Бурханы шашны дөрвөн ассамблей

Түүхчид “Бурханы шашны дөрвөн ассамблей” гэх мэт чухал түүхэн үйл явдлуудыг авч үзэхдээ холбогдох мэдээллийг – гэрчүүдийн өөр өөр, биеэр үзсэн зүйлүүдийг – авч үзэж, тэдгээрийг тодорхой, учир шалтгааны холбоотой байдлаар зохион байгуулна. Энэ нь “түүх” гэдгээр тэмдэглэх зүйл. Гэвч Бурханы шашны хам хүрээн дэх түүх нь өнгөрснийг, гэтлэхүйд хүрэх (зовлонг арилгах) Бурханы шашны сургаалуудын түвшингээр гарсан ахицыг харах байдлаар, түүнийг оюунаар ойлгох ганц хэлбэр байна; энэ нь Бурханы шашны дөрвөн ассамблейг нэг онцлог байдлаар болж өнгөрсөн гэж үзэж явдал биш байна. Бурханы шашны дөрвөн ассамблейн хэд хэдэн хувилбар байх ба зарим хүмүүс үнэндээ дөрөв байсан талаар бүр хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр хувилбарууд бүгд хэрэгтэй бөгөөд хэрэв бид тэдгээр мэдээллийг үзэл санааны өргөн хүрээнд, өрөөсгөл хандлага (хувийн үзэл бодлыг шударга бус байдлаар өөрийн шийдвэрт нөлөөлүүлэх) мөн соёлын шаардлагадаа тааруулахгүйгээр ойлгоё гэвэл бид тэдгээрийн тус бүрийг авч үзэх ёстой.

Түүх гэж юу вэ? 

Түүх нь тодорхой цаг хугацааны явцад тохиосон ямар нэг төлөвшлийг ойлгох үүднээс өмнөх цаг үеийн талаарх мэдээллийг холбон зохион байгуулах арга. “Хэрэв түүх байдаг бол хүн байлцсан байна” гэдэг ишлэлээс харвал бид түүхийг бие даан орших – бие даасан нэг зүйлээр орших байдлаар – хүн ердөө түүнийг нэг спортын үйл явдал адилаар үзэж, тэнд байлцсан байх хөндлөнгийн ажиглагч байхаар авч үзэж магадгүй. Гэвч түүх нь нэг “зүйл”-ээр оршдоггүй. Энэ нь тодорхой нэг цаг хугацааны талаарх мэдээллийн хүрээн дэх өөр өөр сэдвүүдийг харж, зохион байгуулах ердөө нэг арга. Бурханы шашны хэллэгт түүхийн мэдээллийн энэ зохион байгуулалтыг “сэтгэлийн (оюуны) бүтээл” гэж нэрлэнэ. 

Сэтгэлийн бүтээлийн талаарх энэ санааг бид ойлголтыг бодит зүйл гэж тооцох тусгалын (өөрийн бодлыг бусдад буй зүйлээр тооцох) тухай сэдэвтэй холбож болно. Жишээ нь, бид “Оросын хувьсгал гарсан уу?” гэж асууж болно. Хэдийгээр хариулт нь “Тийм” гэж байж болох ч бид цааш асуух хэрэгтэй болно: Тэгвэл, тэр үед чухам юу болсон бэ? Олон хүмүүс тэнд байж агшин бүрд ямар нэг өөр өөр зүйлийг биеэр туулсан боловч тэд “Хувьсгал”-ыг тэдний харж байсан нэг заан байсан мэт биеэр харсан уу? Хэрэв тэр тийм биш бол, тэгвэл хувьсгал чухам юу байсан бэ? Хувьсгалыг тэнд байсан олон хүмүүсийн өөр өөрөөр туулсан зүйлүүдийг олон түүхчид ойлгохыг оролдсоны дараа зөвхөн дүрсэлнэ. Тэдгээр түүхчид гэрчүүдийн өгүүлсэн түүхүүдийг тодорхой төрлийн оюунаар хийх синтезээр – “түүх” гэж нэрлэгдэх биеэр туулсан зүйлүүдийг зохион байгуулалттайгаар нэгтгэнэ. Бид олон өөр хэлбэрээр тайлбарлагдаж болох Бурханы шашны мэдээллүүдийн ийм төрлийн зохион байгуулалтыг бас харж болно.  

Хэрэв бид сэтгэл судлалыг авч үзвэл, жишээ нь, хэдийгээр сэтгэл судлалын олон урсгал байх ч гол сэдэв нь үнэндээ юуны талаар өгүүлэх вэ? Бид сэтгэл судлалыг маш олон тооны өөр өөр хүмүүсийн түр хугацаанд туулсан маш их зүйлүүд гэж хэлж болно. Сэтгэл судлаачид энэ үед тэдгээр туулсан зүйлүүдийг нэг сэтгэл судлалын онолыг ашиглан тайлбарласан нэг зохион байгуулалттай зураглалын хүрээнд үзүүлнэ. Эдгээр туулсан зүйлүүдийг зөвхөн нэг зураглалын хүрээнд бус харин тэдгээрийг олон тооны тогтолцооны дагуу зохион байгуулан үзүүлж болно. 

Хэрэв бид философийн ухааны талаар асуух үед үнэндээ ямар нэг зүйл өмнө өрнөсөн байх уу? Хариулт нь “Мэдээж ямар нэг зүйл өрнөсөн” гэсэн хариулт байна. Гэвч энэ нь тэдгээрийг “түүх” гэсэн синтезэд (өөр эсвэл шинэ бүхэл зүйл гаргаж авах үүднээс өөр өөр санаа, юмсыг холбон нэгтгэх) оруулсан ердөө нэг сэтгэлийн (оюуны) бүтээл байсан уу? Энэ чухал асуулт, учир нь энэ нь Бурханы шашны юмсыг харах аналитик аргыг – бидний ойлгох хэрэгтэй нэг аргыг танилцуулна. 

Төвөдийн Бурханы шашинтнууд Энэтхэгийн Бурханы шашны дөрвөн үзэл урсгалыг (тогтсон таалал) шаталсан маягаар, жишээ нь, нэг түвшингээс нөгөө түвшинд шилжих маягаар буюу бидний ойлголтын болон алгуур гүнзгийрэх гүн ойлголт мөн бодит байдлын талаарх бидний буруу үзлийг илүү нарийн түвшинд задлан эвдэхийн аль алины тухайд судална. Энэ нь гэтлэхүй (зовлонг арилгах) болон гэгээрэлд хүргэх зорилгоор мэдээллийг зохион байгуулах нэг арга; Бурахын шашны зорилго. Хэрэв тэдгээр зохион байгуулалт бүхий зураглал нь ердөө сэтгэлийн (оюуны) бүтээлүүд байдаг бол тэр үед тэдгээр нь хэн нэгэн хүн, эсвэл бүлэг хүмүүсийн нэг зорилгоор сэтгэлээр (оюунаар) бүтээсэн зүйл байна, жишээ нь, өвчтөнүүдэд туслах зорилгоор өөр өөр сэтгэл судлалын онолуудыг нэгтгэхтэй адил байна. Бид Бурханы шашны сургаалуудын мэдээллийг ойлголтуудын логик төлөвшлийн дагуу, ингэхдээ эхэлж тодорхой нэг төлөвшсөн сургаалын нэг ойлголттой (концепт) болж, дараа нь түүн дээр нарийвчлан дэлгэрүүлсэн ойлголттой болох байдлаар зохион байгуулж болно – энэ бол “Бурханы шашны түүх” гэж бидний мэдэх тэр зүйл байна. 

Бидний барууны сэтгэлгээний хэв маягаар, юмс хэрхэн төлөвших тухай энэ санаа – “ахиц” гэдгээр илэрхийлэгдэх зүйл нь – бидний маш их анхаарал хандуулдаг зүйл байдаг. Энэ нь цаг хугацааны дараалан үргэлжлэх чанарын тухай ойлголт дээр суурилах ба соёлын онцлог зүйл байна. Цаг хугацааны дараалан үргэлжлэх чанарын тухай ойлголт нь бидэнд, барууныханд, ойлголтууд цаг хугацааны туршид хэрхэн төлөвшсөн талаарх чухал мэдээллийг өгөх бол төвөд болон энэтхэгчүүдийн хувьд энэ мэдээлэл чухал биш байна. Тэд түүхэд дараалан үргэлжлэх цаг хугацааны үүднээс итгэдэггүй. Иймд, бид бидний барууны түүхийн дүн шинжилгээ нь энэтхэг/төвөдийн дүн шинжилгээнээс илүү хүчин төгөлдөр байна гэж хэлж болох уу? Бурхан багш бүх сэдвүүдийг хэд хэдэн орнуудад (зургаан төрлийн амьтдын орон) нэг зэрэг заасан учир сургаалуудыг цаг хугацааны дагуу ангилах асуудал нэлээд ач холбогдолгүй байна. Бурхан багш Номын хүрдийг гурван удаа эргүүлсэн явдлын (гурван удаа гурван өөр түвшний бүлэг сургаал айлдсан явдал) хувьд тэдгээр гурван дамжлагыг ангилж болох боловч тэдгээр дамжлагууд тохиосон бодит цаг хугацаа нь чухал биш байна. 

Чухал зүйл нь зөвхөн түүхийг үнэн гэж үзэх өөрийн ойлголтыг илүүд тооцох онолын, ойлголтын (концепт) түвшний ялгаварласан (өөрийн үзэл бодол дээр суурилан ямар нэг зүйлийг оновчгүйгээр илүүд үзэх) үзлийг авч хэрэглэхгүй байх явдал бөгөөд эдгээр бүх санааг хожим төлөвшүүлсэн бодгаль нь хүмүүс байна. Энэ бол Бурханы шашин биш. Жинхэнэ эх болох Бурханы шашны сургаал нь зөвхөн Бурхан багшийн заасан зүйлүүд байна. Тэгэхээр, түүхэн үзэл гаргах үүднээс ойлголтуудын төлөвшлийн нэг үргэлжлэлийг судлах эсвэл түүнийг бий болгох шаардлага байна уу? Бидэнд Бурхан багш гэж хэн болох талаарх тодорхой хугацаанд үргэлжлэх ойлголтыг нэг санаа төлөвшүүлэх эсвэл тус санааны прогрессыг харах үүднээс авч үзэх шаардлага байна уу?   

Төлөвшил эсвэл прогрессын үүднээс харах нь цаг хугацааны дарааллыг тэмдэглэх нэг хэлбэр, өөр нэг хэлбэр нь задралын хувьд байна. Аль аль хэлбэр нь ижил хүчин төгөлдөр, учир нь энэ нь тодорхой нэг сэтгэх хэлбэрийн хам нөхцөлд түүний утга гарах хэлбэр байна. Эсвэл, та түүнийг “энэ бол Бурхан багш гэдэг зүйлийн жинхэнэ утга” – гэж ердөө хүмүүсийн зохиосон зүйлээр харж болно, эсвэл түүнийг үндэслэлтэй болгох зорилготой байж болно, тодорхой утга гаргах эсвэл хамгийн үнэн зөв болох аль аль үүднээс.   

Хэрэв бид түүхийн зорилго болон тодорхой санааны төлөвшлийн түүхийг бий болгохын зорилго юу болох тухай асуултыг эргэн харах юм бол бидэнд хариулт олдохгүй байж болно. Гэвч бид бидний цаг хугацааны дарааллаар авч үзэх сэтгэлгээний хэлбэрийн хувьд бидний өөрийн концепт гаргах ойлголтын тогтолцооны хүрээнд тэр нь бидэнд тухайн мэдээллийг утга санаатай болгоход туслах талаас нь түүнийг хэрэгтэй гэж хэлж болно. Бид ямар нэг зүйлтэй санал нийлэхгүй байх үед хэт түргэн үзэл бодол төлөвшүүлэх хандлагагүй байх нь чухал бөгөөд Бурханы шашны үздэгээр, нэг түүхэн үзлийг, Бурханы шашны мэдээллийг хэрхэн зохион байгуулахыг ойлгох зарим аргуудаас илүү хүчин төгөлдөр гэж хэлэхгүй байх явдал байна.      

Энд, бид цаг хугацааны дараалан үргэлжлэх чанарын талаар ярих үед, бид цаг хугацаа нь нэг бүтээгч эзний бий болгосон эсвэл их тэсрэлтээс үүссэн байх аль алины тухай дахь нэг эхлэлтэй байх талаар ярьж байна. Энэ эхлэл үргэлжилсээр, орчлон ертөнцийн сүйрэл эсвэл их бутралаар төгсгөлд хүрч, ингээд цаг хугацаа улмаар дуусна. Энэ нь Бурханы шашны үзлийн эсрэг байх ба үүнд эхлэл болон төгсгөл байхгүй байна. Харин өөр нэг их тэсрэлт буюу өөр нэг их бутрал эсвэл юу ч үгүй болох их тэлэлт байх ба – энэ нь эхэлж, дуусах байдлаар бус, ердөө давтагдан үргэлжилсээр байна. 

Эхэлж, дуусах чанар болон эхэлж, дуусах бус чанарын ялгаатай үзлүүд нь Бурханы шашны мэдээллийг судлахын ач тусын нэгийг онцолно, учир нь түүний үүрэг нь бидний соёлын онцлог болох сэтгэлгээний хэв маягийг тодорхойлоход тусална. “Онцлог” гэдэг үг энд чухал, учир нь энэ нь дээрх байдлаар сэтгэх нь зөвхөн бидний соёл гэдгийг харуулах ба үнэндээ бид орчлон ертөнц болон бидний туулах зүйлийг харах олон өөр хэлбэрүүд байдгийг ойлгоно. Ихэнх тохиолдолд, бид зөвхөн өөрийн үзэл бодолд дассан байх учраас бид орчлон ертөнцийг харах өөр хэлбэр байх боломжийг төдийгүй тэр нь мөн адил хүчин төгөлдөр байх талаар бүр бодож үздэггүй. Иймд Бурханы шашны сэтгэх хэлбэр адил ямар нэг өөр зүйлийг судлах нь мэдээллүүдийг зохион байгуулах хэлбэрүүдийн талаарх бидэнд байх тэдгээр тусгалуудыг (ямар нэг зүйлийг үнэндээ өөрөө тодорхойлж байгаа боловч түүнийг бусдын байдал гэж ойлгох) тодорхойлоход бидэнд тусална. “Нэг үнэн,” “прогресс,” эсвэл “задрал”-ын талаарх ойлголтууд нь ердөө сэтгэлээр (оюунаар) бүтээсэн ойлголтын хэлбэрүүд бөгөөд – тэдгээр нь универсал байх эсвэл “оршин байх” Жинхэнэ үнэнээр орших албагүй.    

Читтаматра үзлийн дагуу “энэ нь тэр бидэнд хэрхэн харагдах хэлбэр” байна. Нөхцөлүүд хүмүүсийн соёлоос шалтгаалан хүн тус бүрд өөр өөр хэлбэрээр харагдана. Жишээ нь, сэтгэл зүйн гэр бүлийн зөвлөгөөнд, тухайн нэг нөхцөлийн ээжид, аавд, хүүхдүүдэд харагдах хэв маяг нь өөр өөр байна гэж үзнэ. Олон өөр зорилгоор мэдээллийг зохион байгуулж, ойлгох бусад аргууд байна гэж үзэж сэтгэлийг нээлттэй байлгах үед бидэнд бидний өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэж болох олон өөр аргууд гарна. Бусад боломжуудыг авч үзэх үед энэ нь бид өөрийн соёлд дассан байж болохыг харуулах ба үнэндээ, бид тэдгээрийг өөр аргаар харах нь нэг сайн шийдэл олоход тусална. Эсвэл бид бүр өөр оюуны синтез гаргаж авах үүднээс өөр өөр үзэл санаануудыг нэгтгэхийг тустай гэж үзэж болно. 

Бидний соёлдоо дассан байх нь биднийг нэг тодорхой байдлаар сэтгэхэд хүргэх бөгөөд энэ нь бид өөрийн соёлын талаар үзэл бодолд хурдан хүрэх хандлагатай байж, бидний соёл бусдаас дээгүүр, бусдын соёл биднийхээс доогуур эсвэл түүний эсрэгээр байна гэж бодох гэсэн утга илэрхийлэхгүй. Бид бүгд тодорхой нэг хам нөхцөлд өсөн торнисон, учир нь нэг ч хүн нэг хам нөхцөлөөс гадуур оршдоггүй. Бид мөн өөрийн соёлд дассан байх явдлыг хязгаарлагдмал гэж харах ёсгүй, учир нь гол санаа нь өөр өөр сэдвүүдийг харж, ойлгох өөр тустай аргууд байдаг явдал. 

Бурхан багш жанц халсны дараа 

Түүхийг авч үзэх барууны ойлголтоор авч үзэх үед, Бурхан багшийг жанц халсны дараа түүний шавь нар Бурхан багшийн заасан маш их хэмжээний мэдээллийг шийдвэрлэх хэрэгтэй болсон ба тэдгээрийн аль нь ч бичигт буугаагүй байсан. Тэдгээр мэдээллүүд хэрхсэн тухай Бурханы шашны доторх олон урсгал сургууль, зохиогчдын гаргасан өөр өөр хувилбарууд байна. Өөр өөр хүмүүс өөр өөр үйл явдлуудыг санаж, өөр өөрийн түүх эсвэл хувилбаруудыг өөрийн шавь нар эсвэл хүүхдүүд зэрэгт ярина. Иймд юу болсон талаарх өөр өөр хувилбарууд байгаа учраас бид зөвхөн нэг боломж эсвэл “нэг үнэн”-ийг олохгүй. 

Бурхан багшийн сургаалыг бичигт буулгасан, тэдгээрийг ярьсан гол шавь нар нь бүгд архадууд байсан. Гэвч, үнэндээ бид тэдгээр таван зуун архад бүгд архад байсан, гэтэлсэн төрөлхтөн (зовлонгоос ангижирсан) байсан талаар мэдэхгүй. Тэдгээр таван зуун архад Бурхан багшийн заасан зүйлийг хамтран үг үгээр дуудан уншсан. 

Энд, Бурхан багшийг жанц халсан цагаас хойш ойролцоогоор дөрвөн зуун өнгөрөх хүртэл түүний сургаалаас бичигт нэг ч зүйл буулгаагүйг тэмдэглэх нь чухал. Энэ хугацаа өнгөрөхөд Теравада урсгалын пали хэл дээрх хувилбар бичигт бууж, бусад хувилбарууд түүнээс бүр хожим бичигт буусан. Энэ нь Шантидэва гэгээн “Хэрэв та нар (Теравада ёсыг баримтлагч нар) Бурхан багшийн сургасан зүйлийн бидний (Их хөлгөний сургаалыг баримтлагч нар) санаж байгаа зүйлийн үнэн зөв эсэхийг асууж байгаа бол, бид бас та нарын санаж байгаа зүйлийн үнэн зөв эсэхийг асууж болно” хэмээн хэлсний учир. Бид архадууд бүх зүйлийг үг үгээр нь санасан гэдгийг тодорхой мэдэж болохгүй, учир нь маш их хэмжээний мэдээлэл байсан. Мэдээллүүд анх амаар дамжин, хожим нь бичигт буусан энэ нөхцөл зөвхөн Бурханы шашинд онцгойлон байдаггүй. Үнэндээ, дэлхийн олон шашинд тухайн шашныг үндэслэсэн үндэслэгчийн үед ямар нэг зүйл бичигт буугаагүй байдаг бөгөөд мэдээллүүдийг санаж, ердөө хожим бичигт буулгасан байдаг.

Бичгийн хэл ба цээжлэх

Бичгийн хэлний түүхийн хувьд, ямар учраас бид бичгийн хэлийг зохиосон талаар асууж болно. Олон судлаачдын үздэгээр, үүнийг анх армийн зорилгоор, зарим тушаал зэргийг армийн нөгөө салбарт хүргүүлэх эсвэл удирдлагын зорилгоор зохиосон байдаг. Эхэн үедээ, ялангуяа Энэтхэгт, бичгийн хэлийг гүн ухаан болон шашны асуудлаар хэзээ ч хэрэглэдэггүй байсан. Үүнийг зөвхөн практик зорилгоор, худалдаачид юу зарсан болон тэдгээр нь ямар үнэтэй байсныг тэмдэглэх гэх мэт тохиолдлуудад хэрэглэж байсан. 

Хүмүүс тэр цаг үед тийм их мэдээллийг үнэхээр цээжээр санаж чаддаг эсвэл үгүй байсан эсэхийг ойлгохын хувьд бид өнөө цагийн төвөд хүмүүсийг харж болно. Төвөд хүмүүс эх зохиолын хэдэн мянган хуудас мэдээллийг цээжилж, дараа нь тэдгээрийг дуудан уншиж чаддаг. Үүний хамгийн сайн жишээ нь Дээрхийн гэгээн Далай лам, тэрээр асар их хэмжээний мэдээлэл цээжилсэн байдаг бөгөөд ямар ч үед, ямар ч эх зохиолоос шууд ишлэл татаж чаддаг. Иймд ном, бүр номын тухай ойлголтгүй байсан тэдгээр хүмүүсийн суралцаж чадах ганц арга зам нь их хэмжээний зүйл цээжлэх явдал байсан гэдэг нь энгийн ойлголт.    

Хэрэв бидэнд ном бүр компьютер, интернэт байхгүй, нийт боловсролын тогтолцоо нь хичээлийн тайлбарыг зөвхөн сонсож, тэдгээрийг санаж байх дээр – энэ нь нэг үгээр цээжлэх дээр суурилсан байвал ямар байхыг төсөөлөхөд хэцүү. Цээжлэх хэрэгцээ нь тэдгээр заасан зүйлүүдийг зөвхөн нэг удаа дуудаж унших бус харин зохион байгуулалттайгаар хамтран дахин дахин дуудан унших ёстой байх санааг илэрхийлнэ. Ингэж давтах үед энэ нь бага насны сурагчдад заасан зүйлийг олон удаа сонссоноор дараа нь үргэлжлүүлэн дуудан уншиж, дадлага хийн, тэдгээрт суралцахад тусална. Энэ нь сурагч заасан зүйлийн талаар үнэхээр бодож, түүний утгыг ойлгохыг хичээх нь зөвхөн тэдгээрийг сонсож, цээжилсэн байх дээр суурилна.

Боловсролын тогтолцооны хүрээн дэх цээжлэх арга бүр одоо хэр нь Бурханы шашны сургалтын байгууллагууд дахь төвөд хүмүүсийн дунд байсаар байгаа. Хэдийгээр суралцагчдад ном байгаа ч, тэд тэдгээрийг одоо ч дуудан уншиж, цээжилнэ. Үнэндээ, боловсролын бүхэл тогтолцоо нь бага насны хүүхдүүдийн сэтгэлийн (тархи) цээжлэх онцгой чадварыг ашиглахад чиглэсэн байна. Бид бага насандаа олон зүйлийг цээжилж чаддаг, жишээ нь шүлэг гэх мэтийг бид олон жилийн дараа санаж байдаг; харин утасны дугаар гэх мэт өчигдрийн зүйлийг санах нь илүү хэцүү байна – урт хугацааны ой санамж нь богино хугацааны ой санамжаас үргэлж илүү байдаг. 

Төвөдийн боловсролын тогтолцоонд суралцагчид арван гурван нас хүрэх хүртэл ямар нэг тайлбар авдаггүй – тэд зөвхөн цээжилнэ. Зарим барууны хүмүүст энэ нь хангалтгүй бөгөөд суралцах “дундад зууны үеийн арга” мэт санагдаж болох боловч сургалтын дундад зууны үеийн арга нь өөрийн гэсэн ач тустай гэж бид тэдэнтэй маргаж болно. Цээжилж байгаа суралцагч нь интернэт болон номын сангаас бүрэн хамаарахгүй. Тэд юмсыг номоос харахгүйгээр цээжилж чадна. 

Бурханы шашны анхдугаар ассамблей 

Бурханы шашны анхны ассамблейг Бурхан багшийг жанц халсны дараа жил Магадха хаант улсын Ражагрха хотод зарлан хуралдуулсан. “Ассамблей” (зөвлөл, англ. council) гэдэг үг сонгогдсон удирдах байгуулга гэсэн утгатай барууны үг болохыг санаарай. Энд, тус хэллэг үнэндээ хүн бүр хамтран эх зохиолуудыг дуудан уншиж, үг өөрчлөгдөхгүй байхыг нягтлах зорилготой цуглаан гэсэн утга илэрхийлнэ. 

Анхны ассамблейд таван зуун архад оролцсон. Тэдгээр таван зуун архадын дундах хамгийн сайн цээжлэх чадвартай хүмүүсийн гурав болох тэдгээр хүмүүс тус бүр Бурхан багшийн сургаалын гурван гол салбарын нэг нэгийг дуудан уншсан. Бурхан багшийн үеэл болох Ананд (гэр бүлийн ах дүүсийг өөрт холбоотой байлгах нь тэр үеийн нэг ёс байсан бөгөөд одоо хэр нь төвөд уламжлалд хадгалагдана) фотографик (нарийвчлан тогтоох) ой санамжтай байсан бөгөөд иймд бүх судрыг цээжээр дуудан уншсан. Махакашяапа, ахлах зэрэгтэй боловч харьцангуй шинэ хувраг байсан, тэрээр Анандад атаархах үүднээс түүнийг тэнд байлцахыг хүсээгүй боловч Ананд хамгийн сайн ой тогтоолттой байсан тул бусад архад түүнийг судар дуудан уншихыг урьсан. Эдгээр судрууд нь бүтээлийн, ялангуяа төвлөрлийн тухай сургаалтай холбоотой байв. 

Нэг уламжлалын өгүүлэх хувилбарын дагуу, абхидхармын сургаалын хэсгийг Махакашяапа дуудан уншсан гэдэг. Бусад уламжлалуудад Махакашяапа ердөө ассамблейг даргалж байсан бөгөөд Бурхан багшийн заасан абхидхармын сургаалыг тэр үед дуудан уншаагүй бөгөөд хожим түүнийг тус ассамблейд оролцсон өөр өөр архадууд нэгтгэсэн гэж дурддаг. Энд абхидхармын сургаалыг “мэдлэгийн тусгай сэдвүүд” гэж орчуулах ба энэ нь метафизикийг (оршихуй болон мэдлэгийн тухай судлал) – орчлон ертөнцийг хэрхэн ойлгох, орчлон ертөнц юунаас үүссэн, түүний өөр өөр төрлийн төрөлхтөн нар болон биологийн тухай сэдэв зэргийг авч үзнэ. Судлалын энэ хүрээ нь “ялгах ухаан” (билгүүн) гэж нэрлэх зүйлийг төлөвшүүлэхэд бидэнд туслах ба ингэснээр бид өөрийн туулах зүйлсийн олон өөр хүчин зүйлүүдийг ойлгож чадна. 

Сүмийн хуврагуудын ёс суртахууны дүрмүүдийг (винаяа) Упали хувраг дуудан уншсан. Эрэгтэй болон эмэгтэй аль аль хуврагийн сахилууд байх бөгөөд мөн ажиглах үеийн, хуврагийн бүрэн сахил гэх мэт ангиллууд байна. Бурхан багш эдгээр дүрмүүдийг “дуулгавартай байдал”-ыг сахиулах үүднээс бус нийгмийн хүрээнд гарч болох хэрэг явдал эсвэл асуудлыг шийдвэрлэх үүднээс боловсруулсан. Христийн шашны сүмийн ёсонд хуврагийн гол сахилуудын нэг нь дуулгавартай байх сахил байна – Бурханы шашны сүм хийдийн тогтолцоонд байдаггүй сахил. Библи эсвэл эртний Грекийн тэнгэрийн эсвэл хааны хууль цааз болон барууны хуулийн тогтолцоо нь дагаж мөрдөн, захирагдах хуультай байна. Эдгээр нөхцөлүүдэд, дагах, дуулгавартай байх гэдэг нь “сайн байх” гэдэгтэй ижил утга бол хэрэв дагахгүй, дуулгаваргүй байвал шийтгүүлнэ гэсэн утгатай байна. Барууны “шүүх” – шүүх засаглалын – тогтолцоог авч үзэх үед “хувь хүний бэрхшээл” гэсэн зүйл байхгүй байгааг олж харна. Хэрэв хэн нэгэн хуулийг дагавал, тэд сайн болно; хэрэв тэд дагахгүй бол, тэд “гэм буруутай” болно. Гэм буруутай байх тухай энэ бүхэл ойлголт маш барууны хэв маягийн сэтгэлгээ. 

Харин Бурханы шашны ёс зүй нь дуулгавартай байх дээр бус асуудлыг ойлгох дээр суурилна. Асуудал эсвэл бэрхшээл үүсэх үед шийдэл эсвэл дүрэм нь асуудлыг дахин гарах болон илүү их бэрхшээлүүдийн шалтгааныг гаргахаас зайлсхийхэд туслах зорилготой байна. Энэ нь иргэд нь хатуу дагах ёстой тодорхой хууль эсвэл дүрмүүд бүхий ямар нэг байгуулга эсвэл нийгэмд энэ цаг үед зохино. Гэвч хэрэв хүмүүс эдгээр дүрмүүдийн ард байх тэдгээрийн шалтгаан эсвэл сэдлийг ойлгох юм бол цагдан сэргийлэх хэрэг байхгүй бөгөөд нийгэм илүү төвөггүй байна. 

Анхны ассамблейг хүндэт, ахмад брахмин (нийгэмд өндөр байр суурь эзлэх, сайн боловсролтой бүлгийн гишүүн) болох Махакашяапа даргалсан. Тэрээр аль хэдийн нэлээд өндөр настай болсон үедээ хувраг болсон. Жанц халахынхаа өмнө Бурхан багш Махакашяапагийн шинэ хуврагийн хувцсыг авч өөрийн хуучин хуврагийн хувцсыг түүнд сольж өгсөн байдаг. Үүнийг хожим Бурхан багш өөрийн сургаалын дамжлагын эрхийг Махакашяапад дамжуулсны шинж гэж авч үзэх болсон бөгөөд, ийнхүү Махакашяапа өөрийг ийм үүрэгтэй гэж үзсэн. 

Гэвч Бурхан багшийн санаа сургаалыг хянах эрх нь тэгш эдлэгдэх ба жишээ нь, түүнийг нэг хүн дангаар даргалан эдлэхгүй гэж үргэлж сануулж ирсэн. Гэвч Бурханы шашны түүхийн туршид, сургаалын бүтцийг зохион байгуулах эрх, тодорхой эрх мэдэлтэй удирдах эрх бүхий нэг голлох бие хүн болон удирдлагуудыг санал хураалтаар сонгож, шийдвэрүүдийг хамтдаа гаргадаг ардчилсан, тэгш эрх бүхий сүм хийдийн нийгэм хоёрын дунд үргэлж нэг логикийн маргаан байсаар ирсэн. Энэ нь өнөө үед ч эмэгтэй хуврагуудын бүрэн сахилыг сэргээх асуудалтай холбоотойгоор төвөд хуврагуудын дунд тодорхой явагдаж байгаа. Энэ төрлийн эдгээр сахилуудын дамжлага тасарсан байдаг боловч тэдгээрийг сэргээхийг дэмжсэн нэг хүчтэй хөдөлгөөн өрнөж байгаа. Гэвч Дээрхийн гэгээн Далай лам тэдгээрийг шууд дахин эхлүүлэх боломжгүй. Бурхан багшийн ийм асуудлыг хэрхэн шийдэх ёстой талаар хэлсэн зүйл нь ийм төрлийн шийдвэрүүдийг төв удирдлага нь гаргаж болохгүй харин ахлах хуврагуудын зөвлөл шийдэх бөгөөд тэд бүгд санал нэгдэх ёстой явдал байна. Бурханы шашны сүм хийдүүдийн хүрээнд нэг гол шийдвэрийг санал нэгтэйгээр гаргах үнэндээ бодит байдал дээр хэцүү байх бөгөөд энэ нь бүр энэ цаг үед ч гарч байгаа асуудал, жишээ нь, Европын холбооны шийдвэрүүдтэй адил. Бурханы шашинтнуудын дунд, Бурхан багш, тэргүүн хамба нар байгаа хэдий ч, бие даасан сэтгэлгээтэй байхыг хөхүүлсэн дэмжсэн байдаг бөгөөд уламжилж ирсэн зүйлүүдийг хатуу сахиулах журам байдаггүй тул олон өөр тайлбарууд өөр өөр газруудад төлөвшсөн байна. 

Бурхан багшийг жанц халах үед Махакашяапа түүний байр суурийг орлох болж, Бурхан багшийн сургаалуудыг дахин авч үзэж, дараалалд оруулах зөвлөлийг байгуулсан. Анхны энэ ассамблейн үеэр Ананд Магадхагийн ерөнхий сайдтай уулзаж, ардчилсан, тэгш эрхтэй нийгмийн талаарх Бурхан багшийн санааг хэлэх үед ерөнхий сайд Магадхагийн баруун талд байх Аванти хаант улсад халдахаар бэлтгэн, тус санаандаа бүрэн эзлэгдсэн байсан. 

Махакашяапа нэг хүчтэй удирдагч байж, сургаалыг системд оруулах санаачилгыг гаргасан нь хямрал бүхий тухайн цаг үед Бурханы шашны нийгэм эсэн мэнд гарахад хувь нэмэр оруулсан байх боломжтой гэж үзэж болно. Махакашяапагаас эхлэн, хожмын тэргүүн хамба нарыг дараалуулан сонгох уламжлал төлөвшсөн – дамжлага эсвэл сэнтий залгамжлал – бөгөөд тус хамба лам нь нийт Бурханы шашны нийгмийг удирдах болсон. Төвөдүүд зургаан хамба ламын залгамжлалыг чухалчилдаг бол Зэн ёсны (япон) уламжлалд 28 хамба ламыг, харин дараагийнх нь Зэн ёсыг Хятадад аван дэлгэрүүлсэн Бодхидхарма хамба байх бөгөөд үүгээр Чан ёсны хятад хамба ламын залгамжлал эхэлсэн. Хожим нь эдгээр ёсуудын салбар Солонгос, Япон зэрэг улсуудад дэлгэрсэн. Зүүн өмнөд Азийн Теравада ёстой орнуудад үндэсний тэргүүн хамба нар нэг залгамжлалын дарааллыг эхлүүлсэн, жишээ нь, “Тайландын Их хамба” гэх мэт. Төвөдөд үүнтэй төстэй, Далай лам нарын албан байгууллага болох тэргүүн хамбын албан тушаал бий болсон. Хамба лам болон Далай ламын аль аль тохиолдолд тэдгээр нь пап лам нарын адил – Бурхан багшийн алдаа мадаггүй шууд үргэлжлэл байж, сүм хийдийн хууль ёсны удирдлагаар тооцогддоггүй. Харин тэд нийт шашны бүлгийг хамарч, өөрийн улс орны хуврагууд болон гэргийтэн хүмүүсийн аль алины сайн сайханд анхаарал тавих үүрэгтэй байна. 

Бурхан багшийн сургаалын түүхэн төлөвшлийн нэг сонирхолтой зүйл нь гол төлөв Бага хөлгөн гэж бидний мэдэх уламжлалын дотор өөр өөр урсгал сургууль (үзэл) гарсан явдал байна. Эдгээр урсгал сургуулиуд абхидхармын сургаалын (мэдэхүй болон оршихуйн тухай сургаал ) бага зэрэг ялгаатай хувилбаруудтай байх бөгөөд мөн өөрсдийн өөр өөр хэрэгцээ шаардлагын дагуу тохируулж, өөрчилсөн Винайн сургаалтай (ёс суртахууны сургаал) байна. Ингэж тохируулан өөрчлөх явдлыг ардчилсан аргаар, ахлах хуврагуудын бүлгийн шийдвэрээр шийдвэрлэсэн, бусдын санаа бодлыг харгалзахгүй байх байдлаар бус. Ахлах хуврагууд Жайнын сургаалын уламжлалыг дагасан. Жайнын шашин/гүн ухааны тогтолцоо нь Бурхан багшийг мэндлэхээс тавин жилийн өмнө үүссэн бөгөөд Бурхан багш түүнээс олон санаа авсан байдаг. Жайнын шашны хуврагуудын сахилууд бичигт буугаагүй байсан учраас тэд хоёр долоон хоног тутам сахилуудыг дуудан уншдаг байсан. 

Анхны ассамблейг зохион байгуулснаас хойш, хуврагуудын бүлэг олон өөр сургаалуудыг цээжээрээ дуудан унших тус ёсонд, эхэлж сургаалын үгсийг аман дамжлагаар сонсон (тэдгээрийг ойлгох явдал энэ үед шаардагдахгүй), дараа нь тэдгээрийг зөв цээжлэх ёс уламжлал болон тогтсон. Аман дамжлага нь одоо хэр нь Төвөдийн сүм хийдүүдийн чухал онцлог байсаар байгаа. Судруудыг бүлэг нийтээр дуудан унших уншлага Ази даяарх Бурханы шашны уламжлалт сүм хийдүүдийн нэг чухал уламжлал байдаг. 

Бурханы шашны хоёрдугаар ассамблей 

Анхдугаар ассамблей зохион байгуулагдсанаас ойролцоогоор нэг зуун жилийн дараа – он сарын талаар өөр өөр баримтлалууд байна, МЭӨ 386 эсвэл МЭӨ 376 онд – Важжи улсын Вайшали хотод Хоёрдугаар ассамблей хуралдсан. 

Хоёрдугаар ассамблейн гол зорилгыг тайлбарласан, Бурханы шашны нийгмийн хуваагдал зэргийг тайлбарласан, өөр өөр хувилбарууд байна. Энд “хуваагдал” гэдэг нь Дэвадатта Бурхан багштай холбоотой хийж байсны адил, шашны тусдаа бүлэглэл бий болгох гэсэн утга илэрхийлэхгүй. Энэ нь хүмүүс нэг нэгэндээ өс санан, хорлохыг хүсэх явдал биш, ердөө заншсан зүйлсийн талаарх маргаан байсан. Нэг хувилбар нь, хэлэлцэх ёстой байсан арван маргаантай асуудлын тухайн цаг үе дэх гол асуудал болж байсан хуврагуудад сүм хийдийн журмын дагуу алт (мөнгө) хэрэглэхийг зөвшөөрөх эсэх талаарх өөр өөр үзэл бодлууд байсан. 

Бурхан багш хуврагууд алт хэрэглэхгүй байх санааг илэрхийлсэн гэж үзэх бүлэг нь Теравада ёс байв. Тэд маш хатуу чанд, хуучинсаг үзэлтэй бүлэг байсан. Теравада гэдэг нь “Шашны албаны хүмүүсийн дагуу асуудлыг дэвшүүлэн тавигчид” гэсэн утгатай. Теравада ёсонд бүр өнөө хэр нь хуврагуудад мөнгө хэрэглэх эсвэл авч явахыг зөвшөөрдөггүй бөгөөд тэд ямар нэг санхүүгийн асуудлыг шийдвэрлэх туслах эсвэл ажиглагч түвшний сахилтай хуврагтай байх ёстой байна. “Олонх гишүүд” гэсэн утгатай, Махасангхика нар, энэ ёсыг эвдэн, хуврагууд алт хэрэглэх нь зохистой гэж үзсэн бүлэг байсан. 

Алт хэрэглэх эсэх тухай энэ асуудал маргаантай байдаг, учир нь зарим хуврагууд мөнгө цуглуулж эхэлж байсан бөгөөд энэ нь эрх тэгш байх ёстой нийгэмд асуудлуудыг бий болгож эхэлсэн. Энэ нь одоо хэр нь өөр өөр сүм хийдүүдийн бүлгийн дундах нэг асуудал байсаар байгаа. Теравада уламжлалд, жишээ нь Тайландад, мөнгөтэй маш хатуу чанга харилцах бөгөөд хуврагууд мөнгөн дэвсгэртэд гар хүрдэггүй. Теравада уламжлалд, эрэгтэй, эмэгтэй аль ч хувраг ямар нэг зүйл худалдаж авдаггүй. Тэд бадар гуйж амьдрах ёстой бөгөөд тэдэнд өргөсөн ямар ч хоолыг хүлээн авах ёстой байна. Хуврагуудад тус дэмжлэг үзүүлэх гэргийтэн хүмүүс өөрсдийн бэлдсэн хоол хүнсийг бадар аяганд хийн өргөснөөр, “буян” гэж бидний мэдэх – эерэг хүчийг хураана. Энэ нөхцөл, ялангуяа өвлийн улиралд, хэт хүйтэн цаг агаартай байж, хөл нүцгэн явж бадар гуйхад явах зай нь хэт хол, Төвөдөд өөр байна. Төвөдийн уламжлалт тогтолцоонд, олон өөр өөр хүмүүс сүм хийдүүдэд хоол хүнсийг аван ирж, хуврагуудад тараан өгнө. Өөр өөр улс орнуудад, эдгээр журмууд түүхийн явцад өөр өөрөөр төлөвшин тогтсон. 

Өөр нэг хувилбарт, хоёрдугаар ассамблейгаар хэлэлцсэн гол асуудал нь архад гэж бидний мэдэх тэдгээр гэтэлсэн (зовлонгоос ангижирсан) төрөлхтнүүдтэй холбоотой асуудал байсан гэж дурдана. Эдгээр төрөлхтнүүд бүх зүйлийг мэдэхгүй, жишээ нь тэд илт мэдэлтэй биш байна гэж үзсэн. Жишээ нь, хэрэв тэд замд төөрвөл тэд чиглэлийг бусдаас асуух ёстой болдог байсан. Гэвч, хэдий тэд энгийн мэдлэгийн хувьд хязгаарлагдмал байсан ч, теравада ёсны хүмүүс тэднийг Номын мэдлэгийн хувьд мэдлэгтэй байсан гэж хүлээн зөвшөөрч байсан; тэд бусдад хэрхэн сургаал заах болон сургаалын утгыг мэднэ гэж үзнэ. Теравада ёсны хүмүүс архадыг, Бурхантай адил бөгөөд хүсэл гэх мэт ямар нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлөөс бүрэн чөлөөлөгдсөн байдаг гэж нотолно.  

Гэвч, нөгөө бүлэг болох, Махасангхика нар, өөрсдийн туршлага дээр эргэлзээгүйгээр суурилж, архадууд зүүдэндээ дур тавьж болно гэж хэлдэг байсан. Тэд янаг дурлал бүхий зүүд зүүдлэн, зүүдэнд дур тавьж болно. Тэд, хэрэв архадууд янаг дурлалын зүүдний нөлөөнд ордог бол архадууд байх боломжтой эсэхийг асууж байсан. Энэ нь бүтээлчдийн (сургаалыг дадлага болгодог хүмүүс) туршлагаас гарч ирсэн маш практик асуудал байсан. Махасангхика нар Бурхан зүүдний нөлөөнд ердөө ордоггүй гэж тэмдэглэж байсан. Энэ тайлбар Бурхан болон архадын хоорондын ялгааны талаарх нэг том онцлог зүйл болсон. Теравада ёсыг баримтлагчдын хувьд архад болон Бурхан хоёрын хооронд тийм их ялгаа байхгүй байна. Тэд Бурхан олон тооны сонсогчдод сургаал айлдсан бол архад ердөө тодорхой тооны хүмүүст сургаал айлдсан гэж үзнэ. 

Махасангхика бүлгийн түүхэн төлөвшлийг авч үзэх үед, Махасангхика нарын нэг хэсэг төв Энэтхэгээс баруун хойш, өнөөгийн Пакистаны хойд нутаг руу явсан байдаг. Өөр нэг бүлэг нь өнөөгийн Энэтхэгийн баруун эрэг орчмын Андхра Прадэшийн зүг, урагш явсан байна. Энэ нь Их хөлгөний сургаал анх гарсан Андхрад голлосон нутаг байсан бөгөөд хожим энд мөн Пакистанд тарнийн сургаал мөн үүсэн бий болсон. Түүхээс харахад, Бурхан гэж хэн болох талаарх санаа нь илт мэдлийн тухай ойлголт руу улам илүү ойртон төлөвшиж байсан; Бурхан бараг бүх зүйлийг нэг зэрэг мэдэж, тоолшгүй олон тооны бие авч, хэл бүр дээр сургаал айлдаж, бүх хүмүүс тэдгээрийг ойлгодог байсан тухай санаа байна. Бурханы талаарх ойлголт үргэлжлэн тэлж, Бурханы чанаруудын ихэнхийг үзүүлэх Их хөлгөний үзэлд хүрч ирсэн. 

Бурханы шашны гуравдугаар ассамблей 

Зарим эх сурвалжууд гуравдах цугларалтыг ассамблейгаар тооцдоггүй. Ассамблейгаар тооцох тэдгээр эх сурвалжууд Гуравдугаар ассамблей нь Хоёрдугаар ассамблейгаас хойш нэг зуун тавин жилийн дараа зохион байгуулагдсан гэж үзнэ. Өөр өөр эх сурвалжуудын хувилбарын дагуу Гуравдугаар ассамблейн хуралдсан он нь МЭӨ 237 эсвэл МЭӨ 247 оны орчим байна.

Үүнээс наян жилийн өмнө Хойд Энэтхэгт Мауряагийн эзэнт улс байгуулагдсан бөгөөд ийнхүү Гуравдугаар ассамблейн үеэр олонд алдартай хаан Ашока тус улсыг захирч байсан. Тус хаан харгис хэрцгий байж, хаанчлалынхаа эхэн үед олон дайн хийн, тэдгээр дайнд олон тооны хүн үрэгдсэн. Гэвч тэрээр Бурханы шашны сургаал сонссоны дараа гэмшин, Бурханы шашны сургаалыг дэмжигч, түүнийг хүчтэй баримтлагч болж, өөрийн эзэнт улс даяар болон хөрш зэргэлдээх бүс нутгууд руу Бурханы шашны сургаалыг тайлбарлуулахаар олон багш нарыг илгээсэн. Ашока хааны хаанчлалын үе нь Бурханы шашин эхэлж Шри Ланк дараа нь өнөөгийн Афганистан, Кашмир, Мьянмар зэрэг улсуудад дэлгэрсэн үе байсан. 

Түүх яриануудын нэг хувилбарт, Гуравдугаар ассамблейн анхаарч байсан гол асуудал нь өөр өөр бүлгүүд олон өөр өөр үзлүүдийг баримталж байсан учир Теравада ёсыг баримтлагчид сургаалын ариун байдлыг хадгалах талаар анхаарч байсан гэж өгүүлдэг. Иймд ассамблейн ахлах хувраг Бурхан багшийн сургаалуудыг буруу тайлбарласан гэж өөрийн үзэж байсан тухайн үеийн бүх өөр өөр үзлүүдэд аналитик няцаалтыг бичсэн. Абхидхармын сургаалын талаарх – юмс өнгөрсөн, одоо, ирээдүйд (мэдэхүй болон оршихуйн тухай асуудлууд) хэрхэн оршдог талаарх – өөр өөр ойлголт эсвэл үзлүүдтэй тэдгээр хүмүүс “Сарвастивада уламжлал” гэх тусдаа урсгалыг бий болгон, Теравада ёсыг баримтлагчдаас тусгаарласан. 

Сарвастивада урсгалыг баримтлагчдын үздэгээр, бүх материаллаг зүйл электронууд эсвэл атомоос тогтох ба барууны бус ойлголтоор, тэгэхээр бүх зүйл оршино – “сарвасти” гэдэг санскрит үг бүгд-оршихуй гэсэн утгатай. Тэд орчлон ертөнц дэх матери (тоосонцор) өнгөрсөнд, одоод, ирээдүйд үндсэндээ ижил байна; тэдгээр нь зөвхөн гадаад хэлбэрээ өөрчилнө гэж үзнэ. Жишээ нь, бие дэх атомууд эцгийн цагаан дусал болон эхийн өндгөн эсийн атомоос үүснэ. Ингээд эдгээр атомууд нь нас эцэслэх үед хөрсөнд шингэж эсвэл хэрэв биеийг чандарлавал үнс болон нэг хэвээр үлдэнэ. Ийм байдлаар бүх зүйл өнгөрсөнд, одоод, ирээдүйд орших оршихуйн тухай үзэл гарна. Бид орчлон ертөнц дэх тодорхой хэмжээний матери болон энерги цаг хугацааны явцад оршин байж, хэлбэрээ өөрчилж байгаа эсвэл шинэ матери болон энерги үүсгэгдэж байгаа эсэхийг авч үзэж болно. 

Теравада ёсыг баримтлагчид Сарвастивада урсгалыг баримтлагчидтай санал нэгддэггүй. Харин тэд зөвхөн одоог байгаа гэж үзэж, оршин байх зүйлс нь зөвхөн одоогийн үзэгдэл байна гэж хэлнэ. Тэдний хувьд, өнгөрсөнд болсон үйл явдлууд үр дүн гаргахгүй, жишээ нь, хосуудын хооронд өнгөрсөнд болсон нэг маргаан нь салалтад хүргэж болох үр нөлөөтэй байна гэж үзэхгүй. 

Хэдэн зууны туршид, Гуравдугаар ассамблейгаас хойш, өөрийн өөр өөр ойлголтууд дээр суурилан, олон урсгал сургуулиуд улам олноор гарч эхэлсэн: Теравада ёсноос хэд хэдэн урсгал гарсан бол бусад нь Махасангхика эсвэл Сарвастивада урсгалуудаас гарсан байна. Ойролцоогоор тавин жилийн дараа, Дхармагуптака урсгал салбарлан гарсан. Энэ урсгал сургуулийн хүрээн дэх тэдгээр хүмүүс Бурхадын статусыг өргөн, суваргуудад – Бурхан эсвэл тодорхой эрдэмд хүрсэн мэргэдийн чандрыг агуулах дурсгалуудад эхэлж – дараа нь Бурхадад, сүүлд нь илүү бага чухалд тооцогдох хуврагуудад өргөл өргөхийн чухлыг онцолж байсан. Энд, сүсгийн тал гол анхаарал болж байсан. 

Дхармагуптака урсгал өнөөгийн Пакистаны хойд хэсэг болон Афганистаны зүүн хэсгийг хамран оршиж байсан бүс нутаг болох Гандхарад дэлгэрч байсан Бурханы шашны Бага хөлгөний гол урсгал байв. Энэ газар Бурханы шашны сургаалын хамгийн эхэн үеийн бичигт буусан хувилбарууд гарсан газар бөгөөд МЭӨ I зуунаас эхэлсэн ба тэдгээр нь гандхари хэл дээр буусан байсан. 

Тэр үед гарч байсан гол асуудлуудын нэг нь “Бурхан багш гэж хэн, юу байсан бэ?” гэсэн асуулт байсан. Зуун зуун өнгөрөх хэрээр, бид ямар нэг нийгмийг (эсвэл “шашин”) үндэслэсэн үндэслэгч улам, улам илүү алдартай болдгийг харж болно. Бага хөлгөний бусад уламжлалыг (арван найман уламжлал) авч үзэх үед бид МЭ-ээс өмнөх зуун зууныг дамжин төлөвшсөн түүхэн төлөвшлийн явцад, Бурхан багш илүү их хүчийг олж, илүү их илт мэдэлтэй (бүхнийг мэдэгч) болж байсан гэдэг утгаар түүнийг тайлбарлахад улам илүү бэрх болж байсныг харна. Ийнхүү, архад болон Бурхан хоёрын хоорондын ялгаа улам их болж ирнэ. Бид энд Бурхан багш олон өөр өөр сонсогчдод сургаалыг чадварлаг тайлбарласнаар тэд сургаалыг тодорхой хэрэгцээнд авч хэрэглэж байсан бөгөөд тэр үед шашны сүсгийн тал Бурханы шашны бус утга зохиолуудад мөн тод харагдаж байсныг тэмдэглэж болно. Сүсэглэх бие хүний хэрэгцээ нь Бурхан багш улам, улам ихээр агуу төрөлхтөн болж байсан болон зөвхөн Бурхан багш төдийгүй бусад олон өөр агуу хүмүүсийн чандар бүхий суварга, эрдэнийн чандар, дурсгалуудтай холбогдож байв. 

Энэхүү сүсгийн талын хариу үйлдэлтэй холбогдох зүйл нь Их хөлгөний бүтээлүүд эсвэл судрууд эх зохиолыг дуудан уншиж, судалснаар бий болох асар их ач тус, эерэг хүч буюу буяныг онцлон тэмдэглэж байсан явдал. Түүхээс харахад, Их хөлгөний зохиол бүтээлүүд өнөөгийн Зүүн Энэтхэгийн зүүн хэсэг болох Андхра Прадэш нутгийн орчим, МЭ I – IV зууны хооронд анх үзэгдэж эхэлсэн. Энэ нь Бага хөлгөний салбар Махасангхика урсгал дэлгэрсэн бүс нутаг байсан бөгөөд тус урсгал Бурхан багшийг хүний хэр чадлаас хэтэрсэн нэг төрөлхтнөөр тодорхойлж , Бурхан багшийн хүрсэн зүйлүүд болон архадын хүрсэн зүйл хоёрын ялгааны заагийг өргөсгөсөн. Гарч ирсэн Их хөлгөний голлох эхэн үеийн судрууд нь Пражнапарамита судрууд байсан бөгөөд тэдгээр нь Бурхан багшийн Тасын цогцост (оргил) уулын ойлголцоо бүх үзэгдлүүдийн хоосон чанарын талаар айлдсан сургаал байсан – Номын хүрдийг хоёрдох удаа эргүүлсэн (хоёрдох бүлэг сургаалыг тайлбарласан) үйл явдал. 

Их хөлгөний судруудын гол анхаарал нь ердөө хүж, зул гэх зэргийг дурсгалуудад өргөх төдий хэт их сүсэглэх явдал бус харин эх зохиолуудыг судалж, дуудан унших шаардлага дээр төвлөрч байсан. Тэдгээр судруудад, эх зохиолуудыг судлахын ач тусуудыг нэг эх зохиолыг судалж, дуудан унших нь нэг суваргад тахил өргөхөөс гучин зургаан сая дахин их буян болно гэх мэт тоогоор тэдгээр ач тусын талаар тасралтгүй давтан өгүүлнэ. Гэвч МЭ VIII зууны үеийн Энэтхэгийн Бурханы шашны их мэргэн, Шантидэва гэгээний тэмдэглэсэнчлэн тахил өргөх нь хэрэггүй биш байна. 

Сүсгийн тал мөн Дхармагуптака урсгалын дотор төлөвшиж байсан ба энэ урсгал Төв Азид илүү дэлгэрсэн нэг урсгал. Энэ урсгалыг дагагчид “дхарани” гэх зүйлийн гол хэсгийг томьёолсон. Дхарани нь үндсэндээ сэтгэлийг тодорхой нэг сургаал дээр төвлөрч, түүнийг санаж байх зорилгоор үргэлжлүүлэн дуудан унших нэг богино өгүүлбэр эсвэл томьёолол байна – нэг төрлийн сүсэг. Дхаранигийн хэрэглээ нь Хиндү шашны сүсгийн тал төлөвшиж байх үед үүссэн. Хиндү шашин Бурханы шашинд эсвэл эсрэгээрээ нөлөөлсөн эсэхийг хэлэхэд хэцүү байдаг. Тэдгээр нь хоёул нэг ижил цагт гарч ирсэн ба Хиндү шашинтан нарын хувьд энэ нь Харэ Кришна тэнгэрийн тохиолдолд унших зүйл байх бол Бурханы шашинтнуудын хувьд дхарани унших явдал байна. 

Дхармагуптака хөдөлгөөний сүсгийн тал нь Хятадын Бурханы шашинд тодорхой харагдана, энд хүмүүс сүмд орж зул, хүж өргөн, тасралтгүй дхарани уншина. Хятад дахь Бурханы шашны урсгал сургуулиудын ихэнхэд суралцах талыг ерөнхийдөө тийм их онцолдоггүй. Дхарани нь Бурханы шашны зөвхөн сүсгийн талд нөлөөлөөд зогсохгүй мөн тарнийн сургаалын төлөвшилд нөлөөлсөн. Ийнхүү, хожим нь, Бурханы шашны түүхэнд дхаранигаас ихэнх тохиолдолд нэлээн богино байх тарнийг, бүтээл үйлдэгч хүн (сургаалыг дадлага болгож буй хүн) тодорхой нэг сургаалын утгыг санаж байх үүднээс тарнийн бүтээлд үргэлжлүүлэн унших болсон. 

Дхармагуптака урсгалын төлөвшил нь зөвхөн сүсгийн тал дээр илүү анхаарахад чиглээгүй төдийгүй мөн эрэгтэй мөн эмэгтэй хуврагуудын сахилын өөр өөр хувилбаруудыг бий болгосон. Энэ уламжлал Төв Азиар дамжин Хятадад дэлгэрсэн. МЭ IV болон V зууны хооронд Сарвастивада урсгалаас Муласарвастивада гэж бидний мэдэх өөр нэг урсгал салан гарсан бөгөөд үүний хуврагуудын сахилга батын дүрмийн хувилбарыг төвөдүүд дагах болсон. Ийнхүү энэ цаг үед хуврагийн сахил хүртээх гурван гол дамжлага уламжлан ирсэн: эхнийх нь, Зүүн Өмнөд Азийн Теравада уламжлал; хоёрдох нь, Муласарвастивада уламжлал, энэ нь Төвөдөд эхэлж, дараа нь Монгол болон ойролцоох бүс нутгуудад дэлгэрсэн бол; гуравдах нь, Дхармагуптака уламжлал, энэ нь Хятадад эхэлж, дараа нь Солонгос, Япон болон Вьетнамд дэлгэрсэн. 

Бурханы шашны дөрөвдүгээр ассамблей 

“Бурханы шашны дөрөвдөх ассамблей” гэж нэрлэгдэх хоёр өөр ассамблей байсан. Эхнийх нь МЭӨ I зууны сүүл үеэр Шри Ланкад Теравада ёсны хүрээнд зохион байгуулагдсан. Энэ үед нэлээд хүнд өлсгөлөн тохиож, олон хувраг өлсгөлөнгөөр нас барж байв. Иймд сургаалыг хадгалж үлдэхийн тулд, тухайн үеийг хүртэл амаар дамжин ирсэн сургаалуудыг бичигт буулгасан. Энэ нь Теравада ёсны сургаалууд дамжиж ирсэн пали хэл байсан. 

Бурханы шашны дөрөвдөх ассамблейн өөр нэг ассамблейн хувьд, МЭ I зууны сүүлээр Кашмир болон Хойд Энэтхэгт, Сарвастивада урсгалын хүрээнд Кумаралата зөвхөн Сарвастивада судруудад тулгуурлан абхидхарма сургаалын эх зохиолууд дахь үндэслэлийг үгүйсгэсэн. Түүнээс эхтэй тус уламжлалыг “Саутрантика” үзэл гэнэ. Мөн энэ үед, МЭ I зуунд, Төв Азийн кушанчууд Гандхара, Кашмир болон Хойд Энэтхэгийг эзлэн Кушаны улсыг байгуулсан. Кушан улсын ноёрхлын үеэр хаан Канишка, “Дөрөвдүгээр ассамблей” гэж нэрлэгдэх нөгөө ассамблейг Кашмирт, Вималамитрагийн удирдлага дор хуралдуулсан. Энэ удаа, ассамблейн гишүүд Саутрантика ёсны баталгааг үгүйсгэж, Махавибхаса сударт Сарвастивада ёсны абхидхармын сургаалуудыг системчлэн оруулсан. Энэ нь Сарвастивада ёсны Вайбхашика салбарын суурь болсон. Вайбхашика болон Саутрантика ёсны сургаалуудын аль алиныг Энэтхэгийн сүм хийдийн их сургуулиудад зааж байсан бөгөөд өнөөгийн Төвөдийн сүм хийдүүдэд үргэлжлүүлэн заасаар байгаа. 

Дүгнэлт 

Төвөдүүд/энэтхэгчүүд түүхийг цаг хугацааны дараалан үргэлжлэх чанарын бус үзлээр, Бурханы шашны сургаалуудын түвшингүүд дээр суурилж үздэг бол барууныхан түүхийг цаг хугацааны дараалан үргэлжлэх чанарын үзлээр, түүхэн мэдээллүүдийг цаг хугацаа болон баримт дээр логикоор зохион байгуулан авч үзнэ. Барууны түүхийг үзэх үзлийн үүднээс, Бурханы шашны сургаалууд нь Бурхан багш тэдгээрийг зааснаас хойш олон зууны турш бичигт буулгүй, харин амаар, үргэлж дуудан уншиж, цээжлэх байдлаар – одоо хэр нь хадгалагдаж байгаа заншил – уламжлан ирсэн байдаг. Ассамблей бүр Бурханы шашны бүх урсгал сургуулийг дагагчдад зориулан сургаалыг хамтаар дуудан уншиж, боломжит өөрчлөлт орсон эсэхийг тодорхойлохоор зохион байгуулагдсан. Эхний ассамблейд таван зуун архад оролцсоноос, гурав нь Бурхан багшийн сургаалуудын гол салбаруудаас нэг нэгийг тус бүр дуудан уншсан. Хэдийгээр Бурхан багшийн санаа сүм хийдүүдийн нийгэм эрх тэгш байх тухай байсан ч, Махакашяапа энэ ассамблейг тэргүүлсэн. Махакашяапагийн эрх мэдэл сургаалуудыг системчлэх болон хамба лам нарын залгамжлал бий болоход чиглүүлсэн. 

Хоёрдугаар ассамблей нь хуврагууд алт хэрэглэх эсэх мөн архадуудын дур хүсэлтэй холбоотой нөхцөлүүдийн талаар зөвлөлдөхөөр хуралдсан. Хуврагуудын дундах үзэл бодлын ялгааны улмаас хуврагуудын нийгэм Теравада болон Махасангхика уламжлал гэсэн хуврагуудын хоёр бүлэгт хуваагдсан. 

Ашока хааны хаанчлалын үед, Гуравдугаар ассамблей олон өөр өөр урсгал сургуулиуд тусгаарлан гарч, төлөвшиж байсан учраас сургаалын ариун байдлыг баттай болгох, өөр өөр тайлбаруудыг хооронд нь зохицуулах үүднээс хуралдсан. Сургаалуудын тайлбарт дараа дараагийн ялгаа гарсан тул Сарвастивада урсгал Теравада урсгалаас тусгаарлан гарсан. 

Шри Ланкад зохион байгуулагдсан Дөрөвдүгээр ассамблей Бурханы шашны сургаалуудыг бичигт буулгахаар хуралдсан. Кашмирт зохион байгуулагдсан Дөрөвдүгээр ассамблей Сарвастивада урсгалын Вайбхашика тогтсон тааллын (үзэл) тогтолцооны суурийг бий болгож байсан сургаалуудыг эмхэтгэж, Саутрантика үзлийн тайлбаруудыг няцаахаар хуралдсан.   

Ийм байдлаар, эрх бүхий гол удирдлага байдаггүй учраас, газар зүйн өөр өөр байрлал бүхий бүс нутгуудад өөр өөр тайлбар, үзэл аяндаа гарч, ийнхүү Бурханы шашин төлөвшин тогтсон. 

Top