Зам мөрийг чин сэтгэлээс авч үзэх нь

Эгэл амьдрал сэтгэлийг хангадаг уу? 

Лам-рим Бодь мөрийн зэрэг сургаалыг ойлгоход байх хамгийн чухал зүйл нь түүнийг маш чин сэтгэлээс авч үзэх явдал. Ямар нэг зүйлийг чин сэтгэлээс авч үзнэ гэдэг нь энэ юу л бол хэмээн тэр талаар таагүй сэтгэлээр хандах эсвэл судлах явцдаа заримдаа түүгээр тоглоом тохуу хийхгүй байх гэсэн утгатай. Ийм утгатай биш. Харин энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэрэв бид энэхүү номын зам мөрийг дагах гэж байгаа бол зөвхөн тус зам мөр болон түүнийг дагаж эрдэмд хүрсэн тэдгээр хүмүүс төдийгүй өөрсдөдөө өндөр хүндэтгэлтэй байх гэсэн үг. 

Мөн түүнийг хөнгөн байдлаар бус харин “Хэрэв би өөртэйгөө ажиллан энэ зам мөрд орох гэж байгаа бол түүнийг зөв, хамгийн сайн аргаар хийхийг хүснэ” хэмээн бодох. Энэ нь түүний ач холбогдлыг үнэхээр ойлгох дээр суурилах ба тус ач холбогдол нь ердөө “гэгээн лам багш минь” эсвэл “ариун, ариун” гэх мэт зүйл дээр суурилахгүй. 

Энэ бол сүсэгт байх дан ганц зүйл биш. Харин бид өөрийн амьдрал, бидний эргэн тойронд буй бусад бүх хүмүүс, бидний мэдэх бүх хүн, бүр бидний танихгүй хүмүүс, гудамжинд таарах ядуу хүмүүс, гудамжны нохдыг хүртэл нийтэд нь авч үзнэ. Бид ажиллаж, ажиллаж, илүү, илүү их асуудлуудыг бий болгож байгаад дараа нь нас эцэслэх тэдгээр хүмүүсийн талаар бодно. Бидний мэдэх хүн бүр, тэднийг сайн мэдэх хэрээр бид тэд хэр баян чинээлэг эсвэл өнгөн талдаа баян чинээлэг, гадна талдаа хэр цаг үргэлж жаргалтай мэт харагдаж байсан ч тэд бүгд өөрийн гэсэн орчлон хорвоо, өөрийн гэсэн зовлонтой болохыг харна. Асуудлууд нь өөр өөр, гэвч зарим стандарт асуудлууд байна – нас өтлөх хэрээр гарах өвчин, хөндүүр гэх мэт бүхий л зүйл байна. Энэ бүхэн маш таагүй.

Эдгээр нь амьдралд байх бүх зүйл үү? Хэрэв энэ бүхэн амьдралын учир утга бол тэр үнэхээр таагүй, тийм биз дээ? Гэвч хэрэв энэ талаар ямар нэг зүйл үнэндээ хийх боломжтой, хэрэв оршихуйн энэ төлөвөөс гарах үнэхээр боломжтой бол энэ үнэхээр гайхалтай. Цаашлаад, хэрэв хүн бүр түүнээс гарч чадвал бүр илүү гайхалтай болно. Бид үүнээс гарах арга зам байна уу хэмээн эрж хайх хэрэгтэй. Зөвхөн сэтгэл ханах, сүрэгтээ байх боловч яваандаа нядлуулах сүрэг хонь мэт бус. Гарах зам байна уу, хэрэв байвал, энэ үнэхээр боломжтой эсэх талаар бид бодож үзэх хэрэгтэй.

Юуны түрүүнд бид тус нөхцөл байдлыг нухацтай авч үзэх хэрэгтэй: энэ бол бидний харж байгаа зүйл, үргэлжлэх зүйл, “Би үүнтэй хамт байсаар байх уу, эсвэл би түүнээс гарахыг хичээхийг хүсэх үү?” Энэ бол бидний ярьж байгаа гурван зам мөрийн эхнийх, магад гарах сэтгэл. Гэвч бид зам мөр гэж ярих үед, энэ нь ямар утгыг илэрхийлж байдаг вэ? Бид бидний дээгүүр нь алхаж явдаг замын чулуунуудын талаар яриагүй, харин нэг сэтгэлийн төлөв, тэр сэтгэлийн төлөвөөс гарах харилцах, үйлдэл хийх хэлбэр, тэр нь нэг зорилгод хүрэх зам мөр болох тэр сэтгэлийн төлөвийн талаар ярьж байдаг. Тэгэхээр, бидний эхний зорилго дээрх бүгдээс ангижрах. 

Миний өмнө хэлсэнчлэн бид үүнийг чин сэтгэлээс авч үзэх хэрэгтэй. “Хэрэв би түүнийг хийж, тэр зүгт явж чадвал амьдралд утга өгнө. Би амьдралдаа ямар нэг зүйл хийж байна, нас эцэслэхээ хүлээн зөвхөн нэг тойрог тойрон алхаж, эхэндээ сайхан боловч үнэхээр сэтгэл ханамж өгдөггүй жижиг, жижиг амгалан учралууд гэх мэт зүйлүүдийг эдлэхийг ердөө хичээх бус.” Хэрэв тэдгээр нь сэтгэл ханамж өгдөг байсан бол бид тэдгээрийг дахин дахин давтах шаардлагагүй байх байсан. Мөн бидэнд байх аливаа баяр баясгалан байхгүй болно; дараагийн мөчид бидний сэтгэл ямар байх, эсвэл юу тохиолдох талаар ямар ч баталгаа байхгүй. Тэр үнэхээр сэтгэл ханамжтай биш; тийм баттай биш. 

Бидний амьдралдаа цуглуулсан бүх тоглоом, материаллаг зүйлс гэх мэт эдгээр зүйлээр нас эцэслэх цагт бид юу хийх вэ? Тийм их зүйл хийхгүй. Эцэст нь, мөнгө, дээрээ тоо бүхий ердөө хэсэг цааснууд болно. Бид үүнийг нас эцэслэсний дараа нь үнэтэй эд зүйлс нь шууд хог болон хаягдаж байгаа олон хүмүүсээс хардаг. Утга нь юу юм бэ? Мэдээж, тэр сайхан байсан, гэвч амьдралын утга ингээд боллоо юу? Мэдээж бидэнд сайхан орчин, тохирох нөхцөл хэрэгтэй, гэвч бидний суурь хэрэгцээ хангагдах үед бидэнд илүү хэрэггүй. Төвөд хүмүүсийн хэлдэгчлэн бид ходоодоо зөвхөн боломжит хэрээр нь дүүргэж чадна; өөр рүүгээ хэр зэрэг их зүйл хийхэд нэг хэмжээ бий. 

Сэтгэлийн гурван зам мөрийг төлөвшүүлэх нь 

Энэхүү зам мөрийг дагахад өөрийн бүх хүчийг үнэндээ зориулахын тулд бид түүнийг чин сэтгэлээс авч үзэх шаардлагатай. Мэдээж бэлтгэл маш чухал бөгөөд үүгээр бид гэгээрэлд хүрэх зам мөр болох лам-римын эдгээр гурван сэтгэлийг төлөвшүүлэхэд үнэндээ хичээж чадах сэтгэлийн зөв төлөвийг бий болгоно. Хамгийн эхэнд бидний хийдэг бэлтгэлээс бүр энгийн зүйл нь сэдлээ засах. Тус сэдлийн төлөв бүхий сэтгэлд тэр сэдлийг төрүүлэх сэтгэл буюу сэтгэл хөдлөл, сэдлийн зорилго байна. Гэвч, бүх зүйлийг чин сэтгэлээс авч үзэхэд юу хамгийн их чухал вэ гэвэл тус зорилгод хүрэх нь боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй байх явдал. 

Мэдээж бид тэр зорилго юу болохыг ойлгосон байх ёстой – “гэгээрэл” гэх мэт ердөө нэг сайхан үг, энэ нь чухам юу гэсэн утгатай болох талаар тодорхой ойлголтгүй байх зэрэг бус. Хэрэв бид гэгээрэл юу болох талаар нэг тодорхой ойлголттой байвал бид сэтгэлийн энэхүү хоёрдох зөм мөр, бодь сэтгэлийг төлөвшүүлж чадна; энэ түүнд хүрэхэд зорьсон байна.

Жишээ нь, хэрэв бид нэг аяллаар явахыг хүсээд бидний явах газар хаана байх талаар тодорхой ойлголтгүй бол тэнд үнэндээ хүрэх бидний боломж маш бага байна, тийм биз дээ? Бид бүр зөв зүгт ч явахгүй байж болно. Тус зорилгод хүрэхэд бид тэр зорилго юу болох талаар үнэхээр, үнэхээр ойлгох төдийгүй, тэр нь хүрэх боломжтой гэдгийг ойлгосон бас бидэнд итгэл үнэмшил төрсөн байх хэрэгтэй; тийм биш бол, ямар учраас тэр аянд гарна гэж? Цаашлаад, бид тэр зорилгод хүрэх нь зөвхөн онолын хувьд боломжтой төдийгүй бид хувьдаа тэр зорилгод хүрэх чадамжтай гэсэн үнэмшил бидэнд төрсөн байх хэрэгтэй. Бидний олонх нь Бурханы шашин, Бурханы шашны бүтээлийг үйлдэж байсан ч бид “Би гэгээрэлд хүрэх боломжтой гэж үнэхээр бодож байна уу? Учир нь, хэрэв энэ боломжтой биш бол, би чухам юу хийгээд байна вэ? Ямар учраас би бясалгахыг оролдон, өвдгөө өвтгөн суугаад байна вэ?” хэмээн бодож түүнийг үнэхээр гүнзгий хараагүй байдаг. 

Гэгээрэлд хүрэх боломжтой гэсэн итгэл үнэмшил төрөхөд бидэнд сэтгэлийн энэхүү гуравдах зам мөр болох хоосон чанар буюу бодит байдлын талаарх ойлголт хэрэгтэй. Сэтгэлийн хамгийн чухал эдгээр гурван зам мөрийн талаар ярих үед – мэдээж тэдгээрийг төрүүлэх дараалал байна – эхнийх нь магад гарах сэтгэл, дараагийнх нь бодь сэтгэл, дараагийнх нь хоосон чанарын тухай ойлголт. Ялангуяа, хэрэв бид зохиол бүтээл туурвих, хүмүүсийг зам мөрөөр хөтлөх гэж байгаа бол бид тэдгээрийг нэгтгэн, бүр эхнээс эхлэн, алхам бүрээр тэдгээр гурвыг хамтад нь холбохыг хичээх хэрэгтэй. 

Бид сэдлээ засахаас эхлэх ба энэ нь миний хэлсэнчлэн нэг сэдлийн зорилго, тэр зорилгод хүрэхэд биднийг жолоодох нэг сэтгэл хөдлөлийг багтаана. Сэтгэлийн гурван чухал зам мөр бүгдээрээ энд холбоотой. Бид “Би тэр нь үнэхээр таагүй бас аймшигтай төдийгүй маш уйтгартай учраас түүнийг орхихыг хүсэж байна” гэж бодох утга бүхий би болон бусад хамаг амьтны байгаа энэхүү зовлонт нөхцөлөөс магад гарах хэрэгтэй. Энэ нь ердөө нэг тойрог тойроод яваад буй хэрэг. Бид нэг асуудлаас өөр нэгд хүрч, нэг эрүүл бус харилцаанаас нөгөө эрүүл бус харилцаанд орж, нэг уурлах тохиолдлын дараа дахин уурласаар байдаг. Энэ цааш үргэлжлэн, дахин дахин давтагдана. Хэчнээн уйтгартай вэ! 

Бид түүнээс буцаж, түүнийг орхихыг хүсэн, түүнээс чөлөөлөгдөх шийдвэр гаргах үе нь магад гарах сэтгэл. Ингээд бид “Би юунд хүрэхийг хүсэж байна вэ? Үр дүн нь юу юм? Зорилго нь юу юм?” хэмээн харна. Энэ зөвхөн түүнээс гарах бус. Үр дүн нь үнэндээ бусад хамаг амьтанд түүнээс гарахад нь туслах үүднээс гэгээрэлд хүрэх; энэ бодь сэтгэл.

Түүнд зорихын тулд бидэнд тэр нь үнэндээ хүрэх боломжтой гэсэн итгэл үнэмшил төрсөн байх хэрэгтэй. Үүнд эдгээр бүхий л уран зөгнөл, тусгалууд, бидний бүх асуудлуудын шалтгаан болох тэдгээр зүйлүүдийн аль нь ч бодит ямар нэг зүйлтэй холбогддоггүй гэсэн хоосон чанарын тухай ойлголт бидэнд хэрэгтэй. Жишээ нь, “хаа нэг газар цагаан морь унасан ханхүү эсвэл гүнж байх ба тэд надад туйлаас төгс хань болно. Тэд бүх талаар намайг нөхөж, тэдний амьдралд сонирхох цорын ганц зүйл нь би байна; намайг нөхөж, хором бүхэн, анхаарал бүхнээ надад өгч байна. Тэд туйлын төгс” гэх уран зөгнөл. 

Мөн бид хэн нэгнийг олоогүй байсан ч үүнтэй адил хэн нэгнийг олохыг тасралтгүй хичээж, эсвэл бүр нэг хань олсон байсан ч тэднийг тэр адил байхыг үргэлж хүлээн, хэрэв тэд тийм байхгүй бол үнэхээр уурлаж бухимддаг. Энэ нэг уран зөгнөл. Энэ ямар нэг бодит зүйлтэй холбогддоггүй. Энэ нь Өвлийн өвгөнд итгэхтэй ялгаагүй. Энэ бол хүүхдэд зориулсан нэг сайхан үлгэр, гэвч, уучлаарай, тийм зүйл байхгүй. 

Гэвч бид өөрийн үл мэдэх явдал, мунхгийн үүднээс тийм нэг хүн байна хэмээн итгэдэг – бид тийм хүн байхгүй гэдгийг бид ердөө мэддэггүй. Учир нь тийм хүн бодит байдалд байхгүй бөгөөд байгаа хэмээн итгэх үндэс суурь байхгүй. Энэ хүчин төгөлдөр биш; энэ ямар ч шинжлэлээр батлагдахгүй, тэгэхээр бидний төөрөлдсөн итгэл нь арилгах ёстой тэр зүйл. 

Тэгэхээр энэ бол хоосон чанарын ойлголтыг маш өнгөц харж буй хэлбэр; гэвч энэ нь эхлэх нэг сайн арга. Бид нэг газраас эхлэх хэрэгтэй, тэгэхээр ийм хэмжээний ойлголтоор бид “Тэгэхээр миний бүх асуудлуудын шалтгаан болж байгаа төөрөгдлөө арилгах боломжтой байж болох юм. Энэ нь нэг төрлөөс нөгөө төрөл дамжин үргэлжилж, энэ мэт нэг тойрог тойрон явахад хэрхэн нөлөөлдөг талаар нэг маш гүнзгий түвшинд үүнийг ойлгоогүй байж болно... гэвч байз даа, би үнэхээр хойд төрөлд итгэдэг гэж үү?” хэмээн эхлэн бодож болно. 

Энэ тийм хялбар асуулт биш. Бид өөрийн сэдлийг дахин батлах ердөө энэхүү эхний алхмын сэдлийн талаар ярьж, бүр энд тэдгээр гурван маш чухал сэтгэлийн зам мөрийг холбож үзэхийг хичээх үед, бид тэдгээр сэдлийн (хотол өдөөлт) тайлбарыг хэрхэн нухацтай авч үзэж байдаг вэ? Юунаас бид магад гарч байна вэ? Энэ бол ердөө энэ насны амьдралын асуудлууд биш. Богд Зонхов магад гарах сэтгэлийн эхний үе шат нь сайн төрлийн талаар бясалгах хэмээн үүнийг нэлээд тодорхой тайлбарласан. “Гэвч, хүүе, би дахин төрөлд итгэдэггүй. Би түүнийг ойлгодоггүй, тэгэхээр би одоо яах вэ?”

Ингээд бид лам-рим сургаалыг нэг алхмаар цааш ахиулан судлах ба түүнд бид хяналтгүй дахин дахин гарах төрлөөс өөрсдийгөө бүрмөсөн чөлөөлөхийг зорих хэрэгтэй хэмээсэн. Гэвч бид энд “Тэгэхээр би дахин төрлийн талаарх энэ бүх асуудлын талаар маш итгэлгүй байгаа бол түүнд би хэрхэн зорих вэ?” хэмээн бодно. 

Бага зэрэг цааш судлан, бид хамаг амьтанд хяналтгүй дахин дахин гарах төрлөөс чөлөөлөгдөхөд нь туслахыг хүснэ – энэ бол ямар учраас бид гэгээрэлд хүрэхийг хүсдэг тэр шалтгаан, ойлгож байна уу? Ингээд, “Би юунд зорьж байна вэ?” “Би өөрийн энэ насны амьдрал дахь бүхий л сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн асуудлуудаасаа гарахыг ердөө хүсэж байна. Түүнийг бид ердөө энэ насны амьдралын үйл хэрэггүйгээр хийж болохгүй гэж үү? Учир нь би энэ талаар үнэхээр сайн мэдэхгүй байна. Надад итгэлтэй санагдахгүй байна. За яах вэ, магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын ойлголтыг зөвхөн энэ нэг насныхаа тэдгээр чадлын хүрээнд ашиглая” хэмээн ердөө хэлэх нь бага ч гэсэн сайхан биш гэж үү?     

Бүр хэдий бидэнд энэ насандаа тийм зорилгод хүрч үнэндээ чадна гэсэн үнэмшил төрсөн байсан ч хэрэв бид өөрсдийгөө үнэнээр шалгаж үзэх юм бол бид түүнд үнэндээ сэтгэл хангалуун байна уу? Хэрэв уламжлалт эх зохиолуудад бүгдэд дахин төрлийн талаар ярьж байгаа бол ердөө “За, надад энэ хэсэг таалагдахгүй байна, иймд түүнийг орхицгоох уу? Ялангуяа энэ хэсэг надад таалагдахгүй байгаа учраас би тэр хэсгийг орхиж болох юм бол бусад хэсгийг яах вэ?” гэх нь үнэхээр зохимжтой юу? Бид тэдгээрийг бас орхих уу? Энд бид ямар дүгнэлт гаргаж болох вэ? 

Хэрэв бид өөрийг болон энэ бүх зүйлийг бүхэлд нь нухацтай авч үзэж байвал бид Бурхан багшийн хэлсэн зүйлийг нухацтай авч үзэх ёстой гэсэн дүгнэлт гарна. Тэрээр дахин төрлийн талаар ярьж байсан; үнэндээ, тэр нь сургаалын бүх хэсэгт гардаг мэт санагддаг, тэгэхээр бид “Тэр нь магадгүй миний ойлгохыг хичээх шаардлагатай нэг зүйл байж болно. Энэ чухал байж магадгүй” хэмээн бодох ёстой. Үүнийг би маш гол алхам, бидний хийх хэрэгтэй нэг чухал алхам гэж бодож байна, учир нь сургаалд Барууны бидний сэтгэлгээнд тийм сайн суухгүй олон зүйл байдаг. Эдгээр нь бидний шийдэх хэрэгтэй, “За, би шалгаж, юу болоод байгааг үнэхээр ойлгохыг хичээж, түүнийг ердөө нэг өнгөц түвшинд хүлээн зөвшөөрөхгүйгээр шалгаж үзэх ёстой юм байна” гэж бодох зүйл. 

Номын хялбарчилсан болон жинхэнэ утга 

Миний цахим хуудас дээр, Кока-кола зөөлөн, оригинал Кока-кола гэж байдгийн адил Номын хялбарчилсан болон жинхэнэ утга байх талаар олон удаа ярьсан нэг нийтлэл бий. 

Номын хялбарчилсан утга нь “Дахин төрөл гэх мэт энэ бүх зүйлийг орхичихъё; тэр ийм бодит биш. Номыг ердөө энэ насны амьдралын нөхцөлд хэрэглэе” гэх ийм ойлголт. Үнэндээ, хэрэв бид өөрсдийгөө үнэнчээр шалгаж үзэх юм бол, бидний хийхийг хүсэж байгаа зүйл өөрийн орчлон хорвоог бага зэрэг сайжруулах явдал л байдаг. Энэ нь Номын хялбарчилсан утга. 

Тэгэхээр, Номын хялбарчилсан утгын хоёр хувилбар байна. Нэг хувилбар нь “Дахин төрөл, там гэх мэт бусад зүйлүүд ердөө Ази хүмүүсийн итгэл, тэр танд үнэхээр сайн биш. Үүнд чихэр мэт зүйл байгаа. Номын хялбарчилсан утга – тэр бол хамгийн сайн” гэнэ. 

Номын хялбарчилсан утгын нөгөө хувилбар нь, үүнийг би илүү хүлээн зөвшөөрч болохуйц гэж үздэг ба үүнд “За, би дахин төрөл гэх мэт эдгээр асуултууд Номд маш чухал гэдгийг хүлээн авъя. Би түүнийг мөн үнэхээр сайн ойлгохгүй байгааг хүлээн авч, ялангуяа дахин төрлийн тухай ойлголтын хувьд, дахин төрөл авдаг тэр зүйл нь юу болох, би-гийн хоосон чанарын тухай сургаал болон түүнтэй холбоотой тэдгээр бусад бүх зүйлийг ойлгох хэрэгтэй болно хэмээн ухаарна. Учир нь “Хэдий би дахин төрөл гэх мэт тийм зүйл байдаг хэмээн хүлээн авч байсан ч хэрэв би тэр бүхнийг ойлгоогүй бол түүнд чин сэтгэлээс итгэл төрүүлэхгүй. Тэгэхээр Бурханы шашин дахин төрлийн тухай ярих үедээ тэд чухам юуны тухай ярьдгийг би үнэхээр ойлгох ёстой. Энэ нь нэг биеэс нөгөө биед орох нэг сүнс биш гэдэг нь тодорхой – энэ нь тэдний хэлж байгаа бүх зүйл биш. Иймд би Номын хялбарчилсан утгыг гарааны дэвсгэр, зам мөрийн дагуух ердөө нэг үе шат болгон судалъя. Өөрөөр хэлбэл, би өөрт үнэнч байж, Ном үзэх энэ үе шатанд миний үнэхээр нухацтай байж болох ганц зүйл энэ насны амьдралын нөхцөлд өөрийг дайчлахыг хичээх явдал; энэ нь миний өөрийн хүч, сэтгэлийг зүрх сэтгэлдээ гүнзгий зориулж чадах ганц зүйл” хэмээнэ. 

Цаашлаад, “Би дахин төрлөөс чөлөөлөгдөж, хамаг амьтанд дахин төрлөөс чөлөөлөгдөхөд нь туслахыг зорих нь одоогоор надад зөвхөн үг төдий байна. Надад үнэхээр тэгж санагдаж, би тэгж бодож чадахгүй байгаа тул би дүр эсгэхийг хүсэхгүй байна. Би түүнийг үнэхээр ойлгохгүй байна, иймд энэ үе шатанд би хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээс хандахыг хүсэж байгаа тул сэтгэл зүйл болон оюуны хувьд хийж чадах тэр нөхцөлийн хүрээнд хичээе. Би энэ бүх зүйлийг нийтэд нь чин сэтгэлээс авч үзэх боловч энэ нь зөвхөн нэг үе шат гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрнө; энэ үе шат бол бүтээл үйлдэх эцсийн хэлбэр биш.”  

Ингээд, “Би сургаалын бүр хаа сайхгүй гарах эрдэнэт хүний төрөл, эхлэл үгүй төрөл, бид бүгд нас эцэслэн, дахин төрнө гэх эдгээр ойлголтууд үнэхээр маш, маш чухал учраас дахин төрлөөс эхлэх тэдгээр илүү хэцүү ойлголтуудын заримыг ойлгохыг хичээнэ. Эхлэл үгүй төрлүүдийн нөхцөлд, одоо бид энэ эрдэнэт хүний төрөл авсан байгаа нь нэг ховор учрал болох нь дахин төрлийн ойлголтгүйгээр ямар ч утгагүй болно; энэ бүхэлдээ дахин төрлийн ойлголт дээр суурилна. Би түүнийг үнэхээр ойлгохыг хичээх болно” гэнэ. 

“Хэдий би эдгээр гурван хамгийн чухал зам мөрийн сэтгэлийн талаар судалсан ч, би дахин төрөл гэх мэт эдгээр гол асуултуудын талаар эргэж судлах хэрэгтэй, учир нь үнэндээ би тэдгээрийг хэр сайн ойлгосон бол? Энэ нь нэг зэргэлсэн (шаталсан) Номын зам мөр хэмээн түүнийг үнэхээр чин сэтгэлээс авч үзнэ. Миний орохыг хүсэж байгаа, орох хэрэгтэй дараагийн үе шатуудыг би харна. Ийм байдлаар би одоо Номын хялбарчилсан утгын дагуу суралцаж байгаа, учир нь энэ одоо миний ойлгож чадах зүйл, би бусдыг дараа харна.” Ингэж бол бүрэн болно. Ийм хандлагаар, Номын хялбарчилсан утга тохиромжтой; энэ тохирох уух унд. 

Энэ бол миний энэ үдшийн бидний эхний уулзалтаар ярилцахыг хүссэн зүйл байлаа. Учир нь миний хэлсэнчлэн энэ нь “За, энэ бол миний одоо байгаа түвшин. Би эхлэн суралцагч эсвэл хэсэг хугацаанд суралцсан хүн аль нь ч байсан үүнийг нухацтай авч үзэх ба энэ миний өөрийн сургаалын хүрээнд хаана байгаа, юу хийж байгаагаа харах нөхцөл.” Учир нь хэрэв бид энэ бүх зүйлийг өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглэхийг хичээх гэж байгаа бол түүндээ чин сэтгэлээс хандаж байх ёстой. Энэ нь бидний үнэхээр сэтгэлээс, баттай суурин дээр мэдрэх нэг зүйл байх ёстой.

Энэ үнэхээр гайхалтай, үнэхээр өндөр түвшний зүйл хэмээн дүр эсгэж, “Би хамаг амьтныг гэтэлгэхээр хичээж байна” хэмээн хөөрөхгүй байх дээр суурилна. “Би үнэхээр ертөнцийн бүх жоомыг хяналтгүй дахин дахин гарах төрлөөс чөлөөлөхийг хичээж байна уу? Энэ миний үнэхээр чин сэтгэлийн угаас хүсэж байгаа зүйл үү?” хэмээн шалгана. Бид жоом тус бүр урд нэг насандаа бидний эх байсан хэмээн итгэх сэдлээр үнэндээ өдөөгдөж байна уу гэх асуултаар эхэлнэ. Үнэхээр, энэ тухайд бид хэр чин сэтгэлээс хандаж байна вэ? Урд төрөлдөө тэд бүгд бидний эх болж байсан учраас бид тэд бүгдийг гэтэлгэхийг хүсэж байна уу? 

Энэ бүхнийг бид өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэх учраас хэрэв бид хийж байгаа зүйлийнхээ бүх хам нөхцөлийг ойлгож, “Одоо би ямар түвшинд байна вэ?” хэмээн өөрөөсөө шударгаар асуух юм бол энэ нь тодорхой үр дүнтэй болж эхэлнэ; зарим нөлөө үзүүлнэ. Энэ тухайд бодитой хандах нь маш чухал. Орчлонгийн хамгийн ерөнхий шинж чанаруудын нэг нь энэ нь өгсөж, уруудаж байдаг явдал бөгөөд энэ нь уртаас урт хугацааны дараа биднийг гэтэлсэн төрөлхтөн, нэг архад болох хүртэл үргэлжилнэ. Заримдаа бидэнд ном судалмаар санагдана, заримдаа үгүй. Энэ нь заримдаа сайн явагдана, заримдаа үгүй. Орчлонгоос бид юу хүлээх вэ? 

Энэ нь бидний ном үзэж, унших тарни бүрээр орчлон хорвоо сайжраад, сайжраад байдаг юм биш. Энэ нь шулуун дардан маягаар хэзээ ч явагдахгүй. Хэрэв бид энэ талаар бодитой хандвал бүр юмс сайн явагдахгүй байгаа үед ч, энэ бидний хүлээх хэрэгтэй зүйл; бид ердөө л үргэлжлүүлнэ. Тэр хамаагүй. Тэр гол нь биш. Бид “Би ердөө хүчин чармайлтаа хадгалахыг хүсэж байна” хэмээн бодох хэрэгтэй ба энэ үед тэр нь илүү тогтвортой байна. Бид зөвхөн ямар түвшинд байгаадаа үнэхээр шударга байх дээр л үүнийг хийж чадна. 

Дээрхийн гэгээн Далай ламын үргэлж хэлдэгчлэн өөрийн ахицыг зөвхөн нэг богино хугацааны суурин дээр үнэлэхгүй, харин хэд хэдэн жилийн хугацааг хараарай. Хэрэв бидний байгаа байдлын ерөнхий хандлага, жишээ нь, гурав эсвэл таван жилийн өмнө ямар байсан, хэдий нь энэ нь өдөр тутам өгсөж, уруудаж байж болох ч бидний одоо байх байдал сайжраад байгаа бол бид ямар нэг зүйл үр дүнгээ өгч байна гэж мэднэ. Ид шид хэзээ ч бүү хүлээ. 

Бидэнд асуулт, хариултын жаахан хугацаа үлдсэн байгаа болов уу.   

Асуулт, хариулт

Би нэг эхлэн суралцагч, гэвч таныг “Ид шид бүү хүлээ” гэж хэлэхдээ ямар утга санаа илэрхийлснийг мэдэхийг хүслээ. 

Ид шид гэдэг нь бид ид шидийн үг, тарни унших, эсвэл илбэ хийснээр гэнэт бидний бүх асуудал байхгүй болно гэх санаа байж болно. Бид ихээхэн хөдөлмөр, хүчин чармайлт гаргахгүйгээр өөрсдийн дахин дахин гарах асуудлуудаас үнэндээ чөлөөлөгдвөл энэ их хялбар болно. Эсвэл нэг гаднын хүч биднийг аварч, бид ямар нэг зүйл өөрсдөө хийх шаардлагагүй хэмээн итгэх. Эдгээр нь ид шид. Ер нь бол тийм зүйл болдоггүй. Энэ нь Бурханы шашинд байх маш гол зүйл: юмс шалтгаангүйгээр бий болдоггүй. 

Бурхан багшийн амьдарч байсан цаг үед түүнийг өөрийн гэгээрэлд хүрэхэд тусалсан гэгээрэлд хүрэх замын мөрийн эдгээр сургаал, түүний хэсгүүд байсан уу? 

Энэ хялбар бодож, хялбар ойлгох байдлаар хариулахад хэцүү асуулт. Би хариултыг өгье, гэвч хариулт танд тийм хангалттай биш байж болно. Бурханы шашин эхлэл үгүй сэтгэлийн үргэлжлэлүүдийн тухайд авч үздэг. Үүнийг ойлгохын тулд бид шалтгаан ба үр дагаврын тухай бүхэл сэдэвт орох хэрэгтэй. Тэгвэл үргэлжлэлүүд хэрхэн туйлын нэг эхлэлтэй байж болох вэ? Цаашлаад агшнаас агшинд өөрчлөгдөх үргэлжлэлүүд ердөө юу ч байхгүйгээс эхэлж эсвэл нэг туйлын эхлэл авч чадахгүй. Учир нь хэрэв бид хэн нэгэн бүтээгдсэн гэж хэлбэл тодорхой нэг том хүч түүнийг бүтээсэн, тэгэхээр тэр том хүч эхлэлтэй байсан уу? Эсвэл хэрэв тэр том хүчинд эхлэл байгаагүй бол бид эхлэл үгүй хэвээр үлдэнэ. Эсвэл өмнө юу ч байгаагүй гэсэн ойлголтын хувьд тэр хоосон нь нэг эхлэлтэй байсан уу? Үгүй, тэр үргэлж байсан. Аль ч байдлаар бид энэ тааврыг шийдвэрлэсэн  ч эхлэл үгүй гэх асуулттай эцэстээ нүүр тулахаас өөр аргагүй. Энэ үүднээс анхны Бурхан багш гэж байхгүй, иймээс сургаалууд, арга замууд үргэлж байсаар байсан. 

Миний хэлсэнчлэн энэ ойлгож эсвэл хүлээн зөвшөөрөхөд тийм хялбар хариулт биш боловч, асуулт ийм байсан. Бурхан багш түүний цаг үед амьдарч байсан өөр нэг Бурхан багшийн дэргэд очиж, түүнээс суралцаагүй, ийм зүйл болоогүй. Мэдээж, Бурхан багшид дэргэд нь суралцсан багш нар эхэндээ байсан, гэвч тэрээр тэдний зааж байсан зүйл тийм гүн байгаагүй тул өөрөө бясалгаж, тэр бүхнийг ойлгосон. Тэгэхээр, тэрээр энэ бүхнийг ердөө зохиосон уу? Хэдийгээр бид үүнийг Барууныхны хэлдгээр “Тэр түүнийг бодож олсон байна. Тэр нэг суутан” гэх байдлаар харж болох боловч энэ нь Бурханы шашинд нийцэх хангалттай хариулт биш.   

Бурханы шашны хувьд бид “За яах вэ, Бурхан багш эдгээр зүйлүүдийг өмнөх төрлүүддээ тухайн цаг үед байсан багш нараас сурсан. Тэдгээр санаанууд, энэ ойлголт – тэр ийм зүйлүүдийг урд нь судалсан, одоо ингээд эцэст нь түүнд ойлгомжтой боллоо – гэсэн нэг шалтгаан дээр суурилж төрсөн” гэж хэлж болно. 

Хэрэв бид Бурханы шашны аливаа асуултуудыг ингэж харж эхэлбэл бид өнгөц хариултуудыг л авч болно. Гэвч бид улам, улам илүү гүнзгий судалж үзэх юм бол бүх зүйл улам, улам гүн утгатай болж эхэлнэ. Чийдэнгийн шил үргэлж байсан билүү? Чийдэнгийн шилийг зохион бүтээсэн хүн түүнийг хэрхэн хийхийг зарим өмнөх төрөлдөө суралцсан уу? Энэ бидний ярьж байгаа зүйл үү? 

Бид нягталж үзнэ. Бид зарим тайлбарыг шууд хүлээн авалгүй, “За тэгэхээр, энэ тийм байж болох уу?” хэмээн харахыг хичээдэг. Миний хэлсэнчлэн энэ асуулт нэг мэдлэгийн тухай, бид юмсыг хэрхэн мэддэг тухай нэг бүхэл бүтэн асуултад улам, улам гүнзгий хөтөлж болно. Энэ нэг шалтгаанаас үүссэн үү, эсвэл үгүй юу? Энэ бол гол суурь асуулт. 

Бид асуулт асууж, хариулт авах ба хариулт нь “Өө за, Бурхан багш үүнийг бодож олсон юм байна. Тэр их ухаантай, үнэхээр их хичээн, түүнийг бодож олсон байна” гэх байдлаар хариулт маш энгийн сонсогдож магадгүй гэдгийг харуулах хүссэн учраас би зориуд ийм байдлаар хариулж байна. Гэвч бид эдгээр төрлийн хариултуудаар сэтгэл хэзээ ч ханадаггүй. Энэ нь “За, би одоо энэ хэсгийг ойлгож чадлаа; Би тэр хариултыг хүлээн авч болно. Болж байна, би үүнд баяртай байна” гэж бодох Номын хялбарчилсан утгатай адил мэт зүйл. Хамаагүй нарийн цогц, бүх санаан дээрээ олон олон ойлголтуудыг багтаасан илүү гүнзгий тайлбарууд бий гэдгийг санаарай. 

Гэвч “Би ойлголтын дараагийн түвшинд хүрэх үедээ энэ асуултыг дахин асууж, түүнийг илүү гүнзгий түвшинд харж болно” гэж бодох хэрэгтэй. Энэ миний гаргахыг хүссэн санаа. Номын маш чухал нэг зүйл нь ойлголтын хамгийн супер түвшиндээ хүрэх хүртэл өөрийн ойлголтын түвшинд хэзээ ч сэтгэл ханахгүй байх. Бид тэдгээрийг үргэлж нэг илүү түвшинд ойлгосоор байдаг. Үргэлж өөр нэг гүнзгий түвшин байна. Хэрэв бид Төвөд хүмүүсийн дунд байх Бурханы шашны их багш нарыг харах юм бол – тэд аль хэдийн маш өндөр настай болсон байх боловч – илүү эрдэмтэй багш нарын айлдварт суусаар байдаг. Тэд илүү гүнзгий ойлгох үүднээс үргэлжлүүлэн суралцсаар, ахиц гаргахаар хичээсээр байдаг.  

Ердөө сүүлийн нэг үг, сүүлийн нэг жишээ. Дээрхийн гэгээн Далай ламын багш байсан Трижан Ринбүүчи настай байх үедээ Богд Зонховын Их бодь мөрийн зэрэг бүтээлтэй холбоотойгоор “Би тэр номыг хэдэн зуун удаа уншсан, ингээд унших бүрдээ би түүний талаар улам илүү гүнзгий ойлголтыг авч байсан” хэмээн байнга хэлдэг байсан. Тэрээр түүнийг өөрийн амьдралын туршид хэдэн зуун удаа уншсан, энэ бол Ном үзэх тэр арга.  

Top