Тарни унших олон хэлбэр байдаг. Тэдгээр хэлбэрүүдийн нэг нь дуу гаргаж унших байдаг бол өөр нэг нь сэтгэлтэй холбоотой. Тухайн тарнийн үсгүүдийг дүрслэх байдлаар унших эсвэл тэдгээр үсгүүд дуу гаргаж байгаагаар дүрслэх арга байна. Тарни унших өөр өөр аргууд бүхий уртаас урт жагсаалт байдаг. Илүү гүнзгий авч үзвэл бид өөрийн бие, хэл, сэтгэлийг тарниар засахыг хүсдэг. Зөвхөн бидний бие, сэтгэл хоёр ч биш, эсвэл сэтгэл дангаараа ч биш. Хэл нь харилцааны хэрэгсэл учраас үнэндээ нэлээд чухал. Хэрэв бид бусдад туслах, бусдад сургаал айлдах бол тэдэнтэй харилцах шаардлагатай болно; ингээд бид хэлийг хэрэглэнэ.
Ийнхүү нэг түвшиндээ тарнийг дуу гаргаж унших нь наад зах нь хэлийг ямар нэг эерэг зүйлд чиглүүлнэ. Бид биеийн хувьд тодорхой байдлаар сууж, ямар нэг Бурханы дүрийг дүрсэлж, тарнийг унших ба сэтгэлээ энэрэн нигүүлсэх сэтгэл, сэтгэлийн тодорхой чанар эсвэл тухайн бясалгал юу илэрхийлж байгаа түүн дээр тогтоох байдлаар тэдгээрийг уялдуулдаг. Тэгэхээр энэ нь бие, хэл, сэтгэл – гурвыг холбох нэг арга.
Өөр нэг илүү гүнзгий түвшиндээ тарни нь амьсгал мөн энергийг хамарна. Бурханы шашны авч үздэгээр амьсгал болон биеийн энерги хоёр маш нарийн холбоотой. Тарни нь амьсгал болон биеийн энергид тогтсон хэмнэл өгөх ба энэ нь тархины үелзэл гэх зэрэгт тодорхой тустай. Тэгэхээр хэрэв бид тарнийг энергид илүү тогтвортой хэмнэл өгөх тэр түвшинд уншиж байвал түүнийг дуу гарган эсвэл сэтгэлдээ уншиж байгаагаас үл хамааран тэдгээр нь төстэй үр дагавартай гэж би бодож байна. Үүнийг би зөвхөн өөрт төрсөн сэтгэгдлийн үүднээс ярьж байгаа хэдий ч тэдгээр нь сэтгэлийг адилхан тайвшруулах ба жишээ нь сэтгэлийг ялгаагүй илүү хурц болгоно гэж би бодож байна.
Харин хамгийн гүнзгий түвшиндээ тарни нь амьсгал, энергийн төлөвтэй ажиллахтай холбоотой. Та тарниар амьсгалдаа, тэр нь эргээд энергид нөлөөлснөөр биеийн хий болон энергийг хянах боломжтой болж тэдгээрийг та төв судал уруу авч ирж чадах юм. Тэгэхээр таны зорьж байгаа зүйл бол нэг үгээр хэлбэл амьсгалтай ажиллах бөгөөд үүнийг тодорхой тарниар, маш, маш гүнзгий тодорхой бүтээлээр хийх ба хийг төв судалд оруулснаар та тод гэрлийн сэтгэлд илүү хялбар хүрэх боломжтой болж тэр нь хоосон чанар зэргийг ойлгох хамгийн таатай нөхцөл болно.
Тэгэхээр нэг түвшиндээ амьсгалтай ажиллахад тус болдог зүйл нь тодорхой хэмжээгээр дуу гаргах явдал бөгөөд энэ нь тийм чанга байх албагүй. Мэдээж тарни унших олон хэлбэр байх ба тэдгээр нь чанга байж болно, сул зөөлөн байж болно, аялгуутай байж болно гэх мэт. Гэвч гүнзгий түвшинд хийх шаардлагатай ганц зүйл нь амьсгалыг жолоодох бөгөөд энэ үед та түүнийг шивнэх төдий уншиж болно. Нэг үгээр хэлбэл энэ нь ердөө амьсгалыг жолоодох явдал бөгөөд тарни нь сонсогдох шаардлагагүй.
Ингээд тарни унших ихэнх тохиолдолд тарнийн үсгийн хэлбэрийн дагуу амаа хөдөлгөх төдий, зөвхөн өөрт сонсогдох байдлаар бага зэрэг дуу гаргаж уншихыг зөвлөдөг. Ингэснээр бид бусдад саад болохгүй. Гэтэл сүм хийдээр явах үед тэд хоолойнхоо дээд өнгөөр тарнийг дуудан уншиж байгаатай таардаг боловч сударт дурдсан онолын хувьд ердөө өөртөө тааруулан амьсгалтайгаа ажиллахыг зөвлөсөн байдаг. Тэгэхээр тарнийг сэтгэлдээ унших нь хэрэггүй, эсвэл тэр нь хүч багатай гэсэн үг биш, энэ нь ердөө өөр нэг хэлбэр юм.
Тарни нь ойлгоход маш, маш хэцүү сэдэв гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд тэдгээрийг ид шид бүхий үгсийн хүрээнд хамруулан ойлгож болохгүй. Ялангуяа төвөд хүмүүс санскрит тарнийг буруу дууддаг, монголчууд бүр өөр болгон дууддаг, хятад, япончууд тарни уншиж байгаа үед тэд ямар тарни уншиж байгааг таних боломжгүй гэх мэт байдаг хэдий ч тэд тарниар эрдэмд илэрхий хүрдгээс шалтгаалан чухам тэд юу хэлж байгаа талаар гайхахад хүрдэг. Энэ хялбар сэдэв ердөө биш. Дээрхийн гэгээн Далай лам, хэдийгээр төвөдүүд “Ум важрасаттва” гэхгүйгээр “Ум бэнзасато” гэж санскрит хэлийг өөрсдийнхөөрөө өөрчлөн дууддаг гэсэн хэдий ч хэрэв чадаж байвал барууны хүмүүсийн адилаар эх санскрит хэлтэй нь аль болох ойр хэлэхийг илүү дээр гэж зөвлөдөг. Гэвч олон төвөд багш нар барууны шавь нараа тэдний дууддагийн адилаар дуудахыг илүүд үздэг. Тэгэхээр бүх зүйл багшаас шалтгаална.
Авшиг хүртэх үед бид тарни тоолох үүрэг хүлээдэг. Тэгэхээр тэдгээр тарнийг өдөр тутмын бясалгалынхаа үеэр биш нийтийн тээвэр гэх мэт газруудад уншиж болох уу? Тарнийг бүхий л өдрийн турш унших нь зөв үү?
Юуны түрүүн бидний Номын бүтээл бясалгал хийдэг өрөө гэх мэт тодорхой орчноор хязгаарлагдахгүй байх нь зөв. Номын бүтээлийн гол санаа нь түүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сурах явдал болохоос бясалгалынхаа суудал дээр нэг маягаар байж, ердийн өдөр тутмын амьдралдаа түүнээс эрс өөр байх ийм хоёр хэсэгт амьдралыг хуваахад чиглэдэггүй. Тэгэхээр тарнийг цаг үргэлж; ямар ч цагт уншиж болно.
Хэрэв бид метро гэх мэт олон нийтийн газар явж байгаа бол мэдээж түүнийг чанга уншихгүй. Хүмүүсийн өмнө эрихээ гарган тарниа унших шаардлагагүй. Миний өмнө хэлсэнчлэн ийм төрлийн бүтээлийг хувийн, нууц байлгах нь зөв. Хэрэв төвлөрөх үүднээс (та гараа хөдөлгөж байгаа учир) эрихээ хэрэглэх шаардлагатай бол түүнийг халаасандаа байлгах хэрэгтэй. Тийм биз дээ? Бид энд эрэгтэй, эмэгтэй хувраг нарын тухай биш ердийн нэг гэргийтэн хүний тухайд ярьж байна.
Тарнийг үргэлж тоолох шаардлагагүй. Тарни уншихын гол ач холбогдол нь нэг талаараа Жанрайсиг бурханы хувьд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх, Манзушир бурханы хувьд сэтгэлийн тод байдлыг бясалгах гэх мэт сэтгэлийн тодорхой төлөв дээр төвлөрөхөд бидэнд туслах явдал. Тэгэхээр тарни уншиж байгаа үед бид тухайн тарнитай холбоотой сэтгэлийн төлөвийг төрүүлэхийг хичээнэ гэсэн үг.
Тарни тус бүрийн бүтээлтэй холбоотой бидний суралцаж болох дүрслэлийн олон өөр хэлбэр байна. Тэдгээр дүрслэлийг бид бас хийж болох бөгөөд бүр олон нийтийн газарт, ялангуяа метронд ердөө сууж яваа гэх мэт тохиолдолд ч хийж болно. Ямар нэг аюултай зүйл хийж байгаа үед, жишээ нь хүч шаардсан багаж хэрэгсэл ашиглаж байгаа бол мэдээж та түүн дээрээ төвлөрч, дүрслэлийг хийхгүй.
Гэвч хараатай холбоотой хийн энергийг үүсгэдэг төгсгөлийн зэргийн үе шат гэсэн нэлээд гүнзгий түвшний өмнө, тухайлбал харааны мэдэхүйгээрээ Бурханы дүрийг хардаг болохын өмнө бид бүгдийн хийдэг харааны мэдэхүйгээрээ эхэлж эгэл дүрсүүд буюу юмсыг харж, Бурханы дүрслэлээ сэтгэлийн мэдэхүйдээ хийдэг тэр дүрслэлд суралцдаг гэдгийг санах хэрэгтэй (нэг үгээр хэлбэл тэдгээр нь нэг нэгэн дээрээ давхар байна). Ингээд та зам хөндлөн гарч байгаа бол замынхаа дүр зургийг алдахгүй гэсэн үг.
Тарни унших энэхүү үүргийн зэрэгцээ яагаад тарни унших шаардлагатай байдаг талаар илүү тайлбарлаж өгөхгүй юу?
Тарни буюу мантра гэдэг үгийн ман гэдэг нь “сэтгэл” гэсэн утга бүхий манас гэдэг санскрит үгийн товч хэлбэр бол тра гэдэг нь “аврах”, “хамгаалах” гэсэн үгнээс гаралтай. Тус үгийг ийнхүү тайлбарладаг бөгөөд сэтгэлийг олон төрлийн сөрөг бодлоос хамгаалах гэсэн утгатай. Энэ бол нэг түвшин. Жанрайсиг бурханы тарнийг хэлэх үед тэр нь бусдад дургүйцэх сөрөг сэтгэл төрүүлэхийн оронд тэдэнд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхэд тусалдаг. Ингэж тарни нь сэтгэлийг хамгаална.
Маш энгийн түвшинд, тухайлбал бидний толгойд нэг хөгжим эсвэл дуу дахин дахин орж ирж толгойноос ердөө гарахгүй байгаа үед сэтгэлийг түүнээс хамгаалах хамгийн сайн арга нь тэрхүү үгийн энергийг тарни уншихад ашиглах явдал байна. Энэ нь заавал толгойд дуу орж ирэх явдал байх албагүй. Амралтын цагаар нойр хүрэхгүй сэтгэл зовох гэх мэт хянаж болохгүй янз бүрийн бодол байж болно. Сэтгэлийн тэрхүү үгийн энергийг тарни уншихад ашигла.
Харин илүү гүнзгий түвшинд, миний өмнө хэлсэнчлэн тарниар амьсгалтай ажилладаг; амьсгалд тарнийн дуугаар нөлөөлснөөр тэр нь биеийн нарийн энергид нөлөөлнө. Ум А Хум тарнийн дуутай амьсгалыг холбодог очир уншлага гэх нэг зүйл байдаг. Амьсгалтай ажиллахад ашигладаг тусгай, нэлээд гүнзгий бүтээл байх ба энэ нь нарийн энергийг төв судалд уусгаж, тэгснээрээ сэтгэлийг нарийнаас нарийн тод гэрлийн түвшинд авчирна гэсэн үг.
Энгийн эрдмүүдэд ч нарийн энергитэй ажиллаж, түүнийг жолоодох замаар хүрдэг бөгөөд үүнийг тарниар хийнэ. Эдгээр нь далд хүчтэй холбоотой бөгөөд үүнийг ердөө хүч үзүүлэх гэх мэт зорилгоор бус бусдад туслахад ашигладаг.
Тэгэхээр тарнийн олон хэрэглээ, зорилго байна.
Тарни унших үед сэтгэлийн нэг хэсэг нь ямар нэг зүйлийн талаар бодож байхад түүний ач тус гэж байх уу?
Энэ нь ямар ч тарни огт уншаагүйгээс дээр юм. Хэдийгээр бид хөл бөмбөгийн талаар бодож байх зуур Ум Мани Падмэ Хум хэмээн уншиж байгаа үед тэнд ямар нэг зүйл явагдаж байна гэсэн үг. Гэвч мэдээж төвлөрөхийг хичээх нь илүү зүйтэй.
Тарни унших хамгийн сайн арга нь юу вэ? Тэдгээрийг дүрслэл хийн унших нь сайн уу эсвэл ямар нэг тусгай бодол бодож унших нь сайн уу?
Тарни унших олон арга бий – чанга, сул, ердөө сэтгэлдээ, тарнийн үсгүүдийг сэтгэлдээ эсвэл чанга дуугаар хэлэхийн оронд зөвхөн тэдгээрийг дүрслэх гэх мэт. Тарнийн дөрвөн сургаалын нэг болох крияа тарнийн сургаалд та өөрөө тарнийн дууг гаргах бус өөрийн зүрхэн тус газар дүрсэлсэн тарнийн үсгүүд тус тарнийн дууг гаргаж байгаагаар дүрсэлдэг. Үүний дараа тарнийн дууны хоосон чанар дээр бясалгах бясалгал гэж байна. Тарнийн бүтээлийн олон олон өөр хэлбэрүүд байдаг.
Голлон зөвлөдөг зүйл нь тарнийг амьсгал доороо, уруулаа хөдөлгөх төдий, зөвхөн өөрт сонсогдох байдлаар унших гэдэг. Хэдийгээр зарим нөхцөлд тарнийг чанга дуугаар уншдаг ч бидний хувьд тэдгээрийг өөрийн эргэн тойрны хүмүүст сонсогдох байдлаар чанга унших шаардлагагүй. Унших хурд нь танаас шалтгаална. Гол нь нэг ч үеийг орхигдуулахгүй байх хэрэгтэй. Дээрхийн гэгээн Далай ламын тарни уншиж байгаа нь миний амьдралдаа сонсож байсан бусад бүх хүмүүсийнхээс хурдан байдаг – судар унших гэх мэт ямар ч уншлагын хувьд адилхан, гэвч бүх зүйл маш тодорхой.