Хоосон чанар нь Бурхан багшийн сургаалууд дахь хамгийн чухал бөгөөд ойлгоход хамгийн хэцүү сэдвүүдийн нэг. Гэвч, бид хоосон чанарын тухай сэдвээс халширч болохгүй. Энэтхэгийн их мэргэн Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй бүтээлдээ тайлбарласанчлан, хэрэв бид ямар нэг зүйлээс халшрах гэж байгаа бол энэ нь бид бүгдийн асуудлуудын шалтгаан болдог бидний мунхаг, бидний үл мэдэх явдал байх хэрэгтэй. Бид, ойлгосон тохиолдолд, бидний асуудлуудын шалтгаануудыг арилгах, тэр зүйлээс халшрахгүй байх хэрэгтэй. Энэ нь хулгайч, дээрэмчин, алуурчин гэх мэт гудамжинд тааралдах бидний дайснаас халшрахын оронд өөрийн бие хамгаалагчаас халшрахтай адил. Хоосон чанарыг ойлгох хялбар биш, энэ ердөө мэдээжийн. Яагаад бид түүнийг хялбар байна хэмээн найдна гэж? Хэрэв энэ хялбар байсан бол хүн бүр хоосон чанарыг ойлгож, нэг ч хүн ямар нэг асуудалгүй болох байсан.
Хоосон чанарыг ойлгоход хангалттай эерэг хүч бий болгох шаардлага
Хоосон чанар буюу бодит байдлыг ойлгоход, ихэнх тохиолдолд “буян” гэж нэрлэх, асар их хэмжээний эерэг хүчийг бий болгох хэрэгтэй байдаг. Үүнийг онцлохгүй байж болохгүй. Эерэг хүч нь голлон сөрөг байдлаар үйлдэх үйлдэхээс өөрийг хязгаарласнаар бий болно. Энэ үед та, жишээ нь, “Би юутай ч ан хийж, загасчилдаггүй” гэж хэлж магадгүй, тэгэхээр, эдгээр үйлүүдийг үйлдэхгүй байх нь хэрхэн эерэг хүчийг бий болгодог вэ? Гэвч гол санаа нь, шумуул биднийг тойрон нисэх үед түүнийг алахаас зайлсхийж, түүнийг шийдвэрлэх, өөр бусад, илүү тайван, үл хүчирхийлсэн аргыг олох явдал байна. Энэ мэдээж илүү чадал сорьсон зүйл. Энэ нь эерэг хүч бий болгох байдлаар үйл үйлдэхийг хүсэх үед сөрөг байдлаар үйлдэл үйлдэхээс зайлсхийх явдал.
Мөн бид Номын айлдварт суух, Ном сургаалын талаар бодох, тэдгээр дээр бясалгал хийх, тэдгээрийг аль болох сайн ойлгохыг хичээх гэх мэт эерэг үйлүүдийг бодитой үйлдсэнээр асар их хэмжээний эерэг хүчийг бий болгоно. Мөн хамгийн сайн тус болох, хийх зүйл юу болохыг, ихэнх тохиолдолд үнэхээр сайн мэдэхгүй байх өөрийн одоогийн энэ түвшинд ч, өөрийн чадах аль их хэмжээгээр бусдад тусалснаар бид маш их эерэг хүч хураана. Мөн бид олон янзын ариуслын бүтээлүүдээр өөрийн чадах хэрээр илүү их сөрөг хүч эсвэл сөрөг чадамжийг арилгахыг хичээх хэрэгтэй. Энэ бүхэн бидэнд илүү нээлттэй байж, сэтгэл илүү чөлөөтэй болж, илүү их ойлголт төрөхөд тусална. Хэрэв бидний сэтгэл хаалттай эсвэл төөрөгдөлд орж будилан, тодорхойгүй болж, эсвэл бид үргэлж сөрөг байдлаар үйлдэл үйлдэж, эерэг байхыг хичээхгүй байвал, бид хоосон чанар гэх мэт ойлгоход хэцүү зүйлүүдийг хэрхэн ойлгож чадах вэ?
Үүнтэй адил, бид ердөө сууж эхлэн, сургаалуудыг сонсож эсвэл тэдгээрийг ойлгохыг хичээхийг оролдох үед сэтгэлийг түүний завгүй байдлаас нь илүү тодорхой төлөвт шилжүүлэхийг оролдох хэцүү байж болно. Энэ асуудлаас зайлсхийх үүднээс бид эхэлж Манзушир бурханы “Ум ара-пацана дхи” тарнийг олон удаа уншиж, дараа нь “дхи-дхи, дхи-дхи, дхи-дхи” үеийг нэг амьсгалаар аль болох олныг уншина. Ихэнх төвөдүүд үүнийг хийдэг. Гэвч үүнийг өөрийн сэтгэлийг илүү тодорхой болгох хүчтэй санаагаар давтан унших нь чухал. Илүү гүнзгий түвшинд бид өөрийн сэтгэлийг илүү тодорхой болгоход туслах үүднээс маш тодорхой дүрслэлүүдийг нэмж болно. Гэвч хэрэв бид хялбар байдлаар дүрсэлж чадахгүй бол үүнийг эхэн үедээ хүчлэх нь тусгүй; ердөө тарнийг давтан унших нь нэлээд хангалттай.
Эдгээр бүх бэлтгэлүүдийг хийх шаардлагатай бөгөөд мөн түүний дээр, бид хамаг амьтанд хамгийн сайн тус болох үүднээс гэгээрэлд хүрэх бодь сэтгэлийн зорилгын тодорхой түвшнийг наад зах нь төрүүлэх үнэхээр шаардлагатай. Хэрэв бидэнд “Би ямар учраас үүнийг ойлгохыг хүсэж байна вэ?,” “Энэ ойлголтоор би юу хийхийг хүсэж байна вэ?” гэсэн хүчтэй сэдэл эсвэл эерэг сэтгэл хөдлөл байхгүй бол бид өөрийн хүчин чармайлтдаа их эерэг энерги гаргахгүй бөгөөд тус хүчин чармайлтаас их үр дүн гарахгүй. Нэг хүчтэй сэдэл үнэхээр шаардлагатай. Бидний сэтгэл бусдад – зөвхөн хүмүүст төдийгүй, бүр шавж хорхой бүрд, бүгдэд – хэдий их нээлттэй байна, бидний зүрх сэтгэл гэгээрэлд – Бурханы бүхнийг мэдэх мэдэлд – энэ үнэхээр өргөн байна – төдий чинээ нээлттэй байж, төдий чинээ бидний сэтгэл хоосон чанарыг ойлгоход илүү их нээлттэй болно. Бид өнөөдрийг хүртэл биднийг хязгаарласаар ирсэн байж болох “Би түүнийг ойлгох чадвартай биш, би хангалттай сайн биш” гэсэн явцуу, хязгаарлагдмал бодлуудыг арилгах хэрэгтэй. Бид сэтгэлээ илүү их боломжуудад нээлттэй болгох хэрэгтэй, үүнд бид бодь сэтгэлийн зорилго тавьж, тарни унших байдлаар эерэг хүчийг бий болгосноор хүрч болно. Энэ бүхэн бидэнд улмаар хоосон чанарыг ойлгох боломж олгоно. Энэ бүхэнгүйгээр, энэ туйлаас хэцүү.
Эерэг хүч нь бидний сэтгэлийн хаалтуудыг эвдэх энергийг бий болгох байдлаар нөлөө үзүүлнэ. Энэ үед бидний ойлголт улам, улам илүү гүнзгий болж, бидний судалсан зүйлүүд харилцан холбоонд орж, ингэснээр бид алгуур бүх зүйл хэрхэн нэг нэгдмэл, бүхэл үзэлд хүрэхийг ойлгоно. Бид хэрхэн нээлт хийн, ойлголтод хүрдгийг ойлгоход физикийн жишээ тус болж болно. Та мөсөнд илүү, илүү их дулааны энерги өгөх хэрээр тэр нь яваандаа нэг шилжилтийн үеийг дамжин, улмаар ус болно. Бүр илүү их энерги нэмэх үед тэр нь уур болон хувирна. Бидний бүтээлийн (дадлага) ахиц энэ мэт байна. Бид нэг түвшинд нэлээд хугацаанд байж болно, гэвч дараагийн түвшинд гүнзгийрэн орохын тулд бид маш их хэмжээний нэмэлт энергийг нэмж өгөх хэрэгтэй болно. Хангалттай эерэг хүчний энергиэр, бидний сэтгэлийн үргэлжлэл, түүнд агуулагдах ойлголт нь нэг шилжилтийн үеийг дамжина. Ингээд бид ердөө санаандгүй байдлаар илүү нэг гүнзгий түвшинд түүнийг ойлгоно.
Мөн өөрийн одоогийн түвшний ойлголтдоо хэзээ ч ханахгүй байх нь маш чухал. Зам мөрийн туршид маш гүнзгий түвшинд хүрэх хүртлээ – бид тус түвшинд хараахан хүрээгүй байна гэсэн итгэлтэй байж болох ба – бид бүрэн эсвэл хангалттай гүн ойлгоогүй байна. Бид хэдэн настай байх эсвэл Ном сургаалыг хэр олон жил судалж байгаагаас хамаарахгүй, сургаалыг илүү нарийн ойлгох үүднээс үргэлж өөрийн ойлголтыг эргэн харж, сайжруулж болно. Энэ нь мэдээж илүү их судалж, бясалгаж, бүр илүү их гүнзгийрэхийг шаардана. Бидний сэтгэл илүү их нээлттэй болж, бид хоосон чанарын утгаас илүү бага халшрах хэрээр бид илүү, илүү нарийн ярвигтай, гүнзгий тайлбаруудыг ойлгож чадна.
Удаах шаардлагууд
Ийм байдлаар ахиц гаргахын тулд бид хоосон чанарыг ойлгох нь чухал болох мөн түүнийг ойлгох шаардлагын талаар бүрэн итгэлтэй болсон байх хэрэгтэй. Дээр нь, энэ нь ердөө түүнийг мэдэж болох нэг зүйл бус, түүнийг үнэхээр бүрэн мэдэж болох зүйл байна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Бүр чухал нь, бид “Би түүнийг бүрэн ойлгож чадна; надад түүнийг ойлгох чадамж бий” гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Өрнөдөд бидний олонхын хувьд байдагчлан, хэрэв бид өөрийг доогуур үнэлэх үнэлэмжтэй байвал, энэ нь нэг том саад болж болно. Өөрийг доогуур үнэлэх үнэлэмжийг арилгахын тулд, бид Бурханлаг-чанарын талаарх – бид бүгдэд байх, бидэнд Бурханы хутагт хүрэх боломж олгох тэдгээр хүчин зүйлүүдийн талаарх – сургаалуудыг судлах хэрэгтэй.
Цаашлаад, хэрэв бидэнд наад зах нь тодорхой үүрэг гүйцэтгэх түвшний сайн төвлөрөл байхгүй бол бид хоосон чанарыг ойлгож хэзээ ч чадахгүй. Бидний төвлөрөл төгс байх шаардлагагүй, гэвч хэрэв бидний сэтгэл байнга сарниж эсвэл бүрхэг, нойрмог болж байвал, бид хоосон чанарыг ойлгох нь бүү хэл, түүний талаар бүр судалж мэдэж ч чадахгүй. Хэрэв бид ядрахгүйгээр эсвэл сэтгэл сарнихгүйгээр нэг хуудас зүйлийг уншиж чадахгүй байвал бид хэрхэн аливаа зүйлийг судалж, мэдэж чадах вэ?
Ингээд хэрэв бид гэтлэхүй (хяналтгүй гарах дахин төрлийг зогсоох), гэгээрэлд хүрэхийг хүсэж мөн бусдад мөн тэдгээрт хүрэхэд нь туслахыг үнэхээр хүсэж байвал, бидэнд маш их бэлтгэл хэрэгтэй. Үүнд маш их хугацаа шаардагдах ба бид алгуур, шат, шатаар ахиц гаргах ёстой болно гэдгийг ойлгох үед бид энэ их үйл хэрэгт тэвчээртэй хандана. Бид Бурханы шашны зам мөрийн талаар болон тэр дундаа, төрүүлэхэд маш хэцүү, маш гүнзгий зорилго болох чин сэтгэлийн бодь сэтгэлийн зорилго төрүүлэхийг хичээх тухайд бодит хандлагатай байх хэрэгтэй. Хамаг амьтанд туслах тэр эрмэлзлийг чухал биш гэж бодох эсвэл түүний ач холбогдлыг “Би хамаг амьтны тусад Бурханы шашны сургаалын бүтээл (дадлага) үйлдэж байна” гэх үгсийг ердөө давтан хэлэх байдлаар бууруулах байдлаар түүний үнэт чанарыг бууруулахгүй байх нь чухал. Ихэнх тохиолдолд, тэдгээр үгс сэтгэлийн гүн мэдрэхүй үгүй, бараг утга учир, ач холбогдолгүй үгс байдаг. Бид бодь сэтгэлийг нухацтай авч үзэх ёстой.
Бодь сэтгэл эсвэл хоосон чанарын талаар маш хялбар санагдах сургаал сонсох үед тэдгээр нь эдгээр сэдвүүдийг эргэлзээгүй хялбарчилсан байгаа гэдгийг илэрхийлж байгааг ойлгоорой. Асуудал нь тэдгээрийг хялбарчилсан явдал биш; асуудал нь бидний тэдгээрийг үнэхээр хялбар гэж бодох бидний омог бардам сэтгэл, өөртөө итгэлтэй сэтгэл байна. Бидний илүү гүнзгий түвшинд ойлгохоор зорьж байгаа зүйлээ ойлгохын тулд, бид эхэлж хялбарчилсан хувилбаруудыг нь сонсох шаардлагатай. Үгүй бол, бид үнэндээ тэр зүйл юу болох талаар ямар ч ойлголтгүй байх, нэг нууцлаг зүйлд зорьж байгаа болох ба ингээд бид удалгүй түүнд сонирхолгүй болно. Эсвэл бидэнд бидний зорьж байгаа зүйл юу болох талаар наад зах нь тодорхой ойлголт байхгүй учраас бид гол чигээ алдана.
Бидний одоогоор ойлгож байгаа зүйлээс илүү ярвигтай тайлбаруудыг сонсох үед бидэнд тэдгээрт чиглэсэн нэг зөв хандлага бас байх хэрэгтэй. Зөв, тус болох хандлага нь “Би магадгүй энэ сургаалыг одоо ойлгож чадахгүй байж болно, гэвч танхимд миний зэрэгцээ өөр бусад хүмүүс байгаа бөгөөд тэд магадгүй үүнийг бага зэрэг илүү гүнзгий түвшинд ойлгож байж болно” гэж тэмдэглэж, ингээд бид түүнд даган баясна. Хүн бүр өөр өөр түвшинд ойлгоно. Тэгэхээр, бид ямар ч хэмжээнд ойлгож байсан ялгаагүй, энэ болно; бидний ойлгохгүй ямар нэг зүйл үргэлж байдаг. Энэ бодит байдал, бид үүнийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь бодит хандлагатай байх явдал бөгөөд бид өөрийн ойлголтын одоогийн түвшний талаар сэтгэл дундуур байж эсвэл түүнээс ичих шаардлагагүй.
Өөрийг ухаан тааруу гэж бодох хавхад орохгүй байх нь чухал ба тийнхүү бодох нь ердөө бидний сэтгэлийг улам цааш хаалттай болоход хүргэнэ. Үүний оронд бид “Би суралцаж удаагүй байгаа учраас тэр түвшинд хараахан хүрээгүй байна” гэж ердөө ойлгох хэрэгтэй. Ийм хандлагаар хандах үед, илүү ярвигтай тайлбаруудыг сонсох нь сэтгэлээр унагах бус харин урам өгч болно. Мөн одоогоор ойлгож байгаа зарим хүмүүс байгаа нь урам авах эх сурвалж бас болж болно. Тэдэнд атаархахын оронд, илүү хичээн суралцсанаар бид бас бага зэрэг илүү ойлгоно гэсэн урам, сэдэл бидэнд төрж болно.
Хэрэв бид өмнөх төрлүүддээ маш их хэмжээний эерэг хүч бий болгоогүй бол бид анх удаа тэдгээрийн талаар сонссоноор ойлгохгүй. Бид Дээрхийг гэгээн Далай ламын түвшинд хараахан биш байна. Миний багш, Сэркон Ринбүүчи, Дээрхийн гэгээний багш нарын нэг байсан бөгөөд Дээрхийн гэгээний бусад багш нараас сонсох сургаал тус бүрд дагалдан явдаг байсан. Ринбүүчи, бид Дээрхийн гэгээнд ямар нэг зүйлийг ердөө нэг удаа тайлбарлаж өгөх ёстой болдог, тэрээр тэдгээрийг шууд ойлгодог байсан гэж хэлж байсан. Тэрээр тэдгээрийг зөвхөн анх удаа сонсоод ойлгох төдийгүй, тэдгээрийг анх удаа сонсоод тогтоох ба бид түүнд дахин тэдгээрийг давтан тайлбарлах шаардлагагүй байдаг байсан. Дээрхийн гэгээн сонссон бүх зүйлээ санаж, зөв ойлгодог байсан хэмээн тэрээр ярьдаг байсан. Ийм чадвартай сэтгэлтэй байх нь маш их хэмжээний эерэг хүч шаардана.
Харин бид тэр түвшинд хараахан хүрээгүй байна, тийм биз? Гэвч, хэрэв бид хангалттай эерэг хүч хурааж чадвал бид адилхан болж болно. Сэтгэлийн үйл ажиллагаа бол ердөө сэтгэлийн үйл ажиллагаа, хэний сэтгэлийн үйл ажиллагаа байх нь хамаагүй. Ямар нэг хувь хүний сэтгэлийн үргэлжлэлд онцгой ямар нэг зүйл байхгүй. Ялгаа гаргаж байгаа ганц зүйл нь тухайн сэтгэлийн үргэлжлэл дээр хураасан эерэг болон сөрөг хүчний хэмжээ бөгөөд тус сэтгэлийн үргэлжлэлийн үйл ажиллагааны чанарт нөлөөлөх явдал байна. Тэгэхээр, хэрэв бид одоо өөрсдийгөө сургах байдлаар өөрийн эерэг хүчийг хураавал, зөвхөн энэ насны амьдралд төдийгүй, ирээдүйн төрлүүддээ мөн сургаалд суралцах (гэгээрэлд хүрэх) зам мөрдөө ахиц гаргах нь илүү, илүү хялбар болно. Гэвч бидэнд зам мөрд ахиц гаргах туйлын хэрэгцээ шаардлагыг ойлгосны үндсэн дээр зам мөрдөө ахиц гаргах хүчтэй, эерэг сэдэл байх тохиолдолд зөвхөн бид өөрсдийгөө сургана.
Хэрэв бид ирээдүйн төрлүүдийг нухацтай авч үзэж байвал, тэр үед бид одоогоор дахин төрөл хэрхэн гардаг эсвэл тэдгээрийн талаарх Бурханы шашны сургаалууд юу болох талаар бүрэн ойлгохгүй байсан ч; бид өндөр настай болох хэрээр сургаалд суралцах, бүтээл (дадлага) хийх бүр улам хүчтэй сэдэл, учир шалтгаантай болно. Бид өөрийн сэтгэлийг үргэлжлүүлэн сургаж, ингэснээр бид улам илүү эерэг хүч хураахыг хүснэ. Бид сайн зуршлуудыг бий болгохоор бүр улам хүчтэй сэтгэлээ сургах ба учир нь бид хүчтэй эерэг зуршлууд нь бидний ирээдүйн төрлүүдэд эерэг байдлаар нөлөөлнө гэдгийг ойлгосон байна.
Хэрэв бид Альцхаймерын өвчин эсвэл тэр мэт өөр өвчнөөр өвдөөгүй бол бид үргэлж илүү их зүйл суралцаж, бага багаар ахиц гаргаж чадна. Берлинд ная гарсан настай миний нэг шавь байдаг, гэвч тэр ердөө Номоо орхидоггүй. Тэрээр таяг тулан явах ба түүнд зорчин явах хэцүү байдаг ч сургаалуудад ирсээр байдаг. Тэрээр хичээл зүтгэл гарган ирж, ойлгохыг хичээдэг. Энэ нь хүрэлцэн ирсэн хүн бүхэнд маш их урам өгдөг.
Тэгэхээр, хэрэв бид бага залуу байгаа бол Номоо бүү орхиорой: өмнө тань их зүйл хийх чадамж байна. Амьдрал ярвигтай, тэгэхээр бид Бурханы шашны зам мөр ярвигтай байхгүй байна гэж бодохгүй байх хэрэгтэй. Хэрэв бид хялбар зам мөрд татагдаж байвал, үүнд тийм их хичээл зүтгэл шаардагдахгүй, хурдан тийм зам мөрд татагдаж байвал энэ нь бидний залхуурч байгаагийн шинж гэж багш нар байнга хэлдэг.
Тэвчээрийн шаардлага
Хоосон чанарын талаарх сэдэв рүү орохоос өмнө, хоосон чанарын талаар суралцахтай холбоотой цөөн хэдэн ерөнхий зүйлүүдийг хэлье, эдгээр нь семинарын сүүл хэсэгт миний гаргаж ирэхийг хүсэж байгаа санаануудыг тайлбарлаж, тэдгээр рүү илүү гүнзгий ороход ярьсан зүйлүүдийг сэргээх суурь болж магадгүй.
Зочлон ирж байгаа багш нарын гол зорилго нь тодорхой хэмжээний шинэ мэдээлэл өгөх, эсвэл таны өмнө судалсан зүйлийг, магадгүй, илүү гүнзгий хэлбэрээр эсвэл өөр өнцгөөс тайлбарлах явдал байна. Зочлон ирж байгаа багш нар та бүхэнтэй богино хугацаанд байна. Ойлголт тус бүрийг алгуур тайлбарлаж, ингэснээр хүн бүр тэдгээрийг ойлгох боломж гарахгүй. Үүнд гаргах хугацаа байхгүй байна. Зочилж байгаа багш зөвхөн нэг тойм өгч чадна. Дээрхийн гэгээн Далай лам олноор цугласан нийтэд сургаал айлдах үед хүртэл ийм байна. Бидний ихэнхийн хувьд, бидний хийх гол зүйл нь мэдээлэл цуглуулан дараа нь нарийвчлалуудыг нэмж судлан, санаануудыг олж мэдэх явдал. Тэгэхээр тэвчээртэй байх хэрэгтэй. Таны эхний сонсолтоор ойлгож байгаа зүйл – энэ маш сайн. Таны ойлгохгүй байгаа зүйл мөн маш сайн, учир нь та дараа нь өөрийн багшийн хамтаар болон өөрөө түүнийг судалж, цааш гүнзгийрүүлэн үзэж болно. Хоосон чанарыг ойлгоход хугацаа шаардагдана. Жишээ нь, Берлинд, миний бие, Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй зохиолын есдүгээр бүлгийг тайлбарлаж байгаа ба энэ бүлэг нь хоосон чанарын тухай бүлэг бөгөөд долоон хоногт нэг удаа сургаалыг тайлбарлах байдлаар хоёр жил хагас болж байна. Одоогоор бид ердөө тус бүлгийн гуравны нэгийг судлаад байгаа!
Хэлтэй холбогдох асуудлууд
Бид мөн хэлтэй холбоотой асуудлуудыг ойлгох хэрэгтэй. Эх санскрит хэл нь, төвөд хэлний адил, хоосон чанарын өөр өөр бүх талуудыг тодорхойлох үг хэллэгийн хувьд гайхалтай оновчтой байдаг. Бидний өрнөдийн хэлүүдэд, тэдгээрт тохирох хэллэгийг олох хялбар биш. Тавь эсвэл зуун жилийн өмнө гаргаж ирсэн орчуулгын үг хэллэг дээр суурилсан буруу ойлголт төрүүлэхүйц орчуулгуудтай таарах үед энэ илүү хэцүү болж ирнэ. Тэдгээр өдрүүдэд, орчуулагч нарт үг хэллэгийн илүү сайн сонголт хийхэд туслах хангалттай материал байхгүй байсан. Бэрхшээл нь, англи хэлнээс орчуулах үед, орчуулгад оновчтой үг хэллэг дутмаг байх тохиолдолд, түүнийг испани эсвэл бусад ямар нэг хоёрдох хэл рүү орчуулах үед энэ асуудал цааш улам нэмэгдэнэ.
Хэрэв бид нухацтай хандаж, сургаалыг үнэхээр ойлгохыг хүсэж байвал, энэ үед Бурханы шашин дэлгэрч буй энэ түүхэн явцад, бид эх ази хэлүүдийг сурах хэрэгтэй болно. Хэрэв бид маш авьяастай биш бол шавь нар болон сургаалыг дадлага болгодог хүмүүсийн хувьд хэлийг бүхэлд нь сурч, орчуулагч болох шаардлага байхгүй. Гол зүйл нь шашны тодорхой үг хэллэгүүдийг тэдгээрийн эх хэлбэрээр судалж мэдэх явдал. Ихэнх орчуулагчид, хэрэв тэдэнд зав байгаад бусдад туслахыг хүсэж байвал, тэд өөрсдийн орчуулж байгаа үг хэллэгийн тайлбар толийг гаргаж өгч болно эсвэл миний адил төвөд болон санскрит эх үгсийг эх бүрдээ оруулж өгч болно. Энэ нь уншигчдад тухайн эх юуны талаар ярьж байгаа тухайд мэдэхэд тэдэнд тусална.
Өрнөдийн болон орчин цагийн азийн орнуудын хүмүүсийн хувьд Бурханы шашны сургаалыг судлахтай холбоотой, ялангуяа хоосон чанарын талаарх сургаалтай холбоотой гардаг хамгийн том асуудал нь таны уншиж байгаа ном тус бүр үгсийг өөр өөр орчуулсан байх явдал байдаг бөгөөд та өөр өөр тайлбаруудыг хэрхэн нэгтгэх талаар мэдэхгүй байх явдал байна. Энэ хүндрэлээс гарах цорын ганц арга нь эх үг хэллэгүүдийг судлах явдал. Ингээд, хангалттай эрдэм мэдлэгтэй зочин багш ирж сургаал айлдах үед та тэд юуны талаар ярьж байгаа тухайд, эргэлзсэн үедээ, та тэднээс тэд ямар үг хэллэгийн талаар ярьж байгааг асууж болно. Энэ нь орчин үед бидэнд тулгарч байгаа нэг том асуудал бөгөөд үүнд их хүчин чармайлт шаардагдах хэдий ч, үүнээс гарах өөр ямар нэг арга би харахгүй байгаа. Бид бүх орчуулагчдыг үг хэллэгүүд дээр санал нэгтэй болгох боломжгүй.
Хоосон чанар Хутагтын дөрвөн үнэний нөхцөлд
Сургаалын талаар тодорхой, оносон ойлголт авах үүднээс тэдгээрийг төстэй зүйлүүдтэй нь харьцуулах нь үргэлж тустай байдаг, энэ жишээгээр, бид хоосон чанарыг Хутагтын дөрвөн үнэний үзлийн үүднээс авч үзэж болно.
- Хутагтын эхний үнэн нь жинхэнэ зовлонгийн (Зовлон үнэн) талаар – тэр дундаа бүхэнд түгээмэл зовлон (түгээмэл хуран үйлдэхүйн зовлон), үнэндээ бидний сэвтсэн цогц (цувиралт цогц) болох – бие, сэтгэл, сэтгэл хөдлөл гэх мэтийн талаар – бодит байдлын талаар үл мэдэх явдлаас гарч, мөн тус үл мэдэх явдлаар дагалдах тэдгээр цогцын талаар өгүүлнэ. Бидний цувиралт цогц нь ийм байх учраас, тэдгээр нь хяналтгүй дахин дахин гарах төрлөөр (самсара) өөрсдийгөө дахин гаргах шалтгаан болсоор байна. Хэрэв бид үүнийг зогсоох ямар нэг зүйл хийхгүй бол энэ орчил (хүрд) мөнхөд үргэлжилнэ.
- Дахин төрлийн орчил үл мэдэх явдлаас гарч, үл мэдэх явдлаар дагалдан, илүү их үл мэдэх явдал гарах шалтгаан болох байдлаар ингэж үргэлжлэхийн шалтгаан нь илэрхий. Үүний шалтгаан нь бодит байдлын талаар үл мэдэх явдал; өөрөөр хэлбэл, хоосон чанарын талаар үл мэдэх явдал. Энэ нь Хутагтын хоёрдох үнэн, тус суурь болох бүхэнд түгээмэл зовлонг (түгээмэл хуран үйлдэхүйн зовлон) бий болгох жинхэнэ шалтгаан (Зовлонгийн шалтгаан үнэн).
- Хутагтын гуравдах үнэн нь жинхэнэ хорихуйг (Хорихуйн үнэн) авч үзнэ. Жинхэнэ хорихуйгаар бид юу хийхийг хүсэж байна вэ? Бид бодит байдлын талаарх энэ үл мэдэхүйг, хоосон чанарын талаар үл мэдэх явдлыг жинхэнэ зогсоохыг хүснэ.
- Юу бидний үл мэдэх явдлыг арилгаж, ингэснээр энэ үл мэдэх явдал дахин хэзээ ч гарахгүй болох бэ? Хоосон чанарыг ойлголтын (концепт)-бус түвшинд ойлгох жинхэнэ зам мөрийн сэтгэл (гэтлэхүй эсвэл гэгээрэлд хүргэх зам мөр болох сэтгэлийн түвшин эсвэл төлөв) ба энэ нь бидний энэ үл мэдэх явдлыг мөнхөд арилгана. Ингэхдээ, ийм зам мөрийн сэтгэл нь мөн бидний жинхэнэ зовлонг мөнхөд арилгана. Энэ бол Хутагтын дөрөвдөх үнэн, хоосон чанарыг ойлгох жинхэнэ зам мөрийн сэтгэл (Мөр үнэн).
Тэгэхээр бид Хутагтын дөрвөн үнэн нь бүхэлдээ хоосон чанарын тухай өгүүлэхийг харж байна. Тэдгээр нь бид хоосон чанарыг ойлгоогүй үед юу болох, ойлгосон үед юу болох талаар тоймлон үзүүлнэ.
Үл мэдэх (мунхаг)
Тэгвэл энэ үл мэдэх явдал гэдэг юу вэ? Үүнийг ойлгохын тулд бид: сэтгэлийн үйл ажиллагаа гэж юу вэ гэдэг асуулт дээр буцаж ирэх хэрэгтэй. Бид сэтгэлийн үйл ажиллагааг ямар нэг зүйлийн сэтгэлийн голограмм (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрс) гаргах үйл ажиллагаагаар дүрсэлж болно. Ямар нэг зүйлийн сэтгэлийн голограмм гаргах энэ үйл ажиллагаа нь тухайн орныг (зүйл) мэдэхтэй, түүнийг харах, сонсох, түүний талаар бодох гэх мэт үйл ажиллагаатай дүйнэ. Тийнхүү, бид ямар нэг зүйлийг харах үед явагдах цорын ганц үйл явц нь нэг зүйлээс цацрах гэрэл бидний нүдний гэрэл мэдрэмтгий эсийг цочрооно; энэ нь цахилгаан импульс болон химийн урвал болж хувирна; ингээд хувь хүний субъектив туулж мэдрэх мэдрэхүй нь тухайн орныг (зүйл) илэрхийлэх сэтгэлийн голограммыг мэдэх мэдэхүйгээр гарна.
Энэ нь сэтгэлийн үйл ажиллагаа. Энэ үйл явцаас тусдаа, энэ үйл явцыг гаргах, “сэтгэл” гэх төхөөрөмжийг ашиглан энэ үйл явцыг гаргах, энэ үйл явцаас тусдаа, тусдаа “би” гэж байхгүй. Мөн бидний толгойн хаа нэг газар байрлах, сэтгэлийн үйл ажиллагаанаас тусдаа, энэ үйл ажиллагааг гарч байгааг ажиглах нэг “би” гэж байхгүй. Хувь хүний субъектив сэтгэлийн үйл ажиллагаа ердөө явагдаж байна. Гэвч, бодит байдлыг үл мэдэх бидний зуршлаас шалтгаалан бидний сэтгэлийн үйл ажиллагаа оршихгүй зүйлүүдийн сэтгэлийн голограммуудыг гаргана, жишээ нь, дээрх сэтгэлийн үйл ажиллагаанаас тусдаа бие даан орших, ямар нэг зүйлийг харах эсвэл тэр талаарх бодох нэг “би” байна гэсэн сэтгэлийн голограммыг гаргана. Үүний үнэхээр аймшигтай нь энэ нь тийм мэт санагдах явдал; тусдаа орших “би” байгаа мэт санагдана.
Үл мэдэх нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэлийн нэг хүчин зүйл (нөхөр сэтгэл, сэтгэлээс гарах сэтгэл); энэ нь сэтгэлийн голограмм гаргахтай дагалдах таван цогцод (дүрс, сэрэхүй (амсуурга), хуран мэдэхүй, хуран үйлдэхүй, тийн мэдэхүй) багтах сэтгэлийн хүчин зүйлүүдийн нэг. Илүү тодруулбал, үл мэдэх нь тухайн сэтгэлийн голограммыг таних бидний танин мэдэх мэдэхүйтэй дагалдах ба тус голограммыг таних нэг тодорхой хэлбэр – түүнийг мэдэх нэг тодорхой хэлбэр.
Үл мэдэх нь тухайн нэг орныг (зүйл) хоёр түвшинд танин мэдэх тэр байдлыг бид ойлгож болно. Эхний түвшин нь үл мэдэх нь түүнд үзэгдэх зүйл нь ямар нэг бодит зүйлтэй тохирохгүй байгааг ердөө мэдэхгүй байна. Энэ тохиолдолд, энэ нь үзэгдэж буй зүйл нь байх боломжгүй зүйл гэдгийг ердөө мэддэггүй. Илүү гүнзгийрүүлэн авч үзвэл, Прасангика үзлийн түвшний ойлголт нь үл мэдэх нь өөрийн орныг (тусагдахуун, хүртэгдэх зүйл) эсрэгээр нь, өөрөөр хэлбэл, өөрийн орныг (тусагдахуун, хүртэгдэх зүйл) ямар нэг бодит зүйлтэй тохирно гэж, энэ нь зөв зүйлийн эсрэг зүйл байх байдлаар мэднэ. Энэ нь үзэгдэж байгаа зүйлийг байх боломжгүй гэж ердөө мэдэхгүй байх бус; үл мэдэх нь түүнийг үнэхээр боломжтой гэж үзэх явдал байна.
Няцаагдах үзэгдлүүд
Үзэгдэж байгаа зүйл ямар нэг бодит зүйлтэй тохирохгүй байгааг бид мэдэх үед, тэр нь ердөө боломжгүй зүйл байх бөгөөд – энэ нь бид хоосон чанарыг мэдэх үед бидний мэдэх хэрэгтэй болох зүйл байна – энэ үед бид нэг няцаагдах үзэгдлийг авч үзэж байна. Юу оршиж буй болон юу оршиж буй бус болох талаар ярилцах үед оршиж байх зүйл нь хүчин төгөлдөр мэдэж болох ямар нэг зүйл байна. Оршихгүй зүйлийг мэдэж болно, жишээ нь, тав дахь хэмжээст ертөнцийн эзлэгчид гэх мэт байх боломжгүй ямар нэг зүйл байх ба энэ нь түүнийг хүчин төгөлдөр мэдэж болохгүй зүйл байна.
Орших зүйлийг – хүчин төгөлдөр мэдэж болох зүйлийг – хэд хэдэн хэлбэрээр ангилж болно. Нэг хэлбэр нь юмсыг хөдөлгөөнт бус зүйлс болон хөдөлгөөнт зүйлс гэж хуваах явдал байна, гэвч орших зүйлийн ангиллыг (хэсэг) хуваах өөр нэг хэлбэр байна. Орших зүйлийн ангиллыг (хэсэг), хүчин төгөлдөр мэдэж болох зүйлсийг, мөн нотлогдох үзэгдэл (sgrub-pa) болон няцаагдах үзэгдэл (dgag-pa) гэсэн хоёр хэсэгт хувааж болно: үнэн эсвэл оршиж байгаа баталгаа болох үзэгдлүүд ба худал эсвэл оршихгүй байгааг харуулах үзэгдлүүд байна. Хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт зүйл болгон хувааж байгааг орших зүйлсийн хэсгийг хөндлөнгөөр хувааж байгаагаар, нотлогдох болон няцаагдах үзэгдлүүд болгон хувааж байгааг орших зүйлүүдийг босоо байдлаар хувааж байгаагаар ойлгоорой.
Энд бид анхааралтай байх ёстой. Бид тустай эсвэл гэм хортой зүйл гэх мэт эерэг эсвэл сөрөг байх талаар яриагүй. Нотлогдох үзэгдлийн нэг жишээ гэвэл “шилэн аяга” байх үзэгдэл, няцаагдах үзэгдлийн нэг жишээ гэвэл “шилэн аяга биш” байх үзэгдэл байна. Бид нэг орныг (зүйл) харах үед бид “энэ шилэн аяга” гэж хүчин төгөлдөр мэдэж чадна, мөн бид “энэ шилэн аяга биш” гэж хүчин төгөлдөр мэдэж чадна. Бид нэг нотлогдох үзэгдлийг мэдэх үед, бид ердөө “энэ шилэн аяга” гэж баталж байна. Бид “шилэн аяга” гэж мэдэхийн тулд ямар нэг өөр зүйл мэдэх шаардлагагүй; харин “шилэн аяга биш” гэж хүчин төгөлдөр мэдэхийн тулд бид “шилэн аяга биш” гэж мэдэхээс өмнө эхэлж “шилэн аяга”-ыг мэдэх ёстой болно.
Энэ маш удаан хугацаагаар ярилцаж болох үнэхээр сонирхолтой сэдэв, учир нь бид бүхэл бүтэн, шинэ төрсөн хүүхэд хэрхэн суралцдаг тухай асуултад орж болно. Нярай хүүхэд эхэлж бүх зүйлийг хоол гэж бодож, бүх зүйлийг ам руугаа хийнэ, ингээд хүүхэд “хоол биш” гэж мэдэх ёстой болно, тийм биз дээ?
Няцаагдах үзэгдлийн хоёр төрөл байна. Нэг нь “энэ алим биш.” Хоёрдох төрөл нь “алим байхгүй байна” гэх. Мэргэжлийн (Бурханы шашны) хэллэг байдлаар, миний бие тэдгээрийг илэрхийлэгдэх няцаалт (ma-yin dgag) ба илэрхийлэгдэх-бус няцаалт (med-dgag) гэж орчуулахыг илүүд үздэг. Зарим бусад орчуулагчид тэдгээрийг нотлох ба нотлох-бус няцаалт гэж орчуулдаг.
Энд бид тэдгээрийн талаар нарийвчлан ярилцах шаардлагагүй байх. “Энэ алим биш,” “алим байхгүй байна” гэх эдгээр нь хоёулаа няцаагдах үзэгдлүүд, гэвч эдгээр нь өөр, тийм биз дээ? Эхнийх нь, “энэ алим биш” гэдэгт, “алим”-ыг няцаасны дараа “энэ” үлдэнэ. Өөрөөр хэлбэл, “энэ” алим биш байх хэдий ч бидэнд “энэ” үлдэнэ. Энэ нь алимаас өөр нэг зүйл байна. Харин “алим байхгүй байна” гэдэг нь “алим” гэдгийг няцаасны дараа ямар нэг зүйл үлдээхгүй. Ердөө алим байхгүй байна. Ялгаа нь энэ.
Няцаагдах үзэгдлийн хоёр дахь төрөл нь мөн хоёр төрөлтэй: “алим байхгүй байна” болон “тав дахь хэмжээст ертөнцийн эзлэгчид гэж байхгүй” гэх. Эхнийх нь “байж болох ч байхгүй байгаа нэг зүйл байхгүй байна”; хоёр дахь нь “боломжгүй, хэзээ ч байх боломжгүй ямар нэг зүйл байхгүй” байгаа явдал. Хоосон чанар нь няцаагдах үзэгдлийн хоёр дахь төрөл. Ямар нэг боломжгүй зүйлийн сэтгэлийн тус голограммтай холбогдох орон (зүйл) болох тийм зүйл байхгүй байх явдал. Үүнийг илэрхийлэх өөр нэг хэлбэр нь хоосон чанар нь огт байхгүй байх явдал: тухайн сэтгэлийн голограммтай тохирох холбогдох орон огт байхгүй байх.
Жишээ нь, хүүхдэд орон доор нэг мангас байх сэтгэлийн голограмм төрөх ба тэрээр түүнээс айна. Гэвч мангас гэх тийм зүйл байхгүй; тухайн сэтгэлийн голограмм ямар нэг бодит зүйлтэй тохирохгүй. Хүүхдийн айдас орон доор байх бодит мангасыг харж эсвэл түүний дууг сонсож байгаа дээр суурилаагүй бөгөөд сэтгэл түүний голограммыг гаргаж байгаа. Орон доор байх мангас огт байхгүй. Мангас байх сэтгэлийн голограмм нь ердөө хүүхдийн айдсаас бий болсон. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй орны (зүйл) илэрхийлэгдэх-бус няцаалтын жишээ.
Тэгвэл, хоосон чанар нь бодит байдалтай нийцэхгүй оршихуйн нэг хэлбэрийн илэрхийлэгдэх-бус няцаалт – жишээ нь муур мангас байх. Хүүхэд орон доор байгаа муурыг мангас гэж төсөөлөх үед, тус сэтгэлийн голограмм орон доор байх бодит мангасаас гараагүй байна. Энэ нь тэнд бодитой байгаа муур дээр нэг байх боломжгүй оршихуйн хэлбэрийг тусгаж (өөрийн бодол, мэдрэхүйг бусдад хамааруулах) байгаагаас гарч байгаа. Мангас гэх зүйл байхгүй; энэ бол оршихуйн байх боломжгүй хэлбэр, учир нь мангас гэх тийм зүйл байхгүй.
Байх боломжгүй зүйлс болон оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийн бидний сэтгэлийн голограммууд нь ердөө бидний үл мэдэх зуршлын бүтээлүүд (туурвил) байна. Эдгээр нь бид ямар нэг зүйлийг тэдгээрийн оновчтой сэтгэлийн голограммаар хүчин төгөлдөр харах, сонсох гэх мэт үетэй адил, бодитой орших зүйлийг хүчин төгөлдөр танин мэдэж байгаагаас гарч байгаа бус. Харин параной (бусдад итгэж чадахгүй байх эсвэл бусад өөрт дургүй байна, гэм хор хүргэнэ, муушаана гэсэн бодит бус мэдрэхүй) зуршлаас, тухайлбал, сэтгэл нь хүн бүр миний эсрэг байна гэсэн сэтгэлийн голограмм тусган гаргаж байгаагаас шалтгаалан гарна. Гэвч энэ боломжгүй. Нэг эсвэл хоёр хүн бидний эсрэг байж болно, орших хүн бүр биднийг үзэн ядахгүй. Гэвч параной мэдрэхүйтэй байгаа хүн ийм байдлаар мэдэрч, хүн бүр түүний эсрэг байна гэж итгэнэ. Тухайн хүнд энэ бодит байна; гэвч үнэндээ энэ бодит биш. Боломжгүй ямар нэг зүйлийн талаар ийм сэтгэлийн голограмм гаргах нь тухайн хүнийг үнэхээр хямраана; гэвч тэр сэтгэлийн голограмм нь ямар нэг бодит зүйлтэй тохирдоггүй.
Дахин дурдахад, “энэ алим биш” гэж мэдэхийн тулд бид “алим” гэдгийг мэдэх хэрэгтэй. Иймд “боломжгүй энэ зүйл мэт ийм зүйл байхгүй” гэж мэдэхийн тулд, бид “энэ боломжгүй зүйл”-ийг мэдэх хэрэгтэй. Гэвч, бид боломжгүй ямар нэг зүйлийг хүчин төгөлдөр мэдэж чадахгүй, учир нь тэр зүйл оршихгүй байгаа. Тэгэхээр, тийм зүйл байхгүй гэж мэдэхийн тулд боломжгүй ямар нэг зүйлийг бид хэрхэн хүчин төгөлдөр мэдэх вэ? Шийдэл нь, бид тухайн боломжгүй зүйлийг өөрийг нь хүчин төгөлдөр мэдэж чадахгүй ч, бид боломжгүй ямар нэг зүйлийн харагдах (үзэгдэх) байдлыг хүчин төгөлдөр мэдэж болно. Бид боломжгүй зүйлийг ийм шууд бус хэлбэрээр хүчин төгөлдөр мэддэг учраас, Гэлүг ёсны уламжлалыг үндэслэгч, Богд Зонхов, “няцаах орныг (зүйл) мэдэх” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тийм зүйл гэж байхгүй гэдгийг мэдэхийн тулд бид няцаах зүйлийг мэдэх хэрэгтэй. Хэрэв бид бидний сэтгэлийн үйл ажиллагааны бидэнд харагдуулж байгаа сэтгэлийн голограмм дээрх боломжгүй зүйл юу болохыг зөв тодорхойлж чадахгүй бол түүнийг няцааж, түүнд итгэх явдлыг арилгаж хэзээ ч чадахгүй.
Оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийн өөр өөр түвшингүүд
Байх боломжгүй зүйлсийн үзэгдэх байдлуудын хувьд, бидэнд оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийн олон өөр өөр түвшингүүдийн тусгалууд (өөрийн бодол, мэдрэхүйг бусдад хамааруулах явдал) байна; энэ нь байх боломжгүй ердөө нэг хэлбэрийн тусгал биш байна. Энэтхэгийн Бурханы шашны гүн ухааны өөр өөр үзэл баримтлалуудыг, “тогтсон таалал”-уудыг (үзэл, сургууль) судлах нь маш тустай, учир нь тэдгээр нь байх боломжгүй зүйл нь юу болохыг шаталсан дарааллаар ойлгоход тусалдаг.
Бид байх боломжгүй ямар нэг зүйлийг тусгах тусгалын хамгийн бүдүүн түвшинг үгүйсгэж, тэдгээрт итгэх өөрийн итгэлийг арилгах байдлаар эхэлж, улмаар бид тэдгээрийг тусгах тусгалуудын илүү нарийн түвшингүүдийг үгүйсгэнэ. Дээрх үзэл сургуулиудыг тэдгээрийн дарааллын дагуу судалснаар бид оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийн хамгийн нарийн тусгалыг арилгах хүртэл түүнээс өмнөх нарийн тусгалуудыг дарааллаар танина. Гэвч тусгалын хамгийн эхний түвшинг арилгасан үед түүнээс илүү гүнзгий оршихуйн байх боломжгүй хэлбэрүүд үлдсэн нь илэрхий болно. Зөвхөн энэ үед бид тухайн тэр дараагийн түвшинг арилгах боломжтой болох бөгөөд энэ үйл явцыг дамжихгүйгээр энэ үнэхээр маш хэцүү болно.
Хэрэв бид тусгалын хамгийн нарийн түвшин рүү шууд орж, түүнийг няцаавал, бидний няцааж байгаа оршихуйн байх боломжгүй хэлбэр нь ач холбогдолгүй зүйл мэт санагдаж болно. Жишээ нь, бид өөрөөсөө, ““Би” хаана байна вэ? Энэ бидний хамар дээр, суганд, бидний хөлд, бидний ходоодонд байна уу?” гэж асууна. Бид эрж, хайх үед, “би”-г олж чаддаггүй – тэгээд юу болно гэж! Ийм байдлаар асуултыг тавибал, би-гийн тухай асуулт ач холбогдолгүй зүйл болно. Бид тус асуулт үнэхээр юу гэсэн утгатай болохыг ойлгох өмнөх бүх үе шатуудыг судлаагүй учраас энэ асуулт ач холбогдолгүй болно.
Жишээ нь, бид өвөл гаднаас орж ирж, бүх хувцсаа тайлахыг хүсэх үед, эхэлж бид гадуур хүрмээ тайлж; дараа нь ноосон цамцаа; дараа нь эрэгтэй цамцаа тайлж, хамгийн сүүлд дотуур хувцсаа тайлна. Бид бусад үе шатуудыг дамжихгүйгээр дотуур хувцсаа ердөө тайлах боломжгүй. Миний бие үүнийг, хэдийгээр түүнд тэвчээр мөн урт хугацаа шаардагдах ч, дээрх үзэл сургууль тус бүрийг судалж, тэд юуны талаар ярьж байгааг үнэхээр ойлгох нь чухал гэдгийг бидэнд сануулах нэг тустай дүрслэл гэж бодож байна. Үзэл, сургууль тус бүр нарийн ярвигтай, гүн гүнзгий.
Өнөө цагт, хоосон чанарыг хамгийн гүнзгий түвшинд тайлбарласан бүтээлүүдийн санскрит болон төвөд хэлнээс орчуулсан орчуулгын бүтээлүүд олон нийтэд хүртээмжтэй болоод байна. Бид тэдгээр бүтээлүүдийг анх туурвихдаа хэнд зориулан бичсэнийг шалгах ёстой. Тэдгээрийг маш удаан хугацаан туршид Бурханы шашинд суралцаад байсан хуврагуудад зориулан туурвисан. Тэдгээр бүтээлүүдийг хоосон чанарын талаарх эхний ойлголт авах гэж буй эхлэн суралцагчдад зориулан огтоос туурвиагүй! Хийдүүдэд суралцаж байгаа төвөд хүмүүс тэдгээр бүтээлүүдийг эхэлж судалдаггүй; тэд эдгээр бүтээлд суралцаж эхлэхийн өмнө олон жилийн турш логик, ном хаялцах болон өөр өөр үзэл сургуулиудад суралцах хэрэгтэй болдог. Тэгэхээр, хэдийгээр энэ нь урт хугацааны үйл явц боловч, илүү нарийн, илүү гүнзгий тайлбаруудад орохын өмнө бид гүн ухааны үзэл сургуулиудын эхний сургуулийн “энгийн” гэж нэрлэгдэх тайлбараар эхэлж, түүний утга санааг ойлгохыг хичээх байдлаар эхлэх нь тустай.
Вайбхашика үзлийн (Өвөрмөц өгүүлэгч) жишээ
Шантидэва гэгээний хэлсэнчлэн, хэрэв бид суурь зарчмыг энгийн түвшинд ойлговол, тэр үед бид тус ойлголтыг зүйрлэл болгон илүү гүнзгий ойлголт руу орж болно. Нэг жишээ дурдъя. Бидний судалдаг Энэтхэгийн Бурханы шашны үзэл сургуулиудын эхний сургуулийг Вайбхашика үзэл (сургууль, тогтсон таалал) гэж нэрлэнэ. Тус сургууль үнэн үзэгдлүүдийн хоёр төрөл байна гэж тэмдэглэнэ. Биет мэт санагдах зүйлс байна мөн тэдгээрийг бий болгох атомууд байна. Биет зүйлс болон тэднийг бүрдүүлэх атомууд аль аль нь бидэнд үзэгдэх зүйлсийн зөв дүрслэлүүд. Гэвч тэдгээр нь хоёр өөр үзлээс үзэгдэх зүйлс тул тэдгээрийг хоёр үнэн гэж нэрлэнэ.
Бид энэ талаар гүнзгий бодож үзэх үед, бүх зүйл биет мэт үзэгдэх түвшин нь өнгөц түвшин байна, түүнийг мөн үзэгдэх түвшин гэж нэрлэнэ; харин хамгийн гүн, үнэн үзэгдлүүд нь материйг бүрдүүлэх атомууд байна. Хоёр үзэгдэл – биет зүйлс болон атомууд – хоёул адил үнэн, гэвч нэг нь илүү гүн үнэн байна. Энэ талаар бодож үзээрэй. Энэ сандал болон миний бие, аль аль нь атомуудын бүрдэл. Энэ нь тэдгээр нь энергийн талбарууд бөгөөд гол төлөв хоосон орон зай байна гэсэн утгатай. Гэвч миний бие сандлыг нэвчин шал руу унадаггүй. Энэ хоёр бодит баримтын утга санаа үнэхээр гайхалтай.
Бид одоо бүх зүйлийн зүйрлэлийг төөрөгдөл адил байхаар (жишиж) ойлгож болно. Энэ нь сандал болон миний бие биет зүйл байна гэсэн төөрөгдөл (эндүүрэл) адил; тэд биет мэт үзэгдэж байгаа, гэвч үнэндээ тэдний аль аль нь атомуудын бүрдэл. Иймд тэдний биет мэт байдал нь төөрөгдөл мэт. Гэвч бид одоо үүний араас хамгийн чухал болох хэллэгийг нэмэх хэрэгтэй, тэр нь: “Гэвч, тэд үүрэг гүйцэтгэсээр байна: Миний бие сандлыг нэвтрэн унадаггүй.” Хэрэв бид юмс эндүүрэл адил гэдгийг үнэхээр ойлгож, тэр талаар бодож, түүнд тодорхой хугацаа зарцуулбал, юмс нь биет мэт үзэгдэх боловч, биет биш, гэвч тэдгээр нь үүрэг гүйцэтгэнэ тул – хэрэв бид үүнийг хүлээн зөвшөөрч, айдасгүйгээр, амьдралыг энэ ойлголтын үүднээс шийдвэрлэж чадаж байвал тэр үед бид илүү нарийн эндүүрлийн дараагийн түвшинд ороход бэлэн болсон байна.
Эндүүрлийн дараагийн түвшин нь тухайн нэг хугацаан дахь таны мэдрэх мэдрэхүй, жишээ нь, энэ нь биет мэт үзэгдэнэ, гэвч үнэндээ энэ нь бүгд өөр өөр байх маш богино хормуудын бүрдэл байна. Тэгэхээр миний мэдрэх мэдрэхүйн биет байдал нь мөн нэг эндүүрэл адил; гэвч, үүрэг гүйцэтгэнэ, энэ таагүй мэдрэх мэдрэхүй миний өдрийг маш төвөгтэй болгох үүрэг гүйцэтгээд байна.
Хэл нь хэрхэн үүрэг гүйцэтгэдгийн хувьд бүр илүү итгэхэд бэрх, учир нь нэг хоромд тохиолдож байгаа зүйл, бидний нэг хоромд сонсох зүйл нь, нэг үгийн нэг үсгийн нэг авианы нэг маш богино хэсэг байна. Дараагийн хоромд, тус богино авиа оршихгүй; гэвч бидний болон бусдын хэлэх үгс болон өгүүлбэрүүд биет, бодит санагддаггүй гэж үү? Тэдгээрийн биет байдал нь эндүүрэл адил; гэвч бид бие биетэйгээ харилцаж чадна.
Вайбхашика үзлийг дутуу үнэлж, “Энэ ердөө хүүхдийн сурах зүйл байна” гэх байдлаар түүнийг алгасаж болохуйц энгийн зүйл гэж бодохгүй байх хэрэгтэй. Энэ нь ертөнцийг үзэх гайхалтай гүн ойлголтыг санал болгох ба тус ойлголт үнэн бөгөөд түүнийг ойлгож, өөрийн амьдралтай холбоход удаан хугацаа шаардагдана. Бид тус ойлголтыг үзэл сургуулиудын тогтолцооны нэг хэсэг болгон оюуны хүрээнд хялбар ойлгож болох ч, бид үүнд тодорхой хугацаа зарцуулан түүнийг ойлгосон үед л бид сэтгэл зүйн хувьд тусгалын дараагийн түвшнийг авч үзэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр, “бүх зүйл эндүүрэл адил боловч бүх зүйл үүрэг гүйцэтгэнэ” гэж ойлгох нь шатны адил. Хэрэв бид үүнийг, юмс атомуудаас бүрдэнэ, сэтгэлийн үйл явдлууд хормуудаас бүрдэнэ гэдгийг шатны эхний гишгүүр адилаар ойлгосон үед бид дараагийн гишгүүр дээр гарахад бэлэн болсон байна. Бид эндүүрэл адил боловч үүрэг гүйцэтгэх тэр зүйлийн илүү нарийн түвшинг ойлгоход бэлэн болсон байна. Бид тус шатаар өгсөхийн тулд эхэлж эхний гишгүүр дээр гишгэх хэрэгтэй болно. Бусад гишгүүрүүд газраас тэдгээр дээр гишгэн гарахад хэтэрхий хол мөн хэцүү байна.
Эцэст нь бид хоосон чанарыг хамгийн гүнзгий түвшинд ойлгоно: бодгалийн сэтгэлийн голограмм, юмс болон бидэнд үзэгдэх үйл явдлууд эндүүрэл адил. Тэдний оршиж байгаа мэт харагдах хэлбэр нь юмс үнэндээ хэрхэн оршдогтой тохирдоггүй. Оршихуйн байх боломжгүй хэлбэр огт байхгүй (хоосон чанар) байна. Гэвч, эндүүрэл адил байх хэдий ч, бүх зүйл үүрэг гүйцэтгэнэ.
Асуулт, хариулт
Хүүхдийн орон доор байх мангасыг тусгах тусгал нь, жишээ нь, насанд хүрсэн хүн бидний тодорхой хүмүүсийг хайрлах эсвэл үзэн ядах, хэт сэтгэл зовох байдлын тусгалуудтай ижил төрлийн үзэгдэл үү? Насанд хүрэгчид бидний тохиолдол удаан хугацаагаар нөхцөлдсөн байдаг бол хүүхдүүдийнх тийм биш байна, энэ ялгаатай юу?
Насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүдийн тусгах тусгалууд нь гол төлөв ижил төрлийн үзэгдэл байна: тэдгээрийн аль аль нь аяндаа гарах сэтгэлийн тайван байдал алдагдуулах үйл явдлууд (үзэгдэл, тохиолдол). Бид хүүхдэд орон доор мангас байх тусгалыг тусгахыг заах шаардлагагүй, бид насанд хүрсэн хүнд хэн нэгнийг хайрлах эсвэл үзэн ядахыг заах шаардлагагүй. Энгийн түвшинд, бид, бид бүгд хэтрүүлдэг, хүүхдүүд болон насанд хүрэгчид бүгд, гэж хэлж болно. Бид байхгүй зүйлийг нэмж эсвэл байгаа зүйлийг хэтрүүлдэг. Жишээ нь, уур бухимдал хэн нэгэн хүний сөрөг чанаруудыг хэтрүүлнэ. Бид тухайн хүнтэй холбоотой бидний харилцаанд байх бусад бүх зүйлийг тооцохгүйгээр, “чи надад ... ингэж хэлсэн!” гэдгийн чухлыг хэтрүүлж, ингээд бид уурлаж бухимдана.
Бид мөн эерэг чанаруудыг хэтрүүлнэ, жишээ нь, тухайн эрэгтэй эсвэл эмэгтэйн бидэнд харагдах тодорхой дүр байдал дээр суурилан түүнд хэт татагдаж болно. Үл мэдэх байдлаар, бид тус ихэсгэсэн сэтгэлийн голограмм нь тухайн бодит хүнтэй тохирохгүй байгааг, эсвэл бид тухайн хүнийг эсрэг байдлаар: “Тийм! Энэ хүн дэлхий дээрх хамгийн гайхалтай хүн” гэж авч үзэж байгаагаа мэддэггүй. Үнэндээ, тухайн хүн ердөө бидэнд тодорхой нэг байдлаар харагдсан хүн.
Өөрийн нийгмийн болон соёлын нөлөө хүмүүс, үйл явдал, юмсын эерэг болон сөрөг талуудыг хэтрүүлэх бидний аяндаа төрөх хандлагыг хүчтэй болгож болно. Гэвч, тийм нөлөөгүйгээр ч, бид юмсын ямар нэг зүйлийг хэтрүүлэх байдлаар тэдгээрт уурлаж бухимдах эсвэл хэт сэтгэл татагдсаар байдаг. Үүний адил, хүүхдүүд мангасын талаар өөрийн нийгмээс олж мэдэж болох ба тэд шөнө сонсогдох дуу чимээнээс аяндаа айсаар байна.
Хувцсаа тайлж байгаа хүний жишээ рүү эргэн орвол, энэ нь үзэл, сургуулийн (тогтсон таалал) өөр өөр системүүд нь бидний өөрийн тусгалуудын өөр өөр түвшингүүдийг өөрсдөө арилгах түвшингээр дараалуулсан (зэрэглэсэн) үе шатуудыг бидэнд үзүүлэх зорилготой байдаг гэсэн утгыг илэрхийлж байгаа юу?
Тийм, энэ бол төвөдүүдийн тэдгээрийг ойлгодог тэр хэлбэр. Түүхээс харвал, үзэл, сургуулиуд Энэтхэгт өөр өөр цаг хугацаанд, өөр өөр орон газруудад бие даан төлөвшсөн байдаг. Анх, эдгээр үзэл, сургуулиудын ердөө аль нэгийг баримталдаг хүмүүс, үзэл, сургуулиуд байсан ба Бурханы шашин Хятадад дэлгэрсэн үйл явц ийм хэлбэртэй байсан. Ийм учраас, Хятадын Бурханы шашны зарим үзэл, сургуулиуд Энэтхэгийн Бурханы шашны зөвхөн нэг үзэл, сургуулийг баримтална. Гэвч, хожим нь, Наланда гэх мэт Энэтхэгийн сүм хийдийн их сургуулиуд хөтөлбөртөө эдгээр үзэл, сургуулиудыг нэг бүхэл болгон судалж эхэлсэн. Ингээд тэдгээр хийдүүдэд зочилсон төвөдүүд тэдгээрийг нэг шаталсан зам мөр гэж ойлгох болсон.
Хамгийн гүн, хамгийн нарийн ойлгомжтой үзэл, сургуулийн систем нь тодорхой нэг хүнд, жишээ нь, бидэнд, тохиромжгүй байж болно гэдгийг санаж байх нь мөн чухал. Яваандаа энэ нь бидэнд тохирч болох боловч, одоогоор бидэнд тодорхой энэ үзэл, сургууль, тайлбар хангалттай байна, учир нь одоо энэ бидэнд ойлгомжтой байгаа бөгөөд одоогоор миний ойлгож чадах бүх зүйл гэж ойлгох хэрэгтэй болж болно. Энэ зүгээр, ялангуяа бид үүнээс илүү гүнзгий түвшингүүд бий гэдгийг мэдэж байгаа тохиолдолд.
Бид бүх түвшингүүд тустай бөгөөд бид тэдгээр тус бүрээр томоохон ахицыг гаргаж болно гэдгийг санаж байх хэрэгтэй. Суралцаж байх үед хэт хичээн шахаж, өөрийн оюуны болон сэтгэл зүйн хувьд бэлэн ойлгож чадах зүйлээс цааш гарахыг оролдохгүй байх нь мөн чухал. Үүнтэй холбоотойгоор, бид Прасангика үзлийн эх зохиолуудыг тэдгээрт бэлэн болохоос өмнө уншиж, тус эх зохиолуудад, харьцангуй хялбар ойлгогдох бусад үзэл, сургуулиудын (тогтсон таалал) баримтлалуудаас гарах логикийн хувьд алдаатай дүгнэлтүүдийг үзүүлж болох ч, тухайн үед эдгээр үзэл, сургуулиудын баримтлалуудыг буруу гэж бодохгүй байх хэрэгтэй. Миний багш Сэркон Ринбүүчигийн хэлдэг байсанчлан, энэ байдлаар бодох нь бидний бардам сэтгэлийн нэг шинж. Бурхан багш тэд бүгд хүмүүст тустай хэмээн айлдсан.
Тодорхой дарамтын улмаас бид маш өндөр түвшинд тусгалуудыг тусгаж байгаа үед тэдгээр хүчтэй орж байгаа тусгалуудыг зогсоохын тулд бид юу хийж болох вэ?
Бидний авч болох түр болон үнэмлэхүй аргууд байна. Хоосон чанарыг ойлгож, түүнийг хэрэглэх нь үнэмлэхүй арга. Миний өмнө тайлбарласанчлан, хоосон чанарын зөв ойлголтыг хэрэглэж чадахын тулд бидэнд асар их хэмжээний бэлтгэл, эерэг хүч, төвлөрөл зэрэг хэрэгтэй. Өмнө нь, бид түр аргуудыг хэрэглэнэ, үүний хамгийн энгийн нь амьсгал дээр төвлөрөх. Ямар учраас тэр вэ? Энэ нь бидний анхаарлыг өөрийн биед эргүүлэн авчрах ба энэ нь нэлээд тогтмол, тасралтгүй зүйл байна. Амьсгал дээр төвлөрснөөр бид тайвшран, сэтгэлийн хуурмаг төсөөллүүдэд төөрөлдөх байдлаас өөрийн анхаарлыг буцаана. Үүнийг суурь түр арга болгон зөвлөдөг. Энэ нь асуудлыг бүрмөсөн шийдвэрлэхгүй боловч бидэнд тайвшрахад туслах ба энэ маш хэрэгтэй.