Аюулгүй чигт явах боломж

Одоогоор хараахан үр дүн нь гараагүй байгаа тэдгээр үр дүнг гаргах нь 

Өмнөх семинар дээр миний бие шалтгаант болон үрийн аврал буюу аюулгүй чиг гэж байна хэмээн дурдсан. Шалтгаант аюулгүй чиг нь Бурхад болон аръяа нарын хүрсэн үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлийг бидний явах аюулгүй чиг болгох явдал. Тэдгээр дээр анхаарах нь биднийг өөрсдөө тэдгээр үнэнд хүрэх шалтгаан болно. Үрийн аюулгүй чиг нь бидний өөрсдийн бүтээлийн үр дүн болох, бидний өөсрдийн хүрэх үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд. 

Бидний ойлгох хэрэгтэй зүйл бол тэдгээр үнэнүүдэд хүрэх өөрийн ирээдүйн үйл явцыг хэрхэн анхаарах явдал. Энэ нь үнэндээ ямар утгатай вэ? Бидний хийж байгаа зүйл одоогоор хараахан тохиолдоогүй (үр дүн нь гараагүй) байгаа боловч тохиолдох боломжтой тийм зүйлд зорьж байна, тэр нь хэзээ ч тохиолдохгүй (үр дүн нь гарахгүй), боломжгүй зүйл биш байна. Мөн, оршихгүй ямар нэг зүйлд зорих болон хараахан тохиолдоогүй (үр дүн нь гараагүй) байгаа ямар нэг зүйлд зорих хоёрын хооронд ялгаа бий. Энэ нь Бурханы шашинд гарган авч үздэг ялгаа, энэ бага зэрэг нарийн ойлголт. 

Орших зүйл нь бидний хүчин төгөлдөр мэдэж чадах зүйлээр тодорхойлогдоно. Өчигдөр оршдог уу? Тэгэхээр, энэ талаар бид бодож чадна, түүнийг санаж чадна, гэвч өчигдөр тохиолдохоо больсон байна. Ердөө тэр одоо тохиолдоогүй байгаа нь өчигдөр оршдоггүй эсвэл хэзээ ч оршиж байгаагүй гэсэн үг биш. 

Маргаашийн хувьд ямар байх вэ? Маргааш гэдэг зүйл байдаг уу? Энэ оршдог уу? Тэгэхээр, бид түүнд зориулан төлөвлөж болох боловч маргааш хараахан тохиолдоогүй байна. Тийм, маргааш гэх зүйл байна; энэ оршдог, гэвч энэ ердөө хараахан тохиолдоогүй байна. Энэ огт ирэхгүй биш, гэвч энэ нь өнөөдрөөс гарна. Энэ талаар бодож үзнэ үү. 

[Бясалгал] 

Бид өөрсдийн Бурханы шашны бүтээлдээ, бидний өндөр нас, бидний мөнх бусыг үзүүлэх цаг гэх мэт хараахан тохиолдоогүй байгаа зүйлсэд үргэлж бэлдэж байдаг. Хэдийгээр тэдгээр нь одоо тохиолдоогүй байгаа ч тэдгээр нь яваандаа тохиолдоно. Жишээ нь, бид бодь сэтгэлийн тухай ярих үед, бид өөрсдийн хараахан-тохиолдоогүй байгаа гэгээрлийн тухайд зорьж байдаг. Энд, үрийн авралын хувьд, бид бидний хүрч чадах, хараахан-тохиолдоогүй байгаа үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлийн талаар ярьж байдаг. Тэдгээр үнэнд хүрэх нь бид аръяа төрөлхтөн болохоос эхлэн, Бурханы хутагт хүрэх хүртэл үргэлжилнэ. Бидний хараахан хүрээгүй байгаа аръяа төрөлхтний зам мөрийн дагуу хүрэх эдгээр хараахан-тохиолдоогүй байгаа үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүдэд зорих нь биднийг бидний хараахан-тохиолдоогүй байгаа гэгээрэлд бодь сэтгэлээр зориход бэлдэнэ. Энэ нь, их сургуульд суралцаж эхлэх үед бид хараахан-тохиолдоогүй байгаа бүх курсын хичээлийн шалгалтуудыг амжилттай өгөх болон бидний хараахан-тохиолдоогүй байгаа эрдмийн зэргээ авахад зорихтой адил. Эдгээр зүйлсийн аль нь ч хараахан тохиолдоогүй байгаа боловч энэ бидний явах чиг – хараахан-тохиолдоогүй байгаа үе шатууд болон хараахан-тохиолдоогүй байгаа эцсийн үр дүн.                

Үүнийг хийхэд, бид орших ямар нэг зүйлд зорьж байдаг, өөрөөр хэлбэл бид тэдгээр үе шатууд болон үр дүнд хүчин төгөлдөр зорьж болно, бид маргааш дээр анхаарч болдогийн адил, хэдийгээр тэр нь хараахан тохиолдоогүй байгаа боловч. Тэгэхээр, өөрийн амьдралд авралын аюулгүй чигийг гаргах нь, бид ямар нэг оршихгүй зүйлд зорьж байгаатай адил биш, тэр нь эцэстээ тохиолдох боломжгүй тийм зүйл биш байна. Энэ нь гарцаагүй биш боловч, хараахан-тохиолдоогүй байгаа үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлүүд нь шаардлагатай бүх нөхцөлүүд бүрдэх үед бидний сэтгэлийн үргэлжлэл дээр одоо-тохиолдох нь боломжтой.      

Маргааш байхыг бид чухам хэрхэн мэддэг вэ? Энэ юун дээр суурилдаг вэ? Маргааш өнөөдөр дээр суурилна. Өнөөдөр нь цаг шөнийн 12 цагийг цохих нөхцөл гарах үед маргааш болох чадамжтай. Хараахан-тохиолдоогүй байгаа маргааш, үүнийг бид Бурханы шашинд, тэрхүү чадамжийн суурин дээр “нэрлэсэн үзэгдэл” гэдэг. Нэрлэсэн (нэрийдсэн) үзэгдэл гэдэг нь, тухайлбал, ямар нэг суурьтай холбоотой бөгөөд тухайн сууриас тусдаа бие даан оршиж эсвэл түүнийг мэдэж болохгүй зүйл байна. Хараахан-тохиолдоогүй байгаа маргааш нь одоо-тохиолдож байгаа маргааш болж гарахын тулд өнөөдрийн чадамжаас тусдаа оршиж эсвэл түүнийг тус чадамжаас тусдаа мэдэж болохгүй. Энгийн үгээр хэлбэл, өнөөдөр байхгүйгээр маргааш байж болохгүй бөгөөд Дэлхийн нэг бүтэн эргэхүйгээр, өнөөдөр нь маргааш болж гарахгүй. Энэ талаар бодож үзэцгээе. 

[Бясалгал] 

Сэтгэлийн үргэлжлэлийг авч үзэх үед, бидний өчигдөр туулсан, өнөөдөр туулж байгаа болон маргааш туулах зүйлийн нэг дараалал байна. Бидний өнөөдөр туулж байгаа зүйл дээр суурилсан бидний маргааш туулж болох зүйлийн чадамжууд байна. Жишээ нь, бидний номын нэг бүлгийг уншиж байгаа болон бидний маргааш цааш унших санаа, мөн номыг уншиж дуусгах дээр суурилснаар бидний хараахан-тохиолдоогүй байгаа номын бусад бүлгийг унших болон номыг уншиж дуусгах нь бидний тэдгээрийг хийх чадамж дээр суурилсан нэрийдсэн үзэгдэл болно. Мэдээж, бидний хараахан-тохиолдоогүй байгаа номын үлдсэн хэсгийг унших явдал гарахад олон таатай нөхцөлүүд байх шаардлагатай. 

Мөн, маргааш нь ердөө өнөөдрийн дотор, цаг шөнө дундад цохихыг хүртэл хүлээн байж байдаггүйтэй адил, бидний маргааш туулах зүйл нь бидний өнөөдрийн туулж байгаа зүйлсийн дунд байж байдаггүй. Тус зүйрлэл оновчтой биш хэдий ч, маргаашийн одоо-тохиолдож байгаад шаардлагатай цор ганц нөхцөл нь Дэлхий тэнхлэгээ тойрон эргэсээр байх явдал. Энэ үйл явц явагдах нь нэлээд баттай. Бидний маргааш туулах зүйл тийм их баттай биш – жишээ нь, бид өнөөдөр орой нас эцэслэж болно. Гэвч, хэрэв нөхцөлүүд нь таарсан тохиолдолд бид өнөөдөр бидэнд байгаа, хүрэх чадамж болон санааг буюу хараахан-тохиолдоогүй байгаа хийх зүйлүүдийг бодитой хийж чадна.   

Бидний Бурханы (бурханлаг)-мөн чанарын хүчин зүйлүүд: Бидний эерэг хүч болон гүн мэдэхүйн сүлжээ 

Аврал айлтгах тухайд бид ямар чадамжуудын талаар ярьж байдаг вэ? Бид нэг Бурханы Гэгээрсэн бие болон гарах өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээрх Бурханы-мөн чанар болох хүчин зүйлсийн чадамжуудын талаар ярьж байдаг. Бурханы лагшингууд болон гарах чадамж бүхий хүчин зүйлс нь бидний “хоёр чуулган” хэмээн нэрлэдэг, миний биеийн хувьд “хоёр сүлжээ” хэмээн нэрлэдэг зүйл байна. Эдгээр хоёр нь бидний эерэг хүч болон гүн мэдэхүйн сүлжээ байна (буяны болон билгүүний чуулган). 

Бидний сэтгэлийн үргэлжлэлүүд дээр тодорхой хэмжээний эерэг хүч байгааг бид мэдэж байдаг, учир нь бидний туулах бүх эгэл амар амгалан нь (эгэл амар амгалангаар туулж байгаа бүх зүйлс) нь бидний өмнө үйлдсэн эерэг үйлүүдээр хураагдсан эерэг хүчний үр дүнд боловсрон гараад байгаа. Хэрэв бид өөрийн амьдралд ямар нэг байдлаар амар амгалан туулсан бол энэ нь боловсрон гарах чадамж бүхий тодорхой эерэг хүч бидний сэтгэлийн үргэлжлэл дээр байсан учиртай. Бидний сэтгэлийн үргэлжлэлүүд дээр мөн тодорхой гүн мэдэхүй байна, учир нь бүр гутлын үдээсийг хэрхэн үдэхийг мэдэх гэх мэт зүйлсийг ойлгох бидний ойлголт бидний тэрхүү гүн мэдэхүйн чадамжаас гараад байгаа. 

Эдгээр Бурханы-мөн чанар, эдгээр хоёр сүлжээ хаана байдаг вэ? Тэд бидний сэтгэлийн үргэлжлэл дээр байна; тэд түүний хэсэг. Тэдний хараахан-тохиолдоогүй байгаа үр дүнгүүд нь тэдний чадамж дээр суурилсан нэрийдсэн үзэгдлүүд байна: Дүрст лагшингуудын ил түвшний Бурхан эрдэнэ нь эерэг хүчний сүлжээний чадамжаас гарна; харин Гүн мэдэхүйн Номын лагшингийн үнэн зам мөрийн сэтгэлүүдийн гүн түвшний Бурхан эрдэнэ нь гүн мэдэхүйн сүлжээний чадамжаас гарна. Эдгээрт хүрэх нь дээрх сүлжээнүүд бүрэн хураагдах үед тохиолдоно. Бидний сэтгэлийн хоосон чанар нь  гүн түвшний Бурхан эрдэнийн хоёрдахь тал буюу Үндсэн мөн чанар Номын лагшин болох үнэн хорихуй болон үлдэх оршин байх-Бурханы-мөн чанарын хүчин зүйл. 

Эдгээр хүчн зүйлс одоогоор ердөө багахан үр дүнгүүдийг – эгэл амар амгалан болон эгэл ойлголтуудын тодорхой тохиолдлуудыг гаргаж байна. Жишээ нь, бид тахиа болон төрсөн үед тэдгээр үр дүнгүүд бүр бага байсан байна. Гэвч, тэдгээр сүлжээнүүд бүрэн сүлжилдэж гүйцэх үед тэдгээр нь бидний Бурханы (бие) лагшин болон гарна. 

Хоёр сүлжээг хураах

Бид өмнө гүн мэдэхүйн талд хамаарах зарим Ном сургаалын талаарх оюуны талын ойлголтыг хэрхэн авч болох, гэвч тэр нь хэрэв бид өөрийн сэтгэлийг нээж, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл зэргийг төлөвшүүлснээр гарах эерэг хүч бүхий сэтгэл хөдлөлийн талыг хураахгүй бол бидэнд сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг авчрахгүй болох талаар ярилцсан. Бид эдгээр хоёр сүлжээг хамтад нь хураах хэрэгтэй хэмээн ярих үед, нэлээд бүдүүн тойм байдлаар хэлбэл, бид энд ямар нэг ойлголтын мэдлэг болох тал болон сэтгэл хөдлөлтэй холбоотой талын талаар ярьж байна. 

Бидний өмнө ярьсан тархины өөрийн мэдрэхүйн шинэ холбоосуудыг бий болгох чадвартай холбоотойгоор, илүү их асрал хайр, ойлголтууд гэх мэт зүйлс бий болох боломжтой гэдгийг бид мэднэ. Сэтгэл болон уураг тархи уян хатан. Асрал хайр болон ойлголтыг хамтад нь хурааснаар, бид эдгээр хоёр сүлжээний чадамжийн суурин дээр өөрийн хараахан-тохиолдоогүй байгаа үнэн зам мөрийн сэтгэл болон үнэн хорихуйд хүрэх үйл явц нь одоо-тохиолдож байгаа үнэн зам мөрийн сэтгэл болон үнэн хорихуй болж гарах нөхцөлүүдийг бий болгоно. Гэвч эдгээр үнэнд хүрэх үйл явц нь зөвхөн тэдгээр хоёр сүлжээ хангалттай хүчтэй байх үед гарна.  

Энэ нэлээд ойлгоход бэрх, гэвч бид өөрсдийн таван настай байхыг үеийн талаар бодож үзэх хэрэгтэй, бид “Миний бие өсөж том болох хүртэл би хүлээж чадахгүй байна, миний бие үнэхээр өндөр болно” гэх зэргээр бодож байсан. Бидний насанд хүрсэн бие болон сэтгэл нь бидний одоо-тохиолдож байгаа таван-настай байх бие болон сэтгэлийн суурин дээр нэрлэсэн үзэгдэл. Насанд хүрсэн байх нь хараахан тохиолдоогүй байгаа боловч хүүхдийн хувиар бид түүний талаар хүсэж байсан.  

Гэвч насанд бүрэн хүрсэн байх нь нэг шөнийн дотор тохиолдоггүй. Бид үе шатуудыг дамжих хэрэгтэй, хүүхэд байхаас, өсвөр насны хүүхэд, түүнээс насанд хүрсэн хүн болох хүртэл. Үүний адил, Бурхан болж өсөхийг хүсэхийн хувьд бид одоогоор бага насны хүүхэд адил байна. Аръяа төрөлхтөн болох нь өсвөр насны хүүхэд болохтой адил, мөн насанд хүрсэн хүн болох нь Бурхан болохтой адил. Эдгээр үе шатууд одоо хараахан тохиолдож байгаа үгүй боловч, эдгээр хараахан-тохиолдоогүй байгаа үе шатууд нь бидний сэтгэлийн үргэлжлэл дээр одоогоор дээрх хоёр сүлжээний хэлбэрээр байгаа тэдний шалтгааны чадамжуудын суурин дээрх хүчин төгөлдөр нэрлэсэн үзэгдэл байна.            

Хүүхэд байх үед бидэнд насанд хүрсэн хүн болох боломж олгох тэдгээр механик материалууд байна; бидэнд бие болон сэтгэл байдаг. Тэгэхээр, шат, шатаар, зохих нөхцөлүүд байх үед, тэдгээрийн аль аль нь өсөх боловч бид энэ үйл явц явагдах шалтгаануудыг хангаж өгөх хэрэгтэй. Жишээ нь, насанд хүрэх хүртэл бид хооллох, унтаж амрах мөн өөрийн эрүүл мэндийг анхаарах ёстой. Үүний адил, аръяа төрөлхтөн болж улмаар Бурхан болох хүртэл бид тэдгээрийн шалтгаануудыг хүчтэй болгохыг хичээх ёстой. Насанд хүрсэн хүн болох тохиолдлын хувьд бид аяндаа насанд хүрсэн хүн болно, хэрэв тэр хүртэл хангалттай удаан амьдарвал, харин бид Бурхан болох нь гарцаагүй биш. Бид хичээх ёстой. Ердөө хойш суун, хүлээснээр бид гэгээрэхгүй.

Тэгэхээр бид тэдгээр хоёр сүлжээг хэрхэн хураахыг ойлгох хэрэгтэй. Эерэг хүчний сүлжээг хураахын хувьд бидэнд маш их хүчин чармайлт хэрэгтэй болно. Бидний сөрөг зуршлууд эхлэл үгүй цагаас эхлэн гарсаар ирсэн талаар ярилцсан яриаг санаарай. Энэ нь бидний эерэг зуршил маш сул гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр, бид тэдгээрийн сөрөг хүчний хэмжээг давах үүднээс асар их хэмжээний эерэг хүчийг хураах ёстой. Эх зохиолуудад, бид үүнийг гурван асар олон галавын турш хураах хэрэгтэй хэмээн дурддаг. Энэ асар их хэмжээний цаг хугацаа нь тэдгээр сөрөг хандлагуудыг давах нь ямар асар том даалгавар болохыг харуулах тул үүнийг хялбар хэмээн бүү бодоорой. Энэ нь нэг шөнийн дотор тохиолдоно гэж бүү бодоорой. Үүнд, “Энэ хэдий хэцүү бөгөөд үүнд хэр их хугацаа шаардагдах хэдий ч, миний бие үүнийг хийнэ” гэсэн хүчтэй сэтгэл бүхий хичээнгүй байдал болон зориг шаардлагатай. 

Тус эерэг хүчийг хамгийн үр дүнтэйгээр хураахын тулд, эхлэн бид зөвхөн энэ насны амьдрал дээр төвлөрөхгүйгээр, илүү их эерэг хүч үргэлжлүүлэн хураахад зохистой ирээдүйн төрлүүдийг авч төрөхийг баттай болгох дээр төвлөрнө. Дараагаар бид тэдгээр ирээдүйн сайн төрлүүдэд төрөхөд анхаарах анхаарлыг бидний авах орчлонгийн [хорвоогийн (самсара санскрт.) – сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд болон үйлийн үрийн нөлөөгөөр хяналтгүй гарах төрөл] ямар ч төрөлд зайлшгүй байдаг тэдгээр бүхий л сул талууд болон асуудал бэрхшээл бүхий хяналтгүйгээр дахин дахин гарах төрлийг зогсооход чиглүүлэх хэрэгтэй. Үүний дараагаар, бид анхаарлаа зөвхөн өөрийн энэхүү гэтлэхүйд чиглүүлэхээс буцаан, түүнийг хамаг амьтанд амар амгалан болон гэтлэхүйг авчрахыг хичээхэд чиглүүлнэ.       

Сэдэл төрүүлэх болон зориулга ерөөл тавихын ач холбогдол 

Эерэг хүчний төрөл болон тус хүч юу болж боловсрох нь бидний бүтээлийн эхлэлийн санаа буюу сэдэл мөн төгсгөл дэх зориулга ерөөлөөс шалтгаална. Жишээ нь, асрал хайр төлөвшүүлэх, бусадтай харилцаа тогтоох, бусдын ачийг санах (бусдад сайхан сэтгэл гаргах) тухайд бясалгах бясалгалыг хэрэв зөвхөн илүү олон найз нөхөдтэй болох үүднээс хийвэл тэр нь бидэнд илүү олон найз нөхөдтэй болох боломжийг олгож болно. Гэвч, хэрэв бидний зорилго (санаа) өөрийн хувийг хичээх сэтгэлийг давж, түүгээр бид бусдад үнэхээр тусалж улмаар Бурхан болж чадах явдал байгаад, бид түүгээр хураасан эерэг хүчийг өөрийн гэгээрэлд хүрэхэд зориулбал, энэ эерэг хүч нь түүнд хувь нэмэр оруулна. Энэ бидний явахыг хүсэх чиг – одоогоор, хараахан-тохиолдоогүй байгаа үнэн зам мөрийн сэтгэл болон үнэн хорихуйг бүтээх (тэдээрт хүрэх) нэг шалтгаан болж үйлчлэх илүү их эерэг хүчийг хураах. 

Үүний дээр, бид хоосон чанарын талаарх улам, улам их гүн мэдэхүйг хураах хэрэгтэй, учир нь энэ гүн мэдэхүй нь үнэн хорихуйг авчрах үнэн зам мөрийн тус сэтгэлд үнэндээ хувирах тэр зүйл байна. Бидний эерэг хүчний сүлжээ нь бидний гэгээрэлд саад болох хамгийн нарийн саад тотгоруудыг (түйтгэрүүд) арилгах хүчийг гүн мэдэхүйн тус сүлжээнд өгнө. 

Хоосон чанарын талаарх гүн мэдэхүй буюу хоосон чанарын талаарх ойлголтын (концептийн)-бус мэдэхүйд бид хоосон чанарын талаарх зөв ойлголт (концепт) бүхий ялгах ухаанаар бясалгах хүчтэй бясалгалын зуршлаас бий болох чадамжаар хүрнэ. Бид Хутагтын дөрвөн үнэний хувьд юу зөв болон юу буруу болохыг ялгах байдлаар өөрийн ялгах ухааны хүчийг төрүүлнэ. Тэгэхээр, бид эгэл зовлон бэрхшээл болон үнэн (жинхэнэ) зовлон бэрхшээл; зовлон бэрхшээлийн эгэл шалтгаан болон түүний үнэн (жинхэнэ) шалтгаан; [зовлонг] эгэл хорихуй  болон [зовлонг] үнэн (жинхэнэ) хорихуй; мөн эгэл зам мөрийн сэтгэлийн талаарх ойлголт болон үнэн (жинхэнэ) зам мөрийн сэтгэлийн талаарх ойлголт, эдгээрийг хооронд нь ялгахад суралцах хэрэгтэй. Хамгийн суурь түвшинд, бид өөрсдийн зан байдлын хувьд, юу гэм хортой болон юу тустай болохыг ялгах хэрэгтэй.    

Түр хугацааны болон туйлын арга 

Өөрт байх ямар нэг гэм хортой зүйлийг аригахын хувьд түр хугацааны болон туйлын арга байна. Жишээ нь, уур бухимдал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг өөрөөс арилгахын хувь дахь түр зуурын ерөндөгүүд нь тэвчээр болон асрал хайр бол түүнийг арилгаснаар, тэр нь дахин хэзээ ч гарч ирэхгүй болох туйлын ерөндөг нь хоосон чанарын талаарх ойлголтын [концептийн]-бус (шууд) мэдэхүй байна. Үүний адил, мөн хоосон чанарын талаарх ойлголтын [концептийн]-бус (шууд) мэдэхүйн түр зуурын болон туйлын түвшин байх бөгөөд бид тэдгээрийг хооронд нь ялгах хэрэгтэй. Энэ мэдэхүйн түр зуурын түвшин нь хоосон чанарын талаарх Бурханы шашны Прасангика урсгал сургуулийн [тогтсон тааллын]-бус урсгал сургуулиудын тайлбар байдаг бол туйлын түвшин нь Прасангика урсгал сургуулийн [тогтсон тааллын] тайлбар байна. Энэ урсгал сургуулийн тайлбар нь бүх зүйл оршиж байгаа мэт үзэгдэх тэрхүү байх боломжгүй оршихуйн хэлбэр болон тэд хэрхэн орших оршихуйн бодит хэлбэр эдгээр хоёрыг хооронд нь хамгийн гүн түвшинд ялган тайлбарладаг. Хоосон чанарын талаарх энэ ойлголт хэдий гүн болох мөн түүнтэй дагалдах эерэг хүч хэдий хүчтэй болох тэр хэрээр энэ хослол нь хараахан-тохиолдоогүй байгаа үнэн хорихуйг бодитой болгоход төдийчинээ үр дүн өгнө. 

Бид үнэн зам мөрийн сэтгэл болон үнэн хорихуйн бүрэн цогцолборыг бий болгох үед бидний өгсөх тэдгээр үе шатууд төлөвийн шилжилттэй адил тийм нэг байдлаар явагдана. Жишээ нь, бид мөсөнд хангалттай халуун энергийг өгөх үед тэр нь нэг төлөвийн шилжилтийг дамжин ус болно. Бүр илүү их дулаан энерги өгөх үед ус нь уур болон шилжих тодорхой нэг цэгт хүрнэ. Эерэг хүчний болон гүн мэдэхүйн сүлжээг улам илүү хүчтэй болгох үед бид дээрхтэй төстэй төлөвийн шилжилтийг дамжина. Бид эгэл хүн байхаас аръяа төрөлхтөн, дараа нь архад, улмаар Бурхан болж шилжинэ.  

Ямар нэг шилжилтийг дамжихын тулд бид өөрийн сэтгэлийн төрөлх ариун байдлын талаар – бидний төөрөгдөл (үл мэдэх явдал, мунхаг) болон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд эцэстээ бүрмөсөн арилах ба бидний сэтгэл бүх зүйлийг ойлголтоор [концептоор]-бус, шууд мэдэх чадамжтай гэдэгт итгэлтэй болсон байх хэрэгтэй. Бид юуны түрүүнд бидний ярилцаад буй зүйлсийн талаар – тархины өөрийн мэдрэхүйн шинэ холбоосуудыг бий болгох чадвар болон сэтгэлтэй холбоотойгоор бид шинэ зуршлуудыг бий болгож чадна гэдгийг ойлгох, түүнд итгэлтэй болохоос эхэлнэ. Зөв ойлголт нь төөрөгдлийг арилгана, учир нь зөв ойлголтод учир шалтгааны (логикийн) суурь байдаг, гэвч, мэдээж, бид учир шалтгааны гаргалгаа болон тоон үзүүлэлтийг хүлээн зөвшөөрдөг тохиолдолд. Зөв ойлголтод мөн туулж мэдрэх мэдрэхүйн суурь байх бөгөөд энэ мэдрэхүй нь амар амгалан авчирдаг бол нөгөө талаар төөрөгдөл нь асуудал бэрхшээл авчирна. Бид мөн өөрийн зөв ойлголтоддоо түүнд итгэх итгэлийг нэмэх хэрэгтэй бөгөөд ингэснээр бид түүгээр төөрөгдлийг арилгаж чадна. 

Дүгнэлт 

Сүүлийн нэг ойлголт нь сэтгэлийн бүхнийг мэдэгч болох чадвартай холбогдоно. Алдартай физикч Ричард Фэйманы өгсөн нэг гайхалтай тайлбар бий. Энэ өрөөн дэх орон зайд, байсаар ирсэн боломжит бүх төрлийн цахилгаан соронзон сигналууд байна – жишээ нь, бүх цахим хуудсууд, гар утсаар дамжих зурвас, радио, телевизийн дамжуулалтын цахилгаан соронзон сигналууд мөн од бүрээс ирэх гэрэл. Эдгээр цахилгаан соронзон сигналууд байгаа тул хэрэв бидэнд компьютер эсвэл гар утас гэх мэт зохих цахилгаан хэрэгсэл байвал бид тэдгээрийн заримыг хүлээн авч, дамжуулж болно. Гэвч эдгээр цахилгаан хэрэгсэлүүд нь бүх цахилгаан соронзон сигналуудыг хүлээн авч, дамжуулж чадахгүй, мөн мэдээж тэдгээрийг бүгдийг нэгэн зэрэг хүлээн авч, дамжуулж чадахгүй. Эдгээр төхөөрөмжүүд хязгаарлагдмал. 

Бидний гарт байх тус хязгаарлагдмал гар утас нь бидний тархитай адил, энэ нь мөн адил бидний бие махбод болон биологиор хязгаарлагдана. Бүх гариг ертөнцийн бүх цаг хугацааны турш дахь бүх мэдээллийг хүлээн авах боломжтой боловч бидэнд зөвхөн тэдгээрийн заримыг мөн нэг дор зөвхөн нэг зүйлийг хүлээн авч чадах хязгаарлагдмал төхөөрөмж байна.      

Бидний сэтгэлийн хамгийн гүн түвшин, тод-гэрлийн сэтгэл нь бидний авах хяналтгүй дахин дахин гарах амьдралын хэлбэрийн орчлонт [хорвоогийн (самсара санскрт.) – сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд болон үйлийн үрийн нөлөөгөөр хяналтгүй гарах төрөл] бие болон сэтгэлээр хязгаарлагддаггүй. Гэвч Бурханы Дүрст лагшингийн хувьд, бидний тод-гэрлийн сэтгэлүүд эдгээр хязгаарлах хүчин зүйлсээр хязгаарлагдахгүй болно. Бидний тод-гэрлийн сэтгэлүүд илт мэдэл бүхий болж, бүхий л гариг ертөнцийн бүх мэдээллийг ойлголтын [концептийн]-бус мэдэхүйгээр, шууд, бүгдийг нэг дор мэдэх боломжтой болно, учир нь тод-гэрлийн сэтгэл нь мөн чанараараа тэдгээр бүхий л хязгаарлах саад тотгорууд үгүй, ариун бөгөөд, үнэндээ, тэдгээр бүх мэдээлэл бүх орон зайд хүлээн авахад боломжтойгоор байдаг. Ийм учраас тод-гэрлийн сэтгэл бүхи зүйлийг хүлээн авах чаддаг. Энэ нь нэг жижигхэн гар утас гэх мэт зүйлээр дамжин ажиллаж байгаа бус. Үүнийг миний бие илт мэдэл байх боломжийн талаарх миний олж сонссон хамгийн сайн тайлбар гэж боддог. Энэ гайхалтай тайлбар. 

Нэгэнт бидэнд бидний сэтгэл үнэн зам мөрийн сэтгэл, үнэн хорихуй болон илт мэдлийн бүрэн цогцолборт хүрэх боломжтой гэсэн итгэл төрвөл тэр үед бид өөрийн зүрх сэтгэлийг тэр чигт үнэхээр чиглүүлж чаддаг. Бүр хэдий бидэнд энэхүү эцсийн зорилгод хүрэх нь боломжтой гэсэн итгэл бүрэн төрөөгүй байсан ч түүний чигт явахаар хичээх нь тустай. Хараахан тохиолдоогүй байгаа энэ бүх бидний хүрэхийг хичээх зүйлс нь бидний сэтгэлийн үргэлжлэлийн хэсэг, бидний сэтгэлийн хэсэг болох тэдгээр Бурханлаг-мөн чанарын хүчин зүйлс буюу эерэг хүч болон гүн мэдэхүйн тэдгээр сүлжээг хураасны суурин дээр одоо гарах боломжтой. Энэ талаар хэсэг хугацаанд тунгаан бодоцгооё. 

[Бясалгал]

Хэрэв бидний сэтгэлийн үргэлжлэл дээрх сөрөг үйлийн үрийн чадамж биднийг тахианы бие аван төрөхөөр боловсорсон тохиолдолд бидний ойлгож чадах зүйлс болон бидний хурааж чадах эерэг хүчний хэмжээ үнэхээр хязгаарлагдмал байна. Гэвч хүний төрлийн хувьд, хэдийгээр бидний нөхцөл одоо хэр хязгаарлагдмал байх ч, энэ төрөл (нөхцөл) хамаагүй илүү сайн байна. Бид хамаагүй илүү цааш явж чадна. Дүгнэлтийг энэ ойлголтоор өндөрлөе. 

Зориулга

Энэ удаагийн ярилцлагаар бий болсон аливаа эерэг хүч, аливаа ойлголт улам, улам гүн болох болтугай. Бид (гэгээрэлд хүрэх) нийт зам мөрийн суурь болгож өөрийн амьдралд аврал айлтгах аюулгүй чигийг үнэхээр гаргаж чадах болтугай хэмээн бодоцгооё. 

Top