Калачакра (Дүйнхор) гэдэг нь “цагийн хүрд” гэсэн утгатай юм. Энэ нь Бурханы шашны Их хөлгөний сургаалын ханьцашгүй дээд тарнийн сургаал бөгөөд энэхүү сургаалд Бурхан багш гадаад, дотоод мөн гуравдагч өөр нэгэн хүрдэний тогтолцооны тухай тайлбарласан. Гадаад хүрд нь жил, сар, өдөр гэх мэт цаг хугацааны өөр өөр мөчлөг, одны ордоор хэмжигдэх гаригийн хөдөлгөөний тухай байдаг бол дотоод хүрд нь биеийн энерги, амьсгалын орчил хөдөлгөөнийг авч үздэг. Харин гурав дахь хүрд нь дээр дурдсан хоёр хүрдийг хянах, засах (ариусгах) тогтолцоо бүхий Дүйнхор бурханы дүрийг багтаасан өөр өөр тарнийн бясалгал бүтээлийг хамардаг.
Гадаад, дотоод цагийн хүрднүүд нь бие биетэйгээ давхцдаг бөгөөд нийтийн гадаад болон хувь хүний дотоод энерги буюу үйлийн үртэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл гаригийн болон хүний бие махбодын орчлийг (эргэлтийг) хадгалдаг энергийн тодорхой хүч (импульс) бий. Сэтгэлийн төлөв байдал, энерги хоёр хоорондоо нарийн холбоотой учраас үүнээс шалтгаалан тухайн импульс эерэг эсвэл сөрөг нөлөөнд орж болно. Дүйнхорын бүтээлээр зурхай, цаг тоолол, хүний бие махбодын орчил гэх мэт эдгээр хянах боломжгүй, давтагдаж байдаг гадаад, дотоод нөхцөлүүдийн нөлөөг даван гарах боломжтой. Эдгээр нөхцөлүүдээр хязгаарлагдах, нөлөөнд нь орохгүй болсноор бид бусдад хамгийн үр бүтээлтэй тус хүргэх өөрийн дээд нөөц боломжинд хүрч чадна.
Бурхан багш 2800 жилийн өмнө одоогийн Энэтхэгийн өмнөд хэсгийн Андра Прадеш хэмээх газар Дүйнхор буюу Цогт цагийн хүрдэний тарнийн сургаалаа тавьжээ. Үүнээс хойш хойд зүгийн нутаг Шамбалд дэлгэрэн уламжлагдаж байгаад X зуунд Энэтхэгт дахин дэлгэрэв. Ингээд Энэтхэгээс Бирм, Малайзын хойг, Индонезид дэлгэрсэн боловч XIV зуун гэхэд энэ бүс нутагт сургаалын уламжлал бүрэн тасарчээ. Харин XI-XIII зууны хооронд Энэтхэгээс Төвдөд сургаалын уламжлалыг хэд хэдэн удаа авч байсан бөгөөд дамжлага нь одоогийн Төвдийн Саж, Гаржүд, Гэлүг урсгалуудад уламжлан иржээ.
XVIII зууны дундуур Гэлүг ёсны Калачакра (Дүйнхор) сургаалыг Тэнгэр тэтгэгч хааны хүсэлтээр Төвдөөс Манжид дэлгэрүүлэн VII Далай ламын тусламжтайгаар Бээжингийн Найралт найрамдах сүмд (Юн хэ гүн) Дүйнхорын сургууль байгуулжээ. XIX зууны эхээр Калачакра Монголд дэлгэрч, IV Богдын урилгаар VIII Далай лам өөрийн Намгял хийдээс Гялсай Доржчанг Монголын Дүйнхорын гол хийд Дэчэн Калаваг байгуулуулахаар явуулсан байна. Ийнхүү IV, V Богд нарын үед Дүйнхорын бүтээл Монгол даяар дэлгэрчээ. Монголын Дүйнхорын зан үйл хийдэг бусад гол хийдүүд нь Улаанбаатарын Гандан, Зүүн хүрээ хийдүүд байв. Монголд Дүйнхорын хамгийн сүүлийн элсэн мандлыг 1937 онд байгуулж байсан хэдий ч Дүйнхорын зан үйлийн уншлагыг Гандан хийдэд жил бүр уншсаар ирсэн.
Баруун Монгол болон одоогийн Шинжааны (Зүүн Туркестаны) Ойрд Монголын бүс нутагт Дүйнхорын дамжлага Төвдийн зүүн хойд Амдо мужийн Лабран Даш Гил хийдийн уламжлал юм. Буриадад дэлгэрсэн Дүйнхорын хоёр дамжлагын нэг нь Монголын Дэчэн Калава хийдээс, нөгөө нь Лабран Даш Гил хийдээс тус бүр уламжилжээ. Дүйнхорын дамжлага түрэг бурханы шашинт Тува үндэстэнд мөн л монголчуудаар дамжин дэлгэрсэн байна. Харин Халимагт болон Ленинградын Дацан хийдэд Дүйнхорын дамжлага XIII Далай ламын дагсал хаялцагч буриад-монгол Авгаан Доржиевын хүчин зүтгэлээр Төвдөөс шууд дэлгэрчээ.
Дүйнхорын сургаал нь Төвд, Монгол, Төв Азийн анагаах ухаан, одон орны өөр өөр уламжлал, судлалуудад онцгой анхаарал татах болсон. Учир нь төвд цаг тооллыг тооцоолох арга, төвд одон орон, зурхайн ухааны дийлэнх хэсэг, төвд анагаах ухааны тодорхой хэсэг мэдлэг, тэр дундаа эрднийн үрэл хийх жор зэрэг нь Дүйнхорын сургаалаас салбарласан юм. Монгол цаг тоолол, зурхай, анагаах ухаан нь төвд цаг тоолол, зурхай, анагаах ухаанаас салбарлажээ.
Далай ламын дүрүүд болон Дүйнхорын хооронд ямар нэг онцгой хамаарал байдаггүй боловч Дүйнхорын бүтээл нь I, II, VII, VIII Далай лам нарын хийж байсан, одоогийн XIV Далай ламын хийдэг бүтээлүүдийнх нь нэг юм. VIII Далай ламаас эхлэн Дүйнхорын зан үйл, бүтээл бясалгал нь Потала дахь Далай ламын хувийн Намгял хийдэд тусгайлан хийдэг бүтээл болжээ.
Нэг багшийн нэг насандаа хүртээж болох Дүйнхорын вангийн (авшиг) тоог заагаагүй байдаг бөгөөд Дээрхийн гэгээн энэ авшгийг ийнхүү олон удаа хүртээж байгаа явдалд ямар нэг онцгой шалтгаан байдаггүй. Тэрээр хүсэлт ирсэн, нөхцөл нь бүрдсэн үед ванг хүртээдэг.
Бусад тарнийн авшгаас ялгаатай нь Дүйнхорын авшгийг олон тооны хүмүүст нэгэн зэрэг хүртээж ирсэн түүхтэй. Бурхан багш авшгийг анх удаа Шамбалын хаан болон түүнийг дагалдан явсан 96 захирагчдад хүртээсэн гэдэг. Тухайн үед тулгарч болох гадны халдлагын эсрэг нэгдэж, устаж үгүй болох аюулаас сэргийлэхийн тулд авшгийг Шамбалын бүх хүн ардад хүртээжээ. Энэ утгаараа Дүйнхорын авшиг нь дэлхийн энх тайвантай холбогдож бусад Төвдийн Бурханы шашны аливаа үйл ажиллагааны дундаас хамгийн ихээр олон хүн татсаар ирсэн юм.
Дүйнхорын сургаалд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар харийнхан соёл иргэншилд халдан шашны бүтээл, дэлгэрэлтийн бүх боломжуудыг үгүй хийхийг оролддог хэмээн өгүүлдэг. Дараагийн ийм халдлага ойролцоогоор 411 жилийн дараа давтагдаж их дайн болно. Энэ үед Шамбалын орноос тусламж ирж харийнхан ялагдсанаар шинэ алтан үе эхлэн шашны бүтээл, тэр дундаа Дүйнхорын бүтээл хийх таатай нөхцөл бүрдэнэ. Дүйнхорын авшиг хүртсэн бүх хүн ирээдүйд ялагч талд дахин төрнө хэмээн гардаг.
Авшиг хүртэх хамгийн өндөр түвшний сэдэл нь Дүйнхорын сургаалыг яг одоо бүтээж, түүгээрээ бусдад бүрэн тус хүргэж чадах гэгээрлийн хутгийг энэ насандаа олох тухай юм. Гэвч олон хүмүүс ирээдүйд шашны тэрхүү алтан үетэй холбогдож, бүтээлээ тэр үед гүйцээх үр суулгах шалтгаанаар ирдэг.
Дүйнхор нь Монгол мөн одоогийн Орос, Хятад дахь монгол, түрэг бурханы шашинтнуудын дунд их дэлгэрч байсан. Энэ нь хойд Шамбалын орон нь энэ бүс нутагт байдаг гэсэн өргөн дэлгэрсэн итгэл үнэмшлээс шалтгаалдаг байж болох юм.
Барууны романтик зохиолчдын гаргаж ирсэн Шангрила – Дэлхийн диваажин хэмээх ойлголт нь Шамбал гэдэг үгний гажуудуулсан хэлбэр гэдэг нь эргэлзээгүй. Дэлхий дээр Шамбалыг илэрхийлсэн ямар нэг газар байж болох боловч тэр нь жинхэнэ Шамбал биш юм. Дээрхийн гэгээн Шамбал нь энэ гаригаас ч, гадаад сансраас ч аль алинаас нь олдохгүй гэж хэлсэн. Гэвч үүнийг шашны бүтээл, тэр дундаа Дүйнхорын бүтээл хийхэд тохиромжтой, хүний орон байна гэж дүрсэлдэг. Энэ утгаараа тэрээр диваажин мэт байж болно. Хэдийгээр төвд, санскрит хэл дээр бичигдсэн Шамбалд хэрхэн хүрэх тухай зааврууд байх боловч хүрэх аялалыг одоо хүртэл зөвхөн биет хэлбэрээр дүрсэлж байна. Ийнхүү тэнд түр очоод буцах хүн нь тийшээ очихын тулд хэдэн сая тарни унших болон өөр бусад бүтээлүүдийг хийх ёстой болдог. Иймд Шамбалд хүрэх аялал нь шашны зам мөр болох юм. Аль ч тохиолдолд Дүйнхорын бүтээлийн зорилго нь Шамбалд төрөх явдал биш харин бусад Бурханы шашны Их хөлгөний бүтээлүүдийн адил хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх явдал юм.
Дүйнхорын авшиг нь үүнд хүрэх үрийг (сэтгэлд) суулгах ба зам мөрд тулгарах бүдүүн (илэрхий) зарим саадыг арилгахад тусалдаг. Авшиг хүртэхийн тулд өмнө нь сайн бэлтгэх шаардлагатай. Тийм учраас Дээрхийн гэгээн авшгийн өмнө гэгээрэлд хүрэх (зам) мөрийн зэрэг “лам-рим” сургаалыг тавьдаг. Шавь нарт аврал буюу амьдралын аюулгүй зам мөрд хэрхэн орохыг Бурхад, тэдний сургаал, тэрхүү зам мөрд гүнзгий суралцаж байгаа тэдгээр хүмүүсийн үзүүлснээр заадаг. Энэ нь өөрийн бүх асуудал бэрхшээлээ даван гарахын тулд өөр дээрээ ажиллах улмаар хүн бүрт хамгийн сайн тус хүргэж чадах бүх сайн чанаруудыг олох зүг юм. Үүний дараа тэдэнд шалтгаан ба үр дагаварын тухай, зовлон бэрхшээлээс зайлсхийхийн тулд муу үр дагавартай үйлдэл хийхийг зогсоох, баяр жаргалд хүрэхийн тулд сайн үр дүнд хүргэх хандлагаар бодож, ярьж, үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг заадаг.
Мөн тэдэнд сэтгэлийн үндсэн гурван замыг (мөрийн гурван эрхэм) заана. Эхнийх нь өөрийн бүх зовлон бэрхшээлээс ангижрах хатуу зориг шийдвэр гаргах. Үүний дараа сэтгэлээ хүн бүрт чиглүүлэн тэлэх шаардлагатай болж, хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэхээр шийдэх. Дараа нь тэд бодит байдлыг зөв ойлгох, юмс бидний уран дүрслэлийн хэлбэрүүдээр оршдоггүй гэдгийг таних хэрэгтэй болдог. Хүмүүс хэн нэгэн хүнийг жинхэнэ мангас эсвэл хэзээ ч хайрлаж болшгүй дайсан адилаар төсөөлөх гэх мэт юмсыг янз бүрээр хэтрүүлэн дүрсэлдэг боловч үнэндээ нэг ч хүн бидний дүрсэлсний адил үнэхээр байдаггүй. Эдгээр гурван эрхэмийг заримдаа магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанар хэмээн орчуулдаг билээ.
Шавь нарт ийнхүү зэхэл (бэлтгэл) сургаалыг зааснаар Дүйнхорын авшиг хүртээхэд бэлэн болдог. Авшиг нь бэлтгэл үйл ажиллагаа, авшиг хүртээх гэсэн хоёр хэсэгтэй. Хамгийн чухал бэлтгэл бол шавь нар бусдад хор хүргэх байдлаар үйлдэл хийх, ярих, бодохыг хорих, мөн шашны бүтээлд харшлах үйлдэл хийхээс сэргийлэх үүднээс сахил авах явдал. Эдгээрийг бодьсадвын, тарнийн сахил гэдгээр нь бид мэднэ.
Авшиг нь бэлэгдэл бүхий Дүйнхорын орны бүтэц, “хот мандал”-д орж олон төрлийн үр суулгах, ариусгах нарийн жаягуудыг багтаадаг. Элсэн мандал нь Дүйнхорын гол хос ядам бурхан орших гурван хэмжээст орны хоёр хэмжээст хуулбар юм. Хос ядам нь арга, билгийн нэгдлийг илэрхийлдэг. Энэ бэлэгдлийн орон нь түүний хот мандал болон бусад бүрэлдэхүүн хэсгээ оролцуулсан 722 дүрслэлийг багтаадаг. Тэр бүгдийг шавь нар гол ядам бурхан Дүйнхорыг Дээрхийн гэгээнтэй нэг мөн чанартай хэмээн дүрсэлсэн дүрслэлээс хувилгадаг. Ингэж бүх шавь нар тухайн газар, багш, өөрийгөө болон бусад нөхдөө маш онцгой ариун хэлбэрээр дүрсэлж байдаг.
Үйл явцад “шинээр төрөх” долоон авшиг, дараагийн дээд дөрвөн авшиг, ханьцашгүй дээд дөрөв, төгсгөлийн Очирт багшийн авшгийг хүртээх үйл ажиллагаа багтдаг. Энэ бүгд нь хүний амьдралын туршид явагдах хөгжлийн үе шаттай адил юм. Эдгээр авшгууд үе шаттайгаар нарийн болон түүнээс нарийн саад тотгоруудыг ариусган шавь нарын сэтгэлд илүү гүнзгий түвшний бүтээл хийх үр (авьяас) суулгадаг.
Авшгийн эдгээр үе шатуудыг дүрслэх нь маш төвөгтэй байдаг. Гэвч хэрэв шавь нар зовлонгоос гэтлэх хатуу шийдвэр гаргасан, хамаг амьтны тусад Бурханы хутгийг олохыг зорьсон сэтгэл төрүүлсэн, юмс бидний уран дүрслэлийн хэлбэрүүдээр оршдоггүй гэдгийг ойлгосон ойлголтын үндсэн дээр чин сэтгэлээсээ сахил авч, дүрсэлж буй үйл явдал үнэхээр бодитой тохиолдож байна гэсэн хүчтэй сүсэг төрүүлж байвал тэднийг авшиг хүртсэн гэж үзэж болно. Хүн бүр өөрсдийн хамгийн сайн боломжоороо хичээх бөгөөд наад зах нь Дүйнхорын тарнийн сургаалд (Цогт цагийн хүрдэнд) үзүүлсэн гэгээрэлд хүрэх тэр зам мөрд хэзээ нэгэн цагт орох болтугай хэмээн ерөөл тавьдаг.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Дүйнхорын авшгийг өөрийн багш Ёнзин Лин Ринбүүчигээс, дэлгэрэнгүй тайлбарын аман дамжлагыг өөрийн дагсал хаялцагч Цэнжав Сэркон Ринбүүчигээс тус тус хүртжээ.