Ниншягийн хуй ислам шашинтны бүс нутаг дахь Төвөдийн Бурханы шашин, 1996 он

Оршил

Ниншя буюу Хотонгийн өөртөө засах орон нь өмнөд Гансу болон Өвөр Монголын хооронд орших ба Хуй хятад ислам шашинтнуудын нутаг юм. Өмнө нь Ниншя нь Өвөр Монголын нэг аймаг байсан бөгөөд түүний хамгийн баруун захын цөл нутаг болох Алашан нь 阿拉善山 (A-lag-sha) бас багтаж байв. Одоогоор Алашаны ихэнх хэсэг Өвөр Монголд харьяалагдах ба түүний ердөө нэг тал хэсэг Ниншя дүүрэгт харьяалагдаж байна. Одоогоор Ниншягийн нийслэл нь Иньчуань юм. Хуй исламчууд Хятад даяар тархан суудаг хэдий ч Гансу болон Хөхнуурт олноор сууна. Өвөр Монгол болон хойд захын Шэньси, Шаньси, Хэнан, Хэбэй мужуудаар мөн олноор суудаг. XIX зууны сүүлийн хагасаас эхлэн Киргизэд голлон дүрвэгсэдийн маягаар суух болсон. Хуй нарын амьдрах ЗХУ-ын Төв Азийн нэг бүрэлдэхүүн болж байсан улс нь Дунган юм.

Ниншя – Хотонгийн өөртөө засах орон дахь Бурханы шашин

Ниншя нь Тангуд эзэнт улсын (Төвд. Mi-nyag, Хятд. Xixia 西夏) гол нутаг байсан бөгөөд мөн адил Иньчуань нийслэлтэй, нийтээрээ Бурханы шашинтан байв. Монголчууд түүнийг XIII зууны эхнээс захирах болж түүнээс хойш Төвөдийн Бурханы шашныг баримтлах болсон. Торгоны замын зүүн төгсгөлд байрладгаараа энэ бүс нутаг нь VIII зуунаас эхлэн Төв Азиас ирэх ислам шашинтан худалдаачдын суурших нутаг болсон юм. XIII зууны сүүлээс XIV зууны дунд үе хүртэл Юань гүрэн болох Хятадын Монгол хаанчлалын үед монголчууд ислам суурьшигчдыг тэдний эзэлсэн Төв Ази болон Хятадын хойд хэсэг хүртэлх бүс нутгуудад удирдлага, цэрэг, гар урлаачаар томилж байсан юм.

Монголчуудын хүч суларсны дараа эдгээр ислам шашинтнууд гол төлөв Тангудын бүсээр суурьшин үлдсэн юм. XIV зууны сүүлээр Доголон Төмөр хаан Самарканд, Узбекстанаас эхлэн тус бүс нутгийг эзлэн авснаар Могул исламын хүчний байрлалыг энд хүчитгэсэн юм. Олон тангудууд өмнөд зүгт зугтан Кам буюу одоогийн Ми-няг нутагт суух болов. Төрөлх нутагтаа хэчнээн тангуд хүн үлдсэн нь тодорхойгүй байдаг. Ислам эрэгтэйчүүд ислам бус эмэгтэйчүүдтэй гэрлэх болсноор одоогийн хуй хүмүүс цэвэр хуй хүмүүс байхаа больсон.

Түүхийн явцад Ниншягийн ойр орчим олон төвөд болон монгол Бурханы шашны хийдүүд байсан. Ниншяд бүр исламын шашин дэлгэрсний дараа ч монгол Бурханы шашны хийдүүд байсаар ирсэн бөгөөд нэмэгдэн баригдаж байсан. Жишээ нь Иньчуаний баруун талд, Шар мөрний нөгөө эргийн Алашан цөлийн бүс нутагт 1958 оныг хүртэл 90 орчим хийд байсан. Тэдний ихэнх нь Гэлүг ёсны хийдүүд байсан хэдий ч мөн Гаржүд, Сажа ёсны хийдүүд байсан бөгөөд өвөр монгол голлосон 3000 орчим лам хуврагтай байсан. Тэднээс хамгийн алдартай нь Баянхотын (Bayanhaote 巴彥浩特) ойролцоо байсан III Далай ламын байгуулсан Баруун хүрээ болон Жүнгкигийн 中旗 Зүүнгар зуу хийдүүд юм. Алашаны бүсэд одоо хэр нь 20 орчим лам хуврагтай Бурханы шашны гурван хийд байгаа бөгөөд тэдгээр нь Баруун хэт, Зүүн хэт, Дэлкэн сүм хийдүүд юм. Тус бүс нутаг нь Өвөр Монгол дотроо хамгийн их сүсэг бишрэлтэй Бурханы шашинтнуудтай бүс нутагт тооцогддог. Эдгээр хийдүүд нь Ниншягийн одоогийн хил дотор багтдаг эсэх нь тодорхойгүй байна.  

Top