Тарни. Зарим хүмүүсийн хувьд, энэ үг ид шид бүхий хүсэл биелүүлдэг үг авиа мэт дүр зураг төрүүлдэг. Зарим нь тэднийг залбирлын хэлбэрээр ойлгодог. Орчин үед улс төрийн нам, арилжааны брэндүүд өөрийн “тарни”-ийг сэтгэлд хоногшихуйц уриа лоозонгийн хэлбэрээр гарган тавьж байна. Гэвч эдгээрийн аль нь ч тарнийн Бурханы шашны хэрэглээ биш юм. Бурханы шашинд тарнийг бусдыг энэрч нигүүлсэх сэтгэл эсвэл сэтгэлийн тодорхой байдал гэх мэт ач тус бүхий сэтгэлийн төлөв байдлуудыг төрүүлэх, түүн дээр төвлөрөхөд туслах нарийн арга хэрэгсэл болгон ашигладаг (Үзэх Бурханы шашин гэж юу вэ?).
Тарни нь сэтгэлийг сөрөг төлөв байдлаас хамгаалахын тулд түүний эерэг төлөв дээр төвлөрөн дахин дахин уншдаг хоршоо үг, үеүд юм.
Тарнийн санскрит үг болох мантра гэдэг үг нь сэтгэл гэсэн утга бүхий ман гэсэн үндэс, “хэрэгсэл” гэсэн утгатай -тра гэсэн дагавраас бүтдэг – Бурханы шашин дахь нэг төрлийн “сэтгэлийн-хэрэгсэл” болох тарнийг ийнхүү нарийн тодорхойлсон үг юм. Энэ утгаараа мөн Энэтхэгийн бүх шашны уламжлал болон өөр бусад уламжлалуудад бас хэрэглэгдэнэ. Жишээ нь: төвөдүүд түүнийг сэтгэлийг сөрөг бодол, сэтгэл хөдлөлөөс хамгаалах хэрэгсэл, “сэтгэлийг-хамгаалах” гэсэн утгаар ойлгодог.
Дуудаж эсвэл сэтгэлд дотроо, бясалгалд эсвэл бясалгалын гадна уншигддаг тарни нь сэтгэл амарлих, сэтгэлийн эерэг төлөвийг дурдан хадгалахад тусалдаг (Үзэх Бясалгал гэж юу вэ?). Энд дурдах гэдэг нь анхаарлаа тарни дээр мөн түүнтэй холбоотой сэтгэлийн төлөв дээр байлгаж, сэтгэл алгасрах эсвэл сэтгэлийн тод байдал сулрахаас сэргийлэх сэтгэлийн цавуу адил үйлдэл үзүүлэх мэдэхүй гэсэн утгатай юм.
Өөрийн хэл яриаг бие, сэтгэлтэйгээ холбоход ашиглах байдлаар тарнийн бүтээлийг бид гүнзгийрүүлж болно. Жишээ нь: хэрэв бид хэн нэгэнд туслахаар эсвэл сэтгэлийг нь засахаар очих гэж байгаа бөгөөд хүчтэй энэрэн нигүүлсэх сэтгэл (тэднийг зовлонгүй байхыг хүсэх хүсэл) төрүүлэхийг хүсэж байгаа бол бид “ум мани падмэ хум” тарнийг (Бурханы шашны тарниуд дотроос хамгийн их олны мэдэх тарни байх боломжтой) амьсгал дороо намуухан эсвэл сэтгэлдээ уншиж болно. Энэ нь биднийг энэрэн нигүүлсэх сэтгэл дээр төвлөрүүлж, тухайн хүнд туслахыг оролдох үед энэрэнгүй сэтгэлээр ярих, үйлдэхэд бэлтгэнэ.
Зарим тарни нь санскрит үг болон үсгүүдээс (үеүд) бүтсэн байхад зарим нь зөвхөн үсгүүдээс (үеүд) бүтнэ. Үг болон үеүд нь “ум мани падмэ хум” тарнийн доор үзүүлсэн жишээний адилаар Бурханы шашны сургаалын өөр өөр талуудыг илэрхийлнэ. Үүнд:
- Ум – энэ үе нь а, у, м гэсэн гурван авианаас бүтэх ба гэгээрлийн үр дүнд хүрсэн бие, хэл, сэтгэл болон ариусгах шаардлагтай зарим чадварууд нь дутуу бидний эгэл бие, хэл, сэтгэлийн аль алиныг нь илэрхийлнэ.
- Мани – энэ үг нь “эрдэнэ” гэсэн утгатай бөгөөд дээр дурдсан ариусгах үйл явцыг бий болгох хоёр хүчин зүйлийн эхнийх нь болох аргын талыг илэрхийлнэ. Энэ хүрээнд арга нь энэрэн нигүүлсэх сэтгэл бөгөөд үүний үндсэн дээр бид хамаг амьтанд аль болох их тус болох үүднээс гэгээрэлд хүрэх бодь сэтгэлийг үүсгэдэг.
- Падмэ – энэ нь “лянхуа” гэсэн утгатай бөгөөд хоёр дахь хүчин зүйл болох хоосон чанарыг ойлгосон билиг ухааныг илэрхийлнэ. Хоосон чанар гэдгээр оршихуйн байх боломжгүй тэдгээр хэв маягууд ердөө байхгүйг хэлнэ. Ихэнх тохиолдолд бид, бид өөрсдөө, бусад хүмүүс, дэлхий ертөнц хэрхэн оршдог талаар олон янзын учир утгагүй зүйлүүдийг төсөөлөн тусгаж байдаг бөгөөд эдгээр тусгалууд бодит байдалтай нийцдэггүй. Бид эдгээр тусгалуудыг үнэн гэж итгэж, түүний үр дүнд аминч, хувиа бодсон сэтгэлтэй болж, өөрт тусгүй хэдий ч бусдын тусыг бодсон чин сэтгэлийн энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлж чаддаггүй.
- Хум – энэ үе нь энд хамаг амьтанд тустай гэгээрлийг авчрах арга, билиг хоёрын салшгүй чанарыг илэрхийлнэ.
Гэвч энэ тарни бусад тарнийн адил олон өөр түвшний утгатай. Тус тарнийг унших зуураа бясалгалаа тодорхой нэг асуудлаар зовж байгаа амьтан хүнд хандуулснаар энэрэн нигүүлсэх сэтгэлийн бүтээлийг илүү үр дүнтэй болгож болно (Үзэх Энэрэн нигүүлсэх сэтгэл гэж юу вэ?). Үе тус бүр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг гол сэтгэл хөдлөлүүдийн нэг нэг бүлэгтэй холбогдоно. Үүнд:
- Ум – омог, бардам
- Ма – атаа, жөтөө
- Ни – хүсэл, шунал, дур
- Пад – гэнэн мунхаг, өөр шинэ зүйлийг хүлээн авдаггүй мугуйд байдал
- Мэ – харам, нарийн зан
- Хум – дайсагнал, уур.
Ингээд дараагийн үе шат нь сэтгэлийн энэрэн нигүүлсэх төлөв байдлаа бүр тус тарнийн зургаан үетэй холбогдох зургаан барамидыг (чанадад хүрэх хандлага) дурдан санах байдлаар баяжуулах явдал байж болно. Үүнд:
- Ум – өглөг
- Ма – ёс зүйн хувийн сахилга бат
- Ни – тэвчээр
- Пад – хичээл
- Мэ – сэтгэлийн тогтвор (төвлөрөл)
- Хум – ялгах ухаан (билиг)
Дуу гарган тарнийг уншихад амьсгал оролцох ба энэ нь биеийн нарийн энергид нөлөөлдөг гэж Бурханы шашинд үзнэ. Түүгээр зогсохгүй тарнийг сэтгэлдээ унших нь хүртэл эдгээр энергиүдэд нөлөөлж болно. Тарни унших нь амьсгал болон нарийн энергид тогтмол хэмнэл өгөх замаар өөрийн эрхгүй гарах сэтгэлийн тайван байдал алдагдуулах бодол, сэтгэл хөдлөлийг багасгаж, биднийг тайвшруулан, сэтгэлийг илүү хурц, тодорхой болгоход тусалдаг.
Үнэндээ амьсгал болон нарийн энергийг хэлбэржүүлэх илүү гүнзгий түвшний тарнийн бүтээл нь сэтгэлийн нарийнаас нарийн түвшинд орох боломж олоход бидэнд тусалдаг. Энэхүү нарийнаас нарийн сэтгэл нь хоосон чанар дээр төвлөрсөн үед маш хүчтэй болж бодит байдлыг мэдэхгүй байх байдал, түүний талаарх буруу ойлголт, төөрөгдлийг бүрмөсөн арилгах, биднийг гэгээрэлд хүргэх – хамгийн хүчтэй – зэвсэг болдог. Миний багш Цэнжаб Сэркон Ринбүүчи “Энэ дэлхий дээр хамаг амьтанд туслах гурван хүчтэй зүйл буй бөгөөд тэдгээр нь анагаах ухаан, технологи, тарни гурав юм” гэж байнга хэлдэг байлаа. Тарни гэдгийг тэрбээр, билиг барамид (хоосон чанарын оносон билгийн чанадад хүрэхүй) нь тэнсэл үгүй сэтгэлийг хамгаалах тарни, ... хамаг зовлонг машид амарлиулагч сэтгэлийг хамгаалах тарни юм хэмээн өгүүлэх Зүрхэн судартай холбон хэлсэн юм.
Бурханы шашинд тарнийн бүтээлийг хэрэглэх өргөн цар хүрээний хэрэглээ байдаг. Юуны өмнө амьсгал болон нарийн энергийг тохируулж, сэтгэл амарлих боломж олгодог. Түүний дараа асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт сэтгэлийн эерэг төлөв, сэтгэл хөдлөл дээр төвлөрөхөд тусална. Цаашлаад бие, хэл, сэтгэлийг хооронд нь холбоход тусална. Эцэст нь гүнзгий түвшний бүтээлээр, хамаг амьтны тусад бодит гэгээрэлд хүргэх хоосон чанар дээр төвлөрсөн сэтгэлийн хамгийн нарийн түвшинд ороход бидэнд тусална.