Гампопа гэгээн Гаадамба ёсны болон Их мутарлаг сургаалын урсгалуудыг хэрхэн нэгтгэсэн нь

Гампопа гэгээн Гаадамба ёсны болон Их мутарлаг сургаалуудын урсгалыг нэг (bKa’-phyag chu-bo gcig-‘dres) болгон нэгтгэсэн гэдгээрээ алдартай. Тэрээр хувраг болсныхоо дараагаар, хэд хэдэн Гаадамба ёсны мэргэдийн дэргэд эхэлж суралцаж, тэдний урсгалын сургаалуудын дамжлагыг Гэвш Потовагаас хүртсэн байдаг. Ингээд Милбогд гэгээнтэй учирч, түүнээс Их мутарлаг сургаалын урсгалын дамжлагыг хүртсэн ба эдгээр хоёр урсгалын нэгдсэн хэлбэр нь хожим нь Гампопа гэгээн болон түүний шавь нараас эх авсан Дагпо Гаржүд ёсны найман дамжлагын гол анхаарах сэдэв болсон.

Эрт цагт, Караг Гомчунг (Kha-rag sgom-chung) гэгээн болон Потова (Po-to-ba) гэгээн нар баруунтаа, зүүнтээ орших хоёр уулын бэлд тус тус амьдардаг байв. Тэр үед, Караг Гомчунг гэгээн болон Потова гэгээн, тэд, бие биетэйгээ харилцаагүй байдаг байв. Тийм хэдий ч, Потова гэгээн Караг Гомчунг гэгээнийг туйлын хичээнгүй, их бясалгагч гэж боддог байсан боловч тэрээр түүнийг ямар эрдмүүдтэй эсэхийг мэддэггүй байв. Тэрээр хэрэв Караг Гомчунг гэгээн түүнийг эрэлцэн, хүрэлцэн ирж, түүнээс сургаал хүртвэл сайн байх болов уу хэмээн боддог байв. 

Нэг өдөр, тэд нэг томоохон цуглаан дээр уулзав. Тэр үеэр, Потова гэгээн Караг Гомчунг гэгээнээс “Та туйлын хичээнгүй, их бясалгагч. Та юуны талаар бясалгадаг вэ?” хэмээн асуухад, Караг Гомчунг гэгээн “Би мөнх бус, өөрийн эрхгүй гарах орчлонгийн оршихуйн (хяналтгүй дахин дахин гарах төрөл) сул талууд болон сэтгэлийг буцаах (blo-log-pa) ойлголтууд дээр бясалгадаг” гэж хариулав. Ингээд тэрээр хандлагаа буцаах (blo-zlog) нь дараах бясалгалуудыг шаардана хэмээн тайлбарлав. Үүнд:

  1. Өөрийн сэтгэлийг энэ насны амьдралаас буцаах
  2. Өөрийн сэтгэлийг өөрийн эрхгүй гарах орчлонгийн оршихуйн (хяналтгүй дахин дахин гарах төрөл) амгалангаас буцаах
  3. Өөрийн сэтгэлийг зөвхөн өөрийн зорилгод хүрэхээс буцаах
  4. Өөрийн сэтгэлийг үнэхээр бүтсэн оршихуйд барихаас буцаах.

Караг Гомчунг гэгээн бясалгалын бүтээл (дадлага) ихээр хийсэн Гаадамба ёсны их мэргэн болохыг мэдсэн Потова гэгээн тэр үед Караг Гомчунг гэгээнээс “Түүнийг нэг бясалгагч болохоос гадна, чухам ямар бясалгал үйлддэг байж болох вэ?” хэмээн өмнө бодсон өөрийн бардам сэтгэлийг хүлцэхийг хүсэв. Потова гэгээн түүнд “Та туйлын агуу эрдмүүдтэй бөгөөд таны бясалгалын бүтээл (дадлага) туйлын сайн юм” хэмээн хэлэв. Потова гэгээн Гаадамба ёсны тэдгээр бүтээлүүдийг өөрөө үйлдэх болж, цааш Гампопа гэгээнд дамжуулав. Энэ бол Гаадамба ёсны урсгал. 

Гампопа гэгээн “Гампопа гэгээний дөрвөн сэдэв” (dvags-po chos-bzhi) гэж олонд алдаршсан сургаалыг өөрийн Гаржүд ёсны багш Милбогдоос Их мутарлаг сургаалын урсгал болгон хүлээн авсан. Эдгээр нь Милбогдын дууллуудын нэгд бий: 

Би бээр би болон хамаг амьтан өөрийн сэтгэлийг Номд хандуулахыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр бид бүгд Номыг зам мөрийн сэтгэл болгохыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр бид бүгд өөрийн зам мөрийн сэтгэлээр өөрийн төөрөгдлийг арилгахыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр бид бүгд төөрөгдлийг гүн мэдэхүй болгон ариусгахыг адислахыг хүсэмжилж байна. 
Би бээр өөрийн үйлийн үр (үйлийн үрийн түлхэц) болон сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүдтэй холбоотой сэтгэл хөдлөлийн саадууд (нисваанисын түйтгэр) мөн бүх мэдэж болох зүйлүүдтэй холбоотой танин мэдэхүйн саадуудыг (мэдэгдэхүүний түйтгэр), тэдгээрийг тэдний байнгын зуршлуудын хамтаар ариусгахыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр тэдгээрийг одоо ариусгахыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр тэдгээрийг бясалгалын чухам энэ ээлжид ариусгахыг адислахыг хүсэмжилж байна. 
Би бээр энэ сэтгэлийн үргэлжлэлийг (орчлон, хяналтгүй дахин дахин гарах төрөл) хорихыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг одоо хорихыг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг өөрийн сууж буй чухам энэ суудал дээр хорихыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг бясалгалын чухам энэ ээлжид хорихыг адислахыг хүсэмжилж байна. 
Би бээр өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээр дээдийн, зөв, бүрэн ууссан (нэгэн үзүүрт) төвлөрлийг төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг одоо төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг миний сууж буй чухам энэ суудал дээр төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг бясалгалын чухам энэ ээлжид төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. 
Би бээр дээдийн, зөв, гүн мэдэхүйг төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг одоо төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг өөрийн сууж буй чухам энэ суудал дээр төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. Би бээр түүнийг бясалгалын чухам энэ ээлжид төлөвшүүлэхийг адислахыг хүсэмжилж байна. 

Гампопа гэгээн Милбогдын энэ дуулалдаа өгүүлсэн зүйлийг бүтээсэн (дадлага болгосон). Ерөнхийдөө, энэ насны амьдралд хүлэгдэхгүй байх дээр суурилж сэтгэлийг Номд хандуулах гэсэн утга бүхий “сэтгэлийг Номд хандуулах” гэдэг зүйлийг бүтээсэн. Ном зам мөрийн сэтгэл болохыг адислахыг хүсэмжлэхийн хувьд, хэрэв та хяналтгүй дахин дахин гарах орчлонгийн оршихуйд (сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл, хандлага, үйлийн хүчээр хяналтгүй дахин дахин гарах төрөл) хүлэгдэн, шунаж байвал, энэ нь Ном зам мөрийн сэтгэл болохгүй гэсэн утгатай. Хэрэв та Ном бүтээж (дадлага болгож) буй бүтээлч бол, Ном зам мөрийн сэтгэл болох хэрэгтэй гэж хэлэх үед, энэ нь та орчлонгийн энэ оршихуйг хорих хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлнэ. Та орчлонгийн үйлүүдийг орхин, мэдрэхүйн таашаалуудад хүлэгдэхгүй байх хэрэгтэй хэмээдэг. Хэрэв та орчлонгийн оршихуйд хүлэгдэн, шунаж байвал та Номыг зам мөрийн сэтгэл болгож чадахгүй гэнэ. 

Зам мөрийн сэтгэл төөрөгдлийг арилгахыг адислахыг хүсэмжлэхийн хувьд, та зам мөрийн сэтгэлийн талаар бясалгаж байгаа үед, та зам мөрийн сэтгэл дэх төөрөгдөл гэж юу болох талаар асуувал, энэ нь зөвхөн өөрийн зорилгуудын талаар анхаарал тавих явдал байна. Зам мөрийн сэтгэл нь бусдын тусад бодь сэтгэлийн зорилгоор, өөрт болон бусдад тус болох зүйлд хүрэхийг зорьсон байх хэрэгтэй. Тийм үгүй бол, хэрэв тэр сэтгэл нь зөвхөн өөрийн амгалан төлөвт хүрэх талаар санаа тавьсан байвал, тэр нь зам мөрийн буруу сэтгэл болно хэмээнэ. 

Төөрөгдлийг гүн мэдэхүй болгох гэдэг нь ямар нэг барихуй (дөрвөн бүрдэл бүхий сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл, хандлага) үгүй байх гэсэн утгатай. Сэтгэлийн тайван байдал алдагдуулах ямар сэтгэл хөдлөл – шунал,  дайсагнах сэтгэл эсвэл үл мэдэх явдал – төрж байгаагаас үл хамааран, хэрэв та гарч ирж буй зүйлийн гол мөн чанарын төрхийг таньж, тэдгээрийг тэдний шалтгаанд нь үлдээвэл, тэд аяндаа өөрсдөө намжина. Тэд таван гүн мэдэхүй (Бурханлаг-мөн чанар бүхий бүх амьтанд байх гол мэдэхүй) болж өөрсдөө ариусна. 

Ийм байдлаар, Гаадамба ёсны сэтгэлийг буцаах дөрвөн ойлголт, Гампопа гэгээний Их мутарлаг сургаалын дөрвөн сэдэв нэг урсгал болж нэгдсэн төдийгүй, тэдгээр нь Драгпа Гялцэн (Grags-pa rgyal-mtshan) гэгээний дараах байдлаар дэлгэрүүлсэн, Сажа ёсны “дөрвөн хүлээснээс хагацахуй” (zhen-pa bzhi-bral) сургаалтай тохирох болсон: 

  1. Хэрэв энэ насны амьдралд хүлэгдэж байвал, энэ Ном биш
  2. Хэрэв орчлонд (хяналтгүй дахин дахин гарах төрөл) хүлэгдэж байвал, энэ магад гарах сэтгэл, гэтлэх (зовлонгоос ангижрах) шийдвэр биш
  3. Хэрэв өөрийн зорилгод хүлэгдэж байвал, энэ бодь сэтгэл биш
  4. Хэрэв (оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийг) барихад хүлэгдэж байвал, энэ (бодит байдлын талаарх) үзэл биш.     
Top