Аврал одуулах ба Бодь сэтгэл төрүүлэх

Удиртгал 

Бэлтгэл зургаагийн гурав дахийн газрын хуваарьт дурьдахдаа эхлээд мөргөл үйлдээд, тухлан суугаад, улмаар амьсгал дээрээ төвлөрч сэтгэлийг тодорхой болгосны дараагаар аврал одуулж (зохилдох зүгийг дэлгэрүүлэх), бодь сэтгэл төрүүлнэ. Гэвч миний ажиглахад, ямарваа сургааль номын айлдвар эсвэл бясалгалын өмнө урьд нь ямар ч бодол санаа төрүүлэлгүйгээр мөргөчихөөд сууж байгаа харагдддаг. Тэгэхээр эхлээд суугаад, амьсгал дээр тогтон төвлөрөөд, түүний дараагаар аврал одуулж, бодь сэтгэл төрүүлнэ гэж байгаагаас харахад энэ бүхний өмнө мөргөлийг үйлдэхдээ ч сэдлээ бататгаж байх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа ба түүнгүйгээр ямарваа сэдэл үгүй байна гэсэн үг.  

Амьсгал дээрээ тогтож төвлөрөх нь сэтгэлийг саармаг хэлбэрт буюу тодорхойгүй (Бурхан багш энэ сэтгэлийг буяны ч бус, нүглийн ч бус хэмээжээ) сэтгэлд урвуулахын тулд бөгөөд улмаар түүнд буяны сэтгэлийг төрүүлэхэд хялбар болно. Гэтэл сэтгэл тухайн өдрийн үйл явдлууд, замын хөдөлгөөн зэрэг элдэв зүйлсээр эх захгүй дүүрэн байхад буяны сэтгэл төрүүлнэ гэдэг тун амаргүй. Тиймээс эхэнд нь сэтгэлээ амьсгалдаа тушаан саармагжуулаад, дараагаар буяны сэдлийг төрүүлнэ. Тийм учраас би ном заах үеэрээ эхлээд мөргөөд, суухын урьд амьсгал дээр тогтоод, сэдлийг төрүүлэх зэхэл алхамыг оруулдаг юм. Үүнийг зохистой дарааллаар ахин үйлдэж болно. Хоёр дахин үйлдсэний гэм гэж байхгүй хэмээн санана. 

Ямарваа бодол санаагүй зүгээр хийх л ёстой үйлдэл мэт болчих нь ихэд хялбар тул номын үйлээ энэ адил болохоос сайтар сэргийлэх хэрэгтэй. Ямар ч байсан ийнхүү үйлдэх ёстой хэмээн санан, эс үйлдвэл буруутай мэт санагддагаас эсвэл шүдээ угаадаг шиг дадал зуршил болчихсон учраас зайлшгүй үйлдэх хэдий ч ямарваа сэтгэл, мэдрэмжгүйгээр яаран довтолгох маягтай байдаг. Ийнхүү номын үйлээ бодол санаагүй, хийх ёстой үйлдэл мэт санадаг зуршил суучихвал үүнээс салахад тун бэрх болно. 

Тиймээс номын үйлийг эхлүүлж буй бол ямарваа сэтгэлгүйгээр хийх ёстой үйлдэл мэт дадал суулгахаас зайлсхийх нь зүйтэй. Энэ адилын зуршилтай болоход ихэд хялбар. Яагаад тэр вэ гэвэл, амьдрал тун чөлөөгүй. Бидэнд цаг зав бага. Өглөө ажилдаа явах эсвэл хүүхдүүдээ харж хандах гээд хийх зүйл их. Тиймээс номын үйлээ хурдхан амжуулахыг бодно, хэдий өдөр бүр алгасалгүйгээр номыг анхааран авна хэмээн баттай санах ч тэр бүхнийг хурдан түргэн үйлдэж бушуухан дуусгаад хийх ёстой өөр бусад олон ажилдаа оръё гэдэг болчихдог. Энэ бол яахын аргагүй нүүр тулдаг бодит байдал. Тиймээс санаа, сэдэл, хуран мэдэл зэргийг агшнаа төрүүлж чадах нь чухал бөгөөд үүний тулд сайтар дадуулах, бясалгах шаардлагатай гэдэг нь зайлшгүй. Хэдийгээр сэдлээ бид ахин төрүүлэх ч санаа сэдэл нь сэтгэлд бараг анзаарагдамгүй түвшинд цаг үргэлжид байх ёстой. Тэгэхээр мөргөөд доош суухаас өмнө өөрийн өмнийн огторгуйд авралын орныг байгуулаад, улмаар аврал одуулж, бодь сэтгэлийн сэдлийг ахин бататгана. 

Top