Амгалантай суудал, Мөргөл, Суудлын ёс

Бэлтгэл номын гурав дахь нь зохимжтой суудал засаад, суудлын найман ёсоор тухлаад, буяны сэтгэлээр аврал одуулж, бодь сэтгэлийг төрүүлэх болой.

Зохимжит суудлыг засах

Шастир бичвэрт дурьдахдаа, бясалгалын суудлаа (боломжтой бол) доогуур нь агаар сэлгэж байхуйц өндөрлөг модон тавцан дээр засах нь нэн тохиромжтой гэжээ. Энэтхэг дэх төвөд хүмүүсийн хэрхэн бясалгаж буйг харвал тэд орон дээрээ суудаг нь ийнхүү агаар сэлгэхий тухайтад юм. Тусдаа бясалгалын өрөө гэх мэт тэдэнд байхгүй. Өлзийт сайн шалтгаанаар тавцан суудал дороо гүш өвс зэргийг тавьж болох ч бидний ихэнхийн хувьд энэ нь онцын шаардлагагүй.

Хэрэв завилж сууж байгаа бол та суудлынхаа арыг бага зэрэг өндөрсгөвөл хөл дарагдаж, дорхноо бадайрч өвдөхгүй. Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон бусад олон төвөд хүмүүс бөгсөн биеэ өндөрсгөлгүйгээр шууд л газар суугаад хөл нь бадайрдаггүй нь гайхаш төрүүлдэг юм. Миний хувьд бол энэ боломжгүй зүйл.

Үүнээс болж би ичгэвтэр байдалд орж билээ. Дээрхийн Гэгээнтэн Далай лам нэгэн хүнтэй уулзаж ярилцахыг орчуул хэмээн намайг дуудлаа. Би ороод газар суухаас өөр арга байхгүй байсан ба хоёр хөл дорхноо л бадайрчихсан. Ингээд уулзалт өндөрлөхөд хурдхан босоод өрөөнөөс гарах ёстой байдаг юм. Гэтэл би босож чадахгүй уначих гээд байсан тул хана түшин арай гэж хөлөө зөөн гарсандаа. Дээрхийн Гэгээнтэн инээдээ барьж тэвчихгүй байж билээ. Ямар ч байсан унаж тусаад бүрмөсөн ичгэвтэр байдалд орчихоогүй.

Тиймээс бөгсөө бага зэрэг өндөрсгөн суух нь хөл бадайрахгүй байхад тустай.

Энд харагдахгүй байна, гэхдээ Номын олон төвүүдээр байдаг Зен бясалгалын суудал (зафу) их хатуу бас зузаан байдаг. Түүн дээр бидний адил завилж суухад тохиромжгүй. Түүнийг япон маягийн суудлаар (хоёр хөлөө нугалаад дороо хийх) дороо тавьж өндөрлөн суухад эвтэй. Харин түүн дээр завилж суух гэвэл хэт өндөр тул унаж мэднэ. Тиймээс бясалгалын суудлаа сонгохдоо зузаан нимгэнийг, өндөр намыг, хатуу зөөлнийг тохируулах нь чухал байдаг. Гол нь хөлөө бадайрахаас сэргийлэх хэрэгтэй ба хүн болгонд тохирох суудал өөр өөр байдаг.    

Мөргөл

Доош суухын өмнө мөргөнө. Наваан Даржаа гэвш, өглөө босонгуут хагас унтаагаараа кофе аягалж авахын оронд орноосоо өндийнгүүт шүтээндээ гурван удаа мөргөх нь дээр хэмээн үргэлж онцгойлон айлддаг юм. Тэрчлэн өдрийн төгсгөлд мөргөөд орондоо орвол нэн сайн. Харин хагас унтаагаараа зомби аятай мөргөж болохгүй. Өглөө эрт мөргөх нь тухайн өдрийнхөө санаа сэдлийг төрүүлэх завшаан юм. Дээрхийн Гэгээнтэн өглөө нүдээ нээнгүүт түүний эхний бодол тухайн өдрийн санаа сэдлийг төрүүлэх байдаг хэмээн айлддаг юм.  

“Ёох, сэрүүлэг дуугарчихлаа. Босож, энэ өдөртэй тулахаас” хэмээх бодолтой сэрэхийн тус гэж үгүй. Огтхон ч тусгүй. Харин түүний оронд унтахдаа: “Өглөө босоод Номын анхааран авлагаа, бусдын тусад юу үйлдэж буй тэр бүхнээ үргэлжлүүлэхийг тэсэн ядаж байна” хэмээн санаарай. Тэгвэл шөнө өнгөрч, өглөө босохдоо тун баяртай байх болно. Унтаж амарч чаддаггүй нойргүйдсэн хүний тухай яриагүй юм шүү. Харин “Ашгүй шөнө өнгөрлөө. Цаг дэмий үрэхгүй боллоо” хэмээн үнэхээр баяртай байх хэрэгтэй. (Би өөрийнхөө цахим хуудсын талаар үнэхээр ийм бодолтой байдаг. Энэ ажилдаа үнэхээр дуртай. Энэ үнэхээр тустай ажил болохоор өглөө босож, ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт үргэлж баяртай байдаг) Энэ бол хичээнгүй дуршилтай байхад суралцан дадаж буй хэрэг. Өөрийн хийж үйлдэж буй зүйлийн буянтай сайныг, бусдад тустайг хараад баясаж баярлах нь чухал ба энэ бүхэндээ эерэг өөдрөг, баяр жаргалтай байх ёстой юм. 

Тэгэхээр зохимжит суудлыг засна. Суухын өмнө мөргөнө. Үүнийг бясалгалын ямарваа тунгийн өмнө үйлдэнэ. Энэ бол сурууштай сайн дадал мөн.

Гар хавсарч мөргөх 

Мөргөлийг олон янзаар үйлдэж болно. Хоёр алгыг хавсарч барих нь товч мөргөл юм. Хоёр эрхий хуруугаар арга, билгийг бэлгэдэн алган завсар барина. Ингээд хоёр гарыг биеийн дөрвөн газарт хүргэнэ. Мөргөлийн өөр олон хувилбарууд байдаг ба Бурханы шашинд ер юу ч байлаа гэсэн олон хувилбарыг олж болох ч энэхүү мөргөлийг бодь мөрийн зэрэгт дурьддаг юм. Гараа хүргэх дөрөв нь: 

1. Толгойн орой зулай. Үүгээр бурханы оройн үснэрийг (түвд: зүгдор, санск: ушниша) олохыг ерөөж байна. Бурханы тэргүүн дээр байдаг овгор бол түүний лагшингийн бэлэг чанаруудын нэг юм. Би яг тийм үснэртэй төвөд ламтай нэгэнтээ таарсанаа санаж байна. Тэр үнэхээр гайхамшигтай (энэ нь хавдар мэтийн зүйл биш байсан юм) байсан. Тиймээс бид Бурханы энэхүү эрдмийг төрүүлэхийг зорьж буй юм. 

2. Түүний дараа духандаа хүрэх нь духны сангийн үснэрийг (түвд: зодбу, санск: урнакеша) бүтээхийг бэлгэднэ. Энэ нь хоёр хөмсөгний хооронд байх зөв тийш эргэсэн үс юм. Хэрэв тэр үснээс татвал эцэс төгсгөлгүй сунана гэдэг ба эргээд хэвэндээ орж хураагдана. 

Эдгээр нь хөгжөөнтэй мэт санагдаж болох ч Бурхан багшийн лагшин, найргийн талаар дурьдсан сургааль ном байдаг бөгөөд тэдгээр бэлгэ чанар нь тус бүртээ өөрийн шалтгаан бүхий байдаг юм. Өөрийн лам багш буяны садныг дээдлэн, өөрийн толгойн орой зулай дээр лам багш үргэлжид залрах ширээ сэнтий байгаагаар дүрслэн бүтээнэ. Хөмсөгний хооронд дахь үснэр бол Лувсан Рамбаагийн хэлдэгчлэн билгийн нүд, гурав дахь нүд зэрэг зүйл бус харин төв судлын дээд төгсгөл буюу Дүйнхорын ёсоор эндээс л хоосон чанарын дүрсийг олдог байна.

3. Дараагаар хоёр гарыг хоолойдоо барих нь Бурханы зарлигийн эрдмийг олоход зоригдож буй юм. 

4. Дараа нь тааллын эрдмийг олохыг бэлэгдэн зүрхэндээ барина. 

Ингээд доош тонгойн алга, өвдөг, хөл, дух гээд долоон гишүүнээр газарт хүрнэ. Духаар газарт хүрэхийг орхигдуулж үл болно. 

Газарт хүрсэний дараагаар хурдан түргэн босох нь чухал хэмээн сургадаг. Дорд муу төрөлд унахын адил дүр төрх буюу дорд газарт байх дадал зуршлыг төрүүлэх ёсгүй юм. Тиймээс түргэнээ өндийх хэрэгтэй. 

Ингээд эгц шулуун зогсоно. Ээжийн маань “Цэх зогс. Бөгтөр боллоо” гэж хэлдэг нь сонсогддог юм. Тэгэхээр бөгтийлгүй, тэгэхээр цэх шулуун зогсох хэрэгтэй. Ахин хэлэхэд энэ бол хүндэтгэлтэй буй хэрэг. Бөгтийж доошлолгүйгээр эгцлэн босоод, гэтлэхүй, гэгээрэлд хүрэхийг бэлгэднэ.

Гурван удаа ийнхүү мөргөөд төгсгөлд нь дахин дээр дурьдсанчлан хоёр гарыг толгойн орой, дух, хоолой, зүрхэндээ барина. 

Долоон үе гишүүн ба долоон эрдэнэ 

Мөргөхдөө биеийн долоон үе гишүүнээр газарт хүрч буй нь … Үнэндээ үүгээр бэлэгдэх зүйл олон бий. Ихэнхдээ энэ нь хутагтын долоон эрдэнийг бэлэгддэг. Эдгээр нь хутагтын дөрвөн үнэнийг илтэд оносон төрөлхтнүүд буюу хутагтан нарын хувьд эрдэнэт чухаг, үнэт эрдмүүд юм. Эдгээр нь хутагтан нарыг эрдэнэс мэт чимдэг гэсэн үг. Бидний хувьд юу чухам хамгаас эрдэнэт үнэт вэ хэмээн санах юм бол энэ доор дурьдах зүйлс ихэд сонирхолтой. Үүнд:

1. Үнэнд итгэх – үүнийг сүжиг гэж хэмээдэг ба үүнийг бодит үнэнийг үнэн хэмээн итгэх хэмээн тодорхойлдог. Энэ талаар сайн бодож үзээрэй. Ямарваа хоосон мөрөөдөлд итгэх талаар дурьдаагүй байна. Өвлийн өвгөн аав ч юм уу, улаан өндөгний баярын туулайн талаар ярьсангүй. Тэрчлэн хувьцааны зах зээл өсөж мэднэ ч юм уу маргааш бороо орж мэднэ гэсэнгүй. Харин бодит байдлыг хүлээн зөвшөөрөх талаар ярьж байна. “Энэ бол бодит байдал, бодит зүй тогтол. Тиймээс би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү бодит зүй тогтол нь үнэн зөв гэдэгт би жинхэнээр итгэж байна.” хэмээн санах явдал. Гэхдээ бодит байдлын талаар гаж буруу бодолтой байдаг явдал бий ч энд бол юу чухам жинхэнэ үнэн бэ гэдэг талаар ярьж байна. 

Энд чухам юуг энэхүү бодит зүй тогтол хэмээн итгэх вэ гэдэг нь тийм ч амар бус. Жишээлэхэд, шалтгаан ба үр дагавар, үйл ба түүнээс гарах үр дагавар буюу хор хөнөөлтэйг үйлдвэл түүнээс өөрт зовлон ирнэ хэмээх гэх мэт. Үүнийг “Багш нар маань тэгж айлддаг юм, ном шастирт ингэдэг юм” гээд л хүлээн зөвшөөрчихөд амаргүй ба харин энэ бол үнэхээр үнэн гэдэг итгэл сүжиг байх ёстой юм. Хутагтан нар хутагтын дөрвөн үнэнийг зөвхөн нэг ерөнхий ангилал болон тэдгээр нь юу илэрхийлж буй төдийг бодоод (энэ бол хуран мэдэл) зогсохгүй тэдгээр үнэнийг илтэд шууд шалтгаан, үр дагавартай нь онож мэддэг. Энэ бол хутагтын дөрвөн үнэний зүй тогтол юм.

2. Шагшаабад – үйлийн шалтгаан ба үр дагаврын бодит үнэнд баттай итгэн сүжиглэж байх юм бол аяндаа л ёс суртахууныг сахих болно. Өөрийн муу сэтгэл, эндүү үзэлд автан үйлдэх сөрөг муу, хор хөнөөлт үйлийг тэвчих болно.  

3. Өглөг – сурч мэдсэн болон өөрт буй бүхнийг бусдад зориулах 

4. Сонсох – сургааль номыг жинхэнээр ухаарч ойлгохын тулд сайтар суралцан, өргөн хүрээтэй сурч боловсрох ёстой гэсэн үг. 

5. Ичгүүр – Бидний явдал мөр бусдад хэрхэн тусаж байна вэ гэдэгт санаа тавих буюу хэрэв би ихэд муу явдалтай байвал энэ нь багш нар, Бурханы шашин, миний гэр бүл зэрэг надтай холбоотой хэн бүхэнд муугаар тусна хэмээн санах явдал юм. Энэ болон дараагийн эрдэнэ нь ёс суртахууны суурь болдог. 

”Би энэ үйлдлээрээ гэр орныхныгоо ичгэвтэр байдалд оруулж байна” хэмээдэг нь хэдийгээр Ази хүмүүсээс л гардаг санаа мэт харагдах ч бидэнд яах аргагүй хамаатай юм. Хэдий хүмүүс биднийг Бурханы шашинтан гэж мэдсээр атал уушийн газарт согтуурхан, догшин ширүүн аяглавал Бурханы шашны нэрийг ихэд унагасан хэрэг болно. 

6. Сонжуур – өөрийн тусад ёс суртахууныг эрхэмлэн “Би өөрийгөө ихэд хүндлэх тул өөрт хор хөнөөлтэйг үл үйлдье” гэсэн санаа юм. Берлин хотод нэгэн хичээл дээрээ бид, хор хөнөөлтэй үйлийг үйлдэхгүй байхын шалтгаан чухам юу болох талаар ярилцаж байх үеэрээ би тэнд байсан хүмүүсээс: Яагаад та бусдыг хуурч мэхэлдэггүй вэ? Яагаад та худал хэлж, хулгай хийдэггүй вэ? гэж асуулаа. Ихэнх хүмүүс, “Яах вэ дээ, зүгээр л буруу болохоор л тэр шүү дээ” гэцгээж байв. Тэгэхээр ингэж болохгүй гэж санагддаг байх нь. Бид энд “Ийм хуулинд ингэж заасан учраас би хууль зөрчихгүй” зэргээр шашин номын хууль цааз эсвэл иргэний хууль мэтийн талаар ярьсангүй. Харин “Би өөрийгөө сайтар хүндлэх тул би энэ адилыг үйлдэхгүй. Ингэж болохгүй” хэмээн санах нь өөрт сонжууртай буй сэтгэл юм. Гэхдээ энд “Би өөрийгөө буруутай гэж санана” эсвэл “Би муу хүн баймааргүй байна. Би сайн хүн байхыг хүснэ” хэмээн айж эмээх зэргээр энэ бүхнийг үйлдэхээс тэвчих тухай ч яриагүй байна. Харин энэ бол өөрийг хүндлэх, өөрийг асран нигүүлсэх зэрэг ихэд эрүүл саруул сэтгэл юм.

Энэхүү сонжуур хэмээх сэтгэл Бурханы шашинтныг тодорхойлох нэгэн чухал бэлэг чанар мөн. Энэ нь Бурханд бүтэх мөн чанар гэдгээс эхтэй. Энэ нь “Би бол нүгэлт амьтан, би муу хүн” хэмээн өөрийн талаар санаж бодох бус, харин өөрийн хөгжин боловсрох чадавхид итгэж, өөрийгөө хүндлэх сэтгэл юм. Ингээд өөрийн гэмийг нигүүлсэнгүй сэтгэлээр харж, гэм бүхэн гагц эндүүрэл төөрөгдөлд суурилах тул тэдгээрээс ангижиръя хэмээн санах хэрэгтэй. Харин гэмт явдал нь муу хүн учраас юм уу хуульд захирагдаагүй болохоор гэдэгт суурилдаггүй юм.

7. Билиг билгүүн – Дээрхийн Гэгээнтэн үргэлжид айлддагчлан, хүмүүний энэхүү гайхамшигт оюун ухаанаар бид юу чухам тустай, юу хөнөөлтэй, юу бодит байтал, юу эндүүрэл болохыг ялгаж салгаж мэдэх хэрэгтэй юм. Үүнийг л хөгжүүлэх ёстой юм. Нялх балчир хүүхэд адилаар бидэнд хэн нэгэн нь юу тустай, юу хортойг хэлж өгөх ёстой юм биш. Бидэнд нэгэнтээ ялгаж салгах оюун ухаан буй тул тэрхүү чадварыг хөгжүүлэн цаашид ахиулах хэрэгтэй байна. 

Сунаж мөргөх 

Тэрчлэн сунаж мөргөх мөргөл бий. Урьдын адилаар долоон үе гишүүнээр газарт хүрэлцэн бүх биеэ газарт буулгаад, хоёр гарыг хоорондоо мөрний зайтай урагш сунган алгыг доош харуулан газарт тавина. 100,000-д хүргэж мөргөх зэрэг бэлтгэл үйлийн үеэр энэ адилаар сунаж мөргөдөг. Зарим хүмүүс хамаг биеийг газарт буулгасны дараа хоёр эрхийг завсар нь бариад гараа хавсран толгойн оройд хүргэчихээд буцаад газарт тавьдаг. Харин шастир номонд болон Дээрхийн Гэгээнтэн дурьдахдаа энэ ямар ч шаардлагагүй гэдэг ба түргэн дээш босох нь чухал гэдэг юм. Ийнхүү мөргөдөг хүн олон байдаг ч энэ нь зайлшгүй зүйл биш юм. 

Зарим нэгэн сударт дурьдахдаа мөргөх үед биеэр бүрхэж байгаа атом, хумхийн тоосны тоог асар олон тоогоор үржүүлсэнтэй тэнцэх тооны буяныг хураана хэмээдэг юм. Тэгэхээр их өндөр эсвэл том биетэй хүн бол жижиг биетэй хүнээс илүү их буян буюу эерэг эрч хүчийг хурааж болох юм шиг санагдах ч үүнийг чухалчлах гэсэн хэрэг бус байх. 

Ийнхүү хурааж буй санаанд багтамгүй их буяны хэмжээг ихэнхдээ Ганга мөрний эргийн элсний тооноос их хэмжээний буян хураалаа хэмээн зүйрлүүлж хэлэх нь байдаг. Энэ бол асар их хэмжээг илэрхийлж буй дүрслэл юм. Тэрчлэн судар шастирт буяныг тоогоор илэрхийлэх нь байдаг ч миний хувьд тэдгээрийг ойлгоход бэрх санагддаг. Энэ Бурханд мөргөвөл энэ тоог ийм тоогоор үржүүлсэн хэмжээний буян хураана, өөр нэг Бурханд мөргөвөл өөр тооны буян, бас нэг өөр Бурханд мөргөвөл бас нэг өөр тооны буян гэнэ. Энэ бүхнийг ойлгоход тун бэрх санагддаг.

Гэвч буян хэмээх оноог ихээр хураахын хойноос хөөцөлдөж байгаа мэт, оноо цуглуулж байгаа мэт байдаг учраас би буян гэдэг үгэнд таагүй байдаг буюу яг л, “Нүгэл хилэнцийг наминчлах 35 Бурхадаас би энэ Бурханд мөргөхгүй, учир нь бага буян хураана, ашиггүй. Харин хамгийн их буян хураадаг, ашигтайгаар нь тэр Бурханыг сонгоно. Илүү буян хураахын тулд маш олон мөргөх шаардлагагүй” гэж байгаа мэт санагддаг. Ашиг хөөн наймаалцах мэт. Гэтэл санаа нь энэ яав ч биш шүү дээ. Энэ чухал гэж огт бодохгүй байна. 

Энэ бүхнийг сайтар ажиглан шинжилж үзэх нь чухал хэмээн боддог. Судар номонд дурьдаж байгаа бүхний шалгаж шинжлэлгүйгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүй. Бурхан багш бүгдийг шалгаарай гэсэн. Бурханы шашны шалгах арга бол ямарваа таамаг дэвшүүлээд түүнд эсрэгцэх зүйл байгаа эсэхийг хардаг. Бүхий л судар номонд тэр аргаар дурьдсан байдаг. “Зарим нэгэн хүмүүс ингэж, тэгж дурьдав” хэмээн ямарваа таамаг дэвшүүлэхэд “Хэрэв та ингэж санавал ийм бас тийм учир шалтгаангүй дүгнэлт гарч байна” хэмээ хариу тавина. Энэ бол ажиглан шинжлэх арга юм. Ийнхүү ном хаялцан мэтгэлцдэг юм. Хэн нэгэн нь таамаг гаргахад нөгөө тал нь түүнээс зөрчилдөх, эсрэгцэх зүйлийг олохыг чармайна. 

Жишээ нь, Их Хөлгөний олон тооны сударт Бурханы лагшингийн шар үсний сүв бүрт Бурхан оршино хэмээн гардаг. Эс бөгөөс хязгааргүй ертөнц орших ба тэдгээр ертөнцийн Бурхадын шар үсний сүв бүрт бас тэр адил оршино гэх мэтээр дурьдана. Ийнхүү Их Хөлгөний номоор өөрийн сэтгэл оюуныг үлэмж ихээр тэлж болох гайхалтай дүрслэл байдаг юм. Сайтар тунгаан бодож үзвэл энэ нь тийм ч хачирхалтай зүйл бус. Хэзээ нэгэнтээ та ертөнцийн хэмжээний талаар, эгэл нүдээр харах аргагүй тул асар хүчтэй дуран авайгаар хардаг тэртээ алсын жижиг цэг нэг бүрийн талаар жинхэнээр бодож үзсэн үү? Хэдэн их наяд одтой бүтэн галактик, гариг ертөнц байгаа шүү дээ. Бүхий л ертөнцийн хэмжээсийн талаар санахад л гайхалтай. Бурханы шашны эдгээр эртний судар номонд үүнтэй адилыг л дүрсэлсэн байдаг буюу Бурханы шар үсний нүх сүв бүрт бүтэн ертөнц оршино. Энэ бол Бурханы шашинд гардаг асар ид хүчтэй дүрслэл юм. Гэхдээ энэ бүхэн мөргөх үед биеэр бүрхэх хумхийн тоосны тоотой ямар хамаатайг би хэлж мэдэхгүй байна. 

Шороо тоос гэхээр энгийнээр бодоход л энэ нь мөргөхөд тотгорлодог зүйлсийн нэг болов уу гэж санадаг ба жишээлбэл, ялангуяа Дорждан (Бодгаяа) мэтийн газар номын томоохон үйл ажиллагаа, зан үйлийн үеэр доорхи газар тань бохир заваан эсвэл шавартай тул “Ээ харла, мөргөмөөргүй л байх юм. Хамаг юм заваартах нь” гэхээр байдаг. Гэтэл хэрэв газарт хүрч мөргөх нь ихэд сайн үйл бөгөөд биеэр хүрэлцэж буй тоос шорооны тоогоор буян хураана гэдгийг мэдэж байвал “Хувцсаа муухай болгомооргүй байна. Гараа газарт хүргэж бохирдуулмааргүй байна” гэдэг хүйтэн хөндий байдлаас салахад тустай ба дараагаар нь гараа сайтар угаагаад, хувцсаа цэвэрлэчихэж болно. Миний тайлбар шалихгүй байж болох ч би үүнийг ямарваа илбэ шидгүй энгийн хялбараар ойлгож ухаардаг юм. 

Хэдэн мянган километр газрыг алхам бүртээ мөргөж туулдаг төвөд мөргөлчдийн талаар бодоод үзвэл тэд асар их бохирддог байж таарна. Гэтэл хэрэв тэд шороо бохироос айдаг байсан бол тийнхүү мөргөнө гэж яаж байх вэ. Харин “Энэ шороо тоостой тэнцэх их буяныг би хурааж байгаа нь ямар сайхан” хэмээн бодвол үйлдэж буй зүйлээ огт өөрөөр харах бус уу? Ямартай ч би ингэж бодож байна. 

Мөргөлийн мутар 

Мөргөлийн дараахь мутарлагууд бий. Үүнд: 

  • Хоёр алган завсар хоёр эрхий хурууг оруулан хавсраад зүрхэн тус газар барина 
  • Эсвэл баруун гарын эрхи хурууг нугалаад бусад хурууг дээш тэнийлгээд хамрын тус газар барин, толгойг бөхийлгөнө 
  • Гурав дахь нь нэг хурууг энэ адилаар тэнийлгэж барьдаг ч энэ мутарлагаар ихэнхдээ мөргөдөггүй юм.

Хаа нэгтээ газар руу шөнийн галт тэргээр аялах эсвэл онгоцоор нисэх зэрэг газар сөгдөж эсвэл сунаж мөргөвөл хачин жигтэй харагдахаар нөхцөл байдалд байгаа бол гарын мутарлагаар мөргөнө. Эсвэл өвчин эмгэгээс шалтгаалан биеэр бүтэн мөргөх аргагүй байвал орон дээрээ хэвтэнгээ гараа өргөн мөргөж болно. Ийнхүү мөргөх арга үргэлжид бий. Олон янзын арга зам байна. Бүгд асар их тустай.

Тухайн нөхцөл байдалд аль мөргөл нь тохирохыг нь үйлдээд, тааруулж тохируулдаг байх хэрэгтэй. Үүнийг би үнэхээр онцгойлон анхааруулмаар байгаа бөгөөд номыг анхааран авахдаа хатуу гөжүүд байж болохгүй, харин ч их тайван, нийцтэй байх ёстой юм. Төвөдүүдийн номыг хэрхэн анхааран авч байгааг харвал тун тайван байдаг. Тэд зөв зүйтэй үйлдэхийн хамтаар тухайн нөхцөл байдалд тохируулан нийцүүлдэг. 

Үүний талаар нэг сайхан жишээ өгүүлье. Миний авах үлгэр бол үргэлжид Цэншаб Сэргон Ринбүүчи байдаг. Би Ринбүүчийн дэргэд есөн жилийг өнгөрүүлэхдээ өдөр бүр олон цагаар хамт байдаг байв. Хэн хүн Нархажид бурханы эрх авбал, мөн зарим тохиолдолд Дэмчиг бурханы эрхтэй бол сарын тооллын 10, 25-нд хоёр удаа цог буюу тахил өргөх зан үйлийг үйлдэх ам тангараг авдаг. Гэтэл Өрнөдийн нэгэн хүн Ринбүүчигээс “Хэрэв надад сарны хуанли байхгүй тохиолдолд билгийн тооллын 10, 25 хэзээ таарахыг мэдэхгүй бол яах вэ?” гэж асуужээ. Үүнд Ринбүүчи, “Танай өрнийн тооллоор сарын 10, 25 гэж байдаг биз дээ?” хэмээн хариулсан юм. Энэ нь тухайн байдалдаа тохируулах хэрэгтэй гэсэн үг. Харин “Яг л энэ өдөр үйлдэхгүй бол тамд унана” гэсэн үг биш. Яав ч тийм бус. Миний дээр дурьдсанчлан Ринбүүчи хялбархан зохицож чаддаг байсан бөгөөд эрх авшиг хайрлахдаа эрдэнэсээр чимсэн бумбаны оронд сүүний шилээр өгчихдөг байсан. Тэрбээр ихэд түвэггүй хүн байсан болохоор л бүгд түүнийг ихээр хайрладаг байсан болов уу. Түүний төрхөөр Оддын дайн киноны баатар Ёода-г бүтээсэн гэхээр түүний дүр ямар байсан талаар зарим ойлголт авах биз ээ.

Бие, хэл, сэтгэлийн мөргөл 

Мөргөлийг үйлдэхдээ бид биеэр, хэлээр, сэтгэлээр мөргөх ёстой юм. 

Биеэр мөргөх

Миний дээр дурьдсан маягаар л зөвхөн биеийн мөргөлийг үйлддэг юм биш, тэрчлэн Гурван эрдэнийг хүндэтгэн дээдэлж буйгаа үзүүлэхдээ Дээдийн ном эсвэл бурханы дүрд толгойн оройгоор хүрэх байдаг юм. Төвөдүүд үргэлж ийнхүү толгойдоо хүргэдэг. Тэд өөрсдөө биш юмаа гэхэд лам багшийг судар номоор толгойн оройд хүрэхэд дуртай байдаг.

Үүний нэг жишээ дурдъя гэж бодлоо. 1971 онд Дээрхийн Гэгээнтэн Сандуй бурханы номын хөтөлбөрийн аман эшийг хайрлах үест түүнийг авах завшаан тохиосон юм. Тэр үед Дээрхийн Гэгээнтний нас сүүдэр залуу байсан хэдий ч айлдаж буй ном нь ямар гүн гүнзгий байгааг бүгд гайхан биширцгээж байв. Барагцаалбал тав юм уу, бүр найман мянга ч юм уу лам хуврагууд номонд хүрэлцэн ирсэн байлаа. Яг таг тоог нь мэдэхгүй байна. Ингээд номын айлдвар өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтэн завилан заларч асан сэнтий дээрээсээ (их өндөр сэнтий байв) тун тухгүй байдлаар доош тонгойн, хүнд судрыг огт хөдлөлгүй, огт завсарлалгүй тэнд цугласан бүгдээр толгойдоо хүргэн, цуварч өнгөртөл барьж билээ. Энэ үнэхээр гайхамшигтай. Дээрхийн Гэгээнтэн Далай ламын эрдмийн тухай санахад тэр нь зөвхөн нэг зарлигийн болон таалын эрдэм бус, мөн лагшингийн эрдэм нь ч санаанд багтамгүй билээ. 

Сэргон Ринбүүчи бээр Энэтхэгт Дээрхийн Гэгээнтэнтэй хамт Гималайн нурууны тохойрч ороосон бэрх хэцүү замаар нэг суурингаас нөгөө рүү арванхоёр, гурван цаг машинаар явж байснаа дурсан ярьдаг байлаа. Ринбүүчи айлдахдаа, тэд бээр зорьсон газраа хүрээд машинаас буухад Дээрхийн Гэгээнтэн эрч хүчээр дүүрэн, огтхон ч ядарсан шинжгүй байдаг бол Ринбүүчи өөрөө алхаж гишгэж ч чадахгүй, туйлдаж ядарсан байдаг байлаа гэж билээ. 

Тэгэхээр дээдлэн хүндэлж буйгаа харуулах биеийн мөргөл буюу судар ном, дүр шүтээнд толгойн оройгоор хүрэлцэхдээ бусдад харуулах, дүр эсгэх гэхийн хэрэггүй. Гэр бүлийнхэн, эцэг эхийнхээ дэргэд үүнийг үйлдэхэд тэд хачирхан гайхах бол тэдний дэргэд үйлдэхийн хэрэггүй. Ёс зүйг сахихын нэг утга учир бол өөрийн явдал, үйлдэл бусдад хэрхэн тусахад санаа тавих явдал юм. Бурханы шашны талаар буруу ойлголт өгч, гаж урсгал юм байна, миний хүүхэд сонин хачин юм руу орчихож гэх мэтийн сэтгэгдэл ялангуяа эцэг эхдээ төрүүлэх хэрэггүй. Тиймээс хүмүүсийн ярьдгаар, тайвширч үз.

Тарнийн ёсны талаар дурьдах явцад нууц тарнийн ёсон хэмээхийг бид олонтаа сонсдог. Миний бодлоор бол далд гэж хэлбэл олон тохиолдолд тохирох мэт санагддаг юм. Тарнийн ном бол хэн бүхэнд үзүүлж харуулж байдаг зүйл биш буюу өөрөө л далд үйлддэг ном. Хэрэв тэд тарнийн номыг мэдэхгүй, номыг үйлддэг хүмүүсийн тоонд багтдаггүй бол тэдэнд хачин жигтэй ойлголт төрж мэднэ. Тийм учраас зочид эсвэл хүүхдүүд, зочдын хүүхдүүд тэргүүтэн ордог өрөөндөө эдгээр нүцгэн эцэг, эх идам бурхадын зогсоо болон ороолдон буй дүрийг ил тавихгүй байх нь дээр ба учир нь хүмүүс “Пөөх, эр, эмийн бэлгийн үйлийг харуулсан зураг” гэж бодож болох юм. Эсвэл эвэр бүхий үхэр толгойтой, галын дөл бадраасан Ямандаг бурхан тэргүүтнийг хараад “чөтгөр шулам шүтдэг юм байна” хэмээн санаж болно. Тиймээс гэрт тань ирсэн хүмүүс хараад энэ адилын сонин жигтэй санаа төрүүлж болох тул ханан дээрээ, нийтийн нүдэн дээр бүү залаарай.

Танга дүрүүд ихэнх нь урдуураа унжуулсан хөшигтэй байдаг нь дүрийг ханан дээр залсан бол, бясалгал номын үйлээ далд хийх боломжгүй бол хөшгөөр хаах учиртай юм. Гэртээ танга дүр залах бол Бурхан багшийн эс бөгөөс амгалан дүр бүхий Жанрайсиг, Манзушри, Дарь эх зэрэг бурхадын дүрийг залаарай. Мөн угаалгын өрөөндөө жорлонгийн дэргэд буюу хүндэтгэлгүй газарт бурханы дүрийг залдаггүй.

Хэлээр мөргөх

Дараагаар хэлээр мөргөнө. Шастир номонд дурьдахдаа өөрийн биеийг маш олон толгойтой, толгой бүр олон олон амтай тэд бүгдээр Чухаг Гурван эрдэнэд магтаал өргөж байна хэмээн төсөөл хэмээдэг.

Миний хувьд магтаал өргөнө гэдэг бага зэрэг хачирхалтай санагддаг юм. “Бурхан минь та дээд нь билээ. Та бол гайхамшигтай” гэхчилэн магтана. Өөр бусад шашнууд ч мөн энэ адилаар “Бурхан минь та бүхнээс дээд нь билээ” хэмээн дээдлэн магтдаг. Гол нь үүндээ бус. Харин яагаад магтаж байгаа билээ гэдгийг мэдэж байх ёстой юм. Ертөнцийн найман ном буюу найман зуурдын зүйлийн хоёр нь магтаал болон шүүмж байдаг. Тэдгээрийг адил тэгш, яг ижилд харах ёстой юм. Тиймээс Бурханд бидний магтаал огтоосоо чухал бус ба тэрээр “Намайг энэ адилаар магтсанд би их баярлан, баясаж байна. Би үнэхээр ийм гайхалтай шүү” хэмээхгүй. Бурханыг магтах нь бурханы тусад бус харин бидэнд тустай учраас тэр юм. Гол нь сайн эрдэм бүхнийг нь санаад, чин сэтгэлээсээ асар их хүндлэл дээдлэл, талархал, сүжиг бишрэлийг төрүүлэн, тэдгээр эрдэм бүхнийг өөртөө төрүүлье гэсэн санаа байх ёстой юм. Энэ л чухам магтаал өргөхийн учир мөн.

Сэтгэлээр мөргөх

Мөргөл үйлдэх үед сэтгэлдээ Бурхан, Ном, Хуврагийн сайн эрдэм бүхнийг санана. Өөрийн олон толгой, олон ам зэргийг дүрслэн бясалгах нь тэдгээр сайн эрдэм болгонд нь талархан баясах сэтгэлийг арвидуулан, тэдгээрийг санан дурьдаж байхад тустай байдаг юм. Тэрчлэн тэдгээрээр магтаал өргөж байна хэмээн санана. Энэ бол Гурван эрдэнийн сайн эрдэм бүхэнд даган баясаж буй хэрэг мөн. Ийм л юм. 

Биеийн суудлын ёс: Бирузанын найман суудал 

Одоо суудлын тухай ярья. Ингээд доош сууна. Энд Бирузанын суудлын найман ёс гэж бий. Эдгээрийг Камалашила бээр Бясалгалын дунд ба сүүлийн зэргэмж хэмээх шастиртаа дурьдсан байна.

1. Хөл – очир завилгаагаар зөрүүлж сууна. Хиндү ёогт бол үүнийг лянхуа суудал гэдэг. Бурханы шашны ёсонд бол үүнийг очир суудал хэмээдэг. Хоёр хөлийн улыг дээш харуулан гуян дээрээ тавина. Энэ нь очир адил болж байгаа юм. 

Ингэж завилж суух нь ихэнхэд маань тийм ч хялбар бус бөгөөд аль болох залуу бага наснаасаа эхлэн дадуулснаар улам улам уян хатан болдог юм. Биеийн дотоод эрч хүчээр төгсгөлийн зэргийн анхааран авлагыг үйлдэх үест л гагцхүү очир суудлаар зайлшгүй суух ёстой байдаг. Энэ тохиолдолд очир завилгаагаар суудаг байх ёстой. Харин бусад тохиолдолд заавал суух албагүй. Тиймээс хагас лянхуа суудлаар буюу нэг хөлийг гуян дээр тавин сууж болно.  

Урт удаан хугацаагаар ийнхүү завилж суусан лам нарыг харахад инээдтэй байдаг. Нэг хөлөө гуян дээрээ гаргаж тавьж чадахгүй бол хоёр хөлийг зөрүүлэн энгийн завилгаагаар сууна. Харин амьдралынхаа туршид завилж суусан тэдний хөлийн ул нь зөв хэлбэрээ алдсаныг буюу гадагш гишгээд байгааг харж болно. Харин япончууд хөлөө дороо хийгээд тавхайгаа дотогш эргүүлэн суудаг. Тиймээс зогсохоороо хөл нь дотогш эргэсэн байгаагаар нь япон хүнийг танихад амархан.

Энэ нь биенд ялангуяа алхаж гишгэхэд яах аргагүй нөлөөлнө. Миний тавхай гадагш эргээд хөлөө тэгшхэн эгц тавьж явахад ихээхэн бэрх, таагүй болсон. Улмаар энэ нь нас ахих тусам бэрхшээлтэй болно. Өндөр насандаа олон хүний өвдөг өвддөг. Хэдий өвдсөн ч төвөдчүүд завилж суусаар л байдаг. Дээрхийн Гэгээнтэн өвдөг нь өвддөг ч завилж суудаг. Харин удаан хугацаанд завилж суудаг асан өрнөдийн бясалгаачид, багш нарын хувьд нас өндөр болох тусам удаан хугацаагаар завилж суухад бэрх болдог. Үүнээс болоод тэдэнд, жишээ нь гэхэд Энэтхэг дэх сургааль номонд суухад ихээхэн хүнд байдаг. Энэ миний хувьд ч мөн адил. Тиймээс хэдийгээр төвөдчүүд энэ талаар огт дурьддаггүй ч миний бодохоор удаан хугацаагаар сууж бясалгал үйлддэг бол дасгал хөдөлгөөнтэй зэрэгцүүлэх нь машид чухал юм.

Ийнхүү завилах энэ суудлын зэрэгцээгээр япончууд хөлөө дороо нугалж суудаг, тайландчууд хөлөө хажуу тийш нугалж суудаг. Тэгэхээр олон янзын суудал бий. 

2. Гар – өвөр дээр байна. Зүүн гарын алгыг доор нь баруун алгыг дээр нь тавиад, эрхий хуруунуудын үзүүрийг нийлүүлнэ. Зарим хүмүүс хоёр гарыг өвөр дээрээ тавилгүй хөндий бариад байдаг. Энэ нь мөрний булчинг чангалж, хэсэг суувал чилнэ. Тиймээс гараа өвөр дээрээ тавих нь зүйтэй. 

3. Нуруу – цэх байх ёстой. Бүтэн лянхуа завилгаагаар сууж байвал нуруу аяндаа өөрөө цэхрэн эгцэрнэ. Надад бол хавтгай газар суухад нуруугаа эгц шулуун барих хэцүү байдаг. 

4. Шүд, уруул, хэл – дөнгөж сая дөрвөн аяга хатуу кофе уучихсан мэт шүдээ зуугаад байж болохгүй. Уруулаа ч мөн тас жимийж болохгүй, харин зөнгөөр нь тавих хэрэгтэй. Түүнчлэн хэлнийхээ үзүүрийг дээд шүдний ард тагнайн гүдгэрт ялимгүй хүргэнэ. Ингэснээр шүлс гоожихгүй гэх мэт аньс ихтэй. Суугаад бясалгаж байтал шүлс гоожоод байвал тун таагүй байна. Байнга шүлсээ залгиад байвал сэтгэл алгасрахаас гадна улам их шүлс ялгарна. Хэлийг ийнхүү тагнайд хүргэснээр шүлс ялгарах нь багасч тэр хэмжээгээр залгих багасна.  

5. Толгой – ялимгүй бөхийлгөнө. Хэт унжуулахгүй, хэт гэдийхгүй. Хэт тонгойлговол сэтгэл будангуйрна.

6. Нүд – нүдийг хагас анин, нүдний харцыг хамрын үзүүрт тогтоох ёстой хэмээдэг. Үүнийг хамрын үзүүрт харц чиглэхээр солир харах юм байна гэж ойлгочихдог хүмүүс бий. Энэ тийм бус. Энэ бол тэр зүг рүү харцаа хандуулах буюу газар руу хандуулна гэсэн үг. 

Нүдээ тас анилгүйгээр бясалгахын олон шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан бол мэдээжээр нүдээ анихаар хэдийгээр гадна талын зүйлсэд сатаарахаас ангижирч болох ч нойр хүрч унтаад өгөхөд хялбар болдог.  

Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа, нүдээ аних нь дотоодын элдэв сатааралд автана хэмээдэг. Энэ их сонин. Энэ талаар нэлээн сайн ажих хэрэгтэй буюу нүдээ тас анихад гэрлийн оч гялалзан анивчаад байгаа мэтийг анзаарч болно. Тэрээр, энэ нь дотоодын сатаарал ба үүнээс ангижрахын тулд бясалгах үест, ялангуяа сэтгэлээ тогтоон агуулахаар оролдох үест нүдний зовхийг бүрэн буулгахгүй суу хэмээн айлддаг юм.  

Миний дурьдахыг хүсэж буй өөр нэгэн шалтгаан бол сэтгэлээ намжаах, эерэг сэтгэлийг төрүүлэхийн тулд нүдээ аних ёстой бол, ийнхүү сэтгэлээ тогтоох эсвэл хэн нэгнийг нигүүлсэхийн тулд нүдээ аньдаг дадалтай бол үүнийг өдөр тутамд үйлдэхэд томоохон тотгор болно. Жинхэнэ амьдрал дээр тэгэх боломжгүй. Ном шастирт ингэж дурьдсан байхыг би олж хараагүй ч миний хувьд энэ их ойлгомжтой байдаг юм.

7. Мөр – доош сул байх ба номхон зогсох адилаар өргөж болохгүй. Бусад үед ч энэ бас чухал. Бид түгших сандрах, стресст орохдоо мөрөө чангалж өргөснөөр хүзүү зангирч, хуян хурах зэрэг тохиолдоно. Хэн нэгэнтэй ярьж байхдаа ч юм уу, ер нь л мөр тань чанга, сулын аль нь байна гэдгийг анзаарч сулруулж байгаарай.

Нүүр царай ч бас үүнтэй адил. Нүүрний ямарваа хувиралгүй, царай нь өөрчлөгддөггүй хүмүүс байдаг ба тэдэнтэй ярьж хөөрөхөд тавгүй. Гэтэл зарим нэг нь ярьж хөөрөлдөөгүй байхад л хөмсгөө зангидаад, дух, нүд, амаа үрчийлгээд байдаг. Булчингаа суллаарай. Булчин сул байх тусам сэтгэл санаа дагаад тайвширна. Мөрөө сулла. Хэрэв нүүрний хувирал багатай бол гэнэт циркийн алиалагч шиг хиймлээр нүүрээ элдвээр хөдөлгөх шаардлагагүй, зүгээр л хүн шиг байхад болно.

Мөн ширээ тань өндөрдөөд, сандал намхан бол компьютер дээр ажиллахад гараа дээш өргөсөөр мөр, хүзүүнд айхтар дарамт ачаалал болдог. Миний хувьд сандлаа өндөрлөөд гараа дээш өргөлгүй тэгш сууж ажиллах нь амар санагддаг.  

8. Амьсгал – ыг хүчлэх хэрэггүй, хэт хурдан бус, хэт удаан бус хамраараа ерийн амьсгална. 

Ингээд амьсгалын дасгалыг хийнэ. Үүнийг хийх олон арга байдаг ч зүгээр л амьсгал дээр тогтож болно. Үүнд:

  • Сэтгэл будангуй бүүдгэр байвал биеийн дээд хэсэгт буюу хамрын үзүүрт амьсгал дээр тогтоно.  
  • Харин стресст автсан үед бол сэтгэлийг тогтоохын тулд хүйсэн тус газарт хэвлий нааш, цааш хөдлөх дээр тогтоно.  

Зөвхөн амьсгал дээр тогтоход мөн олон арга бий. Амьсгалаа тоолж болно. Энэ бол тоо тоолох дасгал биш. Харин амьсгалаа арван нэг, долоо, эсвэл хорин нэг (хэд байх нь тийм ч чухал бус) хүртэл тоолоод дахин эхнээс нь давтана. 

Мөн есөн үетэй амьсгал гэж байдаг бөгөөд дасгалыг хийхийн хамтаар дүрслэн бүтээх бясалгал нь нилээн төвөгтэй. Харин Дээрхийн Гэгээнтэн энэ бясалгалыг олон хүнд сургааль ном айлдах үест тайлбарлахдаа тэрхүү дүрслэн бүтээх бясалгалыг орхигдуулдаг. Энэ чухам юуг харуулж байна вэ? Энэ бол хэрэв тэрхүү дүрслэлд хэт их ач холбогдол өгвөл чухам яагаад үүнийг хийж байгаагийн зорилго бүтэлгүйтэн, гагцхүү “Би нэг л зөв дүрслэн бясалгаж чадахгүй байна даа. Энэ судал үүгээр билүү, тэр судал үүгээр билүү?” хэмээн санаа зовнисоор сандарч бас тавгүйтнэ. 

Үхлийн үеийн дарааллыг бясалгах тарнийн ёсны бясалгал (эхэнд идам бурханы бясалгал, дараагаар үхэл мэтийн өөр бусад бясалгалыг үйлдэнэ) гэж бий ба Дээрхийн Гэгээнтэн бээр үнэхээрийн эрдмийг олсон бүтээлчин л биш бол үхэл ирэхийн цагт тэр бясалгалыг умарт хэмээн айлддаг ба учир нь “Би бясалгаж чадаж байгаа болов уу? Ийм байдаг юм болов уу? Одоо энэ хураагдал байх” гэх мэтээр ихэд сандран тэвдэж, үхлийн үеийн бүтээл бясалгалыг зохистойгоор үйлдэж чадахгүйгээр барахгүй айхтар их үймцсэн сэтгэлээр үхэж одох болно. Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа үхэл ирэх цагт бодь сэтгэлийг санан,  “Номын мөрийг би үргэлжлүүлэн бүтээх болтугай. Улмаар амьтны тусыг бүтээж, буяны саднаас үл хагацах болтугай” тэргүүтнийг бодсон нь дээр хэмээдэг юм. Санаагаа бүү чилээ. Дүрслэн бүтээх бясалгалд санаа зовох хэрэггүй, учир нь тэр адилаар бясалгах амаргүй. Энэ нь дүрслэн бясалгах нь чухал бус гэсэн үг биш. Харин хамгийн гол нь бус гэсэн үг. 

Дээр дурьдсан есөн үет бясалгалыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, эхэнд нь хоёр гарыг гуяа дагуулж өвдөгнөөс дээш авчирч зангидаад, зангидсан гараар суга руугаа цохино. Ингээд хамрын нэг нүхийг хуруугаар таглаад амьсгалаа удаанаар авна, дараа нь нөгөө хамрын нүхийг таглаад амьсгалыг гаргана. Амьсгал болгоны дараагаар гараа солихгүй, тэгвэл маш их сатаарна, харин гурван удаа амьсгалаад солино. Ингээд солиод дахин гурван удаа амьсгална. Дараа нь гараа өвдөг дээрээ тавиад алгаа тэнийлгэн, зангидахдаа амьсгалаа хамраар авч гаргана. Энэ л хангалттай. Энэ бясалгалыг үйлдэхийн учир нь гагцхүү сэтгэлийг саармаг төлөвт оруулаад дараагаар эерэг сайн сэтгэлийг төрүүлэх байдаг тул үүний төлөө нарийн төвөгтэй дүрслэн бүтээх бясалгал үйлдэх шаардлагагүй.

Top