Мунхаг
Бурхан Хутагтын дөрвөн үнэнээр тайлбарлажээ. Эдгээр нь эрдмийн дээдийг олсон “хутагт” буюу “аръяа” төрөлхтөний үнэн хэмээн үздэг дөрвөн зүйл юм. Эдгээр нь:
- Бид зовж бэрхшээдэг.
- Зовлон бэрхшээл бүхэн шалтгаанаас гарна.
- Зовлон бэрхшээлийг ахин эдлэхгүй бүрэн гэтэлж болно.
- Зовлонгийн шалтгаанаас хэрхэн ангижрах ухаарлыг олсоноор тийнхүү гэтэлнэ.
Зовлон бэрхшээлийн уг үндсэн шалтгаан юу вэ хэмээн ярилцахад “мунхаг” сэтгэлд хүрнэ. Үүнийг “үл мэдэх” гэх нь зүйтэй санагддаг. Мунхаг гэхээр тэнэг гэдэг утга орж ирж болох юм. Тэгвэл энэ бол тэнэг гэсэн үг биш.
Үл мэдэх нь хоёр янз байна. Эхнийх нь, өөрийн үйлийн шалтгаан, үр дагаварт мунхрах буюу хорлолыг үйлдвэл зовлон бэрхшээлийн шалтгаан болно гэдгийг үл таньж мэдэх юм. Үүнээс цаашилбал бодит байдлыг үл таних гэж бий. Бид юмсыг мөн чанараасаа буюу “өөрөө бүтэж оршиж” байна хэмээн төсөөлөн гүжирдэх зуршилтай байдаг. Энэ бол мөн чанараараа оршино хэмээн баримтлах зуршил юм. Энэхүү зуршлаараа аяндаа л бидний сэтгэл эгшин хором бүрт юмсыг мөн чанараараа бүтчихсэн үзэгдэж байгаагаар харна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр юмсад өөрийн хүчээр, юунаас ч хамааралгүй, үзэгдэж байгаа шигээ үнэхээрийн бүтэж орших ямар нэгэн юм байгаа мэт үзэгдэнэ. Энэ адилын оршихуй нь ямарваа бодит байдалтай огтоосоо нийцэхгүй гэдгийг таньж мэдэлгүйгээр бид юмсыг тэр адилаар оршино хэмээн итгэнэ.
Үүнийг ухаарч ойлгоход хялбархан бус. Дараахь жишээгээр тайлбарлая. Машинаа бариад явж байтал нөгөө эгнээгээр явж байгаа машины жолооч гүйцэж түрүүлэх гээд дохиогоо дуугаргалаа гэж саная. Би энэ хүний талаар юу гэж санах вэ? Намайг гүйцэж түрүүлэх гээд байгаа тэнэг амьтан шиг санагдана. Мөн чанараараа үнэхээр тэнэг санагдана, өөрийнхөө зүгээс, юунаас ч хамааралгүйгээр тэнэг болоод бүтчихсэн санагдана. Өөрөөр хэлбэл, намайг гүйцэж түрүүлэх гээд дохиогоо дуугаргаад байгаа энэ хүнийг үнэхээрийн тэнэг болгож байгаа нэг юм мэдээжээр байна гэж санана. Дохио дуугарахыг сонсоод, нөгөө хүнийг харангуут шууд л “Тэнэг амьтан” гэж бодно. Тэр хүн тэр адил үзэгдээд, бид ч тэрчлэн харж буй нь тэр хүн үнэхээрийн тэнэг гэдэг бодит байдалтай нийцэж байна хэмээн итгэнэ.
Хоосон (Хоосон чанар) хэмээхээр юуг үгүйсгэдэг вэ
Тэр хүн тэнэг хэмээн баримтлах мэдлийн баригдахуун орон нь юу вэ? Энэ мэдлийн баригдахуун орон нь үнэхээрийн тэнэг хүн ба машин дотор мөн чанар нь тэнэг хүн байна гэсэн үг болно. Энэхүү үзэгдэл тэр адилаар баригдаад, тэрчлэн бид сэтгэлдээ тэр адилаар барьж байна. Жишээ нь, хэрэв би нөгөө өрөөнд хэн нэгэн байна хэмээн бодвол баригдахуун орон нь нөгөө өрөөнд байгаа хэн нэгэн болно, энэ бол бодол санааг бодит байдалтай нийцэж буй тохиолдол юм. “Мэдэлд баригдахуун орон” гэдэг бол Мадхъяамака (Төв үзлийн ) маш чухал нэр томъёо юм.
Ямарваа оюун мэдэлд олон орон баригдана. Сажа ёсны Дөрвөн шунан барихуйгаас хагацах нь хэмээх сургаалд дурьдсанчилан, мэдлээр баригдахуун орон хэмээх түвд үг “шен-юл“ гэдгийн “шен” нь “барих” хэмээх үйл үг ба шен-ба гэвэл нэр үг “барихуй” болно. Атгаг оюунд үзэгдэж байгаатай тохирохуйц ямарваа бодит байдлыг зууран барьдаг гэсэн үг. Ингээд өөрөө бүтсэн, өөрийн мөн чанараар оршсон хэмээн шунан барьснаар юмс хэрхэн орших мэт үзэгдэж байгаа нь үнэн бодит байдалтай нийцэж байна хэмээн санана. Бидний жишээн дээр машиныхаа дохиог дуугаргаад байгаа хажуугийн жолооч бол өөрийн мөн чанараар тэнэг хэмээн бид санаж байна. Ийнхүү санаснаар тэнд нэг тэнэг хүн үнэхээр байгаа мэт үзэгдэн бид өөрийнхөө гүжирдлэгт итгэж тэнд үнэхээр нэг тэнэг хүн байна хэмээн санана. Энэхүү мэдэл, үзэгдлийн баригдахуун орон нь хажуугийн машинд байгаа үнэхээрийн тэнэг хүн байна.
Хоосон (хоосон чанар) гэдэг бол үгүйсгэл, аливаа нэгийг үгүйсгэж байна. Бидний жишээнд бүрэн үгүйсгэн няцааж буй зүйл бол мэдлээр баригдахуун орон юм. Үнэн мөн чанараараа тэнэг үзэгдэл бодит зүй тогтолтой үл нийцнэ. Машиныг жолоодож буй бодгал буй ч тэр нь уг мөн чанар нь тэнэг бус. Уг мөн чанар нь тэнэг хэн ч байхгүй ба учир нь тэнэг байх мөн чанар гэж үгүй юм. Тэгэхээр тэрхүү машин дотор уг мөн чанар нь тэнэг хүн гэж байхгүй байна. Ерөнхийдөө ингэж хэлж болно. Энэ бол яг ч тодорхой бус тул илүү нарийн шинжих шаардлагатай.
Нарийн тодорхой бус ч арай хялбар жишээ авч үзье. Балчир хүүхэд орон доор нь мангас байна гэж бодож байна гэж саная. Атгаг мэдлийн баригдахуун орон нь орон доор жинхэнээр байгаа мангас. Хүүхдийн айдас ямарваа бодит байдалтай нийцэхгүй байна. Тиймээс хоосон гэж юуг хэлээд байгаа вэ гэхээр ямарваа тодорхой зүйлийг үгүйсгэж байна гэсэн үг. Огтоосоо оршдоггүй зүйлийг л үгүйсгэн няцааж байгаа юм. Байх боломж үгүй учраас тэр.
Гэхдээ хоосон гэдгээр мангас гэх мэт байж боломгүй тухайн орныг (объектыг) үгүйсгэж байгаа бус. Харин тухайн оршихуйг нь няцааж буй юм. Жишээлбэл, орон доор муур байсныг хүүхэд мангас гэж санаж болно. Гэвч муур мангас адилаар оршихгүй, учир нь “мангас адил оршихуй“ гэж байхгүй. Энд хоосон гэдгээр муур оршихгүй хэмээн үгүйсгээгүй харин муур нь мангас адилаар оршихгүй гэсэн үгүйсгэл юм.
Нэрийтгэлийг шалгадаг ухаанаар нотлох нь
Тэнэгийн жишээг дахин авч үзье. Янагуухидаа тэр хүн машиныг тэнэг мэт жолооддог байж болох ч өөрийн “тэнэг” гэдэг атгаг үзлээрээ түүнийг ноттой нэрлээд, тэрчлэн түүнийг тэр адилаар дуудаж болох уу? Энэтхэгийн гэгээнтэн Чхандракирти ноттой нэрийтгэлийн гурван шалгуурыг айлдсан байна.
Юуны өмнө, тухайн нэрийтгэлийг өгөх баттай бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн янагуухи үнэн байх ёстой. Герман улсад жолоо барих ёс зүйн дүрмүүд байдаг ба бусдыг гүйцэж түрүүлэх гэж санаархан дохион дээрээсээ гараа салгахгүй байнга дуугаргах нь зохисгүй үйлдэлд тооцогдоно. Ийм хүнийг тэнэг гэж хэлцгээдэг. Энэ их харьцангуй. Энэтхэгт бол энэ ердийн зүйл. Би нэг удаа Өрнөдийн орнуудад анх удаа зорчиж байгаа энэтхэг найзтайгаа хамт Европд ирэхэд хүмүүс машин барихдаа дохиогоо дуугаргахгүй байгаа нь түүнийг хамгийн ихээр гайхшруулж билээ! Өрнөдөд тэгэж жолоо барьдаг хүн тэнэг гэдэг янагуухи үнэн байдаг тул тэр үүднээс тухайн хүнийг тэнэг гэж дуудах нь зөв болно.
Хоёр дахь шалгуур бол өнгөцхөн бөгөөд янагуухи үнэний шалгадаг ухаанаар үгүйсгэгдэхгүй байх ёстой. Тухайн орныхоо үүднээс тэр хүн тэнэг мэт жолоо барьж байна уу, үгүй юу? Би нүдний шилээ зүүсэн байгаа? Сонсголын аппаратаа зөв зүүсэн байгаа? Би үнэхээр сайн харж, сонсож байна уу? Эргэн тойронд бүгдээрээ энэ хүн гүйцэж түрүүлэх гээд дохиогоо дуугаргаад байгааг харж байна, тэгвэл бусдын энэхүү янагуухийг харах шалгадаг хараатай харшлахгүй байгаа юм байна.
Гурав дахь шалгуур бол энэхүү нэрийтгэл нь чанагуухи үнэний шалгадаг оюунаар үгүйсгэгдэхгүй байх ёстой. Энэ бол энэ хүн хэрхэн тэнэг байна вэ гэдгийг шалгадаг оюуныг хэлж байна. Тэр хүн хэрхэн тэнэг байна вэ? Тэр зүгээр л хаана, яаж жолоо барьж байснаасаа хамааран янагуухи тэнэг болов уу эсвэл бид энэ хүнийг өөрийн мөн чанараар тэнэг юм байна хэмээн гүжирдэх төдийгөөс тэнэг болов уу? Хэрэв бид энэ хүнийг үнэхээр, мөн чанараараа тэнэг гэж бодож байвал энэ нь юмс хэрхэн оршдогийг таньсан оюунтай харшлах болно. Тэр хүн янагуухидаа тэнэг мэт жолоо барьж байна. Энэ нь зөв, шалгадаг ухааны янагуухи, шалгадаг ухааны нэрийтгэл, шалгадаг ухааны өнгөц үнэн мөн. Тэгэхээр бид түүний тэнэгийг нь хэтийдүүлээд байгаа юм байна. Тэрээр маш олон зүйлээс хамаарах төдийгөөр л тэнэг байна. Ялангуяа сэтгэлийн нэрийтгэлээс хамаарч байгаа ба энэ талаар доор дурьдана.
Бид өнгөц гадаад үзэгдлийг дөвийлгөн гүжирдэж, түүнд огт байхгүй зүйл буюу байхгүй оршихуйг нялзаагаад байгаа юм. Үүнийг санаатайгаар бус, харин өөрийн эрхгүй гүжирдэн нялзаадаг. Юмсыг энэ адилаар харах дадал буй учраас өөрийн мэдэлгүй энэ адилаар үзнэ. Түүнийг өөрийн мөн чанараараа бүтсэн тэнэг гэж байгаа нь гүжирдлэг юм. Тэрхүү мөн чанараараа бүтсэн тэнэг гэдэг бол бодит бус. Ахин хэлэхэд байж боломгүй оршихуйг үгүйсгэж байгаа болохоос байж боломгүй орныг үгүйсгээгүй юм.
“Төрмөл” ба “ мөн чанар” хоёрын ялгаа
Мөн чанараараа орших болон сэтгэлийн нэрийтгэл гэдгээр юу юуг хэлж байгааг харъя. Хамт төрсөн болон мөн чанарын хоорондын ялгааг ойлгох ёстой.
Бидэнд хамт төрсөн олон бэлгэ чанар бий. Жишээлэхэд, сэтгэлийн үргэлжлэл нь төрмөл бие, хэл, оюун, хуран мэдэл, нисванис тэргүүтэн амьтан хэмээгдэх бүхнийг агуулна. Бидэнд бурханд бүтэх мөн чанар, түүний бүхий л бэлгэ чанарууд бий. “Төрмөл” хэмээх нэр томъёог түвдээр “лхан-жий”, самгардиар “сахажа” гэдэг ба “хамт төрсөн” хэмээн орчуулж бас болно. Эдгээр нь бидэнд бүрэлдсэн байдаг ба сэтгэлийн эгшин хором бүрт нэгэн зэрэг ургаж байдаг гэсэн үг. Сэрүүн, унтаж байхын аль нь байсан эгшин хором бүрт бидэнд бие, хэл, сэтгэл байдаг. Унтаж байхдаа хэдий ярихгүй ч өөрийгөө илэрхийлэх чадвар бий. Жишээ нь, бусдууд биднийг хараад унтаж байна гэж мэднэ. Унтаж байхдаа хурхирдаггүй байлаа ч амьсгал жигд, алгуур байгаа нь унтаж байна гэдгийг өгүүлнэ. Энэ бол бид цаг үргэлж аливааг өгүүлж байдгийг харуулна. Энэхүү бэлгэ чанарыг “хэл” хэмээдэг ч зөвхөн хэл яриагаар хязгаарлагдахгүй. Ийнхүү эдгээр нь төрмөл билээ.
“Мөн чанар” (түвд. ран-шин) бол үүнээс огт өөр. Хэрэв ямарваа нэгэн юм мөн чанараараа оршдог байсан бол төрмөл байх ч тэр нь өөрийн хүчээр бүтэж, үзэгдэж байгаа адилаараа орших ёстой болно. Мөн тухайн зүйлд өөрт нь байдаг чухам юу болохыг нь тодорхойлж байдаг шинж чанарыг мөн чанар гэх нь ч бий. Тэнэг хүний хувьд түүнээс олж зааж болдог, үргэлжид түүнд байдаг, өөрийхөө хүчээр түүнийг тэнэг болгож буй үнэхээр гэм буруутай тийм нэг юм байх ёстой болно. Бид: “Манай хөрш гэж нэг хэцүү хүн байнга хөгжим тоглож байх юм”, “Миний сая уулзсан хүн ямар сайн хүн бэ” гэх мэтээр тухайн хүнийг цаг үргэлжид энэ адил байлгах мөн чанар өөрт нь байгаа мэтээр ярих нь олонтаа. Энд би сэтгэл хөдлөл бүхий жишээ авлаа. Гэтэл юм бүхэн энэ адил үзэгдэнэ. Өөрт тань ч гэсэн мөн чанараараа хүн гэгдэх ямар нэгэн мөн чанар байгаа мэт санана.
Тэр жолоочид байгаа ямар нэгэн зүйл түүнийг мөн чанараараа өөр юунаас ч хамаарахгүйгээр, өөрийнхөө хүчээр тэнэг болгож байна. Үнэхээрийн сайтар шинжиж үзэх юм бол бид тэрийг нь олоод зааж чадах мэт санагдана. Мэдээжээр сайтар шинжилж задалж үзвэл тухайн орных нь зүгээс түүнийг тэр адил болгож байгаа юуг ч олж чадахгүй юм. Машин дотор байгаа тэр хүнийг шинжилж эхэлбэл асар олон атом болон эрч хүчний төвүүдийг олох ч түүнийг тэнэг болгон буй ямарваа цул юу ч олж чадахгүй. Хэрэв тэр хүний үйлдлийг микросекундаар шинжилбэл тэр хүн хуруугаа нэг зүг рүү нэг миллиметр, нөгөө зүг рүү ахиад миллиметр, дараа нь өөр нэг зүг рүү хөдөлгөж байгаагийн чухам юу нь түүнийг тэнэг болгож байна вэ? Түүнийг тэнэг болгож байгаа ямар ч микросекундын аяглалыг зааж чадахгүй байгаа биз дээ? Ийнхүү хэдий тэнэг мэт харагдаж байвч тэр хүнийг өөрийнхөө хүчээр тэнэг болгоод буй тийм зүйлийг тухайн орны зүгээс хайгаад олохгүй юм.
Янагуухидаа тэр хүн яг л тэнэг мэт байна. Өнгөцхөн үзэгдлийн үнэнийг, түүний үйлдлийн янагуухи үнэнийг няцааж болохгүй. Тэр тэнэг мэт байна гэдэг бол зөв. Харин түүний тэнэг байгаа хэрхэн үзэгдэж байна вэ гэдэг л байна. Тэрээр тэнэг мэт байгаа нь олон хүчин зүйлд, өөрөөс нь бусад зүйлсэд дулдуйдаж байна. Түүний өөрт нь байгаа ямарваа зүйлийн хүчээр тэнэг байгаа юм биш. Олон хэсэг зүйлсэд суурилан (түүний гарын хөдөлгөөн зэрэг), учир шалтгаанд дулдуйдан (замын түгжрэлд орсон, тэрээр яарч байсан) тэнэг мэт аяглажээ. Хэрэв тэрээр мөн чанараараа тэнэг байсан бол машин бариагүй байхдаа ч, бүр тэр байтугай унтаж байхдаа ч тэнэг байх ёстой юм. Өөрийн байгаа нөхцөлөөс хамааран тэнэг мэт аяглаж байна. Түүнийг тэнэг мэт жолоо барихад соёлын, сэтгэл зүйн, хувь хүний гээд маш олон хүчин зүйлс байж болно. Түүний тэнэг юм шиг давхих нь энэ бүхнээс хамаарна.
Сэтгэлээс өгсөн нэрийтгэл
Тэрчлэн бүр сайн шинжвэл тэнэг галзуу мэт машин барих гэдэг мэдэл нь “тэнэг” гэдэг үзэлд дулдуйдна. Хэрэв тийм үзэл байгаагүй бол бид тэр хүн тэнэг мэт жолоо барьж байна гэж хэлж чадахгүй биз дээ? Энд сэтгэлээс өгсөн нэрийтгэлийн тухай яригдана.
Сэтгэлийн нэрийтгэл бага зэрэг төөрөгдүүлж мэднэ. Бид тэр хүнийг тэнэг гэснээрээ тэр хүн тэнэг болчихгүй биз дээ? Бие биен рүүгээ “Чи тэнэг!” хэмээн хашгичдаг балчир хүүхдүүдийн тухай энд ярьсангүй. “Чи тэнэг” хэмээх нэр нь нэрлэсэн зүйлээ нэртэйгээ адилхан болгох хүчгүй. Олон хүмүүс сэтгэлийн нэрийтгэл хэмээхийг бид юмсыг үг, үзлээрээ бүтээгээд байгаа мэт санадаг. Бурханы шашинд сэтгэлийн нэрийтгэл хэмээхийг ингэж үздэггүй.
Сайтар бодоод үз. Бид энэ хүнийг тэнэг хэмээн нэрийдсэн ч, үгүй ч, түүнийг “тэнэг” гэж бид бодож байсан ч, үгүй ч, зам дээр түүний хэрхэн жолоо барихыг харах өөр хүмүүс байсан ч, байгаагүй ч тэр тэнэг мэт жолоодох байсан уу? Зам дээр түүнээс өөр хэн ч байхгүй, түүнийг тэнэг гэж дуудах ганц ч хүн байхгүй байхад жолоогоо тэнэг мэт барих байсан уу?
Тэгвэл тэнэг гэдэг хуран мэдэл бүхий бүлэг хүмүүс болон тийм хуран мэдэл үгүй бүлэг хүмүүсийн хувьд энэ нь ялгаатай хэмээн хэлэх ёстой болно бизээ. Тэгэхээр тухайн бүлэг хүмүүс болон тэдний хуран мэдлийн хүрээнээс хамаарах нь байна. Энэ хүн зарим нэгэн янагуухи үнэний хувьд тэнэг мэт жолоо барьдаг юм байна, гэвч тэр хүн үнэхээрийн, мөн чанараараа тэнэг мэт жолооддоггүй гэж хэлж болно. Энэ нь түүнийг хэн нэгэн харж байгаа эсэхээс хамааралгүйгээр, хууль дүрэм, соёл заншлаас хамаарч байна. Тэгвэл энэ нь юунаас ч хамааралгүй, гагцхүү тэр хүн хэрхэн жолоодож буй нь өөрийн зүгээс энэ адил оршиж байна гэх ямар ч боломж байхгүй. Эдгээр нь сэтгэлийн нэрийтгэлийн тухайд хүмүүс төөрөлддөг зарим зүйл байна.
Та тэгвэл “энэ хүний хэрхэн жолоодож байгааг нь л зөвхөн ярьж болохгүй юу?” гэж асууж болох юм. Энэ бол шинжиж үзэх асуулт мөн. Чухам юу болж байна вэ гэдгийг шунан барих нь бэрхшээл. Тэр үнэхээрийн тэнэг мэт жолоодож байна уу, үгүй юу? Тэр үнэхээр юу вэ гэдэгт хүрч шинжилбэл мөн чанараараа оршихуйд хүрнэ. “Тэнэг” гэдэг хуран мэдэл, Өрнөдийн соёл заншил зэрэгт дулдуйдан тэнэг мэтээр жолоо барьж байна. Тэр үнэхээр тэнэг гэдэг бол хий хоосон юм. Энэ бол өөрөө бүтээсэн мөн чанар ба байх боломжгүй зүйл.
Энэ нь эндүүрэл төөрөгдөл ямар гүн гүнзгий суусныг харуулж байна. Учир нь бидний ихэнх үнэн хэрэг дээрээ юмс жинхэнээр хэрхэн оршдогийг мэдэхийг хүсдэг ба юмсын жинхэнэ оршихуй гэж байх ёстой хэмээн санадаг биз дээ? Тиймээс л бид ямар нэгэн мөн чанараасаа бүтсэн зүйл байгаад түүнийг хүн болгон тэр адилаар харах ёстой мэт бодон “энэ үнэхээр сайхан байшин байна”, “өнөө орой үнэхээр сайхан байлаа” гэцгээдэг. Бид үүндээ ихэд дадсан тул юм бүхэн шууд л тэр адилаар үзэгдэж, бид тэр адилаар санана. Үүнийг “хуурмаг үзэгдэл”, заримдаа “хоёрдмол үзэгдэл” гэнэ. “Хоёрдмол” гэдэг нь үнэн бодит байдалтай нийцэхгүй гэсэн утгатай. Бидэнд үзэгдэж байгаа нь үнэн хэрэг дээрээ хэрхэн оршдогтойгоо огт тохирохгүй байгаа юм. Энэ бол Гэлүгвын Хэтрүүлэгч Төв үзлийн хоёрдмол үзэгдэл гэдгийн томъёолол юм.
Тэр хүн тэнэг мэтээр жолоо барьж байна. Энэ бол янагуухи утгандаа зөв. Бид хэн ч зөвшөөрөхийн аргагүй солиотой санаа хэлж эсвэл бусад хүлээн зөвшөөрөх зүйлийг хэлж болно. Герман улсад бол тэр хүнийг тэнэг мэтээр жолоо барьж байна гэвэл хүмүүс зөвшөөрөх боловч энэ нь түүнийг үнэхээрийн тэнэг болгож чадахгүй. Бид нохой жолоо барьж байна хэлж болох ч хэн ч үүнийг зөвшөөрөхгүй. Тэгэхээр солиотой санаанууд байхад ноттой санаа ч байна.
Гол нь янагуухидаа юмс хэрхэн оршдогийг мэддэг шалгадаг оюунууд байдаг. Энэ бол маш чухал. Түвдийн Бурханы шашны тогтсон тааллууд нь энэ ялгааг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Гэлүгба ёсон өнгөц гадаад үнэнийг магадтай зөв ба тодорхойгүй хэмээдэг. Ямар нэгэн зүйлийн тодорхойгүй гадаад үнэн нь тухайн зүйлийн янагуухи үнэнтэй нийцэхгүй. Ямарваа юмны янагуухи оршихуй болон жинхэнэээр хэрхэн оршдог хоёрын хооронд том ялгаа бий.
Гэлүгба ёсны Өөрийн үндэстэн, Хэтрүүлэгч нарын нэрийтгэлийн шалгадаг
Үзэл санааг ноттой гэдгийг хэрхэн мэдэх вэ? Чандракирти-гийн нэрийтгэлийн шалгадаг ухааны гурван шалгуурыг ашиглана. Гэлүгвын ёсонд тайлбарладагчлан Өөрийн үндэст Төв үзэл (санск: Сватантрика-Мадхъяамака) болон Хэтрүүлэгч Төв үзлийн (санск: Прасангика- Мадхъяамака) хоёрын хоорондын ялгаагаар харагдана. Гаржүдийн ёсонд энэ хоёр тогтсон тааллыг багахан өөрөөр тайлбарладаг. Төв үзлийн гол санаа бол хамаг юмс нэрийтгэлд шүтэн оршино хэмээх болой. Энэ нь сэтгэлийн өгсөн нэрийтгэл юмсыг бүтээдэг гэсэн үг биш. Төв үзлийн сэтгэлийн нэрийтгэлийн талаархи тайлбар бол сэтгэл оюун болон орон хоорондын холбоог тайлбарладаг Сэтгэл төдийтөн (санск: Читтаматра) зэрэг Энэтхэгийн Бурханы шашны доогуурхи тогтсон тааллуудын боловсронгуй тайлбар юм. Тогтсон тааллуудыг зөв дарааллаар суралцахын нэгэн гол шалтгаан бол сэтгэл, түүний орны хоорондын холбоог ахиц дэвшилтэйгээр нарийсган ойлгох явдал юм.
Судар шастирт өргөн хэрэглэгддэг жишээ бол “хаан” хэмээх нэрийтгэл. Хэн нэгэн нь хаан байхын тулд “хаан” хэмээхийн утга ба үгэнд дулдуйдна. Тухайн нийгэмд хаант ёс байхгүй бол мэдээжээр хэн ч хаан болж чадахгүй. Тэрхүү нэрийтгэлийг юу чухам ноттой болгоно вэ? Өөрийн үндэстэнүүд үүнийг тайлбарлахдаа, юмсыг байгаагаар нь үнэн зөв нэрлэхийн тулд тухайн юмыг тодорхойлохуйц өөрийнх нь зүгээс мөн чанарт нь байдаг бэлгэ чанарыг олж болно хэмээдэг. Хаанд өөрт нь түүнийг “хаан” хэмээн баттай нэрлэж болохуйц хаан болгож байгаа зүйл байна хэмээнэ. Хэрэв тийм зүйл байгаагүйсэн бол нохойг, эсвэл цэвэрлэгчийг “хаан” хэмээн нэрийдсэнээр тэд хаан болж болно. Үүний цаана улс төрийн санааг анзаарч болохоор байна. Үнэндээ энэ бол шоглоом биш. Энэхүү гүн ухаан нь кастын системийг чухалчилдаг Энэтхэгт хөгжсөн тул хэн нэгнийг хааны кастын гишүүн болгох ямар нэгэн мөн чанар байж таарна. Энэ бол Өөрийн үндэстэний тогтсон таалал юм.
Тэгвэл Хэтрүүлэгч Төв үзэлтнүүд тухайн бодгалын зүгээс түүнийг хаан болгох зүйл нэгээхэн ч олдохгүй хэмээнэ. Мэдээж тогтож заншсанаар бол тодорхойлох шинж чанарууд байлгүй яах вэ. Хаант засаг төрийн тогтолцоонд хаан л улс орныг захирна. Хаан ямар байх талаар тодорхойлсон бэлгэ чанарууд бий. Юуг ч тодорхойлдоггүй байсан бол юмс үүргээ гүйцэтгэх аргагүй болох ч тэдгээр нь зөвхөн янагуухи л төдий. Тодорхойлж буй тэдгээр бэлгэ чанарыг тухайн орноос хайгаад олдохгүй ба жишээлэхэд өөрийн хүчээр хэн нэгнийг хаан болгох тийм бэлгэ чанар гэж үгүй.
Нэрийтгэл ноттой гэдгийг хэрхэн мэдэх вэ? Чандракиртийн гурван шалгуурыг эргэн харъя. Эдгээр нь асар чухал учраас өөр нэгэн жишээгээр тайлбарлая. Эхэнд нь, тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн янагуухи гэж бий. Гэртээ ирээд эхнэрээ харна. Амрыг бодон эхнэрийн жишээ авъя. Эхнэр маань хөмсөгөө зангидаад, завьжаа зуучихсан байгаа нь бухимдаж уурласан байна уу даа гэхээр харагдана. Тогтсон янагуухи байдал байх ёстой. Энэ бол эхний шалгуур. Тэгэхээр хүмүүсийн хувьд ялангуяа өрнөдийн соёлд хөмсөгөө зангидаад, завьжаа зуувал ууртай гэсэн янагуухи байна. Нохой архирдаг бол хүмүүс нүүрээ ингэж хувиргана. Эхнэр маань хүмүүс уурлах үедээ хэрхдэг тэр л янагуухийг дагаж байна. Үүгээр тухайн нүүр царайг баталж нотолж болно. Тэрчлэн түүний урьд өмнө бухимдаж байсан үетэй харьцуулан, түүний янагуухи зуршлыг нүүр царай нь баталж байгааг эсэхийг харж болно.
Хоёр дахь шалгуур бол өнгөцхөн үнэнийг шалгадаг оюунтай харшилж байгаа эсэх юм. Нүдний шилээ зүүж, гэрлээ асаагаад түүний царайг зөв харсан эсэхээ шалгана. Харанхуй байгаад сайн хараагүй юм биш биз, эсвэл нүдний шилгүй байсан юм биш биз. Энэ шалгуур бол их энгийн бөгөөд ач тустай юм.
Хэдийгээр судар шастирт тодорхой дурьдаагүй ч дараагийн шалгуурыг хоёр дахьтай холбоотойгоор буюу ямарваа үр дагавар гаргах чадвараар нь шалгаж болох юм. Жишээ нь, эхнэртэйгээ мэндэлтэл тэр хариу юу ч хэлэхгүй байна. Энэ бол түүний нүүр царайнаас харахад бухимдсан байгааг улмаар нотолж байна. Эхнэр маань уурлаж бухимдсан үедээ ихэнхдээ дуугардаггүй тул энэ түүний ууртай байгааг баталж байна. Өөрөөр хэлбэл, уурын ердийн нөлөө гарч байна. Лавшруулан шалгая гэвэл түүнээс уурлаж бухимдсан эсэхийг нь асууж болох юм.
Ингээд асуулгүйгээр “Өнөөдөр түүнд ямар нэгэн таагүй юм тохиолджээ дээ. Тэгээд л уурлаж бухимдсан бололтой. Олон юмнаас болно шүү дээ” хэмээн санавал энэ бодол мэдэл ихэд ноттой зөв байна гэсэн үг. Энэ нь гүн гүнзгий харж чаддаг, юмс хэрхэн оршдог, эхнэр яагаад уурласан гэдэг юу болохыг шалгадаг оюунтай огтхон ч харшлахгүй юм.
Харин эхнэрээ ямар нэгэн шалтгаанаас болж уурлажээ гэлгүй, “Ээ тэнгэр минь, дахиад л ууртай байна. Ёстой нэг ууртай хүн шүү, ямар нэгэн юмнаас болж дандаа л уурлаж байх юм. Тэвчихийн арга алга!” гэж санавал гүн нарийн үнэнийг шалгадаг ухаантай харшлах болно. Мөн чанар нь ийм хэнбугай ч байхгүй шүү дээ.
Энэ нь бид ямарваа хэн нэгнийг ууртай хэмээх нэрийтгэлийг нотлохдоо тэр хүн ууртай байхын тулд өөрийнх нь зүгээс тийм мөн чанар байх ёстой гэдгийг орхигдуулаад байна гэсэн үг юм. Хоосон гэдэг бол түүнийг аймшигтай хэмээн санахыг хэлж байна. Хоосон гэдгээр тийм оршихуй байх аргагүй хэмээн бүрэн үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, хамт амьдрахад үнэхээрийн зовлонтой байх тийм үнэхээрийн болдоггүй хүн гэж байхгүй гэж няцаадаг юм. Эхнэрийгээ үнэхээрийн тийм хүн гэж харсанаар бид нүглийг үйлддэг. Эхнэртээ уурлаж бухимдан, тэвчээргүй болно.
“Эхнэрээ яагаад уурлаад байгааг мэдэх нь тайван, ухаалаг байхад хэрэгтэй юм биш үү?” гэж асууж болох юм. Тэгвэл хэдий яагаад уурлаад байгааг нь мэдэхгүй байсан ч ямар нэгэн шалтгаан, нөхцөлөөс болжээ, эхнэр маань мөн чанараараа үргэлжид ууртай байдаг гэсэн үг биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Үүнийг санаснаар тухайн байдлыг өөрчилж болно гэдгийг ухаарахад тустай. “Эхнэр ууртай байна” гэж хэлэхэд буруу юм үгүй. Энэ бол асар чухал. Эхнэрээ янагуухи уурласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол түүнийг нигүүлсэх болон тусыг нь бүтээх сэтгэл хаанаас төрөх билээ? Түүнд тустай байя гэсэн бүхэн бүтэлгүйтэж, үгүйсгэлийн хязгаарт унана.
Юу чухам өнгөц үнэн юм бэ гэдгийг таньж мэдсэнээр хоосон чанар ба нигүүлсэнгүйн хоорондын холбоог танихад тустай. Түүнийг ухаарахгүй бол бусдыг гэх сэтгэл төрөхгүй, тэдний зовлон бэрхшээлийг амарлиулж, тусыг нь бүтээе гэж санахгүй. Энэ бол маш чухал юм.
Шүтэн барилдахуй ба Үйлийн үр
Шүтэн барилдлагыг ойлгож байгаа бол буян, нүгэл бол үнэн хэрэг дээрээ буян, нүгэл юм гэдгийг тоомсорлохгүй орхино гэж үгүй. Энэ бол яахын аргагүй үнэн. Харьцангуй гэхийн тухайд ярихдаа бид юу ч ямар ч байж болно гэж хураангуйлж болохгүй. Амьтны амь авна гэдэг ямар ч сэдэлтэй байлаа гэсэн хорлолтой. Бурхан усан онгоцон дээрхи 499 худалдаачныг алах гэж байгаа сэлүүрчнийг асар их нигүүлсэх сэтгэлээр амийг нь авсан ч энэ бол амь авсан хорлолт үйл мөн. Энэ нь Бурхан хөлөө өргөсөнд хатгуулах зовлонгийн үр дагавар авчирсан юм. Сэдэл нь асар их нигүүлсэнгүй байсан учраас нүглийн үр дагаварт гарах зовлон нь ихэд бага гарсан ч, үйл нь хорлолтой нүгэлт учраас үйлийн үрийн жам ёсоор нүглийн үйлээс зовлон гарчээ. Нүгэл хилэнцийн үйлийн хүч харьцангуй хэдий ч бүрэн дүүрэн харьцангуй бус буюу нүгэл хилэнцийн үйл буяны үйл болж чадахгүй. Бурханы шашин ертөнцийн жам ёсыг хүлээн зөвшөөрдөг юм.
Янагуухидаа, амь авна гэдэг бол хор хөнөөлтэй үйл. Тэгвэл чухам юу түүнийг нүглийн үйл болгоод байна вэ? Амь авах үйлд өөрийнхөө хүчээр нүгэлтэй болгож буй тийм зүйлийг бид олж чадахгүй гэж хэлж болох юм. Энэхүү үйл нь түүнийг үйлдэж буй хэн нэгнээс, бас нэг нь амиа алдсанаас, тухайн үйлийг хураагаад дараа хойчдоо зовлонгийн үрийг амсах сэтгэлийн үндэс зэргээс хамаарч байна. Тухайн үйлийн нүгэл хилэнцийн хүч нь гэмтний сэтгэлийн үндсэнд хадгалагдан тээгдсээр амь авсан бодгал үр дагаварт нь зовлон амсана. Ямарваа үйлийг шалтгаан, үр дагавраас нь саланги тусад “нүгэлт” гэж хэлж чадахгүй. Нүгэл хилэнцэт гэдэг нь агаар тэнгэрт байгаа юм биш. Нүгэлтэй гэдэг нь тухайн үйлийг үйлдсэн хэн нэгэнд зовлон болж боловсрох үйл юм.
Тэгвэл амь авах үйлийг чухам юу нүгэлтэй болгож байна вэ? Нүгэлт үйл нь өөрөөс бусад зүйлээс хамаарч байгаа буюу энэ жишээн дээр үйлийн үр дагавар байна. Тухайн үйлийг мөн чанараараа, өөрийн зүгээс бүтээд, түүнээс олж зааж болох ямар нэгэн зүйл нүгэл хилэнцэт болгоод байгаа юм биш.
Өдөр тутам тохиолдох наад захын өөр нэгэн жишээгээр үүнийг тайлбарлая. Тэжээвэр нохой тань галын өрөөний шалыг бохирдуулчихвал бид уурлаж нохой руугаа “Муу нохой! Шал завааруулчихлаа! Яадаг муухай амьтан бэ!” гээд л хийсэн зүйл нь дангаараа, юунаас ч хамааралгүй биеэ даасан муу үйлдэл мэт хашгична. Энэ жишээн дээр энэ үйлдлийн нохойны дараа хойчид амсах үйлийн үр гэхээсээ “хүний хийсэн” үр дагаврыг харахад хялбар байна. Үйлийн үр дагавар, хүний хийсэн үр дагавар хоёрын хооронд ялгаа бий гэдгийг санаарай. Хүний хийсэн, эсвэл энэ жишээн дээр нохойн хийсэн үйлийн үр дагавар бол шал бохирдож бид цэвэрлэх болж байна. Үүнээс харахад нохой шал бохирдуулсан нь тийм ч таатай зүйл биш.
Шүтэн барилдахуй ба Сонголтууд
Нэрийтгэлийн шалгадан ухаан, үзэл санааны тухай ярилцах далимд зөв шийдвэр гаргах талаар юуг хэлж болох вэ? Ямарваа шийдвэрийг гаргахад оролцоотой асар олон хүчин зүйлс байдаг. Бэрхшээлээс гарах арга замуудыг зөв зүйтэй нэрлэх нь гол биш. Хамгийн зөв зохистой янагуухи шийдвэр нь чухам юу вэ гэдгийг тодорхойлохын тулд жишээлэхэд бид гарах үр дагаварт нь нөлөөлөх аль болох олон хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй. Юу ч тохиолдлоо гэсэн ганцхан зүйлээс шалтгаална гэж үгүй. Өөрийн үйл болон гаргасан шийдвэрийнхээ ач холбогдлыг хэтийдүүлэн үнэлэхгүй байх нь чухал. Жишээ нь, миний хэлсэн ярьсанд хэн нэгэн цухалдвал миний юу хэлсэнээс гадна өөр олон шалтгааны улмаас тухайн хүн цухалддаг.
“Санаа зөв бол юу ч хийсэн болно” гэж хэлэхэд амархан ч гэлээ “сайн санаа тамд хүрэх замыг засдаг” гэдэг зүйр үг англи хэлэнд бий. Үүнээс гадна бид ямар ч үйлийг сонголоо гэсэн түүнийг өдөөх зөвхөн ганц биш маш олон санаа сэдэл байдаг тул энэ нь ихэд нарийн төвөгтэй.
Зарим нь “шууд л хий” гэдэг, гэтэл зөнгөөрөө шууд гэдэг заримдаа эрүүл саруул бус байдаг. Балчир хүүхэд маань уйлаад байвал алгадаад авъя гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирвэл зөнгөөрөө шууд учраас зөв шийдвэр гэж хэлэхийн аргагүй. Ямарваа шийдвэрийг гаргахдаа, ялангуяа гэр бүл, ажил төрөлтэй холбоотой бол аль болох олон зүйлийг тооцож үзэх хэрэгтэй. Юу мэдэрч байна, юу хийхийг хүсэж байна, юу хийх ёстой байна, зөн совин юу гэж байна гээд харах хэрэгтэй. Гэтэл эдгээр дөрөв нь тус тусдаа өөр байж ч болно.
Жишээлэхэд, надад хоолны дэглэм сахих хэрэгтэй байгаа бөгөөд сахья ч гэж бодож байтал багахан бялуу идмээр санагдана. Бялуу идсэндээ дараа нь өөрийгөө буруутган зэмлэнэ гэдгээ ч мэдэж байлаа. Тэгвэл шийдвэрийнхээ эдгээр дөрвөн талыг, тус бүрийнх нь шалтгааны хамтаар шинжиж үзэх хэрэгтэй. Бялуунд шунадаг учраас идмээр санагдаад байж болно. Яагаад жин хасахыг хүснэ вэ? Эрүүл мэндээ бодсоноос уу, хий хоосон мөрөөдөл үү, сайхан харагдаж бусдад тоогдох гэсэндээ юү? Мөн тэрчлэн хийсэн зүйлээсээ гарах үр дагаврыг бодож үзэх хэрэгтэй буюу бүхий л хүчин зүйлсийг тооцож үзээд юу нь ноттой зөв, юу нь үгүйг харна. Жишээ нь, “одоо юу ч идмээргүй байна, идэх хүсэл ч алга. Гэхдээ одоо л идэхгүй бол өнөөдөр дахиж юм идэж амжихгүй. Тэгэхээр одоо ямар нэгэн юм идсэн нь дээр” гэх мэт.
Ийнхүү шийдвэр гаргахдаа сая дурьдсанчлан өөр өөр хүчин зүйлсийг бодолцож үзэх хэрэгтэй. Ялангуяа хэцүү бэрх шийдвэр гаргахад энэ чухал. Харин хар эсвэл хөх цамц өмсөх, зоогийн газар ороод цэснээс юу захиалахаа шийдэхдээ зүгээр л сонго, хамаа юун. Энд хэт их шинжих хэрэггүй. Шийдвэр гаргах амаргүй байдаг хойно.
Язгуур зургаан нисванисын нэг нь шийдвэр гаргаж чадахгүй буюу эргэлзээ тээнэгэлзээ байдаг нь сонирхолтой. Энэхүү ядруу дорой сэтгэлээс хагацахын тулд ямарвааг хиймээр санагдах, хийхийг хүсэхийн шалтгаан хүчин зүйлсийн Дээдийн Номын нарийвчилсан шинжлэлд суралцах хэрэгтэй. Үйлийн үрийн болон сэтгэл оюуны сургаалиуд нь эдгээр хүчин зүйлсийн талаар ихэд нарийн дэлгэрэнгүй тайлбарлана. Тэдгээрээс Түвдийн Бурханы шашны ёс уламжлалууд ямар хүчин зүйлсийг нь зөв ноттой бөгөөд юуг нь үгүй гэдгийг шинжиж үзэж болно.
Тэгэхээр зөв шийдвэр гаргаснаа хэрхэн мэдэх вэ? Бурхан болж гэгээрэхээс нааш зөв шийдвэр гаргасан эсэхээ мэдэх арга байхгүй. Бид үйлийнхээ үр дагаварт юу гарахыг мэдэхгүй. Мөн тэрчлэн гарах өөрчлөлтөд уужим байх, ялангуяа хэн нэгнээс салах шийдвэр гаргах зэрэгт бодолцож байх хэрэгтэй. Энэ бол амаргүй шийдвэр. Боломжтой бүхий л хүчин зүйлсийг тооцож үзээд, нөгөө хүнтэйгээ ярилцаж үзэх хэрэгтэй, гэтэл юу болох нь вэ.
Нэгэнтээ хоосон чанарын тухай ярьж байгаа болохоор энд яригдах хоосон чанар бол зөв шийдвэр гаргах өөрийнхөө зүгээс тийм мөн чанар бүхий нөхцөл байдал гэж байхгүй. Тийм юм байхгүй буюу маш олон зүйлээс хамааралтай оршино. Бидний нэг шийдвэр, нэг үг өөрийнхөө хүчээр бие даагаад ямарваа үр дагаврыг авчирна гэж байхгүй. Үр дагавар бүхэн сая сая шалтгаанаас үүддэг болохоос зөвхөн биднээс болдог юм биш.
Бидний хийсэн ямар нэгэн зүйл буруутахад хийсэн үйлдлийг мөн чанараараа оршиж байгаа мэт, өөрийнхөө хүчээр гэм буруутай мэт санадаг. Бидэнд энэ адил харагдахад түүнд итгээд, өөрийгөө зэмлэн буруушаана. Аливаа юм бүтэлгүйтэхэд бид оролцсон байж болох ч хийсэн зүйл маань биеэ даагаад, юунаас ч хамааралгүйгээр буруутай гэж хэлэхийн аргагүй. Өөр олон шалтгаан байгаа. Бурхан айлдахдаа, хувинг эхний болон эцсийн дусал дүүргэдэггүй, харин дусал бүхэн хурж байж дүүргэдэг хэмээсэн байна. Аливаа үр дагаврыг гаргадаг, юу тохиолдох вэ гэдэгт нөлөөлдөг хэдэн мянган хүчин зүйлс байдаг.
Үүрэг хариуцлага ба Гэм буруу
Жишээлбэл, би аягатай ус асгаад шал бохирдуулчихав. Тийнхүү бохирдсон нь зөвхөн би аягыг унагачихсанд байгаа юм биш, тэрчлэн хэн нэг нь аягыг ширээний захад тавьснаас, тэр ширээг хэн нэгэн хийснээс, ширээний өндрөөс, гэрэл цохиод аяга харагдахгүй байснаас гэх мэтчлэн асар олон зүйлсээс болжээ.
Мэдээжээр, ширээг хийсэн хүнээс эсвэл аягыг ширээний захад тавьсан хүнээс болж ус асгарсан гэж хэлэх аргагүй. Бид асгасан ч бид гэм буруутай биш. Би ус асгачихсан ч энэ нь уг мөн чанараасаа тэнэг болхи учраас хаа ч очсон би юм асгаад байна гэсэн үг биш. Хүмүүс энэ мэтийн зүйлсээр өөрийгөө тодорхойлоод “Би эв хавгүй, болхи”, “би хагалахгүйгээр чийдэнгийн гэрэл сольж чаддаггүй юм. Надад туслаач” гэцгээнэ. Ийм бодол санаа агуулах нь маш элбэг. Бид бүгдэд бий. Энд төвөгтэй нарийн гүн ухаан ярьсангүй, зүгээр л өдөр тутмын амьдрал ярьж байна.
“Гэм буруутай” гэдэг бол намайг муу хүн болгож байгаа тийм мөн чанар надад байна, тиймээс хийсэн зүйл маань мөн чанараараа муу гэсэн үг болно. Ямар нэгэн зүйл хийчихээд хийсэн зүйлээ үнэхээр уг мөн чанараараа муу өөрийгөө мөн чанараараа муу хүн гэж бодоод энэхүү өөрийгөө адилтгасан дүр төрхөө баттай баримтлаад салдаггүй. Хоосон чанарыг ухаарвал юу ч, хэн ч юунаас ч хамааралгүйгээр бие даан өөрийн мөн чанараар “муу” байдаггүй гэдгийг ухаарна. Үүнийг үнэхээр сайн ойлговол өөрийгөө гэм буруутай мэт санахгүй, хоосон чанарыг зөв зүйтэй ухаарвал өөрийнхөө үйлийг өөрөө хариуцна гэдгийг ойлгоно.
Дүгнэлт
Хоосон чанарыг ухаарвал гүйцэж түрүүлэх гээд дохиогоо хангинуулаад байгаа хажуугийн жолооч үнэхээр тэнэг мэт харагдавч энэ нь бодит байдалтай нийцнэ гэдэгт жинхэнээсээ итгэхгүй. Юмсыг бид “тэр” “энэ” хэмээж байгаа нь утга санаа, үгнээс, жишээ нь “тэнэг” гэх болон өөр асар олон зүйлээс хамаарч байгааг харж чадна. Энэ адилын ухаарлыг олбол тэвчээрийг төрүүлж, нөгөө хүнд уурлахгүй. Германы янагуухийн үүднээс харвал тэр хүн янагуухи тэнэг мэт машинаа жолоодож байж болох ч энэ нь түүнийг өөрийн мөн чанараараа муу хүн хэмээх гэм буруутай болгож чадахгүй.