Нийгмийн хариуцлага ба Байгаль хамгаалал

Хэлэлцүүлгийн сэдэв нь Бүтээгчийг хүлээн зөвшөөрдөг болон зөвшөөрдөггүй шашнууд ерөнхийдөө нийтийн тусыг үйлдэх, ялангуяа байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагын үндэс суурь болдог ёс суртахууныг өөр өөрсдийн сүсэгтнүүдэд хэрхэн сургадгийг үзүүлсэн харьцуулалт юм.  

Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Бурханы шашин

  • Бодит зүй тогтолыг ухаарах ба үүн дээр үндэслэн амьтан бүгдийг нигүүлсэхийг онцгойлон чухалчилдаг.
  • Байгаль орчин ба түүнд амьдардаг амьтад нь харилцан нэгнээсээ тусгаар, бие даан үл оршдог гэдэг нь бодит байдал. Тэдгээр нь харилцан хамааралтай байдаг.  
  • Бидний амьд байх нь байгаль орчин амьд байхаас хамаарна.  
  • Байгаль орчин энэ дэлхий дээрхи амьтан бүрт нөлөөтэй, учир нь байгалийн  экологийн систем нь харилцан хоорондоо нөлөөлснөөр дэлхий нийтийн нэгэн экологийн системийг бүрдүүлдэг.  
  • Бид өөрөө болон өөрийн гэр бүлийнхэнд эрүүл саруул, тогтвортой амьдралыг хүсдэгийн адилаар энэ дэлхий дээрхи бусдууд ч түүнийг л хүсдэг.   
  • Бид байгалийн элдэв гай гамшгаас ангид байхыг хүсдэг адилаар бүгд л үүнийг хүсдэг. Үүгээрээ бид бүгдээрээ адил.  
  • Энэ адилын бодол санаа, ухаарал ойлголт нь хотол олныг энэрэн нигүүлсэх, хүрээлэн буй орчныг өөрийн үйлдлээр хайрлан хамгаалах хариуцлагыг хүлээх суурь болно. 
  • Байгаль орчныг хамгаалахад оруулж буй алхам тус бүр нь хүрээлэн буй орчин үл доройтоход оруулж буй хувь нэмэр мөн. 

Хуучин Гэрээ 

  • Эзэн тэнгэр байгал дэлхийг болон түүн дэх амьтан бүхнийг бүтээсэн.
  • Гэтлэл 23 дугаар бүлгийн 10-аас 12 дугаар шүлэгт Эзэн тэнгэр хүнийг зургаан жил дараалан газар хагалан ургац хураан авахыг зөвшөөрчээ. Харин долоо дахь жил тутамд талбайг тариалалгүй орхин тэнд ургасныг ядуу буурайс хураан авч идэштээ хэрэглээд, үлдсэнийг талбай дээрх зэрлэг амьтад идэхийг зарлиглажээ. Үүгээр газрыг хэт шуналаар арвин ургац авахын тулд хэтрүүлэн ашиглахгүй байх, зэрлэг амьтдыг ч хайрлан тэтгэхийг сургасан байна.  
  • Бүтээгч эзэн мөн хүнийг зургаан өдөр ажиллаад долоо дахь өдрөө амрах ёстой ба үхэр, илжигийг ч амраах ёстой гэжээ. Энэ нь адгуусан амьтад ч хүмүүсийн адил эрүүл чийрэг байх ёстой хэмээн санаа тавьсан хэрэг.   

Коран судар

  • Бүтээгч эзэн газар дэлхий дээрхи болон диваажин дахь бүхнийг бүтээсэн ба адгуусан амьтныг хүн хэрэглэхэд зориулан бүтээж өгчээ. Эзний бүтээлд хосгүй ач тусыг үзүүлснээр Эзнийг шүтэн биширнэ хэмээн Эзэн тэнгэр хүнийг бүтээжээ.
  • Коран судар 50:7-8-д Эзний бүтээлийн хувьд Эзэн тэдгээрийг өөрийн ачлал, сүр жавхлан, өршөөлөөр бүтээсэн гэдгийг санаж байх ёстой.  
  • Байгал орчноо хамгаалах, нийт олны ашиг сонирхлын төлөө зүтгэх нь Эзний бүтээлд үйлчилж буй хэрэг тул Эзнийг шүтэн биширч байгаа хэлбэр болно. 

Минзийн сургаал

  • Лианийн хаан Хуй -д (梁惠王), Минз бээр сургахдаа, хэрэв газар хагалах зохистой цагийг эс умартвал хүмүүс идэш хүнсээр үл дутна. Хэрэв нуур цөөрөмд нягт тор эс тавибал хүн ард мэлхий загасаар үл дутна. Хэрэв уулын модонд сүх, хутгыг гагц зохист цагт хэрэглэвэл хүмүүст түлээ мод үргэлжид хангалттай байна. Хэрэв энэ бүхнийг хэрэгжүүлбэл та өөрөө зохист хаан болно хэмээжээ.
  • Минз мөн Хаан эзнийхээ хөнөөлт бодлогын талаар анхааруулан хэлэхдээ, “та хориг хязгаар тавихгүй болохоор нохой, гахай тань хүн идэж болохуйц хоол хүнсийг хэрэглэж, хүн арддаа үр тариа өгөхгүй болохоор тэд гудамжинд өлсөж өлбөрч байна" хэмээжээ.  Энэ нь адгуусан амьтныг тэжээхийн тулд газар шороог учир замбараагүй ашиглан, дараагаар тэдний махыг баян чинээлэг хүмүүс хэрэглэж байхад дэлхий дээр олон тооны хүн өлсөж үхэж байна гэдгийн сануулга хэмээн ойлгож болох юм.  

Энэхүү товч төдий тоймоос харахад л бүтээгч эзэнтэй болон эзэнгүй шашнуудын аль алин нь байгаль орчныг хамгаалахад нийт олноороо хүлээх хариуцлагын ёс суртахууны үндэслэлийг ижил төстэй сургадаг байна. Хэдийгээр энэхүү үндэслэлийн цаад дахь шашны болоод гүн ухааны итгэл үнэмшил нь өөр хоорондоо ялгаатай ч тэдгээрийн зорилго болоод үр дүн нь ижил юм.   

Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.
Top