Гурван эрдэнийн гүн, ил болон төлөөлөл болох түвшингүүд

Бурхан, Ном, Хуврагийн чуулганы түвшингүүд 

Өнөөг хүртэл бид яриандаа, аврал айлтгах буюу өөрийн амьдралд аюулгүй чиг гаргах талаар хэрхэн бясалгах талаарх ерөнхий бүтцийг авч үзлээ. Одоо бүгдээр тус аюулгүй чиг хааш чиглэх талаар нарийвчлан авч үзье. Үүнийг Бурхан, Ном, Хуврагийн чуулган – Гурван эрдэнээр дүрсэлж, үзүүлдэг. Эдгээр тус бүрд, гүн түвшин, илэрхий түвшин, энэ түвшнийг бид харж эсвэл сонсож чадна, мөн тэдгээрийг төлөөлөх түвшин байна. Эдгээр гурван түвшинг хооронд нь ялгах чухал. 

Эдгээр гурав тус бүрийн гүн түвшин нь бүгд Хутагтын гурав болон дөрөвдэх үнэнтэй холбогдоно – тухайлбал, хорихуйн үнэн ( (зовлонг) үнэн хорихуй) болон зам мөрийн үнэн ((зовлонг арилгах) үнэн зам мөр – үнэн зам мөрийн сэтгэл) – гэвч бага зэрэг ялгаатай үзлээр холбогдоно. Эдгээр нь бидний зорьж байгаа зүйлийн хамгийн гүнзгий түвшин; өөр үгээр хэлбэл, тэдгээрт хүрэх нь бидний явахыг хүсэж буй чиг. Хэрэв бид тэдгээрт хүрвэл, тэр нь бидэнд өөрийн дотоод дахь эсвэл бусадтай харилцах харилцаанд гарах аливаа төрлийн бэрхшээл эсвэл асуудлуудаас зайлсхийх боломж олгоно. 

Бурхан эрдэнийн гүн түвшин нь Бурханы сэтгэлийн үргэлжлэл дээрх үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэл, эдгээр хоёр. Бурханы сэтгэлийн бүх сайн чанарууд нь эдгээр хоёрын үр дүн байдаг. Ийм учраас, бид Бурханы сэтгэлийн сайн чанаруудын талаар судалж үзээд, өөрсдийг Бурханд мөн өөрийн бүхий л зовлон болон тэдгээрийн шалтгаануудыг арилгах аргуудыг заасан түүний сургаалуудыг дагахаар даатгах үед бид бодитойгоор өөрсдийг Бурханы сэтгэлийн үргэлжлэл дээрх (зовлонг) үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлд даатгаж байдаг. 

Ерөнхийдөө, Хутагтын дөрвөн үнэний тухай ярих үед, бид сэтгэлийн үргэлжлэл тус бүр дээр гарч ирэн сэтгэлээр туулж мэдрэгдэх тэдгээр зүйлүүдийн тухай ярьж байдаг; бид ямар нэг хийсвэр зүйлийн ярьж байдаггүй. Жишээ нь, Хутагтын нэгдэх үнэн болох үнэн зовлон (зовлонгийн үнэн) болон зовлонгийн үнэн эх сурвалжууд (зовлонгийн шалтгаан үнэн) нь бид бүгдийн туулдаг зүйлс. Гэвч бид тэдгээрийн үнэн (бүрэн, жинхэнэ) хорихуйд хүрэхийг хүсэх ба энэ нь зовлон болон зовлонгийн шалтгаануудыг бүрэн арилгах гэсэн утгатай. Энэ үнэн хорихуй хаана явагдах вэ? Энэ мөн сэтгэлийн үргэлжлэл дээр гарах ба энэ нь мөн чанараараа үнэн зовлон болон түүний үнэн шалтгаануудаар хоосон. Эдгээрийг үнэн хорихуй гэдэг нь тэдгээр нь сэтгэлийн үргэлжлэл дээр гарахгүй болсноор тэдгээрийг бид туулахгүй болно гэсэн үг. 

Тийм үнэн хорихуй бидэнд хэрхэн бий болдог вэ? Энэ нь хоосон чанарыг ойлголтын бус (концептын бус) мэдэхүйгээр мэдэхээр бий болох ба энэ нь мөн сэтгэлээр бий болно. Энэхүү ойлголтын (концептын) бус мэдэхүй нь “үнэн зам мөр” гэдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг зүйлд хөтлөх мэдэхүй байна; энэ нь үнэн хорихуйд хөтөлнө. Ийм учраас миний бие үүнийг “зам мөрийн сэтгэл” гэж нэрлэдэг. Гэвч үнэн зам мөрийн сэтгэл нь үнэн зам мөрийн сэтгэлүүд нь зөвхөн үнэн хорихуйд хүргэх ойлголтын (концептын) бус мэдэхүй байх төдийгүй тэдгээр мөн үнэн хорихуйн үр дүнд хүрэх тийм мэдэхүйн төрлүүд байна. 

Тэгэхээр Хутагтын эдгээр дөрвөн үнэн – үнэн зовлон, зовлонгийн үнэн эх сурвалжууд, үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэл эдгээр нь бүгд сэтгэлийн үргэлжлэл дээр явагдана. 

Бид эдгээр үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлд хүрч чадна гэсэн итгэлтэй болохын тулд бид тэдгээрт хүрсэн хүмүүсийн жишээг харах хэрэгтэй; өөрсдийг тэдгээрийн зааварт даатган, тэдгээрийн зааврын үзүүлсэн чигт явна. Гурван эрдэнийн гүн түвшин нь үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлд хүрсэн тэдгээр хүмүүсийн сэтгэлийн үргэлжлэлүүд дээрх үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд. 

Бурхад нь тэдгээрийн сэтгэл үргэлжлэлүүд дээр үнэн хорихуйн бүх, үнэн зам мөрийн сэтгэлийн бүх цогцолбор бүрэн байдаг тэдгээр төрөлхтнүүд. Аръяа төрөлхтөн болон архадууд тэдгээрийн сэтгэл үргэлжлэл дээр дээрх нь бүрэн бус боловч тодорхой хэмжээгээр байх төрөлхтнүүд. Бурхан эрдэнийн гүн түвшин нь тэгэхээр Бурхадын сэтгэлийн үргэлжлэл дээрх тэдгээр үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд; мөн нэгэн эх зохиолд дурдсанчлан, Ном эрдэнэ болон Хувраг эрдэнийн аль алины гүн түвшин нь бүх аръяа нарын сэтгэлийн үргэлжлэл дээрх үнэн хориуйх ба үнэн зам мөрийн сэтгэлүүд бөгөөд үүнд архад болон Бурхад мөн багтах болов уу. Энэ талаар хэсэг хугацаа зарцуулан тунгаан бодоцгооё. 

[Бясалгал] 

Гурван эрдэнийн гүн, ил болон төлөөлөл болох түвшингүүд 

Нэг Бурханы сэтгэлийн үргэлжлэл дээрх үнэн хорихуйн бүх, үнэн зам мөрийн сэтгэлийн бүх бүрэн цогцолбор нь – нэг үгээр хэлбэл, гүн Бурхан эрдэнэ – үнэндээ Бурханы Номын бие (Дхармакаяа), Бүх зүйлийг хамарсан бие. Дхармакаяа нь хоёр талтай. Нэг нь нэг Бурханы Гүн мэдэхүй бүхий Номын бие (Дхармакаяа) – жнана Дхармакаяа – энэ нь нэг Бурханы илт мэдэхүй бүхий сэтгэлийн үргэлжлэл дээрх үнэн зам мөрийн сэтгэлтэй холбоотой; нөгөө нь нэг Бурханы үндсэн мөн чанар бүхий Номын бие (Дхармакаяа) – Свабхавакаяа – энэ нь нэг Бурханы илт мэдэхүй бүхий сэтгэл дээрх үнэн хорихуйтай холбоотой. Илүү дэлгэрүүлбэл, Свабхавакаяа нь нэг Бурханы сэтгэлийн давхар ариусал, энэ нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн урсгал ул мөрүүдээс бүрэн хагацаснаар өөрийн мөн чанараар – өөрөө бүтсэн оршихуйн талаарх ойлголтын ул мөрөөс аяндаа хагацсан байна.    

Ил Бурхан эрдэнэ нь бидний харж чадах зүйл; тухайлбал, нэг Бурханы дүрсүүдийн бие буюу Дүрст лагшингууд. Эдгээрт Их хөлгөний сургаалийг бүрэн хэрэгжүүлж байгаа биес болох Самбхогакаяас болон Самбхогакаяасын хувиллууд болох Нирманакаяас багтана. Самбхогакаяа болон Дээд Нирманакаяа Бурхадын биесийн гучин хоёр онцгой шинж болон наян жишиг шинж нь Бурхадын өмнөх төрлүүддээ бүтээл болгосноор тэдгээрийн үр дүнд тус биед хүрсэн тэдгээр эерэг үйлүүдийг илэрхийлнэ. Ийм байдлаар, тэдгээр хоёр бүлэг шинжүүд мөн бидний явахыг хүсэх тэр чигийг илэрхийлнэ. Ийм учраас бид тэдгээр Дүрст лагшингуудын зааварт өөрсдийг даатгаж болно. 

Бурхан эрдэнийг төлөөлөх зүйл нь Бурхадын хөрөг болон баримал дүрүүд. Эдгээр нь ердөө төлөөлөл болохыг ойлгох нь чухал; бид тэдгээрийг шүтэх гэх мэт зүйл байдаггүй. Гэвч бид тэдгээр дүрүүдэд хүндэтгэл үзүүлнэ, учир нь тэдээр нь бидний хүндэтгэдэг зүйлийг төлөөлж байдаг. 

Гүн түвшний Ном эрдэнэ нь мөн адил Хутагтын гурав болон дөрөвдэх үнэн боловч энэ удаад, зөвхөн Бурхадын илт мэдэл бүхий сэтгэлийн үргэлжлэл дээрх тэдгээр үнэнүүд байх төдийгүй гэргийтэн болон хувраг бүх аръяа төрөлхтөн нарын сэтгэлийн үргэлжлэл дээр байх тэдгээр бүх үнэнүүд байна. “Бүх аръяа” нар гэдэгт сэтгэлийн үргэлжлэлдээ наад зах нь тодорхой хэмжээний үнэн зам мөрийн сэтгэл болон үнэн хорихуйг бүтээсэн тэдгээр бүх төрөлхтөн, дээрх хоёр үнэний бүрэн цогцолборын тал хэсэгт буюу “үзэхүйн мөр” гэгддэг үзэхүйн зам мөрийн сэтгэлд хүрээд байгаа тэдгээр төрөлхтөн нараас эхлэн тус хоёр үнэний бүрэн цогцолборт бүрэн хүрээд байгаа Бурхад хүртэлх тэдгээр бүх төрөлхтөн багтана.

Ил түвшний Ном эрдэнэ нь бидний сонсож чадах зүйл, бодит сургаалууд – арван хоёр бүлэгт ангилагдах тэдгээр Бурханы сургаалууд байна. Бид тэдгээрт өөрсдийг өөрийн бодит хөтөч болгон даатгана. Тэдгээрийг төлөөлөх зүйл нь ил Ном эрдэнийг агуулгадаа багтаах Бурханы сургаалын талаарх ном, Бурханы шашны эх зохиолууд. Бид тэдгээрт мөн хүндэтгэл үзүүлнэ. 

Өмнө дурдсанчлан, гүн Хувраг эрдэнэ нь гүн Ном эрдэнийн адил, бүх аръяа төрөлхтөн нарын сэтгэлийн үргэлжлэл дээрх гурав болон дөрөвдэх үнэнүүд байна. Ил Хувраг эрдэнэ нь бидний харж чадах зүйл, аръяа төрөлхтөн болох тэдгээр бодит хүмүүс байна. Тэд нэгэн жишээ болж, түүгээр бидэнд бидний явах чигийг үзүүлэх тэдгээр хүмүүс. Ямар нэг Бурхантай харилцах бэрхшээлтэй боловч аръяа хүмүүсийн үзүүлэх жишээгээр бид Бурханы хутагт шат, шатаар хэрхэн хүрэхэд суралцаж болно. 

Хувраг эрдэнийг төлөөлөх зүйл нь дөрөв эсвэл түүнээс олон тооны хуврагийн бүрэн сахилтай эрэгтэй эсвэл эмэгтэй хуврагуудын нэг бүлэг байна. Тэд бүгдээр нэг бүлгийн хуврагууд байх шаардлагагүй – ердөө дөрөв байх хэрэгтэй, ингэснээр тэд хуврагуудын нэг бүлэг болно. Хэдийгээр тэд маш сайн эрдэмтэй эрэгтэй эсвэл эмэгтэй хуврагууд биш байсан ч, тэд гэргийтний амьдралыг орхиод байгаа чухал. Тэд өөрсдийг нэгэн зам мөрд зориулсан байх ба энэ нь бидэнд нэгэн зорилгод хүрэх үе шатууд бий гэдгийг харуулна. Энэ нь цаашлаад, тус зорилгод хүрэхээр хичээж байгаа хүмүүс наад зах нь байгаа хэмээн сануулж байна. Иймд бүх эрэгтэй, эмэгтэй хуврагууд хүндлэлийн зохих орон байна. 

Бататган сануулахад, Гурван эрдэнэ тус бүрд гүн, ил, төлөөлөл бүхий түвшингүүд байна. Гүн түвшингүүд нь үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд бөгөөд Бурхан эрдэнийн тохиолдолд, Бурханы илт мэдэл бүхий сэтгэлийн үргэлжлэл дээр байх, Ном эрдэнэ болон Хувраг эрдэнийн тохиолдолд, аливаа аръяа төрөлхтний сэтгэлийн үргэлжлэлээс эхлэн Бурханы сэтгэл хүртэлх бүх сэтгэлийн үргэлжлэл дээрх үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд байна. Ил түвшний Эрдэнэс нь бидний бодитойгоор харж эсвэл сонсож болох зүйлс болох Бурханы Дүрст лагшингууд, Бурханы бодит сургаалууд болон аръяа төрөлхтөн болоод байгаа тэдгээр хүмүүсийн бүлэг байна. Төлөөлөл болох Эрдэнэс нь өөрийн гэр орон, эргэн тойрондоо байлгаж болох Бурханы хөрөг болон баримал дүрүүд, бодит Бурханы шашны эх бичвэрүүд болон бүрэн сахилтай эрэгтэй, эмэгтэй хуврагууд байна. Тэд бидэнд зам мөр, бидний хүрэхийг зорьж байгаа зүйл, гүн Эрдэнэсийг сануулж байдаг. 

Гүн Эрдэнэсд хүрсэн тэдгээр төрөлхтөн нар нь бидэнд замыг харуулж болно; гэвч бид өөрсдөө тэдний хүрсэн зүйлийг өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээр хүрэхийг зорьж байдаг. Бид тэдний сэтгэлийн үргэлжлэлүүд дээрх зүйлд хүрэхийг зорьж байдаггүй, учир нь бид зөвхөн өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээрх зүйлд хүрэх боломжтой. Энэ бидний одоог хүртэл ярьж байгаа зүйл – асуудлуудын тэдгээр олон янзын шалгаанууд болон тэдгээрийн бий болгодог асуудлуудыг зогсоох: сөрөг зан байдлууд, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, хэн ч бидний тусыг хүсээгүй байгаа тохиолдолд тэдэнд туслахыг хүсэх тэсгэлгүй гарах эерэг зан байдлууд гэх мэт. Бид мөн бусдад хэрхэн туслахыг мэдэхгүй байхыг бүрэн зогсоохыг хүснэ. Бид ойлголт, сахилга бат, төвлөрөл, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхийг хүсэх ба эдгээр бүх зүйл дээрх төвөг учруулагчдыг зогсооно. Бидний ярилцаад байгаа бүх зүйл Хутагтын гурав болон дөрөвдэх үнэний чигт явж, Хутагтын нэг болон хоёрдахь үнэнийг арилгахад чиглэсэн байна. Энэ бол Бурханы шашны өгүүлэх зүйл. Энэ бүхэн бүгд сэтгэлд, бидний сэтгэлд явагдана. Энэ талаар хэсэг хугацаанд тунгаан бодоцгооё. 

[Бясалгал]

Гүн түвшний Бурхан, Ном, Хувраг эрдэнэсийн ялгаа 

Аяндаа гарч ирэх асуулт нь: Гүн түвшний Бурхан, Ном, Хувраг эрдэнэ хоорондын ялгаа юу вэ? Хутагтын гурав болон дөрөвдэх үнэн нь эдгээр бүх Гурван эрдэнийн гүн түвшин адилхан болдог нь ямар учиртай вэ?  

Үүний хариултыг бид нэг сонирхолтой газраас олдог: Ламын чодба буюу Багшийг тахих хурлын ерөөлийнтахил өргөх хэсгээс. Бурхан, Ном, Хуврагийн чуулганд өргөл өргөх үед, бичвэрт Бурхад нь бодит Бурханы хутагт хүрэхийн эх сурвалж, Ном (сургаал) нь урмын эх сурвалж, Хуврагийн чуулган нь гэгээрлийн нөлөө буюу гэгээрлийн үйлийн эх сурвалж хэмээн дурдах ба учир нь бид (ерөөлийн үед) тэдгээр тус бүрийг Бурхад, Ном, Хуврагийн чуулган тус бүрээс хүсэмжилж байдаг. Хуврагийн чуулганыг тус ерөөлд дагинас болон Номын сахиусуудаар төлөөлүүлдэг. 

Энэ бүхэн ямар утгатай вэ? Энэ талаар бодож үзэх үнэндээ маш тустай. Бурхад бидний зорьж буй үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлд бодитойгоор бүрэн хүрсэн байгаа. Тэдгээрт бодитойгоор хүрсэн байдлуудыг санскрит хэлэнд сиддхи гэдэг. Гүн түвшний Ном эрдэнэ буюу бүх аръяа нарын үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэл бүгд урмын эх сурвалж. Энд санскрит хэл дэх адхистхана, төвөд хэл дэх чинлав гэдэг үгсийг гол төлөв “адис” (“blessings” англ.) гэж орчуулдаг боловч миний бие “урам” (“inspiration” англ.) гэдэг үг нь биднийг (сэтгэлийг) өргөх зүйл гэсэн тус үгийн утгад илүү ойр ирдэг гэж боддог. Гүн түвшний Хувраг эрдэнийг бүрдүүлэх бүх аръяа нарын үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд нь гэгээрүүлэх нөлөөний эх сурвалж. Тэд биднийг тэдний чигт явахад нөлөөлнө. 

Ил түвшний Эрдэнэсийн түвшинд мөн аръяа хүмүүсийн жишээ нь тэдний явсан адил биднийг тэдний үзүүлсэн зүгт явахаар хичээх гэгээрүүлэх нөлөөг бидэнд үзүүлнэ. Ном сургаалууд тэдгээр сургаалуудыг дагахад бидэнд урам өгнө. Бурхадын Дүрст лагшингууд бидэнд тэдгээр үнэнд бид өөрсдөө бодитой хүрэх арга замыг үзүүлнэ. 

Өөр нэг үзэл сургаалын үүднээс, бидэнд хэн, юу туслах вэ? Шакъяамүни бурхан багш өөрийн Дүрст лагшингийн дүрээр, түүний заасан бодит сургаалууд болон зам мөрийн дагуу гүнзгийрэн суралцсан аръяа Хуврагууд – тэгэхээр, Гурван эрдэнийн ил түвшингүүд. 

Эдгээр Эрдэнэсийг санаж байхад бидэнд юу туслах вэ? Бидэнд байх тэднийг төлөөлөх зүйлс: Бурханы хөрөг болон баримал дүр, Бурханы шашны эх зохиолууд, эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд. Тэд бидэнд тэдгээрийн аюулгүй зүгт явахыг санаж байхад тусална. Тэдгээрт хүндэтгэл үзүүлсэнээр бид мөн өөрийн амьдралдаа хийхийг хичээж байгаа зүйлсээ хүндэтгэж байдаг.   

Цаашилбал, тэдгээрт хүндэтгэл үзүүлэх нь өөрийг хүндэтгэх хүндлэлийг төлөвшүүлэх нэг арга, учир нь бид бас тэр нэг зүйлд хүрэхийг хичээж байгаа. Чухал хүчин зүйл бол хүндэтгэл, энэ нь бид ямар нэг зүйлийн сайн чанаруудыг таньж, тэдгээрийг гайхан биширч, улмаар бид өөрсдөө тэдгээр чанаруудад хүрэхийг хүсдэг явдал. Ийм учраас миний бие өөрийг-үнэлэх сэтгэлийн талаар ярьсан. Хэрэв бид хэн нэгнийг ердөө нэг энгийн сайхан сэтгэлийн үйлээр инээмсэглүүлбэл, бид багахан, эерэг өөрчлөлтийг гаргаж чадна. Энэ эерэг үйл өөрийг үнэлэх сэтгэлийг бидэнд өгөх бөгөөд энэ нь өөрийг хүндэтгэх хүндлэлд хөтөлнө. 

Нэмж хэлэх нэг зүйл гэвэл: шалтгаант аврал гэдэг Бурхад болон аръяа нарын сэтгэл дээр гараад буй тэдгээр үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэл байдаг бол үрийн (үр дүн) аврал гэдэг нь бидний өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээр хүрэхийг зорьж байгаа зүйл байна. 

Эдгээр бүгдийг ойлгохыг хичээцгээе. 

[Бясалгал]

Асуулт, хариулт 

Миний бие, оюун ухааны түвшинд, бидэнд айдас, сэтгэл хямралыг шийдвэрлэх чадамж бий гэж ойлгох боловч миний өөрийн дотоод гүнд, миний биед тийм итгэл байдаггүй. Энэ ойлголт, энэ итгэлийг өөрийн дотоодод хэрхэн төрүүлж болох вэ? 

Энэ маш сайн асуулт. Оюуны ойлголтоос бодит сэтгэл хөдлөлийн ойлголтод хүрсэнээр тэр нь бидэнд тодорхой өөрчлөлт авчрах энэ үйл явцыг бид хэрхэн гаргах вэ? Учир нь бидний ойлголтод оюуны болон сэтгэл хөдлөлийн аль алины бүрэлдэхүүн хэрэгтэй байдаг. Эдгээр хоёр бүрдэл нь билиг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэл хоёрын адил, эдгээр нь бидэнд хамт байх хэрэгтэй хэмээн Бурханы шашны бүх зохиолуудад дурддаг. Тэгэхээр, бид үүнийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Дээрх хоёр ойлголттой байх нь зөвхөн аврал айлтгахад төдийгүй, Бурханы шашны сургаалын доторх бүх зүйлд чухал. 

Ном сургаалд гол төлөв өгдөг хариулт нь бид маш их буян хураах хэрэгтэй явдал байна. Тэгэхээр, бид “Энэ юу гэсэн утгатай вэ? Энэ нь хэрэв бид сайн байсанаар хангалттай оноо авбал тэр үед бид түүнийг хүртэнэ гэсэн утгатай юу?” гэж бодох ёстой. Энэ мэдээж ийм утгатай биш. “Буян” гэдгийг зай цэнэглэхтэй адил, “эерэг хүч” гэдгээр орчуулбал илүү сайн байдаг. Хангалттай цэнэглэснээр, зай зохистой ажиллана; үүний адил, хангалттай эерэг хүчтэйгээр, бидний сэтгэл Ном сургаалыг ойлгох оюуны болон сэтгэл хөдлөлийн аль алины ойлголтын талаар итгэл төрөх зохистой байдлаар ажиллана.    

Тэгэхээр, бид “буян” гэх үүнийг хэрхэн хураадаг вэ? Бид үүнийг, жишээ нь, энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлага болгох (төрүүлэх) байдлаар хураана. Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын талаар анхаарах зэрэг сэтгэлээр бясалгах (ямар нэг эерэг сэтгэлийг өөрт төлөвшүүлэх үүднээс тухайн сэтгэлийг сэтгэлдээ дүрслэн дахин дахин төрүүлэх, орчуулагч) нь энэхүү эерэг хүчийг бий болгоно. Тэдгээрийг төлөвшүүлэх нэг онцлог хэлбэр нь цаглашгүй дөрвөн сэтгэлийн талаар бясалгах – цаглашгүй асрал хайр, цаглашгүй энэрэн нигүүлсэх сэтгэл, цаглашгүй баясал болон цаглашгүй тэгш сэтгэл. Бурханы шашны бараг бүх бүтээлийн эхэнд аврал айлтгах талаар, бодь сэтгэлийн талаар, мөн эдгээр цаглашгүй дөрвөн сэтгэлийн талаар бясалгах бясалгал байдаг. Эдгээр дөрвийн хувьд , бид “Хамаг амьтан амгалан байх болтугай ((бусдад хандсан) асрал хайр); хамаг амьтан зовлон үгүй байх болтугай ((бусдад хандсан) энэрэн нигүүлсэх сэтгэл). Хамаг амьтан зовлон үгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай (баясал); хамаг амьтан өмнөх сэтгэлүүдийг төрүүлэхэд саад болж болох хэт дасах сэтгэл, дургүйцэх сэтгэл үгүй тэгш сэтгэлтэй байх болтугай” хэмээн бясалгана.        

Энэ бясалгал ямар үр дүнд хүргэх вэ? Энэ нь бидний зүрх, сэтгэлийг эерэг сэтгэл хөдлөлөөр нээж өгнө. Тэр үед, тэрхүү сэтгэлийн төлөвөөр бид Ном сургаал дахь зарим нарийн төвөгтэй ойлголтуудад тулах үед бид илүү нээлттэй байж, түүнийг илүү сайн ойлгож чадна. Ойлгоход хэцүү ямар нэг зүйлд “би, би, би; би үүнийг ойлгож чадахгүй байна” эсвэл “миний бие үүнийг ойлгох ёстой” гэсэн хаалттай сэтгэлээр хандах болон өмнө нь дээрх цаглашгүй дөрвөн сэтгэлээр өөрийн зүрх, сэтгэлийг нээгээд түүнд хандах хоёрын хооронд маш том ялгаа байна. Асар том ялгаа байна! 

Тэгэхээр, эдгээр бясалгалуудыг хийхийг оролдож үзээд, ялгаа бий эсэхийг харна уу. Энэ үед бид цаглашгүй дөрвөн сэтгэл дээр бясалгах бясалгал ямар учраас бүх бүтээл болон Ном судлахын өмнө байдгийг ойлгож болно. Энэ нь эерэг хүч бий болгож, бидний сэтгэл, зүрхийг нээснээр бид тухайн зүйлийг бүрэн ойлгож болно. Мөн бидний ойлголтод тодорхой сэтгэл хөдлөлийн нөлөө бий болно. 

Top