Удиртгал
Хутагтын дөрвөн үнэн
Бурхан багш 2500 орчим жилийн өмнө Энэтхэгт амьдарч байсан бөгөөд олон өөр хүсэл сонирхол, чадамжтай шавь нарынхаа тус бүрийн ойлгох хэв маягт хамгийн сайн тохирох өөр өөр аргаар сургаалаа заажээ. Гэвч түүний хүн бүхэнд зориулан заасан эхний зүйл нь гэгээрэлд яагаад хүрэх болсон талаарх түүний хамгийн гол ойлголтын тухай байсан: тэрээр “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх сургаалаа тавьсан юм. Эдгээр нь эгэл хүмүүсийн бодит үнэн гэж хардаггүй, харин бодит байдлыг шууд онож таньсан өндөр эрдэмд хүрсэн төрөлхтөн нарын (хутагт нарын) үнэн гэж үзсэн дөрвөн зүйл юм. Товчоор хэлбэл, эдгээр дөрвөн үнэн нь дараах асуултанд хариулна. Үүнд:
- Амьдрал дахь хүн бүрийн туулах зовлон, бэрхшээлүүд юу вэ?
- Тэдний шалтгаан нь юу вэ?
- Эдгээр асуудлуудыг арилган, дахин гарч ирэхгүй байхаар хорих боломжтой юу?
- Зовлонгийн шалтгааныг тийнхүү хорих тэр ойлголт юу вэ?
Эдгээр асуултуудын хариултууд нь Бурхан багшийн амьдралынхаа турш заасан зүйлийн үндсэн бүтцийг бүрдүүлэх ба энэ бол түүний анхны тавьсан сургаал.
Хутагтын дөрвөн үнэн нь тус тусдаа ойлголтууд биш. Тэдгээрийг бүрэн ойлгосон тохиолдолд тэр нь нэг суурин дээр үндэслэн нэг зорилгод чиглүүлнэ. Нэг үгээр хэлбэл, эдгээр дөрвөн үнэний суурь нь – амьдралын эдгээр дөрвөн бодит үнэн бол – бодит байдал юм.
Хэрэв бид Бурханы шашныг нэг үгээр илэрхийлье гэвэл Бурханы шашны багш, миний нэг найзын хэлсэнчлэн тэр бол реализм.
Хэрэв бид ямар нэг байж боломгүй, бодит бус зүйлийг тусгахгүйгээр бодит байдлыг харж, ойлгож, хүлээн зөвшөөрөх юм бол бид амьдралын асуудал бүхий нөхцөл байдлуудыг бодит арга замаар шийдвэрлэж чадна.
Иймд бодит байдлын тухай сургаал бол эдгээр дөрвөн үнэний суурь юм. Гэвч бодит байдал нь юмс хэрхэн орших, тэдгээр нь амьдралд хэрхэн харилцан үйлчлэх олон өөр өөр түвшнийг багтаана. Бурхан багш энэ бүгдийг тайлбарлан үзүүлсэн.
Гурван эрдэнэ
Хутагтын эдгээр дөрвөн үнэнтэй холбоотой тодорхой болж ирдэг зүйл бол зовлон, бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс амьдралд гаргах хэрэгтэй болдог зам мөр юм. Энэ зам мөр нь Бурханы шашны “Гурван эрдэнэ” мөн “Авралын гурван орон” – Бурхан, Ном, Хувраг гэдэг хэллэгийн илэрхийлдэг зүйл юм. Эдгээр нь тус бүрдээ хэд хэдэн түвшний утгатай боловч тэдний илэрхийлэх хамгийн гүнзгий түвшний утга нь:
- Ном – өөрийн асуудлууд, түүний шалтгааныг арилгах, тэдгээрийг бүрмөсөн арилгах бүрэн гүйцэд ойлголтонд хүрэх гэх мэт бидний зорьж буй зорилго
- Бурхан – тэрхүү зорилгод бүрэн хүрсэн, түүнд бусад мөн адил хэрхэн хүрэхийг зааж буй тэдгээр төрөлхтнүүд
- Хувраг – эдгээр сургаалыг даган баримталж, хараахан зорилгодоо бүрэн хүрээгүй, зорилгынхоо талд хүрээд буй төрөлхтнүүд.
Цогт Наландарын 17 их бандида нарын магтаал
Дээрхийн гэгээн Далай лам эртний Энэтхэгийн Бурханы шашны нэгэн хийдийн 17 их бандида нарт зориулсан нэг маш сайхан соёрхлыг бичсэн. Тус хийдийг Наланда гэх ба 1000 орчин жил оршин тогтносон байдаг. Үйл ажиллагаа нь хийдийн зохион байгуулалттай боловч тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг их сургуульд тооцогдож байсан тус хийд Энэтхэгийн Бурханы шашны хамгийн алдар цуутай эрдэмтэн мэргэдийг төрүүлэн гаргасан юм. Дээрхийн гэгээн Далай лам энэхүү соёрхлоо эдгээр 17 бандида тус бүрд ерөөл айлтгах хэлбэрээр бичсэн. Үүнд: “Ямар мэт та бүхний адил даган суралцахад адилслан соёрх” хэмээсэн бий. Эдгээр соёрхол бадгуудын дараа Дээрхийн гэгээн тэдэнд бүгдэд нь хандсан ерөнхий хэдэн бадгийг бичсэн.
Энд би эдгээр төгсгөлийн бадгуудын нэгийг тайлбарлан хүргэе гэж бодож байна. Үүнд тун сая миний тайлбарласан зүйл болох бодит байдал (хоёр үнэн), Хутагтын дөрвөн үнэн, Авралын гурван орны талаарх хамгийн гол санааг нэгтгэн дүгнэсэн байдаг. Аврал гэдэг нь ердөө хэрэв бид эдгээр гурвын үзүүлсэн зам мөрөөр явбал өөрсдийг зовлон, бэрхшээлээс хамгаална гэсэн утгатай юм.
Энэхүү бадагт:
Бүхий л үзэдэл юмсын орших хэлбэр, түүний суурь, хоёр үнэний утгыг ухаарснаар,
“Орших” гэдэг нь юмс хэрхэн тогтнож, хэрхэн харилцан үйлчлэхийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, бодит байдлыг мэдэх.
Дөрвөн үнэнээр бид хэрхэн төрөл авч бас түүнээс буцахыг баттай болгоно.
Хэрэв бид бодит байдлыг ойлговол бид хэрхэн өөрийн асуудлыг бий болгодог, мөн хэрхэн тэдгээрийг шийдвэрлэхийг тэдгээр дөрвөн үнэнээр дамжуулан ойлгоно.
Шалгадаг ухаанаар шинжвэл Авралын гурав нь үнэн хэмээх сэтгэл итгэмжлэл батажна.
Өөрийн бүхий л асуудлуудыг дахин гарч ирэхгүй байхаар бүрэн хорих мөн түүнд хүргэх ойлголт – бидний хүрч болох эдгээр хоёр зорилгын үүднээс бид Авралын гурвыг томьёолсноо санаарай.
Хэрэв та Бурханы шашны зам мөрийг бүтээхийг хүсэж байгаа бол та нэг зорилгод зорино. Тэгвэл та тэрхүү зорилгыг хүрэх боломжтой гэдгийг хэрхэн мэдэх вэ? Энэ нь ердөө нэг зөгнөлт зохиол уу? Энэ нэг сайхан түүх үү эсвэл энэ үнэхээр бодит зүйл үү? Олон хүмүүс “Багш ийнхүү хэлсэн учраас би итгэхийг хүсэж, тийнхүү итгэж байгаа юм” гэсэн ердөө сүсэг бишрэл дээр тулгуурлан энэхүү зорилгод хүрэхээр шамддаг.
Энэ нь олон хүмүүст нөлөө үзүүлж болох боловч хамгийн тогтвортой бүтээл хийх хэлбэр үргэлж байдаггүй. Урт удаан хугацааны турш бүтээл хийсний дараа ихэвчлэн тохиолддог нэг зүйл бол та өөрөөсөө юу хийж байгаагаа асууж эхэлдэг. Танд уур, шунал, хувиа хичээх сэтгэл гэх мэт жинхэнэ асуудал үүсгэдэг зүйлүүд байсаар байгаа учраас энэ бүхэн үүсэх ба тэдгээрийг арилгах үнэхээр хэцүү байдаг. Ахиц дэвшил бол маш удаан явагдах үйл явц байна. Мөн тэрхүү ахиц ердөө ч тэгш шугаман өсөлттэй байдаггүйг ойлгох хэрэгтэй: энэ нь үргэлж өгсөж, уруудаж байна. Зарим өдөр сайн, зарим өдөр муу байна. Хэрэв та Бурханы шашны аргуудыг ердөө сүсэг бишрэлийн үүднээс бүтээж байвал та ямар нэг үр дүнд хүрэхгүй байгаа мэт санагдаж болох учир та шантарч магадгүй. Тэр үед та “Энэ үнэхээр хүрч болох зорилго мөн үү?” гэж асуухад хүрнэ.
Ийм учраас дээрх бадагт “шалгадаг ухаанаар шинжвэл” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, хэрэв та тийм нэг зорилго байх ба үнэндээ түүнд хүрэх боломжтой гэдгийг учир шалтгаан, логик дээр суурилан ойлгох үед тэрхүү зорилго, түүнд хүрэх боломж болон түүнд хүрсэн хүмүүс байдаг гэдэгт итгэх таны итгэл баттай болно. Та эдгээр зүйлүүд Бурханы ном сургаал дээр бичигдсэн байдаг гэдэг үүднээс бус харин эдгээр нь үнэн бодитой зүйл гэсэн итгэлтэй болно. Та, хоёр үнэн бол бодит байдал, дөрвөн үнэн болон авралын гурав нь бодит байдал дээр суурилсан учир шалтгааны үндэслэлтэй гарч ирдэг учраас тэдгээр нь үнэн гэсэн итгэлтэй байна.
Гэтлэхүйд хүргэх зам мөрийн үндэс сэтгэлд төрөхөд адислан соёрх оо.
Та үр суулгадаг боловч энд та үр биш “үндэс” суулгах юм. Үгийн энэ сонголт нь хоёр үнэн, дөрвөн үнэн, авралын гурвын бүтэц нь Бурханы шашны нийт зам мөрийн үндэс болдог гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд учир нь бүх зүйл тэрхүү үндсээс салбарлана. Энэ үндэс таны сэтгэлд баттай суусан тохиолдолд таны бүхий л бүтээл итгэл үнэмшил дээр суурилсан байна. Та хийж байгаа зүйлээ, тэрхүү зорилгод хүрэх боломжтой гэдгийг, тэр зорилго нь юу болохыг ойлгож байдаг.
Үүнийг би Бурханы шашны маш чухал арга гэж боддог, учир нь хэрэв бид шашны зам мөрөөр явж байгаа бол түүнийг бодит зүйл гэсэн итгэл үнэмшилтэй байх нь маш чухал. Энэ нь сэтгэл хөдлөлөөр татагдсан, огт боломжгүй ердөө оюун санааны, зөгнөлт зүйл биш. Хэрэв бид өөрийн амьдралд хийж байгаа зүйлээ бодит зүйл гэсэн итгэлтэй байх юм бол бид түүнд зохих сэтгэл хөдлөлөөр хандаж болно. Бид хоёр зүйлийг тэнцвэржүүлэх хэрэгтэй: ойлголт болон энэрэн нигүүлсэх сэтгэл, дур сонирхол, тэвчээр гэх мэт эерэг сэтгэл хөдлөл.
Хоёр үнэн
Туйлын ба харьцангуй үнэн
Бүхий л үзэдэл юмсын орших хэлбэр, түүний суурь, хоёр үнэний утгыг ухаарснаар,
Тус бадгийн эхний мөр нь хоёр үнэний тухай өгүүлнэ: “харьцангуй үнэн” буюу “орчлонгийн үнэн” ба “гүн үнэн” – өөрөөр хэлбэл бүх зүйлийн бодит байдлын талаарх хоёр үнэн. Нэг нь илүү ил түвшнийх бол нөгөө нь хамгийн гүн, туйлын үнэн. Аль аль нь хүчин төгөлдөр боловч өөр өөр үзэл баримтлалууд. Эдгээр хоёр үнэнийг тайлбарлах олон тайлбарууд байх боловч энд Дээрхийн гэгээн Далай ламын олон нийтэд хандан тайлбарладаг тайлбарыг авч үзье.
Шалтгаан ба үр дагавар
Бидний туулж эдлэх бүхий л зүйлийн хувьд ил түвшний үнэн нь юу вэ? Энэ бол бидний туулж эдэлж байгаа бүх зүйл зөвхөн түүний өмнөх шалтгаантай холбоотойгоор одоо гарч ирж байгаа зүйлс юм. Өөрөөр хэлбэл, бүх зүйл шалтгаан ба үр дагаврын харилцан үйлчлэлээс шалтгаалан үүсч эсвэл тохиолдож байдаг. Физикийн шинжлэх ухаан бас шалтгаант чанарын зарчмыг авч үздэг боловч бөмбөгийг өшиглөх ба бөмбөг шилжих хоёрын хоорондын хамаарал гэх мэтээр түүнийг зөвхөн физикийн үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Энэ хамаарал бол энгийн механик хөдөлгөөн, хөдөлгөөний шалтгаан ба үр дагавар юм.
Ямар нэгэн үйл явдал, тохиолдол, үзэгдэл гарч ирэх бүх хүчин зүйлүүдийг авч үзэх үед мэдээж шалтгаант чанарыг илүү нарийн түвшинд тайлбарлаж болно. Жишээ нь, хэрэв та эдийн засгийн асуудал, дэлхийн дулаарал, бүс нутгийн дайн гэх мэт асуудлуудыг авч үзэх юм бол тэдгээр нь зөвхөн нэг шалтгаанаас бий болоогүй нь илэрхий байдаг. Тэдгээр нь мөн ямар ч шалтгаангүйгээр, эсвэл ямар ч холбоогүй шалтгаанаас гараагүй. Харин тэр бүх нөхцөл байдлууд олон өөр өөр хүчин зүйлүүдээс шалтаалан бий болсон. Үүнд одоо болж буй зүйлүүд төдийгүй өнгөрсөнд болсон зүйлүүд мөн хамаарна. Энэ улсад, Украинд, жишээ нь та одоогийн нөхцөл байдлыг Зөвлөлт эсвэл Дэлхийн II дайн зэрэг энэ бүхнээс салгаж болохгүй. Өнөөдрийн эдийн засаг болон экологийн нөхцөл байдлууд түүхийн туршид болсон бүх зүйлийн үр дагавар болон үүсч байгаа. Иймд одоо болж байгаа зүйл бол ердөө нэг хүн эсвэл болсон нэг зүйлийн буруу гэж хэлэх боломжгүй. Юмс шалтгаан, нөхцөлийн асар том хамаарлаас шалтгаалан бий болдог. Энэ бол бодит байдал, тийм биз дээ?
Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл мөн адил: хэрэв та гэр бүлийн нэг асуудалтай байвал түүнийг ердөө нэг шалтгаан эсвэл ямар ч шалтгаангүй бий болсон гэж хэлэх боломжгүй. Гэр бүлийн гишүүн бүр тэрхүү гэр бүлийн асуудалд шалтгаан маягаар хувь нэмэр оруулсан. Мөн гишүүдийн зан байдлын хэв маяг тэдний ажил, сургууль, найз нөхөдтэй холбоотой одоо болж байгаа зүйлтэй ямар ч холбоогүй гэж хэлэх боломжгүй. Бүх зүйл ямар нэг нөлөө үзүүлж байдаг. Цаашилбал, гэр бүлийн нөхцөл байдал тухайн нийгэм болон түүний улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцооноос салангид байдаггүй. Энэ бүхэн ямар нэг байдлаар асуудалд бас нөлөөлнө.
Ийнхүү реализм гэдэг нь бүх зүйл харилцан хамааралтай, бусад зүйлдээ нөлөөлж байдаг гэсэн утгыг илэрхийлнэ. Тохиолдож байгаа зүйл бүр шалтгаан болон нөхцөл байдлын маш том цогц харилцан хамаарлаас шалтгаалан бий болж байдаг. Энэ бол бодит байдал.
Хэрэв энэ нь физик үзэгдлүүд, дэлхий дахин, гэр бүлийн асуудлуудын хувьд үнэн юм бол хувь хүний хувьд ямар байх вэ? Жаргал болон зовлонгийн хувьд? Тэдгээрт шалтгаан байх уу? Тэдгээр нь ямар ч шалтгаангүй гарч ирдэг үү? Гэтэл би заримдаа баяртай, заримдаа үгүй төдийгүй дараагийн агшинд сэтгэл ямар байхыг мэдэх аргагүй байдаг. Тэгэхээр энэ нь ямар ч шалтгаангүй тохиолдож байгаа хэрэг үү? Эсвэл энэ нь зөвхөн тухайн агшинд миний хийж байгаа зүйлтэй холбоотой үүсч байгаа явдал уу? Тийм биш болов уу? Би хоёр өдөр дараалан нэг адил хоол идэж байна гэж бодъё. Ингээд нэг өдөр нь түүнийг идэхэд сэтгэлд их таатай байсан бол нөгөө өдөр сэтгэлд маш таагүй байв. Энэ нь хоолноос шалтгаалж буй хэрэг биш байх. Би хамгийн их сэтгэлд таатай байдаг хүнтэйгээ хамт байж болох боловч заримдаа баяртай, заримдаа тийм биш байна. Би хөрөнгө чинээтэй, юмс миний хувьд үнэхээр сайн байдаг боловч би тийм баяр жаргалтай биш байж болно.
Тэгэхээр энэхүү баяр жаргал, гуниг зовлон хаанаас гардаг вэ? Хэн нэгэн дээд төрөлтөн нэг товч дарснаар би заримдаа баяртай, заримдаа гунигтай байх ийм байдлаар тэр бүхэн явагддаг уу? Уучлаарай, би муу үгээр хэлэх гэсэнгүй, би түүнийг арай хэтрүүлж байна. Гэвч хэрэв таны туулж эдэлж байгаа бүх зүйл – жишээ нь биет зүйлсийн шилжилт хөдөлгөөн эсвэл санамсаргүй халуун зууханд гараа хүргэж түлэх гэх мэт – шалтгаан ба үр дагаврын хуулийг дагаж байхад жаргал, зовлон бас ойлгож болохуйц шалтгаант чанарын хуулиар явагддаггүй гэж үү? Энэ бол гол асуулт, мөн энэ бадгийн харьцангуй үнэнтэй холбогдох бодит байдлын талаарх гол санаа. Энэ нь бидний зан байдал болон түүний үр дагавар болох жаргал, зовлонгийн хоорондох шалтгаант хамаарлын талаарх бодит байдлын тухай юм.
Үйлийн үр
Энэ нь биднийг үйлийн үрийн талаарх Бурханы шашны үндсэн сургаалтай холбоно. Үйлийн үр гэж юу вэ? Энэ бол хялбар сэдэв биш. Үүний хэд хэдэн тайлбар байх бөгөөд буруу ойлголтууд их байдаг боловч ерөнхийдөө:
Үйлийн үр гэдэг бол бидний үйлдэл хийх, ярих, бодох хэв маягийг тодорхойлох, тэдгээрийн шалтгаан болдог тэрхүү өөрийн эрхгүй байдал юм.
Сайтар бодож үзэх юм бол бидний зан байдал сөрөг, эерэг, эсвэл бүр завсрын байсан хэдий ч тэдгээр нь ихэнхдээ өөрийн эрхгүй байдаг.
- Бухимдал төрөх ба би хэн нэгэн рүү хашхичмаар санагдаж, ингээд өөрийн эрхгүй хашхична.
- Хэт сэргийлэх сэтгэл төрж, жишээ нь нярай хүүхдээ зүгээр байгаа эсэхийг мэдмээр санагдан, ингээд өөрийн эрхгүй шаардлагагүй байсан ч дахин дахин шалгана.
- Өлсөх мэдрэмж төрж, хөргөгч рүү явж юм идмээр санагдаж, ингээд явж очно.
Энэхүү өөрийн эрхгүй байдал хаанаас гардаг вэ? Энэ нь юунд хөтөлдөг вэ? Эдгээр нь үйлийн үрийн тухай сургаалын авч үздэг асуултууд юм. Бурханы шашны тайлбараар та өөрийн эрхгүй байдлаар үйлдэл хийх, ярих эсвэл бодох үед энэ нь түүнээс хойших таны аливаа зүйлийг туулж эдлэх явцын агшин бүрд үргэлжилсээр байх ул мөр, хандлагыг таны сэтгэлд үлдээнэ гэж үздэг. Ингээд олон янзын нөхцөлүүд тэдгээрийг идэвхжүүлэх үед тэдгээр нь зан байдлын тухайн хэв маягийг давтах мэдрэмж төрүүлнэ. Тэрхүү сэтгэл мэдрэмж дээр суурилан ямар нэг хяналтгүйгээр тухайн үйлийг давтах тэр өөрийн эрхгүй байдал гарч ирнэ. Энэ өөрийн эрхгүй байдал бол үйлийн үр юм.
Мэдээж энэ үзэгдлийг физиологийн түвшинд бас тайбарлаж болно: тодорхой нэг байдлаар үйлдлийг давтах нь нэг мэдрэхүйн замыг бэхжүүлж, түүнийг хүчтэй болгосноор дараа нь та зан байдлын нэг хэв маягийг илүү хялбар дагадаг болно. Бурханы шашин нь мэдээж физиологийн энэ зүй тогтлыг үгүйсгэдэггүй; ердөө үзэгдлүүдийг туулж мэдрэх талаас нь авч үзэх боловч үүнийг шалтгаан ба үр дагаврын нэг жишээ болгон шинжилж үзэх хэрэгтэй.
Тэгвэл баяр жаргал ба зовлон гунигийн хувьд энэ нь ямар байх вэ? Бурханы шашин нь эдгээрийг бас үйлийн үрийн шалтгаан ба үр дагаврын үүднээс тайлбарладаг. Хэрэв та гуниг зовлон туулж байвал энэ нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн (нисваанис) нөлөөнд орж үйлдсэн өөрийн эрхгүй гаргах сөрөг зан байдлын урт хугацааны явцад гарч байгаа үр дагавар байна. Хэрэв та удаан үргэлжлэхгүй, хэзээ ч сэтгэл бүрэн хангадаггүй нэг төрлийн баяр жаргал болох эгэл (орчлонгийн) баяр жаргал эдэлж байвал энэ нь тэвчээр, ачлал гэх мэт эерэг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж үйлдсэн эерэг зан байдлын урт хугацааны явцад гарч байгаа үр дагавар байна. Гэвч эдгээр нь өөрийн эрхгүй шинжтэй байх ба учир нь энэ нь өөрийн эрхгүй сайн зүйл хийх эсвэл өөрийн эрхгүй аливааг төгс байлгахыг хүсэх сэтгэлтэй холилдсон байдаг.
Тэгвэл эдгээр шалтгаант харилцааг хэрхэн ойлгох вэ? Юуны өмнө бид эерэг болон сөрөг зан байдлын ялгааг ойлгох хэрэгтэй. Эдгээрийн ялгаа нь таны зан байдлын бусдад үзүүлэх нөлөөний үүднээс тодорхойлогддоггүй. Жишээ нь хэрэв та хэн нэгэн хүнд маш их уурлан түүнд мэс хүргэх юм бол энэ сөрөг үйлдэл. Харин мэс засалчийн үүднээс амь аврах үүднээс мэс хүргэж байвал энэ нь эерэг. Мэдээж хэн нэгний биед мэс хүргэх үйлдэл нь тухайн үйлийн эерэг эсвэл сөрөг болохыг тодорхойлох хүчин зүйл болохгүй. Энэ бүхэн сэдлээс шалтгаалан тодорхойлогдоно: тухайн үйлдлийг хийх сэтгэлийн төлөв байдал, тухайн үйлээр хүрэхийг зорьж байгаа зорилгоор тодорхойлогдоно.
Хэрэв тухайн үйл уур, хүсэл тачаал, шунал, мунхаг, атаа, омог, хувиа хичээх зэрэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн байвал хэдий гадна, дотноо сайхан ямар нэг зүйл хийж байсан ч сөрөг үйл болно. Жишээ нь, хэрэв хэн нэгэнд тайвшруулах иллэг хийж өгөн түүний зэрэгцээ бэлгийн сонирхол илэрхийлж байвал таны үйлдэл сөрөг үйл болно. Харин хэрэв тус үйл нь эдгээр сэтгэл хөдлөлүүдээс ангид байвал хэдий тус үйл нь тийм таатай үйл биш ч эерэг үйл болно. Мөн эцэг эхийн хувьд та сахилгагүйтэж байгаа хүүхэддээ уурын сэтгэлээр бус харин тэдэнд хүмүүжилгүй байхгүй байхыг сурган асрал хайрын сэтгэлээр өрөөндөө орохыг сануулж болно. Гэвч ихэнх тохиолдолд эерэг үйл нь – энэ тохиолдолд өөрийг нэг сайн эцэг эх хэмээн бодит мэтээр тодорхойлох өөрт анзаарагдахгүй сэтгэлтэй холилдсон байдаг учраас өөрийн эрхгүй байсаар байна.
Тэгвэл бид сөрөг сэтгэл хөдлөл дээр суурилсан сөрөг үйл болон зовлон бэрхшээлийн хоорондын шалтгаант холбоо ба сөрөг сэтгэл хөдлөлөөс харьцангуй ангид эерэг үйл болон баяр жаргалын хоорондын шалтгаант холбоог хэрхэн ойлгох вэ? Энэ бол нэг маш сонирхолтой асуулт төдийгүй маш чухал асуулт. Учир нь Бурхан багш үйлийн үрийг бидний сэтгэл ямар байхын шалтгаан болж өгдөг бидний хэрхэн оршдог талаарх төөрөгдөл мөн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл гэж тодорхойлсон. Эдгээр нь зовлон мөн сэтгэлийг хэзээ ч бүрэн хангадаггүй орчлонгийн баяр жаргалын шалтгаан болдог. Бид энэхүү хоёр сэтгэлтэй холбоотой гарах аль аль зовлонгоос ангижрахын тулд энэ бүхнээр хязгаарлахгүй байх хэрэгтэй.
Энэ талаар авч үзье. Жишээ нь та ямар нэг зүйл эсвэл хэн нэгний талаар уурлах сэтгэлийн үүднээс үйлдэл хийж, ярьж эсвэл бодож байвал та тайван амгалан байх уу? Таны энерги тогтвортой байх уу? Үгүй, ердөө тайван биш байна; тэвдсэн байна. Ийм үед та баяр жаргалтай байх уу? Уурлах сэтгэл эсвэл өөр бусад сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл төрсөн байгаа үед хэн ч баяр жаргалтай байна гэж би бодохгүй байна. Үүний адил танд шунах сэтгэл төрж байгаа үед та энергиэ ажиглах юм бол та ердөө тайван биш байна; та хангалттай авч чадахгүй байх вий гэсэн айдастай байна. Та хэн нэгэнд маш их татагдан, түүнийг ихээр үгүйлж байвал бас тайван биш байна; таны энерги маш тогтворгүй байна. Харин та уурлах, шунах, хувиа хичээх гэх мэт сэтгэл төрүүлээгүй, илүү их бусдын ачийг санахыг хичээж байгаа үед таны сэтэл харьцангуй тайван, таны энерги илүү чөлөөтэй байна, тийм биз дээ? Та ерөнхийдөө амгалан тайван, хэдий энэ нь нарийн түвшний амгалан биш байсан ч, хүчтэй нөлөөлөх зүйл үгүй. Хэдий та өөрийн эрхгүй “сайн зүйл хийх” эсвэл өөрийн эрхгүй “аливааг төгс байлгах”-ыг хүсэх сэтгэлтэй байсан ч уурлах сэтгэлээр үйлдэл хийх үеийнхээс таны энерги илүү тайван, та эерэг тустай зүйл хийж байгаадаа илүү баяртай, амгалан байна. Мэдээж, хэрэв та ямар нэг эерэг зүйл хийж байхдаа алдаа гаргах вий хэмээн эсвэл хангалттай сайн байж чадахгүй байх вий гэж эмээж байвал ийм бодол, зовнилтойгоор та тайван байхгүй нь лавтай.
Энд анхаарвал зохих зүйл нь юу байх вэ гэвэл зовлон бэрхшээл эсвэл харьцангуй (орчлонгийн) баяр жаргалын ийм сэтгэл, мэдрэмж нь ердөө богино хугацаанд үргэлжилдэг явдал юм. Энэ нь хэдий та ямар нэг өөр зүйл хийж байсан ч таны сэтгэл ямар байхад өмнө хийсэн зүйл ч нөлөөлөх боломжтой гэдгийг харуулна. Гэвч Бурхан багш үйлийн үр ба таны эдлэх жаргал, зовлонгийн түвшин хоорондын хамаарлын тухай ярих үедээ тодорхой үйлдлийн ердөө дараа танд төрөх богино хугацааны сэтгэл мэдрэмжийн талаар голлон яриагүй юм. Тэрээр илүү урт хугацааны туршид нөлөөлөх үр дагаврын тухай ярьсан. Гэвч бид түүний санааг бидний өөрийн эрхгүй гарах сэтгэл хөдлөлийн хэв маяг ба биед илрэх энергийн урсгалын хэв маягийн хоорондын хамаарлын тухай ярих яриагаар ойлгох байдлаар эхэлж болно.
Бидний туулж, эдэлж байгаа бүх зүйлийн талаарх харьцангуй үнэн нь тэгэхээр бидний сэтгэлийн ерөнхий төлөв, бидний хийхийг хүсэх зүйл төдийгүй баяр жаргал эсвэл зовлон гунигийн мэдрэмжийг багтаасан бүхий л зүйл шалтгаан ба нөхцөлөөс хамааран гарч ирдэг явдал юм. Энэ бол бодит байдлын нэг тал – тус бадагт бүх зүйлийн дагах хэв маяг болох суурь гэж нэрлэсэн – бүх зүйл явагдах, харилцан үйлчлэх, орших тэр хэлбэр юм.
Туйлын үнэн
Бүх зүйлийн талаарх хоёр дахь үнэн нь илүү гүнзгий түвшинд тэдгээрийг авч үзнэ. Хэдийгээр юмс бидний уран зөгнөл бүхий төсөөллөөс шалтгаалан байх боломжгүй байдлуудаар оршиж, харилцан үйлчилж байгаагаар харагдаж байж болох ч тэдний оршин мэт харагдах тэрхүү хэлбэрүүд нь бодит байдалтай холбоогүй байдаг.
Бидний төсөөлөлтэй нийцэх ямар нэг зүйл огт байхгүйг “хоосон чанар” гэж нэрлэнэ.
Бидний зуршил болсон төөрөгдөлтэй холбоотойгоор сэтгэлээс туурвин тусгах байх боломжгүй тэдгээр хэлбэрүүд нь нарийн байдлынхаа хувьд олон түвшинтэй хэдий ч бид энэхүү гүнзгий үнэнийг түүний хамгийн ерөнхий хэлбэрээр авч үзэх байдлаар ойлголтыг эхэлж болно: юмс байх боломжгүй байдлаар оршдоггүй. Хэрхэн тийнхүү орших билээ? Бидний төөрөлдсөн сэтгэлийн тусган харах тэрхүү байх боломжгүй зүйлтэй тохирох ямар нэг зүйл байхгүй нь бодит байдал юм. Тийм зүйл байдаггүй, ердөө байдаггүй.
Нэг сонгодог жишээ татъя: Хүүхэд орон доор нэг мангас байна гэж бодох ба үнэндээ тэнд нэг муур байна. Гэвч хүүхэд муурыг мангас гэж тусгадаг. Хүүхэд тэнд үнэндээ мангас байна гэж итгэсэн байдаг учраас, хэдийгээр тийм зүйл байхгүй байсан ч, маш их айдаг. Ийм байхгүй зүйлийг тусгах нь хүүхдэд нөөлөх боловч энэ нь мэдээж муурыг бодитой мангас болгохгүй, учир нь мангас гэх зүйл байдаггүй. Ийнхүү хоосон чанар бол хүүхдийн төсөөлөлтэй тохирох нэг бодит мангас ердөө байхгүй явдал юм. Хэзээ ч мангас гэж байгаагүй, хэзээ ч байх боломжгүй. Гэвч тэрхүү төсөөллийг авч хаяхад орон доор муур байсан хэвээр байна: тэнд юу ч байхгүй биш юм.
Бид зуршлаараа юмсыг бидэнд харагдаж байгаа байдлаараа оршдог гэж боддог. Бид зөвхөн нүдэндээ харагдах эсвэл тухайн агшинд сэтгэлд мэдрэгдэх зүйлийг мэддэг. Жишээ нь одоо миний сэтгэл тийм баяртай биш байж болох ба энэ нь ямар нэг шалтгаангүйгээр өөрөө аяндаа төрж байгаа мэт харагдаж болно. Сэтгэл таатай биш байна. Би яагаад гэдгийг мэдэхгүй байна. Уйтгартай; ямар ч сонирхолгүй; сэтгэл таагүй байх ба энэ нь миний хийж байгаа зүйл эсвэл хамт байгаа хүмүүстэй ямар ч холбоогүй мэт санагдана. Гэнэт ямар ч сонирхолгүй, сэтгэл таагүй болно. Энэ нь заавал илэрхий анзаарагдахуйц байх албагүй. Сэтгэл ханамжгүй байх нэг доогуур түвшин байж болно. Энэ нь тэгвэл хэрхэн харагддаг вэ? Ямар нэг шалтгаангүй мэт харагддаг. Гэвч ийм байх нь боломжгүй. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй. Энэ бол туйлын үнэн.
Харьцангуй үнэн бол миний зовлон, жаргалыг багтаасан бүхий зүйл нь шалтгаан ба үр дагаврын үйл явцаар бий болдог явдал. Хэдийгээр энэ нь бодит байдал боловч тийнхүү надад харагддаггүй. Миний сэтгэлд төрж байгаа зүйл нь огт ямар ч шалтгаангүй гэнэт гарч ирдэг мэт санагддаг. Туйлын үнэн бол надад хэрхэн санагдаж байгаа нь бодит байдалтай нийцдэггүй явдал юм. Хэрэв энэ талаар бодож үзэх юм бол энэ үнэхээр маш гүн гүнзгий зүйл байдаг.
Би өөр нэг жишээ татъя. Заримдаа над руу уурлаж хашхичдаг нэг найз надад байдаг гэж бодъё. Бид маш сайхан харилцаатай боловч гэнэт найз маань ямар нэг зүйлийн талаар уурлаж над руу хашхичдаг. Энэ нь надад хэрхэн санагддаг вэ? “Найз минь надад дургүй болсон” мэт санагдана. Миний сэтгэлд харагдах бүх зүйл нь найзын минь над руу хашхичсан явдал байдгаас би маш их гомдож, найзаа зөвхөн түүгээр нь тодорхойлж, өөр юу ч хардаггүй. Гэвч тэр тусгал бол бодит байдалтай нийцдэггүй. Тэрхүү хашхичсан явдал нь бидний олон жилийн нөхөрлөлөөс салангид тусдаа ямар нэг үйл явдлаас ердөө гэнэт гарч ирээгүй. Ийм зүйл танд бас тохиолдож байсан байх.
Тэгэхээр энэ үед юу болдог вэ гэвэл бид найзтайгаа тогтоосон нөхөрлөлөө бүхэлд нь харахаа больдог – тухайн хүнтэй өнгөрүүлсэн бусад цаг хугацаа, бусад харилцааг. Гэвч энэ бол цорын ганц зүйл биш; бид юмсыг өргөн хүрээнд нь бас хардаггүй. Бид найзынхаа амьдрал дахь цорын ганц хүн бус, бидний нөхөрлөл түүний амьдралд өрнөж буй цорын ганц зүйл бус. Бидний нөхөрлөлөөс гадна түүнд бүхэл бүтэн амьдрал байх бөгөөд энэ нь бас түүний сэтгэл мэдрэмж, үйлдэлд нөлөөлнө. Магадгүй түүний ажил дээр эсвэл гэр бүлд асуудал, бэрхшээл гарсан байж болох ба түүний сэтгэл санаа сайнгүй байж, тэрээр над руу хашхичсан байх. Туйлын үнэн бол бидний төсөөлж байгаа юмс боломжгүй зүйлүүд байдаг: түүний над руу хашхичсан явдал бидний нөхөрлөл болон түүний амьдралд тохиолдож байгаа бусад зүйлүүдээс хамааралгүй, бие даасан зүйл байх нь бодит байдал биш. Жинхэнэ бодит байдал бол бие даан орших мэт харагдах үйл явлууд нь тэр мэт орших ямар ч боломжгүй юм, тийм зүйл байдаггүй. Оршихуйн ийм төлөв ердөө байдаггүйг “хоосон чанар”, санскрит хэлээр “шуняата” гэх ба энэ нь тэг гэдэгтэй адил утгатай.
Хоёр үнэний үүднээс, хэрэв юмс бие биеэсээ хамааралгүй, тус тусдаа оршихгүй байгаа үед шалтгаан ба үр дагаврын харилцан хамаарал явагдаж байна. Учир нь шалтгаан ба үр дагавар нь зөвхөн бие биеэсээ хамаарч, харьцангуй байдлаар оршино. Хэрэв тухайн нэг зүйлээс гарах боломжит үр дагавар байхгүй бол тэр зүйл шалтгаан болж чадахгүй. Хэрэв ямар нэг зүйл үр дагавар гаргадаггүй бол яаж өөр нэг зүйлийн шалтгаан болох билээ? Юмсын харьцангуй үнэн нь, тухайлбал тэдний шалтгаант харилцаа нь бүх зүйлийн туйлын үнэн болох бусад зүйлстэй холбоогүй байх боломжгүй байдлаар орших нэг ч зүйл байдаггүй тэр нөхцөлөөс шалтгаалж явагдана.
Хоёр үнэн нь ийнхүү нэг нэгэн дээрээ тулгуурлаж байгаа нь тус бадагт дурдсанчлан бүх зүйлийн дагах хэв маяг, суурь юм. “Суурь” гэдэг нь тухайн бадгийн дараагийн мөрд дурдагдах зүйлийн суурь гэсэн санааг бас илэрхийлнэ. Бодит байдлыг, тухайлбал хоёр үнэнийг ойлгосны үндсэн дээр Бурхан багш дөрвөн үнэнийг ойлгосон гэдэг.
Асуулт
Жинхэнэ бодит байдлыг таних
Ямар нэг алдаатай буруу ойлголтгүйгээр жинхэнэ бодит байдлыг шууд таних боломжтой юу? Эсвэл энэ нь ямар ч боломжгүй зүйл үү?
Үгүй, энэ бол боломжтой. Хэдийгээр бидний сэтгэлийн үйл ажиллагаа бүх зүйлийг байх боломжгүй байдлаар оршиж байгаа мэт болгодог ч энэ нь бодит байдалд нийцдэггүй учраас энэ гажуудлын шалтгаан болох зүйлийг арилгаснаар энэ нь боломжтой болно. Учир нь бодит байдал гэх зүйл байх бөгөөд бодит байдлыг гажуудуулах нь бидний сэтгэлийн үйл ажиллагааны мөн чанарын хэсэг биш. Сэтгэлийн үйл ажиллагаа ямар нэг төсөөлөл тусгал эсвэл гажуудалгүйгээр явагдах боломжтой.
Үүний суурин дээр бид сэтгэлийн үйл ажиллагаа бодит байдлыг гажуудуулах үед тэр нь бидэнд асуудал, зовлон, гуниг бий болгодог гэдгийг ойлгодог. Гэвч сэтгэл тэдгээр гажуудлыг тусгах байдлыг зогсоох боломжтой учраас бид өөртөө асуудал үүсгэж, түүнийг туулж эдлэхгүй болох боломжтой. Бидний сэтгэл энэ зорилгод хүрэх боломжтой гэдгийг ойлгосон тохиолдолд бид зовлонгоос зайлсхийх, ангижрахын тулд амьдралдаа гаргах хамгийн аюулгүй зүг чиг (зам мөр) болгон түүнд хүрэхийг зорьдог. Энэхүү аюулгүй зам мөр бол бидний “аврал” гэж нэрлэдэг тэр зүйл. Гэвч бид үүнд хүрэх үнэндээ боломжтой гэсэн итгэлтэй болсон үед л түүнд зорьж болно. Бидний итгэл миний дурдсан тэдгээр бүх зүйлүүд бодит байдал болон бидний түүнийг ойлгох чадамж дээр суурилсан байдаг гэдгийг таньж мэдсэнээр бий болно.
Гэвч сэтгэлд байх саадуудыг арилгаж, бодит байдлыг таньж мэдэхэд маш урт хугацааны сургалт шаардагдана. Энэ нөхцөлд бясалгал нь бодит байдлыг таньж мэдэх нэг сургалт болох бөгөөд энэ үед бодит байдлыг дахин дахин санах замаар түүнийг нэг эерэг зуршил болгож төлөвшүүлнэ. Хэрэв үүнийг зуршил болгон төлөвшүүлж чадвал та хэн нэгэнтэй уулзах бүрдээ тухайн хүнийг зөвхөн таны өмнө харагдаж байгаагаар бус тэд хүүхэд наснаас эхлээд насанд хүрэх хүртэл бүхий л амьдралыг туулж өнгөрүүлсэн бөгөөд амьдралынх нь туршид олон зүйл тэдэнд нөлөөлсөн гэдгийг бүрэн ойлгох байдлаар тэднийг харж сурсан байна. Ингээд нас ахих хэрээр тэдэнд илүү олон зүйлс нөлөөлж болно. Ийм байдлаар та тухайн хүний амьдралын бүхий л нөхцөлийн бодит байдлыг харах ба энэ хугацаанд тохиолдсон бүхий л зүйлс харилцан хамааралтай гэдгийг ойлгож байна. Тухайн хүний талаарх бодит байдлыг ийнхүү харах нь бусдыг өөрийн өмнө буй ердөө нэг зургаар харах бус харин бусдад илүү тустай, бодит байдлаар тэдэнтэй харилцах боломж олгоно.
Гэвч үүнд та суралцах ёстой. Үнэндээ та тэдний амьдралын бүхий л нарийн ширийн зүйл, тэдгээрийн нөлөөг мэдэхгүй нь эргэлзээгүй боловч энэ тийм их хамаатай биш. Тухайн хүн олон талын нөлөө бүхий өнгөрөн одсон түүхтэй мөн ирээдүйтэй байх нь бараг боломжтой гэдгийг ердөө мэдэх нь тухайн хүний талаарх бодит байдлыг танд нээж өгнө. Иймд тухайлбал хэрэв та нэг нярай хүүхдийг харж байгаа бол түүнийг ердөө нэг нярай хүүхдээр харахгүй; тэр бол боломжит насанд хүрэгч, миний одоо түүнтэй холбоотой хийх бүх зүйл түүнийг хэрхэн насанд хүрэгч болоход нөлөөлнө. Та нийтэд нь харна. Та бодит байдлыг мэдэж байна.