Халимагийн Бурханы шашны сэргэлт

Доктор Александер Берзинтэй хийсэн “Халимагийн Бурханы шашин” сэдэвт ярилцлага

бусад хэл
Халимагийн Бурханы шашин: Сайн байна уу, профессор Берзин? Тантай Халимагийн сүмийн номын санд уулзаж байгаадаа баяртай байна. Бид таны Гэвш Вангялын талаарх дурсамжийг сонсохыг хүслээ. Бид Гэвш Вангялыг АНУ-д удаан хугацаагаар амьдарсан манай нутгийн хүн хэмээн мэдэх юм. Та Гэвш Вангял ямар хүн байв мөн түүний зан чанарын онцлогийн талаар бидэнд юу хэлэхсэн бол? 

Доктор Берзин: Гэвш Вангял зохиол бүтээлүүдээс ердөө сургаалыг заах бус Бурханы шашны сургаалыг өөрсдийн амьдралд нийцүүлэхэд нь хүмүүст үргэлж тусалдаг гайхалтай багш байсан. Тэрээр цөөн хэдэн түүнтэй амьдарч байсан барууны хүмүүсийг шавь болгон авахдаа тэднийг амьдралын бүхий л талд сургадаг байв. Тэрээр шавь нартаа хэрхэн хоол хийх, юм оёх гэх мэт өдөр тутмын амьдралын бүхий л зүйлийг хэрхэн хийхийг заадаг байсан. Нэг сайн ээж, аав адил тэдгээр бүх зүйлийг өөрөө хийнэ. Заримдаа бүр шавь нартаа хувцас хийж өгнө. Ийнхүү тэрээр Бурханы шашин энгийн өдөр тутмын амьдралд хэрхэн нийцэж байдгийг үргэлж харуулдаг байсан.

Хэдий тэрээр эх бүтээлүүд болон гүн ухааны гүнзгий сургаалуудыг уламжлалт хэлбэрээр заадаг байсан ч хамгийн сайн шавь нараа их сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалан профессор болохыг ятгадаг байлаа. Тэдгээрийн сайн жишээ гэвэл Жеффрей Хопкинс, Роберт Турман нар байна. Харин тийм түвшний авьяасгүй нэг нь түүн дээр ирж зочлох ба тэрээр тэдэнд бас л тусална. Тэрээр сургаалыг шууд заах бус харин хүмүүст ямар нэг сургаалыг өөрсдөө маш гүнзгий ухаарч ойлгох нөхцөлийг бүрдүүлж өгдөг Шакяамүни Бурхан багшийн өөрийн тэр заах аргыг баримталдаг тэдгээр маш ховор багш нарын нэг байсан. 

Нэг удаа миний бие Гэвш Вангялтай түүний цөөн хэдэн шавь нарын хамтаар түүний зочны өрөөнд сууж байтал нэг эмэгтэй хүрч ирсэнийг санаж байна. Тэрээр нэлээд бухимдсан, сэтгэл зүйн хувьд нэлээд тайван биш байлаа. Эмэгтэй Гэвш Вангялтай уулзаж юу түүнд төвөг болоод байгаа талаар ярихыг хүслээ. Гэвш Вангял “Та энэ бүх хүмүүстэй ярилцаж болно, тэд бүгд миний найз” гэв. Түүнд бага зэрэг амаргүй санагдсан боловч тэрээр болсон зүйлийн талаар ярив. Түүнийг болсон явдлыг ярьж дуусах үед Гэвш Вангял түүн рүү хандан – тэр үед тэрээр нэлээд настай болсон байсан – алгаараа чихээ араас нь тосон “Нас дээр болсон, сайн дуулахгүй байна. Чангахан дахин яриад аль” гэлээ. Ингээд тэрээр түүнийг маш чанга дуугаар үг үгээр нь түүний түүхийг яриулан зарим үед нэг үгийг хоёроос гурван утаад давтуулж байлаа. Энэ бүхний дараа эмэгтэй болсон явдлыг хэтэрхий том болгож байснаа ухаарч тус явдал түүний бодож байсан шиг тийм айхавтар зүйл биш байсныг ойлгосон юм. Энэ мэт аргаараа тэрээр маш чадварлаг. Миний үзсэн хамгийн сайн нэг тохиолдол гэдгийг би хэлэх ёстой. 

Тэрээр хөдөөө даяаныхаа байр уруу нүүх үедээ, үнэндээ тэр түүнийг өөрийн шавь нараар бариулсан. Дахин хэлэхэд Гэвш бараг бүх зүйлийг хэрхэн хийхийг мэднэ, тэрээр бүх зүйлийг яаж хийхийг мэддэг тэдгээр лам нарын нэг байсан гэж хэлэх гэсэн юм. Ингээд нэг шавь нь дээвэр дээр ажиллаж байтал тэрээр шатаар авиран түүн дээр хүрч “Юу хийж байгаа юм? Чи ердөө буруу хийж байна. Яв эндээс!” гэх юм. Шавь нь “Юу гэсэн үг вэ? Та үүнийг огтоос буруу  гэж байна. Би яг таны хэлснээр хийж байна” гэв. Гэвш Вангял “Аан, энэ чинь л тэр том “би” үзэл. Энэ чинь л чиний салах ёстой тэр томоос том, эндүү үзэл би” хэмээсэн. Энэ мэтчилэн тэрээр зөвхөн зохиол бүтээлийн бус, зөвхөн зан үйлийн бус харин практик амьдралын агуу, агуу багш байсан. 

Хэд хэдэн халимаг хүмүүс одоогоор Гэвш Вангялын бүтээлүүдийг орчуулах ажилд оролцоод байгаа. Та Гэвш Вангялын өөрийн санаагаа буулгасан бүтээлүүд, магадгүй бичвэрүүдээс нэрлэхгүй юу?

Голлох бүтээлүүд нь Гэтлэхүйн үүд мөн Эрдэнэт шат. Гэвч түүний үлдээсэн хамгийн гайхалтай зүйлүүдийн нэг нь тэрээр Төвөдийн Бурханы шашны гол бүтээл болох, Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг”, “Лам-рим чэн-мо”-г орчуулахыг өөрийн шавь нараасаа хүссэн явдал байдаг. Тус бүтээл нь маш том гурван боть бөгөөд Гэвш Вангялын хамгийн ойрын шавь нарын нэг болох Жош Катлерийн удирдлага дор орчуулагдан дууссан. Жош Катлер тэрээр одоо хэр нь тэрхүү даяаны төвд амьдарсан хэвээр байгаа. Тус бүтээл Гэвш Вангялыг жанч халснаас хойш олон жилийн дараа орчуулагдаж дууссан байдаг.  

90-ээд оны эхээр Дарамсала явсан халимаг лам нарын талаар бидэнд ярьж өгөхгүй юу? 

Нэг бүлэг хүн байсан – хэдэн хүн байсныг би мартсан байна, 15 – 20 орчим байсан болов уу – Дарамсалад 90-ээд оны хүрэлцэн очсон. Тэдний ихэнх нь магадгүй 14 – ахмад нь 20 хүртэлх насныхан байсан байх. Тэдний Гоман хийдэд очиж сурах зөвшөөрөл нь хойшлогдож тэр хугацаанд миний бие өмнө нь энд Халимагт ирж байсан хийгээд тэдний ирсэн нутаг ус, нөхцөл байдлыг бага зэрэг мэдэх учраас тэд хийдэд очиж суухад тэдэнд бэлтгэхэд туслахыг надаас хүссэн юм. Тэдгээр өсвөр насны бага хүүхдүүдийн ихэнх нь анх удаа гэрээсээ хол явж байгаа нь тэр бөгөөд тэдний хувьд энэ үнэхээр хэцүү байсныг би хэлэх ёстой. Тэдний хувьд бүх зүйл маш өөр, шинэ зүйл байсан тул тэдэнд тэднийг харж хандаж, сэтгэлийг засаж байх хэн нэгэн үнэхээр хэрэгтэй байлаа.      

Ингээд тэд манай гэрт ирж, гэр маань үнэндээ маш жижиг, ердөө нэг өрөө байдаг байв, бүгд чихэлдэн газар дээр бараг нэг нэгэндээ давхарлах шахам сууцгааж миний өгсөн тэдний анхны Бурханы шашны талаарх сургаалыг сонсох болсон юм. Миний бие тэдэнд лам-рим (Бодь мөрийн зэрэг) заан, хийдийн амьдрал ямар байдаг, тэдний амьдрал тэнд ямар байх талаар ердөө ерөнхий зөвлөгөө өгч байсан. Бидний хооронд маш халуун дотно харилцаа тогтсон юм. Надад тэдэнд тэдний аавуудыг орлож байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Ингээд энэ жил Халимагт ирж тэдний цөөн хэдтэй уулзаж тэд хэрхэн өөрчлөгдөж төлөвшсөнийг харахад үнэхээр гайхалтай сайхан байсан. Тэд Энэтхэг явж, хийдэд суусан анхны бүлэг байсан нь үнэхээр эр зоригтой үйл хэрэг. Би тэдний тэрхүү эр зоригоор үнэхээр маш их бахархдаг.     

Бакула Ринбүүчи 1992 онд Халимагт айлчилсан бөгөөд түүний айлчлал хүмүүст нэлээд том хөдөлгөх хүч өгсөн. Та Бакула Ринбүүчигийн  талаар бидэнд юу хэлэхсэн бол? 

Бакула Ринбүүчи Энэтхэг дэх төвөд дүрвэгсдийн хувьд, мөн Монгол болон хуучны ЗХУ  дахь уламжлалт Бурханы шашинтнууд анхааран халамжилж байсан хамгийн чухал хүмүүсийн нэг магадгүй байсан байх. Тэрээр Энэтхэгийн Гималайн бүсийн уламжлалт Бурханы шашинт бүс нутаг Ладакийн язгууртны гэр бүлд төрсөн бөгөөд хийдийн дамжаагаа дүүргэсний дараа Энэтхэгийн засгийн газарт алба хааж мөн парламентын гишүүн болж байв. Тэрээр Неруд санал тавин Дээрхийн Гэгээн Далай ламд орогнол олгон төвөдүүдийг Энэтхэгт дүрвэгсдээр суулгах зөвшөөрөл олгуулуулахаар хөөцөлдөж байсан хүн юм. Ринбүүчи коммунист ертөнцийн Бурханы шашинт нийгмүүдэд болж байсан тэдгээр хурал, чуулгануудын олонхид Бурханы шашин болон Энэтхэг улсыг төлөөлж байв. 

Ийнхүү тэрээр коммунист дэглэмийн тэрхүү түүхэн үеэр Вьетнам, Хятад, Монгол, Буриад зэрэг улсуудад зочилж байсан бөгөөд тэдгээр бүс нутгуудад очиж байсан Төвөдийн Бурханы шашны уламжлалын анхны төвөд эрдэмт лам байсан юм. Улмаар коммунист дэглэм нуран унасны дараа Энэтхэгээс Монгол улсад суух элчин сайдаар томилогдсон. Түүний бие Монголд уламжлалт Бурханы шашин сэргэхэд туслахад маш, маш их хэрэг болж байв. Тэрээр Энэтхэгийн засгийн газраас Монгол, Буриад, Халимаг, Тувагаас Энэтхэгт Гоман хийдэд суух лам нарын оршин суух зөвшөөрөл, хөрөнгө мөнгийг гаргуулахад оролцсон бөгөөд энэ бүхэн бүгд түүний буяны сэтгэлээр бүтсэн юм. Монголд гэхэд тэрээр лам хуврагууд хуврагийн сахилаа маш хатуу сахихыг голлон онцгойлсон нэг хийд байгуулсан ба өмнө нь Монгол байгаагүй тэрхүү эмэгтэйчүүдийн хийдийг мөн байгуулсан юм. Маш олон хэлбэрээр тэрээр Бурханы шашин сэргэхэд тусалсан. 

90-ээд оны дунд, сүүл үеэр Ричард Гир Бурханы шашны сургаалын зарим бүтээлүүдээс, тэр дундаа Бакула Ринбүүчигийн бүтээлүүдээс орчин цагийн монгол хэлэнд орчуулан, хэвлүүлэх түүний төслийг зохион байгуулахыг надаас хүссэн юм. Ингээд би Бакула Ринбүүчигийн туслахын хамтаар үүнийг зохион байгуулахад тусалсан бөгөөд тэдгээр монгол хэл дээрх ном, бүтээлүүд хүмүүст маш, маш их тустай, тэдэнд их үлгэр дуурайл болж байсан. Ринбүүчи нэг, хоёр жилийн өмнө таалал болсон өгөөд хойд дүр нь аль хэдийн тодорсон байгаа. 

Хойд дүр нь хаана тодорсон бэ? 

Миний мэдэхээр мөн Ладакад. 

Бурханы шашныг хүлцлийн гүн ухаан гэж байнга ярьдаг. Халимагт гурван үндсэн шашны төлөөлөлтэй; одоогоор тэдгээр төлөөллүүд манай улсад амжилттай хамтын ажиллагаатай байгаа. Хүмүүс энэхүү энэрэнгүй хамтын ажиллагааны хэв маяг орчин үеийн дэлхий ертөнцөд их үр дүнтэй байна гэсэн итгэлтэй байгаа. Та энэ тал дээр санал бодлоо хуваалцахгүй юу?

Халимагт Бурханы шашинтнууд, Үнэн алдартны шашинтан, исламын шашинтнууд харилцан эв нэгдэлтэй амьдарч байгаа үнэхээр гайхалтай хэрэг гэж би бодож байна. Энэ бол Дээрхийн Гэгээн Далай ламын үргэлж уриалан хэлдэг зүйл бөгөөд хэрэв энэ үнэхээр бодит байдал дээр хэрэгжиж байвал тэрээр үргэлж туйлын их баяртай байдаг. Дээрхийн Гэгээн бүх шашны харилцан нэг нэгээ хүндлэх хүндлэлийн чухлыг онцолдог ба энэ нэг нэгийнхээ шашны талаар тодорхой мэдлэгтэй, харилцан ойлголцолтой байх дээр суурилдаг. Мэдээж тодорхой гүн ухааны болон номлолын ялгаа бий – энэ бол ердөө байгалийн мөн чанартай – бид эдгээр өөр өөр итгэл үнэмшлүүд нь ердөө өөр өөр төрлийн хүмүүст өөр өөр төрлийн хоол хүнс тохирдгийн адил өөр өөр төрлийн хүмүүст тохирдог гэдгийг гэдгийг ойлгох ёстой, тэд бүгд тустай, тэд бүгд илүү сайн хүн, ерөнхийдөө илүү ёс зүйтэй хүн болоход тохирох тэдгээр хүмүүст тусалдаг гэх мэт. Тэгэхээр энэ зүйл үнэндээ бодитой байж, бодит байдал дээр хэрэгжиж байгаа Халимаг гэх мэт улсууд дэлхий дахинд маш их үлгэр дуурайл бүхий жишээ болдог. 

Орчин үед цөөнгүй тооны урлагийн бүтээлчид өөрсдийн бүтээлийг Бурханы шашинд зориулах болсон. Бид хөгжмийн урлагийн ертөнц, уран зураг мөн кино тайзны салбарын тодорхой тооны хүмүүсийг нэрлэж болно. Зарим урлагийн оролдлогуудыг мөн Халимагийн сүм хийдүүдэд хийж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс Бурханы шашны үзэл санааг өөрсдийн бүтээлээр дамжуулахыг хичээж байна. Бурханы шашны үзэл санааг хүмүүст урлагийн хэлбэрээр хүргэх зөв аргуудын талаар та бидэнд юу гэж хэлэх вэ? 

Бурханы шашны маш гүнзгий өргөн хүрээг хамарсан сургаалыг дан ганц урлагаар илэрхийлнэ гэвэл тийм хялбар биш гэж би бодож байна. Гэвч миний бодлоор урлагийн бүтээлүүдийн тэдгээр олон төрлүүд Бурханы шашныг сонирхох сонирхлыг өдөөж өгөхөд тусалж болно. Ингээд тэрхүү сонирхол дээр тэд сургаал чухам юу болохыг илүү гүнзгий харж болно. Гэвч мэдээж амар амгалан – гэх мэт зүйлийн талаар дуулж байгаа дуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хайр сэтгэлийн талаар дуулж байгаа дуунаас илүү ач тустай байх нь ойлгомжтой. Бурханы шашны сэдэвтэй ямар нэг зүйлийн талаар ярих үед тэр нь илүү их нийтийг хамарсан, универсал зүйлийн тухай байдаг; зөвхөн нэг хайр сэтгэлтэй учирсан тодорхой нэг хүний тухай бус ерөнхийдөө бусдад санаа тавьсан, амар амгалан, эв нэгдлийн тухай байдаг. Мөн соёлын онцлогийг харуулсан урлагийн тал хандлагууд жишээ нь халимаг бүжиг зэрэг нь Халимагийн соёлын талаар бага зэрэг илүү ихийг мэдэх сонирхлыг төрүүлж болох ба ийм замаар Бурханы шашинд ойртож болно. 

Урлагийн талаар ярих үед урлагт бид юуг багтааж байгааг харах нь их сонирхолтой байдаг. Учир нь жишээ нь бид график болон зургуудыг сургаал заахад тустай байхаар хэрэглэдэг. Заримдаа  маш ярвигтай комплекс санааны өөр өөр хэсгүүд хэрхэн өөр хоорондоо холбогдож, тохирч байгааг тэдгээрийн хүснэгт эсвэл графикаар харуулах үед  тэдгээр нь ойлгоход маш хялбар байдаг. Мөн багш нарын видео хичээлүүд байж болно. Эдгээр нь ялангуяа тэдгээр лам багш нартай биечлэн уулзаж чадахгүй байгаа, мөн ламтан таалал болсон үед маш, маш тустай байж болно. 

Мөн жишээ нь интернэт хэрэглээний хувьд би нэг том Бурханы шашны вэб хуудастай бөгөөд үүнд маш олон тооны бичвэрүүд, миний тавьсан лекцүүдийн аудио файл болон миний орчуулгууд, түүний орос хэлийг багтаасан өөр олон хэлний орчуулгууд бий. Үүнийг хүмүүст хэрэглэхэд илүү хялбар бөгөөд сонирхолтой болгож байгаа онцлог зүйлийн нэг нь түүний график арт. Тэгэхээр тэрхүү график арт нь ямар  нэг зүйл зарахтай адил маш гялалзсан биш байх гэсэн утгатай. Ямар нэг зүйл тодрон гарч ирж нүдний өмнө гялалзах – энэ бол тохиромжтой биш, гэвч өнгөний сонголт, бүтэц, хэрэглэж байгаа дүрслэл, илэрхийллүүд гэх мэт эдгээр бүх зүйлүүд сургаалыг унших, сонсох маш таатай орчин бүрдүүлж болно. Хэрэв үүнийг маш хүндэтгэлтэй арга замаар сэтгэлийг тайвшруулахад туслах хэлбэрээр хийвэл энэ нь сургаалыг толлилуулахад туслах график артын урлагийн нэг сайхан хэрэглээ гэж би бодож байна. Ярвигтай комплекс материалуудыг үзүүлэх үүднээс вэб хуудсанд өөр өөр өнгийн, өөр өөр дүрслэлүүдийг хэрэглэх үед энэ нь ойлголтыг чанар болон хялбар байдлыг нэмэгдүүлнэ. 

Профессор Берзин, та зарим барууны гүн ухаанчид “энэрэн нигүүлсэх сэтгэл” (англ. compassion) гэдэг үгийн оронд “өрөвдөн сэтгэл засах” (англ. sympathy) гэдэг үгийг хэрэглэх болсон тал дээр юу хэлэхсэн бол? Энэ талаар та юу гэж бодож байна? 

Өрөвдөн хайрлах сэтгэл нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн ердөө нэг бага хэсэг гэж би бодож байна. Энэ нь бүх утгыг бүрэн багтаадаггүй. Ер нь өрөвдөн сэтгэл засах гэдэг нь маш идэвхгүй хэллэг байдаг бол Бурханы шашны энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг нь маш идэвхтэй утга бүхий хэллэг байдаг. Бурханы шашинд энэрэн нигүүлсэх сэтгэлийг бусдыг зовлон болон зовлонгийн шалтгаангүй байхыг хүсэх сэтгэлээр тодорхойлдог. Тэгэхээр энэ нь өрөвдөн хайрлах сэтгэл дээр суурилах ба тэр нь бусад хүмүүс үнэхээр их зовлонтой байгааг, бидний адил тэд бас зовлонгоосоо ангижрахыг хүсэж байгааг, тэдний зовлон бидний зовлон биднийг хэдий их зовоодгийн адил тэднийг мөн зовоож байгааг ойлгож буй ойлголт юм. Гэвч энэрэн нигүүлсэх сэтгэл нь түүнээс илүү өргөн. Энэ нь бусад өөрсдийн зовлонгоос ангижрах боломжтой гэсэн ойлголт, итгэл мөн зовлонг арилгахад юу хийх хэрэгтэй талаарх ойлголт – наад зах нь зарим ерөнхий санааг багтаах – ба бодитойгоор тус болох ямар нэг зүйл хийх үүрэг хариуцлагыг авах идэвхтэй санааг агуулж байдаг. Тэгэхээр энэ нь хойш суун “Та ийнхүү зовж байгаа нь үнэхээр гунигтай хэрэг” хэмээн ердөө өрөвдөх сэтгэл бус үүнд ямар нэг хийж болох зүйл бий эсвэл миний хийж болох ямар нэг зүйл бий гэх сэтгэл юм.           

Дээрхийн Гэгээн Далай лам, Шажин Лама Тело Түлкү Ринбүүчи нар байнга сүм хийдийн уламжлалууд – лам нарын сахилыг чандлан сахих шаардлагыг, хэрэгцээг онцлон тэмдэглэдэг. Та энэ тал дээр юу гэж бодож байна? 

Энэ бүгдийг маш цэвэр ариун байлгах нь үнэхээр чухал. Бурхан багш цэвэр ариун сахил бүхий лам хуврагууд байгаа цагт миний сургаал оршсоор байх болно хэмээн айлдсан байдаг. Гэвч гол зүйл бол эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд үнэндээ сахилыг чандлан сахиж Бурханы шашны зам мөрийг маш чин сэтгэлээс дагаж байх явдал. Тэгэхээр чанар бол тооноос илүү чухал юм. 

Сүүлийн асуулт. Зарим барууны Бурханы шашин судлаачдын Бурханы шашныг орчин үетэй ойртуулах гэж яриад буй зүйлийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу? Тэд шашны зан үйлийн хэсгийг Бурханы шашны цэвэр сургаалаас салгаж, орчин үеийн хүмүүс түүний гүн ухаан дээр төвлөрөх нь зүйтэй хэмээж байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? 

Энэ бол Бурханы шашны уламжлалд нийцэхгүй ба бага зэрэг алсын хараагүй хэрэг юм. Учир нь хэрэв зан үйлийг ямар нэг ойлголт, гүн ухааны боловсролгүйгээр дангаар нь үйлдэж байх юм бол энэ нь тийм их тустай биш, гэвч ойлголт, гүн ухааны боловсрол, бясалгал зэрэгтэй хослуулан үйлдэж байвал тэр мэдээж нэг чухал үүрэгтэй. Энэ нь өөрийн хүндлэл, итгэл үнэмшлийг илэрхийлэх нэг хэлбэр, бүрэлдэхүүн хэсгийг гаргаж өгч байдаг. Энэ нь маш чухал нийгмийн үүрэгтэй, нийгмийн хамт олныг нэгтгэхэд тусалж байдаг. Хэдий тэд зан үйлийн явцад юу болж байгаа талаар ойлгохгүй байсан ч ердөө лам нарын хурал хурахыг сонсох нь тэнд нэг маш амар амгалан уур амьсгалыг бий болгож байдаг. Ийнхүү тэр нь бүр өнгөц түвшиндээ ч ач тустай. Мөн энэ нь Халимаг гэх мэт тухайн нэг нийгмийн соёлыг тодорхойлоход тусалж байдаг. Ялангуяа бүгд бие биетэйгээ ижил болж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд тодорхой өөрийн хувийн соёлын онцлог шинж чанартай байх нь маш чухал. Тэр дундаа соёл ёс заншил нь урт хугацааны туршид шахагдан хавчигдаж байсан Халимаг гэх мэт улс болон тэрхүү соёлоо сэргээхээр оролдож байгаа ийм газруудад маш чухал. Зан үйл хүмүүсийг өмнөх үеийнхэнтэй холбоход тусалдаг бөгөөд энэ нь эргээд тэдэнд өөртөө итгэх итгэл, өөрийг үнэлэх үнэлэмж – тэдэнд сайхан хийгээд утга учир бүхий зүйл байдаг гэсэн мэдрэмжийг тодорхойлох, төрүүлэхэд тусалдаг. 

Top