Шиньжян Халимаг монголчуудын дундах Төвөдийн Бурханы шашин, 1994 он

Шиньжян дахь Халимаг монголчуудын товч түүх

Шиньжян буюу Зүүн Туркестанд Оросын Халимагт байдгийн адил тооны ойролцоогоор 140 000 Халимаг Монголчууд байдаг. Тэдгээрийн 5000 нь нийслэл Өрөмч хотод амьдарна. Ихэнх тохиолдолд Зүүн Туркестаны Ойрадууд гэгддэг тэд өөрсдийгөө Шиньжян Халмиагууд гэх ба тус мужийн хойд хагаст Зүүнгарын савын хөвөөгөөр нутаглана. Тэд өөсрдийгөө хойд Шиньжян Халимаг, өмнөд Шиньжян Халимаг гэсэн хоёр хэсэгт хуваана. Тэнгэр (Тэнгэрийн таг, Tianshan Mountains 天山) ууланд амьдрах өмнөдийнхөн голлох хэсгийг бүрдүүлнэ.

Хэдэн зууны турш хятад оршин суугчдын үерт автан хэл, соёлоо бараг алдсан Өвөр монголчуудтай адилгүй Шиньжян халимагууд өөрсдийн соёлыг бүрэн бүтэн хадгалж үлдэж чадсан байдаг. Учир нь магадгүй тэд 220 жилийн өмнө Орос орноос эргэн ирэхдээ өөрсдөө Зүүн Туркестаны цагаачид болж байсан болохоор тэд үргэлж нэг жижигхэн үндэстний цөөнх болж байсантай холбоотой байх.

Түүнчлэн Шиньжян халимагууд өөрсдийн хэл, соёлыг орос ахан дүү нараасаа илүүтэй хадгалж үлдсэн мэт санагддаг. Үндэстнийхээ бүх цөөнхийг Зөвлөлтийн холбоонд оруулан крилл цагаан толгой хэрэглэхийг хүчилсэн хуучны ЗХУ-тай адилгүй Хятад улс үндэстний цөөнхүүддээ бичгийн хэл, соёлоо хадгалж үлдэхийг зөвшөөрч байсан. Ийнхүү Шиньжян нь монгол цагаан толгойн нэг хувилбар болох халмиаг бичиг уламжлагдсан үлдсэн цорын ганц газар болсон бөгөөд одоо хэр нь тус бичиг хэрэглэгдэж байна.

Бурханы шашин ба Шиньжяны халимагууд

Шиньжяны халимагууд Оросоос буцан ирснийхээ дараа 50 гаруй Гэлүгийн ёсны сүм хийд байгуулсан юм. Зүүн Туркестаны эдгээр халимаг хийдүүд анх Сэра Жэ хийдтэй холбоотой, чойрын сургалтандаа Жэцүнпагийн эх зохиолуудыг ашигладаг байсан боловч харин одоо тус бүс нутгаас хоёр бага насны лам хүүхэд Дрэпүн Гоман хийд рүү суралцахаар яваад хараахан эргэж ирээгүй байна.

XIX зууны сүүлээр Бурханы шашин нь Зүүн Туркестаны хамгийн хойд хэсгийн халимаг хийдүүдээс Сибирийн хилээс цааших Алтайн нурууны бүс нутагт дэлгэрэх болсон юм. Тийнхүү тус бүс нутагт Бурханы шашин нь бөө мөргөлийн ёстой холилдон, Бурхан шүтлэг гэж нэрлэгдэх нэг орон нутгийн шүтлэг бишрэлийг бий болгосон. Бурхан гэдэг нь монгол хэлэнд “Бурхан багш, Будда”-г илэрхийлсэн үг байдаг. Харин Зүүн Туркестанд Халимагийн Бурханы шашин нь илүү цэвэр үлдсэн юм. Гадаад Монгол, Буриад, Халимаг, Өвөр Монголтой адил гэр бүлтэй лам нарын уламжлал ердөө тогтоогүй.

Өнөөгийн нөхцөл байдал

Шиньжян Халимагийн сүм хийдийн ихэнх нь Соёлын хувьсгалын үеэр сүйдсэн үгүй болсон. Одоогийн байдлаар халимагууд 400 орчим лам хуврагтай, 35 гаруй сүм хийдийг сэргээн эхлүүлээд байна. Тэд гурван гол сургуулийг эхлүүлээд байгаа бөгөөд нэг нь Сибирийн хилийн ойролцоох Хобоксарын 和布克赛尔 хойд шиньжян халимагуудад зориулагдсан бол хоёр нь Тианшан уулын өмнөд хэсгээс Өрөмч хотын зүүн урд хэсэг хүртэлх Балкунта болон Хошуудын (Heshuo 和硕) зүүн шиньжяны халимагуудад зориулагдсан байдаг. Энд лам болохыг засгийн газраас хорьдог боловч Төвөдтэй адил түүнийг ихэнх тохиолдолд үл хэрэгсдэг. Гэвч халимагууд насанд хүрсэн хүн лам болон сүм хийдэд суух боломжгүй гэж үздэг учраас энд 18-аас дээш насны нэг ч хүн сүм хийдэд эхлэн суралцагчаар суудаггүй байна. Мөн дунд насны халимаг хүмүүс коммунистуудын суртал ухуулгад хэт их автсан байдаг. Төвөдтэй адил одоогоор сүм хийдүүдийг дахин сэргээх тал дээр ямар нэг хориг саад байхгүй байна.

Хобоксарт Арабтэн Чобэл (Төвд. Rab-brtan chos-'phel) хийд дээр шашны сургалт явагдаж байна. Анх энэ бүс нутагт 2000 гаруй лам хуврагтай таван халимаг хийд байдаг байсан боловч тэднээс үлдсэн нь зөвхөн энэ хийд бөгөөд ердөө хоёр жижиг шавар барилга байгууламжтай. Одоогоор 80 орчим лам хуврагтай бөгөөд бүгд өндөр настай. Өмнө нь 550 орчим лам хуврагтай байдаг байсан. Тус бүс нутагт Өрөмч хотод амьдрах Шиньжяны тэргүүлэх лам болох Шэлвай гэгээний (Төвд. Zha-lu-ba Rinpoche) харьяалагддаг Раши Чокорлин (Төвд. bKra-shis chos-'khor gling) гэх мэт хэдэн жижиг хийдүүд байгуулагдаад байна.

Хобоксарын шашны сургалт нь 1984 онд бага насны 40 лам хүүхдүүдтэйгээр эхэлсэн боловч энэ нь ердөө гурван сар үргэлжилсэн. Тэднээс ердөө тав нь гурван сарын сургалтыг дуусгасан байна. Бусад нь сонирхоогүй эсвэл зан үйлийг хийж сурахад зайлшгүй шаардлагатай төвөд болон хуучин монгол бичгийг уншиж сурах нь маш хэцүү гэж үзсэн учраас сургалтыг орхих болсон байна. Үлдсэн тав нь гэцлийн өмнөх сахилтайгаар албан бус байдлаар Балдан ламын дэргэд суралцаж байна. Тэдний хамгийн том асуудал нь хүмүүсийн анхаарал, сонирхол татах чадварлаг багш байхгүй байгаа явдал юм.

Голлох шашны сургалт нь Шар сүмийн (Төвд. Ser dGon-pa) Балкунтад явагдаж байна. Шиньжян Халимагийн хэд хэдэн хийд ийм нэртэй мэт байдаг боловч энэ нь голлох хийдэд тооцогдоно. 1969 оноос өмнө Шар сүм нь 2000 лам хуврагтай, чойрын Цэн-ний, тарнийн Гюү-па, анагаах ухааны Мэн-па, Калачакра, зурхайн Дү-кор гэсэн дөрвөн дацантай байв. Одоогооор 13 өндөр настай лам, 20-25 бага насны лам хүүхдүүдтэй байна. Мөн гурван ой хүрээд байгаа хойд дүрийн нэг лам болох Кунмин гэгээн сууж байна. Гоман, Ташилхүнпод суралцсан өндөр насны хоёр лам төвөд хэл, зан үйл заахаас гадна чойрын номноос бага сага заах ба нийт гурван анги хичээллэж байна.

Балкунтагаас 100 км зайтай байх Хошуудад өндөр настай арван долоо, бага насны хорин лам байна. Өмнө нь тус хийд чойрын Цэн-ний, анагаах ухааны Мэнпа гэсэн хоёр дацантай байсан. Одоогоор бага насны лам хүүхдүүд анагаах ухаан, төвөд хэлэнд суралцан, чойрын номноос тодорхой хэмжээгээр үзэх дөрвөн анги хичээллэж байна. Өндөр настай нэг халимаг эмч уламжлалт төвөд-монгол анагаах ухаанаас зааж байна.

Top