Номонд дурших сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх вэ?
Энэ удаа бид асуулт асууж, хариулах байдлаар харилцан ярилцана. Учир нь бидэнд цөөн хэдэн өдөр байгаа тул хэрэв би ердөө энд суугаад лекц унших юм бол тийм их тустай биш болов уу. Харин илүү чөлөөтэй байдлаар асуулт асуун харилцан ярилцвал та бүхэнд илүү их тустай байх.
Өнөөдөр энд ирсэн та бүхэн бүгд маш сайхан, их өөр газар амьдардаг хэр нь Номыг бүтээх, өөрсдийгөө шашны зам мөрд зориулах их сонирхолтой байдаг. Энэ үнэхээр гайхалтай. Юуны түрүүнд би та бүхнээс нэг асуулт асууя. Номонд дурлах энэ сэтгэлийг та бүхэн үнэндээ хэрхэн төрүүлсэн вэ?
Өнгөрсөн хэдэн хоногийн бясалгалын хичээлээр сэтгэлийг төлөвшүүлэхэд чухам юу хэрэгтэйг тогтоохыг хичээсэн боловч бидний хэн нь ч үнэндээ сайн мэдэхгүй байна. Энэ нь үнэндээ зовлонг харж, тэр талаар илүү их зүйл хийх бөгөөд түүнийг багасгах нь танаас шалтгаална гэсэн үүргийг хүлээн зөвшөөрөх гэж би бодож байна.
Нэг талаараа тэр бол зөв. Зовлон, асуудал бэрхшээлийг авч үзэх үед тэдгээр нь хэний ч хүсдэггүй зүйлүүд байдаг. Хэн ч зовлон, асуудал бэрхшээл хүсдэггүй, хүн бүр баяр жаргал хүснэ. Аз жаргал эрэлцэхийн хувьд идэх, уух зүйл элбэг дэлбэг, тав тухтай амьдрах газартай байх нь тодорхой хэмжээний амар амгалан авчрах боловч энэ бол бидний ярьж буй амар амгалан биш, тийм биз дээ?
Үгүй ээ, тэр бол биш! Энэ тохиолдолд бид мөнх бусыг санах ёстой юу?
Дээрх асуултанд хариулахын хувьд хэрэв ердөө идэх, уух зүйл хангалттай, амьдрах орон газартай байх гэдэг үүднээс тодорхой хэмжээний амар амгалантай байгаа үед тэр нь хангалттай юу? Энэ нь хүн бүрийн эрж байгаа амар амгалан мөн үү?
Юу ч сэтгэл хангадаггүй мэт санагддаг.
Энэ оронд та ажил олж хийн, амьдрааад байх хангалттай цалин маш хялбар авдаг, ингээд таны хэлж байгаачлан энэ хангалттай бус, энэ нь сэтгэл хангадаггүй юм байна. Яагаад тэгдэг юм бол? Яагаад хангалттай байдаггүй юм бол?
Тэр өөрчлөгддөг, байнга нэг хэвээрээ байдаггүй юм болов уу?
Тэр бол зөв. Таны хэлсэнчлэн ийм төрлийн амар амгалан нь байнга үргэлжилдэггүй зүйл байдаг; мөнхөд үргэлжилдэггүй учраас хангалттай байдаггүй. Тэгвэл мөнх үргэлжлэх ямар амар амгалан хайж байна вэ?
Мөнхийн амар амгалан гэх зүйл байхгүй.
Тэгэхээр мөнх бус, тогтвортой биш ийм төрлийн амар амгалан нь хангалттай байдаггүй юм байна. Энэ нь та ашид үргэлжлэх нэг амар амгаланг олохыг хүснэ гэсэн утга илэрхийлэх үү эсвэл ямар ч амар амгалан олохыг хүсэхгүй гэсэн утга илэрхийлэх үү?
Та ямар нэг нөхцөл, үйлийн үрээр хязгаарлагдахгүй ашид үргэлжлэх амар амгалан олохыг хүснэ.
Тэгэхээр хэрэв тогтвортой, хувирч өөрчлөгддөггүй амар амгалан гэх ийм зүйл байдаг бол таны хүсэх аз жаргал, амар амгалан тань ашид үргэлжлэх, хосгүй, байж болох хамгийн гайхамшигтай аз жаргал, амар амгалан байна, тийм үү? Хэрэв тэр нь таны хүсэж байгаа тэр төрлийн аз жаргал бол таны хэлсэнчлэн орчлонгийн үйл хэргийг үйлдэж хүртсэн тэр төрлийн аз жаргал нь маш хязгаарлагдмал нэг зүйл байх нь үнэн. Хувирч өөрчлөгдөх бөгөөд өнө удаан үргэлжилдэггүй. Иймд Ном болон оюун санааны эрэл хайгуулаас өөр ашид үргэлжлэх жинхэнэ гайхалтай, маш сайн чанар бүхий аз жаргалыг хүртэх өөр ямар ч арга зам үгүй.
Тэгэхээр Ном гэдэг үгээр бид юуг ойлгох, энэ нь ямар утга илэрхийлэх вэ? “Ном бүтээх” гэж ярих үед Номыг бүтээх хэрэгтэй гэх нь юу гэсэн утгатай вэ?
Бурхан багшийн сургаал.
Үүн дээр бага зэрэг бодох хэрэгтэй. Ном бүтээх мөн Ном бүтээдэг болон Ном бүтээдэггүй хүн хоёрын хоорондын зааг ялгаа нь юу вэ?
Номонд суралцахаар хичээл зүтгэл гаргаж байгаа хичээл чармайлттай нэг хүн байх болов уу?
Шашны бүтээл эсвэл Ном нь энэ насанд юмс сайн байх үүднээс ердөө нэг сайхан барилга барих тухай асуудал биш. Тухайн нэг үйлийг хийх таны зорилго энэ насны амьдралд юмсыг тохь тухтай байлгах, хоол хүнс олоход голлон чиглэсэн байвал энэ бол Номын бүтээл эсвэл жинхэнэ оюун санааны (шашны) бүтээл биш байна. Харин хойдын болон түүнээс хойших бүх төрөлдөө ямар нэг тустай байх аливаа нэг бүтээл нь Номын бүтээл болно. Энэ бол ялгаа нь. Ойлгож байна уу?
Үүнд мөн та урд болон хойд төрөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг эсэх нөлөөлнө. Хэрэв та хойд төрөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй бол та жинхэнэ Ном бүтээл хийж байх ямар ч боломжгүй. Хэрэв та ашид үргэлжлэх амар амгалан, баяр жаргалыг бий болгохыг хүсэж байвал тэр нь зөвхөн энэ насны амьдралын ердөө нэг богино хугацаанд үргэлжлэх амар амгалан, баяр жаргал бус, харин таны бүхий л ирээдүйн төрлүүдэд үргэлжлэх амар амгланг авч үзсэн байх ёстой. Тэгэхээр энэ бол Номын бүтээл оролцсон нэг төрлийн үйл ажиллагаа байна: ирээдүйн төрлүүдэд чиглэсэн ашид үргэлжлэх амар амгалан авчрах.
“Шашны бүтээл” эсвэл санскрит хэлэнд Дхарма гэх тус үг нь сэргийлэх арга хэмжээ буюу таныг ямар нэг зүйлээс хорих эсвэл ямар нэг зүйл тохиолдохоос сэргийлэх гэсэн утгатай үг байдаг. Тэр нь таныг хэрхэн хорих, ямар нэг зүйлээс хэрхэн сэргийлэхийн хувьд та бүхний ойлговол зохих гурван хэлбэр байна. “Хорих” гэдэг үг гурван утга илэрхийлнэ.
- Эхнийх нь таныг ирээдүйн нэг төрөлд тамын төрөлд унахаас сэргийлнэ, таныг хорино.
- Ирээдүйн төрлүүддээ муу төрлүүдийн аль нэгэнд унахаас таныг хорих, сэргийлэх тодорхой аргыг та авч хэрэглэсэн ч, та энэ насны дараах төрөлдөө түүнийг хорьсон ч түүнээс хойших төрлүүддээ тэдгээр муу төрлүүдийн аль нэгэнд дахин унаж болно. Тэгэхээр дахин хэзээ ч эргэн тэдгээр төрөлд унахгүй, орчлонгийн ямар нэг нөхцөлд төрөхгүй байхаас таныг сэргийлж чадах, таныг хорьж чадах аргууд бас байна; орчлон гэдэг бол дахин дахин хяналтгүй гарах төрөл юм.
- Мөн зөвхөн өөрийг хяналтгүй дахин дахин гарах ямар нэг нөхцөл, орчлонд төрөхөөс сэргийлэх аргуудыг авч хэрэглэж чаддаг байхаас гадна хүн бүр таны адил нөхцөлд байгаа учраас тэднийг нийтэд нь тийм төрлийн нөхцөлд хэзээ ч унахгүй байх аргыг та бас авч болно.
Ингээд Номын сэргийлэх аргын талаар ярилцаж байгаа үед тэдгээр нь дараах гурван төрлийн зүйл гарахаас сэргийлэх үүднээс авч болох аргууд байна. Үүнд:
- та өөрөө аль нэг муу төрөлд төрөх
- та өөрөө орчлонгийн ямар нэг нөхцөлд төрөх, эсвэл
- өөр бусад (хүн, амьтан) тийм нөхцөлд төрөх.
Тэгэхээр та бүхэн, Номын тодорхой зүйлүүд тохиолдохоос сэргийлдэг, таныг болон бусдыг тодорхой нөхцөлөөс хорих эдгээр гурван хэлбэрийг ойлгож байна уу? “Сэргийлэх” гэдэг үг нь илүү дээр үг байж болох юм, Номын сэргийлэх аргууд. “Сэргийлэх” гэж ярих үед энэ юу гэсэн үг болохыг та нар ойлгож байна уу?
Номыг бүтээснээр бусдыг орчлонгийн зовлонд унахгүй байхад туслах юу хийж би чадах вэ гэсэн үг болов уу?
Цаг нь болохоор тэр ирнэ. Бид тэдгээр гурван зүйл гарахаас сэргийлэх үүднээс авч болох аргууд тус бүртэй ажиллана. Гэвч эхний гол зүйл бол ердөө сэргийлэхээр таны хичээж байгаа зүйлийн гурван түвшин үнэндээ юу болохыг мэдэх явдал юм. Тэгэхээр тэдгээр гурав нь юу болохыг ерөнхийд нь ойлгож байгаа юу, тэгвэл тэдгээрийг дэлгэрүүлэн авч үзье.
Шагшаабад (ёс зүйн хувийн сахилга бат): Арван хар нүглийг (арван сөрөг үйлийг) тэвчих
Тэгэхээр орчлонгийн муу төрлүүдийн аль нэгэнд төрөхөөс өөрийг сэргийлэх эхний нэг зүйл, түүнээс сэргийлэх үүднээс авч болох нэг арга нь арван сөрөг үйл буюу арван хар нүглийг үйлдэхээс өөрийг хорих явдал юм. Ёс зүйтэй зан байдлын ийм хэв маягийг чанд баримталснаар та өөрийгөө муу төрөлд төрөхөөс сэргийлнэ.
Ийм хэлбэрийн ёс зүйн хувийн сахилга батыг дагаж чадахын тулд та тэдгээр арван сөрөг үйл нь юу болохыг мэдэх хэрэгтэй бөгөөд энэ бол та бүхний магадгүй мэдэх зүйлүүд байх. Тэдгээрийг мэдэх үү?
Үгүй.
Биеэр үйлдэх гурван сөрөг үйл: Амь таслах
Юуны өмнө, биеээр үйлдэх гурван сөрөг үйл байна. Эдгээр гурван сөрөг үйлийн эхнийх нь амьтны амь авах – амь таслах. Хэрэв энэ талаар бодож үзэх юм бол бидний хамгийн их хайрлаж хамгаалдаг, бидэнд байх хамгийн үнэт зүйл гэж үздэг зүйл бол бидний амь, амьдрал байдаг. Хэрэв хэн нэгэн бидний амь насыг хохироох юм бол тэр нь бидэнд байх зүйлүүдийн дотроос бидний хамгийн их эрхэмлэдэг зүйл болохын хувьд хэн нэг хүний бидэнд хүргэж болох хамгийн муу зүйл болно. Үүний адил энэ нь бүхий л амьд амьтан бүрд адилхан байна: тэдний хамгийн их нандигнадаг зүйл бол тэдний амь нас.
Аливаа нэг амьд амьтны амийг таслах үйл бүрэн гүйцэд үйл болохын тулд дөрвөн зүйл бүрдсэн байх хэрэгтэй. Үйлийн суурь байх хэрэгтэй; үйлийг үйлдэх бодол, санаа; бодит үйл; үйлийн төгсгөл байх шаардлагатай.
- Тухайн үйл бүрэн гүйцэд болохын тулд эхэлж танд амь авах үйлийн суурь хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, амийг нь авах нэг амьд амьтан, ямаа, эсвэл хонь байх хэрэгтэй.
- Санаа эсвэл бодол оролцсон байхын хувьд сууриа эндүүрэггүй зөв таньсан (хуран мэдэл) байх ба мөн сэдэл (хотол өдөөлөг) хэрэгтэй. Энэ тохиолдолд үйл болон гарах үр дагавар гүйцэд болохын тулд та суурь амьтнаа зөв таньсан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг ямаа, нэг хонь байх ба та хонь гаргахаар явах боловч аль нь хонь болохыг танихгүй андуурч ямааг гаргаж болно. Энэ нь хийж байгаа зүйлээ бүрэн мэдэж хийхээс ялгаатай. Амийг нь авахаар зэхсэн амьтан ямар амьтан болохыг та мэдэж байх хэрэгтэй.
Амь бодитой таслах санааны хувьд гурван төрлийн сэдэл (хотол өдөөлөг) байж болно. Шунал, дур хүсэл, эсвэл уур дайсагнал, эсвэл мунхаг болон мэдлэг туршлагагүй байдлаас тус үйл өдөөгдөж болно. Мах идэх дур хүсэл, шуналын үүднээс та хонь гаргаж болно. Танд мах идэх хүсэл байна. Эсвэл амьтанд уурлаж, хорсох үүднээс тэднийг зодож, амийг тасалж болно. Эсвэл мунхаг болон мэдлэг туршлагагүйн улмаас амьтны амиар тахил өргөснөөр сайн төрөлд төрнө гэсэн итгэл үнэмшлээр олон тооны амьтан нядалж, цусан тахил өргөдөг. Энэ нь мунхагийн үүднээс амь тасалж буй үйл.
- Гурав дахь хэсэг нь бодит үйл байна. Үйл нь амьтны хоолойг огтлох, дотор гэдсийг гаргах эсвэл таны төлөвлөсөн ямар нэг хэлбэр байна. Үйлдэл заавал оролцсон байх ёстой.
- Ингээд үйлийн төгсгөл гарах ёстой ба өөрөөр хэлбэл амь таслах үйл гүйцэхийн хувьд тухайн амьтан үхсэн байх ёстой.
Амь авах гүйцэд үйл болохын тулд тэр нь таны амь эсвэл бусад хэн нэгний амь байсан ч эдгээр хүчин зүйлүүд бүрдсэн байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өөр бусдын амь таслах таны үйл гүйцэд болохын тулд тухайн амьтан, хүн таныг үхэхээс өмнө үхэх ёстой. Амиа хорлох нь амьтны амь авах үйлтэй адил төрлийн үйл болохгүй. Учир нь энэ тохиолдолд суурь амьтан нь таныг үхэхээс өмнө үхэхгүй учраас өөр төрлийн үйл болно.
Амьтны амь таслах ийм сөрөг үйлийн үр дагаврыг дөрвөн өөр төрлийн үр дагаврын үүднээс ойлгож болно.
- Эхнийх нь тийн боловсролын үр буюу тухайн үйлээс боловсрон гарах төрөл байна. Там эсвэл бирд эсвэл адгуусны төрөл байж болно – өөрөөр хэлбэл эдгээр гурван муу заяаны нэгэнд төрөл авч болно.
- Ингээд тийн боловсролын үр нь боловсорч дууссанаар өмнө нь хийсэн эерэг, буяны үйлээр дахин хүний төрөлд төрж болох боловч тэрхүү хүний төрөлдөө өвчин зовлон ихтэй, богино настай байна. Энэ нь таны туулж эдлэх зүйлийн шалтгаантай холбоотой дараагийн нэг төрлийн үр юм. Та амь тасалж өөр нэгний насыг богиносгосон учир таны нас богино байна (амслагын шалтгаан зохилдох үр).
- Дараагийн үр нь хожим гарах хүний нэг төрөлдөө бага наснаасаа, хүүхэд байхаасаа амьтны амь таслах дуртай болох явдал байна. Амьтныг тарчлааж баясах хүчтэй сэтгэлтэй байх бөгөөд шавж хорхой гэх мэт амьд амьтныг тарчлаан зовоож алах дотоод мэдрэхүйтэй байсаар байна (үйлийн шалтгаан зохилдох үр).
- Дөрөв дэх үрийг эрхэт үр гэнэ. Энэ нь амь таслах үйл үйлдсэн олон өөр хүмүүсийн хамтаар нэг газар төрөх ба тэрхүү үйлийн үрд та бүхний төрсөн газар нутагт бүх зүйл маш хүч багатай байх бүх нөхцөл бүрдсэн байх үрийг эдэлнэ. Жишээ нь эмнэлгийн хангамж маш муу, эм тариа хүч багатай, үйлчлэл муу, хүнс, үр тариа ховор тарчиг, шим тэжээл үгүй байна. Энэ нь та бүхний хамт эдлэх нэг нийтлэг үр юм.
Иймд хэрэв та энэ бүх гэм, сул тал, бусдын амь тасалснаар гарах энэхүү аюултай үр дагаврыг бодолцон үзэж тэдгээрийг ойлговол түүний үндсэн дээр та өөрийг сэргийлэх, амьтны амь таслахгүй байхад маш хүчтэй хүчин чармайлт гаргах болно. Энэ нь буяны эерэг үйл болох бөгөөд арван цагаан буяны нэгдэх буян болно: амьтны амь таслахыг тэвчих. Жишээлбэл, бид энэхүү онцгой төрлийн бие бүхий хүний төрөлд төрсөн нь өмнө ийм төрлийн эерэг үйлүүдийг хийсний үр юм.
Хэрэв та хүн эсвэл дүрстэй, дүрсгүй тэнгэрийн төрөл гэх мэт сайн төрлийн аль нэгэнд төрөхийг хүсэж байвал амь таслахыг тэвчих ёс зүйн хувийн сахилга батыг баримтлах хэрэгтэй болно. Мөн түүний амслагын шалтгаан зохилдох үр болох таны туулж эдлэх зүйлийн хувьд та урт настай, эрүүл өвчин зовлонгүй байна. Түүний үйлийн шалтгаан зохилдох үрд та аливаа нэг амьтны амь таслах санаагүй, мах идэх хүсэлгүй байна. Та өөрийн аяндаа мах идэхээс дургүйцнэ. Эрхэт үр нь амь таслахыг тэвчсэн олон хүмүүсийн дотор төрөх ба та бүхний төрсөн тэрхүү газар орчны бүхий л зүйл нь эрүүл, амьдрал тэтгэсэн, шим тэжээл бүхий эрүүл хүнс, хүчтэй эм тан бүхий байна.
Сөрөг үйлүүд юу болохыг таньж, тэдгээрийг үйлдэхээс өөрийг хэрхэн сэргийлэхийг мэдэх нь чухал бөгөөд ийм замаар эерэг байдлаар үйлдэл хийнэ; Үүнийг хийх нь өөрийг муу төрөлд төрөхөөс хамгаалах нэг сэргийлэх арга буюу Ном болно. Гэвч хяналтгүй дахин дахин гарах орчлонгийн аливаа нэг нөхцөлд төрөхөөс сэргийлэх арга, Номын дараагийн түвшний хамгаалах аргад багтах арга болохын тулд тэрхүү арга нь гурван суртгаалд нийцэж байх хэрэгтэй. Эдгээр гурван суртгаалын нэг нь билгүүний суртгаал буюу ялгах ухаан юм.