Study buddhism shantideva

Шантидэва

Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалд байх бодьсадвын, тэр дундаа зургаан барамидын (зургаан чанадад хүрэхүйн) бүтээлтэй холбогдох сургаалуудын энэтхэг эх сурвалж нь Шантидэва гэгээний (VIII зуун) зохиолууд болж байв.

Шантидэва гэгээний (VIII зуун) бүтээл нь Төвөдийн Бурханы шашны бүх уламжлал дахь бодь сэтгэлийн тухай сургаалын, тэр дундаа зургаан барамидын (зургаан чанадад хүрэхүй) бүтээлтэй холбоотой сургаалын гол Энэтхэг эх сурвалж болж байсан юм.

Шантидэва гэгээн наймдугаар зуунд Зүүн Энэтхэгт Бенгалын бүс нутгийн нэгэн улсын хааны хүү болон төржээ. Түүнийг хаан ширээ залгамжлан авахын өмнө Манзушир бурхан түүний зүүдэнд орж “Хааны алба бол таны алба биш” хэмээжээ. Тэрээр Манзушир бурханы зөвлөгөөг анхааран авч хаан ширээнээс татгалзаж, даяанд суусан байна. Даяанд суух хугацаандаа олон Бурханы шашны бус багш нартай уулзан, тэднээс суралцаж, хичээнгүйлэн бясалгал хийснээр төвлөрлийн гүнзгий түвшинд хүрчээ. Гэвч Шагжамүни Бурхан багшийн хувьд ч үнэн байсны адил тэрээр гүн бясалгалын төлөвт орох нь зовлонгийн үндсийг арилгадаггүй болохыг ухаарсан. Манзушир бурханы бүтээлийг үйлдэн улмаар бүх Бурхадын билгүүний мөн чанар болох түүний бодит дүрийг үзэн, түүнээс сургаал сонсжээ.

Ингээд даяаныг өндөрлөн хуврагийн сахил хүртэн Наланда хийдэд шавилан суув. Тэндээ судар, тарнийн номонд суралцан, тэдгээрийг хичээн бүтээж байсан ч бүх бүтээлүүдээ нуудаг байжээ. Хүн бүр түүнийг идэх, унтах, бие засахаас өөр юу ч хийдэггүй гэж боддог байлаа. Гэвч үнэндээ тэрбээр үргэлж тод гэрлийн сэтгэлийн бясалгалд байдаг байв.

Ингээд хийдийн лам нар түүнийг ямар ч хэрэггүй хүн учраас хийдээс явуулахаар шийджээ. Өөрийгөө ичгэвтэр байдалд оруулна хэмээн бодож түүгээр шалтаг хийх зорилгоор түүнийг нэг эх зохиолын дагуу ном тавих ёстой боллоо хэмээн хэл хүргүүллээ. Тэд түүнийг хүрч чадахгүй байх гэж бодон шатгүй боловч маш өндөр сэнтий бэлдэв. Гэвч сэнтий Шантидэва гэгээний түвшинд доошлон ирж, тэрээр түүн дээр хялбархан сууж чаджээ.

Ингээд тэрээр Бодьсадвын явдалд орохуй, Бодичаряаватара сургаалаа тавьж эхэлжээ. Хоосон чанарын бүлэг болох есдүгээр бүлгийн тодорхой нэг бадагт хүрэх үедээ тэрээр алгуур тэнгэрт хөөрсөн байна. Тус бадаг нь:

(IX.34) Алин (өөрийн мөн чанараар орших) бодитой хийгээд (өөрийн мөн чанараар орших) бодигүй бүхэн (түүний хоосон чанар) ажих ухааны орноо үл орших тэр цагт тус тус байдал үгүй болох тул зоригдол үгүйгээр машид амарил юу.

Түүнээс хойш сургаалын үлдсэн хэсгийг унших ердөө түүний дуу хоолой сонсогдох болж, тэрээр өөрөө үзэгдэхгүй болжээ. Хуврагууд хожим нь тус сургаалыг сонсож тогтоож авсныхаа дагуу бичигт буулгажээ.

Шантидэва гэгээн өөрийн сургаалдаа Наланда хийдэд түүний бичсэн өөр хоёр сургаалаас иш татсан байдаг: (1) Хотол суртгаалын хураангуй, Шикшасамукяаяа (Shikshasamuccaya) (2) Хотол судрын хураангуй, Сутрасамукчаяа (Sutrasamuccaya). Гэвч хэн ч тэднийг хаанаас олохыг мэдэхгүй байв. Тэдний нэг нь тэдгээрийг нэг ламын өрөөний таазнаас тусах гэрэлд буй хэмээн хэлэх Шантидэва гэгээний дүрийг үзжээ. Шантидэва гэгээн тийнхүү үзэгдэхдээ өөрөө дахин эргэж ирэхгүй хэмээсэн байна.

Түүний Судрын хураангуй нь судрын гол санаануудыг нэгтгэсэн байдаг бол Суртгаалын хураангуй нь судрын бүтээлүүдийг нэгтгэсэн байдаг. Хоёр дахь зохиолынх нь төвөд орчуулга мөн Бодьсадвын явдалд орохуй зохиол нь Бурхан багшийн сургаалын энэтхэг хэл дээрх тайлбаруудын төвөд орчуулга болох Данжуурт багтсан байдаг. Күнү Ринбүүчигийн хэлсний дагуу Судрын хураангуй нь төвөд хэлэнд орчуулагдсан боловч Данжуурт багтаагүй байдаг байна.

Бодьсадвын явдалд орохуй бүтээл дээр, тэр дундаа түүний есдүгээр бүлэг дээр бичсэн хэд хэдэн тайлбар зохиолууд байдаг. Тус бүтээл нь Төвөдийн Бурханы шашны бүх урсгалуудад голлох зохиол болдог учраас төвөд хэл дээрх тайлбаруудын хувьд тэдгээр бүх уламжлал тус бүрийн хийсэн тайлбар байдаг байна. Гэлүг ёсны хувьд Богд Зонховын Их бодь мөрийн зэрэг бүтээл (Lam-rim chen-mo), тэр дундаа түүний өвөр (өөрийг) болон бусдыг арилжихуйн сургаал нь Суртгаалын хураангуй, Бодьсадвын явдалд орохуй зохиолууд дээр тулгуурласан байдаг. Хэдийгээр Богд Зонхов Бодьсадвын явдалд орохуй зохиол дээр тусад нь тайлбар бичээгүй ч түүний зохиосон Их бодь мөрийн зэрэг бүтээл нь тус бүтээлийн олон санаануудыг хамарсан байдаг. Мөн түүний Удирдах хийгээд магад утгыг тийн ялгасан шастир (Drang-nges legs-bshad-snying-po) бүтээл нь есдүгээр бүлгийн олон санаануудыг хамардаг. Нагаржуна гэгээний бүтээлд Чандракирти гэгээн тайлбар хийснийг тайлбарласан түүний бүтээл болох Дундад үндсэнг шүлэглэсэн билиг хэмээхийн тийн номлол ухааны далай (dBu-ma dgongs-pa rab-gsal) зохиол нь мөн тус бүтээл дээр хүчтэй тулгуурласан байдаг байна.

Дээрхийн гэгээн Далай ламын айлдсан “Бодьсадвын явдалд орохуй” сургаалын айлдвараас хэсэгчлэн авав. Орчуулж, хянан тохиолдуулсан Доктор Александер Берзин, Энэтхэг улс, Бод Гаяа, 1978 оны 1-р сар
Top