Буриад болон Агийн дүүргийн дахь Төвөдийн Бурханы шашин (1990 оны байдлаар)

Буриад 

2010 оны байдлаар Оросын Холбооны Улсын Буриад Улсад 286 000 буриад үндэстэн байсан ба тэдгээр нь тус Холбооны Улсын хүн амын 30% -ийг бүрдүүлж байв. Харин Чита дүүрэгт хүн амын ердөө 5-6%-ийг буриадууд эзэлж байсан бөгөөд Агийн Буриад дүүргийн Аг районд, Агийн дацангийн орчмоор амьдардаг буриадууд тус районы нийт хүн амын 67%-ийг эзэлж байв. Ингээд тэд нийтдээ 2008 оноос хойш тус хоёр дүүрэг харьяалагдах болсон Өвөр Байгалийн Хязгаарын хүн амын 7-8%-ийг бүрдүүлэх болов. Байгаль нуурын зүүн талаар (Трансбайгаль орчмоор) амьдран суух буриадуудын ихэнх нь Бурханы шашинтан бол баруун талаар (Пребайгаль) амьдран суух буриадууд Оросын Үнэн алдартны шашинтан бөгөөд тэд харилцан бие биедээ ихээр дургүйцнэ. 

Шашны өнөөгийн нөхцөл байдал (1989 оны байдлаар)

1940-өөд оны сүүлээр Дандарон болон дагалдах бусад хүмүүсийн хүсэлтээр Сталин хоёр газар Бурханы шашинд бага хэмжээний шүтэх эрх олгосон бөгөөд Иволгинскийн шинэ дацан Улаан-Үдээс холгүй баригдаж тэнд Бурханы шашны төв зөвлөл байгуулагдан хамба ламд нь уламжлалт Хамба Бандид лам цолыг нь олгосон байна. Читагийн зүүн өмнөд хэсэг, Агьт, гурван цаг машинаар явж хүрэх газар, 1900 оны эхээр архитектурыг нь бага зэрэг орос хэв маягтай болгосон нэг байгууламжийг Бурханы шашинтнуудад олгосон байна. Гэвч, цогчин гол хурлын дуганыг нь эмнэлэгийн архины албадан эмчилгээний тасаг болсон байсан бөгөөд тус тасгийг ердөө 1989 онд нүүлгэсэн байдаг. Дүүргийн зөвлөл түүнийг Буриадын соёлын түүхийн музей болгохыг хүссэж байсан боловч шинэ Бурханы шашны дацан байгуулах санал гарснаар тэрхүү зорилгоор ашиглахад нь туслах болсон байна. Дотор талыг нь хэд хэдэн жижиг өрөөнд хуваасан ба Цагийн хүрдэний дацангийн барилга нь засвар хийгдээгүй, хэвээр үлдсэн. Цагийн хүрдэний дацан, Цогчин дуган хоёрын дунд хэсэг ногоон зүлэг ургасан байдаг нь сайхан харагдах ба нэг жижиг дуган баригдсан хэвээр байдаг. Агь дүүрэг Улаан-Үд хоёрын хооронд саяхнаас жижиг онгоцоор нислэг үйлддэг болоод удаагүй байна. 

Цугулын дацан нь Агийн дүүргээс зүүн тийш хоёр цаг машинаар явж хүрэх газар, Хятадын хилд нэлээд ойр байна. Цогчин дуганыг цэргийн хуарангаар ашиглаж байсан бөгөөд түүнээс хойш эвдэрч нурсан маш муу байдалтай байдаг байв. Одоо түүнийг сэргээн засварласан ба 1989 онд Бурханы шашны төв зөвлөл бүртгэн авсан байна. Гузин нуур дацан Улаан-Үдээс урагш цаг хагас машинаар явах газар байх бөгөөд энэ нь Монголын хил, Улаан-Үд хоёрын гол дунд юм. Хоёр байгууламж нурж эвдрэн үлдсэн байдаг хэдий ч Цугулын дацангийн нөхцөл байдлаас харьцангуй дээр байдаг байв. Улаан-Үдийн Буриадын урлагийг сэргээх зөвлөлийн ажилтан Александер Кочаров бүтээлүүдийг сэргээхээр ажиллаж байсан боловч төвөд баримлууд бүтээх ажилд илүү чадварлаг барималч Юрий Никонорович Борзоевийг Ленинградаас урьж авчран түүний оронд ажиллуулсан байна. Гэвч мөнгө санхүүгийн хувьд маш бага төсөвтэй, Бурханы шашинтнууд гар бие оролцон хандив өргөх талаар хараахан бодоогүй байв.    

Миний бие Иволгин, Агийн, Цугулын дацанд зочилсон бөгөөд Монгол уруу буцах замдаа Гузин нуур дацангаар зочлохоор гарсан ч жолооч, хөтөч хоёр маань дацанг олоогүй юм. Би Улаан-Үдэд Буриадын Нийгэм судлалын дээд сургуульд лекц уншсан ба энд олон нийт биш зөвхөн эрдэмтэд цугласан.        

Одоогоор (1990 он) Иволгин дацанд 36, Агийн дацанд 12, Цугулын дацанд 5 лам байна. Иволгин дацангийн хамба ламаар Содбо лам, Агийн дацангийнхаар Золто лам, Цугулын дацангийн хамба ламаар Жимба Гяцо Цибенов лам нар сууж байна. Эхний хоёр лам нь гуч орчим настай бол сүүлийнх нь жар орчим настай, Буриадын хамгийн их эрдэмтэй лам, эмчээр тооцогдоно. Нэг, хоёроос бусад бүх лам нар гэнэн сахилтай (гэргийтний сахил), бүгдээрээ гэр бүлтэй. Тэд бүгдэд энэ ажил олгогдсон бөгөөд улсаас цалин авах ба энэ нь тэд хэзээ нэгэн цагт халагдаж болно гэсэн үг. Ердөө нэг гэлэн, нэг гэцэл сахилтай лам байгаа бөгөөд тэд сахилаа сүүлийн хэдэн жилд сахиж байгаа ба тэд хоёр өөр уламжлалаас хүртсэн. Шинэ хамба Чө Доржи Монголд гэцэл болсон бол одоогоор Дарамсалад сурч байгаа Шэраб Гяцо Энэтхэгт Дээрхийн Гэгээн Далай ламаас гэлэн сахилаа хүртсэн байна. Лам нарын олонх нь архины асуудалтай, гэвч энэ нь зөвхөн Дандарон бүлгийнхэн бөгөөд тэр нь Ламын чодба хурлын цогийн өргөлийн нэг хэсэг болгон шилтэй архийг уух заншилтай холбоотой санагддаг.         

Буриад лам нарын гэрлэх ёс заншил    

Өнөөгийн буриад уламжлалд лам нар гэрлэж болох бөгөөд ингэхдээ тэд гэнэн сахил авч дацанд ажиллана гэсэн үг. Тэдний голлон суух газар нь дацанд байх бөгөөд эхнэр, хүүхэд нь дацангаас гадуур өөр орон гэрт байрлана. Тэд ихэвчлэн монгол дээл, өмд өмсөх ба дацан дээр, тэр дундаа хурал хурах үеэр дээлэн дээрээ төвөд орхимж нөмөрнө. 

Буриадад монгол болон буриад гэлэнгийн ялгаа байдаг. Монголд 1930-аад онд Сталины үеэр сүм хийдүүдийг эвдэн сүйтгэж, лам хуврагуудыг цагдан хорьж байсан үеээс хойш  хожим нь Улаанбаатарт Гандан хийдийг нээх үед өндөр настай лам нарын олонх нь гэрлэсэн байв. Гэрлэсэн хэвээр байхыгаа зөвтгөх үүднээс зарим лам нар гэргийтэн хийгээд 1911 – 1924 оны хооронд Монголын төрийн тэргүүн байсан, өөрийн дамжлагаа цорын ганц төр барьж байсан VIII Богд гэгээн Жавзан Дамба хутагтыг гэцэл, гэлэн нарыг гэрлэсэн байхыг зөвшөөрсөн хэмээдэг. Гэвч  Шэраб Гяцогийн судалгаагаар тийм зөвшөөрөл хэзээ ч олгогдоогүй байдаг. Ийнхүү зөвтгөх болсноор гэр бүлтэй монгол гэцэл, гэлэнгийн ёс тогтож сахилыг ийнхүү олгодог болов. 1930-аад оны хэлмэгдүүлэлтээс өмнө Монголд гэрлэсэн гэцэл, гэлэн байсан эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд үүнд судалгаа шаардагддаг. Тувад монгол уламжлалыг баримталдаг байсан бөгөөд 94 настай өвгөн лам Шинбайолын яриагаар хувьсгалаас өмнө гэлэнгүүд үе үе гэрлэсэн байхтай таардаг бөгөөд зарим тохиолдолд тэд гэлэн болсныхоо дараа винайд тохирохгүй гэдгийг мэдсэн хэр нь гэрлэдэг байв. 

Гэвч Монголын энэхүү гэрлэсэн гэцэл, гэлэн нарын уламжлалыг Трансбайгалийн бүс нутагт, мөн Халимагт бараг л зөвшөөрдөггүй. Орчин цагт буриадууд гэцэл, гэлэн болдоггүй. Учир нь тэд гол төлөв төвөд уламжлалыг дагадаг бөгөөд лам хувраг гэр бүлгүй байх ёстой гэж үзнэ. Ийм учраас Чө Доржи Дарамсалагаас бус Монголоос сахил хүртсэн явдал нь хачирхалтай бөгөөд тэрээр гэрлэсэн лам нарын уламжлалыг дагахаар найдаж байгаа нь эргэлзээгүй.     

Дацангуудын шашны үйл ажиллагаа 

Иволгин нь дээрх гурван дацангийн өдөр тутмын уншлагатай дацангийн нэг. Өглөө бүр цогчинд Зүрхэн судар, 21 дарь эх, Цагаан шүхэрт болон бусад ерөөлүүдийг хурна. Сар бүрийн шинийн найманд Манал бурханы хурал, гучинд Дарь эхийн дөрвөн хот мандал шива хурна. Жилд нэг удаа өөрт Дүйнхорын авшиг хүртээн (Монголд хүртээдгээс илүү хураангуй хувилбараар), Ямандаг, Чакрасамвара, Гуяасамажа хурж Другчума тахил өргөнө. Ямандагаас бусад бурханы авшгийг тэд бараг хүртээгүй, эсвэл ерөөлийг хэрхэн зөв хурахыг мэддэггүй. Зарим нэг өдөр Ламын Чодба хурна. Өдөр бүр Жамсин болон Лхамын сахиус хурна. 

Бусад хоёр дацан дээр хэдийгээр тэд өдөр бүр ерөөл хурдаггүй ч сахиусны хурлыг өдөр бүр хурна. Агийн дацан дээр Жамсин өдөр бүр мөн бусад сахиусны хурлыг айлтгалаар хурна. Ламын Чодвыг жилд таван удаа, зарим тохиолдолд  Манал болон 21 Дарь эхийн хот мандалыг хурна. Жилд нэг удаа Ямандаг болон Другчума бурханы тахил өргөнө. Цугул дацан дээр мөн адил жилд ердөө хэд хэдэн удаа Ямандаг болон Другчума бурханы тахил өргөнө. 

Лам нар бүгд Улаанбаатарт Гандан хийдийн таван жилийн сургалтанд суухаар явна. Өмнө нь зөвхөн буриадууд явдаг байв. Энэ жил 25 буриадаас гадна нэмж долоон халимаг яваад байна. Тувачууд мөн хэдийгээр хорин хүн өргөдөл гаргаад байгаа хэдий ч арван лам явуулах хүсэлтэй байгаа боловч тэд хэрхэн ямар үйл явц болох талаар сайн мэдээлэлгүй байна. Энэ жил европ орос хэд хэдэн хүн хүсэлт гаргаад байгаа боловч таван хүний өргөдлийг буцаасан нь тэд монгол хэл мэдэхгүй, заримынх нь ард Оросын ХАБА-ны Шашин болон Соёлын асуудлын хороо байгаа хэмээн үзсэн байна. 

Монголын Улаанбаатарын бүсийн гол аялга халх, буриад, халимаг аялга бүгд харилцан маш ойлгомжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Буриад нь халимагаас илүү халхтай ойр. Гэвч эдгээр бүх аялгууд Төвөдийн лхас, кам, амдо аялгаас огт өөр, илүү хиндү болон пунжаби аялгын ялгаатай адил. Буриад хүн халх аялгыг ойлгож сурахад хэд хэдэн сар шаардлагатай. Монголын хилтэй ойролцоо амьдардаг тувачууд хэдийгээр тэдний хэл Уйгуртай холбоотой түрэг аялга боловч тэд халх аялгаар ярина. Ийнхүү хэрэв буриадууд европ оросуудаас тусдаа сургалтын танхимтай байна гэвэл үүнд халимаг эсвэл тувачууд нэгдэхэд хэцүү болно. Ердөө хэсэг халх аялгатай лам нарыг Монголоос аваачин тэдэнд сургалт явуулах нь ч тийм хялбар арга болохгүй. 

1994 оны байдлаар 

Христийн шашны номлогчид Буриадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ч энэ нь Монголын нөхцөл байдлаас бага байв. Мүүний шашныхан хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан бүхий л улсуудад мөн адил үйл ажиллагаа явуулж байсан ч Халимагт илүү хүчтэй үйл ажиллагаатай байлаа.   

Одоогоор Буриадад арван гурван сүм хийд байгаа бөгөөд үүнд: 

  1. Улаан-Үдээс холгүй Иволгийн дацан, 30 лам хуврагтай боловч одоо хэр нь лам нарын олонх нь гэрэлсэн, архи хэрэглэх асуудалтай байсаар байна. Энэтхэгээс ирсэн дөрвөн төвөд багштай бөгөөд тэднийг тэргүүлэн Ешэ Лодро Ринбүүчи ажиллаж байна. тэрээр халх болон буриад монгол хэлээр маш сайн ярина. Түүний бие болон бусад төвөд лам нар айлуудад уригдан зан үйл үйлдэх бөгөөд энэ нь тэдэнд гэргийтэн хүмүүст сургаал айлдах цаг их гаргадггүй. Дацан 60 – 70 орчим шавьтай  ба төвөд хэлний хичээл, чойрын анхан шатны ном, нэг анагаах ухааны анги тэдний явуулж буй сургалтанд хамарч байна. Шавь нар Буриадын өөр өөр хийдүүдээс ирсэн гол төлөв буриад суралцагчид байна. Сургалтыг явуулах хэл нь буриад эсвэл төвөд хэл. Эхний ангид гурван орос, хэд хэдэн тува, цөөн хэдэн монгол шавь нар бас байна. Буриад хэл дээр лам-рим үзэх бөгөөд нэг америк багш англи хэл бас заана. 
  2. Гузин нуур нь Буриадад баригдсан анхны хийд бөгөөд одоогоор таван ламтай, түүний гурав нь өсвөр насны равжин сахилтай шавь нар байх бөгөөд нэг орос, өөр нэг нь холимог гэр бүлээс гаралтай шавь байна. Тэд төвөд хэл үзэн зан үйл үйлдэнэ. Хийдийн хамба лам нь уламжлалт анагаах ухааны эмч бөгөөд орон нутгийн олон хүмүүс түүн дээр ирж эмчилгээ болон номын засал хийлгэдэг байна.
  3. Агийн дацан 30 гаруй шавьтай, Энэтхэгээс ирсэн хоёр төвөд багштай, шашны ном болон анагаах ухааны тус бүр нэг нэг ангитай. 
  4. Эгүтэй дацан Улаан-Үдээс баруун өмнө зүгт 250 орчим километрийн зайд байрлах бөгөөд тус дацанд Цандан Жово зандан модон Бурханы дүрийг залсан байдаг. 
  5. Кижингад нэг том суварга барихаар эхлэсэн боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас ажил нь түр зогсоод байна. 
Top