Сургаал сонсохын өмнө мандал өргөж хүсэлт тавих нь чухал. Ингэхдээ бид тэрхүү өргөлтэй хамт уншигддаг ерөөлийн утгыг ойлгох хэрэгтэй. (Үзэх: Мандал гэж юу вэ?)
Газар дэлхийг хүж, цэцгэсээр жигдлээд сүмбэр уул, дөрвөн тивийг нар, сараар чимэглэсэн үүнийг. Бурханы оронд зорин өргөснөөр хамаг амьтан бүгд энэ ариун орныг эдлэх болтугай. Ум идам гүрү ратна мандала-кам нир-яатаяами. Багш танд энэхүү мандлыг өргөн соёрхъё.
Бурханы, ариун орны хувьд бодож, хамаг амьтан тэр оронд байх тухайд ерөөж буй энэ ерөөлийг ойлгоход бага зэрэг хэцүү. Юуны түрүүн Бурханы орон, ариун орон гэж юу болохыг бид ойлгох хэрэгтэй. Энэ нь өдрийн 24 цагийн турш Номд суралцаж, түүнийг бүтээхэд бүх зүйл бүрдсэн газар. Танд ажиллах, хооллох, унтах, түрээс төлөх, бие засах шаардлага байхгүй – цаг үргэлж Ном үзэн бүтээл хийхээс өөр юу ч хийх шаардлагагүй. Энэ нь өдрийн турш хөзөр тоглон, усан санд эргэлдэх гэсэн үг биш.
Бурханы орнууд нь хутагт бодьсадва нараар дүүрсэн байх ба тэдгээр бодьсадва нар нь хоосон чанарыг шууд оносон, Самбогакаяа буюу Бурханы дүрст лагшингуудаар Их хөлгөний сургаал заалгаж байдаг. Энэ бол Бурханы орон буюу ариун оронд болдог үйл явдал. Гэвч гүнзгий түвшинд Бурханы ариун орон нь хутагт бодьсадва нарын оносон сэтгэлийн хамгийн нарийн түвшин болох тод гэрлийн түвшний сэтгэлтэй холбоотой. Хэрэв бид Номд суралцах, бүтээл хийхээс өөр юу ч хийх шаардлагагүй, тэр бүхнийг хийх хамгийн тохиромжтой орчин мөн сэтгэлийн төлөв бүрдсэнтийм нөхцөлд байвал үнэхээр ямар сайхан байх бол.
Тэгэхээр мандал өргөх үед бидний дүрслэхийг хүсдэг зүйл бол бид дээрх нөхцөлд байж, бидний сэтгэл хамгийн таатай төлөвт байх ба хүн бүр Номд суралцах эдгээр нөхцөлийг олох болтугай хэмээн ерөөх явдал байна. Энэ түвшинд бүх зүйл төгс, бүх зүйл суралцахад тохиромжтой байгаагаар дүрсэлж сургаал айлдах хүсэлтийг тавьдаг. Үнэндээ тус ерөөлөөр “Би сургаал сонсоход бэлэн байгаа бөгөөд хүн бүр мөн тэр адил байх болтугай” гэж ерөөдөг. Энэ бол сургаал айлдахыг хүсэн мандал өргөхийн гол санаа.
Хэрэв бид цаг агаар халуун, өлссөн гэх мэт нөхцөлд байгаа бол түүнийг хайхрахгүй байхыг хичээн тэгснээрээ тэдгээр зүйлүүдэд анхаарал сарнихгүйгээр сургаалыг зөв сонсож чадах юм. Мандал өргөх ерөөлд бид Сүмбэр уул, дөрвөн тив зэргийг өргөдөг бөгөөд эдгээр нь бидний дэлхий, хэт халуун, хэт хүйтэн гэх мэт эгэл нөхцөлүүдийг төлөөлнө.
Тэдгээрийг өргөснөөр бид сургаал сонсохын тулд Бурхадад бүхий л эгэл бүхнийг өргөх хүсэлтэй байгааг илэрхийлэх төдийгүй илүү гүнзгий түвшинд эгэл ертөнцийг Бурхадад өргөн тэдгээрийг ариун орон болгон хувиргахыг хүсэж байдаг. Тэгэхээр мандал өргөх нь үнэндээ муу нөхцөлийг эерэг болгон хувиргах, хандлагыг ариусгах төрлийн бүтээл юм. Номын төвд, эсвэл сургаал айлдаж байгаа газар, эсвэл амьдралд ерөнхийд нь ямар нэг хэцүү нөхцөл байгаа бол түүнийг бид сэтгэлдээ хувиргадаг. Бид Бурханы ариун оронд байж сургаал сонсох гэж буйгаар дүрсэлнэ. Энэ нөхцөлд Бурханы ариун орон нь үнэндээ сэтгэлийн төлөв байна. Бид түүнийг хаа нэгтээ нэг галактикт байх диваажингийн орны үүднээс боддоггүй.
Тэгэхээр сургаал айлдах хүсэлт гарган мандал өргөх нь ач холбогдлыг нь бууруулж болохгүй маш гүнзгий бүтээл. Хэдийгээр мандлыг түүнийг илэрхийлдэг мандлын хэрэгсэлээр өргөж болох ч мөн тохирох гарын чагжаар эсвэл Сүмбэр уул, дөрвөн тив зэргийг ямар нэг байдлаар төлөөлүүлэхгүйгээр өргөж болно.
Гэвч ямар ч хэлбэрээр мандлыг өргөж байсан түүний өмнө сэтгэлд буй аливаа бодлыг арилган, Бурханы ариун оронд байгаагаар төсөөлөхөд хэдэн хормыг зарцуулах нь чухал. Ингээд тэрхүү сэтгэлийн төлөвөөс мандлыг өргөнө. Ингэхдээ зөвхөн өөрийгөө Бурханы ариунд оронд эсвэл сэтгэлийн тод гэрлийн төлөвт байгаагаар эсвэл би онцгой, чухал хүн учраас зөвхөн өөрт тусгайлсан сургаал сонсож байна гэх зэргээр бодохгүй харин хүн бүр тэрхүү ариун оронд байж энэхүү сургаалыг сонсох болтугай хэмээн ерөөдөг болохыг санах хэрэгтэй.