Лам-рим сургаалын “Номын үндсэн” болон “хялбарчилсан” утга

Сургаал ном сонсохын өмнөх зэхэл

Энэ удаагийн сургаал номоо зэхэл бүтээлээр эхэлье. Сэтгэлээ тогтуун тайван болгох үүднээс эхлээд бид амьсгал дээрээ төвлөрдөг. Хэрэв сэтгэл их сарнисан байвал амьсгалаа тоолдог, харин харьцангуй тайван байвал ердөө хамраар орж, гарч байгаа амьсгал дээр төвлөрдөг.

Ингээд бид юунд зорьж байгаагаа бататгахаар сэдлээ нягталдаг. Бид энд өөрсдийн асуудлууд, тэдгээрийн шалтгааныг даван гарч, өөрсдийн бүхий л нөөц боломжоо олж харахын тулд өөр дээрээ ажиллах тийм амьдралын аюулгүй, эерэг зүгт явах алхам хийхээр ирсэн. Бидний энэ зорилгод хүрэхэд тус болох зам мөрийн үе шатууд, ламримд, суралцахыг хүссэн. Бид энэ бүхнийг дараа дараагийн төрлөө алгуур сайжруулан, улмаар бүх зовлонгоос бүрэн гэтэлж, цаашлаад гэгээрэлд хүрэх эхний алхам болгож, энэ насны амьдралаа сайжруулах сонирхолын үндсэн дээр, “Номын хялбарчилсан” түвшинд хийж болох юм. Энэ нь мэдээж дараа төрөл, гэтлэхүй (орчлонгийн зовлонгоос бүрэн ангижрах), гэгээрэл гэдгийн утгыг хамгийн энгийнээр ойлгох эсвэл наад зах нь энэ бүхнийг ойлгохын чухлыг хүлээн зөвшөөрч, ойлгохыг оролдох зорилготой байгаа тохиолдолд бодит зүйл болно. Эсвэл өөрөө хянаж чадахгүйгээр дахин дахин төрөл авах явдлыг зогсоож, Бурханы буюу гэгээрлийн төлөвт хүрч, түүгээрээ бусдад бас тэр төлөвт хүрэхэд нь туслах гэсэн “Номын үндсэн” утгаар энэ сургаалд суралцаж болно. Ямар түвшинд суралцаж байгаагаас үл хамааран бид энэ бүхэнд зөвхөн өөрсдийн тусад биш харин хүн бүрт хамгийн сайн тус болох зорилготой байх ёстой.

Бүр тодруулбал бид энд Бурхан, Ном, Хуврагын заасан аюулгүй зам мөр болох бодь мөрийн зэргийн сургаалд суралцахаар ирсэн. Өөрөөр хэлбэл бид Номын авралын зам мөрөөр явж байна. Номын аврал гэдэг нь бидний асуудлууд болон тэдгээрийн шалтгааныг (жинхэнэ) зогсоох сэтгэлийн (жинхэнэ) зам мөр буюу бүх асуудлыг бодитой зогсоож, бүх нөөц боломжоо бүрэн ашиглах боломж олгодог бодит байдлын талаарх жинхэнэ үнэн ойлголт юм. Мөрийн зэрэгт суралцах нь Бурхан багшийн бүрэн гүйцээсэн, Хутагтууд (бодит байдлыг онож таньсан хүмүүс) хагаст нь хүрээд байгаа тэрхүү зам мөрөөр явахад бидэнд тусалдаг юм. Бид бусдад тэдний жинхэнэ асуудлууд, тэдгээрийн жинхэнэ шалтгаануудыг зогсооход нь туслах, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс үүнийг хийдэг. Тэдэнд бүх боломжоор туслахын тулд бид Бурханы хутагт хүрэх хэрэгтэй. Үүнд бас бодь сэтгэлийн сэдэл байдаг. Товчоор хэлбэл бид хүн бүрт маш сайн туслахын тулд бодь мөрийн зэргийн сургаалд суралцахыг хүсдэг.

Сэтгэлдээ ийм зорилготойгоор бид долоон гишүүнт соёрхол залбирлыг тавьдаг (уншдаг). Эхлээд бид мөргөлийг төсөөлөх байдлаар хийнэ. Энэ зам мөрөөр явж зорилгоо биелүүлсэн тэдгээр хүмүүсийг хүндэтгэж, бодь сэтгэлийн үүднээс хүрэхээр зорьж байгаа өөрсдийн ирээдүйн гэгээрлийг хүндэтгэж, мөн энэ зорилгод хүрэх боломж бүхий өөрсдийн Бурханы мөн чанараа хүндэтгэж энэ зам мөрд бид өөрсдийгөө бүрэн оруулж байгаа юм.

Тахил өргөнө. Өөрсдийгөө улам улам цааш хөгжүүлж түүгээрээ бусдад хамгийн их боломжоор туслахад бүхий л зүйлсээ – цаг, эрч хүч, зүрх сэтгэлээ – өргөхөд бид бэлэн байдаг.

Сажийн урсгалын их бүтээлч Чогел Пагпагийн үйлддэг байсны адил бид өөрсдийн бүтээлийн өөр өөр талуудаар бясалгалын өргөлийг өргөдөг. Бидний уншсан, судалсан бүх бүтээлийг бусдын тусад өргөдөг ба ингэхдээ тэдгээрийг рашааны хэлбэрээр өргөдөг. Суралцаж буй бүхнээ бид бусдад туслахад ашиглахыг хүсдэг. Үүний дараа уншиж судалсан бүхнээс олж авсан мэдлэгээ цэцгийн хэлбэрээр өргөнө. Энэ мэдлэг дээрээ тулгуурласан бясалгах дадлагаа хүжний анхилуун үнэрээр, энэ дадлагаар олж авсан ойлголтуудыг зулын гэрлээр төлөөлүүлж өргөдөг. Энэ ойлголтуудаар батажсан үзлийг үнэрт усаар, энэ үзэл дээр суурилан тогтоож чадах, ямар ч эргэлзээгүй төгс төвлөрөлийг идээ тахилын (балин) хэлбэрээр өргөнө. Ингээд энэ бүгд дээр суурилсан өөрсдийн бусдад хүргэх тайлбарыг яруу эгшгийн (хөгжим) хэлбэрээр өргөдөг.

Өргөлийн дараагаар, амьдралд энэ зам мөрөөр явахад бэрхшээлтэй байгааг бид үнэнч шударгаар хүлээн зөвшөөрдөг. Ихэнх тохиолдолд бид сургаал номыг хэрэгжүүлэхгүй байгаа мэт санагддаг. Ямар учраас сургаалыг хэрэгжүүлэх хэрэгтэйг бид ойлгодоггүй. Бид уурлаж бухимдах, аливааг зөвхөн өөрийгөө бодож хийх, шунах, хүсэж хүлэгдэх гэх мэт хандлагтай байдаг. Заримдаа амьдралд юу хийж байгаагаа мэдэхгүй байдаг. Үүндээ харамсдаг. Ийм байдалтай байхыг бид үнэхээр хүсдэггүй. Энэ бүхнийг даван гарч тэдгээр зүйлийг давтахгүй байхыг хичээе. Ингээд өөрсдийн дагаж буй эерэг зам мөрөө дахин бататгаж, мөрийн зэргээс суралцсан бүхнээ тулгарсан асуудал, бэрхшээлүүдийг даван туулах ерөндөг болгож хэрэглэхийг бид хичээе.

Үүний дараа, өөрийн чадварыг хөгжүүлж, бэрхшээлүүд болон түүний шалтгааныг даван гарах нөөц бололцоогоо мэдэх, Бурханы чанар – гэгээрэх мөн чанар бидэнд байдагт бид баярладаг. Сэтгэлийн мөн чанар нь хиргүй, цэвэр байдаг бөгөөд бидний төөрөгдөл (буруу ойлголт), асуудлууд сэтгэлийн угт байдаггүй. Тэдгээр нь тамхи татдаг хүний амьсгалаас гардаг үнэртэй адил гадаад хүчин зүйлийн нөлөөтэй, түр нэг бий болоод арилж байхгүй болдог. Тэд бол бидний сэтгэлийн өөрийн мөн чанар биш юм. Бид бүгд Бурханы мөн чанартай; бүгд өөрсдийгөө хөгжүүлэх чадвартай. Бид үүндээ баяртай байх хэрэгтэй.

Бид бас өөрсдийн Бурханы чанар, бүх нөөц боломжоо олж таньсан их номын бүтээлчид болон Бурхадад даган баясдаг. Хэрхэн энэ зам мөрөөр явахыг зааж өгсөнд нь баярлаж “Ямар гайхалтай юм бэ!” хэмээн талархалаа илэрхийлдэг.

“Би ном үзье. Ном сургаал үзэх үнээр хэрэгтэй. Бусдад болон өөртөө тус болж чадах чадварт суралцъя” гэсэн үүднээс тэднээс Ном тавихыг хүсдэг.

Үүний дараа энэ бүхэнд чин сэтгэлээсээ хандаж байгаагаа илэрхийлээд “Биднийг гэгээрэлд хүртэл саатан морилно уу!” хэмээн өлмий бат оршихыг ерөөдөг.

Эцэст нь энэ зэхэл бүтээлээр олж авсан ямар нэг ойлголт, эерэг эрч хүч болон энэхүү зэхэл бэлтгэлийн дараа сонсох сургаал ном, тэдгээрийг дадуулах энэ бүхэн нь Бурханы хутгийг олж хүн бүрт бодитой туслах шалтгаан болох болтугай. Энэ бүгд нь ердөө нэг орчлонгийн ажил, үйлийг тэтгэх шалтгаан битгий байгаасай гэдэг.

Ингээд бид сургаалыг сайн анхааралтай сонсохоор шийдвэр гаргадаг. Хэрэв анхаарал сарнивал, буцааж авчирна. Хэрэв нойрмогловол өөрийгөө сэргээнэ. Сэтгэлээ илүү хурц цэлмэг байхад нь туслах үүднээс суух байдлаа засаж биеэ цэх боловч хэт чангалахгүй сууна.

Хэрэв энерги (эрч хүч) бага зэрэг сул байвал толгой цэх, нэг түвшинд боловч нүдээрээ дээш харж хөмсөгний хоорондох цэг дээр төвлөрнө.

Хэрэв сэтгэлийн ямар нэг шаналалтай байгаа бол энергиэ (эрч хүчээ) дотогш авчрах хэрэгтэй. Ингэхийн тулд толгой цэх боловч нүдээрээ доош харж, амьсгалаа хэвийн авч өөрийн барьж чадах хугацаагаар бариад гаргана.

Эдгээр зэхэл бүтээлийг ердөө нэг хоосон зан үйл төдийд хийх бус тэдгээрийн ач холбогдлыг үнэхээр сайн ойлгосон байвал үүнд бид сэтгэлээ бүрэн зоиулан хийж түүнээсээ маш их урам зориг авдаг. Энэ бүхэн бол хэн нэгнийг тахин шүтэх үйл биш, үнэхэээр бидний эрч хүчийг зөв зүгт чиглүүлж өөрсөд дээрээ ажиллах, суралцах, ахиц дэвшил гаргах хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг бүтээл юм. Энэ нь бүтээлийн гол ач холбогдол бөгөөд “зэхэл” гэж нэрлэдэгийн учир нь ч энэ юм. Бодь мөрийн зэргийн сургаалд суралцах болон бусад байдлаар мөрийн зэрэг дээр үйл бүтээл хийх бол ийм төрлийн зэхэл бүтээл хийж бясалгалаа эхлэхийг чухалчилдаг. Энэ нь бясалгахад сэтгэлийг үнэхээр сайн бэлдэж өгдөг. Бид ямар нэг зүйл сурч, ойлгохыг хүсэж байгаа бөгөөд эдгээр зэхэл үйлээр бид сэтгэлээ түүндээ оруулдаг. Үүнээс цааших бясалгалыг хийж чадахгүй байсан ч эдгээр бэлтгэл үйл нь өөрөө өдөр тутмын маш тустай бүтээл болдог.

Top