибирийн төмөр замыг Манжуурын хойд хэсгээр үргэлжлүүлэн татаж, Оросын Номхон далайн боомт болох Владивостоктой холбох боломжтой болов. Үүгээрээ Оросууд Манжуурын хойд хэсгийг хяналтандаа авсан гэгдэж байлаа. Үүний дараа Орос, Хятадын зүгээс үзүүлэх шахалтын улмаас Япон өмнөд Манжуурыг чөлөөлжээ.
Бохайн булангийн нөгөө хүзүү, Порт Артурын эсрэг талд Шандунгийн хойг байдаг. 1897 онд Герман тус хойгийн томоохон боомт болох Чингдаог (Цингтао) эзлэн авав. Орос улс ч Хятадын засгийн газраас холбоотныхоо хувиар дараагийн эдлэх боломжоо шаардаж байлаа. Ингээд 1898 онд Порт Артур болон Манжуурын боомтын бүс нутгийг Орос авч нэн даруй Владивостокийн боомттой төмөр замаар холбов. Энэ үед Япон Азийн эх газарт эрх мэдлээ дахин тогтоох талаар л санаа зовнин харж суулаа.
1904 онд Манжуурын төлөөх Орос-Японы дайн эхлэв. 1905 онд Япон ялснаар Портсмоутын хэлэлцээрээр Порт Артурыг урт хугацаагаар түрээслэх болов. Энэ нь 1898 оны Бээжингийн II Конвенцийн дагуу Британи Гонконг болон Шинэ бүс нутгийг хамаарах болсонтой адил байлаа. Япон, Орос аль аль нь Манжуурыг Хятадын мэдэлд буцаан өгөхөөр санал нэгдсэн ч дахин авах өөр өөрсдийн боломжийг хайж байсан юм. 1910 онд Япон Лиаодунг хойгтой зүүн талаараа хиллэх Солонгосыг эзлэн авав.
Монгол-Японы найрамдалт харилцаа эхэлсэн нь
1911 онд Чин Гүрнийг түлхэн унагасан Хятадын Үндэсний Хувьсгал гарахын өмнөх орой VIII Богд Жавзандамба хутагт Ар Монголыг Хятадаас тусгаар улс болсныг зарлалаа. Жавзандамбууд (Богд хаадууд) нь Монголын уламжлалт Бурханы шашин, төрийг хослон барьж байв. Тэднийг Төвдийн Далай ламын дүрийг тодруулдагийн адилаар тодруулдаг байлаа. Гэвч 1912 онд Орос, Хятадын шахалтаар Жавзандамба хутагт Хятадын шинэ Үндэсний Засгийн газраас олгож буй автономит буюу өөртөө засах эрхийг хүлээн авахад хүрсэн ба Оросын дэмжлэгтэйгээр энэ статусаа хадгалах болжээ.
Хятадад бий болсон шинэ нөхцөл байдлыг ашиглан Япон Порт Артур болон Солонгост тогтоосон хяналтаа Манжуурын өмнөд хэсэг, Өвөр Монголын зүүн хэсэг рүү тэлэв. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайнд Орос Герман болон Туркийн эсрэг Англитай эвсэв. Европод гол анхаарлаа хандуулж байсан Орос 1914-1915 оны Хятадтай хийсэн Хиагтын гэрээнд гарын үсэг зурж, Хятадын Ар Монгол дахь ноёрхолыг сэргээж, Японы Азийн эх газар руу чиглэсэн түрэмгийллийг ч хүлээн зөвшөөрчээ.
Энэ хооронд Япон Холбоотнуудтай эвсэж Шандунгийн хойгийг Германы эрх мэдлээс салган авлаа. 1915 онд Хорин нэгэн зүйл шаардлага бүхий бичигт Хятад, Япон улсууд гарын үсэг зурж Хятад Шандуныг Японы мэдэлд орсныг зарлаж, мөн өмнөд Манжуур болон Өвөр Монголын зүүн хэсэг дэх Японы эрх мэдлийг хүлээн зөвшөөрөв.
1917 оны Оросын Хувьсгалын дараа Ленин Оросын Хаант засгийн Хятадтай байгуулсан Монголын талаарх асуудалд хөндлөнгөөс үл оролцох тухай хэлэлцээрийг хүчингүй болгов. Тэрээр Азид бүхэлд нь коммунизм тогтоохыг зорьж байлаа. Үргэлжилсэн дэлхийн дайн мөн Орос улсын ялангуяа Сибирийн бүс нутагт дахь иргэний дайн нь түүнд тус төлөвлөгөөгөө нэн даруй эхлүүлэхэд нь саад болсон юм.
Жавзандамба хутагт Хятад болон Оросын аль алиныг нь таашаахгүй байлаа. Тэрээр Сибир дэх Буриадаас эхлэн Өвөр Монгол болон баруун хойд Манжуурыг хамарсан Их Монгол улсыг байгуулахыг хүсэж байв. Тухайн бүс нутгийн цэргийн хүчнүүд дундаас Жавзандамба хутагт өөрийн хүссэн Монгол улсыг байгуулахад туслах хүч бол Япон гэж үзэв. Тэгээд ч Япон нь Бурханы шашинтай улс байлаа. Харин Япончууд өөрийн нөлөөг Зүүн Хойд Ази болон Монголд нийтэд нь тогтоох сонирхолтой байсан юм. Ингээд 1918 онд Япончууд Япон-Монголын Бурханы шашны нийгэмлэгийг байгуулж, Нармай Монголыг байгуулах төлөвлөгөөг дэмжив.
Монголд Коммунизмыг тогтоосон нь
1919 оны сүүлчээр Хятадын шахалтаар хэд хэдэн Монгол ноёд Жавзандамба хутагттай зөвшилцөлгүйгээр автономит эрхээсээ татгалзаж Хятадын захиргаанд орсон юм. Улмаар Хятадууд Монголыг Зөвлөлтийн түрэмгийлэл, Японы дэмжлэгтэй Нармай Монгол улс байгуулах хөдөлгөөнөөс хамгаалах нэрийн дор Монголын асуудалд гүнзгий хутгалдаж эхэллээ.
Монголын хоёр ч бүлэг хүмүүс Хятадыг хөөн гаргаж, Монголын өөртөө засах эрхийг сэргээхэд Зөвлөлтөөс тусламж хүсэв. Нэг бүлэг нь Сүхбаатар тэргүүтэй Монгол Ардын Намынхан байв. Тэд Зөвлөлт Холбоот Улстай бүрэн холбоотон Коммунист засгийн газар байгуулахыг хүсэж байлаа. Нөгөө бүлэг нь Жавзандамба тэргүүтэй консерватив үзэлтнүүд юм. Энэ үед Солонгос Японоос салан тусгаарласнаа зарлаад байв. Япон Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дарахад хамаг анхаарлаа хандуулж байсан учир Жавзандамба хутагтад Японоос тусламж эрэх боломж олдсонгүй. Улмаар Монголын энэ хоёр бүлэглэл зөвшилцөж Сүхбаатар Жавзандамба хутагтыг үндсэн хуулиар эрх нь хязгаарлагдсан хаант засгийн тэргүүн байхаар хүлээн зөвшөөрлөө.
Орос улсад суурьшсан Германы язгууртан гэр бүлээс гаралтай Барон Роман фон Унгерн-Стернберг бага залуугаасаа Бурханы шашныг сонирхдог байжээ. Мөн тэрээр Большевикуудын эсрэг тууштай тэмцэгч, зартай харгис нэгэн байсан юм. 1920 оны сүүлээр тэрээр Сибирьт Большевикуудтай дайтаж байгаад Япончуудын турхиралтаар Цагаан Оросын (Хааны) армийн хамт Ар Монгол руу цөмрөн орж ирэв. Энэ үед Хятадууд Монголын нийслэл Өргөө (Улаанбаатар) хотод Жавзандамба хутагтыг барьж хорьсон байлаа. Унгерн Жавзандамба хутагтыг чөлөөлөх ариун үүргийг өөртөө хүлээн авчээ.
Унгерн Япончуудын дэмжлэгтэйгээр Нармай Монгол улсыг байгуулах үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд 1921 оны эхээр Өргөөг эзэлж Жавзандамба хутагтыг дахин хаан ширээнд нь заллаа. Монголын төрийн тэргүүн өөрийг нь чөлөөлсөн түүнийг догшин сахиус Жамсрангийн (Жамсинг) нэг дүр хэмээн зарлав. Ингээд Унгерн тааралдсан бүх Хятад, тэдэнтэй хамтарч байсан Монголчууд, Большевик Орос, Жүүдүүдийг устгаж эхэллээ. Тэрээр бүх Жүүдийг Большевик гэж үзэж байжээ.
Сүхбаатар Буриадад байх зуураа Монголын Коммунист Түр Засгийн газрыг байгуулж, “Цагаан Барон” заримдаа “Галзуу” гэгдэх Бароны эсрэг тэмцэхээр Монгол армийг толгойлох болов. Коммунист удирдагчид Цогт цагийн хүрдэнд сүсэглэх Монголчуудын сүсэг бишрэлийг ашиглан сургаалыг мушгин, тэд Монголыг харийн дарлалаас чөлөөлөн тулалдсанаар Шамбалын оронд дахин төрөх болно хэмээн цэргүүдийг дайчилж байв. 1921 оны сүүлээр Сүхбаатар Зөвлөлтийн Улаан Армийн тусламжтайгаар Өргөөг эзэлж, Жавзандамба хутагтын эрх мэдлийг ихээр хязгаарлажээ. Улмаар 1924 он хүртэл Зөвлөлтийн цэргүүд Өргөөд байрлаж, Япончууд энэ хугацаанд зөвхөн зайнаас ажиглахаас өөр аргагүй болов.
1922 онд Унгерныг өөрийн цэргүүд нь хороожээ. Сүхбаатар 1923 онд, Ленин 1924 оны эхээр, Жавзандамба хутагт 1924 оны сүүлээр нас барав. Үүнээс хойш удалгүй Бүгд Найрамдах Монгол Ард улсыг зарлан тунхаглаж, засгийн газар нь тэднийг эсэргүүцсэн аливаа тэмцлийг намдаахдаа Цогт цагийн хүрдэний сургаалыг гуйвуулан ашиглах бодлогоо үргэлжлүүлэв. Ингээд 1925 онд Монголын Ардын Хувьсгалт Намын Их хурлаас Жавзандамба хутагтыг шашин, төрийн тэргүүнээр дахин тодрохгүй ба тэрээр Ханүмант Ноёны дүрээр Шамбалын оронд төрнө гэж зарлав. Тэд үүнийгээ баталгаажуулж Далай ламтай зөвлөнө гэсэн боловч энэ тухай уулзсан эсэх нь эргэлзээтэй байдаг.
Шамбалын дайн
Дарва бандид тэргүүтэй сүм хийдийн тэргүүнүүд Бурханы шашны өмнөх үеийн энгийн зарчим руу шилжихийг зөвлөж байсан учир эхэндээ Монголын Коммунист засгийн газар Бурханы шашныг хүлээн зөвшөөрч байлаа. ЗХУ-д Буриадууд шашнаа сэргээх хөдөлгөөн өрнүүлж байсны адил Монгол лам нар ч Коммунист онолтой Бурханы шашныг холбох гэж оролдож байлаа. Бандидын энэ оролдлогыг Буриадын эрдэмтэн Жамсаранов дэмжиж байсан бөгөөд 1926 оноос Монголд Бурханы шашныг гуйвуулахгүй цэвэр байлгах, шинэчлэх хөдөлгөөн газар авчээ.
1928 онд Сталин ЗХУ-ыг удирдаж эхэллээ. Тэрээр 1929 оноос хамтралжуулах, шашингүй үзлийг сурталчлах кампанит ажлаа эхлүүлснээр Монголын Коммунист засгийн газар мөн адил зарчмаар ажиллах болов. 1929 онд Намын VII Их хурлаар Бурханы шашны шинэчлэлийн хөдөлгөөнийг буруушааж, Богд Жавзандамба хутагтын есдүгээр дүр Төвдөд тодорсон байсан хэдий ч түүнийг буцаан залахыг хориглов. Нам Сталинаас жишээ авч 1930-1932 онд шашныг хавчих, хамтралжуулах бодлогоо хүчтэй эрчимжүүлэв. Сталины бодлогоос зугтаж Монголд орж ирсэн Буриад эрдэмтэдийн дэмжлэгтэйгээр лам хуврагууд бослого гаргаж зарим нь Панчин ламаас тусламж хүсэж байв.
1924 оноос хойш IX Панчин лам XIII Далай ламтай зөрчилтэй байсны улмаас Хятадад суух боллоо. Панчин лам Лхасыг өөртөө засах эрхтэй, татвар төлдөггүй, өөрийн цэрэг армитай болохыг шахаж байв. Хятадын Үндэсний Засгийн газар түүнд цэрэг захируулан өгсөн боловч Далай лам түүнийг Хятадтай зөвшилцсөн байж магадгүй хэмээн болгоомжлон Төвдөд буцаж ирэхийг нь зөвшөөрсөнгүй. Монгол дахь босогчид Панчин ламаас өөрийн Хятад армийн хүчээр Монголыг Коммунизмаас чөлөөлж, хойд хилээ Зөвлөлтөөс тусгаарлаж, Хятадын захиргаан дор IX Жавзандамба хутагтыг залахад туслахыг хүслээ. Тэд Панчин лам болон түүний Хятад армийг гадны хэрцгий хүчийг дарах Шамбалын хаан, түүний эрэлхэг цэргүүдтэй адилтгаж байв. Хэдийгээр Панчин лам бослогыг дэмжсэн захидал илгээсэн боловч Монголд биечлэн ирээгүй төдийгүй цэрэг армийн дэмжлэг үзүүлээгүй юм. Гэсэн хэдий ч бослого болон үүсээд байсан балмад хэрцгийлэлийн хоорондох тэмцлийг “Шамбалын дайн” гэж нэрлэх болжээ.
Энэ хооронд, 1931 онд Япон хойд Хятад руу довтолж, 1932 онд эрхшээлдээ олон жил байлгасан Манжуур, Өвөр Монголын зүүн хэсэг дэх нутагт Манжгоо улсыг байгуулав. Япон Азид хүчтэй нэвтрэхийн тулд Бурханы шашныг ашиглаж байсан тул Буриад, Ар Монголын Бурханы шашинтнуудтай нэгдэхвий хэмээн Сталин маш их санаа зовж байв. Ингээд тэрээр 1932 онд бослогыг дарж, Шамбалын дайныг дуусгах төдийгүй Монголын Коммунист намын “зүүний алдаа завхралыг” арилгахаар Зөвлөлтийн армийг Монголд орууллаа. Зөвлөлтийн заавраар 1932-1934 онд Намаас Шинэ эргэлтийн бодлого гаргаж Бурханы шашныг хавчин гадуурхах байдлыг зөөлрүүлэв. Хэд хэдэн сүм хийдийг дахин нээх зөвшөөрөл олголоо. Сталин хэрэв Бурханы шашинтнуудыг хэт өөрийн эсрэг хандуулбал, тэд Японд улам ойртох болно гэж үзжээ. Гэвч Монголд Бурханы шашин дахин сэргэж чадаагүй юм.
Япончуудын Монголчуудыг өөртөө татах гэсэн оролдлого
1934 онд Сталины туслах Кировын амь насыг хороов. Энэхүү аллага нь 1934-1938 оны Сталиныг эсэргүүцсэн бүхнийг устгах Их хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн юм. Энэ нь Монгол руу тэлж, тэндэхийн Бурханы шашинтнуудыг хамарсан билээ. 1935 онд хилийн мөргөлдөөн гарч, Манжгоо дахь Японы цэргийн хүчтэй Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн хүч байлдахад Сталин Буриад болон Монгол өндөр хэргэм зэрэгтэй лам нарыг Японтой хуйвалдсан гэж буруутгаж байв.
Монголчуудын дэмжлэгийг авахын тулд Япон он цагаар шалгарсан арга буюу Японыг Шамбалын орон гэж ухуулах аргыг ашиглаж байлаа. Тэд Лхасын зөвшөөрөлтэйгөөр IX Жавзандамба хутагтыг Өргөөд буцаан залсанаар тэрээр Буриадыг багтаасан Нармай Монголын төлөө хөдөлгөөнийг голлон удирдаж болох юм гэсэн санал гаргаж байв. 1937 онд Япон Өвөр Монголын үлдсэн газар нутаг, хойд Хятадыг эзлэн авлаа. Сталин Буриад болон Монгол өндөр хэргэм зэрэгтэй лам нарыг Японы Шамбалын талаарх ухуулгыг дэмжин тарааж байна гэж буруутган, цэвэрлэгээг улам гүнзгийрүүлж, сүм хийдүүдийг устгах үйл ажиллгаа явуулах болов.
1939 онд Япончууд Ар Монгол руу довтолсон боловч Монгол, Зөвлөлтийн хамтарсан армид ялагдсан юм. Үүний дараагаас Япон анхаарлаа өмнө зүгт Энэтхэг-Хятад, Номхон далайн орнууд руу хандуулах болжээ. Ингээд Сталинд ЗХУ болон Ар Монголд Бурханы шашныг шахан хавчих үйл ажиллагаагаа гүйцээхэд саадгүй боллоо. 1945 онд Зөвлөлтийн арми Манжгоог Японоос “чөлөөлсний” дараа, Сталин тэнд ч мөн Бурханы шашныг хавчин шахах үйл ажиллагаагаа явуулав. Ингээд Хятадын Коммунист Засгийн газар байгуулагдахаас өмнө Сталин Манжуур, Өвөр Монголын зүүн хэсгийн сүм хийдүүдийн ихэнхийг устгасан байлаа. Бурханы шашин энэ бүс нутагт дахин сэргээгүй юм.