Төвөд зурхай: Түүх ба уламжлалууд

Төвөд зурхайн түүх 

Хятад одон орон судлал нь энэтхэг гаралтай судлалаас өмнө Төвөдөд ирсэн. Энэ үйл явдал VII зууны дундуур Төвөдийн эзэнт улсыг байгуулсан Сонгцэн-гампо (Srong-btsan sgam-po) хааны үед тохиосон. Түүний хатдын дунд хятад, балба гүнжүүд байсан бөгөөд хятад гүнж нь Төвөдөд олон хятад одон орон судлал, анагаах ухааны судрууд авчирсан байдаг. Хэдэн жилийн дараагаар Төвөдийн шүүх арван хоёр жилийн тооллыг авч хэрэглэсэн ба энэ үед жаран жилийн үечлэлийг харин аваагүй. Энэ нь дараагийн хоёр зууны турш Төвөдөд голлон хэрэглэгдсэн систем болсон. 

IX зуунд болсон соёлын бууралтын үеийн дараагаар хятад одон орон судлалын нөлөө бүхий шинэ үе X зуунд Зүүн Туркистаны Котан бүсээс орж ирсэн. Төвөд эрдэмтэн Дармакара түүнийг түүний өөрийн болон бусад эрдэмтэдийн санаж байсан хуучин системтэй нэгтгэсэн. Тэрээр махбодын тооцоолол бүхий шинэ системийг гаргаж ирсэн бөгөөд үүнд одоогоор нас баралт, гэрлэлт, саад барцад, зурхайн зурлагуудыг багтаж байна. XI зуунаас эхлэн төвөдүүд жаран жилийн үечлэлтэй махбодын арван хоёр жилийн системийг хэрэглэх болсон. 

Орчин цагийн төвөд цаг тоолол нь эзэн хааны тооллыг үзүүлдэг ба энэ нь Төвөдийн анхны хаан Няатри Цэнпогийн (gNya’-khri btsan-po) нас эцэслэсэн МЭӨ 127 оноос эхэлнэ. 

Энэтхэг гаралтай одон орон судлалын мэдлэг нь Төвөдөд Калачакра тарнийг танилцуулсан. Олон орчуулагч, эрдэмтэд Калачакра сургаалыг санскрит хэлнээс орчуулан XI – XIII зууны дундуур хэд хэдэн удаа Төвөдөд дэлгэрүүлсэн. Тэдгээр нь Сажа болон Гаржүд ёсны эхэн үеийн урамжлалуудад давамгайлах болж үүнд дараа дараагийн олон тайлбар бичсэн бөгөөд мөн төвөд одон орон судлалын уламжлалыг гаргаж ирэх үүднээс хятад болон энэтхэг эрдэмтэдийн гаргаж ирсэн онцлог талууд байдаг.

Калачакра нь Хиндү системтэй адил жил тоолох жаран жилийн Бархасбадь үечлэлийг хэрэглэх ба энэ нь рабжун (rab-'byung) буюу жаран жилийн үечлэлийн эхний жилийн нэртэй холбогдоно. 

Төвөд цаг тооллын эхний жаран жилийн эхний жил нь Калачакра сургаал Төвөдөд дэлгэрсэн албан ёсны өдрөөр тооцогддог бөгөөд Калачакра сургаал үзүүлсэн байдаг хамгийн “сайн жилд” тооцогддог ба энэ нь хэдийгээр тэр үе нь 622 онд эхэлдэг ч түүнийг лалын шашны үе эхэлсэн 624 оны дараа гэж үздэг. 

Калачакра болон хиндү систем нь тоог нэрээр тодорхойлох ба тэдгээр нь пан-энэтхэг утга зохиолын нийтлэг тоон нэртэй холбоотой бөгөөд нэгж, аравт, зуут гэх мэтээр дугаарлана. Гурван гал байна; огторгуй нь тэг адил хоосон; дөрвөн далай байна. Ийнхүү “гал-огторгуй-далай” нь 403 жил болох ба түүний дараагаар 624, 1027 онууд байна. 

Калачакрагийн 60 жилийн үечлэл нь хятадын махбод болон арван хоёр жилийн 60 жилийн үечлэлтэй холбогдож байсан үед 1027 он нь хятад үечлэлийн эхэнтэй нийцэхгүй байсан. Хятад хувилбар нь үргэлж модон эр хулгана жилээр эхлэдэг бөгөөд энэ нь гал ум туулай жилийн гэсэн үечлэлийн дөрөвдэх жил байсан. Ийм учраас төвөд жаран жилийн үечлэл нь гал эм туулай жилээр эхэх ба арван хоёр жилийн дараалал нь хулгана биш туулай жилээр эхэлнэ. Ийнхүү одоогийн төвөд 17 дугаар жаран нь 1987 онд эхэлсэн байхад хятад 27 дугаар жаран нь 1984 онд эхэлсэн байх ба тэдгээрийн хооронд 3 жилийн зөрүү байдаг. 

Хэдийгээр эхний жаран жил нь 1027 онд эхэлсэн ч Калачакра тоолол  XIII зууны хоёрдугаар хагас хүртэл Төвөдөд голлох байр суурьтай байгаагүй. Гэвч хүмүүс жилийг Калачакра тоололд байдаг нэрээр бус одоо хэр нь нэрлэдэг махбод, арван хоёр жилийн нэрээр нэрлэж байв. Гэвч цаг тооллын математик тооцоолол нь Калачакра системийнх байна. 

Одон орон судлалын Сажа ёсны эхэн үеийн эрдэмтэдийн нэг нь Чогяал Пагпа (Chos-rgyal ‘Phags-pa) бөгөөд тэрээр XIII зууны хоёрдугаар хагаст амьдарч байв. Тэрээр Хятадын монгол захирагч Хубилай хааны багш байсан ба өөрийн авга Сажа бандидын (Sa-pan Kun-dga’ rgyal-mtshan) хамтаар Монголд Төвөдийн Бурханы шашныг дэлгэрүүлсэн. Калачакра сургаалын нэр бүхий алдартай багш Чогяал Пагпа Төвөдийн одон орон судлалыг мөн дэлгэрүүлсэн. Цаашлаад түүний авга ах, дараа нь тэр өөрөө монгол хаадын тусламжтайгаар, Хятадын Юан гүрний эзэн хаан Хублайгаар эхлүүлэн Калачакра тооллыг Төвөдөд албан ёсны тоолол болгосон. 

Хубилай хааны өвөг эцэг Чингис хаан XIII зууны эхээр жилийг тоолох 12 жилийн тооллыг аль хэдийн Уйгураас авч эзэнт улсдаа хэрэглэж байв. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Чингис хаан “Монгол сар өдөр” гэдэг хэллэгийг анх гарган ирж хятад нэрийн оронд оруулсан. Энэ нь 1207 онд одоогийн зүүн Гансу болон Өвөр Монголын бүсийг хамарч байсан Тангудын хаант улсыг эзлэх үеэр тохиолдог.     

Чингис хааныг залгамжлагчид тус зууны дунд үеэр төвөд цаг тооллыг Монголын эзэнт улсад дэлгэрүүлэх үедээ монгол сарын нэрийг арай өөр нэршил болох хятад нэрүүд биш Калачакра нэрээр нэрлэсэн. Тэд хэдийгээр Калачакра системийн эхний сараас хоёр сараар урагш байсан ч монгол эхний сарыг жилийн эхлэл болгосон. Энэ нь бас Төвөдөд хэрэгжсэнээр Эзэнт улс даяар жилийн эхэнтэй холбоотой харьцангуй нийтлэг байдал бий болсон. Гэвч хятад болон төвөд шинэ жил ихэнх тохиолдолд давхцдаггүй. Энэ нь цаг тооллын систем тус бүрдээ илүү сар болон сар бүрийн эхлэл, уртыг тооцох өөр өөрийн математик томъёололтой байдагтай холбоотой. Төвөдөд монгол сар нь төвөд сард тооцогддог ба өнөөдөр хэр нь хоёр нэршлийг хольж хэрэглэдэг. 

Төвөд зурхайн уламжлалууд 

Одоогоор Төвөдийн одон орон судлалын Цурпу (Tshur-phu), Пугпа (Phug-pa) гэсэн хоёр гол уламжлал байна. Эхнийх нь Цурпу хийдийн III Кармапа Рангжунг Доржэгийн (Kar-ma Rang-'byung rDo-rje) Калачакра сургаалд бичсэн XIV зууны эхэн үеийн тайлбараас эхтэй. Энэ уламжлал гол төлөв Карма Гаржүд уламжлалд байх ба нар, сарны байрлалыг тодорхойлохдоо сиддханта буюу уламжлалт загварыг, гарагуудын байрлалыг тодорхойлохдоо карана буюу товч загварыг хэрэглэдэг. 

[Үзэх: Төвөд одон орон судлал]          

Цурпу системээс гарсан уламжлал нь Чатупитха-Калачакра тооллын систем. Другчэн Пемакарпо ('Brug-chen Padma dkar-po) XVI зууны сүүлээр энэ тооллыг зохиосон. Другпа Гаржүд уламжлал болон бутанчууд энэ системийг баримталдаг учраас зарим тохиолдолд хүмүүс түүнийг “Бутан тоолол” гэдэг. Энэ нь Калачакра тоолол болон Чатхупитха тооллыг хослуулдаг. Тус тоолол болон Цурпу систем хоёрын гол ялгаа нь сарын нэг өдөр алгасгахыг одоогийнхоос арай өөрөөр тооцдог. Жишээ нь, тухайн нэг Лхагва гараг Цурпу системийн сарын есдэх өдөр тохиож байвал тэр еснийг бутан тоололд алгасан аравдахь өдрийг Лхагва гараг болгон авдаг. Дригунг Гаржүд уламжлал нь Цурпу болон Пугпа уламжлалыг хослуулна. 

Пугпа системийг XV зуунд нэрүүдэд нь “гяцо” гэх нэр орсон гурван эрдэмтэн зохиосон. Тэдгээр нь Пугпа Лхүндрүб Гяцо (Phug-pa Lhun-grub rgya-mtsho), Кедрүб Норзанг Гяцо (mKhas-grub Nor-bzang rgya-mtsho), Цанчунг Чодраг Гяцо (gTsang-chung Chos-grags rgya-mtsho) нар. XIV зууны Сажа ёсны эрдэмтэн, Калачакра тарнийн сургаалын тайлбар бичилцсэн Бутоны (Bu-ston Rin-chen grub) уламжлал дээр суурилсан энэ систем нь сиддханта уламжлалт загварын математик тооцооллыг дахин боловсруулсан. XVII зууны дунд үеийн Байдур карпо (Bai-dyur dkar-po) хэмээх сударт Деси Сангей Гяцо (sDe-srid Sang-rgyas rgya-mtsho) улалмжлалт загвар болон товч загварыг хамт хэрэглэн тус уламжлалд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэрээр цаг тооллыг бичихдээ уламжлалт загварыг баримталж, цаг тоололдоо нар, сарны хиртэлтийг тооцохдоо товч загварыг хэрэглэсэн. Гэлүг, Сажа, Нингма болон Сангпа Гаржүд уламжлалууд, Оросын Халимаг монголчууд Пугпа уламжлалыг баримталдаг. Энэ нь хамгийн их дэлгэрсэн систем. 

Хятад маяг бүхий тоолол болох шар тоолол нь (gser-rtsis) Пугпа, Цурпу системийн аль алинд дэлгэрсэн. V Далай лам (rGyal-dbang lnga-pa chen-po Ngag-dbang blo-bzang rgya-mtsho) 1652 онд Чин гүрний анхдугаар манж эзэн хааны урилгаар Хятадад хүрэлцэн ирэх үедээ Бээжин дэх хааны ордонд хятад уламжлал бүхий цаг тоолол, зурхайн системийн баримт бичгүүдийг үзсэн. Түүнд сэтгэл өндөр байсан тэрээр орчуулагч Мэргэн Качупагаар тэмдэглэл хийлгэн авсан. Тэрээр Төвөдөд буцан ирж хятад маягийн тооллын талаар арван гурван боть бичсэн. Эдгээр судрууд Далай ламын Потала ордонд хадгалагдах болж, тэдгээрийг хэрэглээгүй. V Далай ламын сайд байсан Деси Сангей Гяцогийн дээр дурдсан системд шар тооллыг дурдаагүй байдаг. Гэвч Мэргэн Качупагийн зохиосон энэ одон орон судлал, цаг тооллын уламжлал үнэлэгддэг. 

XVIII зуунд төвөдүүдийн дунд хятад тоолол, одон орон судлалыг сонирхох шинэ сонирхол бий болсон. Үүнд Хятадын Манж Чин улсын Тэнгэр тэтгэгч хаан нөлөөлсөн. Цурпу уламжлалаас XII Кармапа, түүний дараа VIII Тай Ситу нар Манжийн эзэн улсад зочлон дараа дараагийн орчуулгыг хийсэн. Пугпа ёсны дотор Төвөдийн хойд бүс Амдогийн тэр дундаа Лабранг Ташикийл хийдийн одон орон судлалын дацангийн гэлүг нарын дунд сонирхол илүү их байсан. Тэд мөн олон тооны орчуулга хийсэн. Өвөр Монгол тэдний уламжлалыг баримталдаг.

Төвөдийн төв нутгийн Пугпа уламжлалд шар тооллын хялбарчилсан хувилбар XIX зууны эхээр Чагдзо Санграбын (Phyag-mdzod gSung-rab) нэг сударт тэмдэглэгдсэн. Лодро-Гяцо (rGan Blo-gros rgya-mtsho) ламын тэмдэглэл дээр суурилан профессор Трагтон (Brag-ston) 1980-аад онд Дарамсалагийн төвөд анагаах ухаан, одон орон судлалын төвд одоогоор хэрэглэгдэж байгаа системийг боловсруулсан. Лхасын төвөдийн анагаах ухаан, одон орон судлалын төв Цэдэн Забдрунг (Tshe-brtan Zhabs-drung) Мүгэ Самтэн (Mu-ge bSam-gtan) нарын саяхны эмхтгэсэн системийг хэрэглэдэг. 

Шар систем нь Калачакра үндсэн цаг тооллыг хэрэглэдэг тул хятадын сонгодог цаг тооллоос үнэндээ өөр байна. Гэвч түүнд илүү сарыг нэмдэг нь адил бөгөөд тэдгээр нь хятад тооллынхтой байнга давхарддаггүй. Сарны тооллын саруудын зарим өдөр нь хоёр, зарим өдрүүд нь хасагддаг тэдгээр бусад төвөд болон хиндү тооллоос ялгаатай нь хятад тоолол болон хятад маягийн тоололд энэ онцлог байдаггүй. Сарууд нь 29 эсвэл 30 хоногтой байх ба саруудын эхний өдөр хятадын сонгодог цаг тоолол болон Пугпа, Цурпу тоололд хаяа тохирох боловч ихэнх тохиолдолд давхцдаггүй.    

Өвөр Монголын болон Төвөдийн төв нутгийн Пугпа уламжлалуудад хэд хэдэн ялгаа бий. Жишээ нь, илүү сарыг тооцох аргад. Өвөр Монголын цаг тооллыг шар системийн дагуу тооцоолдог бол Төвөдийн төв нутгийн Пугпа цаг тоололд энэ системийн мэдээлэл маш бага байна. Шар зурхайн гол хэрэглээ нь тухайн жилийн ерөнхий нөхцөл болон цаг агаарын хэв маягийг тодорхойлох “шороон үхэр”-ийн зурлагыг зурах явдал. 

Монголын халх монголчууд, Сибирийн буряад, тува нар Гэлдан Дарлуг (dGe-ldan gsar-lugs) хэмээх Пугпа уламжлалын нэг хувилбарыг хэрэглэдэг. Үүнийг Амдогийн одон орон судлал, анагаах ухааны эрдэмтэн Сумпа Кенпо Еше Палжор (Sum-pa mKhan-po Yes-shes dpal-'byor) 1786 онд зохиосон. Энэ систем нь XV зууны Кедруб Жэгийн (mKhas-grub rJe dGe-legs dpal-bzang) бичсэн Калачакрагийн тайлбар дээр суурилдаг. Ихэнх тооцоолол нь Пугпа системийн тооцоололтой адил зарчмыг баримтлах ба мөн 60 жилийн үечлэлийг баримтлана. Гэвч 60 жилийн “сайн жил” үечлэл нь гал-эм-туулай жилээр эхэлдэг бол 60 жилийн үечлэлийн бусад тоололд дээрх үечлэлийн 40 дэх жил болох гал-эр-морин жилээр эхэлнэ. Энэ нь Шагжамүни Бурхан багш тийм жилд төрсөнтэй холбоотой. Монгол тоолол үүгээрээ ялгаатай. 

Одон орон судлалын Бон ёсны уламжлалыг Пядсум дагци (dpyad-gsum dag-rtsis) гэнэ. Бончууд өөрсдийн системийг хамгийн эртний, Бурханы шашны аль ч системээс өмнө хэрэглэгдэж байсан гэж үздэг боловч тус системийн кодчиллийг Кёнгтрул Жигмэ Намкей Доржэ (sKyong-sprul 'Jig-med nam-mkha'i rdo-rje) (1880-1953 он). Тус систем нь гадаад, дотоод, нууц, маш нууц гэсэн дөрвөн тоололтой. Гадаад болон дотоод тоолол нь Пугпа уламжлалтай холбоотой бөгөөд зарим нэг тооцооллыг хийх бага зэрэг өөр хувилбар, ялгаануудтай. Нууц болон маш нууц тоолол нь гадаа болон дотоод тооллоосоо илүү нарийн байдаг. Боны цаг тоолол нь Пугпагийн цаг тоололтой ижил. 

Төвөдийн эдгээр системүүдийн хоорондох ялгаа нь сарны тоолол, нарны тооллыг хэрхэн холбодог хэв маяг дээр илүү тодорхой харагддаг. Үүнийг ялгах үүднээс бид Калачакра тарниас гаралтай төвөд цаг тооллыг авч үзэх хэрэгтэй.

Top