Монгол дахь Бурханы шашны нөхцөл байдал, 1994 он

Монголын Бурханы шашны товч түүх

Монголчууд 120 орчим хийдийг сэргээсэн бөгөөд одоогоор нэлээд олон бага насны лам хүүхдүүд тэнд ном үзэж байна. Голлох хийдүүдэд Гандантэгчэлин, Дашчойлин, Эрдэнэ зуу (Төвд.: Ринчэн Жово), Шанх, Амарбаясгалан (Төвд.: Дэвэр Гава) хийдүүд багтана. Тэдгээрийн түүхийг авч үзвэл:

Алтан хан Төвөдийн Бурханы шашныг авч хэрэглэх болсны дараагаар Сонам Гяцод Далай лам буюу “далай” гэдэг нь “гяцо” гэдэг хэмээх нэрийн орчуулга болох энэхүү цолыг хүртээжээ. Ийнхүү Сонам Гяцо нь III Далай лам болсон юм. Тэрээр Алтан ханы дэмжлэгтэйгээр 1579 онд Хөх хотод анхын Гэлүг ёсны хийд болох  Их хүрээг (Хятд. Дажао Си 大召寺) байгуулсан ба хожим нь үүнийг Манжийн хараат Өвөр Монгол гэдгээр нь мэдэх болсон юм. Алтан хан 1583 онд жанч халав.

Түүнээс хойш тун удалгүй Халхын Абдай (Абтай сайн) хаан III Далай ламыг Халхад (одоогийн Гадаад Монгол) хүрэлцэн ирж тэнд бас хийд байгуулахыг хүсэв. 1586 онд III Далай лам Сажа ёсны нэгэн ламтанг явуулснаар Абтай хаан Монголын эртний нийслэл болох Хархорумд Эрдэнэ зуу хийдийг байгуулав. Хархорум нь Чингис хааны хүү Өгэдэйн төр барьж байх үеийн XIII зуунаас эхлэн Хубилай хаан нийслэлийг Хятадын хилийн ойролцоо, Бээжинд ойр байрлал болох Өвөр Монгол дахь Шандуд шилжүүлэх үе хүртэл Монголын эзэнт гүрний нийслэл байсан. Эхэн үедээ Эрдэнэ зуу нь лам хувраг бүхий идэвхтэй үйл ажиллагаатай хийд байгаагүй, ердөө нэг суварга, нэг сүм бүхий байгууламж байлаа.

Монголд өөрийн Занабазар хэмээх нэрээрээ алдартай I Жавзандамба 1635 онд Эрдэнэ зуугийн ойролцоо төрсөн байдаг. Тэрээр Абтай хааны ач байсан бөгөөд Алтан хааны ач болж 1589 онд төрсөн IV Далай ламтай ижил шугаманд жишигддэг. 1648 онд I Жавзандамба Эрдэнэ зуу хийдээс 22 километрийн зайд орших одоогийн Шанхын хийдийн суурин дээр анхныхаа ерөөлүүдийг хурж байжээ. Тэрээр тэнд Баруун хүрээг байгуулсан бөгөөд энэ нь Халхын лам хувраг бүхий идэвхтэй үйл ажиллагаатай Гэлүг ёсны анхны хийд болсон юм. Түүнээс хойш тун удалгүй Эрдэнэ зуу хийдэд мөн лам нар суух болов.

Баруун хүрээ хийд нь улмаар долоон дацан, 1500 лам хуврагтай болов. Дагсалын Чора, тарнийн Гю-па, анагаах ухааны Мэн-па, Калачакрагийн Дү-кор, зурхайн Золхай, Амитаба бурханы Айвид, Майдар бурханы Майтрин дацангууд гэж байв. Дөрвөн аймгийн лам нарт зориулсан дөрвөн голлох сүмтэй байлаа. Эрдэнэ зуу хийд нь улмаар 1000 ламтай, дагсалын Цэн-ний, тарнийн Гю-па, Калачакрагийн Дү-кор, зурхайн Золхай гэсэн дөрвөн дацантай болсон бөгөөд зургаан аймгийн лам нарын зургаан голлох сүмтэй болов.

1654 онд Төвөдөөс буцан ирсэн I Жавзандамба Зүүн хүрээ буюу мөн Их хүрээ гэж олонд танигдсан тэргэн дээр бүтээсэн нүүдлийн хүрээг байгуулсан боловч улмаар 1688 онд Зүүн гарын цэргийн халдлагаар сүйдэн үгүй болсон юм. Түүнийг 1694 онд Манжийн Энх амгалан хааны захиргаанд орсны дараа Энх амгалан хаан тэрээр Эрдэнэ зуу хийдийг хуучин нийслэл Хархорумын ойр барьсны адил Хубилай хааны үеийн нийслэл болох Шандугаас 30 километрийн зайд, Долонорт, Долонор хийдийг байгуулав. Зүүн хүрээг 1706 онд мөн адил нүүдлийн их тэргэний загвараар дахин байгуулав.

I Жавзандамба хутагт 1723 онд Бээжинд жанч халсан бөгөөд Энх амгалан хаан түүний чандарт зориулан Халхад нүүдлийн бус, суурин хийд байгуулахыг хүссэн бөгөөд тэр нь нүүдлийн Зүүн хүрээнд байрших болов. Манжийн дараагийн хаан болох Найралт төв ийм зорилгоор Амарбаясгалан хийдийг бариулах болсон бөгөөд хийдийг Манжийн Тэнгэр тэтгэгч хааны нэгдүгээр он, 1736 онд барьж дуусгасан байна. 1778 онд Зүүн хүрээ нь одоогийн Улаанбаатар хот болох тухайн үеийн Өргөө хотод байнга төвхнөх болж, харин I Жавзандамбын чандарыг тэр жилдээ Амарбаясгалант хийд рүү нүүлгэсэн байна.

Эхэн үедээ Өргөө дэх Зүүн хүрээ нь хийд, хотын аль аль нь байсан боловч хийдийн эргэн тойронд хийгдэх худалдаа арилжаа хэт ихэдсэнээс хийд, хот хоёрыг удалгүй салгасан юм. Хожим нь XIX зууны дундуур V Жавзандамба хийдийн орчинд хэт их худалдаа арилжаа явагдаж байна гэж мөн үзсэн учраас тэрээр Зүүн хүрээний арван гурван дацангаас тавыг нь бага зэрэг хол нүүлгэв. Үүнд Гэлүг ёсны үндсэн гурван эх зохиолыг судалдаг Чойрын Цэн-ний дацан, мөн Дүйнхорын болон Жанрайсиг дацангууд багтсан бөгөөд түүнийг Гандан Тэгчэнлин гэж нэрлэв.

Эдгээр бүх хийдүүд 1937 онд зарим нь бүрэн, зарим нь тал байдлаар сүйдсэн бөгөөд 1946 онд Гандантэгчэнлин хийдийг үзмэр маягаар дахин нээж, 1970-аад оны эхээр тэнд лам нар бэлтгэх сургууль нээсэн байна. Эрдэнэ зуу хийдийг 1960, 1970 онуудад тус тус засварлаж байсан ба 1990 онд хийд болгон дахин нээсэн ба Баруун хүрээг мөн V Далай ламаас уламжилсан болов уу гэж үздэг Нингма ёсны тодорхой хэсэг зан үйлүүдийг үйлдэх үүднээс V Жавзандамба хутагтын байгуулж байсан Пунцаг Даргэлин хийдийн суурин дээр 1990 онд сэргээн нээсэн бөгөөд тус газрыг Шанх сум хэмээн нэрэлжээ. Зүүн хүрээг 1991 онд дахин нээж, Дашчойлин хэмээн нэрлэв. Амарбаясгалантыг мөн засварлан, дахин нээсэн байна.

Top