Монголд тулгарч буй өөрчлөлт шинэчлэлтийн сорилтууд

Би Монголд 1996 оны 11 сард хамгийн сүүлд очихдоо урьд нь эхэлсэн хоёр чиглэлээр ажлаа үргэлжлүүлэхийг зорив. Ричард Гирийн сангаас Монголд Буддизмыг сэргээхэд туслах нэг том төслийг удирдан, зохион байгуулахыг надаас хүссэн юм. Энэ төслийн гол чиглэл нь, англи хэлнээс орчин үеийн ярианы Монгол хэл рүү Буддын шашны гол зохиолуудыг орчуулж, хэвлэж, нутаг даяар тараах явдал байлаа. Энэхүү айлчлал нь уг төслийн захиргааны дэд бүтцийг байгуулж, ном хэвлүүлэх ажлыг хийхэд чиглэгдсэн юм. Миний айлчлалын хоёр дахь зорилго нь Монгол улсын их сургууль болон Гандан хийдийн хүсэлтээр Буддизмын тухай урьдах лекцээ үргэлжлүүлэн унших явдал байсан.

Буддизм өрнө дахинд түгэн дэлгэрсэн нь

Буддизм анх Европт арван долдугаар зууны эхэн үед Оросын Волга (Ижил) мөрний хавиар Халимаг Монголчуудаар дамжин түгсэн. Буддын шашны эрдэм шинжилгээний зохиолуудыг Европын хэлнээ арван наймдугаар зууны эцсээс орчуулж эхэлсэн ажээ. Бурханы шашны бясалгалын багш нар баруун Европ ба АНУ-д хорьдугаар зууны эхэн үеэс сургаж, номлож эхэлсэн ба дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон цэргүүд азийн соёлтой ойртсоны улмаас Буддизмыг барууны орнуудад хүчтэй сонирхож эхэлсэн билээ. Баруунд Зен ба Теравада буюу Бага хөлгөний уламжлалууд анх дэлгэрсэн бөгөөд 1959 онд Дээрхийн Гэгээн Далай Лам төвдийн дүрвэгсэдийн хамт Энэтхэгт цагаачлан гарснаас хойш Очир эрдэнийн хөлгөн Өрнө Дахинд хамгийн өргөн дэлгэрсэн Буддизмын хэлбэр болсон. Одоо дэлхий даяар Хойд Өмнөд Америк, Ази, Баруун ба Зүүн Европ, Зөвлөлт Холбоот улсад хамаарагдаж байсан орнууд, Африк болон Австрали, Номхон далайн зүүн хэсгийн 100 гаруй Буддын уламжлалт бус оронд 10 мянга гаруй Буддын шашны төвүүд ажиллаж Буддизмын бүх уламжлалыг төлөөлж байна.

Буддизмын талаарх орчин үеийн Баруун дахь сонирхол

Буддизм нь зөвхөн барууны оронд ч бус, ер нь орчин үеийн хүмүүст хэд хэдэн шалтгаанаар таалагдаж байна. Дэлхийн бүх шашнуудаас Буддын шашин орчин үеийн шинжлэх ухаантай хамгийн их нийцдэг. Жишээлбэл: ертөнцийн тухай тайлбарууд, харьцангуйн чанарын зарчмууд гэх зэрэг. Цаашилбал Бурхан багш сургахдаа, “Миний номлосонд зүгээр л биширч сүсэглэсэний улмаас, хүндэтгэсний үүднээс итгэх биш, харин алтыг худалдаж авахдаа сорьж шинждэгтэй адил бүгдийг тэнсэлж шалгаж байж итгээрэй” гэж хэлсэн байдаг. Иймд Бурханы шашны үндсэн хандлагуудад шүүмжлэлтэй хандаж, сургаал номлолыг логикийн ба өөрийн туршлага дээр үндэслэн судалж, шинжлэх явдал юм. Сургаал номлол утга учиртай байж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлж байгаа үед л зөвхөн тэдгээрийг хүлээн авах хэрэгтэй. Орчин үед хүмүүс, ялангуяа барууныхан сорьж шалгаж, эсвэл асуулт тавилгүйгээр ямар нэг зүйлийг хүлээж ав гэж хэлэхэд дургүйцдаг.

Ихэвчлэн Буддизм нь оюун ухаан ба сэрэл мэдрэмжийг яаж хослуулдаг тухай маш тодорхой тайлбарыг өгч, сэтгэл санааны хүнд асуудлуудаа гэтэлж, түүний тулд төвлөрөл, нигүүсэл, асрал, мэргэн ухаанд сурах маш яруу тод, үр ашигтай аргуудыг заадаг. Бүх шашнууд сүсэгтэн нартаа тэвчээртэй, хүлцэнгүй, хайрлах, энэрэх сэтгэлтэй, ухаалаг байхыг сургадаг ч, Буддизм харин эдгээр зорилгуудад хэрхэн яаж хүрэхийг амьдралд туйлын ойр дөтөөр сургадаг юм. Дээр нь Буддын шашин хүмүүс хоорондоо ялгаатайг харгалзан, эерэг зан чанарыг хөгжүүлдэг ганцхан зөв зам байдаг гэж номлодоггүй. Бурханы шашин гарал үүсэл, авъяас чадвар, сонирхлын бүх хүрээний хүмүүст тохирохуйц асар олон янзын аргаар сургадаг билээ. Барууны хүмүүс бодгаль хүн байх дуртай, тиймд хувь хүний болон нийгмийн байр сууриа дэвшүүлж, дээрдүүлэхэд ашиглаж болох өргөн хүрээний сонголт бүхий арга техникийг өгөхөд ихэд талархан хүлээж авдаг.

Барууны хүмүүс эрх чөлөөг үнэлдэг, эрх чөлөө гэдэг ойлголт тэдний хувьд сонголт хийх эрх чөлөө юм. Буддын шашин хүмүүсийг номондоо татан оруулах гэж албаддаггүй, харин хүн бүрийг хүндэтгэж харьцдаг. Бурханы шашин нь дэлхий дахинд хурц гярхай ухааны нээлт, арга техникүүдээ хуваалцая хэмээн өргөн барьж байдаг. Хүмүүс Буддын шашны номлолуудаас ач тусыг нь хүртэх юм бол амьдралдаа тэдгээрийг зохицуулахыг Буддизм дуртайяа урьж байна. Тэдэнд язгуур шашин чинь тэнэг, дорд, тэр шашинаа хаях хэрэгтэй гэж ятгаддаггүй. Буддизм биднээс орхиоч, гээгээч гэж хүсдэг ганц зүйл бол бидний шунал, хомхой сэтгэл, уур хилэн, амиа хичээх үзэл, төөрөгдөл юм. Барууны хүмүүс өөрсөдтэй нь насанд хүрсэн хүмүүсийнх нь хувьд харьцахад дуртай. Сахилгагүй, юу ч мэдэхгүй хүүхдүүдтэй адил харьцахад дургүй. Энэ үүднээс барууныхан Буддын шашны хандлагыг маш боловсорсон, сайрхуу болоод ихэмсэг бус гэж үздэг, тиймдээ ч тэд түүнд татагддаг юм.

Монгол орны өөрчлөлт шинэчлэлтэнд Буддизмийн үр нөлөө

Буддизмыг дахин сэргээх нь Монгол орны хөгжил дэвшилд хохирол учруулахгүй, харин ч дэвшлийнх нь түлхүүр болно гэж би хэлнэ. Монгол орон урагшлан дэвшиж, хөгжин дэлхий дахины эдийн засгийн зах зээлд өрсөлдөхийн тулд өөрийн үнэ цэнэ болон соёлын гүн гүнзгий мэдрэмжтэй байх ёстой явдал юм. Хүмүүс зөвхөн өв уламжлалаараа бахархаж байж л дэлхийд өрсөлдөхөд өөртөө итгэх итгэлтэй байж чадна. Хэрэв монголчуудад зөвхөн коммунист дэглэмийн үед ч биш, бүр бүхий л түүхийнхээ туршид улс орны нь, бүтээсэн бүхэн нь үнэ цэнэгүй байсан гэж үнэмшүүлээд байвал тэд өөрсдийнхөө тухай маш дорд, сөрөг төсөөлөлтэй болно. Энэ бол хөнөөлтэй, учир нь тэднийг орчин үеийн ертөнц дэх бэрхшээл хүнд асуудлуудтай нүүр тулах, тулж зогсох сэтгэл санааны байр суурьгүй болгоно. Хүмүүсийн нэр төрийг гутааж, юм бүхэн нь хоцрогдсон, буурай гэж бодоход хүргэх юм бол, тэд мэдээж хэрэг архинд хандаж, согтуурлын мананд өөрсдийгөө умартах нь зүй юм. Энэ нь гэмт хэрэг, хүчирхийлэл зэрэг нийгмийн доройтолд хүргэж, нийгмийн хөгжил дэвшилд саад учруулдаг билээ.

Монголчууд буруу замаар орсон хэрэггүй жаалууд мэт тул тэднийг хөгжүүлж дэвшүүлэхийн тулд ёс суртахууны хувьд боловсорсон бусад насанд хүрэгсдийн туслалцаатайгаар харийн шашинд оруулах хэрэгтэй ард түмэн биш. Монголын ард түмэн бол өөрсдөө бусад хэнтэй ч соёл ба шашны өвөөрөө эн тэнцүүхэн насанд хүрсэн томчууд бөгөөд энэ үндэс суурин дээрээс л зөвхөн дэвшин урагшилж чадна. Гадаадын (шашны) бүлэглэлүүд Монголчуудыг маанаг муу хүүхдүүд гэж итгүүлээд байх юм бол тэр тааруухан муу хүүхдүүд тэгээд хэрхэн томчуудын ертөнцөд амжилттай тэмцэлдэн өрсөлдөж чадах болж байна аа?

Коммунист дэглэм Монголчуудын шашин, соёлын өвийг булаахыг, өөрийнхөө дүр төрхийг гээж, Зөвлөлтийн нөхөд болгохыг оролдсон. Энэ бодлогын хөнөөлт үр дагаврыг хүн бүр мэднэ. Хятад дахь Манж эздүүд ч урьд нь мөн ингэхийг оролдож, хамаг Монголчуудыг Хятад болгохыг хичээж байсан. Тэгвэл барууны хүмүүс одоо Монголчуудын уламжлалт шашныг нь булааж, өөрийн шашиндаа оруулах оролдлогыг хийж, Монголчуудыг барууны хүмүүстэй адил болгохыг оролдож байх шиг санагддаг. Коммунистууд хүмүүсийг өөрчлөхийн тулд харгис хэрцгий хүч хэрэглэж байсан. Харин барууныхан эдийн засгийн хүчийг ашиглаж, гадаадад аялан жуулчлах бололцоо, мөнгө санхүүгээр дэмжиж, ард түмний толгойг эргүүлж байна. Коммунистууд, барууныхан аль аль нь түүхийг гуувиулан хамаг муу муухай бүхэнд Монголын уламжлалт ёс заншил буруутай гэж, хоёулаа л соёлын сүйрэл, харийн ноёрхол руу хөтлөх ижил зорилгыг баримталдаг. Монголын ард түмэн манжийн эзэн хааны эсрэг, дараа нь коммунизмын эсрэг сөрөн зогсож чадаж байсан, одоо тэд соёлын болон оюуны өвийг нь булаахыг хичээж буй харийн хүчний эсрэг ч бас сөрөн зогсох ёстой юм.

Коммунистууд ч, авралын зар түгээгч хүмүүс ч Монголын Буддизмын талаар юу ч мэддэггүй харанхуй хүмүүс байдаг. Хэрэв Монголчууд өөрсдөө Буддын шашны талаар мэдэхгүй байвал уламжлалт шашных нь эсрэг гуйвуулсан буруу суртал нэвтрүүлэгт итгэнэ. Монголчууд соёл, шашныхаа талаар судалж мэдэх аваас бахархаж гайхуулах их юмтай улс гэдгээ олж мэднэ. Монголд Бурханы шашин боловсролыг дэмжин, хөгжүүлэх гол хүч байлаа. Анагаах ухаан, Математик, Одон орон, Хэл зүй, Яруу найраг, Гүн ухаан, Логик, Сэтгэл зүй гээд бүгдийг л Буддын шашны сургалтын хүрээнд суралцаж байжээ. Боловсорлоор бий болдог, нэг талаас хувь хүний хөгжил, нөгөө талаас нийгэмд гарах ахиц нь орчин цагт дэвшин урагшлахын үндэс юм. Цаашилбал Бурханы шашин нь намын шугамыг сохроор хүлээн авах биш, өөрсдийн логик эрэгцүүллээрээ сэтгэн бодох асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг учраас орчин үеийн амьдралын нарийн төвөгтэй асуудлуудыг зохицуулахад шаардагдах оюун ухааны уян хатан шинж, амьдралд тустай хандлагыг хөгжүүлэхэд гойд сайн үндсэн нөхцлүүдийг өгдөг юм шүү дээ.

Зарим хүмүүс хүлцэнгүй, тэвчээртэй байх тухай Буддын шашны номлолыг буруугаар ойлгож, бүрмөсөн сул, идэвхгүй байж, бусдад ашиглуулах боломж гаргана гэсэн үг гэж боддог. Энэ нь буруу юм. Тэвчээртэй байх гэдэг нь, хүнд нөхцөл байдалд бачимдаж уурлахгүй, харин асуудлыг хамгийн зөв зохицуулах шийдийг олж харах чадвартай байж, энэ шийдээ хэрэгжүүлэхдээ сэтгэлээ тайван байлгах гэсэн үг юм. Хэрэв бид уурлаад л эхэлвэл, ухаалаг сэтгэхээ байж, зорилгоо бүтэлгүйтэх зүйлсийг үйлдэх буюу ярих нь олонтой бөгөөд хожим нь бид харамсан гэмшдэг. Хүлцэл, тэвчээр бол хүч тэнхээний тэмдэг болохоос сул доройн тэмдэг биш. Ялимгүйхэн цочрооход л шумууланд бууж өгч буй дайчин эр шиг, уур хилэнд бууж өгөөд байх юм бол бид сул дорой байна гэсэн үг. Хэрэв бид бэрхшээлтэй нүүр тулахдаа тэвчээртэй байх аваас бид хямрахгүй, харин бэрхшээлийг насанд хүрсэн хүн шиг зохицуулна. Хэрэв Монгол морьтон эрс морин дэл дээр уртын аяныг туулж, ар гэрээс алсад байхын хүнд бэрхэд хүлцэнгүй, тэвчээртэй байгаагүйсэн бол энэ газар дэлхийн өөр аль ч үндэстнээс илүү их газар нутгийг байлдан дагуулж хэрхэн чадахсан билээ. Ийм хүлцэл тэвчээр л эдийн засгийн амжилтанд хүрэхэд шаардагдана.

Зарим хүмүүс Буддизмыг мухар сүсгийн шашин, бидний хамаг асуудлыг шийдэх гэж лам нар нь Пужа уншлага уншиж, ёслол үйлдэж, далдын хүчийг дууддаг хэмээн буруугаар ойлгох явдал ч бий. Энэ бол өрөөсгөл хандлага. Бид бүгдээрээ урьдах үйлүүдээрээ амжилт ба бүтэлгүйтлийн шалтгаануудыг бүтээсэн. Хэрэв бид мөнгө олохын тулд шударга бус үйл хийсэн, бусдыг мэхэлсэн бол бидэнд хэн ч итгэхгүй. Бидэн дээр үйлчлүүлэгчид ирэхгүй байх, өрөөл бусад ч эргээд биднийг залилан мэхэлж байх шалтгаануудыг бүтээжээ. Хэрэв бид нөгөө талаар ажил хэрэгтээ үнэнч байх юм бол бусад хүмүүс бидэнд итгэнэ. Амжилтын шалтгааныг ч бид бас бүтээнэ. Энэ нь үйлийн үрийн жам ёс. Бидний бүтээсэн нөөц бололцоо тохирох нөхцөл байдал бүрдмэгц амжилт эсвэл бүтэлгүйтэл, уналт болон боловсордог юм.

Буддын шашны зан үйл, ёслолуудыг хийх нь бидний эерэг сайн үйлийн үр, нөөцийн нөхцлийг бүрдүүлэх нэгэн арга билээ. Хэрэв бид ямар ч үр суулгаагүй бол газрыг хичнээн ч усалсан юу ч ургахгүй. Үүнтэй адил бид өөрсдийн байр байдлаар амжилтанд хөтлөх үйлийн үрийг суулгаж тариагүй бол хичнээн уншлага, хурал хуруулаад амжилтын шалтгаан ид шидийн юм шиг бий болохгүй. Ёс суртахуунтай зан байдлыг уламжлалт ёс зүй, зан үйлтэй хослуулах аваас бид энэ хорвоод амжилтанд хүрэх зөв баримтлалтай болно. Энэ үзэл баримтлалд ямар ч мухар сүсгийн зүйл үгүй.

Товчхондоо, Монголд иргэн бүр бахархаж болох шашны, соёлын ялгуусан өв уламжлалтай улс бөгөөд энэ бахархал нь орчин үеийн дэвшлийнх нь үндэс болох юм. Мэдээжийн хэрэг, Монголын өв уламжлалыг буруу ашигласан хүмүүс байсныг үгүйсгэвэл, байдлыг сохор мухраар, хэтэрхий хялбарчилсан хэрэг юм. Соёл бүрт ёс суртахууных нь туйлын зорилгуудад тэнцэхүйц амьдарч чаддаггүй хүмүүс байдаг. Гэвч түүгээр уламжлал бүр мөсөн дампуурч, хэрэгцээгүй зүйл болсон гэж дүгнэх шалтгаан бишээ. Барууны шашнууд Буддын шашны уламжлалтай зарим нэг оронд хэсэг бусаг хүмүүсийг өөртөө татан элсүүлсэн байдаг. Тэндэх хүмүүсийн олонх нь уламжлалт шашин, соёлоосоо хоцрогдсон хэмээн татгалзсан гэж бодвол буруу. Тэдний эдийн засгийн амжилтынх нь учир шалтгаан гэж бодох нь ч алдаатай хэрэг. Тайван, Хонконг, Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Тайланд улсуудын ард түмнүүд хүнд хүчир хөдөлмөр, үндэстнээрээ, өөрөөрөө бахархах бахархлынхаа хүчээр эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд хүрсэн юм. Монгол орон ч бас ингэж чадна.

Эрүүл ахуйн талаар Буддын сургаалын үүднээс зөвлөх нь

Бурхан багш сургахдаа Бурхад, тэдний сургаалиуд, хуваргуудын нийгэмлэгт хүндэтгэл үзүүлэх нь маш чухал гэсэн билээ. Хүндэтгэл үзүүлэхийн шалтгаан нь Бурхадуудадболон хуваргуудад таалагдахын тулд юм уу эсвэл чинээлэг болохын төлөө биш, харин өөрсдийн амьдралдаа тавьсан зорилгодоо хүндэтгэл үзүүлэхийн тулд юм. Буддын шашны номлолыг хэрэгжүүлэхийн гол зорилго нь өөрсдөө Будда болох явдал юм. Бурханы хутгийг олно гэдэг нь өөрсдийнхөө хамаг алдаа дутагдал, саад тотгороо гэтэлж, бүх авьяас чадвар, нөөц хүчээ өөртөө болон бусдад тус болохын үүднээс хамгийн ихээр хэрэгжүүлэхийн нэр юм. Бид бүгдээрээ Буддагийн чадвартай учир бидэнд, бүгдэд нь энэ зорилгод хүрэх завшааныг байгалийн нөөц хүч буюу Бурханы мөн чанар олгодог юм. Бид эрэгтэй, эмэгтэй, баян, ядуу хэн байлаа ч гэсэн ялгаагүй ухаан бодол, зүрх сэтгэл, бие махбодьтой, мөн харилцах чадвартай билээ. Эдгээр нь бид Бурхан болох, Бурханы хутаг олоход бидэнд ажлын хэрэгсэл болдог зүйлс юм. Тиймээс, Бурхан багшид хүндэтгэл үзүүлснээрээ бид өөртөө, бас бусдад хүндэтгэл үзүүлж байдаг.

Хүндэтгэл үзүүлэх хамгийн аятайхан боломжуудын нэг нь цэвэр ариун чанар юм. Буддын шашин сүсэгтэн олондоо цуутай зочин гийчинг урин залж байгаагийн адил сүм хийдээ өдөр тутам цэвэрлэж, ариун, үзэмжтэй сайхан тахилуудыг өргөхийг сургадаг. Үүнтэй адил бие махбодио, гэр орноо өдөр бүр, өөрсдийгөө болон уулзаж учирч буй хүмүүст хүндэтгэл үзүүлэх үүднээс ариусгаж байхыг Буддын шашин сургадаг билээ. Бурханы шашны ёс суртахууны номлолын нэг бол бусад хүмүүст өөрсдийгөө муухайгаар үзүүлэх ямар ч зүйлийг үл хийх буюу бусдын зүгээс өөрсдийгөө хүндэтгэхгүй байх шалтгаан гаргахгүй байх тухай байдаг.

Бохир заваан байх, эвгүй үнэр ханхлуулж явах нь бусдын хүндэтгэлийг алдахад зайлшгүй хүргэнэ. Хэрэв бид хувийн эрүүл ахуйг сахиж, өөрсдийхөө талаар сайхан сэтгэгдэлтэй явж, гадаад дүр төрхөө өөрчилвөөс бусад хүмүүс ч бидний хажууд байхдаа баяртай байж, бидний тухай нааштай сэтгэгдэлтэй болно. Эдгээр нь амьдралд аз хиймортой явах хүчин зүйлүүд юм. Хэрэв бусад хүмүүс биднийг хоцрогдсон, мунхаг гэхлээр нь бид тэдний үгэнд итгээд байвал, өөрсдийнхөө цог хийморийг алдана. Өөрийн үнэ цэнэ, мэдрэмжийг гээх нь архинд донтоход төдийгүй бас өөрсөддөө халамж тавьж, гадаад байдал, орон гэр, сүм хийддээ анхаарал тавихгүй байдалд хүргэх болно. Мөн бусад хүмүүс биднийг бохир заваан байсан ч бидэнд сохроор хүндэтгэл үзүүлээд байвал бид байдлаа өөрчлөхгүй л байх. Бид өөрсдийгөө хүндэтгэж, амьдралдаа хийж буй зүйлээ хүндэтгэх нөхцөлд л зөвхөн хувийн дадал зуршлаа өөрчилнө. Хүндэтгэл нь Буддын шашны талаарх тайлбар болон биднийг бүдүүлэг хоцрогдсон гэж үнэмшүүлэх гэж чармайх харийнханы шахалтаас бид өөрсдийгөө чөлөөлснөөс урган гарах юм. Одоогийн ертөнцөд цэвэр ариун, дэвшил хоёр хоорондоо холбоотой.

Top