Орос болон халимаг орчуулга дээрх эх сурвалжаар Бурханы шашны бүтээл үйлдэх

“Халимагийн Мандал сэтгүүл”-ийн Доктор Александер Берзинтэй хийсэн ярилцлага

Халимагийн Мандал сэтгүүл: Таныг Бурханы шашны салбарын орчуулгад маш удаан хугацааны туршид ажиллаж байгаа гэдгийг бид бүгд мэднэ. Таны хүчин чармайлт тодорхой хэмжээний өөрчлөлт авчирсан; та олон уламжлалт үг хэллэгийг шинэ маягаар орчуулсан. Нэг хамгийн илэрхий жишээ нь “аврал одуулах” гэдгийг та “аюулгүй зам мөр гаргах” гэж орчуулсан. Та өөрийн Бурханы шашны салбарын орчуулгаа практикийн эсвэл онолын хувьд уламжлалт Бурханы шашны орчуулгаас өөр гэж үздэг үү, хэрэв тийм бол ямар хэлбэрээр ялгаатай вэ? Ямар нэг санал зөрөлдөх явдалтай тулгач байв уу?

Доктор Берзин: Багш нарынхаа айлдварын аман орчуулгыг Энэтхэг болон бусад орнуудад хийж явахдаа Бурханы шашны талаарх буруу ойлголт, төөрөгдлүүдийн ихэнх нь орчуулгын буруу чиглүүлсэн үг хэллэгээс гарч байгааг ном сонсож байгаа хүмүүсийн асуулт харуулж байгааг удалгүй анзаарсан юм. Бурханы шашны уламжлалт орчуулгын үг хэллэгийн ихэнх нь XIX зууны үеийн Христийн шашны номлогчдын хөдөлгөөн болон Викторийн ёс зүйн үнэт зүйлийн хүчтэй нөлөө бүхий эрдэмтдийн зохиосон үг хэллэг байв. Ийм учраас тэдний хэрэглэсэн үг хэллэг Христийн шашны ёс суртахууны утга санаа агуулсан “ариун журам”, “ариун журам бус” гэх мэт эсвэл “буян”, “нүгэл” гэх зэрэг бусад буруу чиглүүлсэн тохиромжгүй үг хэллэгүүдийг хэрэглэсэн байдаг. Мөн жишээ нь “аврал одуулах” гэх хэллэг нь бүхнийг чадагч Бурханаас ердөө аврал хайх гэсэн идэвхгүй санаа агуулсан байдаг бол Бурханы шашны хэллэг нь илүү идэвхтэй утга санааг агуулна. Гурван эрдэнийн үзүүлсэнчлэн өөрийн амьдралд аюулгүй зам мөр гаргах гэсэн утгатай. Ингээд тэрхүү зам мөрөөр яван өөрсдөө гурван эрдэнэ болох ба өөрсдийг бүхий л зовлонгоос хамгаална гэсэн үг.     

Миний гаргаж тавьсан “эерэг болон сөрөг үр” гэх мэт хэллэг нь “буян, нүгэл” гэх мэт хэллэгээс илүү шүүж буруушаах гээгүй утга санаа бүхий Бурханы шашны бодит хэллэгүүдийг дамжуулах гэсэн оролдлого юм. Бурханы шашны уламжлал нь өөрийн бүхий л үг хэллэгтээ маш тодорхой тодорхойлолттой байдаг бөгөөд миний бие тэдгээр тодорхойлолтон дээр суурилан тэрхүү тодорхойлолтыг илэрхийлэх англи үгийг олохыг хичээдэг. Аман болон бичгийн аль аль орчуулгадаа тэдгээрийг хэрэглэснээр хүмүүс тэдгээр үг хэллэгийн хувьд Бурханы шашны илүү үнэн зөв ойлголт авч байгааг би хардаг. Хэдийгээр хүмүүс бусад орчуулагчдын хэрэглэдэг үг хэллэгт дассан байдаг ч миний хэрэглэдэг үг хэллэгийг сонсох эсвэл унших нь тэдэнд тэдгээрийн агуулж буй Бурханы шашны суурь үзэл санааны ойлголтоо сэргэээн дахин авч үзэх боломж олгодог.   

Мөн түүнчлэн хоорондоо бага зэрэг төстэй утгатай боловч тодорхой өөр утга санаатай олон үг хэллэг бий. Тэдгээрийг “үнэн оршихуй” (англ. true existence) гэх мэт нэг англи үгээр орчуулахын оронд би тэдний тодорхойлолттой тохирох орчуулгыг олохыг оролддог. Ингээд тухайн үг хэллэг гарч ирэх тохиолдол бүрд би тэдгээрийн орчуулгыг давтан баримталж эх зохиолын утгыг бүрэн барихыг хичээдэг. 

Өмнөх асуултан дээр нэмж асуухад “аврал одуулах” (англ. “going for refuge”) гэдгийн монгол болон халимаг орчуулганы – гурван эрдэнэ дор итгэмүй – гэх хэн нэгэнд итгэх (англ. to believe someone; to believe in someone / something; to have faith in someone / something; to hope for something) гэсэн орчуулга байдаг, түүнийг авч хэрэглэж болох уу. Энэ нь нэлээд өөр утгыг илэрхийлж байна, тийм биш гэж үү?    

Энэ таны өмнөх асуултанд хариулсан хариултын нэг сайн жишээ байна. “Гурван эрдэнэд итгэх” гэдэг нь мөн л Христийн шашны Бурханд итгэх эсвэл Эцэг, хүү, ариун сүнсний холбоонд итгэх, итгэлийн хүчээр аврагдах гэсэн шинжтэй утга санаа өгч байна. Энэ маш буруу утга бөгөөд орчуулгын үг хэллэгийн Христийн шашны номлолын утга санааг илэрхийлж байна.        

Орчуулагчийн хувьд таны бүтээлийн суурь зарчим юу вэ?

Би өөрийн орчуулгыг үнэн зөв бөгөөд уншихад хялбар байхыг зорьдог. Өөрөөр хэлбэл, зохиогчийн санааг үнэн зөв дамжуулах хийгээд орчуулга нь урсгал сайн англи хэл дээр буусан тийм орчуулгыг гаргахыг хичээдэг. Энэ нь нэлээд хэцүү эх зохиолуудын үг хэллэг, нийлмэл өгүүлбэрүүдийн хоорондын логик холбоог зөв гаргах ба бичвэр дундаж хэмжээний уншигчид ойлгомжтой байхаар бичигдсэн байна гэсэн үг. Хамтаар дуудаж унших шүлгэн болон хурлын (олноор хурж унших) бүтээлүүдийг орчуулахдаа би нэмж тодорхой цохилт болон хэмнэлтэй уран яруу сонсогдохуйц англи хэлэнд орчуулахыг хичээдэг.        

Миний бүтээл дэх эдгээр зарчмуудын хамгийн сайн жишээ нь миний цахим хуудсанд бий Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй бүтээлийн орчуулга. Санскрит хэлнээс төвөд хэлэнд орчуулсан  тэр мэт тийм найраглал бүхий бүтээлүүдийг орчуулахдаа би төвөд хэлэнд тодорхой харагддаггүй үйл үгийн цаг болон бусад дүрмийн ялгааг зөв гаргах үүднээс санскрит эх зохиолыг нь бас хардаг.

Бурханы шашны бүтээл хийдэг зарим хүмүүс бүтээлийнхээ уншлага (садхана) болон бусад эх зохиолуудын төвөд болон өөрийн төрөлх хэл дээрх уншлагын алийг хэрэглэвэл дээр болох тал дээр их төөрөлддөг. Зарим багш нар төвөд хэл дээрх эхүүд жишээ нь орос хэл дээрх эх зохиолынхоос илүү их адистэдтай байдаг гэдэг бол зарим багш нар нь уншиж байгаа зүйлээ ойлгох нь чухал гэдэг. Энэ тал дээр тодорхой тайлбар өгвөл олон хүн талархах болов уу гэж би бодож байна.     

Дээрхийн гэгээн XIV Далай лам хүмүүс өөрсдийн Номын бүтээлийг өөрийн хэл дээр хийх нь хамгийн сайн хэмээн зөвлөсөн. Хамгийн гол зүйл бол уншиж, хурж байгаа зүйлээ зөв, хялбар ойлгох түүгээрээ утгыг хялбар хадгалж байх явдал. Тийнхүү төвөдүүд бүгд өөрсдийн уншлага болон бусад бүтээлүүдийг эх санскрит хэл дээр бус төвөд хэл дээр уншдаг. 

Мэдээж хэрэв бидний өөрсдийн хэлэнд орчуулсан орчуулга нь сайхан, хэмнэл бүхий, ялангуяа бидний өөрсдөө болон олноор хурж унших уншлага тийнхүү орчуулагдсан байвал үнэхээр тустай. Хэрэв эх бичвэр нь хэмнэл үгүй бөгөөд хурж уншихад хэцүү, таатай биш, урам өгөхгүй хэллэгээр бичигдсэн байвал тэр нь уншлагаас авч болох ач тусыг багасгаж болно.

Товчоор хэлбэл, эх бичвэрийг багш нарынхаа уншиж байгаатай адил хэл дээр унших нь хэдий урамтай сайхан боловч – (дашрамд хэлэхэд “урам” гэдэг нь олон орчуулагч нарын “адистэд” гэж орчуулдаг үгийн миний орчуулдаг хувилбар юм) – надад түүнийг илүү хялбар, бүрэн ойлгох өөрийн хэл дээр сайхан бичсэнийг унших нь илүү урамтай мэт санагддаг. Гэвч бүх зүйл орчуулгын үнэн зөв байдлаас шалтгаална. Бүтээл үйлдэж байгаа бид бүхний хувьд хэрэв бидний өөрийн хэл дээрх эх бичвэр хэдийгээр сайхан бичигдсэн боловч буруу орчуулагдсан эсвэл буруу хөтөлсөн үг хэллэг хэрэглэсэн байвал энэ нь бидний шашны бүтээлд нэлээд сайнгүй. Ийм тохиолдолд түр хугацаанд эх хэл дээрх бичвэрийг өөрийн хэл дээрх зөв орчуулга хийгдэх хүртэл хэрэглэх нь илүү тустай байж болно.        

Мөн үүнтэй адил төстэй, үсэг дүрслэхтэй холбоотой нэг асуудал байдаг – төвөд үсэг дүрслэх нь илүү их “адистэдтэй” байдаг уу эсвэл крилл болон латин үсэг хэрэглэж болох уу? Магадгүй хэрэв чадаж байвал ранжана, деванагари эсвэл брахми үсэг дүрслэх нь хамгийн сайн уу?  

Дахин хэлэхэд бид төвөд хүмүүс тарни болон үсгүүдийг ямар нэг энэтхэг хэл дээр биш төвөд хэл дээр дүрсэлдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Хэдийгээр энэтхэг ранжана үсгээр бичигдсэн тарниудаар ихэнхдээ сүм хийдийн ханын дээд карниз болон багануудыг чимсэн байдаг боловч дүрслэлийг төвөд хэл дээрээ л дүрсэлнэ. Иймд би тарни болон үсгүүдийг бидний өөрийн хэл дээр дүрслэхэд ямар нэг хүндрэл хардаггүй.  

Тарнийн бүтээлд хэрэглэгддэг тухайлбал И болон ВАМ зэрэг тодорхой  үсгүүдийн хэлбэрээр илэрхийлэгддэг зарим бэлгэдлийг ойлгохын тулд мэдээж эртний энэтхэг бичгийн тэдгээр үсгүүдийн хэлбэрийг мэдэж байх шаардлагатай. Өөр нэг жишээ гэвэл санскрит цагаан толгойг бүрдүүлэхэд хэрэглэгддэг авианы зарчмууд нь Цагийн хүрдэний тарнийн тодорхой шинжүүдээр илэрхийлэгдсэн байдаг. Тэгэхээр санскрит цагаан толгойн суурь мэдлэг Цагийн хүрдэний сургаалын эдгээр талуудыг ойлгоход шаардалагатай болно. Гэвч тарнийн үсгүүдийг нэг нэгэндээ шингэж буйгаар дүрсэлдэг тэдгээр тарнийн бүтээлд түүнтэй адилхан үйл явцыг дүрслэхэд бидний өөрийн бичиг тохирох эсэхийг шинжилж үзэх боломжтой. Миний багш, Дээрхийн гэгээн XIV Далай ламын багш нарын нэг байсан Цэнжаб Сэркон Ринбүүчи ийнхүү зөвлөсөн юм. 

Мэдээж төвөд болон энэтхэг үсгүүдийг дүрслэхэд ямар нэг асуудалгүй байдаг тийм хувь хүмүүс байна. Тэр тохиолдолд тэдгээр бичиг дээр үсгүүдийг шингээх дүрслэлийг хийх нь тэдэнд өөрийн төрөлх бичиг дээр тэдгээрийг дүрслэхээс хялбар байж болно. Гэвч ямар нэг хэл, бичгийн “ид шид” бүхий шинж чанарын талаарх мухар сүсгийн үзэлд автахгүй байх нь чухал. Эцэст нь хэлэхэд Бурхан багшийн сургаалын онцлогийн нэг нь тэрээр Энэтхэгийн ведийн сургаалын ведийн дуу, үсэг, хэл ариун бөгөөд мөнх гэх үзлийг үгүйсгэж байсан явдал.                       

Та урт хугацааны туршид олон өөр оронд сургаал айлдаж явсан бөгөөд таны бие Бурханы шашин өөр өөр газруудад дэлгэрэхдээ өнгөн талдаа тухайн газрын тодорхой онцлогийг шингээсэн байдаг хэмээн дурдсан байдаг. Танд “Орос” Бурханы шашин байдаг гэж санагддаг уу, танийг сургаал айлдаж, хүмүүстэй харилцаж явахад баруун европ болон орос сонсогчдын хооронд ялгаа харагдаж байсан уу?   

Ерөнхийдөө орос сонсогчдын ихэнх нь оюунлаг бөгөөд гүнзгий сүсэг бишрэлтэй байдаг гэж би боддог. Тэд хамгийн хэцүү сэдвийн талаар тайлбар хүсдэг бөгөөд тэдгээрийг маш их сонирхон хүндэтгэлтэйгээр анхааралтай сонсдог. Бусад газартай адилгүй тэд тайлбар тэдний одоогийн суралцсан хэмжээнээс илүү байсан ч ердөө гомдол гаргадаггүй. Тэд тэдгээр тайлбаруудыг төвөд хүмүүс ойлгоход амаргүй Ном сонсохдоо хүлээн авдгийн адилаар урам (адис) өгдөг хэмээн хүлээн авдаг мэт санагддаг. Бурханы шашныг судлан аль хэдийн тодорхой түвшний мэдлэгтэй болсон тэдгээр хүмүүс тухайн сэдвийн талаар сайн бодолцсон гэдгийг харуулахаар тийм сайн асуултууд асуух ба өнгөц ойлголтонд тэд сэтгэл хандаггүй гэж миний бие боддог. Товчоор хэлбэл, орос хүмүүс бусад оронд олж харахад ховор тийм түвшний Бурханы шашны бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаххандлага, дур сонирхолтой байдаг. 

Мэдээж бусад олон газар байдгийн адил зарим орос хүмүүс Бурханы шашны сургаалын өдөр тутмын амьдралд зориулсан бодит хэрэглээнд гол анхаарлаа хандуулахаас илүүтэй түүний нууцлаг талд ихээр татагдсан байдаг. Зарим нь Бурханы шашинд ер бусын хүч мэт өөрсдийн ямар нэг асуудлыг шийдэх ид шид хайн ханддаг. Гэвч би орос шавь нар, бүтээлчдийн чанарт нийтэд нь маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Энэ чанар Зөвлөлтийн үед төвөд болон монгол хэл сурах, өндөр настай лам нараас ердөө аман дамжлага авахаар Буриад уруу явахад гаргаж байсан тэдгээр зарим хүмүүсийн гайхалтай хүчин чармайлтаар харагддаг. Миний цахим хуудасны англи хэлнээс олон өөр хэлэнд бүтээлийг орчуулдаг багуудын дотроос Оросын баг хамгийн сайн зохион байгуулалттай, бүтээмж ихтэй баг. Орчуулгын оновчтой байдал, бичлэгийн хэв маягийн яруу байдалд анхаарах тэдний хариуцлага үнэхээр гайхалтай. Багийн олон гишүүд хувийн санхүүгийн хүндрэлтэй хэдий ч бүгд хичээнгүйлэн, тогтвортой сайн дураар ажилладаг нь миний хэлээд байгаа зүйлийг тодорхой харуулж байгаа юм. 

Таны мэдэж байгаачлан халимаг хүмүүс 20-р зуунд олон зүйлээ алдаж их шаналан зовсон бөгөөд харамсалтай нь маш цөөн тооны залуу хүмүүс халимаг хэлээр ярьж байна. Олон залуу хүмүүс Халимагт ажил олох хэцүү учраас Москва, Санкт-Петрбург болон гадаадын улс орнууд уруу явж ажиллаж байна. Танд Халимагийн залуу үеийнхэнд хандаж хүсэх зүйл, зөвлөгөө байгаа болов уу? 

Та Халимагтаа үлдсэн ч, Оросдоо өөр газар, эсвэл бүр гадаадад ажиллахаар явсан ч өөрсдийн соёлын уламжлалаа хүүхдүүддээ уламжлуулан үлдээх нь хамгийн чухал. Ингэснээр та өөрийн хийж байгаа аливаа зүйлдээ амжилт гаргахад туслах өөртөө итгэх итгэл, өөрийг хүндэтгэх хүндлэлийг батжуулан хүч өгнө. Халимаг хүмүүс өөрсдийн уртаас урт түүхийн явцад тэдгээр дайн, олноор нь хоморголон устгаж байсан үе болон урт холын нүүдлүүдээрээ аугаа их зориг, хүчин чармайлт, зохицох чадвараа харуулсан байдаг. Халимагийн түүхийн талаарх сайн мэдлэг мөн соёл, шашин, оюун санааны уламжлал нь халимаг хэлний сайн мэдлэгээр батжин та бүхэнд нэг гүн гүнзгий бахархал болон амжилтын сэтгэгдэл суулгах болно. Энэ нь эргээд өнөөгийн 21-р зууны сорилтуудтай хэдэн зууны турш танай ард түмний онцлог болж ирсэн хүчин чармайлттай адил хэмжээгээр нүүр тулах эр зориг, хүчийг та бүхэнд өгөх болно.

Top