Бага нас ба ханхүү ордны амьдралыг орхисон нь
Энэтхэгийн зүүн хэсэг Жахор(Сахор) нутгийн Бангала (Вамгала) хотын Алтан дуазат ордонд Каляана Сайн хаан (Гэвийбал), Прабавати Гэрэлт хатан (Балмо Осоржан) нар амьдардаг байжээ. Хааны ордон дээр дээрээ давхарласан арван гурван алтан дээвэртэй, 25 000 алтан дуазаар (туг) чимэглэгдсэн, эргэн тойрон үзэсгэлэнт цэцэрлэг, усан сан, цэцгийн мандлаар хүрээлэгдсэн байдаг байв. Хааны улс нь эртний Хятадын чинээлэг хаант улсуудын адил баян тансаг ажээ.
Хааны гэр бүл Падмагарба, Чандрагарба, Шригарба хэмээх гурван хүүтэй байв. Хоёр дахь хүү нь бидний хосгүй эрдэмт багш Атиша гэгээн (Жовужи Балдан Атиша) (МЭ 982-1054 он) байсан юм.
Атиша гэгээнийг арван найман сартай байхад эцэг, эх нь Камалапүри (Вигамалабүүрий) хийдэд түүнийг анх удаа олон нийтэд танилцуулсан байна. Хийдийн дотор хэн нэгний хэлснээр бус хүү өөрөө шүтээний орнуудад мөргөл үйлдээд “Эцэг эхийн энэрэл нигүүлслээр эрдэнэт хүний биеийг эрхшээн чухаг дээдтэй учирлаа. Би амьдралын аюулгүй зүгт орох (авралын оронд итгэл одуулах) болтугай” хэмээн ерөөл тавьжээ. Хийдийн гадна түүнийг ард иргэдтэй нь танилцуулахад тэдгээр хүмүүсийн бүхий л хэрэгцээг хангахын тулд би өөрийн төгс дээд чадварт хүрэх болтугай хэмээн ерөөжээ. Тэрээр мөн гэргийтний амьдралыг огоорон хуврагийн зам мөрд орж, омгийг орхин үргэлж бусдыг энэрч, асрах ерөөлийг тавьжээ. Энэ бүхэн нь бага насны хүүхдийн хувьд ер бусын явдал байсан юм.
Атиша өсөн томрох хэрээр хуврагийн амьдралаар амьдрахыг хүсэж байсан ч эцэг эх нь түүнд өөр үүрэг хүлээлгэж байлаа.Тэрээр тэдний гурван хүүгийн дотроос хамгийн ухаантай нь байсан төдийгүй төрөх үед нь сайн шинж тэмдэг гарч байсан учир түүнээр хаан ширээ залгамжлуулна гэж найдаж байв. Ингээд хүүг тухайн үеийн уламжлалт гэрлэх нас болох арван нэг хүрэхэд сүй тавих бүхий л бэлтгэлийг хийсэн байлаа.
Ураг барилдахын өмнөх үдэш Ядам Бурхан Дарь эх Атиша гэгээний зүүдэнд үзэгдэж 500 удаагийн амьдрал дараалан тэрээр хувраг болох учраас энэ орчлонгийн агшны амгаланд бүү шунаарай (хүлэгдээрэй), эгэл хүмүүс түүнд хүлэгдвэл намагт унасан ямааг гаргахтай адил амар, харин ханхүү түүнийг гаргах нь зааныг гаргахтай адил хэцүү хэмээн өгүүлэв. Хүү зүүдний талаар хэнд ч хэлэлгүй, өөр шалтгаанаар ураг барилдахаас татгалзжээ.
Эцэг эхдээ анд мордох хүсэлтэй байна гэж дуулгаад номын багштай болохоор хатуу шийдвэр гаргасан Атиша 130 морьтны хамт ордныг орхисон юм. Анх тэрээр Бурханы шашны бясалгал даяан хийн амьдарч байсан брамин язгуурт Жэтари (Зэдари) гэгээнтэй учирч идэр залуу насандаа амьдралын аюулгүй зам мөрд түүнээр хөтлүүлэн орж бодьсадвын сахил хүртжээ. Жэтари гэгээн түүнийг алс бөглүү орших Наландирын хийд, эрдэмт мэргэн Бодибадра (Жанчив Самбуу) руу явуулав.
Атиша бүх морьтныхоо хамт нэн даруй тийш хөдөлж Бодибадрагаас ном сонсон дахин бодьсадвын санваар хүртлээ. Түүний дараа Вадяакокила, мөн нэрд гарсан Авадутипа нараас дараалан цааш суралцсан ба Авадутипагийн зөвлөснөөр ордонд буцан ирж бусдад хүндэтгэлтэй хандах боловч баян тансаг амьдралын сул талыг олж харахыг хичээн харсан зүйлээ багшдаа илтгэх болжээ.
Атишагийн эцэг эх түүнийг одоо нэг ийнхүү улсдаа төвхнөн сууж, ураг барилдан улсаа захирна хэмээн санаж баяр хөөр болж байлаа. Гэвч залуу ханхүү үнэндээ энэ хугацаанд багшийн эрэлд явсан бөгөөд эгэл номын амьдралаар амьдран хааны албанаас чөлөөлөгдөх зөвшөөрөл авахаар ирснээ дуулгав.
Эцэг эх нь түүний үгэнд балмагдан сандарч гэрээсээ явахыг нь зогсоохыг оролдож байлаа. Тэд түүнийг энэхүү хоёр амьдралаа холбон ордны ойролцоо хийд байгуулж тэндээ суралцан, ядууст туслах зэргээр амьдарч болно хэмээн зөвлөж байв. Тэд түүнийг дахин ойд суухыг зөвшөөрөхгүй байлаа. Гэвч Атиша эцэг эхдээ язгууртны амьдралаар амьдрахыг огтхон ч хүсэхгүй байгаагаа хэлж "Энэ Алтан ордон нь шоронгоос, тэдний санал болгож буй гүнж нар шулам эмсээс, амттан шимттэн нь нохойны өмхийрсөн махнаас, торгон хувцас, үнэт эдлэл нь овоолготой хогноос ялгаагүй. Үүнээс хойш би ойд сууна. Авадутипа мэргэний дэргэд суралцана. Миний хүсэх зүйл бол жаахан сүү, бал, бор (элсэн) чихэр. Ингээд би мордъё" хэмээжээ.
Эцэг эх нь түүний хүсэлтийг зөвшөөрөхөөс өөр зүйл хийж чадсангүй. Харин Атиша туслахууд нь түүнийг дагалдан явах хийгээд нөөц хүнс, бусад шаардлагатай зүйлийг авч явахыг зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Авадутипа багш нь залуу ханхүүг тарнийн бүтээл хийлгэхээр Хар ууланд суух номт мэргэн Рахулагупта руу явуулав. Атиша өөрийн морьтонгуудын хамт хүрэлцэн очиж, очирт багшдаа хандан олон багш нараас ном суралцсан боловч одоо хир нь язгууртны амьдралын хүлээснээс гарч чадаагүй байгаагаа хэлэв. Рахулагупта түүний сэтгэлийг Хэважра ядам бурхантай холбохоор бүтээлийн анхны авшгийг түүнд хүртээсэн юм. Тэрээр Атишаг өөрийн дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэй нийт найман шавийн хамт эрдэм чадалт махасидын ноорхой хувцас өмсгөн ордон руу буцаажээ.
Тэрээр ордонд гурван сарын хугацааг эдгээр этгээд нөхдийн хамт зүй бус байдал гарган өнгөрүүлжээ. Эцэст нь эцэг эх нь хүүдээ найдах найдлагаасаа ухрахаас өөр аргагүй болж түүнийг галзуурсан байна хэмээн үзэж нөхдийн хамт бүрмөсөн явах зөвшөөрөл олгосон юм.
Энэтхэг болон Алтан аралд суралцсан нь
Атиша Авадутипа багш дээрээ шууд буцан ирсэн ба тухайн үед 21 нас хүрээд байсан тэрээр төв үзлийн үүднээс бодит байдлыг тайлбарлах тухай сургаалд дөрвөн жилийн турш эрчимтэй суралцан, мөн хажуугаар нь өөр олон эрдэм төгс багш нараас тарнийн бүтээлийн бүхий л ёсонд суралцжээ. Тэрээр өөрийн эрдэмдээ нилээд омогшин, сэтгэлийг хамгаалах эдгээр нууц аргад чадварлаг болсон, бүхий л эх зохиолуудыг нь бүрэн эзэмшсэн хэмээн бодож байлаа. Гэтэл энэ үед тэрхүү тарнийн сургаалын өнөд мөнхийн дамжлагын олон боть ном барьсан, явдал нь мунхагаар (муу үйлийн үрээр) хязгаарлагдаагүй, тэнгэрийн эрхэт нэгэн дагина түүний зүүдэнд үзэгдэж "Танай оронд тэрхүү тарнийн сургаалын ердөө цөөн хэдхэн бүтээлүүд байна. Харин манай оронд өдий төдий бий" гэсэнд түүний омог нь дарагджээ.
Ингээд нэг өдөр тэрээр тарнийн бүтээлд бүхий л хүчээ зориулж энэ насандаа өөрийн сэтгэлийн дээд чадварт хүрэхээр явъя хэмээн шийдэв. Энэ үед түүний зүүдэнд очирт багш Рахулагупта үзэгдэж хамаг амьтныг орхин ингэж явалгүй харин хувраг болохыг зөвлөн, энэ маягаар байнгын бүтээл хийж түүний үрд төгс гэгээрэлд хүрэх хэрэгтэй гэлээ. Ингээд хорин есөн насандаа гэргийтний амьдралаас татгалзан Шиларакшитагаас хуврагийн сахил хүртэн "Гүн үзэл нь гэрэл мэт гийгүүлэгч" хэмээх Дипамкара Жана нэртэй болов.
Атиша хуврагийн сахил хүртсэнээсээ хойшхи эхний 12 жилийн хугацаанд Одантапури шашны сургуульд бидний хандлагыг бүрэн төлөвшүүлдэг алдарт Ложон сургаалын "Оюун судлахуйн мэсэн хүрдэн"бүтээлийг зохиосон Дармаракшитагийн дэргэд суралцжээ. Тэд орчлонгийн зовлонгоос гэтэлгэх арга болох Бага хөлгөний бүхий л сургаалд анхаарлаа төвлөрүүлж байсан боловч Атиша үүнд сэтгэл ханадаггүй байв. Тэрээр өөрийн сэтгэлийн бүрэн чадварт хурдан хүрэх аргыг эрж байлаа.
Түүний очирт багш Рахулагупта, "Хэдий олон ариун үзэгдэл үзэх нь хамаагүй, бусдыг асрах, энэрч ойлгох, бусдад тус хүргэх зорилго бүхий гэгээрэлд хүрэх бодь сэтгэл эдгээрийг үүсгэх ёстой" гэжээ. Тэрээр Атишад Авалокитешвара бурханд сүсэглэн, сэтгэлээ түүнтэй нэг болгон гэгээрэлд хүрэхээр шамдахыг зөвлөв. Ингэж Атиша хамаг амьтныг орчлонгийн зовлонгоос, үйлийн үрийн эрхээр хянах боломжгүйгээр дахин дахин төрөл авах явдлаас чөлөөлж чадна. Зөвхөн үүнийг бүтээснээр л тэрээр өөрийн сэтгэлийн бүрэн чадварт хүрэх юм гэж хэлжээ.
Одоогийн Бодгаяа буюу тухайн үеийн Важрасана, Очирт суурин хэмээх газар Бурхан багшид зориулан бүтээсэн Бурхан багшийн чандар бүхий Бодь суврагыг гороолж явах үед суврагын гадна хананд байрлуулсан цац бурханы дүрүүдийн хоёр нь хоорондоо хүүрнэлдэж байхыг сонсжээ. Нэг нь нөгөөгөөсөө "Хэрэв чи гэгээрэлд аль болох хурдан хүрэхийг хүсвэл юунд шамдан суралцах вэ?" хэмээн асуусанд "Үнэнхүү бодь сэтгэлд" хэмээн хариулав.
Бүхнийг Чадагч Ялгуулсаны өөр нэг дүрийг гороолон явах үед Бурханы дүр түүнд "Егүзэрээ, өөрийн сэтгэлийн бүрэн чадварт түргэн хүрэхийг хүсвэл асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэлд суралцагтун" хэмээжээ.
Энэ үед бодь сэтгэлийг хэрхэн төрүүлэх тухай бүрэн сургаалыг барьж байсан багш нь Суварнадвипа (Сэрлинба) буюу Алтан арлын их багш Дармакирти (Дармапала) байв. Ингээд Атиша 125 номт хуврагийн хамт Алтан арлын зүг худалдаачдын онгоцоор далайд гарав. Тухайн үед хол газар далайн аялал хийх нь амаргүй байдаг байсан бөгөөд ялангуяа тэдний аялал илүү хэцүү, олон удаагийн далайн шуурга, халимтай тулгарах, төөрөх гэх мэт бэрхшээлтэй тулгарч 13 сарын турш үргэлжилжээ. Атиша үүнээс шантраагүй юм.
Аралд хүрснийхээ дараа Атиша шууд тэрхүү алдартай багшид бараалхалгүй харин бүтэн хоёр долоон хоногийг түүний шавь нарын дотор өнгөрүүлэв. Тэрээр багшийнх нь талаар асууж шалгаан, түүний бүхий л түүх намтрыг олж мэдэхийг хичээж байлаа. Энэ нь багшид шавь орохоосоо өмнө түүний эрдмийг, багшийг өөрийг нь сайтар шалгах нь чухал гэдгийг бидэнд харуулсан юм.
Энэ хооронд Алтан арлын багш Энэтхэгээс нэгэн их эрдэмт хувраг, номын эрэлд гарсан нөхдийн хамт ирсэн хэмээн сонсов. Тэрээр өөрийн хуврагуудаа цуглуулан Атишаг угтан авахаар бэлдэж ирээдүйн бэлэг дэмбэрлийг бодолцож бүгдээр оролцон олон ёслол үйлдэцгээлээ. Тэрээр Атишад нэгэн Бурханы дүр өргөж ирээдүйд нэгэн цагт Атиша Цастын орны ард түмний сэтгэлийг төвшитгөнө хэмээжээ.
Атиша Алтан аралд багшийнхаа дэргэд маш хичээнгүйлэн 12 жил суралцав. Эхлээд тэрээр Их Майдарын Илт мэдэгчийн Билгүүний чанадад хүрэхүйн нууц утгын хөтөлбөр (Илтэд онохуйн чимэгт) суралцан улмаар Майдар, Асанга нарын дамжлагын Их шагшаабадын тухай бүрэн сургаал Цогт Шантидэва (Шива Лха) бодьсадвагийн Манзуширээс өөрөөс нь шууд хүлээн авсан өөрийгөө эрхэмлэх үзлийг бусдыг эрхэмлэх сэтгэлээр арилжих (солих) тухай сургаалын онцгой дамжлагыг сонсов. Эдгээр аргыг бүтээж бодь сэтгэлийн эрхэм зорилгыг бүрэн онож таньснаар Атиша 45 насандаа Энэтхэгт буцан ирж түүнээс хойш аглагийн Викрамашила шашны их сургуульд голлон суусан юм.
Атиша 157 багшаар ном хөтлүүлсэн байдаг бөгөөд тэрээр Алтан арлын багшдаа ер бусын онцгой хүндлэл үзүүлдэг байсан ба хэмжиж үзүүлбэл багшийнхаа алдрыг дурдах, сонсох бүрд нүдэнд нь нулимс хуралддаг байв. Хожим нэг төвд шавь нь түүнээс энэ сэтгэл хөдлөл нь нэг багшаа бусад багшаасаа илүү үздэг гэсэн тэмдэг үү гэж асуухад Атиша, "Би бүх номын багш нараа тэгш үздэг. Харин Алтан арлын багшийнхаа ачаар би сэтгэлийн амгалан, үнэнхүү бодь сэтгэлийн эрхэм зорилгыг олсон юм" гэжээ.
Атишаг Төвд оронд урин залсан нь
Энэтхэгт буцаж ирээд Атиша Бурханы шашинт бус хязгаар үзэлтнүүдтэй (аль нэг талыг хэт туйлшран баримтлах үзэл) гурван удаа ном хаялцан тэдний үзлийг няцаан Ялгуулсаны дээдийн номыг хамгаалан барих болов. Бурханы шашны хүрээнд, очсон газар бүрдээ шашны сургалтын газрууд байгуулан, шашин доройтсон эсвэл буруу ойлголтоор бүтээл үйлдэж байгаа шинж үзэгдэх бүрт нэн даруй тэдгээрийг залруулж байлаа. Түүний алдар нэр Энэтхэг даяар түгэв. Өөрийн үнэнхүү төрүүлсэн нигүүлсэх сэтгэл, оносон үлэмж үзлээрээ их мэргэдийн оройн дээд хэмээн хүндлэгдэж байв. Хэдий тийм боловч тэрээр Цастын орны төвд ард түмэнд хамгийн их ач тус хүргэсэн юм.
Бурханы шашин нь Төвд оронд хэд хэдэн зууны өмнө юуны түрүүнд Бадамжунай Гүрү Ринбүүчи болон өөр хэд хэдэн багш нарын хүчин чармайлтаар дэлгэрч байсан боловч энэхүү эхний дэлгэрэлт нь Ландарма хааны (МЭ 863-906 он) дэглэмийн улмаас их хэмжээгээр суларч цөөн тооны бүтээлчид үлдэн үүнээс хойш олон гол гол ойлголтуудыг зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй болжээ. Олон хүмүүс хувийн ёс зүйн сахилга батыг (шагшаабадыг) бүтээх, тарнийн бүтээл хоёр нь тусдаа зүйл хэмээн архи, тамхи хэрэглэх, янз бүрийн буруу хурьцлаар гэгээрэлд хүрч болно гэж бодож байв. Өөр нэг хэсэг нь дээрхийн адил Их хөлгөн, Бага хөлгөний сургаал нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг бөгөөд нэг нь гэтлэхүйд (орчлонгийн зовлонгоос бүрэн ангижрах), нөгөө нь гэгээрэлд хүргэдэг гэж үзэж байлаа.
Энэхүү шашин доройтсон нөхцөл байдалд сэтгэл зовнисон Төвдийн хаан Ешей-во Энэтхэгийн том шашны сургуулиудын нэгнээс ямар нэг эрдэмт мэргэнийг урин залж энэхүү төөрөгдлийг арилгахыг маш их хүсэж байжээ. Тэрээр онцгойлон Атиша гэгээний талаар мэдэхгүй байсан бөгөөд 21 залуу хүнийг санскрит хэл үзэж, тохирох нэг эрдэмтнийг урин авчрахыг даалган Энэтхэг рүү илгээв. Гэвч тэдний хоёроос бусад нь халууны улмаас нас барсан бөгөөд тэд ямар нэг эрдэмтэн урин залж чадаагүй боловч хэл сайн сурсан орчуулагч Ринчен-занпо, Лэгшэй нар буцан ирж хаандаа Атиша гэгээний талаар дуулгав.
Хаан Атишагийн нэрийг сонсмогцоо тэр хүн бол гарцаагүй хэрэгтэй хүн байна хэмээгээд цаг алдалгүй Гяцонсэнгээр ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь бүлгийг их хэмжээний алтны хамтаар тэрхүү мэргэнийг урин залахаар илгээв. Гэвч тэдний найм нь мөн нас барж Атишаг залж авчирч чадсангүй. Гяцонсэнгэ Энэтхэгт үлдэв. Ешей-во хаанд энэ тухай мэдээ хүрмэгц тэрээр өөр нэг бүлгийг явуулахын тулд алт цуглуулах багийг өөрөө удирдахаар шийджээ. Гэвч энэхүү үүргээ гүйцэтгэж яваад Балбын хил дээр Төвдөд Бурханы шашин цаашид дэлгэрэхэд саад хийхийг хүссэн сөргөлдөгч хаан Гарлогт олзлогдов.
Ешей-во хааны ач дүү Жанчүб-вод олзлогдсон ахыгаа суллахын тулд Энэтхэг рүү хийх гэж буй ажиллагаагаа зогсоох эсвэл түүний биеийн хэмжээтэй дүйх алт авчирч өгөх тухай мэдээ ирэв. Жанчүб-во нилээд хэмжээний алт цуглуулж чадсан боловч толгойн хэмжээний алт дутжээ. Гарлог хаан түүнээс барьцааны алтаа гүйцээхийг шаардахад тэрээр авга ахтайгаа уулзах хүсэлт гаргав.
Ахыг нь харанхуй шоронгийн өрөөнд төмөр цоожоор түгжин хорьжээ. Тэрээр гинжээр дөнгөлүүлэн, маш их эцэж ядарсан түүнд нөхцөл байдлыг тайлбарлан үлдсэн алтыг эрж олно хэмээв. Авгадаа, "Битгий бууж өгөөрэй. Би үлдсэн барьцааг олж авчиръя. Гарлог хаантай дайтаж болох боловч олон амьтан үрэгдэнэ. Тийм учраас таныг алтаар арилжин чөлөөлж гаргах нь зүйтэй мэт санагдана" гэлээ.
"Эрхэм дүү минь, ийм их билэг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэл эрхшээсэн хэмээн бодож байсангүй. Хүчирхийллийн хор хөнөөлийг ойлгож байгаад чинь би маш их таатай байна. Харин одоо намайг март. Цуглуулсан бүх алтаа Их мэргэн Атишаг Төвдөд урин залахад ашигла. Өмнөх олон төрөлдөө би тоолшгүй олон удаа нас эцэслэж байсан ч Дээдийн номын төлөө үхэж байсан нь үгүй хэмээн бодож байна. Одоо үүнийг хийхдээ би баяртай байна. Хэнийг ч Энэтхэг рүү илгээсэн бай намайг өөрийн харьяат ардын тус, Дээдийн номонд зориулсан хэмээн Атишад хэлэхийг түүнд даалгаарай. Ингэж Атишаг Төвдөд залаарай. Хэдийгээр би түүнтэй энэ насандаа учрах хувь дутсан ч ирээдүйд учирна гэдэгтээ итгэл төгс байна" хэмээн өтөл буурал хаан өгүүлжээ. Жанчүб-во авгынхаа өгсөн үүрэг даалгаврыг аван харуусалд автсаар арга буюу явах болов.
Жанчүб-во ингээд Төвдийн хаан болж, тэрхүү гурав дахь удаагийн ажиллагаанд оролцох хамгийн тохиромжтой хүнээр өмнө нь хэд хэдэн удаа Энэтхэгт очиж байсан орчуулагч Нагцог сонгов. Хаан түүнийг ордондоо урьж сэнтийд залан "Миний авга ах Атиша гэгээнийг Төвдөд урин залахад өөрийн энэ насыг өргөсөн бөгөөд түүний энэ хүсэлтийг биелүүлэхгүй аваас энэ орны зовсон амьтад доод муу заяанд төрөл авах нь гарцаагүй юм. Эдгээр зовлонт амьтдыг аварна уу хэмээн танаас хүсэж байна" хэмээлээ. Ингэж хэлээд залуу хаан сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс асгаруулан уйлав. Нагцо хүсэлтийг хүлээн авч өөр нэг хүнд хэцүү аялалыг хийхээр зориг гаргахаас өөр аргагүй болсон юм.
Орчуулагч Нагцо 6 нөхдийн хамт 700 алтан зоостой мордсон бөгөөд хаан хэдэн өдрийн турш дагалдан явж үдэв. Буцан мордохоосоо өмнө хаан Нагцод "Энэ бол Төвдийн сүүлийн алт бөгөөд түүний авга мөн Төвдийн их мэргэдийн хамгийн сүүлийнх нь байсан. Хэрэв Атишад бусдыг энэрэх сэтгэл байвал тэр заавал морилох ёстой. Төвдийн номгүй олон түмэн Дээдийн номонд ийнхүү туйлын их санаа тавьж харин та санаа тавихгүй бол Бурханы шашин үнэхээр доройтон шашин сэргэх итгэл найдвар үгүй болно" хэмээн Атишад айлтгахыг сануулаад ордон руугаа хөдөлжээ.
Төлөөлөгчид Энэтхэг рүү явж байх замдаа тэдний хэрэг зоригийг асуусан нэгэн залуу хөвгүүнтэй таарчээ. Хэрэг зоригоо хэлэхэд тэрээр ихэд баясан хэрэв та бүхэн "Их нигүүлсэгч Жанрайсиг дор мөргөмүү. Ялгуулсаны дээдийн ном Төвд оронд дэлгэрэх болтугай" хэмээн залбирч явбал аян замдаа сайн явна хэмээн захьжээ. Түүний хэн болохыг асуухад цаг нь ирэхэд мэдэх болно гэж хүү хариулав.
Ингээд тэд явсаар нэг шөнө аглагийн Викрамашила шашны сургуульд хүрч хашааны гадаа нь буудаллав. Тэдний буудалласны дээхэн нэгэн өрөөнд Ешей-во хааны илгээсэн хоёр дахь бүлгийг удирдаж явсан Гяцонсэнгэ амьдарч байлаа. Өөрийнх нь төрөлх хэлээр ярилцан байхыг сонсоод гайхан доош харвал хэсэг улсууд буудалласан байв. Тэднээс хэрэг зоригийг нь асуухад аялагч төвдүүд сэтгэл хөдлөн өөрсдийн тухай, бүр хэрэг зоригоо уудлан Атиша гэгээнийг Төвдөд залах тухайгаа ч ярив. Гяцонсэнгэ тэдэнд ийнхүү хэрэг зоригоо ний нуугүй ярихгүй байхыг анхааруулав. Тэрээр алтаа хашааны хаалга руу явуулах хүүд хадгалуулаад маргааш өглөө өөртэй нь уулзахыг зөвлөжээ. Гийчид түүний зөвлөсний дагуу болгон өнөөх хүү ч өөрт нь итгэн сайхан амрахыг хүсэв.
Маргааш өглөө хүү ирж тэдний ирэх болсон учрыг асуухад тэд бүгдийг нэгд нэгэнгүй ярив. Хүү, "Төвдүүд та нар хэтэрхий их ярих юм! Энэ талаар ярихгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол саад их гарна. Чухал ажлыг яарч хийхгүй харин болгоомжтой, алгуур, нууцлан хийх нь дээр байдаг" хэмээн анхааруулав. Ингээд тэдэнд алтан зоосыг нь буцаан өгч тэднийг хийдийн цэлгэр том хашаанд дагуулан оров.
Тэдгээр хэсэг нөхөд нэгэн настан бууралтай таарч тэрээр тэднээс хаанаас ямар хэргээр явааг нь асуухад ямар нэг зүйл нуухыг мөн л оролдсонгүйд өвгөн тэднийг зэмлэн "Хэрэв та нар ийм байдлаар цаашдаа нууцыг задруулбал зорилгодоо хэзээ ч хүрэхгүй. Хэрэг зоригоо зөвхөн Атишад л хэл" хэмээгээд тэдэнд Гяцонсэнгийн өрөөг зааж өгөхөөр явав. Хэдийгээр өвгөн таяг тулан алхах боловч түүний алхааг хэн ч гүйцэж чадахгүй байлаа. Тэрээр өмнө нь таарсан Жанрайсигийн хувилгаан хүүгийн адил тэдний үйл хэргийг бас чиглүүлж байжээ.
Ингээд төвдүүд үйл ажилллагааныхаа төлөвлөгөө гаргалаа. Гяцонсэнгэ тэднийг санскрит хэл сурахаар ирсэн гэж хүмүүст хэлж байхыг зөвлөв. Мөн түүнчлэн,"Манай хийдийн хамба Ратнакара бол Атишагийн багш, түүнийг маш өндрөөр үнэлдэг учир хэрэв та бүхний жинхэнэ зорилгын талаар сонсвол та нарыг Атишатай уулзуулахгүй байж ч чадна" гэв.
Дараагийн өглөө нь тэд хамбатай уулзан түүнд алтан зоосныхоо хагасыг өргөж урд цагт манай нутгийн олон хүмүүс Энэтхэгт ирж Атишагийн адил мэргэдийг Төвдөд урихыг хүсэж байсан ч бид энэ удаа өөрсдөө суралцан эрдэм төгс болохыг хүслээ хэмээв. Настан буурал хувраг үүнд ихэд санаа амран "Бүхий л бололцоогоороо үүндээ шамд. Буруугаар бүү ойлгоорой. Энэ нь би Төвдийн ард түмэнд энэрэл нигүүлсэл үзүүлэхгүй байгаа явдал биш юм. Атиша бол манай хамгийн эрдэм төгс мэргэдийн нэг, тэр дундаа бодь сэтгэл төгс эзэмшсэн эрдэмт мэргэн учир хэрэв тэр Энэтхэгээс явбал түүний төрсөн газар Бурханы сургаал доройтох юм" гэлээ. Гэвч хамба тэдгээр гадны гийчдээс ихэд болгоомжлон Атишатай уулзуулахгүй байхыг оролдож байлаа.
Төвдүүд төлөвлөгөө урагштай байгаад урамшин боломж гарахыг хүлээж хичээлдээ сууж эхлэв. Хэдэн сарын дараа хийдэд нэг чухал ёслолын үйл ажиллагаа боллоо. Бүх хүмүүс оролцох ёстой байсан учир гийчид Атишаг харах завшаан гарах нь хэмээн хүлээж байжээ. Ажиглан харж байх зуур олон их мэргэд залран ирцгээв. Зарим нь алдарт Наропагийн адил олон дагалдагчдаараа хүрээлүүлэн ирж, зарим нь цэцэг, хүж барьсан сойвон (туслах) нарын хамт хүрэлцэн ирэв. Эцэст нь Атиша заларлаа. Тэрээр хуучин гандсан орхимжтой, бүсэндээ агуулахынхаа түлхүүрүүдийг зүүсэн байлаа. Төвдүүд түүний байдалд нилээд урам хугарч Гяцонсэнгээс бусад илүү сүрлэг, сэтгэл хөдөлгөм мэргэдийн аль нэгийг залж болох эсэхийг асуув. Гялцонсэнгэ тэдэнд "Үгүй, Атиша Төвд оронтой маш онцгой барилдлагатай. Түүний харагдах байдал хамаагүй. Тэр бол та бүхний залах хүн мөн" гэв.
Ингээд эцэст нь нэг нууц уулзалт зохион байгуулж Нагцо Атишад мандлын суурин дээр авчирсан алтан зоосоо өндөр овоолон бариад Төвдөд Дээдийн ном хэрхэн доройтсон түүхийг, Ешей-во хааны өөрийгөө хэрхэн номонд зориулсан үүх түүхтэй холбон мөн түүний өөрийнх нь үеэл дүүгийнх нь үгийг дамжуулан уламжилж түүнийг хүрэлцэн очихыг хүсэв.
Атиша тэдний нигүүлсэнгүй сэтгэлд талархаад тэдгээр төвд хаадууд үнэхээр бодьсадва нар гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэрэг явдлыг ойлгож, номонд өөрийгөө зориулсан хааныг чин сэтгэлээсээ хүндэтгэж байсан боловч нас өндөр болсон, хийдийн агуулахыг хариуцах гэх мэт олон үүрэг хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгохыг тэднээс хүсэв. Тэрээр Төвдөд очих боломжтой байх гэж найдан алтыг буцах замдаа хэрэглэ хэмээн тэдэнд буцаан өгөөд "Энэ зуур би өөрийн Ядам Бурханаас асууя" гэлээ.
Тэр үдэш Дарь эх Атишад үзэгдэн түүний аян зам өлзийтэй сайн болно. Тэрээр Төвдийн ард түмэнд үнэнхүү их ач тус хүргэх бөгөөд тэдний дундаас маш ойр барилдлагатй шавьтайгаа учирна. Энэ хүн бол гэргийтний сахилтай упасака байх бөгөөд Дээдийн номыг ихэд цааш нь дэлгэрүүлнэ. Харин Атиша Энэтхэгт үлдвэл 92 нас сүүдэр хүрч, Төвд рүү явбал насны хэмжээ нь 72 байх болно гэжээ. Ингээд Атиша төвдүүдийн хамт явахаар сэтгэл шулуудаж бусдад тус хүргэж үнэхээр чадаж байвал 20 жилийн насыг өргөвөл зохилтой гэжээ. Ийнхүү гайхалтай мэргэн шийдвэр гаргадаг өөрийн хамбаас явах зөвшөөрөл авахын тулд арга олох хэрэгтэй болов.
Эхлээд тэрээр Викрамашалагийн зүүн, урд, баруун зүгт мөргөл хийх зөвшөөрөл хүсэв. Зөвшөөрөл олгосноор хэд хэдэн ариун газраар явж ирэв. Дараа нь хойд зүг рүү мөн адил мөргөл хийхийг хүссэн боловч настан хамба тэдний далд санааг гадарлан татгалзав.
Төвд төлөөлөгчид маш их гутарч цорын ганц найдвар бол хамбад бүх үнэнээ хэлэх явдал гэж үзэв. Хатуу чанд зарчимтай настан буурал хувраг бухимдсан дүр үзүүлэхэд төвдүүд өвдөг сөхрөн уучлалт хүсэв. Хамба, "Миний Атишаг та бүхэнд өгөхгүй байгаа шалтгаан бол өмнөхтэй адил. Гэвч Төвдийн байдал биднийхээс илүү хүнд хэцүү байгаа учир түүнийг танай оронд гурван жил суухыг зөвшөөрч байна" гэжээ. Харин та нар түүнийг тэр хугацааны дараа Энэтхэгт буцаахаа амлах ёстой гэлээ. Баяраар бялхсан төвдүүд түүнд амлалт өгсөн юм.
Төвдөд шашныг шинэтгэн сэргээсэн нь
Ийнхүү 53 насандаа Атиша Цастын орон руу холын аянд гарчээ. Замдаа орчуулагч Гялцонсэнгэ өвдөж нас барав. Атиша, "Одоо ингээд миний хэл үгүй болов" хэмээн харамсан гашуудав. Энэ үед Нагцо түүний өмнө мэхийн "Санаа бүү зовогтун. Миний санскрит хэл төгс сайн биш боловч сайжрах нь гарцаагүй. Танд тусалж чадах өөр хүмүүс ч бас бий" гэлээ.
Балбад тэд нүд нээсэн их орчуулагч Марпатай (МЭ 1012-1099 он) учирсан юм. Тэрээр Энэтхэг орон руу гурав дахь удаагаа хийж байгаа аялалын замдаа явж байжээ. Атиша түүнээс өөрийнх нь орчуулагч болохыг хүсэхэд Марпа "Энэтхэгт гурван удаа зорчих нь багшийн минь өгсөн зөвлөгөө учраас би сүүлийнхээ аялалыг гүйцээх ёстой" хэмээн уучлалт эржээ. Тэд мөн өтөл буурал болсон орчуулагч Ринчен-занпотой уулзсан боловч тэрээр бас л тусалж чадсангүй. Тэрээр "Та бүхэн буурал үсийг минь харж байгаачлан би маш өндөр настай болсон. Би бүх амьдралынхаа турш бүтээл хийх завгүй ажилласаар ирлээ" гэв. Ийнхүү Атиша Нагцогийн багахан чадварт найдахаас өөр аргагүй боллоо.
2 жил аялсны эцэст тэд Дээд Төвд, Ешей-вогийн хаант улсын нийслэл Нгарид ирэв. Лам хуврагууд, энгийн ард иргэд бүгд түүнийг ёс төртэй угтан авч ойролцоох нэгэн аглагийн хийдэд суухыг урив. Энэтхэгийн их мэргэн тэрээр Ялгуулсаны дээдийн номын төлөө тэдгээр хүмүүс ийнхүү их хүчин чармайлт гаргаж байгаад үнэхээр сэтгэл баясаж, номын мөрд орж хуврагийн сахил хүртсэн хүмүүс өдий төдий олон байгаад ихэд гайхшран байлаа. Төвдийн нутаг бүрээс олон олон эрдэмтэн мэргэд хүрэлцэн иржээ. Тэдний Бурхан багшийн судар болон тарнийн сургаалын талаар тавьж байгаа гүн гүнзгий асуултуудад үнэхээр сэтгэл хөдлөн, ийм олон эрдэмтэн мэргэд байхад намайг урих гэж юунд өөрсөддөө төвөг удсан юм бол доо хэмээн Атиша гайхаж байлаа. Ингээд Атиша тэднээс эдгээр хоёр бүлэг бие даасан аргууд хэрхэн нэг бүлэг болж нэгдэх вэ хэмээн асуусанд тэд хариулж чадсангүй. Ийнхүү түүний хийх үүрэг даалгавар нь тодорхой болсон юм.
Нэг өдөр Жанчүб-воАтишагаас төвд хүмүүст ном тавихыг хүслээ. Тэрээр, "Бидэнд гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сургаал хэрэггүй, харин сэтгэлээ түвшитгэх, өөрсдийн өдөр тутамд хүртэж буй үйлийн боловсрол (урд хийсэн үйлийн үр) болон түүнд хэрхэн хандаж даван туулах тухай сургаал хэрэгтэй байна. Бидэнд өөрийн бүтээл болгодог (хэрэглэдэг) аргаа зааж өгнө үү" гэжээ.
Атиша хааны энгийн бөгөөд чин сэтгэлийн хүсэлтэнд ихэд баясан хожим нь түүнийг "миний сайн шавь" хэмээн тодорхойлж байжээ. Хэрэв Атишагаас тарнийн бүтээлд орох эрх авшиг эсвэл далд хүчний бүтээлийн талаар хүсэлт гаргасан бол түүнд таатай санагдахгүй байсан юм. Ингээд Нгарид гурван жил ном хөтөлж байгаад тухайн хөтөлбөрөөр цаашид бичигдэх бүх бүтээлүүдийн загвар болсон Бодь мөрийн зул(Санск. Бодипатапрадипа) бүтээлээ тууривжээ.
Атишагийн хүмүүстэй ярилцахдаа үргэлж онцолж байдаг гол санаа нь түүнд "Аюулгүй зам мөрийн дээд багш" /Аврал багш/, "(Өмнө хийсэн) үйлийн боловсрол батүүний (түүнд хариу үйлдэл үзүүлсний) үр дүнгийн дээд багш" /Шалтгаан ба үр багш/ гэдэг хоч олгожээ. Тэрээр үүнд таатай байсан бөгөөд "Ингэж хэлэхийг сонсох нь хүртэл ач тустай байж болох юм" гэдэг байжээ.
Энэ бүх хугацааны туршид Атиша Дарь эхийн урьдчилан хэлсэн төвд, гэргийтэн өөрийн хамгийн ойрын шавиа хайсаар байсан боловч хараахан учраагүй байлаа. Нэг удаа түүнийг нэгэн өглөгийн эзэн үдийн зоогонд урьсан бөгөөд Атиша маш хатуу журамтай цагаан хоолтон байсан учир түүнийг уламжлалт замбаан гурилан балингаар дайлжээ. Мордохдоо Атиша жаахан балин, тос өгч явуулахыг хүсжээ. Энэ хооронд хүлээж байсан упасака (гэргийтний сахилтан ) эрхэм Дромтонпа (Бром) (МЭ 1004-1064 он) Атишагийн гэрт очжээ. Тэрээр Атишагийн туслах нараас "Миний эрхэм дээд Их хөлгөний багш минь байна уу?" хэмээн асуужээ. Туслах нар нь "Атиша гэгээн эзний урилгаар зоог барьж байгаа. Хүлээж байвал удахгүй ирнэ" гэцгээв.
Дромтонпа хүлээж тэвчилгүй өглөгийн эзний гэрийн зүг явав. Атиша, Дромтонпа нар нэгэн гудамжинд тааралдав. Дромтонпа багшдаа мөргөж, Атиша түүнд замбаан балин өргөж "Өдрийн хоол чинь энэ байна. Өлсөж яваа байх" гэв. Дромтонпа балинг идээд, тосоор нь зул барьж дөнгөж учран золгоод байгаа номын багшдаа өргөв. Энэ цагаас эхлэн тэрээр нэг ч өдөр алгасалгүйгээр үдэш бүр ийм зул өргөх болжээ.
Атиша Нгарид гурван жил болоод орчуулагч Нагцогийн хамт Энэтхэг рүү мордлоо. Гэтэл Балбын хил дээрх дайны улмаас тэдний аялал цааш үргэлжлэх боломжгүй болов. Нагцо Викрамашилагийн хамбад өгсөн амлалтандаа хүрэх аргагүй боллоо хэмээн ихэд санаа зовж байжээ. "Өөрөө хянаж чадахгүй нөхцөл байдлын талаар санаа зовох нь тусгүй" гэсэн үгээрээ Атиша түүний сэтгэлийг тэр даруйд нь тайвшруулсан юм.
Ихэд сэтгэл амарсан Нагцо хамбад тэдний буцах төлөвлөгөө хэрхэн саадтай учирсан тухайгаа тайлбарлан захиа бичиж, Атиша ч хэсэг хугацаагаар саатаж байгаа явдалдаа харамсаж байгаагийн илэрхийлэл болгон Бодь мөрийн зул зохиолынхоо нэг хувийг хамтатган илгээжээ. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацааг Төвдөд өнгөрүүлж болох эсэх талаар мөн зөвшөөрөл хүсэв. Ингээд Атиша нар Нгарид буцан ирлээ.
Орчин үед ном хэвлэх нь нилээд энгийн, бизнесийн үйл ажиллагаа болсон. Харин Атишагийн үед гар бичмэлийг хэвлүүлэхээс өмнө тухайн улсын хаанаар ахлуулсан эрдэмтдийн зөвлөлийн хатуу шалгуурыг давах хэрэгтэй болдог байжээ. Хэрэв бүтээл ямар нэг байдлаар дутагдалтай байвал гар бичмэлийг нохойны сүүлэнд уяснаар тоос шороонд хутгалдан чирэгддэг байв. Зохиогч нь сайшаал, нэр алдарт хүрэх биш нэр хүндээ ичгэвэртэйгээр алддаг байжээ.
Атишагийн бүтээл мөн л тэрхүү шалгуураар орж, зөвлөл түүнийг гайхалтай үнэ цэнэтэй бүтээл болжээ хэмээн бүгд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв. Зөвлөлийн тэргүүлэгч болох хааны хүртэл сэтгэл хөдлөн энэхүү бүтээл нь мунхаг төвдүүдэд төдийгүй хурц ухаант энэтхэгчүүдэд ч бас тустай бүтээл байна хэмээн онцгойлон тэмдэглэж байжээ. Викрамашила хийдийн хамба бүтээлийг уншиж үзээд орчуулагч Нагцод "Атишаг Төвдөд үлдэхэд би одоо татгалзахгүй. Түүний бүтээл бид бүгдэд ч ач тустай байна. Би түүнээс ердөө л энэ зохиолынхоо тайлбарыг бичиж өгөхийг хүсэж байна"хэмээн хариу захидал илгээжээ. Ингээд Атиша өөрийн зохиолын хэцүү ойлголтуудыг тайлбарлан бичих болсон юм.
Удалгүй Дромтонпа Атишаг хойд зүгт Төвдийн төв нутаг руу явж Лхасад зочлохыг урьжээ. Ийнхүү явах замдаа тэд Төвдийн анхны хийд болох Самяйд буужээ. Атиша тэндэхийн номын сангийн санскрит, төвд хэл дээрх ботиудыг үзэн ихэд сэтгэл хөдөлж Төвдөд байтугай бүр Энэтхэгт ч ийм олон санскрит хэл дээрх Бурханы шашны ном бүтээл байхгүй гэж бодож байсан хэмээжээ.
Атиша нийт 17 жилийг Цастын оронд өнгөрөөсний 3жилийг Нгарид, 9 жилийг Лхасын ойролцоох Нетанд, 5 жилийг Дарь эхийн урьдчилан хэлсэний дагуу 72 насандаа насан эцэслэсэн МЭ 1054 он хүртэл олон өөр газраар явж өнгөрөөжээ. Атишагийн биеийг занданшуулан Нетанд залж, түүнээс хойш 2 жилийн дараа (1056 онд) эрхэм Дромтонпа аглагийн Радрэн байгуулсан нь түүний багшийн дамжлагын Гаадамба ёсны гол төв болсон юм.
Орчуулагч Нагцо, Атишатай өнгөрүүлсэн энэ урт удаан хугацааны туршид тэрээр нэг ч удаа таагүй ямар нэг зүйл ярьж, хийж байгаагүй гэж дурссан байдаг. Судар, тарнийн зам мөрийг хослуулан сургаснаараа Энэтхэгийн их мэргэн Атиша тэрээр Төвдөд Ялгуулсаны дээдийн номыг бүрэн цогцоор нь шинэтгэн сэргээн дэлгэрүүлэх асар хариуцлагатай үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү дээдийн арга нь (бүтээлүүд) өнөөдрийг хүртэл эх хэлбэрээрээ хадгалагдан уламжлагдан ирсэн нь үнэхээр түүний энэрэн нигүүлсэх сэтгэлийн ач үр юм.