Оюунаа судалснаар өөрийгөө өөрчлөх нь

31:17
Амьдралд элдэв бэрх зовлон гарч ирэн, юмс санаснаар болохгүй байх тэр үед тулгарч буй бүхнийг хэрхэн үзэж буй хуран мэдлийг өөрчилж чадвал зовлонгийн амсуургыг сэтгэл оюун өсөж дэвжих нөхцөл болгон урвуулж болно. “Ложон” буюу оюун судлахуй хэмээх Түвдийн ёс уламжлал нь тохиолдох элдэв бэрхшээл зовлонг давж гарахад хэрэг тустай сэтгэл бодлуудыг хэрхэн төрүүлэхэд сургадаг юм.

“Оюунаа судлахуй” бол хэн нэгнийг эсвэл ямар нэгэн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа тэр сэтгэлийг өөрчлөх арга юм. Энд “оюунаа судлах” хэмээх нэр томъёог нь сэтгэлийг тогтоон төвлөрүүлэх, ой санамж сайжруулах судлал дадал мэтээр санах вий. Эдгээрийн талаар энд яригдахгүй. Оюун судлахуйг Түвдээр Ло-жон хэмээх бөгөөд энд ло нь зөвхөн “сэтгэл” гэсэн үг бус. Энэ үг “оюун санаа” гэсэн утгыг агуулж байна. “Судлах, сургах” гэсэн утгатай жон хэмээх түвд үг нь хоёр утгыг агуулна, үүнд: “ариусгах, арилгах” буюу хорт муу сэтгэлийг арилгах болон “сургах, боловсруулах” буюу тустай сайн сэтгэлийг төрүүлэх эдгээр болно. Тиймээс оюун судлахуйг “оюун санааг боловсруулан хөгжүүлэх” гэвэл илүү тодорхой болох юм.   

Энд сэтгэлээс арилгах ёстой  муу сэтгэл бол өөрийгөө энхрийлэх сэтгэл буюу өөрийгөө бүхний төвд барин, амиа хичээх, гагц өөрийг бодох сэтгэл юм. Харин өөрт дадуулан бүтээх сэтгэл бол бусдыг энхрийлэх ба үүнд асран, энэрэх сэтгэлээр бусдын тус, жаргалыг бодох сэтгэл багтана. Сэтгэлийг судлан урвуулахад хэрэглэдэг арга бүхэн нь Бурхан багшийн айлдсан “хутагтын дөрвөн үнэн” хэмээх сургаалтай яв цав нийцэх юм. 

Хутагтын дөрвөн үнэн

Бурхан багш амьдралын элдэв бэрхшээлийг хэрхэн давж гарах вэ гэдгийг ихэд тодорхой сургасан юм. Үнэн хэрэг дээрээ Бурханы сургаал бүхэн ийм л зорилготой байдаг. Бид бүхэнд их, бага төрөл бүрийн зовлон бий. Зарим нь бүдүүн хувьтай бөгөөд бие, сэтгэлийн аль нэгийг эсвэл хоёуланг айхтар өвтгөн зовооно. Харин зарим нь илүү нарийн хувьтай хэдий ч мөн л ихээр шаналган зовоох нь байна. Жишээ нь, бид амьдралын олон зүйлд баясан дурлах ч тэд сэтгэлийг бүрэн хангадаггүй тул гонсойн гомдоллоно. Бас тэдгээр нь өнө удалгүй өөрчлөгдөж хувирна. Амьдрал тогтуун байна гэж үгүй, дээш доош өгсөж, уруудна. Хэсэг сайхан байх ч, тэгээд л үгүй болно. Энэ бүхнээс хамгийн тогтворгүй нь бидний сэтгэл. Заримдаа бид баяр жаргалтай байх ч, заримдаа огт үгүй. Бүр огт юу ч мэдрэхгүй байгаа мэт үе ч байна, ийнхүү дараагийн эгшинд ямар байхыг ч үл мэднэ. Хэнтэй хамт байгаа, юу хийж байгаагаас ч үл хамааран гэнэт л бидний ааш зан өөрчлөгдөнө.               

Бүгдэд л сэтгэл санааны бэрхшээл байдаг бөгөөд эдгээр нь амьдралын олон зовлон бэрхшээлийг үүднэ. Улмаар ахин дахин давтагдах нь үнэхээр цөхрөм. Хэдий бэрхшээл зовлон бусдаас үүдээд байгаа мэт санагдах ч бид л өөртөө улам их зовлонг бүтээгээд байх мэт. Ингээд илүү ойроос, шударгаар ажиглавал бидэнд ирэх зовлон бэрхшээлийн эх үүсвэр нь бид өөрөө ба тодорхойлбол, юуг амсаж эдэлнэ тэр бүхэнд төрж буй би-г төвчлөх сэтгэл юм.    

Бурхан багш энэ бүхнийг олж харжээ. Өөрийн амьдралаас ч, бусдынхаас ч ухаарсан юм. Бүгдийн зовлон адил байв. Төрөх, өсөж томрох, өвдөх, өтлөх, үхэхээс гадна сэтгэл санаа ямар ч жолоо цулбуургүй дээш доош савчих зэрэг бидний эгэл жирийн амьдралын бүдүүн хувьт зовлон бий. Бурхан багш энэ бүх зовлон бэрхшээл нь хаа нэгтээгээс гараад ирдэг юм биш, харин бүгд шалтгаантай хэмээн айлджээ. Эдгээр нь “Эзэн тэнгэр” гэж нэрлэнэ үү, эсвэл бүр эзэнгүй болгоод хувь тавилан, заяа төөрөг гэнэ үү ямар нэгэн гадна талын агуу хүчнээс ирдэг юм биш. Бидний зовлон бэрхшээлийн эх үүсвэр нь энэ бүхэн биш.  

Зовлон бэрхшээлийн жинхэнэ эх үүсвэр өөрт байх бөгөөд өөрт байна гэхээр өөрийнхөө уг мөн чанарыг муу гэж санан өөрийгөө буруутгана гэсэн үг биш. Бурхан багш угаасаа нүгэлтэй, муу хүн гэсэнгүй, харин бидний зовлон бэрхшээл нь бодит байдлыг эндүүрсэнээс үүдэж байна хэмээжээ. Энэ нь бид тэнэг мангар гэсэн үг биш харин өдөр тутам амсаж эдэлж буй бүхэн маань бодит байдалтай үл нийцэм, огт байж боломгүйгээр орших мэт бидэнд үзэгдэж байгаад л зовлоэ байна. Ялангуяа өөрийг болон бусдыг хэрхэн оршиж байна хэмээн үзэж байгаагаас өөрт болон бусдад ямар сэтгэл төрүүлэх шалтгаална. Бид өөрийгөө төвчлөн, энхрийлэн барьдаг учраас Би бол хамгаас чухал, юм бүхэн миний хүссэнээр болох ёстой, бусдууд юуг амсаж эдлэх нь надад огт хамаагүй гэцгээнэ. Бусдын сэтгэл санаа ямар байгааг огт үл тоомсорлон, тэрбайтугай тэд оршихгүй байгаа мэт авирлана. Үүнийг ойлгохын тулд өөрт тохиолдож буй зүйлсийн жинхэнэ бодит байдал дээр бус харин өөрийн сэтгэлийн гүжирдлэг, бодит бус горьдлого дээр суурилан юмсыг үзэж байгаагаа анзаарч болно.

Гэвч Бурхан багш энэ бүхнийг төгсгөж болно, зовлон гасланг ахин амсахгүйгээр амарлиулж болно хэмээжээ. Үүрд зовж бэрхшээж байхаар яллагдчихсан юм биш.  Зовж бэрхшээхгүй байх, ядаж одоохондоо зовлонгоос саллаа хэмээн мэдрэх цор ганц арга зам нь мансуурах эсвэл согттолоо уух биш юм. Мөн тэрчлэн юу ч бодолгүй, бясалгалд гүн оршсоноор зовлонгоос сална гэж үгүй. Эдгээр нь тун түрхэн зуурын тустай ба зовлон бүхнээс салгаж огт чадахгүй. Хэрэв зовлон бэрхшээлээс хагацъя хэмээн санаж байгаа бол зовлонгийн шалтгаанаас хагацах ёстой юм. Төөрөгдөл эндүүрлээс хагацах ёстой. Эндүүрлийг зөв ухаарлаар солих хэрэгтэй. Гагцхүү жаргалыг хүсэж, зовлон бэрхшээлийг огт хүсдэггүйгээрээ бид бүгд адилхан бөгөөд хэн нэгэн нь нөгөөгөөсөө илүү жаргах эрхтэй байна гэж үгүй. Үүнээс гадна би гэдэг нэг л хүн, бусад гэдэг тоолшгүй олон шүү дээ. Энэхүү зүй тогтолыг хараад, сэтгэл оюунаа энэ дагуу нийцүүлж чадвал ухаарал бага багаар гүнзгийрсээр сэтгэлийн элдэв нисванис ч урван өөрчлөгдөх болно.           

Оюунаа судлах нь

Бид өөрийн бүтээсэн хуурмаг, гүжирдлэгийн ертөнцөд амьдрах тул эндүүрэл төөрөгдөлд автсан сэтгэлээрээ буй бүхнийг харна. Өөрийг энхрийлэх сэтгэлд автан, өөрийн амсаж эдэлж буй бүхнийг гагц өөрийгөө төвчлөн харах юм бол өөрт болон бусдад давхар давхар зовлон бэрхшээл үүдэхээс цаашгүй. Харин сэтгэлээ хувирган урвуулж чадвал учирч буй бүхнийг хэрхэн үзэх сэтгэл ч өөрчлөгдөнө.     

Жишээлэхэд, онгоц нисэх цаг хойшлогдоход үүнийг өөрт тохиолдох гай мэтээр санахын оронд энэ нислэгээр явах бид бүхэн хүлээлгийн өрөөнд арай урт хугацаагаар суух боллоо хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрч болно. Ийнхүү өөрт тулсан нөхцөл байдлыг үзэж буй сэтгэлээ хувиргаад, дараагаар нислэг хойшилсныг бусдууд хэрхэн харж байгаад санаа тавин, энэхүү завшаанаар хэн нэгэн зорчигчтой аятай сайхан харьцан сэтгэл санааг нь тайвшруулан амрааж болно. Дасгал сургуулилтаар бие чангаран, хүч тэнхээтэй болдог адилаар бясалгалаар сэтгэл оюун хат хүчтэй, эерэг сайн, дэнсэлгээн донсолгоонгүй, бэрхшээл зовлон тулгарахад тэнхээтэй байхад суралцаж болно. 

Сэтгэлийн хат олох

Видео: Кандро Ринбүүчи  — “Бурханы шашны оюун судлахуй ”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Заримдаа бэрхшээл зовлон юунд байгааг бид ойлгож ухаардаг. Гагц өөртөө санаа тавьснаар сэтгэл санаа явцууран давчуурч, үймцэн хямарч байгааг ойлгож байгаа хэрнээ энэ нь бидний сэтгэл санааг төдийлөн өөрчлөн урвуулж чадахгүй байдаг. Ойлгож ухаарсан зүйл маань оюун санааг төдийлөн өөрчлөхгүй байгаа мэт санагдана. Тэгвэл ухаарал ойлгоц маань өнгөцхөн, батгүй байгаад гол бэрхшээл байгаа юм. Өнгөцхөн төдий байгаад зогсохгүй сэтгэл оюуныг өөрчилж урвуулах чинээ урт удаан хугацаанд “сууж шингээгүй”  байдаг юм. 

Энд биеийн эрүүл мэндийн талаархи жишээг ахин татъя. Бие сульдаж ядран, хүндрээд байхад биеийн тамир, дасгалаар тогтмол хичээллэж эхэллээ гэж саная. Хэдий ийнхүү дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн ч биеийн байдал тэр дороо өөрчлөгдчихнө гэж үгүй. Биед өөрчлөлт гартал цаг хугацаа хэрэгтэй, дор хаяж хэдэн сарын дараагаас үр дүнг нь мэдэрнэ. Ингээд урт удаан хугацаагаар тогтмол хичээллэвэл улмаар бие аяндаа өөрчлөгдөн, өөрт сайхан санагдах болно. Өөрийн сэтгэл санаа ч сайн сайхан болохын хамтаар өөр бусдыг ч сайн сайхнаар харж, харьцах болно. 

Ямарваа ухаарал олж авах нь үүний л нэгэн адил бөгөөд урт удаан хугацаагаар санаж тунгаах тусам тэрхүү ухаарал сэтгэлд гүн баттай суух юм. Ямарваа нэгэн ухаарлыг урт удаан хугацаагаар агуулж, түүнийгээ тэр чинээгээр байнга санаж байх тусам тэр нь ултай гүнзгийрэх болно. Сэтгэл санаа хурдан түргэн өөрчлөгдөж хувирахгүй ч багахан ч болов өөрчлөгдөхийн хэрээр сэтгэл тогтворжин, тэнхээжнэ. 

Өөрийг өөрчилж урвуулах өөр өөр зорилго сэдлүүд

Бялдаржуулах клубт явахад өөрөөс сахилга бат шаардаад зогсохгүй тийш явахаа марталгүй санаж байх дурьдал анхаарал хэрэгтэй болно. Энэ бүхний шалтгаан нь “санаа тавин асрах” буюу хэрхэн харагдаж байна, эрүүл мэнд ямар байна зэрэгтээ санаа тавьж буй явдал юм. Бид өөрийгөө чухалчлан хүндэтгэж, аз жаргалтай, сайн сайхан байх эрхтэй хэмээн үзнэ. Тэгвэл өөрийгөө ойлгож ухаарах, сэтгэл санаагаа таньж мэдэх эрх ч бас бий. Энэ нь өөрийн сэтгэл санааг анхааран, тэр адил эрүүл саруул байлгахад санаа тавихаас хамаарна. 

Өөрийг асран хайрлах нь өөрийг энхрийлэх сэтгэлээс ихэд ялгаатай. Өөрийгөө энхрийлэх цагт гагц өөрийгөө л бодон, өөр бусдын сайн сайхан, аз жаргалыг үл тоомсорлоно. Өөрийн зан авир, бодол санаа таньдаг, таньдаггүй хэнд ч гэлээ хэрхэн нөлөөлж буйг огтоосоо үл хайхрана. Харин асрангуй сэтгэл төрвөл амьдралд тохиох элдэв бэрхшээл зовлон өөрийгөө төвчилсөн, аминч үзлээс үүдэж байгааг харж ухаарах ба ингээд бид жаргалыг хүсэх тул өөрийгөө жинхэнээр асран хайрласнаар үүнийг өөрчилье хэмээн санах болно. Улмаар санаа бодол, зан авираа өөрчилье, ингээд хойшид зорьж буйтайгаа нийцэхүйцийг үйлдэж байя хэмээн хичээн шамдах болно. 

Тэгвэл ийнхүү өөрийгөө өөрчлөн хувиргая гэсэн олон түвшний сэдэл зорилго байж болно. Тэгвэл сэдэл гэж бид чухам юуг хэлнэ вэ хэмээн шинжвэл энэ нь өөрийгөө өөрчлөхийн зорилго юу вэ, мөн тэрхүү зорилгод хүрье хэмээн өдөөж буй сэтгэл юу вэ гэдгийг хэлж байна. Номын мөрд ахиж дээшлэх зэргэмж дараалал бүхий сэдлүүдийг Бурханы шашин сургадаг. Бид энэ насны амьдралд сэтгэл хангалуун бус байгаа тул сайжруулан дээрдүүлэх, сэтгэл хангалуун байх, ядаж л үүнээс дордуулахгүй байхсан хэмээхийг санан шамдаж болно. Үнэн хэрэг дээрээ, үүнээс дээрдэн дээшилбэл сайнсан! Бид гонсойн цөхөрч, уйсан залхаад, энэ бүхнийг өөрчлөн хувиргая хэмээн шийдэхэд хүрнэ. 

Мөн үүнээс цааш ахиж дээшлэн, зөвхөн энэ насны тухай бодолгүй дараа хойчийн төрлүүдээ анхаарч болно. Ирээдүй хойчийн төрлүүдээ дор муу байгаасай хэмээн хүсэхгүй шүү дээ. Энэ насныхаа сайн сайхныг хүсдэг тэр л сэтгэлийн хүчинд хөтлөгдөх ч цаашдын урт удаан хугацааг багтаана. Дээрхи хоёрын дунд, үр хүүхэд, хойч ирээдүй үеийнхэндээ гэр бүлийн элдэв бэрхшээл эсвэл зарим явдал мөрөө үргэлжлүүлэн өвлүүлэхийг эс хүссэн нэг алхам зэргэмж байж болох юм.

Дараагийн төрлүүдэд санаа тавихаас ч цааш гарч, ахин дахин төрөл авах цөхөрч гонсойм хүрднээс бүрмөсөн гарахыг хүсэж зорьж болно. Эс бөгөөс нигүүлсэнгүй сэтгэлийн хүчээр бүгдийн бүхий л зовлон бэрхшээлийг арилгая хэмээн санаж зорьж болно. Хэрэв ийнхүү санаж буй бол Бурханы хутагт хүрэхээр зорьж байна гэсэн үг.

Эдгээр ахисан түвшний зорилго сэдэл бүхий хүн болохын тулд сэтгэл оюуныг маш сайтар судалж боловсруулах шаардлагатай.  Гэхдээ ямар ч түвшинд байлаа гэсэн Бурхан багшийн сургаал номоос өөрт тустай олон аргыг олох нь гарцаагүй. Жишээ нь, зөвхөн энэ насны тухай боддог байсан ч гагц өөрийгөө, өөрийн зовлон бэрхшээлийг арилгах тухай зорилгүйгээр нигүүлсэнгүй сэтгэлээр бусдын төлөө санаа тавьж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө зовж шаналж байгаа учраас л зовлонгоос хагацъя хэмээн хүсэх бус харин зовлон бэрхшээл бусдад тус хүргэхэд саад тотгор болж буй тул хагацахыг хүсэх юм. Энэ бол сэтгэл оюунаа судлан өөрийг өөрчилж буй явдал билээ.

Жишээлэхэд, би архинд донтсон байлаа гэж саная. Нэг талаасаа, энэ надад, ялангуяа эрүүл мэндэд, ер нь юм бүхэнд минь хор хөнөөлтэй тул би энэ дон, зуршлаасаа салъя гэж бодож болох юм. Өглөө шартаж сэрэхэд тун таагүй байдаг. Тэгвэл гэр бүлийнхнийхээ тухай бодвол бүр ч илүү зорьж болох юм. Би энэ зуршлаасаа болоод жишээ нь л гэхэд сайн эцэг, эх байж чадахгүй байгаагаа, архи уучихаараа хэрхэн галзуу мэт авирладгаа, энэ нь гэр бүлийнхэн, найз нөхдөд минь хүнд хэцүү байдгийг бодож болох юм. Ингээд гэр бүлдээ хэрэгтэй гэдгийг, архичин байгаа цагт тэдэндээ тус хүргэж чадахгүйг ухаарахын цагт энэхүү хамаарлаас ангижрах хүсэл хүч тэнхээ илүү гарах юм

Тэгэхээр Бурханы шашны эдгээр аргыг энэ насны амьдралыг сайжруулахын тулд үйлдлээ ч гэсэн бусдыг гэсэн асрал, энэрэлийн санаа сэтгэл асар чухал юм. Иймээс л энэхүү сэтгэл оюуныг судлах сургаалд бусдыг эрэхэмлэхийг чухалчлаад буй юм. Хэдий бид эдгээр Бурханы номыг гагц өөрийн сайн сайханд зориулан үйлдэж болох ч харин бусдын тусыг бүтээе хэмээх сэтгэлийг агуулж үйлдвэл тэр бүгдээс хавьгүй хэрэг тус ихтэй болох нь дамжиггүй.   

Хувьсан өөрчлөгддөг найман зүйлс (Ертөнцийн найман ном)

Бидний амьдралд хэцүү бэрх зүйл олонтаа тохиолддог. Энэ нь асар ихээр зовоон шаналгаж болно. Тэрчлэн заавал ч үгүй бие махбодын өвчин зовлон бус, сэтгэл санааны шаналал байж болно. Зовлон бэрхшээл тулгарахын нэг шинж жишээ нь, хорт муу сэтгэл ихээр бадран төрдөг явдал юм. Үүнд уур хилэн ч төрж мэднэ,  тэрчлэн хүсэл шунал ч байж мэднэ. Сэтгэл санаа уур хорсолоор дүүрч дүрэлзэхэд ч, эсвэл шунал хүсэлд автан шаналахад аль алинд нь тавгүйтэн үймцдэгийг бид бүгд мэднэ шүү дээ.

Бурханы шашинд “зуурдын” хэмээн нэрлэгддэг зовлон бэрхшээлтэй учруулагч хэдэн зүйлсийг дурьддаг. Эдгээрийг мөн “ертөнцийн найман ном” ч гэж нэрлэдэг ба эдгээр нь амьдралд түрхэн зуур тохиодог, батгүй, өнгөрч оддог зүйлс юм.  Тэдгээр нь дараахь дөрвөн хос зүйлс буюу:  

  • Магтаал эсвэл шүүмж – магтаал ирвэл бид хөөрч догдлон, түүнд шунана; харин шүүмж ирвэл бухимдан уурлана.
  • Сайн, мууг сонсох– таатай сайхныг сонсоход бид ихэд хөөрч, мэдээжээр түүнд шунан тачаах ба үргэлжид тэр адилыг дуулж сонсож байхыг хүсэвч тэр нь удаан үргэлжилнэ гэж үгүй. Таагүйг мууг дуулах үедээ бид машид үймцэн цухалдаж, ихэнхдээ гуньж гутран, уур хорсолд автана.  
  • Олз, гарз – Ямарваа олз олох, жишээлэхэд, хэн нэгэн хүн юу нэгийг өгөхөд бид баясан хөөрч, “Ямар сайхан юм бэ” хэмээн санана. Харин ямарвааг хаяж гээх, бусдад алдах эсвэл эвдэрч хэмхэрвэл ихэд үймцэн бухимдана. Амьдралд учрах хүмүүсийн хувьд ч олз, гарз хэмээж болно. Бид найз нөхөр олно, дотнын нэгнээ алдана. Санхүү, хөрөнгөний хувьд ч бас мэдээжээр энэ адил.
  • Азтай, азгүй байх – мөн адил хөөрч баясан, шунана, эсвэл гуньж гутран, уурлана.

Бид өөрийгөө төвчлөн барьдаг учраас зуурдын эдгээр найман зүйл тохиоход үймцэнэ. Гагц өөрийгөө л гээд, надад чухам юу тохиолдох нь хамгаас чухал тул “би ямар гайхалтай юм бэ” эсвэл “би ямар өрөвдөлтэй юм бэ” хэмээн савлан үсчинэ.

Түр зуурын ерөндөгүүд

Амьдралд тохиодог эдгээр түр зуурын зүйлсийн хариуд урган гардаг хорт муу сэтгэлийг дарах олон аргыг Бурхан багш сургажээ. Тэдгээр арга тус бүрдээ эдгээр нөхцөл байдалтай учрах цагт бусдыг энхрийлэх тус хэрэг ихтэй сэтгэлийг төрүүлэхэд хөтөлнө. Эдгээрийн нэг нь тухайн нөхцөл байдлыг түр зуур эсрэгцэн ерөндөглөх хүчээр дарах юм. Үүгээр хорт муу сэтгэл бүрэн дарагдахгүй.  Энэ аргаар сэтгэлийн гүн нарийнд хүрэхгүй ч гэлээ хэрэг тус ихтэй арга мөн. 

Асралаар уурыг ерөндөглөнө

Жишээ нь, хамаг юм нэг л болж өгөхгүй байна гэж саная. Хэн нэгэн хүн таньтай ихэд таагүй, муухай харьцаж, түүнд үргэлжид уур бухимдал төрнө.Ингээд та өөрийгөө л гэх учраас “тэр надтай ингэж харьцаж байгаад нь дургүй хүрч байна” хэмээн байнга шанална. Энэ тохиолдолд уур хорсолыг түр зууртаа ерөндөглөн дарах хүч болох асралын сэтгэлийг төрүүлэх юм. Энэ бол зүгээр л нэг “түүнд уурлаад яах вэ дээ, түүнийг хайрла” гэж байгаа хэрэг биш. Мэдээжээр ихэнх хүн гэнэт л ингээд өөрчлөгдөж чадна гэж үгүй, харин нөгөө хүнийг энхрийлэн эрхэмлэх сэтгэл дээр суурилсан ухаарлаар өөрийн сэтгэл санааг өөрчлөн урвуулж чадахын тухай жишээ юм. 

Тухайн хүн тун муухай ааш араншин гаргаж байна, гэтэл яагаад тэр вэ? Түүнийг зовоож байгаа ямар нэгэн зүйл байна. Та бүхний мэддэг хүмүүсээс жишээ нь гэхэд л үргэлжид гомдоллож байдаг хэн нэгэн байж л таарна. Түүнтэй уулзаж ярилцах үед байнга л ямар нэгэн зүйлийн талаар сэтгэл дундуур байдаг. Тэд гагц өөрийнхөө л тухай ярих тул хамт байхад бүр “сэтгэлээр унамаар” болно.  Энэ бүхнийг сайтар шинжлэн ажиглавал тухайн хүний ийнхүү аяглаж аашилж байгаа нь яахын аргагүй баяртай жаргалтай бус байгаагаас тэр байна. Энд өөрийн санааг өөрчлөн “хэрэв тэр бээр жаргалтай байвал ийнхүү цаг үргэлжид гомдоллон, намайг залхаахаа болихсон” гэж харвал эерэг тустай болно. Бурханы шашинд асрал хайрыг бусдыг жаргалтай, мөн жаргалын шалтгаантай байгаасай хэмээн хүсэх сэтгэл гэж тодорхойлдог. Тэгэхээр нөгөө хүнийг хол байгаасай, надад битгий саад болоосой хэмээн хүсэхийн оронд түүнийг жаргалтай байгаасай, түүнийг зовоогоод байгаа бүхэн нь арилаасай хэмээн санавал бид тэгтлээ уурлаж хорсохгүй байж чадна. Ийнхүү сэтгэл оюунаа өөрчлөн урвуулж бясалгах нь “оюун судлахуй” билээ.

Хэтэрхий хүсэл тачаалыг хазаарлах 

Дээрхитэй адилаар, хэрэв хэн нэгэнд сэтгэл татагдан шунах үед өөрийн төсөөллийн хэргийг гарган, түр зуурын ерөндөгийг төрүүлнэ. Гагц өөрийг төвчлөн бодож, нөгөө хүнийг өөрийг тань зугаацуулан цэнгүүлэх төдий зүйл байгаа мэтээр гадаад дүр төрхийг нь бодохын оронд түүний биеийн дотоод дахь ходоод, гэдэс, тархи зэргийг төсөөлөн бодож болох юм. Ялангуяа царай руу нь харах үедээ түүний гавлын ясыг төсөөлөн санахыг хичээгээрэй. Тэгээд ч тэр хүний арьсан дор тийм л юм байгаа болохоор төсөөлөн бодож буй зүйл маань үнэнтэй нийцнэ шүү дээ. 

Өөр нэгэн үр дүнтэй арга бол түүнийг нялх хүүхэд байгаагаар, мөн өтөл насандаа ямар харагдах бол хэмээн төсөөлөөрэй.  Бидний харж байгаа бүхэн зөвхөн гадна талын, өнгөцхөн төдий бөгөөд яавч урт удаан энэ хэвээрээ байхгүй гэдгийг ухаарвал хүсэл шунал, ялангуяа эр эмийн бэлгийн хүслийг даран намжаах юм. Эсвэл тэд бээр бүхэлдээ үзэшгүй муухай яр шарх, батгаар бүрхэгдсэн байвал сэтгэл булаам харагдах болов уу? Тухайн хүний дотор гэдэс ходоод, араг ястай гэдгийг санах тусам сэтгэл санаа хувиран өөрчлөгдөж, үймцэн бусних нь багасна. Тэр чинээгээр бид тогтож тайвширна.  

Ингээд тэднийг гэсэн асрангуй сэтгэлийг төрүүлж чадна. Хэн нэгэн хүнд ихэд татагдах үед сайтар ажаад, чухам юунд нь тэгтлээ шунаж буй вэ гэвэл гагц тэдний биед шунасан байдаг. Тэд ч адил жаргахыг хүсдэг, зовохыг эс хүсдэг, тэрчлэн гагцхүү бэлгийн үйлийн объект төдий байхыг үл хүсдэг хүмүүн хэмээхийг нь мартаж орхидог. Тэрээр өөрийн гэсэн айдас хүйдэстэй, сэтгэл санаа нь зовж бэрхшээдэг, гэр бүлд нь ч элдэв бэрхшээл бий зэргийг санах юм бол түүнийг гагцхүү хурьцлын объект хэмээн харахыг ерөндөглөн дарж болно. Улмаар түүнийг хүн гэдгээр нь харж, тэднийг жаргалтай, сайн сайхан байгаасай хэмээх сэтгэл төрөх болно.

Ядуу дорой, тахир дутуу бусдыг жигшин зэвүүцэх, үл тоомсорлохыг тэвчих 

Хэн нэгэн гуа бус эсвэл зэвүүцэм дүр төрхтэй нэгэнтэй таарахад түр зуурын ерөндөгийг хэрэглэх нь асар их ач тустай байдаг. Ялангуяа дэлхийн бусад улс орнуудаас илүүтэйгээр Мексик, Энэтхэг орнуудад тохиодог гуйлгачин, туйлын ядуу зүдүү, дорой буурай хүмүүстэй таарах үед тустай. Тэрчлэн хамт байхад тавгүйтэж аягүйцэм хараагүй сохор, сонсголгүй дүлий, саа дайрсан зэрэг хөгжлийн  бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч хэрэглэн тусыг нь гаргаж болно.  

Берлин хотод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг харуулсан үзэсгэлэн гарч байсныг би санаж байна. Үзэсгэлэнгийн нэг тэнхимд саажилттай хүмүүстэй хийсэн цуврал видео ярилцлагыг үзүүлж байв. Тэдний гар хөл ямар ч удирдлагагүй татвалзаж, ам нь хажуудаа гарсан байх бөгөөд хэл яриа нь тодорхой биш. Тэд өөрийн бэлгийн амьдралынхаа талаар дурьдаж байсан ба энэ нь тэднийг бусдын л адил сэтгэлийн хөдөлгөөн, бэлгийн хэрэгцээ, хэн нэгэнтэй ойр дотно байх дур хүсэлтэй гэдгийг нь харуулж байлаа. Тэд мөн хайр дурлалынхаа талаар ярьж байлаа. Энэ үзэсгэлэнг хотын бүх сургуулийн сурагчдад үзүүлсэнийг би хувьдаа тун зүйтэй хэмээн санасан ба тэр хүмүүс яг л бусдын адил гэдгийг  харуулсан юм. Үүнийг ойлгосноор гагц өөрийгөө л бодсоноос тэр адилын хүмүүстэй учрахын цагт зэвүүцэх, үл тоомсорлох, эсвэл аягүйцэх зэрэг сэтгэл төрдөгийг дарахад тустай.  

Өөр нэгэн арга бол гудамжинд хэн нэгэн настай хүн гуйлга гуйж байхыг хараад "өөрийн эх" эсвэл "эцгийг" орон гэргүй, гуйлга гуйж байгаагаар төсөөлөх явдал юм. Эсвэл гэрээсээ оргож зугтаад, гуйлга гуйж буй залуу хүнийг хараад "миний хүү" эсвэл "миний охин" ингээд сууж байна гэж бодож үзээрэй. Тухайн хүнийг ийнхүү огтоосоо өөрөөр харж чадвал сэтгэлийг тэр чигээр нь урвуулна.

Би өөрөө хэзээ ч энэ адилыг туршиж үзээгүй ч Нью Йорк хотын Зен ёсны барууны багш нарын нэг нь  шавь нараа хүсвэл биедээ нэг ч мөнгөгүй, юу ч үгүй хоосон гудамжинд гарч, долоо хоногийн туршид орон гэргүй хүний адилаар гуйлга гуйн амьдраад ямар байхыг харуулдаг байсныг мэдэх юм.  

Эдгээр нь зовлон бэрхшээлтэй бусдыг үл тоомсорлох сэтгэлийг дарах ид хүчтэй "ерөндөг эм" мөн. Тэр адилын хүнтэй таарахын цагт түүн рүү харахыг ч хүсэхгүй байх үе хэр олон тохиолддог бол гэж би боддог юм. Бидэнд таагүй байдаг. Тэгвэл өөрийгөө тэр хүний оронд тавиад үзээрэй. Та зовж бэрхшээж байтал тань руу харахыг ч хүсэхгүй, хүн байна хэмээн тоох ч үгүй байхаар барахгүй ялаа шумуул адил хөөж тууна гээд бодоод үз дээ. Ямартай ч түрхэн зуурдаа ерөндөглөн дарах нэгэн аргыг энд дурьдаж байгаа ба эдгээр нь зовлон бэрхшээлийн үндэс ёзоорыг хөндөж чадахгүй юм. 

Дээдийн ерөндөг

Сэтгэл оюунаа сургаж дадуулах хоёр дахь арга нь чанх эсрэг сэтгэлийг төрүүлэх ба энэ бол зөвхөн нэг зуурдын ерөндөг биш, харин зовлон бэрхшээлийн уг үндэс ёзоорт хүрч, түүнийг арилгах явдал юм. Энэ нь төөрөлдөж будилсан эндүү сэтгэлийн чанх эсрэг сэтгэлийг төрүүлнэ гэсэн үг юм. Энэ нь хоосон чанарыг ойлгосон сэтгэл буюу бодгал болон юмс үзэгдэл хэрхэн орших нь бодит байдалтай огт нийцдэггүйг эндүүрсэн сэтгэлийн эсрэг нь юм. Өөрөөр хэлбэл юмс хэрхэн оршдогийг үл мэдсэн эндүүрлээс шунал хүсэл, уур хорсол төрнө.    

Энд хоосон чанарын талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй тул энгийнээр авч үзье. Жишээ нь, өвөө эмээ эсвэл насан өндөр болсон эцэг эхээ эргэхээр асрамжийн газарт ирлээ гэж саная. Түүний өрөөнд очихоор хонгилоор алхаж явтал тэргэнцэр дээр шигдэн бөгтийж суусан настай эмэгтэй амандаа үглэн, шүлсээ гоожуулж, өвөр дээрх бүтээлгээ оролдон хажуугаар өнгөрлөө. Тийм хүн харахад сэтгэл санаа тавгүйтнэ. Тэр хүн дандаа л тиймээрээ байсан мэт өөрт санагдана. Гэтэл эмгэн гэнэт гараа сунган танд хүрэх гэвэл та ихэд эвгүйцнэ. Та өөрийгөө л бодоод байгаа хэрэг. 

Энд мэдээжээр түүнийг хүн хэмээн санах түрхэн зуурын ерөндөгийг хэрэглэж болно. Тэрээр үргэлжид ийм байгаагүй бөгөөд нэгэн цагт залуу сайхан, гэр бүлтэй, ажил төрөлтэй явсан байж таарна. Хэн нэгэнд хүрч хүрэлцэхийг хүсэж буй учраас л өөр лүү тань сарвайсан хэрэг. Ингэж санах нь тустай хэдий ч бид үүнээс илүү ул суурьтай, гүн гүнзгий арга хэрэглэх хэрэгтэй. Энэ бол түүнийг үргэлжид л одоо харагдаж байгаа шигээ өтөл хөгшин байсан хэмээн санах нь боломжгүй гэдгийг ухаарах явдал юм. Цаг хугацаа гацаад зогсчихсон юм шиг нэг хэвээрээ байдаг хэн ч байхгүй. “Ийм байх аргагүй, энэ нь огтоосоо боломжгүй” гэдэг дээр тогтоно. Энэ бол бидний эндүүрлийг арилган, тэр эмэгтэйг бодитойгоор болон энэрэнгүйгээр харахад сайтар тустай арга мөн.    

Сэтгэлийн гүн, нарийн хувьд хүрэхийн тулд нисванисыг номхруулах   

Өөр нэгэн арга бол “махамудра” буюу “нисванис муу сэтгэл аяндаа дарагдах уг үндсэн тийн мэдлийг үзэх” ахисан түвшний бясалгалд хэрэглэдэг арга юм. Энэ арга нь бодит байдлыг сэтгэл хэрхэн хүртэж мэддэг уг суурь бүтцийн хэргийг гаргана гэсэн үг буюу хялбарчилбал “сэтгэлийн ажил үйлдвэр юу болох”-ыг ашиглана гэсэн үг. 

Нэгэн жишээгээр авч үзье. Бид хэн нэгэн хүнийг ихэд хүсэмжлэн, түүнд шунан тачааж байна гэж бодьё. Энэ сэтгэл хөдлөлийн үймцээнийг намжаан тогтоож чадах юм бол түүний чанадаас өөрийн “хуран мэдэл”-ийг олж авах болно. Өөрөөр хэлбэл, тэр бүх үймцээн тухайн хүнийг хувь хүнийх нь хувьд хэн бүхнээс онцгойлон үзсэнээс үүднэ. Энэ бүхэн сэтгэлийн бүдүүн хувьд явагдаж байгаа юм. Ингээд, “Энэ хүн үнэхээр онцгой юм” хэмээн гүжирдэн нялзаана. Бид зарим нэгэн шинж чанарыг нь дөвийлгөн хэтрүүлээд дараагаар нь хүсэж шунан, тачаана.

Хүсэл бол төрүүлж буй зүйлээ өөрт байхгүй цагт өөрийн болгоё хэмээнэ, харин шунал бол өөрт буйгаа алдахгүй хэмээх сэтгэл юм. Аль алин нь мэдээжээр гагц өөрийг төвчилсөн Би хэмээх үзлээс үүднэ. Ийнхүү хэтрүүлэн дөвийлгөх болон шунан барих энэ сэтгэлийн бачуурсан эрч хүчийг даран намжаавал ард нь гарах сэтгэл оюун тухайн шунаж буй зүйлээ хэрхэн харж байгаа буюу түүнийг онцгойлон буй суурь бүтэц л үлдэх юм. Үүнийг л хэлээд байна.

Зөв зүйтэй бүтээн дадуулж чадвал энэ нь ихэд өндөр дээд арга бөгөөд үр бүтээл ихтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөндөө автан хөтлөгдөхөөргүй боловсорсон байх хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлд хэрхэн хандаж буй өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөөс чанадад харж, тогтдог байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл, нисванисын дор нуугдаж буй суурь хуран мэдлийг олж харах тусам тэрхүү нисванис аяндаа дарагдан арилна. 

Бусдыг бид хэрхэн үздэг буюу сөрөг муу нөхцөл байдлыг эерэг сайнд урвуулах 

Дараагийн арга бол өөрийн номын үйлд зохисгүй хэмээн санаж буй нөхцөл байдлыг зохист болгон урвуулах ба энэ нь оюун судлахуйн уламжлалт сургаалуудад ялангуяа Ланри Танба ламын айлдсан Оюуныг судлах найман шүлэг-т дурьддаг гол арга юм. Энэтхэгийн их гэгээнтэн Шантидева Бодьсадвын явдалд орохуй зохиолдоо энэ аргыг дараах шүлгээр айлджээ. Тэрээр,

 (VI.10) Хэрвээ засрах учиртай аваас, хэдий түүнээ уурлахын хэрэг юун? Хэрвээ засрах учиргүй аваас бас, хэдий түүнээ уурлахын тус юун? 

Хэрэв тухайн нөхцөл байдлыг өөрчилж болохоор бол бухимдан цухалдах юун? Өөрчилж чадах бүхнээ л хий. Хэрэв хийж чадах юм үгүй бол уурлаж бухимдах хэрэг бас юун? Тэглээ гээд тус болох юм юу ч үгүй. Тэгэхээр шүүмжлүүлэн муучлуулах эсвэл болж бүтэхгүй байх зэрэг бидэнд ихээхэн гарз хохиролтой, ихэд хүнд бэрх нөхцөл байдал тулгарахад яагаад ч өөрчилж чадахгүй бол үүнд уурлах хэрэг юун? Энэ талаархи сэтгэл санаагаа л өөрчил.

Таагүй хэцүү нөхцөл байдлыг эерэг таатай болгон урвуулан өөрчлөх олон арга зам бий. Эдгээрийн зарим нь хэн нэгэн бусдууд зовлон бэрхшээл учруулахын цагт тэднийг хэрхэн үзэж буйгаа өөрчлөх, харин зарим арга зам нь зовлон бэрхшээл тулгарахад өөрийгөө хэрхэн харж буйгаа өөрчлөх тухайд байдаг. Ингээд эхэнд нь бусдын талаархи өөрийн сэтгэлийг өөрчлөх арга замыг авч үзье.

Хэцүү бэрх хүнийг хүсэл биелүүлэгч эрдэнэ хэмээн харах 

Хэцүү бэрх хүмүүсийн талаар төрөх сэтгэлийг өөрчлөн тэднийг "хүслийг хангагч эрдэнэ" хэмээн харж болно. Жишээ нь, “Энэ хүн надад энэ бэрхшээл учруулж байгаа нь надад өсөж дэвжих боломж өгч, миний сэтгэл хэр зэрэг боловсорсоны шалтгалт сорилт юм байна. Ямар сайн юм бэ" гэж бодож болно. Эсвэл “Намайг хоолонд уриад байгаа энэ хүн байнга л гомдоллож, хамт байхад таатай сайхан бус, уйтгартай бөгөөд ямар сайн хэрэг вэ! Тэрээр намайг хоолонд урьсан нь ямар сайн юм бэ, учир нь би одоо тэвчээр, хүлцэнгүйг дадуулах завшаан гарлаа" гэж болно. Иймээс тэд үнэхээр хүсэл бүхнийг биелүүлэгч эрдэнэ адил юм. “Хөрш маань оройжингоо уйлж орилдог хүүхдээ намайг хараад өгөөч хэмээн хүссэн нь ямар сайхан юм бэ. Үнэхээр сайн боллоо.”

Үүнийг Шантидева гэгээнтэн дараахаар айлджээ: 

(VI.107) Элдэв бэрхшээл бололгүйгээр нх хүү сан гэрт гарах мэт бодь явдлын нөхөр болох учир дайсанд баярлаж үйлдсүгэй, би.

Хамаг бусдын тусын тулд гэгээрэлд хүрье хэмээн зорьсон бодьсадва хүн, хэн нэгэн бусдууд түүний тусыг эрэх цагт хамгаас илүү баясдаг байна. Хэн ч, юуг ч үл хүсэж, тусыг эрэхгүй бол тэд ихэд гуниглаж, хэрэг тусгүй мэт санадаг гэнэ. Би нэгэн цахим хуудас ажиллуулдаг ба түүгээр асар олон тооны цахим шуудан, асуулт, хүсэлтүүдийг хүлээн авч, заримдаа энэ бүхэнд түүртэж бухимдах нь бий. Гэтэл би энд яриад байгаа аргыг дадуулж чадвал харин ч баясууштай хэрэг юм. Аль болох ихийг хүлээж авна тэр хэмжээгээр би бусдад туслах завшаан гарч байна гэсэн үг. Бурханы шашинтнууд "Бусдын тусыг би бүтээх болтугай" хэмээн залбирдаг,  тэгвэл аль болох олон хүн биднээс тусыг эрэлхийлж байвал залбирал маань биелж байна гэсэн үг бус уу? 

Шантидева гэгээн айлдсанчилан,

(VII.64) Амгалангийн тухай л үйлийг үйлдэвч амгалан болохгүй барагдах ч бий алин боловч амгалан гаргадаг үйл ямагтыг аяа, эс үйлдвээс хэрхэн амгалан болох?

Хэцүү бэрх хүнийг өвчин эмгэгтэй өөрийн хүүхэд адилд харах

Өөрийн сэтгэлийг судлан урвуулан өөрчлөх өөр нэгэн арга бол өөрт асар их бэрхшээл учруулж буй, дэргэд нь байхад тун тааламжгүй нэгнийг өвчин эмгэгээр шаналж буй өөрийн хүүхэд адилаар санах юм. Хүүхэд өвдөхөөрөө уйлж уцаарлан, муухай аашилж тун ярвигтай байдаг. Гэвч өвчиндөө ингэж байгааг нь мэдэж байгаа учраас түүнийг улам их хайрлана. Оронд нь оруулах зэргээр асарч сувилна. Гэтэл ядарч туйлдсан хүүхэд маань “Би орондоо ормооргүй байна” гэж хэдэрлэвэл өвчтэй байгаа болохоор ингэж байна хэмээн үл тоомсорлодог. Тиймээс энэ адилаар, тааламжгүй хэн нэгнийг хэрхэн харахаа өөрчилж, яршиг түвэг учруулагч мэтээр харахын оронд өвчтэй хүүхэд адилаар харах л хэрэг юм.  Үүгээр өөрийг умартан гагц тэднийг л хэмээн санаа тавих болно. 

Хэцүү бэрх хүнийг багшид харах

Гурав дахь нь тэдгээрийг багш мэтээр харах юм. Атиша гэгээн Энэтхэг оронд залрахдаа өөрийн тогоочийг авч явсан нэгэн алдартай түүх бий. Түүний энэтхэг тогооч нь гэгээний үгийг хэзээ ч сонсдоггүй үргэлжид түүнтэй сөргөлдөж байдаг байв. Үүнийг харсан түвдүүд Атиша гэгээнд “Түүнийг Энэтхэг рүү буцаагаад явуулчихсан нь дээр биш үү? Бид таны зоогийг барья” хэмээсэнд Атиша гэгээн “Яалаа гэж! Тэр чинь надад зөвхөн зоог барьдаг юм биш; миний тэвчээрийн багш байгаа юм” гэжээ. Тиймээс хэрэв танд жишээлэхэд, уулзаж учрахаас аргагүй хэн нэгэн яршигтай хамаатан садан байдаг бол түүнийг өөрийн тэвчээрийн багш хэмээн харах нь яахын аргагүй тустай. 

Үнэн хэрэг дээрээ бид бусдаас асар ихийг сурч мэддэг юм. Тэдний буруу муу явдал мөр жишээ нь бидэнд тэгж болохгүйг сургаж байдаг. Тэжээвэр нохой минь хүртэл бидний багш болж болно. Нохойгоо аваад өдөржингөө гадуур явах үед нохой тань хаа таарсан газраа хэвтээд амарч, бүр унтчихдагийг анзаарсан биз дээ. Гэтэл бид “надад тусгай ор хэрэгтэй, даавуу нь хөвөн даавуун, тэгээд зөөлөн байх ёстой” эсвэл "хатуу орон дээр унтана" гэх мэтээр гомдоллоно. Нохой тэгж гомдоллохгүй. Хаа таарсан газраа хэвтээд өгнө. Энэ бидэнд сайн сургамж шүү. Ийнхүү бусад бидэнд яршиг төвөг учруулах цагт хэрхэн өөрөөр харах буюу тэднийг хүслийг биелүүлэгч чандмана эрдэнэ, өвчтэй хүүхэд эсвэл багш адилд үзэх арга замуудыг дурьдлаа.

Өөрийгөө хэрхэн үзэх буюу Зовлон бэрхшээлийг эерэг сайнд урвуулах

Ялалтыг бусдад өгөх

Энэ адилын нөхцөл байдалд өөрийг хэрхэн өөрөөр үзэх, өөрийн талаар агуулдаг сэтгэлийг хувиргах аргууд бий. Үүний эхнийх нь “ялалт бүхнийг бусдад өгч, ялагдал бүхнийг өөрт авах.” Өөрөөр хэлбэл, өөрийгөө энхрийлдэг сэтгэлээр бид ихэнхдээ “Би ялах ёстой, минийхээр болох ёстой, тэр бууж өгөх ёстой” хэмээдэг бол өөртөө ялагдлыг авах цагт хэрүүл тэмцэл дуусах юм. Энгийн нэгэн жишээ авахад, та найзтайгаа аль зоогийн газар орохоо ярилцаж байна гэж саная. Найз тань нэгэн зоогийн газарт оръё гэтэл та өөр нэгийг хэлнэ, ингээд та хоёр ийм тийм, ийш тийш хэмээн маргаж эхэлнэ. Гэтэл үнэн хэрэг дээрээ юуны ялгаа байна вэ? Хэрэв та зүгээр л санал нийлээд, “за, чиний хэлсэн зоогийн газар руу явъя” гэчихвэл маргаан төгсөнө. Өөрөөр хэлбэл, өөрөөсөө илүү бусдыг энхрийлээд тэдэнд ялалтыг өгвөл хэрүүл тэмцэл төгсгөл болох юм. 

Энд нөгөө хүн хор хөнөөлтэйг үйлдэх зэрэг эрс туйлын нөхцөл байдлын тухай ярьсангүй, харин айхтар өөр ялгаа байхгүй үед ялалтыг бусдад өгөөрэй. Мэдээжээр үүнийг сонсоод эсэргүүцэх тохиолдол гарах байх, учир нь хэрэв та үргэлжид бууж өгөөд нөгөө хүн нь үүнийг завшаад байдаг бол энэ адилаар үйлдэх эсэхээ бодох нь зөв. Гэвч асар олон нөхцөл байдалд бэршээлийг энэ адилаар арилгаж болдог юм. 

Би өөрт тохиолдсон нэгэн явдлыг жишээ болгон дурдъя. Би Берлинд зоогийн газрууд олонтой дүүргийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд амьдардаг. Миний амьдардаг орон сууцны байрны доод давхарт байсан дуу чимээ багатай зоогийн газрын оронд нэгэн алдартай испани зоогийн газар шинээр нүүж ирэв. Энэ шинэ газар долоо хоногийн өдөр бүр өглөөний долоон цагаас эхлээд дараа өглөөний гурван цаг хүртэл ажиллана. Цаг агаар дулаан үед тэд манай байрны гадуур ширээ сандал засна. Ингээд хүмүүс гадаа сууж, дарс, шар айраг уун өглөөний гурван цаг хүртэл чангаар ярьж, инээж хөхрөлдөнө. Энэ зоогийн газар анх байгуулагдаад ширээнүүдээ яг миний унтдаг өрөөний цонхон дор засчихсан чинь би чимээ шуугианаас нь болоод шөнөжингөө унтаж чадахгүй хэвтдэг болов. Би үйлчлүүлэгч хүмүүст сайхан байгаа тухай огт бодолгүй, зөвхөн өөрийгөө л бодон, унтууцан дургүйлхэж, цөхрөн, янз бүрийн юм бодож хэвтдэг байв. Би өөрийгөө дундад зууны үеийн цайзад байгаагаар төсөөлж, торхтой буцламгай халуун давирхайг тэдний дээрээс асгаж байна гэж хүртэл бодно. Гэвч би тэр болгонд “хүмүүсээ чимээгүй байлга, үгүй бол би цагдаа дуудлаа шүү” хэмээн хашгирдаг үглээ өвгөн байж таарахгүй байлаа. Ингэлээ гээд нэмэр байхгүй.    

Тэгээд би энэ бэрхшээлийг арилгах цор ганц арга бол ялалтыг бусдад өгөөд, ялагдлыг өөртөө авах юм байна гэж бодлоо. Тэд зуны орой зугаацан наадах нь би унтлагын өрөөндөө нойр авахаас илүү чухал юм байна гэж бодов. Манай гэрт тэр гудамж руу хараагүй ганц өрөө байсан нь гал тогооны өрөө байлаа. Миний гал тогооны өрөө их том бөгөөд өглөөд цай уух арай өндөр тавцантай. Гал тогоонд ашигладаггүй том талбай бий. Тэгээд би дулааны улиралд тэндээ унтдаг. Өдөр болохоор матрассаа хана түшүүлж тавьчихаад шөнө болохоор газар тавиад унтчихдаг юм.  Тэнд чимээгүй тайван бас тэгээд гэрийн маань хамгийн сэрүүн өрөө. 

Би гал тогооныхоо өрөөнд дуртайяа унтдаг. Би тэдэнд ялалтыг өгчихсөн, бас тэд хэчнээн чанга хашгичиж байсан ч надад сонсогддоггүй тул хамаа алга. Шинэ жил дөхөөд ирэхээр германчууд галын наадам хийх дуртай байдаг тул тэр үед ч бас амар байдаг. Энэ үеэр гудамжинд дуу чимээ ихтэй болдог ч мөн урьдын адилаар би гал тогооны өрөөндөө унтаад ялалтыг тэдэнд өгчихвөл хэцүү бэрх юм үгүй болдог.  

Тохиолдож буй бэрхшээл бүхэн миний нүглийн үйлийн үрийг шатаан барж байна  

Дараагийн хоёр дахь арга бол өөрт тохиох бэрхшээл зовлонгоор “нүгэл хилэнцэт үйлийн үрийг шатаан барж байна” хэмээн санах юм. Энэ нь өөрт тохиох бэрхшээлийг ямарваа ял шийтгэл хэмээн харна гэсэн үг бус харин энэ адилыг амсаж эдлэснээр дараа хойчийн айхтар хүнд зовлон багаханаар боловсрон нүгэлт үйл барагдлаа хэмээн харах юм. Үүний нэгэн энгийн жишээ бол, удаан хугацаагаар замын хөдөлгөөнд гацаж зогсох үедээ “Сайн боллоо! Дараа цус харваад ч юм уу хөдөлж барьж чадахгүй болох үйлийн үр минь үүгээр барагдаж дууслаа” хэмээн санах юм. Энэ адилаар өөрт бэрх муу зүйлс тохиож буйд баясахын учир нь дараа хойчид жаргал ирэхэд тотгорлож буй бүхэн арилж байгаа явдал юм.  

Уламжлалт Бурханы шашинтнууд ад зэтгэрийн хорлолд итгэдэг. Тэдгээрийг оршдог хэмээн үнэхээр итгэдэг л юм бол сэтгэл санаагаа өөрчлөх энэ аргыг цааш улам лавшруулан ад зэтгэрээс “намайг улам ихээр хорлооч” хэмээн хүсэж чадна. Саявтархан би үүнийг үнэхээр өөр дээрээ амслаа. Долдугаар сарын дундаас эхлээд хоёр сарын турш  бүх юм орвонгоороо эргэв. Хамаг юм эвдэрч хэмхэрч эхлэв. Миний нуруун дээр нэг үл мэдэгдэх юм гарч үрэвсчихээд тэр нь арай гэж эдгэтэл эмч нар нөгөө гарсан юмыг авахаар болж би бараг хоёр сар шахам дасгал хөдөлгөөн хийж чадсангүй. Дараа нь компьютерт маань сүрхий вирус орчихов. Тэр нь миний хатуу дискийг устгаж амжсан тул би сар компьютерээ хэрэглэж чадсангүй. Гэтэл хэвлэгч машин минь эвдэрчихэв. Бас надад байсан хоёр видео тоглуулагч ч хоёулаа ажиллахаа болилоо. Би одон зурхай их сонирхдог юм. Гэтэл олон хүний зурхайг зурсан байсан мэдээллийн сан маань тэр чигээрээ яагаад ч юм устчихсан. Яаж ч оролдоод тэдгээр мэдээллийг сэргээж чадсангүй. Цай уудаг дуртай аягаа ч хагалчихлаа. Ингээд энэ бүхэнтэй зэрэгцээд би Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Номын айлдварт суухаар Франц руу нисэх үеэр ачаа тээш маань алдагдчихав. 

Ар араасаа цуварсан энэ бүхний эцэст ийм юм болов. Ачаагаа алдчихаад инээхээс өөр юм надад үлдсэнгүй. Тэгээд би “хорлолт ад зэтгэр минь дахиад хорлооч дээ! Чи өөр юугаар хорлож чадах вэ?” гэж бодлоо. Ингэж санаснаар хамаагүй дээрдсэн. Тэднээс хамгаалах гэж сэтгэлдээ хана хэрэм босгохын оронд тэднийг хүлээн зөвшөөрөөд, намайг хорлооч хэмээн урин залсан юм. 

Хэдэн жилийн өмнө урьд нь сувгийн эмчилгээ хийлгэсэн байсан миний нэг шүдний эрүүний яс үрэвсэж, хагалгаа хийлгэн эрүүнийхээ яснаас тайруулсан юм. Гэтэл нөгөө Франц явж ирчихээд удалгүй шүдний эмчид үзүүлэхэд эмч маань миний сорвижсон эд эс үрэвссэн тул дахин хагалгаанд орж эрүүнийхээ яснаас нэмж тайруулах болжээ гэдэг баяртай мэдээ дуулгав. Үүнийг сонсоод “Сайн байна! Өөрийн цахим хуудсаа ахин өөр олон хэл дээр гаргахад учрах саад бүхэн үүгээр барагдан шавхагдлаа” хэмээн санаснаар эерэг тустай болгон урвуулж чадсан юм.  

Бурханы шашны сургаал номоор бол хэдийчинээ тустай сайныг бүтээхийг хүснэ түүнийг бүтэхэд тотгорлох тэр чинээний их саад тохионо гэдэг. Тиймээс би тийн тохиосон бүхнийг саад тотгорыг арилгаж буй гайхалтай сайхан завшаан хэмээн харж, хорлолт ад зэтгэрүүдээс “улам ихээр тотгорлооч, бүр ихээр хорлооч!” хэмээн хүсэв. Ингээд би хамаг юм эвдэрч хэмхрэн, буруудаж байх үед сэтгэл огт хямарч зовоогүй. Энэхүү сэтгэл оюунаа судлахуй номыг үнэхээрийн дадуулж бүтээвэл яах хэрэггүй хэрэг тус нь гарна. Тохиолдож буйг хэцүү бэрх, аймшигтай, гутарч гуним хэмээн санахын оронд санаагаа урвуулан өөрчилж тэр бүхнийг гайхалтай сайхан гэж харах явдал юм.

Бусдад амгалан жаргаланг өгч, бусдын зовлонг өөрт авах (Донлэн)

Миний дурьдахыг хүссэн сүүлийн арга бол ихээхэн ахисан бөгөөд бусдаасаас хэцүү бэрх нь билээ. Энэ бол донлэн буюу өгөх, авах үйл юм. Танд ямарваа бэрхшээл тохиолдвол, жишээ нь, шүд өвдөх тэргүүтэнд “Хэн бүхний  шүдний өвчин арилаад, надад боловсрох болтугай. Бусдын шүдний өвчнийг өөрт авсанаар хэнбугайн ч шүд ахин бүү өвдөх болтугай” хэмээн санана. Ийнхүү бусдыг бүгдийг сэтгэл зүрхэндээ багтаан, зовлонг авъя хэмээн санаснаар гагцхүү “хөөрхий би” хэмээн боддог хатуу гөжүү, айдас хүйдэст, зовлонт сэтгэлээс сална. Донлэнг цааш үйлдэн, “Би бусдын гаслан зовлон бүхнийг арилгаад, дараагаар өөрийн сэтгэлийн уг жаргаланг ухаарсанаар бусдад жаргалыг өгье” хэмээн санана.

Гэвч энд “Би чиний өмнөөс зовъё” гэх өөрийгөө золиослогч болчих вий гэдэгт болгоомжтой байх хэрэгтэй, учир нь энэ бол би хэмээхийг л хөөрөгдөж байгаа хэрэг. Үүнийг үйлдэхдээ тийм ч сайн биш гэдгээ би хүлээх хэрэгтэй. Жинхэнээр энэчлэн үйлдэхэд маш их зориг зүрх шаардлагатай ч би саявтархан оролдоод үзсэн юм.

Эрүүний мэс засалд би хоёр дахиа орох болсон гэж урд дурьдсан ба тэр хагалгааны туршид сэрүүн байлаа. Энэ үнэхээр гайхалтай! Миний нэг талын буйлыг тэр чигээр нь ярж сөхөөд, цахилгаан хөрөө адилын зүйлээр эрүүний яснаас, шүдний ёзоороос, бас эргэн тойрны нь зөөлөн эдээс тасдан авна. Үүнийг хэрхэн хийж байгаа нь бараг дундад зууны үе шиг санагдана. Анх удаа хагалгаанд орохдоо тэдний юу хийж байгаа нь их сонирхолтой байлаа. Мэдээ алдуулагч сайн байсан учраас өвдөх нь гайгүй байсан ч дундуур нь дахиад мэдээ алдуулах шаардлагатай болсон. Харин хоёр дахь удаагаа хагалуулахад үрэвсэл урьдахаасаа хавьгүй илүү байсан ба үрэвсэлтэй үед новокаин сайн үйлчилдэггүй тул маш их өвдөж байв.     

Тэр үед би махамудра (их чагж) – д хэрэглэдэг аргыг буюу өвдөлт тэргүүтэн нь мэдрэмж төдий хэмээн санахыг оролдлоо. Гараа гижигдэх, чимхэх, зүсэх, урахын аль нь байлаа гэсэн энэ бол биеийн мэдрэхүй төдийгөөс өөр юу ч бус тул үүнд сүржигнэх юмгүй. Ийнхүү санах нь бага зэрэг тустай байсан ба би тэр үед донлэн буюу өгөх, авах бясалгалыг саналаа. Яг тэр үед Түвд оронд асар их хавчлага дарамт, тамлал хүчирхийлэл явагдаж байсан юм. Тэгээд би Түвд орноо байгаа хүмүүсийн зовлон гаслан гэдэг итгэхийн аргагүй, гэтэл миний амсаж эдэлж байгаа нь түүний дэргэд ер юу билээ хэмээн саналаа. Ердөө хоёрхон минут үргэлжлээд л дуусах зүйл шүү дээ. 

“Би ямар их зовж бэрхшээж байна вэ” хэмээн өөрийгөө өрөвдөхийн оронд би сэтгэлдээ Түвд оронд байгаа тэр хүмүүсийг санан “миний одоо амсаж байгаатай харьцуулахын аргагүй их зовлон бэрхшээлийг тэд эдэлж  байна” гэж бодсон нь надад миний зовлон огт өөрөөр харагдсан юм. Ингээд би “Тэдний зовлон бэрхшээл бүхэн миний эрүүний энэ өвчинд шингээд, би тайван бөгөөд баяртайгаар энэ өвчнийг эдэлснээр тэд бээр сэтгэлийн амар амгаланг эдлэх болтугай” хэмээн бодлоо.   

Хэдийгээр би энэ бясалгалыг зуун хувь зөв зүйтэй үйлдээгүй ч тэр хагалгааны үед асар их тустай байсан юм.  Хэрэв үүнийг зохих ёсоор үйлдвээс тэдний зовлон бэрхшээлийг үнэхээрийн өөр дээр амсан, өөрийн өвчин зовлон нэмэгдэхийг хүсэх болно. Үнэн хэрэг дээрээ, энэ адилаар жинхэнээр ёсчилон үйлдэхийн тулд сэтгэл оюун ихэд ахиж дээшилсэн байх ёстой. Ийнхүү үг төдий хэлж болох ч энэ дангаараа хангалтгүй. Үнэхээр тэр адилыг  амсаж эдлэе хэмээн хүснэ гэдэг өөр хэрэг. Гэвч ядаж тэдний зовлон бэрхшээлийг өөрт аван энэ зовлонг эдэлснээр тэдний зовлон барагдаж байна хэмээн санаж бид чадна.    

Үүнийг жинхэнэ зүйлтэй хольж хутгаж болохгүй. Жинхэнэ нь илүү гүнзгий ба учир нь төрүүлэн дадуулж буй сэтгэл бол зовлон бэрхшээлтэй тэмцэлдэх бус харин үүнийг үүрч чадна хэмээн өөртөө итгэн зовлонг хүлээн зөвшөөрөх сэтгэл юм. Хэрэв сэтгэл тань хамаг бусдын зовлонг багтаахуйц уужим байвал өөрийн зовлон бэрхшээлийг хүлээн зөвшөөрөөд, түүнтэй тэмцэлгүйгээр, айж сүрдэлгүйгээр туулж чадна гэсэн итгэл байх нь зайлшгүй. Тэгэхээр энэ бол илбэ шидийн арга биш, харин үүнийг сайтар ажин шинжилж чадвал ихэд хэрэг тустай гэдгийг нь ойлгоно.  

Дүгнэлт

Тэгэхээр дээр дурьдсан эдгээр арга бол гагц өөрийг энхрийлэх сэтгэлээс хагацан, юун түрүүнд бусдыг хэмээх сэтгэлд урвуулах ложон буюу сэтгэл оюунаа судлахад хэрэглэдэг аргууд юм. Үүнийг үйлдэх сэдэл зорилго юу ч байдаг байлаа гэсэн энэ адилаар сэтгэлээ судлан өөрчлөх нь ач тус ихтэй билээ. Үүнээс үүдэн өөрт гарах өөрчлөлт бол “ямар ч хэцүү бэрх нөхцөл байдал тохиолдлоо гэсэн би өөрийгөө хөөрхийлөн өрөвдөх сэтгэлд автан, үүнд хорлогдохгүй. Би сэтгэл санаагаар унаж гутрахгүй” хэмээн жинхэнээр баттай бодож чадах явдал юм. Харин түүний оронд, “юу ч тохиолдлоо гэсэн би түүнийг урвуулан өөрчилж чадна. Тухайн нөхцөл байдлыг би бусдыг хэмээх сэтгэлээ хөгжүүлэн боловсруулахад ашиглана. Тиймээс энэ нь надад саад тотгор болж чадахгүй” хэмээх сэтгэлийг амьдралд баримталж сурна гэсэн үг. Ийм санаа бодолтой байх нь асар их зориг зүрх төрүүлдэг юм.  

Top