Сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулах вэ?

05:07

“Сайн” ба “муу”, “эерэг” ба “сөрөг” гэдгийг тодорхойлбол

Бид сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулдаг вэ? Энэ бол юуг эерэг, юуг сөрөг гэх вэ гэсэн асуултыг гаргаж ирэх чухал сэдэв. Туйлын сөрөг, туйлын эерэг ямар нэг зүйл байдаг уу? Би үнэхээр мэдэхгүй юм. Бүх зүйл шүтэн барилдлагатай, бүх зүйл өөр өөр тал хандлагатай. Нэг хүн тухайн нэг зүйлийг энэ талаас нь харж нэг дүр төрх харж байхад, бүр тэр хүн өөрөө нөгөө талд нь очвол юмсыг өөр өнцгөөс харна. 

Тэгвэл яагаад хүн бүр ертөнцийн талаар өөр өөр үзэлтэй байдаг вэ? Учир нь бид бүгдээрээ ертөнцийг өөр өөр өнцгөөс нь хардаг. Бүр нэг зүйл нэг хүнд өөр өөр харагдана. Тэгвэл сайн, муу гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Би мэдэхгүй юм. Гэвч шоргоолж үүнийг хэлж мэдэхгүй боловч тэрээр ямар нэг байдлаар өөрийнх нь амьдралд тус болох зүйлийг сайн гэж үзэж, амь насанд нь аюул хүргэх зүйл түүнд муу зүйл мэт санагдах ба тэр түүнийг тойрч гарна.  

Иймд бид түүнийг [сайн эсвэл муугийн тухай асуудлыг] амь нас тэтгэх байдлаар нь тодорхойлж болох юм. Бид тав тух, баяр баясгалан хүсдэг. Иймд амь тэтгэх тустай зүйлийг бид сайн, эерэг зүйл гэж үзэж, бидэнд заналхийлсэн, бидний амь насанд аюултай санагдсан зүйлийг муу [сөрөг] гэж үздэг.

“Сөрөг сэтгэл хөдлөл”-ийг тодорхойлбол

[Эерэг, сөрөг гэдгийг тодорхойлох] энэ аргын дагуу бид сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулж, [эхлээд бид] тэдгээрийг хэрхэн тодорхойлох [ыг шийдэх хэрэгтэй] вэ? Юуны түрүүнд тэдгээр нь бидний дотоод амар амгаланг эвддэг учраас бид тэднийг “сөрөг” гэж нэрлэдэг. Дотоод хүч чадал, амар амгалан авчирдаг тэдгээрийг [сэтгэл хөдлөлүүдийг] “эерэг” гэнэ. 

Эрдэмтэдтэй, тэр дундаа миний дотны найз, эрдэмтэн Варелатай хийсэн уулзалтаар бид маш хүчтэй энэрэн нигүүлсэх сэтгэл нь хамгийн их тустай сэтгэл хөдлөл гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Бүр Бурханы сэтгэлд хүртэл энэрэн нигүүлсэх сэтгэл бүхий сэтгэл хөдлөл байх ба сэтгэл хөдлөл нь заавал муу, сөрөг байх албагүй гэдэг дээр бид санал нэгдсэн. Бурханы хязгааргүй их энэрэх сэтгэлийг бид сэтгэл хөдлөл гэж үзэх хэрэгтэй болов уу. Иймд Бурхан бол хязгааргүй их сэтгэл хөдлөлтэй байсан. Хэрэв бид энэрэх сэтгэлийг сэтгэл хөдлөл гэж үзэх юм бол энэ нь маш эерэг сэтгэл хөдлөл байх болов уу. Харин айдас, үзэн ядах сэтгэл бол бидний дотоод амар амгалан, баяр баясгаланг үгүй хийдэг учир бид тэдгээрийг сөрөг гэж үзэх хэрэгтэй байх.

Учир шалтгааны үндсэн дээр сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах

Тэгвэл бид айдас, үзэн ядах [гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг] сэтгэлийг хэрхэн даван туулах вэ? Тэдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд [ямар учраас] алдаатай үндэслэл дээр суурилсан байдаг [ийг авч үзэх хэрэгтэй]. Тэдгээр нь бодит бус хандлагаас гардаг бол эерэг сэтгэл хөдлөл нь алдаагүй, зөв үндэслэлтэй байдаг. Жишээ нь зарим сэтгэл хөдлөл алдаагүй, зөв үндэслэлтэй учраас учир шалтгааныг тодорхойлж, логик шинжлэл хийхэд тэдгээр нь улам нэмэгддэг. Сөрөг сэтгэл хөдлөл нь өөрийн эрхгүй гардаг бөгөөд дүн шинжилгээ хийн, учир шалтгааныг нь тодорхойлоход хүч нь багасдаг. Иймд эерэг сэтгэл хөдлөл нь бодит байдалтай холбоотой зүйл байдаг бол сөрөг сэтгэл хөдлөл нь бодит байдлыг гуйвуулсан, буруу ойлголтон дээр суурилсан байдаг. 

Жишээ нь бид дайсандаа бухимдах тэр үед уур бухимдал тэдний үйлдэл бидэнд гэм хор хүргэж болох мэт сэтгэгдэл төрүүлдэг. Иймд бид тухайн хүнийг муу хүн гэж үзнэ. Гэвч шинжилж үзвэл тухайн хүн төрсөн цагаасаа эхлэн дайсан байгаагүй [гэдгийг бид ойлгодог]. Хэрэв тэд бидэнд гэм хор хүргэвэл тэр нь тухайн хүнээс болсон бус өөр шалтгаантай байж таарна. Хэрэв тухайн хүн “дайсан” гэдэг ангилалд үнэхээр багтдаг бол тэр төрсөн цагаасаа эхлэн тэр ангилалд байх ба хэзээ ч найз байх боломжгүй. Гэвч өөр нөхцөл байдалд тэд бидний хамгийн сайн найз болж болно. Иймд хүнд уурлах уур, тэднийг үзэн ядах сэтгэл бол буруу. 

Буруу зүйл нь тэдний үйлдэлд байдаг, тухайн хүнд өөрт нь бус. Гэвч [хэн нэгний буруу үйлдэл дээр үндэслэсэн] уур тухайн хүн рүү чиглэдэг. Харин энэрэн нигүүлсэх сэтгэл ихэнх тохиолдолд тэдний үйлийг үл харгалзан хүн рүү нь чиглэсэн байдаг. Иймд бид дайсандаа хүн гэдэг үүднээс энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандаж болно.
Иймд бид хүнийг үйлдлээс нь ялгах ёстой. Хүн гэдэг талаас нь тэр хүнд бид энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандаж харин үйлдлийг нь эсэргүүцэж болно. Энэ үүднээс сөрөг сэтгэл хөдлөл нь ихэвчлэн маш явцуу сэтгэлтэй холбоотой байдаг. Зөвхөн нэг тал [хэн нэгний буруу үйлдэл] дээр анхаарсан байдаг.

Гэвч энэрэн нигүүлсэх сэтгэлийг бид тодорхойлох ёстой. Биологийн хүчин зүйл дээр суурилсан энэрэн нигүүлсэх сэтгэл байдаг. [Энэ төрлийн энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидэнд бидний эхийн адил тус хүргэсэн хүнд хандсан хандлага дээр суурилна.] Эсвэл бид энд учир шалтгаан дээр суурилсан, ялгаварлах хандлагагүй энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай ярьж байна уу? Энэхүү учир шалтгаан дээр суурилсан энэрэн нигүүлсэх сэтгэл нь илүү сайн бөгөөд ялгаварлах хандлагагүй байдаг. Энэ сэтгэл учир шалтгааны дүгнэлтэн дээр суурилдаг. Энэ нь үйлдэл дээр нь бус, тухайн хүн дээр анхаарсан байдаг. Сөрөг сэтгэл хөдлөл нь зөвхөн үйлдэл дээр суурилсан байдаг учраас ухаалаг бус, цаашилбал энэ нь аз жаргал авчирдаггүй.

Уур гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийн сул талыг шинжлэх

Сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулахад хамгийн чухал зүйл бол дүн шинжилгээ хийх явдал. Жишээ нь уур бухимдлаас ямар ач тус би хүртэх вэ? Бүр ердийн үг болон нүүрний илэрхийллээс бид түүнийг харж болно. Уурлах үед тэдгээрийн аль аль нь маш ширүүн болдог. Бид тухайн хүний сэтгэлийг хөндөх хамгийн хатуу үгийг сонгохоор шийддэг. Уур байхгүй болох үед маш хүчтэй, ширүүн байсан энерги намдаж, сэтгэл үнэндээ тодорхой болно. Уур бухимдлын үед бий болдог энерги нь харанхуй энерги байдаг [учир нь уур төрсөн үед сэтгэл хурц биш болдог.] Ийм учраас уур хэзээ ч тус болохгүй, харин бид оюун ухаан болон бодит байдалд нийцэх аргыг ашиглавал тэр нь маш их тустай байж болно. Бүр шүүхийн танхимд ч хэрэв хуульч уурлаж хашгичвал тэр нь ямарч тус болохгүй, харин тэрээр оюун ухаанаа ашиглавал эсрэг талаа ялж магадгүй.

Уур нь оюун ухааны сайн ажиллах чадварыг алдагдуулдаг. Бидний бодол санаа уурлаж хэлсэн буруу үгний нөлөөгөөр буруу ойлгогдож болно. Иймд оюун ухаанаараа бид уур бухимдал бол ямарч хэрэггүй гэдгийг ойлгож болно. Хэцүү, аюул заналхийлэл бүхий нөхцөлд бид оюун ухаанаа ашиглаж тохиромжтой арга хэмжээ авах нь илүү тустай. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандсанаар дараа нь найз нөхөд болох боломжийг нээнэ. Хэрэв бид уурлаж бухимдвал дараа нь найз нөхөд болж болох аливаа боломжийг хаана. Ийм байдлаар бодвол сөрөг сэтгэл хөдлөл багасах ба сөрөг сэтгэл төрсөн ч сул байх болно.      

Top