Бэлтгэл номын хоёр дахь нь тахилыг башир хуурмаггүйгээр бэлтгэн, гоё үзэсгэлэнтэй байгуулахыг анхааран авах юм.
Тахилууд
Атиша гэгээн Төвөдөд морилж очоод, хүн ардыг нь усан тахил тавих хэрэгтэй хэмээн айлджээ. Ард олон нь хэдий ядуу дорой байсан ч Төвөд орон тун цэвэр тунгалаг устай байсан тул тэр нь тахилын сайхан эд байлаа. Мөн ус үнэгүй тул мөнгөгүй хэмээн гомдоллох аргагүй буюу багахан аяга усаар (хожим нь уучихаж болно) тахил тавьчихаж чадахааргүй ядуу байна гэж үгүй. Уламжлал ёсоор бол долоон цөгцөнд тавих буюу долоон цөгц усан тахил өргөдөг. Тахилыг өргөх, жигд сайхан өрж бэлтгэх ёсон бий. Үүнийг бусдаар заалгах нь зүйтэй.
Тахил өргөх уламжлалт ёс бий. Дахин анхааруулахад, тахилыг хүндэтгэлтэй өргөх хэрэгтэй. Долоон тахил бол долоон гишүүн соёрхолын долоон гишүүн юм. Өглөө босмогц угаалга зэргийг үйлдээд, өрөөгөө шүүрдэн цэвэрлэсний дараагаар усан тахилыг өргөнө. Ингээд усан тахилаа ихэнхдээ үдээс хойш (үдээс хойшхон гэртээ байж, тахилаа хураах боломжтой бол хураана, үгүй бол орой) хураана. Тахилыг хураахдаа ч хүндэтгэлтэй байх ёстой буюу шууд жорлон руу урсгачихаж болохгүй. Цэцэг, ургамлаа усалж болох ч өдөр бүр хэт их услах аргагүй. Тиймээс хэдий нэг л газар руу урсах ч жорлондоо бус угаалтуур руугаа хийх нь арай хүндэтгэлтэй хэрэг болно.
Хүмүүс ихэнхдээ цай, кофеныхоо дээжийг өргөдөг. Мөн хоолныхоо дээжийг ч өргөх нь элбэг ба энэ тохиолдолд муудаж ялзартал нь орхиж болохгүй. Эсвэл тахилыг тань идэх гэж цуглаж шаваад байх оготно, жоом, бусад шавьж хорхой ихтэй газар, ялангуяа Энэтхэгт амьдардаг бол шилэн хоргонд тахилаа тавих нь зохимжтой хэмээн Ринбүүчи айлддаг юм. Энэтхэгт бол тун амаргүй. Танай энд ямар байдгийг би мэдэхгүй юм. Ингээд тахилд өргөсөн идээ ундаагаа хогонд хаялгүйгээр идчихэж болно. Мөн цэцэг зэргийг өргөсөн бол гандаж муудтал байлгаж болохгүй.
Тахилыг дэлгэр ихээр өргөх боломж байдаг бол мэдээжээр сайхан хэрэг ч гэлээ гагц үүнд хэт дулдуйдан, тахилаа дэлгэр өргөхгүй л бол бясалгаж болохгүй мэтээр санах хэрэггүй. Бясалгал болоод өдөр тутам анхааран авах үйлд ихэд уян хатан байх хэрэгтэй. Энэ нь хэрэв та галт тэрэг, онгоцонд эсвэл галт тэрэг, онгоцны буудалд байх зэргээр замд яваа бол өдөр тутмын үйлээ үйлдэх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн гол нь сэтгэл ба номын анхааран авлагадаа хүндэтгэлтэй байж, улмаар эргэн тойрноо хүндэтгэлтэй, ариун газар орон гэж бодох нь чухал.
Гэтэл бид чимээгүй, нам гүмд бясалгах дуртай байдаг тул ихэнхи хүний хувьд зам зуур амаргүй байдаг. Тэгвэл Энэтхэг дэх Төвөд хийд оронд байж үзсэн бол үнэн хэрэг дээрээ тэнд огт чимээ тасардаггүй гэдгийг мэдэх биз. Номоо цээжилж буй бага жаахан хүүхдүүд шөнө орой хүртэл байдаг чадлаараа хашгиралдан, номоо уншина. Хийдэд хүмүүс маш эрт босдог бөгөөд тэгээд л хонх, бүрээ бишгүүр зэргээ хангинуулж эхэлнэ. Хүн болгон л уншлага номоо хамаг чангаараа уншицгаана. Хэрэв Төвөд хийд оронд ном хаялцаж байхыг харсан бол хэдэн зуун хуврагууд хоёр хоёроороо, эсвэл гурав гурваараа хуваагдаад, зэрэгцэн зогсож байгаад зэрэг чангаар хашгиралдан мэтгэлцэнэ. Энэ бол анхаарал төвлөрөх гайхалтай сургалт. Үнэхээр нэгэн үзүүртэйгээр сэтгэл төвлөрч чаддаггүй бол Төвөд хийд оронд суугаад, бас мэтгэлцээнд оролцоод байж чадахгүй.
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын хайрлаж буй эрх авшиг зэрэг ямарваа зан үйлийн үеэр Дээрхийн Гэгээнтэн зан үйлийг гүйцэтгэх тэргүүтнийг үйлдэж байхад чанга яригчаар унзад огтоосоо өөр уншлагад хуврагуудыг хөтлөн уншиж байх ба үүнд Дээрхийн Гэгээнтэн өчүүхэн төдий ч төвөгшөөсөн шинжгүй байдаг нь үнэхээр гайхамшигтай. Өсгөгчийн дуу бага байна гэж үгүй, ялангуяа Барууны оронд бол танхимд том том өсгөгч тавьсан байдаг юм. Энэ сургалтын нэгэн жишээ энэ шүү дээ.
Тиймээс эргэн тойронд чимээ шуугиантай байсан ч бясалгал номоо үйлдэж чаддаг байх хэрэгтэй. Энэ тун амаргүй байна. Жишээлэхэд, гэр тань нэг л өрөөтэй бөгөөд гэрийнхэн тань зурагт үзээд байна гэж саная. Хажууд хаа нэгтээ зурагт асаалттай байхад бясалгана гэдэг хэцүү. Тийм учраас л хажуу хаалганы зэргэлдээ өрөөнд чангаар дуугарах зурагтыг хараан, гомдоллож суухын оронд бясалгахад төгс зохицсон арилсан орон байна хэмээн дүрслэн төсөөлдөг юм.
Найман гишүүн төгөлдөр ус
Ингээд усны талаар дурдъя. Энэ талаар сонирхолтой зүйл их. Бурханд бүтэх мөн чанар, аврал одуулах тухай айлддаг Хутагт Майдарын Их Хөлгөний дээд үндэсний шастир буюу самгардиар Уттаратантра, төвөдөөр Жүд лама хэмээн энэтхэг шастирт усны найман гишүүн төгөлдөр шинжийг дурьдсан байдаг бөгөөд эдгээрээс гарах тус эрдмийг нь ч мөн айлджээ. Энэ бол ихэд сонирхолтой жагсаалт байдаг. Үүнийг зүгээр нэг жагсаалт байна хэмээн харж “Залхуутай юм” гэхийн оронд харин үүнээс юу сурч мэдэж болох вэ хэмээн хараарай.
1. Сэрүүн ус байх хэрэгтэй – үүнээс шагшаабад ариун болох тус гарна.
Тэгвэл энэ тохирч байна уу? Сэрүүн гэнэ. Нисванист сэтгэлийн халуун энэлгээ намжсанаар шагшаабадыг сахиж чадна. Тэгэхээр энд ямар ач тус гарч болохыг дурьдаж байна. Эдгээр шинж чанар бүхэн бидний чухам юуг анхааран авч үйлдэх ёстойг, юуг чухам дурьдаж байх ёстойг сануулж буй юм. ”Дурьдал” (дан-ба) бол “тогтоон барих”, “дурьдан санах” гэсэн үг. Үүнийг сэтгэлийн цавуу гэж хэлж болно. Тэгэхээр санаж байх ёстой байна. Юмсыг хэрхэн дурьдан санаж байх вэ? Бүхий л зүйлс өөр нэгний бэлэгдэл байдаг.
Гэхдээ эдгээр нь тэмдэглэгээ бус. Тухайн зүйлийг харсан дороо хаанахын хэн ч байсан чухам юу болохыг нь мэдэж байхыг тэмдэглэгээ гэнэ. Шар өнгийн дугуйнаас жижиг шар зураасууд гарч байвал хүн бүхэн энэ бол нарыг тэмдэглэсэн байна гэж мэднэ. Харин илэрхийлж байгаа зүйлсийг энэ нь чухам юуг бэлэгдэж буйг нь хэн нэгэн хүн хэлж өгөх, сургах хэрэгтэй байдаг буюу энэ нь илт бус юм. Жишээ нь хэн нэгэнд Жанрайсиг бурханы дүрийг харуулбал энэ бол энэрэл нигүүлслийн бэлэгдэл юм гэдгийг огтхон ч тааварлахгүй биз. Энэ бол тэмдэглэгээ бус харин бэлэгдэж буй юм. Тиймээс эдгээрийг суралцаж мэдэх ёстой.
2. Амттай ус байх ёстой – үүний тусаар амтат идээ ундны дээдээс хагацахгүй. Мөн тэрчлэн бусдыг баясгах тансаг амттай сайхан идээ ундааг өргөж чадна.
3. Хөнгөн ус байх ёстой – хөнгөн ус, хүнд ус гэж чухам юуг хэлж буйг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хөнгөн ус гэсэн байна. Үүний ачаар бие, сэтгэл хоёр үйлэн дор болох буюу ихэд хөнгөн, уян хатан байхыг сануулж буй юм. Өөрөөр хэлбэл, хөлдүү бус буюу хүнд бус гэсэн үг болов уу.
4. Зөөлөн – мэдэл үндэс зөөлөрнө.
5. Тунгалаг – оюун ухаан саруул тунгалаг болно.
6. Муухай үнэргүй – элдэв саад тотгор арилж, сэтгэл хир буртаггүй болно.
7. Ходоодонд хорлолгүй - өвчин эмгэггүй болно.
8. Бамбай өвчин үүдэхгүй зэргээр хоолойд хорлолгүй – Миний бодлоор усан дахь иодын дутагдал бамбай өвчинг үүднэ гэдгийг хэдийнэ мэдэж байжээ. Бамбай өвчний үед бамбай булчирхайн дааврын дутагдал, иодын дутагдлаар хүзүү томордог. Энэ адилын усыг өргөсний ачаар үг хэл яруу болох тус гарна.
Ийнхүү цэвэр, тунгалаг ус өргөх ёстой ба хэрэв цоргоны тань ус элдэв химийн бэлдмэл зэрэг зүйлсээр дүүрэн бол савласан ус, рашаан зэргийг өргөвөл хүндэтгэлтэй хэрэг болох бус уу? Эсвэл усаа шүүвэл арай хямд байж мэднэ. Өөрөөр хэлбэл, юу ч өргөлөө гэсэн өөрт буй хамгийн цэвэр, сайхан зүйлээ өргөх нь зохимжтой. Энэ нь өөрийн сэтгэл тэргүүтэн бүгд тодорхой, тунгалаг байхын шалтгааныг бүтээнэ. Тэрчлэн хүндэтгэлтэй буйн илрэл болно.
Тахилыг башир хуурмаггүйгээр бэлтгэх
Судар шастирт тахилаа бэлтгэхдээ башир хуурмаггүй байх хэрэгтэй гэжээ. Үүнд сонирхолтой зүйл их бий. Тэд эгэл хар хүмүүс (гэргийтэн) болон сахил санваартай машид гарагчдын (эр, эм хуврагууд) амьжиргааг ялгавартай үздэг. Гэргийтэн хүмүүсийн хувьд амьжиргаагаа шударгаар залгуулах нь чухал. Амьжиргаагаараа тахил бэлтгэн өргөж байгаа бол хуурч мэхлэх, жин хэмжүүрээр зальдах, муу ажил үйлдвэр зэрэг шударга бусыг тэвчих хэрэгтэй. Хэдийгээр бусад сургааль номонд зарим нэгэн ажил мэргэжлийг, жишээлэхэд зэвсэг хийх, борлуулах, согтууруулах ундааг хийх, зарж борлуулах, бусдад өгөх (тэгэхээр барны үйлчлэгч бол бусдыг согтож хөлчүүрхэхэд нэмэр болдог тул ажил хөдөлмөрийн хувьд төдийлөн сайхан биш) зэргийг тэвчих хэрэгтэй хэмээн айлддаг ч энд шударга байх нь чухал гэдгийг онцолж буй юм.
Төвөд, Монгол орнууд малчин олонтой бөгөөд тэд сүүн бүтээгдэхүүнээсээ гадна малаа идшинд зардаг. Би нэгэнтээ Австрали улсад, Тантрын дацангуудын нэгнийх нь хамба лам асан бөгөөд Наваан Даржаа гэвшийн багш Хансүр Үжин Цэдэн хэмээх нэгэн эрдэмт ламтай хамтдаа очих үеэр хүмүүс түүнээс, “Би Австралийн алс бөглүү нутагт амьдардаг. Манай нутагт хонь хариулахаас өөр хийх ажил мэргэжил гэж үгүй. Тэдгээр хонийг хожим заазлах нь ойлгомжтой. Энэ тохиолдолд бид яах ёстой вэ?” хэмээн асууж байв. Тэрээр, хариуд нь, “Хэрэв үүнээс өөрөөр амь зуух аргагүй бол гол нь хонин сүргээ аль чадахын хэрээр эелдэг сайхан, энэрэнгүй сэтгэлээр өсгөж үржүүлэхийн хамтаар арилжаа наймаандаа шударга байх хэрэгтэй” хэмээж билээ. Гэхдээ би үүнийг зэвсэг наймаалахаас арай өөр гэж бодож байна.
Харин эр, эм хуврагуудын хувьд бол таван буруу амьжиргааны тухай сургааль номыг энд дурьддаг ба тиймээс тэр хүрээнд нь ойлгох ёстой юм. Энд ихэд сонирхолтой болж ирэх ба учир нь Номын төвийн үйл ажиллагаанд хандив цуглуулах энд хамаарагдах болно. Энэ бол хийд оронд хандив цуглуулахтай л ижил юм. Өглөгийн эздээс хэрхэн өргөл, хандив авах вэ? Тэгвэл дараахийг хорьж тэвчих хэрэгтэй. Үүнд:
- Зусардах – “Та ямар сайн хүн бэ” гэх зэргээр худал магтан сайшааснаар тэднээр хандив өргүүлэх,
- Дашрамдуулах – “Номын Төвд маань ийм, тийм юм хэрэгтэй байна” гэх мэтээр хэрэгтэй байгаа зүйлээ далдуур хэлэх. Шууд шударга хүсэхгүйгээр тэднийг аргалах гэсэн мэтээр далдуур хэлэх. Эсвэл “Таны сүүлд өргөсөн хандив их хэрэг болсон шүү. Та их сайхан сэтгэлтэй, тусч юм” гэнэ. Энэ нь “дахиад өгөөч!” гэсэнтэй адил болно.
- Бусдыг албадах – “Хэрэв надад өргөл барьц өгөхгүй бол чамд хорлол ирж, чи ядуурна.” Энэ яг л өөрийг чинь хамгаална, мөнгө төл гэж байгаа мэт. “Бидэнд хандив өргөвөл бид хурал ном хуръя, тэгээд хорлолгүй сайхан болно.” Энэ яг л мафи шиг байгаа биз дээ, яг л гэмт хэрэгтэнд мөнгө төлж өөрийгөө хамгаалуулж байгаа мэт. Хүмүүс энэ адилаар албадах нь тохиолддог бөгөөд энэ бэрхшээл юм шүү.
- Эргэн ашиг олохын тухайд өчүүхнийг өгөх – Цааш өчүүхнийг өгөөд нааш үлэмж ихийг авахыг найдах юм. Хэн нэгнийг эргээд үлэмж хэмжээний өргөл өгөх байх гэж горилон нэг жижиг эрхи юм уу, нэг хямдхан зүйл эсвэл Жанрайсиг бурханы дүр гэх мэтийг өгөхийг хэлнэ. Энэ нь хандивлагчдад захидал явуулахтай л адил. Хандив хүссэн захидал илгээхдээ дотор нь багахан бэлэг хийх гэх мэт. Жишээлэхэд, “Хэрэв та бидэнд арван мянган рубль хандивлавал бид танд Жанрайсиг бурханы дүртэй цамцаар онцгой бэлэг барина. Харин та зуун мянгыг хандивлавал бид танд шарах шүүгээ явуулна” гэх мэт.
- Засдаг дүрийг эсгэх – өглөгийн эздийг ирэхэд ариун дүрэм байдалтай суух зэргээр засдаг дүр эсгэхийг хэлж байна. Өөрийн ариун дүрмээр тэднийг гайхшруулахын тулд номхон сайхан суугаад, хамаг юм сайхан байгаа мэт дүр эсгэнэ.
Ялангуяа Номын Төвийнхөө үйл ажиллагаанд хандив тусламж цуглуулах ажилд оролцдог бол эдгээр нь үнэхээр бодууштай зүйлс мөн.
Уламжлал ёсоор бол хуврагууд аягаа барин явж, юуг ч гуйж шаардалгүйгээр бадар барьдаг байлаа. Гэвч энэ бол гэргийтэн хүмүүс нь хуврагуудад өргөл тахил өргөдөг ёс заншил бүхий нийгэмд болдог зүйл. Тэгвэл нийт олны дунд энэ адилын заншил дэлгэрээгүй газар оронд бадар барих амаргүй. Ийнхүү амаргүй байхын учир нь зар сурталчилгаа зэрэг нь хүмүүст ямарваа нэгийг зарж борлуулахын тулд хуурч мэхлэхэд зарим талаараа зориулагдсан байдаг тул юм. Тиймээс хөрөнгө санхүү босгох, хандив цуглуулахдаа ямар арга хэрэглэхээ сайтар бодолцох хэрэгтэй ба зохисгүй аргаар эсвэл зар сурталчилгааны компани адил хүмүүсээр хандив өргүүлэхийн тулд заль мэх зэргийг хэрэглэж болохгүй юм.