Амьсгал дээр төвлөрч сэтгэлийг тогтоох
Аливаа нэг бясалгалын эсвэл сургаал номын өмнө түүнийг илүү сайн хүлээн авах үүднээс бидний эхэлж хийх хэрэгтэй болдог зүйл бол сэтгэлийг тогтоох. Үүнийг амьсгал дээрээ төвлөрч хийнэ. Хамраараа амьсгалах ба тэр нь хэт хурдан эсвэл удаан, хэт гүнзгий биш байх ба амьсгал авч гаргах циклийг тоолно. Амьсгалыг тоолох хэд хэдэн арга байна. Нийтлэг нэг арга нь амьсгалыг эхэлж гаргаад, дараа нь авч түүнийг нэг гэж тоолох ба амьсгал хооронд түүнийг барихгүй. Гэвч ихэнх хүмүүс амьсгалыг эхэлж аваад, дараа нь алгуур гаргаж амьсгалыг түр барих ба энэ циклийг нэг тоолох аргыг илүү хялбар гэж үздэг. Энэ хоёр аргын аль алиныг дагаж байсан амьсгал авч гаргах тэрхүү циклийг арван нэг хүртэл тоолж, арван нэгийн энэ тавтамжийг өөрийн амьсгалын хурдаас шалтгаалан хоёроос гурван удаа давтана. За үүнийг хийцгээе.
Дашрамд хэлэхэд амьсгалыг бид сэтгэл их сарнисан үед тоолдог. Хэрэв сэтгэл тайван бол амьсгалыг тоолох шаардлага байхгүй. Ердөө хамраар орж, гарч байгаа амьсгал дээр төвлөрч болно. Бид шал руу харах байдалтай харааг доош чиглүүлж эсвэл нүдээ аньж болно. Нүдийг бага зэрэг нээлттэй байлгах үед бусад хүмүүсээс өөрсдийг тусгаарлах мөн сэтгэлийналиваа туурвилд орохгүй байхад тустай. Их хөлгөний сургаалд хүмүүстэй холбоотой байхыг онцлон тэмдэглэдэг. Иймд тус сургаалд нүдийг аньж бус хагас нээлттэй бясалгахыг онцолдог.
Сэдлээ засах
Үүний дараа бид сэдлээ шалган түүнийг засна. Бурханы шашинд “сэдэл” гэдэг нь зөвхөн түүний барууны хэлнүүдэд илэрхийлэгддэг утгыг агуулдаггүй. Барууны хэлэнд тэр нь ихэнх тохиолдолд бидний хийж байгаа зүйлийн сэтгэл хөдлөлийн шалтгаантай холбоотой байдаг. Иймд тэр нь илүү их сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг онцолдог. Хэдийгээр үүнд сэтгэл зүйн хандлага чухал боловч Бурханы шашны сэдэл нь илүү их бидний зорилготой холбоотой байна. Бидний зорилго юу вэ? Бясалгал эсвэл сургаал номонд сууснаар бид юунд хүрэхийг зорьж байна вэ? Бясалгал, ном сургаалд суух үед бид юунд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Ингээд үүний дээр өөрсдийн зорилгыг бататган түүний сэтгэл зүйн болон учир шалтгааны үндэслэлийг тодорхойлно.
Сургаал ном сонсож, бясалгал хийснээр бидний хүрэхийг зорьж байгаа зүйл бол миний “амьдралд аюулгүй, эерэг зүг чигт орох” гэж нэрлэдэг тэр үйл явцын нэг хэсэг байна. Үүнийг гол төлөв “аврал” гэж нэрлэнэ. Энд байгаа бидний олонх нь амьдралдаа энэ зүг чигийг гаргасан бөгөөд түүнийг маш ухамсартайгаар сонгосон байдаг. Энэ зүг чигийг Ном үзүүлнэ. Ном гэдэг нь Бурханы сэтгэлийн бүрэн гэгээрсэн төлөв байдал бөгөөд энэ төлөвт сэтгэлийн бүх сул талууд бүрэн арилж, сэтгэлийн бүхий л сайн чанарууд бүрэн төлөвшсөн байна. Энэ бол бидний хүрэхийг хүсэж буй зүйл. Сургаалууд нь зөвхөн түүнд хэрхэн хүрэхийг заана.
Бурхад нь энэ бүрэн ариуссан, бүх эрдэм төрсөн сэтгэлийн төлөвт бүрэн хүрсэн байдаг учраас тэрхүү зам мөрийг үзүүлдэг. Хувраг гэдэг нь өндөр эрдэмд хүрсэн хутагт төрөлхтөн нар бөгөөд тэд хоосон чанарыг шууд онож таньсан байна. Тэд сэтгэлийн тодорхой ариусалд хүрсэн, сэтгэлийн зарим сул талыг бүрэн арилгаж, сэтгэлийн зарим эрдэмд хүрсэн байдаг. Тэд гэгээрэлд хүрэх зам мөрийн тодорхой хэсэгт хүрсэн байдаг.
Сүм хийд нь Хуврагийг төлөөлөх төлөөлөл. Номын төвд ирдэг хүмүүсийг Сангха буюу Хувраг гэж нэрлэх нь зөвхөн барууныхны ойлголт. Энэ нь христийн сүмийн цуглааныг Бурханы шашны үгээр буулгасан хэлбэр. Үүнд уламжлалт Бурханы шашинтай холбоотой утга ердөө байхгүй. Хэдийгээр Номын төвийн хамт олон байх нь чухал ч тэд бол авралын орон биш. Номын төвд ирдэг хүмүүсийн сэтгэл тийм их төлөвшөөгүй байж болно. Номын төв бол гэтлэхүй, гэгээрэлд хүрэхээр зорьсон эсвэл тийнхүү зориогүй хүмүүсийн бүлэг. Хувраг эрдэнэ бол тэрхүү зүгт тодорхой алхам гаргасан тэдгээр хүмүүс байна. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.
Аврал одуулах үед бид Бурханы эсвэл хутагт нарын зан чанараас аврал одуулдаггүй гэдгийг маш тодорхой хэлж өгсөн байдаг нь их сонирхолтой. Зан чанар гэдэг нэлээд хувьсагч зүйл. Аюулгүй зам мөр, аврал нь тэдний хүрсэн сул талаа арилгасан тэр төлөв, тэдний хүрсэн эрдэм юм.
Мөн авралын төвөд хувилбарт бид багшийг багтаадаг бөгөөд ингэхдээ багшийн зан чанарт аврал одуулдаггүй. Харин багш нь Бурханы мөн чанар, Бурханы мөн чанарт бүрэн хүрэх ариуслын боломжийг илэрхийлнэ. Энэ бол Бурханы илэрхийлдэг зүйл. Энэ маш чухал учир ньбидний амьдралд гаргаж буй тэр зам мөр хувийн зан чанар, Номын төвүүдийн бодлого, бусад ертөнцийн аливаа юмстай холбоогүй гэдэг нь тодорхой байх үед бидний аврал маш тогтвортой байна. Аврал бол Бурхан, Ном, Хутагт төрөлхтөн нар. Миний дахин дахин хэлдэгчлэн орчлонгоос бид юу хүлээх билээ? Орчлон бидэнд зөвхөн зовлон, бэрхшээл бий болгоно. Бидний амьдралдаа гаргах зам мөр, авралыг орчлон тодорхойлохгүй. Энэ маш тодорхой байх хэрэгтэй.
Тэгэхээр бясалгал болон сургаал номд ирэх нь өөрсдийн эерэг зам мөрд нэг алхам хийж буй явдал. Бид авралаа тодорхойлно. Бид сэтгэлд буй бүхий л хэрэггүй сөрөг зүйлийг арилгаж, Бурханы бүрэн хүрсэн, хутагт төрөлхтөн нарын эхлүүлээд буй тэдгээр эрдэмд хүрэхийг хүсэж байгаа. Үүнийг харуулах сэтгэл зүйн тал нь хяналтгүй дахин дахин гарах орчлонгоос эмээх сэтгэл болон энэхүү зөв зөм мөр нь түүнээс гарах боломж олгоно гэсэн итгэл.
Үүний дараа бид бодь сэтгэлийг бататгана. Үйлийн үрийн тухай лекц сонсох, энэ талаар суралцахын зорилго нь бусдад аль болох ихээр тусалж чадах тухай байна. Бусдад туслахад бидэнд юу саад болж байна? Бидний туулж буй үйлийн үр. Ингээд бид бусдад тусалж чадахын тулд түүнийг хэрхэн даван туулах, хэрхэн ойлгоход суралцахыг хүснэ. Тэр бол бидний зорилго. Тэр бол бидний бататгах зүйл. Түүний дараа бид бусдад хамгийн их тус болох үүднээс гэгээрэлд хүрэх зорилгын сэтгэл зүйн тал болох асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бататгах хэрэгтэй.
Хэрэв бид бясалгалын өмнө энэ бүхнийг хийвэл тэр нь бидний бясалгалыг илүү утга учиртай болгоно. Бид юунд хүрэхээр зорьж байгаагаа мэднэ. Энэ бол бидний энд хүрэлцэн ирсэн учир шалтгаан. Бид тэдгээрийг хийх ёстой мэт санаж эсвэл түүнийг ердөө өөрийн мэдэлгүй, механикаар хийх гэх мэт хүчин зүйлүүдийн тухай яриагүй, гэвч тэдгээрийг авч үзэх нь чухал. Бидний зорилго чухал. Асуулт бол би энд юуг, яагаад хийж байна? Өөрсдийн шалтгааныг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв бид энэ тал дээр тодорхой байвал түүнийг бататгана. Энэ маш утга учир бүхий алхам. Нэг аар саар зүйл биш. Ердөө нэг ерөөл унших явдал биш. Үүнийг хэсэг хоромд хийцгээе.
Ингээд “Долоон гишүүнт соёрхол залбирал”-аа уншъя.
Мөргөл
Эхэлж бид мөргөлийн гишүүнийг хийнэ. Тухайлбал бусдад хамгийн сайн тус болж чадах үүднээс гэгээрэлд хүрэх гэсэн өөрсдийн хүсэж буй зөв зам мөрийг бататгаад үүний дараа тэр зүгт өөрийн бүрэн чиглүүлэх нь мөргөл. Бид өөрсдийгөө энэ зүгт чиглүүлэн тэр зам мөрөөр зорчиж түүнд бүрэн хүрсэн тэдгээр төрөлхтнүүдэд, бодь сэтгэлээр зорьж буй өөрийн ирээдүйн гэгээрэл, тэрхүү зорилгод хүрэх нөхцөл болох өөрсдийн Бурханы чанарт хүндэтгэл үзүүлдэг. Энэ маягаар бид зам мөрийн үр болон түүний суурь түвшинд хүндэтгэл үзүүлнэ.
Өөрсдийн аюулгүй зам мөрийг сануулах төлөөлөл болох гол төлөв Бурханы дүр бүхий баримал, зургууд харж, тэдгээрийн төлөөлөн үзүүлж буй Бурханы бие, хэл, сэтгэлийн чанаруудыг санаж байхыг бид хичээнэ. Тэдгээр нь бусдад аль болох бүрэн тусалж чадах үүднээс бидний хүрэхийг хүсэж байгаа зүйлүүд. Ийм хандлагаар бид мөргөлийг үйлдэнэ. Энэ үед тэр нь маш утга учиртай болно. Бид өөрсдийгөө түүнд бүрэн чиглүүлдэг. Мөргөлийг бид ямар нэг бодолгүйгээр хийдэггүй.
Ингээд ерөөлийг уншиж байхдаа бид мөргөж байгаагаар дүрсэлнэ. Бусад үед биечлэн мөргөж, ерөөлийг унших ба үүнд ямар хэл байх нь чухал биш, харин бид Гурван эрдэнийн чанар нь бидний хүрэхийг хүсэж байгаа зүйл, өөрсдийн Бурханы чанар дээр суурилан бодь сэтгэлээр түүнд хүрч чадна гэсэн итгэлтэй байгаа тухай бодно. Ийм маягаар бид өөрсдийн хэл, сэтгэл, биеийг тэр зүгт чиглүүлдэг. Ийнхүү дүрслэн бодоцгооё.
Самади бүхий өргөл өргөх
Өргөл өргөх үед түүний гол утга санаамөн аврал ба бодь сэтгэл байна. Гэгээрэлд хүрч бусдад тус болох тэрхүү аюулгүй зам мөрд ороход бид юу өргөхөд бэлэн байна вэ? Хэсэг рашаан өргөх нь тийм их хангалттай биш. Рашаан нь ердөө нэг зүйлийг илэрхийлнэ. Өргөхөд бэлэн зүйл бол өөрийгөө өргөх. Тэр нь бусдад илүү их тусалж чадахын тулд тэрхүү зам мөрөөр явахад өөрийн цаг зав, эрч хүч, хүчин чармайлт, зүрх сэтгэлээ зориулах явдал.
Үүнийг дэлгэрэнгүй эсвэл энгийн хэлбэрээр өргөж болно. Гол төлөв бид долоон аяга бүхий рашаан өргөх ба эдгээр нь долоон гишүүнт соёрхол залбирлын долоон гишүүн тус бүрийг төлөөлж болно. Өөр нэг түвшиндээ бидний гадаад өргөл гэж нэрлэдэг рашаан, цэцэг, хүж зэрэг байна. Энэ талаар Сажа ёсны гэгээн Чогяал Пагпагийн (Chos-rgyal ‘Phags-pa) нэг сайхан сургаал байдаг. Тэрээр Хубилай хааны багшбайсан бөгөөд 13-р зууны дунд үеэр Монголд Бурханы шашныг дэлгэрүүлсэн хүн. Тэрээр тахилын эдгээр долоон зүйл нь төвлөрөл буюу самадийн өргөл болох талаар илүү гүнзгий сургаал айлдсан. Өөрөөр хэлбэл бид тахилыг өргөхдөө тэдгээрийн илэрхийлж буй зүйл дээр төвлөрнө гэсэн үг. Энэ нь долоон гишүүнт соёрхол залбирлыг үйлдэхэд тустай, түүнийг илүү утга учиртай болгодог.
Эхний тахил нь рашаан. Рашаан нь сургаал, номд суралцах явдлыг төлөөлнө. Өөрийн уншиж, судалж байгаа зүйлийг бусдад туслахад хэрэглэнэ. Бид ердөө нэг зурагт ном үзэж цагийг сайхан өнгөрөөж байгаа бус харин тэдгээр нь илүү их ач холбогдол бүхий, бусдад хэрхэн туслах, өөрийг хэрхэн ойлгож, ажиллах тухай байна. Энэ бол бидний өргөх зүйл. Ингэхдээ түүнийг зөвхөн Бурхадад өргөх бус харин бидний туслахыг хүсэж буй хүн бүхэнд зориулан өргөдөг. Сурсан зүйл бүрээ бусдад туслахаар өргөдөг. Энэ бол хүн бүхэнд туслахад бидний хэрэглэх зүйл.
Дараагийн тахил цэцэгс. Цэцэгс усны тусламжтайгаар ургадгийн адил бидний уншсан, судалсан зүйлээс гарах зүйл нь мэдлэг. Түүнийг бид цэцгийн хэлбэрээр өргөнө.
Хүж нь ёс зүйн сахилга батыг илэрхийлэх ба тэр нь бусдад туслахад бидэнд тусална. Бид ердөө хуучинсаг байдлаар үйл хийх бус харин бусдад гэм хор хүргэхгүй, тэдэнд тустай байдлаар үйлдэл хийхэдөөрсдийгөө сургадаг. Бурхадад бидний хүмүүжил хэрэггүй. Бид Бурхад болон багш нарт “Энэ миний хийх зүйл” гэдэг. Бид өөсрдийн сахилга батыг өргөж, тэдэнд үйлчилнэ. Хүж нь анхилам үнэртэй байх ба цэвэр ариун ёс зүйтэй хүн “ёс зүйн үнэр” гэж бидний хэлдэг анхилуун сайхан үнэр гаргадаг. Ийм учраас хүж нь цэвэр ариун ёс суртахууныг төлөөлдөг байна.
Дараагийн тахил нь зул ба түүнийг лаа зэргээр төлөөлүүлж болно. Энэ нь бидний хүрсэн эрдмийг төлөөлөх ба түүнийг бид бусдыг гэгээрүүлэхэд хэрэглэхийг хүснэ.
Дараагийн тахил үнэрт ус бөгөөд түүнийг биеийг сэргээхээр цацна. Энэ нь бат тогтвортой итгэлийг илэрхийлнэ. Бид сургаалыг уншиж судлан (рашаан), мэдлэг (цээцэгс) олж авсан ба түүн дээр бясалгаж, түүнийгээ бусдад туслахад ашиглахын тулд ёс суртахууныг (хүж)дадуулах ба ёс суртахуунаар бид тодорхой эрдэм, ойлголтонд (зул) хүрнэ. Ингээд бидэнд сургаалд итгэх итгэл (үнэрт ус) төрнө. Энэ нь бидний эргэлзэх сэтгэлийг арилгана. Энэ бол гайхалтай бэлэг. Хэрэв бид ердөө нэг мухар сүсэг бус бодит ойлголт, туршлага дээр суурилсан итгэл үнэмшилтэй бол тэр нь бусдад мөн адил тодорхой итгэл, найдвартай, тогтвортой байдлыг төрүүлэхэд тусалдаг.
Балин нь төвлөрлийг илэрхийлнэ. Бясалгалын маш өндөр түвшинд хүрэх үед бид төвлөрөлд орж хоол хүнс хэрэггүй болно. Сургаал номонд тогтвортой итгэл төрсөн үед бид тэдгээрт нэг үзүүрт төвлөрлөөр төвлөрч чадна. Бусдад тусалж байгаа үед бид төвлөрөх хэрэгтэй бөгөөд өөр бусад зүйлийн талаар бодох эсвэл нойрмоглон алгасаагүй байх хэрэгтэй. Тухайн зүйл дээрээ төвлөрөх хэрэгтэй. Энэ нь бусдад өргөх гайхалтай өргөл.
Сүүлийн тахил нь яруу эгшиг буюу хөгжим. Энэ нь сургаалыг бодитойгоор бусдад заах, тайлбарлахыг илэрхийлнэ. Энэ нь заавал албан ёсны айлдвар, гүнзгий, нухацтай байх албагүй. Ердөө утга учиртай, зүрх сэтгэлээс зүрх сэтгэлд хүрсэн, ямар нэг хэтрүүлэл эсвэл ичих зүйлгүй байхад болно. Энэ бол бусдад өргөх хамгийн гайхалтай яруу эгшиг.
Энэ тахил нь үнэхээр гүн агуулгатай байж болно. Ердөө нэг төдий бус. Мэдээж сайхан орчин бүрдүүлэх үүднээс цэцэг, рашаан, хүж өргөж болно. Үүнд тухайн түвшний утга санаа байх бөгөөд бид Номонд олон түвшний утга байдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь илүү гүнзгий түвшний ойлголтонд хүрэхэд тустай байна.
Миний өмнө тайлбарласны адил бид бүх зүйлээ, бидний цаг зав, эрч хүч зэрэг бусдад туслахад юу хэрэгтэй байна тэр бүхнийг өргөхөд бэлэн байна гэдэг. Энэтхэгийн их мэргэн Шантидэва гэгээн өглөгийн сэтгэлийг бидэнд өгөх зүйл байгаа, үгүйгээс үл шалтгаалах “өгөхийг хүсэх сэтгэл” гэж тодорхойлсон. Хэрэв тийм биш бол ядуу зүдүү хүмүүс тэрхүү сэтгэлийг төлөвшүүлэх боломжгүй болно. Мэдээж бид бусдад илүү их тусалж чадахын тулд өөртэйгөө ажиллах тэр аюулгүй зам мөрд өөрийн эрч хүч, цаг хугацаа, зүрх сэтгэлийг зориулж болно.
Өөрийн сул тал, алдаа дутагдлыг нээлттэй хүлээн зөвшөөрөх
Тус бүтээлийн гурав дахь гишүүнийг гол төлөв “наманчлал” гэж орчуулдаг. Гэвч энэ нь чухал биш, магадгүй Бурханы шашны бус итгэл үнэмшлүүдтэй холбоотой буруу ойлголтонд хүргэдэг. Түүнээс илүүтэй бид үргэлж бусдад тусалж чаддаггүй, заримдаа бид залхуурдаг, сэтгэл төвлөрдөггүй, хувиа хичээдэг зэргийг нээлттэй хүлээн зөвшөөрөх явдал юм. Үйлийн үрийн ойлголтын хүрээнд бид заримдаа маш сөрөг байдлаар үйлдэл хийх боловч түүндээ харамсан түүнийг хийгээгүй байсан болоосой хэмээн хүсдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Энэ нь өөрийгөө гэм буруутайд тооцох гэсэн үг биш. Бид тэр мэт байхыг үнэхээр хүсдэггүй ба энэ нь өөрийг гэм буруутайд тооцохоос өөр.
Ингээд бид түүнийг дахин давтахгүй байхыг хамгийн сайнаараа хичээнэ гэдэг. Бид хичээнэ. Дахин сөрөг байдлаар үйлдэл хийхгүй гэж амладаггүй. Ингэж амлах нь бодит биш. Харин бид хичээдэг. Үүнийг бид хэрхэн хийх вэ? Аврал, бодь сэтгэлийн аюулгүй зам мөрд орох замаар хийнэ. Тэр бол бидний хийх зүйл хэмээн батлан хэлэх ба энэ бол тэр бүхний суурь. Ингээд бид өөрийн алдаа, сул талыг сөрөх ерөндгийг хэрэглэх ба энэ нь өөрийн сурсан зүйл бүрийг ерөндөг болгон хэрэглэнэ гэсэн үг. Тэдгээрийг аюулгүй зам мөрөөр явахад хэрэглэх ба ямар нэг шалтгаангүйгээр тэдгээрийг хийх явдал биш. Энэ бол өөрийн сул тал, алдааг нээлттэй хүлээн зөвшөөрөх гэсэн гурав дахь гишүүн.
Даган баясах
Дөрөв дэх гишүүн ньдаган баясах. Барууны хүмүүс бидний хувьд эхэлж Бурхадын буянд даган баясах зэрэг тэдгээр орнуудын дарааллыг өөрчлөх нь нэлээд чухал мэт надад санагддаг. Бидний ихэнхэд өөрийг доогуур үнэлэх хандлага байдаг бөгөөд өөрийн сул талыг тодорхойлсны дараа өөрийн сайн талуудад даган баясах хэрэгтэй мэт санагддаг. Заримдаа бид сөрөг, хувиа хичээх байдлаар үйлдэл үйлддэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэвч заримдаа бид бас эерэг үйлдэл хийдэг. Бид өөрсдийн хийж байсан бүхий л эерэг, сайн үйлүүдийг тодорхойлон түүнд даган баясах хэрэгтэй. Илүү гүнзгий түвшинд гэвэл бид бүгдэд Бурханы чанар байх бөгөөд энэ нь бид бүгдээрээ тусархаг, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, бусдыг ойлгох чадвартай гэсэн үг. Энэ гайхалтай. Үүний үндсэн дээр бид өөрсдийн хийх бүх эерэг сайн үйлээрээ өсөн төлөвшиж, Бурхан болж чадна. Өөрийн сул талыг хүлээн зөвшөөрсний дараа өөрсдийн талаар эерэг сэтгэл төрүүлэх нь чухал.
Үүний дараа Бурханы мөн чанартаа бүрэн хүрсэн тэдгээр Бурхад болон тэр зам мөрөөр явж байгаа тэдгээр төрөлхтний буянд даган баясна. “Би танаар бахархаж байна! Та үүнийг хийж чадлаа! Баяр хүргэе!”Гэвч түүнээс илүүтэйгээр бид тэд тэр бүрнийг хэрхэн заасанд даган баясах явдал. Үүнд бид илүү ихээр даган баясдаг. Энэ бүхнийг заасан, тайлбарласан, бичсэн Бурхад болон энэтхэг, төвөдийн их мэргэдэд талархаад барахгүй. Энэ үнэхээр гайхалтай, ачтай. Баярлалаа! Үүнд би үнэхээр их талархаж байна. Энэ бол бидний энд төрүүлэх бодол.
Сургаал айлдахыг хүсэмжлэх
Дараагийн гишүүн нь сургаал айлдахыг хүсэмжлэх. Үүнийг “Номын хүрд эргүүлэх” гэж орчуулдаг боловч энэ нь бага зэрэг хийсвэр санагддаг. Бурхад сургаал айлдсан явдалд бид маш талархалтай байх ба “Сургаал айлдана уу! Би суралцах хүсэлтэй байна. Түүнийг бүрэн хүлээн авахад бэлэн байна” гэнэ. Үүнийг бид сургаал номын өмнө, гэртээ Ном үзэх, бясалгахын өмнө үйлдэж болно. Энэ нь бид хэн нэгэн бидэнд ямар нэг зүйл өгөхийг хүсэх тухай бус харин энэхүү хүсэлтийг гаргаснаар бид өөрсөддөө их урам зориг өгнө. Бид ямар нэг зүйл суралцах, хүрэхийг хүсэж байгаа. Энэ нь сэтгэлийг хэдий их зүйл хүлээн авах боломжтой болгодгийг та харах болно.
Багш нарын өлмий бат орших залбирал
Зургаа дахь гишүүн нь багш нарыг паринирваанд орохгүй байхыг хүсэмжлэх буюу энэ нь өлмий бат орших залбирал. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхад болон багш нартаа “Би чин сэтгэлээсээ хүсэмжилж байна. Дэргэд үлдэн гэгээрэлд хүрэх хүртэл сургаалаа айлдана уу. Зам мөрийг бүрэн туулах хүсэлтэй байна. Үүний дунд биднийг орхихгүй байхыг хүсэж байна”хэмээн хүсэлт гаргаж буй явдал. Гол зүйл нь: үүнд хэр удаан хугацаа, хэдэн ч төрөл шаардагдсан би үүнийг хийх болно гэх явдал.
Зориулга
Сүүлийн гишүүн нь зориулга. Энэ нь бүх гишүүд дундаа хамгийн чухал үе шат. Бид энэхүү бүтээлээр бий болгосон аливаа эерэг хүч, гүн гүнзгий ойлголтоо бусдад тус болох үүднээс өөр хийгээд бусдыг гэгээрэлд хүрэхэд зориулдаг.
Дүгнэлт
Энэхүү долоон гишүүнт соёрхол залбирлыг бид сургаал номын өмнө, сургаалыг уншиж судлах, бясалгалын өмнө гэх мэт ямар нэг эерэг үйл хийхийн өмнө үйлдэнэ. Гол санаа нь бид ердөө нэг сайн үйлийн үр суулгах тухайд бус харин гэгээрэл бий болгох үйл хийхийг хүсэх явдал. Ийнхүү бид тус долоон гишүүнт соёрхол залбирлыг гэгээрэл бий болгох үйл болгон хийвэл энэ нь өдөр тутмын гайхалтай үйл болох болно. Үүнийг бид хэдэн минут эсвэл хагас цаг эсвэл цагийн хугацаанд хийж болно. Энэ нь түүнийг бид ямар хугацаанд хийхийг хүсэхээс шалтгаална. Хэрэв бид бадгуудыг уншихыг хүсвэл, сайн. Тэдгээрийн утгыг сэтгэлдээ төрүүлээд дараа нь ерөөлийг уншиж болно. Хэрэв бид эхэлж утгыг нь санавал тэдгээр мөртүүдийг унших үйл явц ердөө нэг хоосон зүйл болохгүй. Хэдий бид өөр бусад бясалгалуудыг албан ёсоор хийхгүй байсан ч энэ бүтээл нь дангаараа нэг чухал бүтээл болно.
[Үзэх: Долоон гишүүнт бэлтгэл бүтээл, Шантидэва гэгээн]
Долоон гишүүнт соёрхол залбирлын ач холбогдлыг бууруулахгүй байх хэрэгтэй. Авралын ач холбогдлыг бууруулах маш амархан байдагтай адил түүний ач холбогдлыг бууруулах их хялбар байдаг.
Өргөл өргөхтэй холбоотой асуултууд
Зарим тохиолдолд бид найман төрлийн өргөл өргөдөг, эхний хоёр нь рашаан, дараа нь цэцэг гэх мэт. Энэ ямар учиртай вэ?
Бурханы шашны уламжлалд аливаа нэг зүйлийг хийх олон янзын арга байх ба нэг “зөв” арга гэж байдаггүй. Үүнийг ойлгох маш чухал. Барууны бидний хандлага библийн сэтгэлгээтэй байдаг: нэг үнэн, нэг Эзэн тэнгэр, нэг зөв арга, бусад нь буруу гэх. Найман тахил нь хоёр усан тахилтай, есөн тахил нь гурван усан тахилтай, арван тахил нь дөрвөн усан тахилтай гэх мэт байна.
Сургаалд өгүүлдэгчлэн бид Бурхад, бодьсадва нарыг орон гэртээ урин залах ба тэд халуун уур амьсгалтай энэтхэгийн тоос шороо бүхий замаар хөл нүцгэн зорчин ирж байгаагаар дүрсэлдэг. Эхэлж бид тэдэнд амны ус өргөх ба дараа нь өлмий сэрүүцүүлэх ус өргөнө. Үүнийг зөвхөн хоёр усан тахил бүхий өргөлийн үед өргөнө. Гурав дахь усан тахил нь биеийг сэрүүцүүлэх тахил байх бол дараа нь бид тэднийг зоогонд урих ба дөрөв дэх тахил нь ам зайлах тахил байна.
Ширээнд бид олон цэцгэсийг бэлдэх ба ихэнх тохиолдолд энэтхэгчүүд хүндэт зочныг ширээнд урин залахдаа цэцгэсийг газарт дэлгэн цацдаг. Эсвэл зочиндоо цэцгийн хэлхээ зүүж өгнө. Ингээд хүж өргөх ба багшийг хүж барин ширээнд зална. Түүний дараа ширээнд мөн зул байрлуулна. Үнэрт ус нь сайхан үнэр бүхий алчуур адил. Бидэнд бас тийм уламжлал байдаг, тийм биз дээ? Ингээд сайхан зоог өргөж, хөгжим эгшиглүүлнэ. Энэ бол эдгээр тахилын сургаалд дурдагддаг уг гарал бөгөөд бид Бурхад, бодьсадва нарыг гэртээ урин залах үед тэдэнд тэдгээр тахилыг өргөдөг.
Ийм төрлийн өргөл өргөх нь зөвхөн багш, Бурхадад баясал төрүүлэх төдийгүй бид түүнийг дүрсэлж байхдаа мөн адил түүнээс таатай сэтгэлийг аван баясахыг хичээнэ. Ингэхдээ цэцэгс нь хангалттай сайхан биш байна, хүж нь ханиалгахад хүргэнэ, зоог нь жин нэмэхэд хүргэнэ гэх мэтээр гомдоллохгүй байх явдал. Ийм санаа зовох зүйл үгүй, зөвхөн цэвэр ариун баясал, таашаал байх хэрэгтэй. Энэ бол бидний төрүүлж болох нэг гайхалтай сэтгэл юм: ямар нэг гомдоллох зүйл үгүй.
Бүх тахилын аяганд рашаан байдаггүй. Зарим нь будаатай байдаг. Будааны утга санаа юу вэ? Цэцгэн тахил бүхий аяга нь будаатай байх нь зөв үү, эсвэл устай байх нь зөв үү?
Аль аль нь болно. Төвөд хүмүүсийн хэрэглэдэг цэцэг нь өмнөд Энэтхэгт ургадаг нэг төрөл хатаасан цэцэг байдаг бөгөөд тэдгээрийг усанд хийх тохиромжгүй. Бид асаасан хүжийг мөн аягатай усанд хийхгүй. Ердөө практик шалтгаанаар бид тэднийг будаанд хийдэг. Үүнд ямар нэг ялгаа байхгүй.
Нэг зүйлийг олон өөр аргаар хийдэг. Хэрэв бид өөр нэг номын төвд эсвэл Энэтхэгт өөр өөр сүм хийдээр зочлох үед юмсыг бага зэрэг өөр өөр хийснийг харна. Бид өөрсдийгөө зөвтгөн тэд түүнийг “буруу” хийсэн байна, бидний түүнийг хийдэг арга бол “зөв” хэмээн цочирдох шаардлагагүй. Нэг ижил уламжлалын дотор ч өөр өөр хийдүүд юмсыг өөр өөрөөр хийдэг. Өргөл өргөхөд хамгийн чухал зүйл бол бидний сэтгэлийн төлөв бөгөөд наад зах нь хүндэтгэлтэй, гоо зүйн хувьд таатай хэлбэр, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Учир нь бид сэтгэлд баяр баясал төлүүлэхийг хүсэж байдаг.