Дурдан санах: Түүнд оролцох сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд)

Дурдан санах бүтээл нь Бурханы шашны уламжлалт эх сурвалжуудад дурдагдана. Тэдгээрээс бид дурдан санах бүтээл бүрэн болоход дурдан санахтай дагалдах шаардлагатай олон сэтгэлийн хүчин зүйлийн (нөхөр сэтгэл, сэтгэлээс гарах сэтгэл) талаар олж мэднэ. Сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэл) нь нэг орныг (зүйл) танин мэдэх шаардлагыг хангах эсвэл тус орныг танин мэдэхэд туслах танин мэдэх хэлбэрүүд байна. Эдгээрт, сонирхол гэх мэт, нэг танин мэдэхүйг бий болгох хүчин зүйлүүд; төвлөрөл гэх мэт, танин мэдэхүйг хадгалахад туслах хүчин зүйлүүд; асрал хайр эсвэл уур бухимдал гэх мэт, танин мэдэхүйд тодорхой шинж чанар өгөх сэтгэл хөдлөлүүд багтана. Дурдан санах бүтээлдээ түүнтэй холбогдох сэтгэлийн хүчин зүйлүүдийн (нөхөр сэтгэл) талаар судалж мэдэн, тэдгээрийг багтааснаар, бид бүтээлийн тусыг хамгийн их хэмжээгээр хүртэнэ.

“Дурдан санах” бүтээлийг (дурдан санаж сурах) орчин цагийн өрнөдийн нийгэмд стрессийг бууруулах, аливаа бие, сэтгэлийн зовуурийг багасгах, ажил албыг үр дүнтэй гүйцэтгэх эсвэл амьдралыг ерөнхийд нь идэвхтэй хөтлөх явдлыг нэмэгдүүлэх нэг арга болгон өргөн хэрэглэх болсон. Бурханы шашны олон төрлийн бясалгалд байх дурдан санаж сурах үйл ажиллагаа нь сэтгэлийг тайвшруулж, өөрийн амьсгал, бодол, сэтгэл хөдлөл, амар амгалан (аз жаргал) эсвэл гуниг харамслын мэдрэмж, бие махбодын мэдрэхүй гэх зэргийг ажиглахыг багтаана. Түүнд суралцах үйл ажиллагааг гол төлөв сэтгэлийн мөнхөд-өөрчлөгдөх орнуудын (тусагдахуун, хүртэгдэх зүйл) мөнхөд-өөрчлөгдөх хормыг ажиглах гэж илүү ерөнхийлөн тайлбарлана. 

Энэтхэгийн Бурханы шашны эх сурвалжуудад 

Дурдан санах (пали: сати) бүтээлийн Теравада ёсны тайлбар нь Упатисса гэгээний Гэтлэхүйн зам мөр (пали: Вимуттимагга) болон Буддхагхоша гэгээний Ариуслын зам мөр (пали: Висуддхимагга) бүтээлүүд дээр суурилна. Тэдгээр бүтээлүүдэд, дурдан санах бүтээлийг өөр өөр төрлийн бясалгалуудыг нэгтгэсэн олон бясалгалуудын интеграл (хоёр ба түүнээс олон тооны зүйлүүдийг үр нөлөөтэй байдлаар нэгтгэх) тал гэж тайлбарлана. Бясалгалын хүрээнд, дурдан санах нь, амьсгал эсвэл нас эцэслэх бодит байдлыг үргэлж санаж байна гэдэгчлэн, санах эсвэл дурсах шинж чанартай байна. Түүний үүрэг нь мартахгүй байх ба сэтгэл өөрийн орноо (төвлөрч буй зүйл) орхихгүй байх явдлыг хянах үүрэг гүйцэтгэнэ . Өөрөөр хэлбэл, дурдан санах нь өөрийн төвлөрлийн орноо (төвлөрч буй зүйл) алдахгүй байх нэг төрлийн “сэтгэлийн цавуу (аргамжаа)” байна. Энэ нь нэг төвлөрлийн орон (зүйл) дээр нэгэнт бий болсон бол тус орны (зүйл) мөнх бус чанар гэх мэт түүний тодорхой шинж чанаруудыг ялгаж мэдэх мэдэхүйтэй дагалдах хэрэгтэй болно. 

Васубандху гэгээн Хинаяана ёсны (Бага хөлгөний) Вайбхашика урсгалын төлөөлөл болох Мэдлэгийн талаарх тусгай сэдвүүдийн эрдэнийн сан (санс. Абхидхармакоша) бүтээлдээ дурдан санахыг (санс. смрти) бидний танин мэдэхүйн бүх хормуудад дагалдаж байдаг сэтгэлийн арван хүчин зүйлийн (нөхөр сэтгэл, сэтгэлээс гарах сэтгэл) нэгээр нэрлэсэн. Дурдан санах нь, тэдгээр танин мэдэхүй нь бусад эерэг, сөрөг болон тодорхойгүй (ёс зүйн хувьд саармаг) сэтгэлийн хүчин зүйлүүдээр (нөхөр сэтгэл) мөн дагалдсан байгаа эсэхээс хамаарахгүй, тэдгээртэй дагалдана. Иймд дурдан санах нь зөвхөн бясалгалын нөхцөлд бус цаг үргэлж гарч байна. 

“Мэдлэгийн тухай тусгай сэдвүүдийн эрдэнийн сан”-гийн тайлбар (санс. Абхидхармакоша-бхашяа) бүтээлдээ Васубандху гэгээн дурдан санахыг сэтгэл өөрийн орноо (танин мэдэж буй зүйл) хадгалж байх эсвэл мартахгүй байх сэтгэлийн хүчин зүйлээр (нөхөр сэтгэл) тодорхойлсон бөгөөд иймд үүнд өөрийн оронд дурлах эсвэл өөрийн орныг тэмдэглэх явдал багтана. Өөрийн оронд (танин мэдэж буй зүйл) дурлах эсвэл өөрийн орныг (танин мэдэж буй зүйл) тэмдэглэх явдлын улмаас дурдан санах нь бидэнд тус орныг хожим санах боломж олгоно.    

Васубандху гэгээн өөрийн Их хөлгөний Читтаматра үзлийн Таван цогцын удиртгал шастир (санс. Панчаскандха-пракарана) бүтээлдээ, дурдан санахыг, нэг орныг (зүйл) санах нөхцөлд голлон тайлбарласан. Ийнхүү тэрээр тус бүтээлдээ дурдан санах нь нэг танил орныг (зүйл) орхихгүй, түүнийг дахин тэмдэглэх (анхаарах) сэтгэлийн төлөв гэж тайлбарласан. Васубандху гэгээний тус эх зохиолыг тайлбарласан тайлбартаа Стхирамати гэгээн “танил орон” гэдэг нь бидний өмнө туулж мэдэрсэн зүйл байна хэмээн тайлбарласан. Иймд нэг орныг (зүйл) санах нь, нэг орон (зүйл) дээр төвлөрөх бясалгалын нөхцөлд эсвэл ердөө ямар нэг зүйлийг санах өдөр тутмын тохиолдлуудад гарч болно. 

Асанга гэгээн өөрийн Читтаматра үзлийн Мэдлэгийн тухай тусгай сэдвүүдийн дээж бичиг (санс. Абхидхармасамукчаяа) зохиолдоо, дурдан санахыг сэтгэлийн тодорхойлох таван хүчин зүйлийн (нөхөр сэтгэл) (орноо магадлагч тав) нэг гэж үзүүлсэн. Тэдгээр таван сэтгэлийн хүчин зүйлийн (нөхөр сэтгэл) нэг болохын хувьд, дурдан санах нь зөвхөн эерэг танин мэдэхүйд гарах, өөрөөр хэлбэл, өөрийн орноо зөв, тодорхой танин мэдэх тэдгээр эерэг танин мэдэхүйд зөвхөн гарах сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) байна. Түүний орон (тусагдахуун, хүртэгдэх зүйл) нь бидний танил ямар нэг эерэг зүйл байх ёстой; шинж чанар нь тухайн тэр орон (тусагдахуун, хүртэгдэх зүйл) дээр төвлөрч, түүнийг мартахгүй эсвэл орхихгүй байх явдал байна; түүний үүрэг нь сэтгэл сарнихаас сэргийлэх явдал байна. 

Богд Зонховын тайлбар 

Их бодь мөрийн зэрэг (Лам-рим чэн-мо) бүтээлийнхээ бүрэн ууссан төвлөрөл (санс. самадхи) болон тайван, тогтсон сэтгэлийн төлөв (санс. шаматха) төлөвшүүлэх бүлэгт, Төвөдийн их мэргэн Зонхов, Асанга гэгээний дурдан санах сэтгэлийг тодорхойлсон тодорхойлолтыг дэлгэрүүлсэн. Тэрээр шаматха бясалгалын нөхцөлд дурдан санах (төвд. dran-pa) нь гурван шинжтэй байна хэмээн тайлбарласан. Үүнд:       

  • Энэ нь бидний өмнө танил болсон нэг орон дээр төвлөрнө, танил биш ямар нэг зүйл дээр бус. Иймд түүний орон (тусагдахуун, хүртэгдэх зүйл) нь бидний тодорхой мэдэх зүйл, Бурханы дүрсэлж буй дүр гэх мэт эерэг эсвэл бидний бие гэх мэт тодорхой бус (ёс зүйн хувьд саармаг) нэг зүйл байна. 
  • Түүний тухайн орон (тусагдахуун, хүртэгдэх зүйл) дээр тогтох сэтгэлийн уяа нь бид тухайн орны талаар мартахгүй байх явдал байна. “Мартахгүй байх” гэдэг нь ердөө хэн нэгэн биднээс асуух үед бид бүтээлийн заавар юу болох эсвэл бидний төвлөрлийн орон (төвлөрөх зүйл) ийм эсвэл тийм байна гэж санах гэсэн утга илэрхийлэхгүй. Энэ нь бид өөрийн сэтгэлийг төвлөрлийн оронтой (төвлөрөх зүйл) уямагц бид багахан боловч сэтгэл сарних сарнилгүйгээр түүнийг хадгална гэсэн утгатай. Хэрэв бидний анхаарал бүр багахан боловч сарнивал бид дурдан санахыг орхисон байна. Тэгэхээр өөрийн анхаарлыг төвлөрлийн нэг орон (зүйл) дээр тогтоож, би өөрийн сэтгэлийг энэ оронтой (зүйл) ийнхүү уялаа гэсэн бодол төрүүлснээс хойш ямар нэг шинэ зүйлийн талаар өгүүлэн бодохгүй байх сэтгэлийн нэг төлөвөөр тус үйл явцын тасралтгүй хүчний үргэлжлэлийг бий болгох нь өөрийг дурдан санахад тушаах нэг хэлбэр. Өөрийг дурдан санахад тушаах нь өөрийг өөрийн эмч эсвэл өөрийн Номын багшид даатгахтай адил. Бид тухайн хүн эрдэм мэдлэг, чадварыг бүрэн эзэмшсэн гэсэн итгэлтэй байх тохиолдолд бид өөрийг тус эмч эсвэл Номын багшид даатгана. Үүнтэй адил бид бидний сэтгэлийн төлөв дурдан санах төлөв үнэндээ байх шаардлагыг хангасан тохиолдолд өөрийг дурдан санахад даатгана. 
  • Түүний үүрэг нь сэтгэлийг өөр бусад төвлөрлийн орон (төвлөрөх зүйл) руу сарниулахгүй байх. Илүү тодруулбал, дурдан санах нь анхаарлыг төвлөрлийн орныг (төвлөрөх зүйл) мартахаас эсвэл түүнийг орхихоос сэргийлнэ; энэ нь анхаарлыг тухайн орон (зүйл) дээр аль болох удаан хугацаагаар тогтооно; энэ нь тухайн орныг (зүйл) танин мэдэх явдлыг үргэлжлүүлэн хадгална. 

Дурдан санах бясалгал 

Тайван, тогтуун сэтгэлийн төлөв, шаматхад хүрэхээр бүтээл (дадлага) хийх үед, бясалгал дахь төвлөрлийн орон (зүйл) нь тасралтгүй хадгалагдана, жишээ нь, нэг дүрсэлсэн Бурханы дүр дээр төвлөрөх үед. Гэвч, орчин үеийн өрнөдийн нийгэмд зааж байгаа дурдан санах бүтээлд, төвлөрлийн орон (зүйл) нь бидний сэтгэлийн эсвэл мэдрэхүйн мөнхөд-өөрчлөгдөх танин мэдэхүйн орнуудын (тусагдахуун, хүртэгдэх зүйл) мөнхөд-өөрчлөгдөх хором байна. Энэ нь дурдан санах бүтээлийн Теравада ёсны тайлбартай нийцнэ, тухайлбал түүний орны (төвлөрөх зүйлийн) хувьд, дурдан санах нь танин мэдэхүйн бүх хоромд дагалдана гэх Васубандху гэгээний Вайбхашика үзлийн тайлбарыг баримталсан байна. Орон (төвлөрөх зүйл) нь Васубандху болон Асанга гэгээн нарын Читтаматра үзлийн эх зохиолууддаа тодорхойлсон, нэг Бурханы биет үзэгдэх байдал гэх мэт, бидний өмнө танил болсон ямар нэг зүйл биш байна. Харин бид хором бүрд бидний туулж мэдрэх зүйл – бие махбодын мэдрэмж, бодол, сэтгэл хөдлөл эсвэл мэдрэхүй – дээр төвлөрөхийг илүүтэй хичээнэ. Гэвч, Асанга гэгээний тодруулсанчлан, бид тэдгээр дээр тэдгээрийг зөв, тодорхой таних байдлаар төвлөрнө. 

Бидний төлөвшүүлэхийг хичээж байгаа, гарч ирж буй хормыг дурдан санах төлөв нь үнэндээ сэтгэлийн талаарх Бурханы шашны судлалд тодорхойлсон байдаг хэд хэдэн сэтгэлийн хүчин зүйлүүдийн (нөхөр сэтгэл) хоршил байна. Голлох хүчин зүйлүүд (нөхөр сэтгэл) нь дурдан санах өөрөө, ухамсарлах (сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх) болон сэрэмжлэх (анхаарал тавих хандлага). Дурдан санахыг илүү үр нөлөөтэй бүтээхэд (дадлага болгох), тэдгээр сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) тус бүрийг тодорхойлох нь тустай бөгөөд хэрэв тэдгээрийн аль нэг нь чадлын хувьд хангалтгүй байвал бид тэдгээрийг тохируулж болно. 

Дурдан санахуй 

“Сэтгэлийн цавуу (аргамжаа)” гэгдэх дурдан санах нь өөрөө удаах хоёр сэтгэлийн хүчин зүйлээр (нөхөр сэтгэл) дагалдаж байх хэрэгтэй болно: ялгахуй (таних) болон авч үзэх (сэтгэлд авчрах). 

“Ялгахуй” (төвд.’du-shes, санс. самжна) нь бидний туулж мэдрэх зүйлийн хором бүрийг бүрдүүлэх олон өөр бүрэлдэхүүн хэсгүүдийн онцлог чанарууд дээр төвлөрнө. Энэ нь тэдгээрийг бусад зүйлээс ялгана. Жишээ нь, ялгахуй нь, биеийн хөндүүрлэх мэдрэмжийг бидний сууж байгаа өрөөний дулааны хэм гэх мэт бидний нэг зэрэг туулж мэдэрч байгаа бусад биеийн мэдрэмжүүдээс ялгана. Зөв авч үзэх нь тухайн орныг (төвлөрөх зүйл) түүний юу болохоор нь зөв авч үзнэ – хөндүүр нь ердөө биеийн мэдрэмж, өөр ямар нэг зүйл бус. 

Ялгахуй болон зөв авч үзэх хоёроор дагалдсан дурдан санахуйгаар бид мөнхөд-өөрчлөгдөх гарч ирж буй хормын агуулга дээр төвлөрсөн хэвээр байхыг хичээнэ. Бид үүнийг, гарч ирж буй хормын агуулгыг алдахгүйгээр, бидний төвлөрлийн орон сарнихгүй байх байдлаар хийхийг хичээнэ. Сэтгэл сарних явдал нь бид өмнөх хормуудад туулсан зүйлсийнхээ талаар эсвэл ирээдүйн хормуудад туулж болох зүйлсийн талаар бодсоноор гол төлөв гарна. Энэ үед бид өнгөрсөн эсвэл ирээдүйн талаарх тэдгээр бодлууд нь ердөө одоо гарч байгаа зүйлс болох бодит байдлыг мартана. Бид тэдгээрийг ердөө бидний туулж мэдрэх зүйлийн одоо гарч буй хормын агуулгаар тодорхойлохгүй болж, тэдгээрийн “үйл явдал”-д уусна. Улмаар, бид тэдгээр бодлуудаар сарнисны улмаас төвлөрлийн орноо (зүйл) алдсан байна. Гэвч, хэрэв бид сэтгэлийн сарнилгүй төлөвийг амжилттай хадгалж байвал, бид төвлөрлийн орноо (зүйл) мартдаггүй тогтвортой дурдан санахуйд хүрсэн байна. Ийм байдлаар, дурдан санах нь бидний анхаарлыг бидний туулж мэдрэх зүйлийн мөнхөд-өөрчлөгдөх хором дээр тогтоох сэтгэлийн цавуу (аргамжаа) мэт үүрэг гүйцэтгэнэ. 

Стхирамати гэгээн Асанга гэгээний Хэтрүүллээс дундыг ялгахуй (санс. Мадхяантавибхага) зохиолд бичсэн өөрийн тайлбар зохиолдоо, дурдан санахуйг хадгалах нэг арга болгож, бид төвлөрлийн орноо (зүйл) үе, үе өөртөө сануулж байх хэрэгтэй хэмээн тайлбарласан. Энэ нь сэтгэлдээ нэг түлхүүр үг хэлснээр бид өөрийн дурдан санахуйн тогтворыг хүчтэй хадгална гэсэн утгатай. Энэ нь Васубандху гэгээний дурдан санахуйд өөрийн орноо тэмдэглэх явдал багтана гэсэн тайлбартай нийцнэ. Богд Зонхов энэ санааг дэлгэрүүлэн “Энэ нь сэдвээсээ хазайж буй бодол болох тул, үгээр өөрт сануулахгүй байх хэрэгтэй хэмээн та үүнийг үгүйсгэвэл, хүчтэй дурдан санах, ухамсарлахуй (мэдэмсэр, сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх) төрөх маш хэцүү болно” хэмээсэн.   

Ухамсарлахуй (мэдэмсэр, сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх)

Ухамсарлахуй (төвд. shes-bzhin, санс. сампражаняа) (мэдэмсэр, сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх) нь төвлөрлийн орон (зүйл) дээрх дурдан санах үйл явцын сэтгэлийн тогтворын нөхцөлийг хянах, шалгах сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) байна. Энэ нь дурдан санахуйг, төвлөрлийн орон – бидний туулж мэдрэх үйл явцын тухайн гарч буй хормын агуулга – дээр, хадгалах нөхцөлийн хүрээнд үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, ухамсарлахуй нь хүчтэй дурдан санахуйн нэг хэсэг байна. Богд Зонховын тайлбарласанчлан, бидний дурдан санахуй хэдий хүчтэй болно, бид төдий чинээ сэтгэл сарнихгүйгээр дурдан санасан хэвээр байна. Үүний үр дүнд, сэтгэл сарних үед бид түүнийг илүү сайн анзаарна. Ийм маягаар, бидний дурдан санахуй хэдий хүчтэй болно, бидний ухамсарлахуй төдий чинээ хүчтэй болно. 

Ухамсарлахуйг (мэдэмсэр, сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх) бид хоёрт үзэх үзлийн үүднээс, бие даан орших ажиглах нэг сэтгэл нь түүнээс бүрэн тусдаа суралцагч нэг сэтгэлийг харж байгаа мэтээр ойлгож болохгүй. Харин, Богд Зонховын тайлбарласанчлан, бид дурдан санах болон ухамсарлахуй (мэдэмсэр, сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх) хоёрыг тодорхой ялгах хэрэгтэй. Тэрээр, “Хэрэв та андууран, өнөөгийн Төвөдийн олон бясалгагчийн адил, сэтгэлийн эдгээр бүх төлөвийг нэг гэж үзэн, тэдгээр ялгааг гаргахгүй бол, бүх зүйл эмх цэгцгүй болох ба миний бие тэдгээр бясалгагчдыг сэтгэлийн бүрэн ууссан төвлөрөлд үнэндээ хүрч чадна гэдэгт эргэлзэнэ” хэмээн сануулсан. 

Ухамсарлахуй нь дурдан санахуйд гарах хэлбийлтийг зөвхөн тэмдэглэх төдийгүй мөн, өөрөөр хэлбэл, нэг дотоод “дохиоллын систем”-ийг асааснаар, бид анхаарлаа сэргээн, өөрийн төвлөрлийг засан, дурдан санахуйг дахин төрүүлнэ. Гэвч, ухамсарлахуй болон анхаарал сэргэх нь өөрийн үүргийг гүйцэтгэхэд, дурдан санах бүтээлийн гуравдах гол бүрдэл болох сэрэмжийг хэрэглэх шаардлагатай болно. 

Сэрэмж (анхаарал тавих хандлага)

Сэрэмж (төвд. bag-yod, санс. апрамада; анхаарал, санаа тавих, юу зөв болох талаарх өөрийн дотоод мэдрэмжийн дагуу үйлдэх) нь өөрийн сэтгэлийн төлөвийн талаар анхаарал тавих, анхаарах сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) байна. Энэ нь сэтгэлийг сөрөг тал руу хэлбийхээс сэргийлж, түүнийг эерэг тал дээр хадгална. Ийнхүү, сэрэмжээр, бид өөрийн сэтгэлийн төлөвийг нухацтай авч үзнэ; бид түүний талаар “анхаарал тавина.” Энэ үүднээс, сэрэмж нь, Васубандху гэгээний, дурдан санахуйн нэг хэсэг хэмээн тайлбарласан төвлөрлийн оронд дурлах сэтгэлийн хүчин зүйлтэй (нөхөр сэтгэл) төстэй сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл)  байна.    

Васубандху гэгээн хэрэв бид тодорхой хоромд төвлөрлийн орноо сонирхоогүй бол, өөрөөр хэлбэл, хэрэв бид түүнийг ойр бариагүй бол, тодруулбал, түүнийг санавал зохих зүйлээр бариагүй бол, бид түүнийг санаж чадахгүй байсан хэмээсэн. Гэвч, сэрэмж нь, сонирхох, дурлахаас илүү ихийг багтаана. Энэ нь ердөө төвлөрлийн орны талаар хангалттай анхаарснаар түүнийг бид санаж чадах явдал биш. Харин энэ нь сэрэмжийн улмаас, бид ухамсарлахуй нь дурдан санах нь буруу (алдаатай) болсон эсэхийг олж илрүүлэх үед, өөрийн дурдан санахуйн тогтворыг (уяаг) засах үүднээс анхаарлыг сэргээх явдал байна. Сэрэмжгүйгээр, бид, хэдий бидний анхаарал сарнисан байгааг тэмдэглэсэн ч, төвлөрлийн орны талаар, гарч ирж буй хормын талаар мартсан эсэхэд анхаарал тавихгүй. Тэгэхээр сэрэмж нь ёс зүйн хувийн-сахилга батын суурь бөгөөд үүгээр бид сөрөг зан байдлаас  түдгэлзэнэ. 

Сэрэмж гэдэг төвөд үг, bag-yod нь үгчилбэл “анхааралтай байх” гэсэн утгатай. Түүний эсрэг үг болох bag-med нь анхааралгүй байх, болгоомжгүй байх гэсэн утгатай. Гэвч төвөд хэлэнд bag-yod гэж орчуулагдах тус үгийн эх, санскрит үг нь апрамада бөгөөд энэ нь “прамада-бус” гэсэн утгатай. Прамада гэдэг нь хөлчүү эсвэл сэтгэлийн хувьд тогтворгүй байх, бид өөрийн хэлэх эсвэл хийх зүйлийн талаар анхаарахгүй, эсвэл тэдгээрийн аль алиныг анхаарахгүй байх гэсэн утга илэрхийлнэ. Сэрэмжээр бид хөлчүү хүний адил байдаггүй. Бид эрүүл ухаантай, үгээ нөөн, хариуцлагатай байж, ийнхүү өөрийн сэтгэлийн төлөв байдлын талаар анхаарал тавина. 

Дүгнэлт 

Тэгэхээр, дурдан санах бүтээл нь сэтгэлийн хүчин зүйлүүдийн (нөхөр сэтгэлүүд) нэг нарийн ярвигтай сүлжээг ажиллуулах ба тэдгээр нь бүгд бидний туулж мэдрэх явцын гарч буй хормын мөнхөд-өөрчлөгдөх агуулга дээр төвлөрсөн байна. Энэ бүтээлд дурдан санах, ухамсарлах (сэтгэл сарнисан эсвэл бүрхсэн эсэхийг мэдэх) болон сэрэмжлэх гэсэн эдгээр гурван гол сэтгэлийн хүчин зүйлийн (нөхөр сэтгэл) дээр, мөн ялгах, зөв авч үзэх, ёс зүйн хувийн-сахилга бат болон шаардлагатай үед, анхаарлыг сэргээх багтана. Ийнхүү бидэнд эдгээр хүчин зүйл (нөхөр сэтгэл) тус бүрийг тодорхой ялгах ялгаах ухаан хэрэгтэй. Дурдан санах бясалгалын нөхцөлд ялгах ухаан нь бидний аливааг туулж мэдрэх явцын хором бүрийн мөнх бус чанар гэх мэт өөрийн төвлөрлийн орны (төвлөрөх зүйл) ердөө зарим тал дээр анхаарахаар хязгаарлагдахгүй. Энэ нь бидний бясалгаж байх үеийн сэтгэлийн төлөв байдлын олон өөр талууд дээр мөн төвлөрнө. 

Ингээд, Богд Зонхов, сэтгэлийн тайван, тогтсон төлөв, шаматхаг төлөвшүүлэх тухай тайлбартаа, Энэтхэгийн Бурханы шашны их мэргэдийн бүрэн, зөв мэдээлэл бүхий эх зохиолуудад тулгуурлах хэрэгцээ шаардлагыг онцлон тэмдэглэсэн. Тэрээр дараах зөвлөгөөг өгсөн: 

Өөрийг харанхуй хичээл зүтгэлээр шахахад найдахгүй байх хэрэгтэй. Аряашура гэгээний Чанадад-хүрэх (олон хүн, юмст ихээр нөлөөлөх) хандлагын (барамид) товчлол (санс. Парамитасамаса) зохиолдоо дурдсанчлан, “Зөвхөн хичээл зүтгэлийг ашигласнаар, та ердөө ядарна. Гэвч хэрэв та өөрийг ялгах ухааны туслалцаатайгаар төлөвшүүлбэл, тэр үед та агуу зорилгуудад хүрнэ” хэмээсэн. 
Top