Өвөр Монголыг бий болгосон нь
Манжууд Өвөр Монголыг Монголоос тусдаа нэгж болгосон нь Халх буюу хожим нь Гадаад Монгол гэж нэрлэгдэх болсон Монголын хэсэг Манжийн эрхшээл орохоос 60 орчим жилийн өмнө XVII зууны дунд үед тухайн бүс нутаг Манжийн эрхшээлд орсонтой холбогддог.
Өвөр Монголын хил олон удаа өөрчлөгдөж байсан. Энэ нь тус бүс нутгийн “L” хэлбэрийн хоёр үзүүрийн аль алиныг хамарсан Баруун хойд болон Зүүн хойд гэсэн хоёр бүсэд хуваагдана. Баруун хойд бүсэд нийслэл болох Хөх хот, түүний дараах хоёр дахь том хот болох Бугат хот багтана. Зүүн хойд бүс нь одоогийн Буриад монголчуудын амьдарч буй бүс нутаг, Сибирийн хил хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нь тухайлбал өмнөд бүсэд нь Цахар, төв болон хойд бүсэд Хорчингууд суух Зүүн Монгол овгуудын нутаг юм. Зүүн хойд бүс нь уламжлалын дагуу Манжуурын нутагт харьяалагддаг байсан бөгөөд Японы түрэмгийллийн үед тэдний тоглоомын улс Манж-гогийн хэсэг байсан. Зүүн хойд бүсийн монголчууд нь Барууны бүтээлүүдэд Манжуурын монголчууд гэж нэршигддэг.
Баруун хойд болон Зүүн хойд бүсийн хоорондын зөрчил
Одоогоор Баруун хойд бүсийн өвөр монголчууд Зүүн хойд бүсийн монголчуудыгаа Бурханы шашинд сүсэг бишрэлгүй, маш ширүүн, бүдүүлэг гэж үздэг. Тэд тэднийг бүрэн хятад гэж үзнэ. Зүүн хойд бүсийн монголчууд өөрсдийгөө Баруун хойд бүсийн монголчуудаас илүү оюунлаг, сайн хөгжсөн бөгөөд тэднийг тэдэнд атаархдаг гэж үзнэ. Зүүн хойд бүсийн монголчууд Баруун хойд бүсийн монголчуудыг бодвол коммунистуудад илүү зөөлөн хандана. Учир нь тэд тэднийг Японоос чөлөөлсөн бөгөөд Хятадын коммунистууд тэднийг Японтой байлдахад бага зүйл хийсэн үндэсний үзэлтнүүдээс чөлөөлсөн. Сталиныг баримтлагч Оросууд аль хэдийн 1945 онд Зүүн хойд бүсийн сүм хийдүүдийн олонхыг устгасан бөгөөд 1958 оны Зохиолчдын эсрэг ажиллагаагаар түүнээс олныг устган үгүй хийсэн байдаг.
Зүүн хойд бүсийн хамгийн хойд хэсэгт, Оросын хилтэй ойролцоо Хайлаарын ойролцоо нутагт Оросын хувьсгалын дараа Сибирээс дүрвэж ирсэн олон Буриад монголчууд амьдардаг. Тэд одоо хэр нь Оросын Буриадуудтай холбоотой байдаг ба Хөх хотод мөн тодорхой тооны Буриад дүрвэгсэд сууж байна.
Өвөр Монголын илэрхийлэл
Өвөр Монголын аль аль бүс нутаг бараг бүрэн хятад болоод байгаа. Хятадууд хоёр сая монголчуудаас тав нэгийн харьцаагаар олон байх бөгөөд тэнд нэг зуун гаруй хугацаанд сууж байна. Төвөдөөс ялгаатай нь сайн дураараа хятадуудтай гэр бүл болох явдал их байх ба Зүүн хойд бүсийн монголчуудын гуравны нэг нь хятад хүнтэй гэрлэсэн эсвэл тэдний хүүхдүүд байдаг. Хятадуудын хувьд нэгээс олон хүүхэдтэй болох боломж байдаг бол монголчуудын хувьд нийгэмд өндөр байр суурь эзлэх, илүү эдийн засгийн боломж олж авах давуу талууд байдаг байна. Хэрэв хятад хүн монгол хүнтэй гэрэлвэл тэд хятад уламжлалыг дагана. Ийм монгол хүмүүс болон тэдний үр хүүхдүүд хятад монголчууд гэж тооцогдоно. Хэрэв нэг хятад хүн ислам хүнтэй гэрэлвэл тэд ислам уламжлалыг, тэр дундаа хоолны хязгаарлалт баримтлах болдог учраас ислам хүмүүстэй гэрлэх нь цөөн байдаг байна.
Хятад монголчууд болон хотод суурьшсан чинээлэг цэвэр өвөр монголчууд монгол эсвэл Бурханы шашинтан гэх соёлын онцлог шинж маш багатай байдаг. Тэд хятад зан заншил, үнэт зүйлийг баримтлах бөгөөд Бурханы шашны сүм хийд дахин барьж байгуулах сонирхолгүй байдаг. Тэдний ердөө цөөхөн нь одоо байгаа сүм, хийдүүддээ очдог байна. Алслагдсан, хагас цөл газрын малчид л Бурханы шашны итгэл үнэмшилтэй мэт санагддаг бөгөөд тэд маш ядуу учраас сүм хийдүүдээ сэргээн барьж эсвэл дэмжиж чаддаггүй байна. Энэ нь Амдогийн хувьд эсрэг байх бөгөөд учир нь тэнд бэлчээр илүү сайтай, малчид нь чинээлэг, сүм хийдийн голлох өглөгийн эзэд байдаг байна.
Өвөр Монгол дахь монгол хэлний нөхцөл байдал
Хотод суурьшсан ихэнх өвөр монголчууд хэлээ мэддэггүй төдийгүй үр хүүхэддээ түүнийг сургахыг ч сонирхдоггүй байна. Энэ нь Амдогийн төвөд хэлний нөхцөл байдалтай төстэй боловч Өвөр Монголд нөхцөл байдал илүү муу мэт санагддаг. Томоохон хотуудад монгол сургуулиуд байх боловч хятад монголчууд болон тэнд амьдрах цэвэр өвөр монголчууд хүүхдүүдээ хятад сургуульд явуулах бөгөөд зөвхөн хөдөө орон нутгийн малчид хүүхдүүдээ тэдгээр монгол сургуульд сургадаг байна. Хотын ихэнх монголчууд гэртээ хятадаар ярина. Хэдийгээр эцэг эхчүүд нь хүүхдүүддээ Бурханы шашны талаар сургахыг оролддог ч хорь болон түүнээс бага насны ихэнх хүүхдүүд хятад сургууль дээр нь явагдах суртал ухуулгын улмаас сүсэг бишрэл эсвэл сонирхол ердөө төрүүлдэггүй байна. Чингис хаан нь Өвөр Монголын бараг бүх хүүхэд залуучуудын бишрэн хүндэлдэг цорын ганц монгол хүн, монгол зүйл болдог.
Өвөр Монгол даяар хятад албан газрууд хятад болон монгол уламжлалт бичгээр бичсэн хоёр хэлний хаягтай байдаг. Орос энэхүү монгол бичгийг Буриадад хорьж улмаар Гадаад Монголын эрх баригчдад нөлөөлж тус бичгийг мөн хорьж түүнийг крилл үсгээр солив. Хятадын тэрхүү хэрэглээ нь цэвэр суртал ухаалга юм. Хэдийгээр хотын монголчууд монгол бичгийг мэдэх хэдий ч тэдгээр нь хаягууд нь хятад бичиг нь том хэмжээтэй, холоос унших боломжтой байхад монгол бичиг нь хэт хэлбэр орсон, маш жижиг байдаг. Маш ойроос харах тохиолдолд л монгол үсэгнүүдийг хооронд нь ялган унших боломжтой.
Өвөр Монгол дахь уламжлалт анагаах ухаан
Монгол соёлоос өргөн дэлгэрч буй, хятадуудын дэмждэг цорын ганц зүйл нь уламжлалт анагаах ухаан бөгөөд энэ нь төвөд систем дээр суурилсан байдаг. Монголчууд зөвхөн Төвөдөд ургадаг зарим нэг ургамлуудыг өөрийн нутагт ургах тодорхой ургамлуудаар орлуулсан байдаг ба төвөд систем дээр монгол бариаг нэмсэн. Хэд хэдэн том уламжлалт сургуулиуд байх ба Баруун хойд бүсийн Хөх хот дахь Өвөр Монголын Анагаах ухааны коллежийн Монгол анагаах ухааны институт нь голлох нэгд тооцогддог ба 600 оюутантай. Зүүн хойд бүсийн голлох сургууль нь Тонляо хотын Монгол анагаах ухааны шинжлэх ухаан, судалгааны төв юм. Тонляо болон Зүүн Хойд бүсийн хойд захын Хайлаар хотын аль алинд гол гол эмнэлэгүүд байна.
Ляонин мужийн өвөр монголчууд
Энд өвөр монголчууд оршин суух нэг бүс байдаг бөгөөд тэдгээр нь Бурханы шашинд сүсэг бишрэлтэй, бага зэрэг сонирхдог гэдгээрээ онцлог юм. Энэ нь хуучнаар Манжуурын өмнөд хэсгийн Жэхол, одоогийн Ляонин мужийн өмнөд хэсэгт Фүшинь, Бэйпяо, Чаоян гэсэн гурван хотын ойр орших нутаг дэвсгэрийг хамарна. Төвөд нь хятад хэлэнд Сицзан буюу Баруун эрдэнэсийн сан гэж нэрлэгддэг бол энэ нутаг дэвсгэрийг манжууд Донцзан буюу Зүүн эрдэнэсийн сан гэж нэрлэдэг байв. Голлох хийд нь Бээжин дэх Засгийн газрын Бурханы шашны коллежид ажилладаг Ву Ринбүүчигийн тэргүүлдэг, Фусин дүүргээс 30 км зайтай орших Жиумиаод байх Монгол гэгээн сүм юм. Орон нутгийн өвөр монголчууд түүнийг засварлах ажлыг хийж байгаа бөгөөд одоогоор 32 өвөр монгол лам төвөд, монгол хэл үзэн тодорхой зан үйлүүдийг үйлдэж байна. Тухайн бүс нутагтаа архитектурын хувьд хамгийн уран шийдэлтэй хийд нь Бэйпяогийн ойролцоо байх Хуинин Си хийд юм. Гэвч энэ нь одоо музей болсон бөгөөд ердөө нэг ламтай.
Өвөр Монгол дахь Бурханы шашны өнөөгийн нөхцөл байдал
1958 оноос өмнө Өвөр Монголд ойролцоогоор 700 орчим сүм хийд байсан бөгөөд ердөө 36 хийдээс бусад нь сүйдсэнээс нэг ч дахин сэргээгдээгүй байна. Одоогоор байгаа эдгээр 36 хийдийн 17 нь Баруун хойд бүсэд, 19 Зүүн хойд бусад байна. Одоо байгаа нийт 2800 лам хуврагийн 1600 нь Баруун хойд бүсэд суудаг бол 1200 нь Зүүн хойд бүсэд сууна. Хийдүүд ихэвчлэн музей маягаар ажиллана. Хэдийгээр бага насны лам хүүхдүүд байх боловч тэдний ном судлах нөхцөл маш бага. Тэд сайндаа төвөдөөр уншиж, зан үйл, ерөөл хурж сурсан байдаг. Өвөр Монгол болон Манжуурын Ляонины аль ч газар чойрын ном үздэггүй.
Өвөр Монголд Хөх хотын Улсын Бурханы шашны коллеж гэсэн лам нарт зориулсан нэг л сургууль байна. Тус сургуулийг 1989 онд Панчэн лам бус харин орон нутгийн засаг захиргаанаас байгуулсан байдаг. Одоогоор 40 оюутан, 3 багштай. Багш нар нь өндөр настай өвөр монгол лам нар байх ба тэд Бээжинд суралцаагүй байдаг. Тэд төвөд хэл, монгол хэл, Ленинизмийн онол үзэх гурван жилийн курс явуулна. Хэдийгээр тэд хэл үзэх сурах бичиг болгон “Бодисаттвачаряаватара” зохиолын аравдугаар бүлгийг үздэг ч Бурханы номын албан ёсны сургалт, чойрын номын сургалт гэж байдаггүй. Амдогоос өөр Өвөр Монголд хэдийгээр одоо хэр нь ном хаялцах хэлбэрээр сургалт нь явагддаггүй ч Номын жинхэнэ утгыг судлах нэг газар бол хуучнаар Манжуурын Жэхол муж, одоогийн Хэбэй муж, Бээжингээс зүүн хойш байх хуучны Манжийн хааны зуны өргөө байсан Чэндэд (хуучнаар Жэхол) байх Пунин Си (Палчэн норбу лин) юм. Энэ хийд нь мөн засгийн газраас дэмжлэг авах боловч улсаас дэмжлэгтэй Бурханы шашны байгууллагууд дотроо онцлог, хөтөлбөрт нь Ленинизмийн онол багтдаггүй хийд юм. Өвөр монголчууд мөн Бээжингийн Ёнгэ Гонг сүмд бага хэмжээгээр Бурханы шашинд суралцах боломжтой байдаг.
Гадаад Монгол болон Буриадад байх гэр бүлтэй, архи уудаг “лам” нартай адилгүй Өвөр Монголын лам нар ихэнхдээ гэр бүлгүй байдаг. Зарим нь харин шар айраг уудаг мэт санагддаг. Зарим гэргийтэн өвөр монголчууд лам нарыг гэртээ зоогонд урих үедээ тэднийг шар айргаар бүр дайлдаг.
Төвөдийн Бурханы шашныг дэмжсэн Манжийн дэмжлэг
Манжийн эзэн хаадууд Төвөдийн Бурханы шашныг монголчуудын дунд дэмжиж, өөсрдөө түүнийг Бээжин, Чэндэ, Утайд баримталдаг мэт дүр үзүүлж байв. Тэд бүр Хятадын Бурханы шашны зохиол бүтээлүүдийг манж хэлэнд орчуулах ажлыг хийлгэн түүнийгээ манж Ганжуур гэж нэрлэн төвөд хэлнээс орчуулсан мэт дүр эсгэж байв. Гэвч тэд манж хүмүүсийг Бурханы шашны төвөд эсвэл хятад аль аль хэлбэрийг авч хэрэглэхийг зөвшөөрдөггүй байлаа. Эзэн хаадууд манж хүмүүс гол төлөв цэрэг байх ёстой бөгөөд Бурханы шашин нь эрүүл чийрэг эрчүүдийг армиас холтгон авна гэж үзэж байв. Тэд манжуудыг өөрсдийн уламжлалт бөөгийн ёсыг дагахыг сайшааж байлаа.
Эзэн хаадууд манж лам нарт зориулан ердөө хоёр манж хийд байгуулсан байдаг. Тэнгэр тэтгэгч хааны эх Утайд Манзушир бурхан Манжийн шүүхэд ирж байгаа тухай зүүд зүүдэлсэн байдаг. Тийнхүү хүү нь манж лам нарт зориулан Бээжингийн хойд зах Утлага толгод болон Чэндэд Манзуширын хийд бариулжээ. Тэдгээрийн аль алиныг Сяншань Си гэж нэрлэх ба одоогоор аль аль нь музей юм. Манжийн эзэнт улсын өмнөх үеийн нийслэл Шэньян хотын (хуучнаар Мүгдэн) Махакала сүм нь ердөө хийд байгаагүй, зөвхөн өргөл авахад зориулсан сүм байсан ба зөвхөн өвөр монголчууд ажиллуулдаг байв. Бээжин болон Чэндэгийн зарим манжууд одоогийнхтой адил Төвөдийн Бурханы шашинд сүсэг бишрэлтэй байсан боловч энэ нь маш ховор байсан. Ийнхүү Манжуурын Бурханы шашны талаар ярих үед энэ нь Өвөр Монголын Зүүн хойд бүсийн Бурханы шашинтай үргэлж холбогддог.
Намайг Өвөр Монголд зочлох үед хийд бүхэнд Панчэн ламын дүр байсан боловч Дээрхийн гэгээний дүр бараг байгаагүй. Энэ нь тэдэнд түүнд төрүүлэх сүсэг байхгүйтэй холбоотой бус харин тийм дүр, зураг олох боломжгүй байдагтай холбоотой байдаг.
Өвөр Монголын голлох хийдүүд
Дараах хийдүүд Баруун хойд бүсийн Хөх хотын хэсэгт харьяалагдана. Үүнд:
- Ширээт зуу (Хятд. Yanshou Temple 延寿寺), 21 ламтай, гурав нь Амдогийн харьяалалтай, нэг нь Хөхнуурын монгол. Энэ нь Баруун хойд бүсийн хамгийн голлох хийд мэт санагддаг. Лам хүүхдүүд төвөд хэл үзэн, эх зохиолуудыг цээжлэн, өдөр бүр Ламын чодба хурж, заримдаа Ямандаг бурханы зан үйлийг үйлдэнэ. Кха-нгон Ринбүүчи (mKha'-sngon rinpoche) нь Өвөр Монголын төлөөний тэргүүлэх лам бөгөөд ажлынх нь алба хийд дээр байрлана. Өвөр Монголын шашны тэргүүн лам Үлан Ринбүүчигийн ажлын алба өөр газар байрлах ба би хаана гэдгийг нь мэдэж чадаагүй.
- Их хүрээ (Төвд. Byang-chen Chos-'khor-gling, Хятд. Dazhao Si 大召寺) хийдийг Алтан хаан, III Далай лам нар байгуулсан бөгөөд 25 ламтай, түүнээс арван зургаа нь бага насных. Тэд мөн төвөд хэл үзэн зан үйл, ерөөлүүд цээжилнэ. Энэ нь Өвөр Монгол дахь хамгийн анхны Гэлүг ёсны хийд байсан. Түүний дэргэд Нэчүн Гомпа (gNas-chung dGon-pa) байна.
- Тэнгалин (bsTan-dga'-gling, Хятд. Wusitai Damiao 乌斯太大庙) хийд нь арван ламтай, ихэвчлэн музейн зориулалтаар ажиллана.
- Улсын Бурханы шашны коллеж (Төвд. Nang-bstan slob-grva, Хятд. Fojiao xuejia 佛教学家) нь дээр дурдсан хийдийн дэргэд байна.
- Палдэн Таши Пэндэлин (Төвд. dPal-ldan bKra-shis Phan-bde-gling , Хятд. Dalama Miao 大喇嘛庙) хийд нь Хөх хотоос зүүн хойш 150 км, Сизиванкигээс 四子王旗 70 км зайтай говийн нутаг дэвсгэрт оршдог. Өмнө нь тус хийд 1000 ламтай, Жамяанг Зэйпагийн эх зохиолыг баримтлах чойрын Цэн-ний, Калачакра багтаасан тарнийн Гю-па (rGyud-pa) гэсэн хоёр дацантай байв. Одоо зөвхөн өндөр настай лам нар байх бөгөөд бүгд 70 гарсан настай. Хийдэд арван зургаан лам суух бөгөөд тэд сард зургаан удаа хурал хурах ба хурлын үеэр 100 орчим өндөр настай лам нар ойролцоох газруудаас ирнэ. Хэдийгээр хийдийн ойрх жижигхэн тосгоны хүмүүс Бурханы шашинд сүсэг бишрэлгүй боловч малчид нь сүсэгтэй. Бага насны лам хүүхдүүд байдаггүй. Учир нь тэднийг байрлуулан, хооллох санхүүгийн эсвэл эд материалын дэмжлэг гэж байдаггүй. Ойролцоох Түрбит Гонпа бүрэн сүйдсэн байдаг.
- Далама Миао руу явах замд байдаг Вангефү Миао王爷府庙 хийд таван ламтай, зарим тарнийн зан үйл хийдэг.
Зүүн хойд бүсийн Бугат хотын орчимд:
- Падкар (Төвд. Pad-dkar Хятд. Wudang Zhao 五当召) хийд нь музей маягаар ажилладаг, 30 ламтай, ихэнх нь гэр бүлтэй, архи дарс хэрэглэх ба ердөө хийдийн тайлбарлагчаар ажиллана. Тэд маш ширүүн, олонх нь Зүүн хойд бүсээс ирсэн. Би нэг лам сүмийн дотор зөвшөөрөлгүй зураг авсан нэг хятад жуулчны бие махбодод нь халдан гэмтээхийг харсан. Өмнө нь хийдэд 1000 лам хувраг суудаг, чойрын Цэн-ний, тарнийн Гю-па, Калачакра болон зурхайн Дү-кор, анагаах ухааны Мэнпа, винайн Дул-ва гэсэн таван дацантай байв. Тус хийд нь Өвөр Монголдоо хамгийн өндөр сургалтын стандарт, сайн сургалттайгаараа алдартай байсан. Одоогоор ямар ч сургалт явагддаггүй, ямар ч тарнийн зан үйл гэж хийдэггүй. Энэ хийд нь хамгийн бага эвдэрч сүйдсэн хийдэд тооцогддог.
- Гандэн Шэрилинг (Төвд. dGa'-ldan Shes-rigs-gling, Хятд. Shouhui Miao 受惠庙) хийд нь Шар мөрний тойрог дотор байх Ордост Баотаогаас урагш 150 км, Дүншэнгээс 东胜 урагш Чингис хааны бунханаас 7 км зайд оршдог. Энэ хийд нь Чингис хааныг Номын сахиус гэж үзэх итгэл үнэмшилд зориулагдсан гол хийд бөгөөд тарнийн зан үйл хийдэг 30 өндөр настай ламтай, бага насны лам наргүй. Коммунист эрх баригчид бага насны лам нарыг хийдэд суухыг хорьж, түүнийг бүр хаахыг оролдож байсан. Хэдийгээр эрх баригчид Диснейланд адил бунханыг суртал ухуулга, аялал жуулчлалын зориулалтаар барьсан байдаг бөгөөд тэд энэ нь монгол үндсэрхэг үзлийг хөхүүлж магадгүй гэсэн үүднээс энэ итгэл үнэмшлийг хэт том болгохгүй байхыг хүсдэг нь илэрхий байдаг. Өмнө нь тус хийд нь 80 лам, Жамяан Зэйпагийн зохиолыг судалдаг Цэн-ний гэсэн нэг дацантай байсан. Энэ бүсэд урд таван хийд байдаг байсан боловч одоо зөвхөн энэ хийд үлдсэн байна. Бусад нь 1964 онд сүйдсэн. Энэ хийд зөвхөн нэг жижиг сүм болох нэг л барилгатай. Голлох нэг лам нь Дүншэнгийн нэг жижиг монгол эмнэлэгт эмчилгээнд суралцсан, эмч нарын удамтай гэр бүлээс гаралтай уламжлалт төвөд-монгол анагаах ухааны эмч хүн байдаг.
- Мэргэн гомпа нь Баотаогоос баруун тийш, Урад Квианквигийн 乌拉特前旗 ойролцоо байх ба энэ нь нэг байшинд байх ердөө нэг өрөө бөгөөд тэнд настай лам нар цуглан тарнийн зан үйл үйлддэг.
- Майдар сүм (Хятд. Meidai Zhao 美岱召) нь Баотаогийн зүүн хэсэгт байх бөгөөд лам наргүй харин ажилчидтай бөгөөд музейн маягаар ажилладаг.
Зүүн хойд бүсийн сүм хийдүүд:
- Долоон нуурт (Долонор) (Хятд. Duolun 多伦) Шар сүм буюу Баруун сүмийн (Хятд. Shanyin Si 善因寺) мөн Зүүн сүм буюу Хөх сүмийн (Хятд. Huizong Si 汇宗寺) туурь байдаг. Эдгээр нь Жангкяа хутагтын хийдийн хоёр хэсэг бөгөөд Өвөр Монгол дахь улс төрийн хувьд хамгийн чухал хийдэд тооцогдоно. Манжийн Энх амгалан хаан энэ хийдийг Халхын I Жавзандамба буюу түүний улс, Гадаад Монгол түүнд дагаар орсон газар дээр байгуулсан байдаг. Манж нар Жангкяа хутагтыг энд Өргөөд монгол Бурханы шашинтнуудын анхаарлын төвөөс Жавзандамба хутагтыг шахаж гаргах оролдлогын үүднээс суулгасан. Манжийн ноёрхлын үеэр Өвөр болон Гадаад Монголын аль аль тал Долонорт лам нар илгээж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой байв. Энд маш чухал хэвлэлийн газар байсан ба бүтээлээрээ алдатай, Өвөр болон Гадаад Монгол төдийгүй бас Буриад руу хэвлэл илгээдэг байв.
Одоогоор Долонорын хоёр салбар хоёулаа бүрэн сүйдсэн байдаг бөгөөд нэг ч лам хувраг байдаггүй. Эхэлж Оросууд Дэлхийн II дайны сүүлээр тухайн газар нутгийг Япончуудаас чөлөөлөх үедээ тэдгээрийг сүйтгэсэн ба улмаар 1950-аад оны сүүл буюу тэр дундаа 1958 оны Зохиолчдын эсрэг үйл ажиллагааны үеэр эзэнгүй орхигдох болсон. - Шандугийн上都 (баруунд Занаду – Xanadu гэгдэх) буюу Хубилай хааны нийслэлийн туурь Долнуураас баруун тийш 30 км, Санфэнквүгийн ойролцоох талд байна. Тэнд ердөө хэдэн хананаас өөр зүйл бараг үлдээгүй байдаг.
- Калган (Хятд. Zhangjiakou 张家口) буюу монголчууд Цагаан хэрэм рүү орж ирдэг байсан хот бөгөөд энд Төвөд-Монгол сүм, хийд юу ч үлдээгүй.
Зүүн хойд бүсийн Бурханы шашны хийдүүд байх гол бүс болох хойд хэсэгт:
- Чифэний 赤峰 орчим (Мон. Улаанхад хот) зургаан хуучны хийд байдаг. Чифэнээс хойш 180 км зайд Байрин Юци байх ба 30-40 орчим ламтай байх. Фанзонг Си 梵宗寺 нь Чифэнээс хойш 90 км зайд, Байрин Юци явах замд байх ба энэ нь тухайн бүс нутагтаа хамгийн том хийдэд тооцогдож байсан ба одоо нэг ч лам хувраггүй. Фалуан Си нь Чифэнээс зүүн урагш 100 км зайд, Ляонин мужтай залгаа Нинчений ойролцоо байдаг бөгөөд долоо эсвэл найман ламтай байх. Мөн Чифэний зүүн хойд хэсэгт Шиамэний тэгш өндөрлөгт (Xianmen) Бизу Миао хийд байна. Чифэний хүн амын 60% хан хятадууд. Зөвхөн хөдөө орон нутагт байх монголчууд болон зарим гучин наснаас дээш насны хотын монголчууд Бурханы шашинд сүсэг бишрэлтэй байдаг.
- Хорчин баруун гарын өмнөд хошууны 科尔沁右翼前旗 (Мон. Улаан хот) орчим, Байчэнгийн ойролцоо白城 Гэгэн-чэ Сүмэ (Хятд. Гэгэн Миао 葛根庙) 30 ламтай гэж бодож байна, мөн Шианменг Миао (Xianmeng Miao 县孟庙) болон Вуе Миао五爷庙 хийдүүд байдаг. Лобсанг Гялцэн Ринбүүчи энэ бүс нутагт амьдардаг. Мөн Ванг-ийн Сүмэ (Хятд. Wangye Miao 王爷庙) байх ба энд Японы түрэмгийлэгчид 1944 онд Манжуурын өвөр монголчуудтай холбоотон болохыг оролдож Чингис хаанд зориулан дурсгалын сүм барьсан юм. Япончууд тэдний анхаарлыг Баруун хойд Өвөр Монголын Ордосын бүсээс Чингис хаанд, тэдний хяналтанд орсон тус бүс нутаг руу чиглүүлэхээр найдаж байв.
- Хайлаарын орчимд Шин Сүм (Хятд. Xin Miao) болон Ашан Сүм (Хятд. A-er-shan Miao 阿尔山庙) хийдүүд байна.