Удиртгал
Халимаг нь Волга мөрний доод сав газар, Каспийн тэнгисийн баруун хойд эрэг дээр оршино. 170 000 орчим халимаг хүн амтай бөгөөд нийслэл хот Элст ойролцоох хөдөө нутгийн хүн амыг хамарсан нийт 90 000 гаруй хүн амтай. Хуучин нийслэл Астрахан нь Халимагт багтахаа больсон хэдий ч одоо хэр нь 20 000 гаруй халимаг иргэдтэй. АНУ-ын Нью Жерсей болон Германы Мюнхен хотуудаар мөн халимаг иргэд оршин сууна. Зүүн Туркистанд (одоогийн Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон) ойролцоогоор хагас сая Ойрадууд бий бөгөөд тэд халимагуудтай холбогддог.
Халимагт Бурханы шашныг хорьсон нь
1930-аад оны үеэр Сталин Халимагийн бүх хурулуудыг нураан буулгасан байдаг. Цорын ганц тал хэсэг нь үлдсэн хурул нь Хушуд Хурул байлаа. Дэлхийн II дайны үеэр бүх халимагууд биш ч тэдний олонх нь Гитлерийн талд орж Сталины эсрэг байлдсан байдаг. Түүний үрд Сталин 1943 оны 12-р сард халимагуудыг хатуу шийтгэн ердөө таван минутын дотор шийдвэр гарган тэднийг бүгдийг Сибирь үрүү цөлсөн байдаг. Тэдэнд 1957 онд буцаж ирэхийг зөвшөөрсөн боловч Халимаг даяар суухыг зөвшөөрөөгүй, зөвхөн Ижил мөрний баруун талд нэг багахан хэсэгт суухыг зөвшөөрсөн. Одоо Астрахань төв нь бус харин Элст хотоор төвлөдөг.
Мөн Дэлхийн II дайны дараа олон халимаг хүмүүс Мюнхенд таван жилийн хугацаанд дөрвөгсдийн хуаранд суусан байдаг бөгөөд тэд дайны өмнө эсвэл дараа Германд ирсэн нь тодорхойгүй байдаг. Одоогоор Мюнхенд нэг халимаг сүм бий. Дэлхийн сүмийн сервис болон Толстой сангийн дэмжлэгээр 700 халимаг хүн АНУ-ын Нью Жэрсейгийн Фрийвүүд Акрест суурьшиж чадсан ба Дилова Хутагт, түүний дараа халимаг гэвш Вангялын заавраар хөтлүүлж байв. Энэ нь АНУ дахь Төвөдийн Бурханы шашны анхны бүлэг байсан бөгөөд Роберт Турман, Жэффрэй Хопкинс, миний бие гэх мэт олон америк эрдэмтэдийн Гэвш Вангялаар дамжуулан Бурханы шашинтай танилцсан газар байсан юм. Халимагууд одоо Нью Жэрсейд дөрвөн сүмтэй байна.
1920-иод оноос 1950-иад он хүртэл Зөвлөлт халимаг болон тэдний Зүүн Туркистан дахь ойрад төрөл төрөгсөдийн хооронд харилцаа холбоо байсангүй. Харилцаа тогтоосон нь халимагууд Сибирийн цөллөгөөс буцаж ирсэн 1957 оноос хойш байлаа. Тус харилцаа Соёлын хувьсгалын үеэр дахин тасарсан боловч 1980-аад оны эхээс хойш аажмаар дахин нэг удаа сэргэсэн. Энэ харилцаа нь гол төлөв шашны бус хүрээнд Зүүнгарын түүхийг шинжлэх ухааны талаас нь судлах, зохиолч хоорондын солилцоо, хувийн харилцаа зэргийг хамарсан байдаг.
Өнөөгийн нөхцөл байдал (1990 оны байдлаар)
Халимаг хүмүүсийг Сибирь үрүү бүрэн цөлсний улмаас тэдний Бурханы шашны соёл бүхэлдээ гээгдсэн. Хүмүүс гэртээ тахилгүй, лам хуврагийн ямар нэг дүр үгүй, тэр төдийгүй олон халимаг хүмүүс хэлээ мэдэхгүй болсон байв. Ийнхүү тэд буриад болон тува нараас илүү их оросжсон байлаа. Ойролцоогоор халимагуудын тал хагас нь орос нэр авч зарим нь хэдий саяхнаас Оросын Үнэн Алдартны шашинд орсон ч нийтдээ Бурханы шашинд шүтлэгтэй, тэр талаар хэдий бага мэдэх боловч хуучин ёс заншлаа дахин сэргээхийг ихээр хүсдэг.
Одоогоор зөвхөн Элстэйн Бурханы шашны бүлэг албан ёсоор Москвагийн Бурханы шашны хороонд албан ёсоор бүртгүүлээд байгаа бөгөөд энэ явдал 1988 онд тохиосон. Астраханийн 20 000 халимагаас 1 000 нь бүртгүүлэхээр өргөдлөө гаргаад байгаа. Тэд Хушуд Хурулыг сүм бус түүхийн дурсгал, музейгээр сэргээхийг хүсдэг. Гэвч зарим нэг настай хүмүүс түүнийг дахин мөргөл хийх газар, сүм байхыг хүсдэг. Тус хурулын байрлах тосгон Речноед орос хүмүүс голлон амьдрах ба тэр нь тосгоны гол байгууламж боловч маш муу нөхцөлтэй байдаг. Халимаг Дэлхийн II дайны дараа хэмжээгээрээ жижгэрэхэд Астрахань, Хушуд Хурул хоёр Халимагаас гарсан юм. Халимагчууд Халимагийг түүний өмнөх хэмжээнд дахин томруулахыг хүсдэг.
Элстийн бүлэг нэг байшин худалдан авч түүнийг түр байрлах сүм болгоод буй. Буриадын Иволгиноос лам нар зан үйл үйлдэхээр хоёр сарын хугацаатайгаар ирж байсан. Дараагаар нь Улаанбаатарт сурсан Иволгиний буриад лам Туван Доржийг хамбаар суухыг хүссэн байдаг. Тэрээр тэр үеэс Халимагийн Өөртөө Улсын Зөвлөлтөд төлөөлөх төлөөлөгчөөр сонгогдооод байгаа. Түүнд туслах өөр хоёр буриад лам бий. Ленинградын нэг европ орос Төвөд судлалаар суралцсан, гэвч эрдмийн цол зэрэггүй, Бурханы шашны боловсролгүй, лам биш боловч орхимж өмсдөг Ринчэн Доржэ (Володя) гэх тэрээр тэнд бас байна. Тэрээр хурал болон заримдаа зохион байгуулалтын ажилд туслах ба тэд өдөр бүр 21 Дарь эхийн магтаал, Палдэн Лхам хурж үүнд гол төлөв нэлээд өндөр настай бүлэг эмэгтэйчүүд ирж суун сонсоно.
1989 онд Бакула Ринбүүчи тавь гаруй жилийн дараа зочилж буй анхны Лам болсон юм. Тэрээр насны авшиг, Богд Зонховын магтаал мигзэмийн лүн хүртээн үйлийн үрийн тухай сургаал айлдав. Тэд Бакула Ринбүүчигийн сонгосон Элстээс холгүй нэг газрыг авсан ба тус газар дээр шинэ хурулын цогцолбор барих ажлыг наймдугаар сард Зүүнгарын баярын дараа эхлүүлэхээр төлөвлөж байв. Тэд дэлхийн өнцөг булан бүрд суугаа халимагуудыг урин хандив цуглуулж чадна хэмээн найдаж байлаа. Эхний ээлжинд нэг жижиг сахиусны гонхан барьж дараагаар нь цогчин (хурлын дуган) болон халимагууд дотроо маш их онцгойлж буй Майдарын бүтээлийн сүмийг тус тус барихаар төлөвлөж байна. Түүний дараа номын сан, музей, Лам багш нар болон гэргийтэн хүмүүс байрлах байр, зочид буудал барихаар төлөвлөж байгаа бөгөөд тэд үүнд 20 гаруй жил шаардагдана хэмээн тооцоолж байна. Архитектур нь холимог хэв маягтай, халимагийн уламжлалыг хадгалсан байна. Халимагийн сүмүүд төвөд ч биш, монгол ч биш хэв маягтай байдаг.
Халимагууд буриад болон оросуудаас хамаагүй илүү Бурханы шашинд маш сонирхолтой, өөрсдийн соёл болон гадаад ертөнцийн талаарх мэдээллийг илүүтэй их хайж байв. Оросын Шинжлэх ухааны Академийн Нийгэм судлалын Халимагийн институтын захирал Др. Петр Биткеев болон хамба лам Туван Доржи нар халимагуудтай холбоотой ямар нэг үйл ажиллагааны албан ёсны холбогдох хүмүүс нь болж байв. Тэрээр хуучин уламжлалыг сэргээх талаар маш их хүчин чармайлт гаргаж байсан бөгөөд Бурханы шашинтнууд болон академийн эрдэмтдийн хооронд Буриадаас илүү их ойр хамтын ажиллагаа тэнд ажиглагдаж байлаа. Энэ нь тэдний Бурханы шашны уламжлал нь үлдээгүйтэй нь холбоотой нь эргэлзээгүй юм.