Аврал айлтгах тухай сургаалын талаар бясалгах

Бататгал – Аврал айлтгах шалтгаан болох сэтгэлийн төлөв 

Өмнөх семинараар бид өөрийн амьдралд эерэг чиг гаргахын ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар ярилцсан. Аврал айлтгах нь өөрийг бэрхшээлүүдээс хамгаалах чиг гэдгийг бид ойлгосон. Бид амар амгаланд хүрэхэд бидэнд саад болдог амьдралд тохиолдох бэрхшээлүүдийн жагсаалтыг авч үзсэн. 

Цаашлаад, хамгийн суурь түвшиндээ, амар амгалан нь бусадтай холбоотой байх сэтгэлийн мэдрэхүйгээс гардаг болохыг бид харцгаасан. Энэ холбооны мэдрэхүй нь сөрөг зан байдлыг сэргийлсэнээр бий болох бөгөөд бусад хүмүүс бид тэдэнд хор хүргэх ямар нэг зүйл хийхгүй гэсэн итгэлтэй байх үед бид үүнийг туулж мэдэрдэг. Үнэн хэрэгтээ, тэд бидэнд итгэдэг; бид тэдэнд таагүй хандахгүй гэдгийг тэд мэддэг. Нөхөрлөл нь энэ итгэл дээр суурилна. Үүнийг суурь болгон, ингээд, амар амгалан байх, бусадтай илүү ойр холбоотой байхын тулд бид тэдэнд уурлаж бухимдах, тэднээс аливаа зүйлийг шаардах, хувиа хичээх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө, өөрийн сэтгэл зүрхийг бусдад нээн, зөвхөн өөрсдийн талаар бодохгүй байна. 

Уурлаж бухимдах, оюунаа хаалттай байлгах, зүрх сэтгэлээ хаалттай байлгах зэрэг – гэм хортой зан байдлын эдгээр бүх сөрөг хэлбэрүүд нь бидэнд өөрийн зан байдалдаас эмээх мэдрэмжийг төлөвшүүлэхэд хөтөлнө; бид үүнийг гол төлөв айдас, эмээх сэтгэл гэж тодорхойлно. “Тэгэхээр, миний бие энэ мэт байдлаар үргэлжлүүлэн биеэ авч явж, энэ нь миний биеийг бусдаас тусгаарлан, ганцаардал, сэтгэл хямрал, амар амгалан бус байдалд үргэлжлүүлэн хөтөлсөөр байна хэмээн миний бие эмээж байна” гэнэ. Гэвч, бид энэ зүйл итгэл найдваргүй зүйл биш; бид энэ нөхцөлөөс гарах ямар ч тусламжгүй биш гэдгийг ойлгож байдаг. Бид эдгээр бүх өөрт гэм хортой саадуудыг даван гарах арга зам бий гэдгийг мэдэж байдаг. 

Бид мөн хүний тархи, сэтгэл нь мэдрэхүйн шинэ холбоос, шинэ зуршлуудыг хэрхэн давтаж шинээр төрүүлэх боломжтой байдаг талаар ярилцсан. Бидний баруун гар мэдээгүй болсон тохиолдолд өөрийн зүүн гарыг хэрэглэж сурдаг жишээнд үзүүлсэнчлэн өөрчлөлт гарах боломжтой. Ингээд, хэрэв бид шинэ мэдрэхүйн холбоосуудыг давтсаар гаргавал, бид эмээх сэтгэлийг даван туулж чадна – жишээ нь, бусдад өөрийн сэтгэл, зүрхийг нээхээс эмээх сэтгэл гэх мэт. Сэтгэл бол зөвхөн хаалттай, хөшүүн, ямар нэг шинэ эсвэл өөр зүйлээс эмээдэг байх бус, нээлттэй байх бүрэн чадамжтай. Товчоор хэлбэл, бидэнд дараах эмээх сэтгэл байна; юмс таагүй чигээр үргэлжлэхээс бид эмээж байна гэх сэтгэл. Мөн бидэнд сэтгэлийг өөрчлөн, нээлттэй байх нь боломжтой гэсэн итгэл байна. Үүний дараа, энэрэн нигүүлсэх сэтгэл байна. Бид энэ бүх зүйлийг бусдын талаар бодож байгаа учраас хийж байгаа бөгөөд ингэснээр бид бусадтай илүү холбоотой байж чадна, ердөө бүр өөрийн талаар бодох сэтгэлийн түвшинд ч, ингээд бид энэхүү өөрийг бодох сэтгэлийн түвшингээс бусдад тус хүргэх хүртэлх нийт зам мөрөөр явна. 

Эмээх сэтгэл, итгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидэнд байх аврал айлтгах гурван шалтгаан. Бид эдгээрийг аврал айлтгах, дээрх эерэг, аюулгүй чигийг өөрийн амьдралд гаргах сэтгэлийн төлөв болгон нэгтгэдэг. Миний бие эдгээр бүгдийг Бурхан, Ном, Хуврагийн чуулган гэх Бурханы шашны (тэдгээрт аврал айлтгах тухай) ойлголт руу орохын өмнө, тэдгээрийг маш суурь түвшинд тайлбарлан хүргэж байгааг тэмдэглээрэй. Юуны түрүүн бид илүү нарийвчлан ярилцахын өмнө, аврал айлтгах, аюулгүй чиг гэдгийн цаана байх зүйлийн талаарх ерөнхий санааг ойлгох хэрэгтэй, учир нь өөрийн амьдралд энэхүү аюулгүй чигийг гаргах тухай энэ нийт санаа нь үнэндээ хүн бүрд маш тустай. Бид Бурханы шашинтан байх шаардагагүй. Зөвхөн Бурханы шашинд онцлог байх зүйл нь “Бидний бүрэн итгэж, өөрийг даатгаж болох, Бурхан болох зам мөрийг үзүүлэх чадамжтай эх сурвалжууд юу вэ!” гэх үүднээс авч үзэх явдал байна. Тэгэхээр, энэ нь ердөө, амьдрал дахь ерөнхий тодорхой, илүү эерэг чигт явах тухай бус; харин энэ нь гэгээрэх туйлын зорилгод хүрэх бүх үе шатын дагуу биднийг хөтлөх тэдгээр зүйлсийг тодорхойлох, тэдгээрт өөрийг даатгах, мөн тэдгээр нь найдвартай хөтөч байх бөгөөд бид тэдгээр зорилгуудад хүрч чадна гэсэн итгэлтэй байх явдал. Тэгэхээр, бид дээрх туйлын зорилгод итгэх шаардагагүй бөгөөд ердөө тэр чигт явж болно. 

Бясалгал – Өөр дээр үр дүн гаргах 

Бид Номыг (сургаал), ердөө маш ерөнхий байдлаар, Бурхан багшийн заасан аргууд гэж хэлнэ. Тэдгээр аргуудын тодорхой хэсгийг хэн ч даган хэрэглэж болно, бүр дахин төрөл гэх мэт ойлголтуудад итгэдэггүй хэдий ч. Хуврагийн чуулганыг ерөнхийлөн үзэх үед бид хоосон чанарын талаарх ойлголтын бус мэдэхүйд хүрсэн арьяа (хутагт) төрөлхтөнүүдийг авч үзэх шаардлагагүй. Бид энэхүү чигийг гаргахаар хичээж байгаа бусад хүмүүс мөн байгааг мэдсэнээр түүнээс ердөө тодорхой хүч авч байж болно. Тэгэхээр, аврал айлтгах тухай ярьж байгаа үед өөртэйгөө ажиллах энэхүү маш суурь түвшин болох ийм аврал айлтгах тодорхой суурь түвшнээс эхлэх хэрэгтэй. Бид энэ чигт явах үед бид амьдрал дахь асуудлуудыг ердөө улам, улам цааш эмх цэгцгүй болгохоос эмээх ба бусадтай илүү холбоотой байхыг хичээн зүтгэж байгаа учраас бид өөрчлөлт гаргаж чадна гэсэн итгэлтэй байна. 

Ингээд, шат, шатаар, бид лам-рим сургаалын дагуу, өөрсдийн сэдлийг шалгах гэх мэтээр гэгээрэлд хүрэхээр зүтгэж болно. Гэвч, энэ аврал айлтгах үндсэн чиг нийт зам мөрийн цаана байна. Энэ бол суурь. Тийм үгүй бол, Бурханы шашны аргуудыг – ялангуяа дүрслэл хийх, тарни, уншлагын тэдгээр гүнзгий аргууд эдгээр бүх зүйлсийг хийх – боловч бид үнэхээр тэдгээрийг өөрийг өөрчлөх, өөрийн амьдралд тодорхой дэвшил гаргахаар ашиглахгүй байх байдлаар үйлдэх нь маш хялбар болдог. Бид тэдгээрийг ердөө ямар ч байж болох тодорхой шалтгаанаар хийж байх ба энэ нь амьдрал дахь өдөр тутмын нөхцөлүүдийг шийдвэрлэх хэлбэрт нөлөө үзүүлэхгүй байна. Энэ нь гол санааг, тэдгээр ямар ч бүтээлийн гол санаа болох өөрийн хувиралыг (өөрчлөлтийг) орхигдуулж байгаа явдал. Өөртэйгөө ажиллах, сул талаа арилгах, илүү олон сайн чанаруудыг төлөвшүүлэх, бусдад илүү тустай байх – эдгээр бүх Номын аргууд бидний өөрчлөлтөд дэмжлэг болох зорилготой. 

Тэгвэл, бодитойгоор бясалгал хийхэд бидний хэрэглэх хамгийн суурь аргууд юу байх вэ? Бясалгал гэдэг нь өөрийн амьдралд энэ аюулгүй чигийг гаргах ийм зуршлыг бий болгох гэсэн утгатай. Хэрэглэгддэг ерөнхий нэг арга байх бөгөөд үүнийг Ном сургаалд дурдах хэд хэдэн өөр төрлийн бясалгалуудад хэрэглэнэ. Энэ нь төсөөлөл хэрэглэх – Бурханы шашин дахь олон аргуудад төсөөллийг ашиглана – энэ удаа бид гурван үе шатаар, гурван өөр нөхцөлөөр, төсөөллийг хийнэ. Эдгээр нь: 

  • Хавцлаас унах
  • Хавцлын эрмэг дээр байх
  • Хавцлын эрмэгт хүрэх конвейерээр явах

Хавцал эсвэл олон давхар байшингийн дээврийн алийг хэрэглэх нь үнэндээ ялгаагүй. 

Эхэлж бид бидний унах гэж байгаа зүйл юу болохыг тодорхойлно. Бид зарим ерөнхий жишээгээр эхэлж болно; жишээ нь, сэтгэлийн хямрал, ганцаардал эсвэл бусдаас тусгаарлагдсан мэт сэтгэл. Эдгээр нь бидний унахаас эмээх бүх сэтгэлийн төлөвүүд. Жишээ нь, “Миний бие өндөр настай, ердөө гэртээ байхыг хүсэж байна, учир нь миний бие ганцаардсан, тусгаарлагдсан бөгөөд сэтгэл хямарсан байгаа” гэж бодох. Юуны түрүүнд, бид үүнээс эмээнэ, бид ийм зүйл тохиолдохыг үнэхээр хүсэхгүй. Цаашлаад, бид эдгээр сэтгэлүүд бидний хаалттай-сэтгэл, цаг үргэлж аливаад гомдоллох, зөвхөн өөрийн талаар бодох эдгээр сэтгэлээс үүдэлтэй болохыг ойлгоно. Үнэн хэрэгтээ, хэн ч ирсэн, ямар ч үед бид ердөө хамт байхад таагүй тийм сэтгэлийг тэдэнд төрүүлдэг.

Хоёрдугаарт, энэ зүйл тохиолдож байна, эсвэл тохиолдон үргэлжилнэ гэдгээс эмээхийн дээр бидэнд энэ зан байдлыг зогсоож, илүү сайн зуршлуудыг бий болгох боломжтой гэсэн итгэл байна. Бид бусдын талаар, “Хэрэв миний бие хүн бүхэнд энэ мэт байдлаар хандаж, тэд зөвхөн миний биеийн хамтаар байхыг хүсэхгүй байх төдийгүй миний тус зан байдал тэднийг итгэхийн аргагүй амар амгалан бус болгоно. Миний бие бусдад энэ зүйлийг туулахыг хүсэхгүй байна” хэмээн бодно. Тэгэхээр, эдгээр гурван-шаттай бясалгалаар, бид эхэлж, тэрхүү сэтгэлийн хямралд орж байна хэмээн төсөөлнө – бид аль хэдийн доош унах зам дээр байна хэмээгээд, “Тэгэхээр, миний бие үнэхээр энэ зүйл тохиолдохыг хүсэхгүй байна; миний бие энэ сэтгэлийн хямралаас зайлсхийх тодорхой аюулгүй чигийг өөрийн амьдралд гаргахыг хүсэж байна” гэж бодно. 

Ингээд дараагийн шат нь: бид сэтгэлийн тэрхүү таагүй төлөв байдалд орох тэр эрмэг дээр байна, “Тэгэхээр, миний бие ийм зүйл тохиолдохыг хүсэхгүй байна!” хэмээгээд бид тэр аюулгүй чигийг гаргана. Үүний дараа, гуравдахь шат нь, бид хавцлаас бага зэрэг зайд байх боловч хэрэв бид дээрх өөрсдийн байдлаар үйлдлүүдийг үргэлжлүүлэн хийвэл, бид тэр зүг чиглэнэ. Ингээд бид “Тэгэхээр, би зогсох ёстой. Миний бие явж болох боломжит аюулгүй чиг байгаа бөгөөд тэр чигийг би өөрийн амьдралд гаргая, өөртэйгөө ажиллая, ингэснээр миний бие бусадтай байх үед цаг үргэлж гомдоллохгүй болно” хэмээнэ. Энэ бол аврал айлтгах талаар бясалгах гурван шат бүхий хэлбэр. 

Мэдээж, бид үүнийг тамд унаж байгаагаар төсөөлж болох боловч бид өөрсдийн бясалгалыг бясалгалын тэрхүү сонгодог хэлбэрээр хязгаарлах шаардлагагүй. Тодорхой таагүй, тусгаарлагдмал сэтгэлийн хямралд орох – энэ нь бидний зайлсхийхийг хүсэх там хангалттай мөн. Сонгодог хэлбэр нь бид тамд унаж байна хэмээн төсөөлөх. Тэгэхээр, энэ бясалгалыг хийхээр оролдьё. 

Аврал айлтгах сургаалын талаар хийх гурван шат бүхий хөтөлбөрт бясалгал 

Ямар ч бясалгал хийхэд, эхэлж бид сэтгэлийг тайвшруулах хэрэгтэй байна. Үүнийг бид ихэвчлэн амьсгал дээрээ төвлөрөх байдлаар хийдэг. Амьсгал нэлээд тустай зүйл байдаг, учир нь бид амьсгал бүрийг гаргах ёстой, яагаад вэ гэвэл бид амьсгалыг үргэлж барьж чадахгүй. Бид амьсгалыг гаргах бүрдээ, аливаа хурцадмал байдал, бидэнд төрж байгаа аливаа бусад бодол зэргийг гарах амьсгалын хамтаар арилгахыг хичээнэ. Энэ нь биднийг тайвшрахад тусална. Энэ нь мөн биднийг өөрийн бие махбодтой холбох ба ингэснээр бид зөвхөн өөрийн бодлуудад төөрдөггүй, нэг үгээр хэлбэл, энэ нь бидэнд буурь суурьтай болоход тусална.     

Ингээд бид сэтгэлдээ сэтгэл хямарсан, ганцаардсан, тусгаарлагдсан, эсвэл тааламжгүй байх энэ сэтгэлийн төлөв ямар байхыг сэтгэлдээ төсөөлнө. Жишээ нь, “Хэн ч надад хайргүй” гэж санах сэтгэлийн төлөв. Бид тус сэтгэлийн төлөвийг бодитойгоор төрүүлэх шаардлагагүй, харин түүнийг ердөө санана. Ингээд бид “Энэ үнэхээр таагүй зүйл – сэтгэлийн таагүй төлөв байдал. Миний бие мэдээж үүнийг хүсэхгүй. Хэрэв ийм сэтгэлийн төлөв байдал үүсвэл миний бие таагүй байх болно” гэж бодно.

Ингээд, “Хэрэв миний бие үүнийг өөрчлөхгүй бол энэ надад тохиолдоно хэмээн би эмээж байна. Гэвч үүнийг өөрчлөх боломжтой гэж би итгэж байна. Хүний тархинд шинэ мэдрэхүйн холбоосуудыг бий болгох чадвар байдаг бол сэтгэл уян хатан. Өөрийн зуршлуудыг өөрчлөх – хүмүүсийг биднээс ердөө холдуулдаг тэдгээр таагүй хэв байдлаар үйлдэл үйлдэж, гомдоллохыг зогсоох боломжтой” гэж бодно.

“Миний бие өөрийн сэтгэлийг бусдад нээж чадна. Миний бие хаалттай байж, зөвхөн өөрийн талаар бодож, надад, надад, надад хэмээн өөрт тохиолдож байгаа бүх зүйлийн талаар гомдоллохыг хүсэж – өөр бусад хэний ч талаар анхаарахгүй байх шаардлагагүй.”

Ингээд бид, “Миний бие бусдын талаар мөн тэдэнд үзүүлэх өөрийн зан байдлын нөлөөний талаар анхаарна. Миний бие өөрийн биеэ авч явах байдлаараа бусдыг амар амгалан бус болгохыг хүсэхгүй байна” гэж бодно. Ийнхүү бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлнэ.

Ингээд дараа нь, бид өөрсдийг энэхүү сэтгэлийн хямрал, тусгаарлагдсан эсвэл ганцаардсан байх сэтгэлийн төлөв рүү орж (унаж) байна хэмээн төсөөлнө. Бид хавцлын ёроолд хараахан хүрээгүй байгаа боловч тийш чиглэж байна. Үүнээс эмээн, мөн бид өөрчлөгдөж чадна гэсэн итгэлтэй байж, мөн бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлсэнээр тэр үед бидэнд дараах хүчэй шийдвэр, дараах хүчтэй зорилго төрнө: “Миний бие өөрийн амьдралд тодорхой эерэг чиг гарган, өөрийн сөрөг зан байдлыг арилгахаар хичээе.” Энэ нь бид унаж байсан боловч одоо бид өөрийн чигийг өөрчлөн буцаж өөд нисэхийг хүсэж буй явдал. 

Үүний дараагаар бид өөрсдийг хавцлын эрмэг дээр байгаа, хавцлаас унах гэж буй тэр нэг нөхцөлд төсөөлнө. Дахин, бид хавцал руу унахаас эмээн “Аа золиг! Гэвч миний бие бусдын талаар санаа тавьж байгаа учраас миний бие үүнийг зогсоож чадна гэсэн итгэлтэй байна” хэмээн бодно. Ингээд унахыг зогоож буй тэр төлөвөөс бид нэг эерэг чигт явна. 

Ингээд гуравдугаарт, бид хавцлын эрмэгийн зүг явж байгаагаар төсөөлнө. Бид эрмэгт хараахан хүрээгүй байгаа боловч хэрэв бид өөрсдийн үйлдлүүдийг үйлдэж ирсэн тэр хэв маягийг үргэлжлүүлбэл энэ биднийг хавцлын эрмэг рүү улам, улам ойртуулна гэдгийг ойлгоно. Бид “Миний бие үүнээс зайлсхийхийг үнэхээр хүсэж байна, энэ үнэхээр таагүй. Тэгэхээр, би үүнээс зайлсхийх үүднээс, одоо өөрийн амьдралд энэ аюулгүй чигийг гаргая. Миний бие тэр эерэг чигт явж чадна гэсэн итгэлтэй байна, учир нь миний бие өөрийн хийж байгаа зүйлийн бусдад үзүүлэх нөлөөний талаар санаа тавьж байна” гэж бодно. Ингээд бид харин нэг аюулгүй зүгт чиглэнэ. 

Үүний дараа амьсгал дээрээ дахин төвлөрч бясалгалыг өндөрлөнө, ингэснээр бид сэтгэлийг буцаан тайвшруулна. 

Үндсэндээ, энэ бол аврал айлтгах талаар бясалгах бясалгалын бүтэц. Бид зайлсхийхийг хүсэх олон өөр өөр төрлийн там мэт нөхцөлүүдэд ордог бол нөгөө талаар бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганд өөрийг даатгах, тэдний бидэнд заах аюулгүй чигт явах гэдэг үүднээс эерэг чигт явах гэдгийн утгын талаарх илүү тодорхой ойлголтод хүрнэ. Гэвч бясалгалын бүтэц нь бидний хийсэн гурван дээрх гурван үе шаттай байна. Эхэлж бид бясалгалын бүтцийг ойлгох хэрэгтэй, дараа нь бид нарийвчилсан зүйлүүдийг баримтлана.

Асуулт хариулт

Айдсыг багтаагаагүй заавар байдаг уу? Миний бие удаан хугацааны туршид өөрийн амьдрал дахь зүйлсийн эерэг талуудыг хүчтэй болгохоор хичээсээр ирсэн. Айдас нь бүх зүйлийг хааж, сайн зүйлс гарах боломжийг олгодоггүй зүйл гэж миний бие бодож байна. 

Тэгэхээр, ийм учраас миний бие айдсын хоёр төрлийг хооронд нь ялгах нь чухал гэж боддог. “Ямар ч найдлага байхгүй байна. Би арга мухардлаа, миний хийж чадах зүйл байхгүй байна” гэх сэтгэлтэй хамт төрөх айдас байна. Энэ биднийг хөдлөх аргагүй болгодог, учир нь энэ маш сөрөг төрлийн айдас. Гэвч, эерэг төрлийн айдас байна. Энэ нь бидний зайлсхийхийг хүсэж байгаа зүйлээс зайлсхийх арга байгааг мэдэх явдал бөгөөд ингэснээр бид бидэнд арга байгаа гэдгийг ойлгодог. Энэ төрлийн айдас нь биднийг бидний туулахыг хүсэхгүй байгаа зүйлсээс зайлсхийхэд чиглүүлнэ. 

Жишээ нь, бид хуруунд орсон өргөс эсвэл нүд рүү орсон ямар нэг зүйлийг гаргах гэж байгаа үед “Тэгэхээр, миний бие үүнийг илүү муу болгож болно хэмээн эмээж байна! Гэвч хэрэв миний бие хянамгай байвал түүнээс би зайлсхийж чадна” гэж бодож болно. Бид ямар учраас хянамгай байхыг хүсэж байна вэ? Учир нь бид өөрийг гэмтээхийг хүсэхгүй байгаа. “Миний бие өөрийг гэмтээхийг хүсэхгүй байна” гэсэн хүчтэй сэтгэл байна. Үүнийг бид юу гэж нэрлэх вэ? Энэ айдас уу? Бид ердөө тэр зүйлээр нүд рүүгээ хатгах вий гэх зэргээс эмээж байдаг. Үүнийг бид юу гэж нэрлэх вэ? Энэ хүчтэй сэтгэлийг дүрслэх оновчтой үгийг тодорхойлох үнэхээр хэцүү. 

Миний бие “аймшиг” (англ. “dread”) гэдэг үгийг хэрэглэдэг. Орос хэлэнд ийм үг байдаг эсэх талаар миний бие мэдэхгүй байна, гэвч миний байнга хэрэглэдэг жишээ бол: “Миний бие үнэхээр таагүй уйтгартай хэн нэгэнтэй уулзахаар цаг тохирсон байгаа бөгөөд миний бие энэ уулзалтад үнэхээр явахыг хүсэхгүй байна, гэвч миний бие энэ уулзалтад явах ёстой. Миний бие уулзалтаас эмээхгүй байна, гэвч миний бие тийш явахаас эмээж байна” гэх. 

Миний бие сүүлийн үед дараах байдлаар бодож байгаа – бодол минь үргэлж өөрчлөгдөж байдаг – аймшиг төрөх гэдэг бол хангалттай хүчтэй сэтгэл хөдлөл биш байна. Жишээ нь, миний бие өндөр настаны асрах газар байж, миний бие дээр хэн ч зочлон ирэхгүй байх ба тэнд ердөө ганцаар суун, өөрт таагүй сэтгэл төрж байна гэх үед энэ нь аймшигтай санагдаж гэх энэ нь хангалттай хүчтэй үг биш. Нэг үгээр хэлбэл, миний биед энэ аймшигтай санагдаж байгаа боловч бүр илүүтэйгээр миний бие үүнийг дагжин чичирмээр зүйл хэмээн бодож байна. Миний бие ийм төрлийн сэтгэл төрөхийг үнэхээр хүсэхгүй байна. Энэ эмээх сэтгэл биш бөгөөд аймшигтай санагдах сэтгэлээс илүү хүчтэй сэтгэл. Тэгэхээр, миний бие одоо “дагжин чичрэх” гэх энэ үгийг хэрэглэж байна, учир нь энэ нь хүчтэй боловч биднийг ямар нэг үйлдэл хийх аргагүй болгохгүй тийм сэтгэл хөдлөл байх ёстой. 

Өөрөөр хэлбэл, энэ нь саад болох сэтгэлийн төлөв бус тус болох сэтгэл хөдлөл байх ёстой. Энэ үед, бид тэрхүү аймшиг төрүүлэх дагжаасан сэтгэлийг даван гарч, түүнийг аймшиг төрүүлэх, (айх) эмээх, эсвэл дагжих сэтгэл төрүүлэх энэ ерөнхий ангилалд багтах тустай сэтгэлийн төлөв болгохыг хичээнэ – биднийг ямар нэг зүйл хийх аргагүй болгох тийм сэтгэл бус, учир нь энэ сэтгэл бидний эмээж байгаа тэр зүйлээс зайлсхийх арга бий гэсэн итгэлтэй хамт төрж байна. Энэ нь зөвхөн сэдэл болох айдас бус. Энэ нь эмээх сэтгэл, түүн дээр нэмэгдэх, түүнээс зайлхийх арга байгаа гэсэн итгэл, тэдгээр дээр нэмэгдэх “Миний бие зөвхөн өөрийн талаар бодсоны улмаас бус харин бусдад илүү сайн туслахыг хүсэж байгаа тул, учир нь тэр зүйл зөвхөн миний биеийг бус харин хүн бүрд гэм хүргэх тул түүнээс зайлсхийхийг хүсэж байна! Хэрэв миний бие тамд суучихвал, тэнд хэд хэдэн галавын турш суучихвал хэрхэн бусдад тусалж чадах билээ?” гэсэн бодол байна. 

Гурван төрлийн итгэл байсныг санаарай, энд одоо нэгтгэе. Эхнийх нь шалтгаан дээр суурилсан – бид өөрчлөгдөж чадна, үүнд итгэлтэй байх нь учир шалтгаан дээр суурилсан байна. Мэдээж, бид өөрчлөгдөж, сөрөг зан байдлаас зайлсхийж чадах нь ойлгогдохуйц. Итгэлийн төөрөгдөл үгүй төрөл нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулах ямар нэг сэтгэл хөдлөлийг арилгах итгэл байна. Тэгэхээр, ямар нэг арга байхгүй мэт сэтгэл төрүүлэх өмнө ярилцсан тэр төрлийн айдас нь айдсын сөрөг тал болох байх болов уу; хэрэв бид, бид өөрчлөгдөж чадна, бидний дагаж болох итгэж болохуйц арга бий гэсэн итгэлтэй байвал бидэнд дээрх ямар нэг арга байхгүй мэт сэтгэл төрүүлэх тэр айдас төрөхгүй. Бидэнд айдсын зөв хэлбэр байна. Ингээд горил бүхий төрөл болох итгэл байх ба энэ үед бидэнд “Миний бие тус чигээр явах боломжтой бөгөөд тэр чигт явахаар зорьж байна” гэсэн сэтгэл төрнө. 

Миний хувьд өөрийн там мэт нөхцөлүүийг дүрслэн бодох хэцүү байдаг, учир нь энэ нь тийм их айдас төрүүлдэггүй. Тэгэхээр, энэ тохиолдолд, жишээ нь, бидний нийгмийн том асуудлуудыг төсөөлөх боломжтой юу? Жишээ нь, дайнд оролцох чадвар гэх мэт, эсвэл энэ нь ердөө өөрийн хувийн бодит асуудлуудаас зайлсхийх миний сэтгэлийг нэг оролдлого болох уу? 

Дээрхийн гэгээн Далай лам, дайн гэх мэт нийгмийн өргөн хэмжээний асуудлуудын үүднээс бодох хэрэгтэй гэж үргэлж хэлдэг. Гэвч, энд бидний үзүүлж чадах нөлөө нь өөрсдөөсөө эхлэх явдал байна. Ийм учраас эхэн үедээ анхаарах гол анхаарал нь өөртэйгөө ажиллаж эхлэх бөгөөд улмаар үүнийг өөрийн эргэн тойрны тэдгээр хүмүүс рүүгээ улам улам тэлнэ. Энэ бол нийгмийн тодорхой алгуур өөрчлөлтийг гаргах хэлбэр, учир нь бидний ихэнхэд нийгмийн томоохон өөрчлөлт хийх чадвар байдаггүй.

Дайны нөхцөлд байгаагаар бодох үед, дайн юунаас үүддэг вэ? Энэ нь өөрийн байр суурьт хэт дасан, нөгөө талын байр суурийн талаар бодохгүйгээр уурлах уураас үүсдэг. Энэ үед бид үүнийг өөр дээрээ ашиглана. “Миний бие бусад хүмүүстэй маргалдах үед, энэ нь буугаар буудах явдал, дайн биш байж болох ч энэ адил зүйл байна – бусад хүмүүсийн бодол, тэдэнд ямар сэтгэл төрж байгаа зэргийг бодохгүйгээр өөрийн талыг хэт баримталснаас гарах уур байна.”

Өөрөөр хэлбэл, хэрэв бид дайн хийхээс эмээж байвэл – тэгэхээр, бид түүнээс үр дүнтэйгээр зайлсхийх юу хийж болох вэ? Бид гарч жагсаал хийж болно, гэвч хэдийгээр энэ нь бидний сэтгэлийг бага зэрэг өргөж болох боловч, бид үнэндээ асуудлын гүн рүү ороогүй байна. Асуудлын гол эх сурвалж нь өөрийн талыг хэт баримтлах баримтлал болон уур байна. Энэ нь бид ердөө өөртэйгөө ажиллах тэдгээр чанарууд. Тэгэхээр, бид бидний хийх зүйл – өөртэйгөө ажиллах явдал – тус болно гэсэн итгэлтэй байх ёстой. Бид энд хоёр шалтгааныг авч үзнэ, сэдлийн хоёр хэсэг – “Миний бие өөрийн уур бухимдлаас эмээж байна, мөн миний бие миний хийж байгаа зүйл, одоо, миний өөрийн биеэр туулж мэдэрч болох үнэхээр үр нөлөөтэй байна гэсэн итгэлтэй байна” гэх явдал. Өөртэйгөө ажиллах нь нийгэмтэй ажиллахаас илүү хурдан үр дүнг авчирна. Нийгмийн өөрчлөлтүүд асар их хугацаа шаарддаг. 

Бид бидний толгой дээр атомын бөмбөг унах вий хэмээн эмээж болно, гэвч түүнээс зайлсхийхийн тулд бид юу хийж болох вэ? Сандал доор нуугдах уу? Юу хийж болох вэ? 

Атомын бөмбөгийн талаар эмээх энэ айдсыг шийдвэрлэхэд аврал айлтгах явдал ямар байдлаар туслах вэ? Аврал айлтгах нь бидний өөрийн сэтгэлийн төлөв байдлуудыг шийдвэрлэхэд хэрхэн туслах вэ?                              

Дахин хэлэхэд, “Бидний нөлөө үзүүлж чадах зүйл юу вэ?” гэдэг үүднээс бодох. Өөрөөр хэлбэл, бодит хандлагатай байх. Тэгэхээр, “Миний толгой дээр атомын бөмбөг унах вий хэмээн миний бие эмээж байна. Гэвч, тэрхүү бөмбөг унахаас сэргийлэхээр миний хийж чадах зүйл маш бага байна” гэнэ. Үүнээс эмээх нь ямар нэг тус хүргэхгүй, энэ нь ердөө биднийг амар амгалан биш болгоно. Шантидэва гэгээний зөвлөсөн зөвлөгөө, хэрэв бидний өөрчилж чадах ямар нэг зүйл байвал ямар учраас тэр талаар хямарч, санаа зовно гэж, ердөө түүнийг өөрчил. Мөн хэрэв тэр нь бидний өөрчилж чадахгүй ямар нэг зүйл бол, учир нь тэр нь бидний чадлаас давсан зүйл бол, ямар учраас хямарч, санаа зовно гэж; энэ мөн тус болохгүй. 

Энэ үед, бид анхаарах зүйлээ өөрчилсөн байна; өөрийн толгой дээр бөмбөг унах явдлаас өөрийг аврахыг хичээхийг хүсэхийн оронд бид өөрсдийг тэр айдсаас хамгаалахыг хүснэ, айдсаас төрөх амар амгалан бус байдлаас. Айдас нь бидний ажиллаж болох зүйл – тэгэхээр, хэрэв бидний хийж чадах ямар нэг зүйл байвал, түүнийг хийх. Хэрэв бид тэр талаар ямар нэг зүйл хийж чадахгүй бол, бөмбөг бидний толгой дээр унаагүй байгаа энэ хооронд хамгийн сайн амьдрах хэрэгтэй. Нас эцэслэх нь хэзээ нэгэн цагт ирнэ – бид машинд мөргүүлж болно; бидний толгой дээр атомын бөмбөг заавал унах албагүй. 

Бид атомын бөмбөгийг үгүй болгохыг хичээхээс илүүтэй айдсыг арилгахаар хичээхээр анхаарлаа өөрчилнө. Өөртэйгөө ажиллах нь бидний хийж чадах зүйл. Жишээ нь, хэрэв гал гарвал бид өөрсдийгөө аврахаар байшингаас гүйн гарч, хүүхдүүдээ мартаж магадгүй гэж эмээх явдал. Тэгэхээр, энэ бидний ажиллахыг хүсэх зүйл, ингэснээр энэ айдас болон зөвхөн өөрийн талаар бодох бодол бидний гэр бүлийн бусад хүмүүсийн талаар анхаарах анхаарлыг баллахгүй. Энэ бол төлөвшүүлэх хэрэгтэй сайн төрлийн айдас – хэт хувиа хичээн, ердөө өөрийг аврах талаар бодох вий гэх айдас. 

Хэрэв бид бусдын төлөө санаа тавьж эмээж, үүний зэрэгцээ бид тэдэнд хэрхэн туслахыг мэдэхгүй байвал энэ төрлийн айдас нь саад уу, эсвэл үгүй юу? 

Энэ нь бид хэзээ ч сурч чадахгүй гэх санах, эсвэл бид Бурхан болж чадна, ингэснээр бусдад туслах боломжит арга бүрийг мэднэ хэмээн зорих эсэхээс шалтгаална. Бид энэ чигт явах алхамуудыг хийх хэрэгтэй. Эхний алхам нь бусдын хэлж буй зүйлсийг бодитойгоор сонсох. Бидэнд хамгийн сайн зүйл нь бусдад хамгийн сайн хандах явдал гэж ердөө төсөөлөхгүй байх. Тэднийг сонс, тэднийг тэдний талаас ойлгохыг хичээх. Гэвч, энэ тийм хялбар биш. 

Бид энэхүү гурван-шаттай аргыг аврал айлтах тухай сургаалын талаар бясалгалгахдаа, бидний зайлсхийхийг хүсэж байгаа эмээх сэтгэл төрүүлэх тэдгээр нөхцөлүүд тус бүрийн талаар бодох байдлаар дарууллан хэрэглэдэг. Тэдгээрийн заримыг бид өмнөх лекц дээр авч үзсэн – жишээ нь, бусдад хор хүргэх байдлаар үйлдэл хийх, сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүдийг төрүүлэх, бусдад уур бухимдал төрүүлэх эсвэл тэдэнд сэтгэл хэт дасах байдлаар тэдэнд өөрийг нь хязгаарлаж буй нөхцөлд оруулж байгаа мэт таагүй  сэтгэл төрүүлснээр тэд биднээс холдох зэргээр бусдыг өөрөөс холдуулах гэх мэт. Мөн жишээ нь, өөрийн тусыг бусдад тэсгэлгүй хүчээр тулгаснаар, тэдэнд өөрийг нь хязгаарлаж байгаа нөхцөлд оруулж байгаа мэт таагүй сэтгэл мөн адил төрүүлснээр тэд дургүйцэн, “Цаг үргэлж надад юу хийхийг минь заахаа боль!” хэмээнэ гэх мэт. 

Цаашилбал, энэ нь бидний өөрийн талаар цаг үргэлж бодох сэтгэл байж болно – юмсыг үргэлж өөрийн хүссэн байдлаар хийхийг хүсэх – “Миний бие, үргэлж миний зөв байдаг, тийм хүн” гэхтэй адил. Зан байдлын ийм хэлбэрүүдийг хяналтгүйгээр дахин дахин давтах, бусдад хэрхэн хамгийн сайн туслахыг мэдэхгүй байснаар бид буруу шийдвэр гаргаж, хэрэггүй эсвэл муу зөвлөгөө өгдөг. Лам-рим сургаалын үе шатуудын дагуу суралцаж байх явцдаа бид үе шат тус бүрд аврал айлтах тухай сургаалын энэ суурь санааг ашиглаж болно. Ингээд бид магад гарах сэтгэл буюу (зовлонгоос бүрэн) гэтлэх шийдвэр, эсвэл бодь сэтгэл зэргийг нэмж болох ба энэ нь ердөө бидний аврал айлтгах тухай сургаалын талаарх ойлголтыг хүчтэй болгоно. Гэвч, бүтэц нь адил байна. Аврал айлтгах тухай сургаал нь бүх зүйл багтах сагс байна. 

Бид мөн үүнийг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд дээр хэрэглэж болно, ердөө тухайн аргыг бид ойлгосон эсэхийг баттай мэдэх үүднээс. Жишээ нь, бусдад уурлах, тэвчээргүй байх, бухимдах, өс санах эсвэл дээрэлхэх гэх мэт сэтгэлийн таагүй төлөвүүдийг авч үзье. 

Бид мөн адил эхэлж амьсгал дээр анхаарлыг төвлөрүүлэх байдлаар сэтгэлийг тайвшруулна. Ингээд, тухайн нөхцөлийн талаар бодно. Гэвч, бид түүнийг дүрслэх шаардлагагүй, харин сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн улмаас бусдад маш ихээр уурлаж, ихээхэн маргаан үүсгэж байгаа ийм нөхцөлийн талаар ердөө төсөөлж эсвэл бодно. Бид үнэхээр түрэмгий байснаар бидний зан байдал ердөө бусдыг биднээс цааш түлхэнэ. 

Бид дотроо, “Энэ бол надад байх миний зан байдлын хэлбэр бөгөөд миний бие үүнээс үнэхээр эмээж байна. Энэ миний үнэхээр үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа зүйл. Үүний надад үзүүлэх нөлөө мөн миний харилцаж байгаа бусад хүмүүст үзүүлэх нөлөөнөөс эмээж байна – энэ үнэхээр аймшигтай! Гэвч миний бие, би өөрчлөгдөж чадна гэсэн итгэлтэй байна. Өөрчлөгдөх боломжтой. Миний бие өөртэйгөө ажиллая. Хэрэглэж болох олон арга бий; энэ бол ердөө тэдгээрийг хийж, хэрэгжүүлэх эсэх асуудал. Бурхан багш уур бухимдлыг арилгах олон аргуудыг заасан бөгөөд тэдгээр нь үр дүнтэй байдаг. Миний бие өөрийн сул зан байдал болон бусдад тэвчээргүй хандлагаас бусдад гэм хүргэж байгааг зогсоохыг хүсэж байна” хэмээн бодно.   

Одоо бүгдээрээ, хавцлаас унаж байх эхний төсөөллийг хэрэглэцгээе, аль хэдийн унаж байгаагаар. Үүнтэй холбогдох бодит амьдарлын нөхцөл юу байж болох вэ? Энэ нь бид хэн нэгэнтэй харилцаж байх бөгөөд бид улам, улам уурлан, тэвчээргүй болж байх нөхцөл байна. Тэгэхээр бид аль хэдийн энэ хэлбэрт орж, улмаар хоёр тал маш том маргаанд орох, хавцлын ёроолд бараг хүрч байна. Бид үүнээс үнэхээр зайлсхийхийг хүсэж байгаа бөгөөд энэ байдал аймшигтай зүйл болно хэмээн бодно. 

Ингээд бид түүнийг зогсооно. Бид өөрийн эерэг чигийг гарган, уурлаж бухимдахгүй байх бүх аргуудыг хэрэглэнэ. Бидний бүхий л яриа бидний түүнийг орохгүй байхыг хүсэх тэр маш буруу чигт явж байгаа учраас бид түүнийг зогсоож байгаа. Бид энэ нь ердөө бидний сэтгэлийн тайван байдлыг алдагдуулж, мөн нөгөө хүн мөн өрөөн дотор байгаа бусад бүх хүмүүсийн сэтгэлийн тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг ойлгоно. Бид энэ бидний ердөө хүсээгүй зүйл гэдгийг тодорхойлно. Ингээд бид тус маргааныг цааш гүнзгийрүүлэхээс зайлсхийх энэ аюулгүй чигт зүглэнэ. 

Ингээд, хоёрдугаарт, бид хавцлын эрмэг дээр байгаагаар, түүнээс унах гэж байгаагаар төсөөлнө. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь нөгөө хүн бидний хоорондын харилцан яриандаа бидэн рүү маш түрэмгий ямар нэг зүйлийг хэлснээр бид одоо тэвчээр алдаж, уурлаж бухимдахын яг эрмэг дээр байна гэсэн үг. Энэ үед, бид, энэ цаг мөчид миний бие том маргаанд орох, унахыг үнэхээр хүсэхгүй хэмээн бодож, өөрийн амьдралд энэ аюулгүй чигийг гаргана. 

Ингээд бид хавцлын эрмэг рүү дөхөх гуравдахь нөхцөлийн талаар бодно. Энэ нь бид тухайн хүнтэй уулзахаар явж байгаа бөгөөд бид аль хэдийн өөрийг хамгаалах сэтгэл зүйтэй байгаа. Бид тэнд маргана гэдгийг бид мэдэж байгаа. Гэвч, бид маргаж хараахан эхлээгүй байгаа боловч аль хэдийн маргахад бэлэн энэ сэтгэлийн төлөвт орсон байгаа; бид өөрийг хамгаалах сэтгэл зүйтэй, түрэмгий, өөрийн санааг шахахад бэлэн байгаа. Уурлаж бухимдан, маргаан үүсгэх тэр эрмэгт бүр хүрэхийн өмнө бид, үгүй, миний бие өөрийн амьдралд аюулгүй чигийг гаргана хэмээн шийднэ. Миний бие тухайн хүнтэй сэтгэлийн тэр төлөвөөр уулзаж, маргаан үүсгэхгүй, учир нь миний бие уур бухимдлын энэ эрмэг рүү үргэлжлүүлэн явсаар тэр хүний сэтгэлийн тайван байдлыг бас алдагдуулахыг хүсэхгүй байна гэнэ. 

Тэгэхээр, энэ бол бидний явахыг хүсэх аюулгүй чиг – уур бухимдлаас зайлсхийхээр өөртэйгөө ажиллах. Бид “Миний бие уур бухимдлын үүсгэдэг зүйлээс эмээж байна, миний бие үүнийг даван гарч чадна гэсэн итгэлтэй байгаа бөгөөд миний биеийн уурлаж бухимдах үеийн бусдад үзүүлэх нөлөөний талаар санаа зовж байна, ингээд миний бие бусдад гэм хор хүргэхийг хүсэхгүй байна” хэмээн бодно. 

Төгсгөлд нь, бид амьсгал дээрээ анхаарлыг дахин төвлөрүүлнэ. 

Зориулга ерөөл 

Бясалгалын төгсгөлд зориулга ерөөл тавьж байх нь үргэлж тустай: “Энэ бүхэн өөрийн уур бухимдлыг үнэхээр даван гарах шалтгаан болох болтугай; энэ бүхэн өөрийн амьдралд аюулгүй чиг гаргаснаар хүн бүрд хамгийн сайн тус болж үнэхээр чадах шалтгаан болох болтугай.” 

Хэрэв бид энэ бүхнийг үнэхээр бүрэн болгохыг хүсвэл, бид сэдлээр (хотол өдөөлт) эхэлнэ. Бид анхаарлыг амьсгал дээр төвлөрүүлэх байдлаар сэтгэлийг тайвшруулсны яг дараагаар сэдлээ засаж талбина. Бид “Миний бие бусдад илүү их тустай байж, уур бухимдлаар үнэхээр олон асуудлуудыг үүсгэхгүй байх үүднээс өөрийн сөрөг зан байдал, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдтэй ажиллахыг хүсэж байна” гэж бодно. Ингээд бясалгалынхаа төгсгөлд зориулга ерөөл тавина. 

Top