Та эмчилгээний ёслолын талаар жаахан тодруулж ярихгүй юу?
Эмчилгээний ёслол нь бидний өмнө ярьсан үйлийн үртэй холбоотой сэдэвтэй адил. Төсөөлсөн буюу психосоматик өвчин нь муу зүгийн хүчээр үүсгэгддэг. Энэ үед ёслол, мөргөлөөр гол төлөв эмчилдэг. Үндсэн эмчилгээнээс гадна Төвдүүд Пужа буюу мөргөлийн ёслол үйлддэг. Ямар ч эмчилгээ хийхгүйгээр Пужа ёслол хийж болохгүй л дээ. Хэрвээ ингэж эмчилбэл одоо миний ярих түүхтэй адил юм болох байх.
Нэг эр бурханд мөргөж туслахыг гуйж байна гэнэ. Бурхан "Чамд юу хэрэгтэй вэ?" гэж асуув. Мань эр ч "Би сугалаанд хожихыг хүсч байна." гэжээ. Бурхан "За." гэж хэлээд таг болов. Нөгөө эр хүлээгээд л байдаг юу ч болсонгүй. Тэгээд дахиад л бурханд мөргөж эхлэв. "Бурхан минь, та яагаад намайг орхиод явчихав аа?” гэхэд бурхан "Тэнэг минь, явж сугалаагаа худалдаж аваач!" гэж хэлж гэнэ.
Тэгэхээр бид хэрвээ сугалаагаа худалдаж авахгүй л юм бол ёслол, мөргөл тус болохгүй. Өөрөөр хэлбэл бид эмээ бас уух ёстой. Ингэж байж бидний өвчинг эдгээхэд тус болно. Гэхдээ ид шидийг хүлээж болохгүй. Хэрвээ бидний хураасан буян хангалттай байвал энэ ёслол, мөргөл тус болно. Бид эдгээр мөргөл, ёслолд бодитой хандах ёстой. Энэ бүхэн бидэнд итгэл найдвар авчрах хэдий ч, зөвхөн үндсэн Анагаах ухааны эмчилгээний дагавар төдий л зүйл юм. Энд ямар ч ид шидийн зүйл байхгүй.
Та үнэт чулуугаар хийсэн эмийн талаар ярьж өгөхгүй юу?
Төвдийн анагаах ухаанд тэдний хэлдэгээр "эрдэнийн үрэл" гэж хоргүйжүүлсэн мөнгөн ус, зарим төрлийн үнэт чулуу, металын хольцтой эм бий. Миний мэдэхээр тэд алмазны тоос, алт, мөнгө ашигладаг. Зарим төрлийн минерал бодис бас ашигладаг. Гэхдээ би яг сайн мэдэхгүй. Эдгээр эрдэнийн үрэл нь хор тайлах гэх мэт эмчилгээнд ашиглагддаг. Эдээр үрлийг өнгийн торгонд ороож лацдасан байдаг. Учир нь үрлийг гэрэлд гаргаж болохгүй гэж үздэг. Уух үедээ гэрэлд гаргахыг хориглодог. Заримдаа шаазан аяганд усанд хийж таглаад дэвтээдэг. Заримдаа шууд торгоноос задлаад ам руугаа хийдэг.
Таны хийн тэнцвэр алдагдах үед эмч танд халуун эсвэл хүйтэн усанд орохыг зөвлөж байсан уу?
Үгүй. Тэд усанд орох талаар юу ч хэлээгүй. Зарим хийн өвчин халуун, зарим нь хүйтэн шинж чанартай байдаг гэж үздэг. Заримд нь дулаан байх хэрэгтэй байдаг. Тиймээс магадгүй халуун усанд орох нь тус болж болох юм. Гэхдээ саунд орж болохгүй. Хэрвээ бид саунд орох юм бол цусны даралт ихсэх бөгөөд энэ нь хийн тэнцвэр алдагдсан үед сөргөөр нөлөөлдөг. Халуудах нь шар усны тэнцвэр алдагдах үед муу нөлөөтэй. Тунгалагийн шингэний тэнцвэр алдагдах үед хөлрөх их сайн. Хөлрөх үед илүүдэл тунгалагийн шингэн гадагшилдаг. Тэгэхээр саун сайн байж болох юм.
Өвчнийг ямар нэг шинж тэмдэг илрэхээс өмнө оношилж болох уу?
Төвдүүд өвчнийг тусах боломжтой буюу тусах хандлагатай үед нь эмчилдэг. Би яг одоо Төвд эм ууж байгаа. Энэ эм нь миний ирээдүйд муудаж магадгүй нүдэнд зориулсан эм. Миний нүдтэй одоогоор ямар ч асуудал тулгараагүй. Гэхдээ энэ нь алсыг харсан эмчилгээ.
Манай нөхцөлд жишээ нь Төвд эм ууж байгаад эм дууссан үед, Төвд эмчтэй уулзах боломжгүй үед адил төстэй ямар эм эмчилгээ байгаа вэ?
Баруунд аль нэг системийг илүү төстэй гэж хэлэх хэцүү. Барууны эмчилгээг оруулахгүйгээр магадгүй Хятад, Аюурведик эмчилгээ төстэй байж болох юм. Төвдийн уламжлалд цай болгон уух зориулалттай нунтаг өгдөг. Гэхдээ энэ нь Хятадын системд өгдөг цайтай адилгүй. Хятадын системд орцыг хооронд нь хольдоггүй. Тэд дөрөв буюу таван төрлийн орц өгөөд бид өөрсдөө цайгаа хийдэг. Орчин үед Хятадууд үрэл хийх болсон. Өмнө нь тэд үрэл хийдэггүй байсан.
Хэрвээ бидэнд Төвд эм туслах юм бол нэмж авч болно. Хэрвээ танд бичиж өгсөн жор байгаа бол түүний хуулбарыг, өглөөний өлөн шээсийг хагарахааргүй хуванцар саванд хийж өгч явуулах хэрэгтэй. Гаалийн ажилтанд зориулаад савны гадна талд “шээсний дээж” гэж бичихэд болно.
Эдгээр эмийг хийхэд ямар нэг ариун цэврийн дэглэм баримталдаг уу?
Эмийн ургамалыг угааж, наранд хатаадаг. Гэхдээ би тэдний бэлтгэдэг арга Барууны ариун цэврийн стандарт шаардлагыг хангадаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ би хэн нэгэн эм ууснаас гэдэс нь өвдсөн гэж сонсоогүй. Гэхдээ Баруунд нэг хүндэрсэн хорт хавдартай настай эрэгтэй хүн эм уугаад доош гүйлгэснийг мэдэх юм байна.
Шээс хуванцар саванд байх үед найрлага нь өөрчлөгдөж бохирдохгүй юу?
Юуны өмнө шампуний саваа сайн угаах хэрэгтэй. Шээс хуванцартай нэг их урвалд ордоггүй.
Төвдийн Анагаах ухааныг Барууны Анагаах ухаантай хослуулж хэрэглэж болох уу?
Зарим үед хослуулдаг. Эмүүдийг зэрэг ууж болохгүй гэж зөвлөдөг. Эмүүдийн хооронд хэдэн цагийн зайтай байх хэрэгтэй. Заримдаа хүчтэй витаминууд шээсний өнгийг өөрчилдөг. Тиймээс Төвд эмчид үзүүлэхийн өмнө нэг өдөр витамин, нэн ялангуяа В витамин ууж болохгүй.
Хэрвээ өвчтөн эмчлэгдэх боломжгүй бол Төвдийн эмч нар өвчтөний хүслээр амийг нь авах үйлдэл хийдэг үү?
Үгүй. Тэд ийм зүйл хийдэггүй. Тэд өвдөлтийг аль болох бага байлгаж, өвчтөнийг аль болох зовиургүй байлгах гэж оролддог. Бурханы шашны хандлагад үйлийн үрийг өөрөөр нь төгсгөх ёстой гэж үздэг. Мэдээж Төвдүүдэд Баруунтай адил амь насыг нь хиймлээр бариад байдаг төхөөрөмж байгаагүй.
Баруунд нохойг амраахын тулд амийг авах явдал түгээмэл байдаг. Төвдүүд ийм зүйл хийх үү?
Бурханы шашны үзлээр үүнийг зөвлөхгүй. Мэдээж энэ нь тухайн нөхцөл байдалтай уялдах ёстой. Бид нөхцөл байдал бүрийг үнэлэх хэрэгтэй. Дээрхийн Гэгээн Далай лам ч бас ингэж хэлсэн. Хэрвээ эм, тариа хангалтгүй байгаа үед хэн нэгэн тэртэй тэргүй нас барах хүний амийг маш их эм тарианы нөөц зарцуулан байж, хэсэг хугацаанд барих эсвэл хажууд нь буй хэн нэгэн эдгэх боломжтой хүнд тухайн эм тариаг зарцуулах нөхцөл байдал үүслээ гэхэд хэдийгээр хүнд ч гэсэн зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй болно.
Тодорхой төрлийн өвчнийг эмчилэхэд зориулсан хугацааны хязгаар гэж байгаа юу?
Мэдэхгүй юм. Төвдүүд эмчилгээ эхлэхийн өмнө эсвэл эмчилгээ амжилтгүй болсон үед ламаас очиж адис авдаг. Лам тэр үед эмчилгээтэй хавсарч Пужа ёслол хийхийг зөвлөдөг. Энэтхэгт Төвдийн эсвэл Барууны анагаахын системийн алийг ашиглахыг асуудаг. Хэрвээ Төвдийнх бол ямар эмчээр эмчлүүлэхийг асуудаг. Зарим хүмүүс тодорхой нэг эмчтэй үйлийн үрээр холбогдсон байдаг. Заримдаа тодорхой төрлийн өвчнийг тодорхой эмч нар сайн эмчилдэг.
Баруунд ийм урьдчилсан зөвлөлгөөн хийх их хэцүү. Төвдийн эмчилгээ ихэнхдээ шууд үр нөлөөгөө үзүүлдэггүй. Жишээ нь бидний гуурсан хоолой багтрахад Төвд эмнэлэгт уушигний агаар авах замыг шууд нээхгүй. Гэхдээ нэг удаа би Энэтхэгт байхдаа гепатитаар халдварласан юм. Төвд эм уугаад нэг өдөр хагас болоод би орноосоо босож байсан. Энэ бол Баруунд боломжгүй зүйл.
Төвдийн Анагаах ухаан Бөөгийн шашны бөөгийн урсгалтай холилдох үе бий юу?
Ямар мөргөл, ёслол тохиромжтой, ямар нь тохиромжгүй, ямар сүнсний хүчийг дуудах зэрэг асуудлыг урьдчилан зөвлөх энэ бүхэл бүтэн систем нь өөрөө Бөөгийн шашнаас уламжлан ирсэн. Зурхай ч мөн Бөөгийн шашны системд байсан.
Төвдийн анагаах ухаанд шүдийг хэрхэн эмчилдэг вэ?
Би эхлэхэд хэлсэн. Би бол эмч биш гэж. Би техникийн нарийн асуултуудад хариулж мэдэхгүй. Уучлаарай. Гэхдээ бид шүдний өвчнийг нянгаар үүсгэгдсэн гэж үздэг шүү дээ. Шүдний цоорлыг ч мөн адил. Тэдэнд шүдний эмчилгээний сайн хөгжсөн арга байхгүй. Би хэзээ ч шүдний эмчилгээ хийж байгааг хараагүй. Тэдний хэлдгээр “шүднээс хорхойг нь авах” гэж ойлголт байдаг. Миний бодлоор энэ нь шүдний мэдрэлийг авахыг хэлсэн болов уу. Ялзарсан шүдийг сугалж авахаас бусдаар шүдний эмчилгээ нэг их байдаггүй байх. Төвдүүд маш сайн шүдтэй хүмүүс. Магадгүй энэ нь тэдний үе дамжин цагаан идээ хэрэглэж ирсэнтэй холбоотой байх.
Доктор Чойдог зарим өвчин муу савдагийн хүчээр үүсгэгддэг гэж хэлсэн. Та энэ талаар ярьж өгөхгүй юу?
Энэ миний өмнө дурдсан төсөөлөгдсөн өвчний бүлэгт орно. Бид савдгийг яаж ойлгож байна гэдгээс их зүйл хамаарна. Савдаг гэхээр цагаан нөмрөг нөмрөөд муухай хашгирдаг зүйл байх уу, эсвэл арай илүү зүйрлэл маягаар ойлгож, жишээ нь дайны муу нөлөөгөөр хэн нэгэн солиоролд автсан тохиолдлыг авч үзэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Хэн нэгнийг солиороход хүргэсэн ямар орчин, нөхцөл байна, тухайн тэр нөхцлийг муу савдгийн хүчин зүйл гэж ойлгож болно. Төвдүүд өвчнийг нага гэх савдаг үүсгэдэг гэж ярьдаг. Нага гэдэг нь нуур, ой шугуйн савдаг юм. Бид савдгийн орших орчинг нь бохирдуулах юм бол тэд бидэнд хариу барьдаг. Үүнийг экологийн сүйрлээс үүдэлтэй өвчнийг тайлбарлаж байгаа хэлбэр гэж ойлгож болно.
Тэгвэл хар ид шид, шулмын хорлолоор үүсгэгдсэн өвчин байх уу?
Төвдүүдэд ийм зүйлийг даван гарахад зориулсан мөргөл, ёслолууд бий. Төвдүүд энэ бүхнийг маш нухацтай авч үздэг. Эдгээр нь төсөөлөгдсөн өвчний бүлэгт багтна. "Төсөөлөгдсөн" гэдэг нь сайн орчуулга биш байх. Гэхдээ шууд үгчилсэн утга нь л энэ юм.
Тодорхой өвчинд зориулсан бясалгал байх уу?
Би ханиад хүрэх, гэдэс өвдөхөд хийдэг бясалгал гэж мэдэхгүй. Гэхдээ бүх л өвчний эсрэг анагаах зориулалттай хийдэг бясалгал бий. Эдгээр бясалгалыг Бурханы шашны Дарь Эх, Анагаах ухааны Бурхан болох Аюуш бурханыг сэтгэлдээ төсөөлж хийдэг. Мөн бидний өмнө авч үзсэн таван махбодийг төсөөлж хийгээд эдгэрлийг олдог. Мөн бясалгалыг хэн нэгэн хүнд өвчтэй байгаа хүний төлөө дээрхтэй адил төсөөлөн хийж болно. Бас “өгөх ба авах” гэж нэрлэх нэг төрлийн эмчилгээний бясалгал бий. Үүнийг бас л төсөөлөлтэй хийдэг. Төвдийн Анагаах ухаан, бясалгалд гар хүргээд эдгэдэг зүйл байхгүй. Хэрвээ бид үүнийг үр дүнтэй хийж чадахгүй бол тэнэг хүн шиг харагдана. Ихэнх тохиолдолд үр дүнд хүргэдэггүй. Тиймээс ийм бясалгалыг хийж чадна гэж бардамнах аюултай. Хүмүүсийн өвчинг авч, эрүүл мэндийг өгч байна гэж төсөөлөх нь их түгээмэл.
Төвдийн бус жишээлбэл Риеки гэх системд гарын энергээр эмчлэх оролдлогууд бий. Төвдийн Бурханы шашны үзлээр ямар нэг биет зүйлээр хүрэх, жишээлбэл гараар хүрэх төдийд эдгэх боломжгүй гэж үздэг. Харин оюун санааны хувьд өөрчлөлт хийж байж эдгэнэ гэж үздэг.
Бид ямар ч системийг ашиглаад үр дүнд хүрэхгүй байж болно. Бидний хэрхэн харахаас бас их шалтгаална. Хэрвээ бид аливаа зүйлийг үр дүнтэй арга гэж харах юм бол дараа нь үр дүн гарахгүй үед бид тэнэг хүмүүс болж харагдана. Ямар ч Анагаах ухааны системд энэ аргаар үр дүн гарч магадгүй, оролдоод үзье гэж бодох нь хамгийн зөв.
Муу хүчийг хөөх нь Төвдийн анагаах ухааны аргуудын нэг мөн үү?
Яг Төвдийн Анагаах ухаанд тийм арга байхгүй. Гэхдээ эмчилгээтэй хавсарч хийдэг мөргөл, ёслолд тийм агуулга байж болно.