Чуулганы орон, долоон гишүүнт, мандал өргөх, соёрхол талбих

ДӨРӨВ: Чуулганы орныг тодорхой талбих

Бэлтгэл зургаагийн дөрөв дэх нь чуулганы орныг (цог-чин, санск. пунъяакшетра) байгуулан бясалгах юм. Үүнийг буяны чуулганы орон гэх ба ийнхүү нэрлэхийн учир нь, цаашдын арвин их буяныг хураах үр хөрөнгийг энэхүү оронд талбидаг юм. Арвин их үр дагавар, ургацыг хураадаг орон билээ. Энд ч мөн ихэд нарийн төвөгтэй бясалган бүтээж болохоос гадна урьдын адил өөрийн язгуур үндэсний лам багшийг Бурхан багштай нэгэн дүрээр сэнтий дээр бүтээн хялбараар бясалгаж болно.

Энд би нарийвчлан дурьдалгүйгээр нэг л зүйлийг тодруулъя. Бурхан багшийн баруун мутар газарт хүрсэн байдаг нь тэрбээр шулмын аймгийг дарсаныг газар дэлхий гэрчилнэ гэсэн бэлэгдэлтэй. Шулам бол тэнгэрийн үр сад юм. Шулмын аймаг тэрчлэн саад тотгорыг ихээр учруулна. Тэднийг самгардиар Мара гэдэг ба энэ нь “амьгүй” гэсэн утгатай мрта гэдэг үгнээс үндэстэй.

Тэгэхээр Бурханыг бодь модны дор суугаад гэгээрэлд хүрэхийг ёсыг үзүүлж байх үест саад тотгор учруулахаар шулмын аймаг төрөл бүрийн дүрээр ирдэг нь нэг талаас харахад гайхалтай жишээ юм. Юу гэхээр, Бурхан гэгээрлийн хутагт хүрэхэд бэлэн болсон цаг үестээ асар их буяны хүчийг хураачихсан байсан тул бүжиж буй бүсгүйчүүд тэргүүтэн элдэв дүрээр үзэгдэх шулам мэтийн ид хүчтэй саад тотгортой учрахгүй хэмээн санах биз ээ. Гэтэл буянт сайн үйл тань хүчтэй байх тусам төдий хэмжээний саад тотгор ирэх ба их бодьсадва нар л үүнийг давж гардаг байна. Тэгэхээр ямар нэгэн буянт сайн үйлд шамдахад саад тотгор тохиолдох нь онцгой сонин зүйл огтоос бус юм. Тэр үестээ бодь модны доорхи Бурханы, Дээрхийн Гэгээнтэн Далай ламын, түүнд БНХАУ-ын тэргүүлэгчдийн зүгээс учруулж буй бэрхшээл, улмаар тэр бүхнийг хэрхэн даван туулж, хэрхэн сэтгэл санаагаар унаж доройтохгүй буйгийн жишээг санаарай. Тэгэхээр “Хөөрхий би. Надад ямар их бэрхшээл байна вэ” хэмээн бүү бодоорой. Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэрхэн хятадуудтай учир зүйгээ ололцож буйтай харьцуулахад бидний бэрхшээл гэдэг өчүүхэн бага шүү дээ.

Бурхан багш зүүн мутраар бадар аягыг өвөр дээрээ барьсан ба түүнд гурван төрлийн рашааныг агуулна. Энэхүү рашаан (дүд-зи, санск. амрита) гэдгээр юуг хэлнэ вэ? Үүгээр энэ үгийн жинхэнэ амтыг илэрхийлж чадамгүй. Сэргон Ринбүүчи айлдахдаа энэтхэгчүүдийн хүслийг биелүүлэгч үнээг саах мэтээр үгийн утга учрыг сайтар саах хэрэгтэй бөгөөд тэгж чадвал гайхамшигтай сайхан бүхнийг авч чадна хэмээсэн билээ. Амрита бол самгарди үг. Мрита урьд хэлснээр “амьгүй” гэсэн үг ба мара нь a угтвартайгаар шулмасыг дарагч рашаан гэсэн үг болно. Үүнийг төвөд хэлэнд хоёр үетэй үгээр орчуулсан ба үүний нэг үе нь мара (дүд) гэдэг үг байна.

Дараахь рашаанууд бий. Үүнд:

  • Эм – цогцосын шулмыг дарна (өвчин эмгэг),
  • Насны рашаан – үхлийн шулмыг дарна,
  • Билгүүний рашаан – нисванисын шулмыг  дарна.

Ийнхүү бэлэгдэн илэрхийлж буй бүхнийг сайтар мэдэх тусам тэр бүхэнд мөрийн асар олон зүйлс багтаж байгааг харж болно.

ТАВ: Долоон гишүүн хийгээд Мандал өргөх

Долоон гишүүн залбирал олон бий. Эдгээрийн дотроос эртнийх нь Гандавюха судар -ын төгсгөлд байдаг Самандабадарын ерөөл болов уу. Мөн Нагаржунайн Эрдэнийн эрхин-д бас дурьдсан байдаг. Ихэд дэлгэрсэн нь Шантидева гэгээний Бодьсадвын явдалд орохуй-д дурьдсан залбирал юм.

Мөргөлийн гишүүн

Мөргөл. Өөрийн биеийг цаглашгүй олон тоонд хувилган бодоод, бүгд мөргөлийг үйлдэж байна хэмээн санана. Долоон гишүүн тус бүрдээ тодорхой нэгэн нисванисыг дардаг юм. Тэгэхээр мөргөлийн гишүүн нь омог, дээрэнгүйг ерөндөглөнө. “Би бол хосгүй гайхалтай. Би юунд ч бөхийж мөргөхгүй” гэдэг сэтгэлийг дарна.

Тахилын гишүүн

Самандабадарын тахилыг өргөхөд шамдах хэрэгтэй. Үүнд өөрийн зүрхнээс гартаа эрдэнэ барьсан Самандабадарын дүр гарч байна хэмээн санаад түүний зүрхнээс хоёр Самандабадар (тус бүрдээ эрдэнэ барьсан) хувилан гарна, тэдгээрийн зүрхэн тус газраас тус тус хоёр Самандабадар гарсаар ханьцашгүй дээд тарнийн ёсны үүсгэлийн зэргийн нарийн хувьт бясалгал адилаар хязгааргүй болно. Ийнхүү дараалуулан хувилган цацруулж, буцаагаад мөн дараалуулан хураана. Цэншаб Сэргон Ринбүүчи бээр ихэд нарийн төвөгтэй Дээдийн номыг ахисан дээдийн анхааран авлагатай найралдуулан тайлбарлан хөтөлдөг байлаа. Тиймээс ийнхүү Самандабадарын тахилыг дээрхи адилаар дүрслэн байгуулах юм. 

Миний бодоход ийнхүү дэлгэр хөтлөх нь ихэд тустай ба энэ нь “Өө, энэ их амархан. Би чадна” гэдэг омог дээрэнгүйг дардаг юм. Үйлдэн бүтээхэд хүнд бэрхтэй учрахад энэ нь амаргүй байгаад зогсохгүй “Үүнийг зөв зохистой үйлдэн бүтээхийг тулд би энэ насаа зориулах ёстой юм байна” гэж бодогддог. Тиймээс өдөр бүр эдгээрийг үйлдэх ёстой гэдэг нь тэнэглэл бус харин үүнийг үйлдэхэд амар бус тул тогтмол үйлдсэнээр улам улмаар хөгжин дэвжих юм. Тэрчлэн хичээнгүйг төрүүлдэг ба Дээрхийн Гэгээнтэн Далай ламын айлддагчлан, тоолшгүй гурван галавт буян хураах их хүч тэнхээг өгдөг хичээнгүй буюу буянд дуршихыг үүддэг юм. Хэрэв та “Би энэ нэгэн насандаа эсвэл гурван жилийн дотор гэгээрнэ” хэмээн санадаг бол үүнийг Далай лам “Буддист суртал ухуулга” хэмээн нэрийдсэн юм. “Би тохиролцмоор байна. Би ядарч зүдэрмээргүй байна. Хямд төсөр гэгээрмээр байна” санаа дороо л орж ирнэ. Гурван жилийн дотор гэгээрч болно, энэ бол  дэмийрэл бус. Харин амар хялбар юм байна хэмээн бодуулснаар хүмүүсийг татах суртал ухуулга болгон хэрэглэж мэдэх юм. Тэгээд ч тийм амар хялбар бус. Суртал ухуулга гэдэг үгийг Дээрхийн Гэгээнтэн айлдсан ба би үүнийг санаанаасаа зохиосонгүй.

Самандабадарын тахилыг амар хялбар бясалгахдаа өөрийг Самандабадарт хувилгана. Тэрбээр гартаа эрдэнэ барьсан байна. Ингээд эрдэнэсээс хязгааргүй гэрлийн цацраг гадагш цацарч, тэр бүрийн төгсгөлд ус, цэцэг, хүж, зэрэг тахилууд байна хэмээн санана. Энэ бол хураангуйлсан бясалгал юм. 

Тахил өргөх нь хармын сэтгэлийг ерөндөглөнө. 

Хилэнцийг наминчлах

Дараагаар урьдын үйлдсэн нүгэл хилэнц, гэм алдаа, нисванисыг наминчлаад, дөрвөн хүчээр ерөндөглөнө. Энэ дөрвийг цаг үргэлж төрүүлж байх нь ихэл чухал юм. Үүнд:  

  1. Гэмшил – урьдын нүгэл хилэнцэд гэмших сэтгэл. Энэ бол өөрийгөө буруутгах бус, харин гэмших сэтгэл. “Үүнийг эс үйлдсэн болоосой” гэж санах юм. Энэ бол өөрийн үйлдсэнийг айхтар том, бат хатуу (“аймшигтай муу”) гэж санан, мөн түүнийг үйлдсэн өөрийг “Би ёстой нэг муу хүн” хэмээгээд, тэр санаагаа огт орхихгүй буруутгаад байдаг сэтгэлээс өөр юм.
  2. Дахин үйлдэхгүй хэмээн боомтилон хорих сэтгэл – энэ сэтгэлийг үйлдэх ёсонд, “Үлдсэн насандаа үүнийг дахин огт үйлдэхгүй” хэмээх ам тангараг бүү аваарай хэмээдэг ба үүний учир нь энэчлэн үйлдэж чадахгүй байж мэдэх тул юм. Тиймээс багаар эхлээд: “Ирэх долоо хоногт би үүнийг үйлдэхгүй” гээд, дараагаар ирэх сард, ирэх жилд үйлдэхгүй гэсээр урьд үйлдэж асан нүгэл хилэнцийг ахин давтан үйлдэхгүй хэмээн жинхэнээр хичээн шамдах цаг хугацааг сунгаарай.  
  3. Аврал одуулж, бодь сэтгэл төрүүлэх.
  4. Нүгэл хилэнцийг буянт сайн үйлээр ерөндөглөн арилгах – үүнд үйлдэх олон үйл бий.

Үүгээр ерөнхийдөө гурван хорт сэтгэлийг дарна. Үүнд:

  • Авах – өөрт байхгүйг хүсэх; тачаах – өөрт буй ч алдахыг хүсэхгүй байх; шунах – илүү ихийг хүсэх
  • Уур хорсол
  • Шалтгаан, үр дагавар эсвэл бодит байдалд мунхрах, харин цаг хэд болж байгааг мэдэхгүй байх зэрэг биш юм.

Эдгээр нь бид яагаад хор хөнөөлийг үйлддэгийн ёзоор шалтгаан юм. Бид эдгээр хорт муу сэтгэлийн эрхэнд байдаг билээ. Эдгээр нь сэтгэлийг хордуулж байдаг юм.

Даган баясах

Долоон гишүүний дөрөв дэх нь бусдын болоод өөрийн үйлдсэн буянд даган баясах юм. Бусад гэдэгт эгэл жирийн төрлхтөнүүд, шарвааг, брадигабуд, бодьсадва нар, бурхад багтана. Үүгээр атаа жөтөөг ерөндөглөнө. 

Эдгээр нисванисыг дарахын тухай ярихад, надад эдгээр нисванис бий юу? хэмээн өөрийгөө сайтар шинжлэх ёстой ба тэдгээрийг сэтгэлээсээ олж хараад, зөвхөн бясалгалын үед бус, тэрчлэн энэ адилын анхааран авлагаар дараарай. Хэн нэгний амжилттай сайхан байгаа зэргийг сонсоод, “Өө, би л хийчихдэг байж” эсвэл “тэдэнд биш надад тохиолдох ёстой байсан юм” гэх зэргээр атаа жөтөө төрж байгаа эсэхийг ажаарай. Үүнийг л чухам даган баясаж ерөндөглөн дарах ёстой юм. Тэдний өмнөөс баясан баярлаарай. Хэн бүхнийг гэгээрэлд хүрээсэй хэмээн хүсэж байгаа бол тэдний ертөнцийн хэрэг явдал амжилттай байгаа нь яагаад бэрхшээл байх билээ? хэмээн Шантидэва гэгээнтэн айлджээ.

Сургааль номыг хүсэмжлэх

Тав дахь гишүүн нь Бурхад болон лам багш нарыг сургааль номоо айлдахыг дурьдан сануулах юм. Үүнийг үйлдсэнээр ном сургаалийг орхих, хөсөр хаян, “Надад сургааль ном хэрэггүй. Би бүгдийг мэднэ” хэмээх хилэнцийг дарна. 

Гаслангаас эс ангижрах дор соёрхол талбих

Ингээд багшийг гаслангаас эс ангижрахыг хүсэмжилнэ. Үүгээр багшийг доромжлох, гутаах тэргүүтэн гэмийг дарна. “Та надад таалагдахгүй байна” эсвэл “Та номыг хэрхэн сургаж байгаа нь миний сэтгэлд нийцэхгүй байна” гэх болон багшийг дорд үзэн “Надад багш хэрэггүй” гэх тэргүүтэнд мэдээжээр тэд алсарч одно шүү дээ. 

Зориулах гишүүн

Дараагаар хамаг амьтны гэгээрэлд зориулна. Энэ нь уураас сэргийлэх тустай. Уур хилэн бидний хураасан буяныг сүйтгэдэг. Хураасан буянаа сансарт бус харин гэтлэхүй, гэгээрэлд зориулахыг хүсэх ба тэрчлэн буянаа уураар сулруулахыг хүсэхгүй. 

Энэ талаар Энэтхэгийн их гэгээнтнүүдийн дурьдсан хоёр айлдвар бий. Үүнд:

  • Шантидэва гэгээн Бодьсадвын явдалд орохуй -даа бодьсадва-д уурлахад мянган галвын буян барагдана хэмээжээ. Үүний тайлбарлахдаа, биднээс онолын эрдэм өндөр бодьсадвад уурлавал энэ адилын буян барагдана хэмээжээ.
  • Чандракирти бээр Төв үзэлд орохуй -даа уураар зуун галвын буяныг даран барна хэмээжээ. Үүнийг тайлбарлахдаа, бид бодьсадва байгаад онолын эрдмээр ижил өөр нэгэн бодьсадвад уурлавал энэ адилын буяныг барна.

Тэгэхээр эрдэм өндөр бодьсадва бол мянган галав, эрдэм ижил бодьсадва бол зуун галав байна. Тиймээс дээрхи хоёр номон дээрхи тоонууд хоорондоо зөрүүтэй байгаагийн учир энэ юм. 

Энэ бол амаргүй сэдэв. Юуны өмнө, судар шастираас харахад зөвхөн бодьсадвад уурлах талаар дурьдсан байна. Тэгвэл, миний ямарваа үйлээр хураасан бусад буян үүгээр барагдах уу? гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл миний сонссон тайлбар ёсоор бол үүгээр зөвхөн тухайн бодьсадва лугаа хураасан буян дарагдах буюу тэрхүү бодьсадва-д уурлан хорссоноор тэрхүү бодьсадва лугаа хураасан буяныг дарж барах нь байна. Миний сонссон гол тайлбар бол энэ юм. Эхлэл үгүй цаг, мөн амьтан тоотой учир тэд нэг бүртэй асар их үйл хураасан байж таарна. Тиймээс энд үйл ихэд нарийн тодорхой байна. 

Тэгэхээр судар, шастирын тодорхой хэдэн үгсийн хөтөлбөр тайлбар болон ерөнхий сургааль айлдвар хоёрыг ялгаж салгаж мэдэх хэрэгтэй. Ерөнхий сургааль нь, буяныг тань барах тул бусдад уурлан хорсож болохгүй гэж байна. Харин судар шастирт дурьдаж буй эдгээр итгэхэд бэрх тоо бол онцгой тохиолдол юм. Энэ хоёрын ялгаж мэдээрэй; үгүй бол толгой эргэж мэднэ. “Би нохойндоо уурласан юмсан. Би ч баларчээ. Хэдэн мянган галвын буянаа барчихлаа” гээд байвал хүмүүний оюун ухаанаар авах, гээхийг шинжлэхгүй байна гэсэн үг болно. Тухайн сургааль ямар тохиолдолд хамаарах, ямарт эс хамаарахыг мэдэж байх хэрэгтэй. Ямар номын хэргийг хэзээ гаргахаа мэдэх зүйтэй. Шумууланд уурлалаа гээд хэдэн мянган галвын буянаа дарж барна хэмээн хэт мухар сохор бүү итгээрэй. Хэрэв тэгдэгсэн бол бидэнд итгэж найдах зүйлгүй болохсон.

Үүнийг буян дарагдах (жом) гэдэг үгээр илэрхийлнэ. Энэ нь буян тэр чигээрээ арчигдана нь гэсэн үг бус юм. Харин тухайн үйл боловсортол асар урт удаан хугацаа өнгөрөх ба боловсрох цагт тун хүч муутай байна гэсэн үг. Энэ үгний утга нь энэ юм. Ингээд ахин хэлэхэд, хэрэглэж буй үгийн утгыг нь харах хэрэгтэй ба заримдаа орчуулж авсан үг нь тухайн эхийнхээ утгыг гаргахгүй байх нь бий. Тэгэхээр хэрэв ямарваа нэгийг үл ойлгон будилаад байвал багшаас үгийн тодорхойлолтыг асуугаарай. Мэтгэлцээнд сайтар суралцсан бол гэвш нар тодорхойлолтыг хэлж өгч чадна. Тэд бүхий л тодорхойлолтыг цээжлэх ёстой байдаг юм. 

Мандал өргөх

Дараагаар мандал өргөн хүсэмжлэл талбина. Хэрхэн өргөх талаар асар олон сургааль ном бий. Гэхдээ энэ удаад үүний талаар ярилцах завшаан гарахгүй бололтой. Гэвч нэг ёсондоо бол бид бүхий л ертөнцийг тахилд өргөж буй юм. “Хамаг амьтны тусад бүхнийг өргөе” хэмээхийг л мандал төлөөлж буй юм. Ертөнцийг Сүмбэр уул, тивүүд хэмээн санадаг байна уу эсвэл дэлхий, нарны аймаг, галактик гэж төсөөлдөг байна уу хамаагүй. Хамгаас чухал нь бүхнийг өргөж байна хэмээн санах л юм.

Богд Зонхав бээр Ламрим чэнмо (Их бодь мөрийн зэрэг)-д айлдсан өглөгийн чанадад хүрэхүйн айлдварыг саная. Хэрэв бид ерөөхүйн бодьсадвын сэтгэлээр багахан өглөгийг өргөвөл бүхнийг бүгдэд өргөж байгаагийн адил болно. Ийнхүү бүгдийг хамаг амьтанд өргөх сэтгэлээр би нохойдоо аяга ус өгье. Энд миний тэрхүү багахан өглөг нь бүгдийг төлөөлж байгаа ба нохой бол хамаг амьтныг төлөөлж байна. Тэгэхээр мандалыг өргөхдөө тэр нь бүхий л ертөнцийг хэн бүхэнд өргөж байна хэмээх сэтгэлийг судлан суралцах ёстой юм.

Мөн тэрчлэн, мандал өргөх залбирлын шүлэгт бүхнийг арилсан оронд санан өргөнө хэмээж буй буюу бүхнийг арилсан оронд санан, хутагт бодьсадва нар самбхогакаяа (төгс баясгалангийн) лагшингийн дүр бүхий Бурхадаас номын айлдварыг сонсдог арилсан орон лугаа адил орныг өргөж байна хэмээн санана. Ингээд “Амьтан бүхэн номыг суралцан, анхааран авах зохистой нөхцөл бүхэн бүрдэх болтугай” хэмээн бодно.

ЗУРГАА: Дамжлагын лам нарт соёрхлыг талбиснаар увдисыг сэтгэл лүгээ нийлүүлэхийг магадлаж үйлдэх 

Зургаа дахь бэлтгэл ном бол дамжлагын лам нарт соёрхлыг талбихуйгаар сэтгэлийн үндсэнд адистидыг оршоох болой. Өөрийн язгуур үндэсний лам багшийг, Бурхан багшийг зөвхөн нэг бясалгалын тунд бус, харин цаг үргэлжид хамт орших соёрхолыг талбина. 

Ийнхүү соёрхол талбих асар олон залбирал шүлэг, анхааран авлагууд байдаг ба тэдгээрийг ихэнхдээ үүнийг, түүнийг адистидлан соёрх хэмээн орчуулсан байдаг. Бидний хүсэж буй нь адистид бөгөөд түүний тулд сүжгийг сайтар төрүүлээд намайг адистидлан, дээш дээш хөтлөн, гийгүүлж хайрла хэмээнэ. Эдгээр нь жин-жий лав гэдгийн утга ба үүнийг адистидлан соёрх хэмээн орчуулдаг юм.

Бурхадын гэгээн үйлс зохионгуйг принлэй хэмээдэг ба түүгээрээ адистидладаг юм. Тэд бээрийн гэгээн үйлс зохионгуй нь үнэндээ гэгээрүүлдэг нөлөө мөн. Бурхад юуг ч эс үйлдлээ ч тэдний гагц оршихуй нь адистидлан, хөтөлж байдаг хэмээн судар шастирт үргэлжид дурьддаг юм. Энэ нь тэдний гэгээн үйлс зохионгуй ба харин би түүнийг Бурханы гэгээрүүлдэг нөлөө хэмээн орчуулдаг юм. Энэ нь Бурхад явж очоод энэ, тэрд туслаад явдаг юм биш. Хэдий хувилгаан лагшингаар энэ адилыг үйлддэг ч Бурханы зүгээс энэ бол хичээл шамдал үгүй зүйл юм. 

Хэрэв Бурханаас хүсэмжлэн соёрхол талбихгүй л бол Бурхан гэгээн адистид нөлөөгөө үзүүлэхгүй, тийм учраас соёрхол талбих ёстой байдаг юм биш. Тэрхүү адистидын хүч нь яг л нарны цацрагтай адил цаг үргэлжид гэрэлтэж байдаг юм. Бидний зүгээс соёрхол тавьснаар тэрхүү адистид нөлөөг хүлээн авах нөхцөлийг өөрийн зүгээс бүрдүүлэн сүжиг төрүүлэх ёстой юм. Сургааль ном айлдахыг багшаас хүсэмжлэн соёрхол тавих ёстой буюу багшийн зүгээс өөрөө номлохгүй, харин соёрхол тавьснаар номоо айлддаг гэдгийг бид олонтаа сонссон бизээ. Үүнийг зөв ойлгох ёстой юм. Лам багш үргэлжид номлож байдаг, Бурхан үргэлжид гэгээн үйлс зохионгуйгаа үзүүлж байдаг. Нарны гэрэл үргэлжид цацарч байдаг. Харин бидний зүгээс сүжиг төрүүлж, соёрхол талбихаас нааш тэр сургааль номыг хүртэж чадахгүй юм. Соёрхол тавихын учир энэ билээ.

Лам багшийг өөрийн толгойн орой дээр лянхуа , саран дэвсгэр дээр залрах соёрхол тавина. Энэ бол дүрслэл төдий ба учир нь Бурхад хаа сайгүй оршдог. Ингээд сүжгийг бариад, намайг эс орхин их ачлалаа үзүүлж, авралдаа багтаан, тань лугаа адил болоход лагшин, зарлиг, тааллын их эрдмийг хайрла хэмээн хүсэмжилнэ. Ийнхүү өмнийн огторгуйд буй Бурханаас ижил нэгэн дүр хувилан гарч, тэрхүү гэрлийн мөн чанартай, тунгалаг бөгөөд багахан дүр толгойн орой дээр залрах ба “Өө, ямар хүнд юм бэ” гэхээр бус. Ингээд өөрийн өмнийн огторгуйд буй Бурханаас гэрлийн цацрагийн дүрсээр адистидаа хайрлах соёрхол тавина. Энэ гэрэл зүрхэн тус газар шингэн ороод, биеийг тэр чигээр нь дүүргэн, сэтгэлийн саад тотгор болгоныг арилгана. Улмаар өмнийн огторгуй дахь Бурхан багш толгойн орой дээрхи дүрд шингэн орох ба энэхүү зан үйлийн номонд ахин долоон гишүүнт залбирал болон мандал өргөхийг хураангуйгаар үйлдэнэ хэмээсэн байдаг. Ингээд бясалгалын тунгийн туршид толгойн орой дээрхи Бурхан багшийн дүрийг агуулах ба тэрбээр сэтгэлээ сацраалгүй нэгэн үзүүртэйгээр тогтох, эрдэм төрөхүйц саруул уудам оюуныг барих, бясалгалаар зоригдож буй сэтгэлийг төрүүлэх, тун барьж байгаа зэхэл анхааран авлага (төвөд: он-до) зэргийг сануулж байдаг юм. 

Дараагаар нь бясалгалын тун барих бол адистидын тухайтад Манзушри бурханы магтаал буюу Ган-лома (ламаадан) -г төвөдөөр уншина. Үүнийг үйлдэх олон янзын бясалгал байдаг ба эдгээр нь хурц оюунтай болоход зоригдоно. 

Өдрийн туршид лам багшийг толгойн орой дээр залж байж болно. Зэхэл үйлийн үед мөргөлийг олноор үйлдэж буй бол мөргөлийн үед толгойн орой дээрхи лам багш доош унах нь гэх зэргээр нь хэт яг таг байх хэрэггүй. Мөргөл үйлдэх үест толгой дээрхи үс тань уначихдаггүй л биз дээ?

“Би өдрийн туршид өөрийгөө тэр олон гар, хөлтэй идам бурхан хэмээн хэрхэн санаж явах билээ” хэмээн хүмүүс санаа зовниход Сэргон Ринбүүчи сайхнаар үлгэрлэн тайлбарладаг байж билээ. Тэрээр, “Та өдөржингөө л хувцас өмсөж явдаг биз дээ?” хэмээнэ. Тэгэхээр хувцас тань ямар байна, түүнтэй ямар харагдаж байна зэргийг мэдсэн, мэдээгүй ч өдрийн туршид хувцастайгаа л явдаг шүү дээ, түүн шиг тэрхүү Бурханы дүрээр байна гэж санаарай.

Мөн тэрчлэн толгойн орой дээрхи лам багшийг өөрийн зүрхэн тус газар заларч байна хэмээн дүрслэн бүтээж бас болно. 

Дүгнэлт

Энэ нь бэлтгэл зургаан ном бөгөөд эдгээрийг бясалгалын тунгийн эхэнд эсвэл урьд одуулах зэхэл үйлийн эхэнд аливаа нэгнээр анхааран авахад хэрэг ихтэй юм. Тэрчлэн тарнийн ёсны бүтээлийн урт урт тунгийн номын эхэнд ч эдгээр нь бий. Аврал одуулах, бодь сэтгэл төрүүлэх, дамжлагын лам нарын залбирал, соёрхол талбихыг үргэлжид үйлдэнэ. Эдгээр нь анхааран авлага бүрийн үндсэн гол хэсэг билээ.

Top