Удиртгал
Бүгд Найрамдах Тува (монгол: тагна урианхай, түвд: танну) улс бол Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг, Сибирийн холбооны тойрог дахь автономит улс юм. Тува нь Баруун Монголын хойд хэсэг Баруун Алтайн бүсийн нутагтай хиллэнэ. Энэ нь Енисейн мөрний хамгийн урд цэг. Тувачууд монгол хүмүүс биш түрэг хүмүүс бөгөөд тиймдээ ч Алтай, уйгур болон казах хүмүүстэй холбогддог. Тува хэл нь түрэг хэл бөгөөд түүний үгсийн сангийн 20 – 30% нь монгол хэлнээс зээлдэж авсан үг байдаг.
Тувагийн Бурханы шашны товч түүх
Тува дахь анхны суурин хийдүүдийг “хүрээ” (түвд: лин) хэмээдэг байсан ба тэдгээрийг Монгол хийдүүдийн хэв загвараар 1770-аад оны үед барьж бүтээжээ. Энэ бол Тува болон Монгол орон Хятадын Манж Чин гүрний мэдэлд байсан (1758 - 1911) үе юм. Тэдгээр хийд нь ихэвчлэн Гэлүгва ёсны болон Түвдийн Бурханы шашны бусад ёсны хийдүүд байсан ба эдгээр ёс уламжлалууд Монголоос шууд орж ирдэг байв. Үүнээс ч өмнө буюу Ойрад Монголын Зүүнгарын хаант улсад багтдаг байсан тэр цаг үед (1634-1755) Тувад Бурханы шашин анхлан дэлгэрсэн байж болох юм.
Орчин цагийн Чадаана хотын ойролцоо байсан Дээд болон Доод Чадааны хүрээ нь Тува дахь гол хийдүүд байлаа. Эдгээр нь тус бүр 500 ламтай, хоёр хийдийн хамбыг хавсарсан Хамбы Лама байсан бөгөөд тэрээр Тувагийн шашин, төрийн хэргийг хослон барих ба Өргөөгийн Богд гэгээн Жавзандамба Хутагтын шууд захиргаанд байдаг байв. Энэ нь Богд гэгээнтэй ямар ч холбоогүй, Оросын Хааны засгийн газраар томилогддог Буриадын Бандид Хамбо Лама болон Халимагийн тэргүүн ламаас ялгаатай алба байлаа.
1914 онд Тува нь Орос улсад нэгдэн орох үедээ 28 хүрээ хийдтэй байжээ, хэрэв жижиг хүрээг оролцуулбал нийт 44 хүрээ, 4 000 орчим лам, хуврага (хүрээнд амьдарч, орхимж өмсөх шавь нар) байв.
Хуврагуудын бараг тал орчим нь лам нар бус тосгонд амьдрах бараг гэргийтэн хүмүүс байх бөгөөд баяр ёслолын үеэр хүрээнд зан үйл үйлдэхээр лам нартай нэгддэг байв. Хүрээ бүгд Гэлүг уламжлалтай. Лам нар хурлын үеэр төвөд орхимж өмсөх ба хийдээс гадуур монгол маягийн лам дээл өмсөнө. Олонх гэнэн, гэцэл, гэлэн лам нар гэрлэсэн байх бөгөөд зарим нь бүр гэлэн сахил хүртсэнийхээ дараа гэрлэсэн нь байна.
Сайн эрдэм боловсролтой лам нар нь зөвхөн Чаданы хоёр хүрээнд байх ба тэдний дундаас хамгийн сайн нь Монгол, Төвөд үрүү үргэлжлүүлэн сурахаар явна. Чойрын болон анагаах ухааны нэг Манба дацан байсан бөгөөд Дээд Чаданд бүр Цагийн хүрдэний дацан байлаа. Цагийн хүрдэний уламжлал нь Монголоос уламжлалтай, тэр нь Лхасын Потала ордоны Намгял дацангаас уламжлалтай байв. Цагийн хүрдэний хүрээг байгуулахад туслахаар өндөр боловсролтой лам нар мөн Төвөдөөс шууд ирж байв. Одон орныг мөн судалж байлаа. Хийдийн заавал судлах сурах бичиг игча нь Гоман, Лабран Ташигийл, Халимаг мөн Монгол болон Буриадын сайн хийдүүдэд хэрэглэгдэж байсан Күнкен Жамяан Шерагийн сурах бичиг байв. Эх зохиолуудыг (сурах бичиг) Дээд, Доод Чаданы хүрээний аль алинд хэвлэж байсан бөгөөд хуудасны дугаар нь ихэнх тохиолдолд хятад хэл дээр байсан нь тэдгээр эх бичгүүд Монгол болон Хятадад хэвлэгдсэн бодон бар байж болохыг харуулж байлаа. Монгол, Трансбайгаль, Халимагийн адил Тувад эмэгтэй лам хуврагийн уламжлал байгаагүй.
Чин гүрний нуран уналт ба Тагнын Тувагийн үүсэл
1911 онд Манж Чин улс мөхсөнөөр 1914 онд Тува нь Орос улсад нэгдэн орсон ба Оросын хувьсгалын дараахь хэдэн жилийн үймээн самууны дараа 1921 -ээс 1944 оны хооронд Бүгд Найрамдах Танну-Тува Ард улс хэмээх тусгаар тогтносон улсыг байгуулж байжээ. Тус улсыг 1932-оос 1944 оны хооронд Солчак Тока гэгч удирдаж байсан нь тэрээр Сталины адил дарангуйлагч байв. Энэ үед Тагнын Тува нь бараг л Монголын адил Орос, Сталины хяналтанд байв.
Бие даасан байдалтай байсан энэ үед Бурханы шашныг өөрсдийн дотооддоо хавчин шахаж бүрэн үгүй болгов. 1938 онд сүм хийдүүдийг эвдэн нурааж, лам хуврагуудыг Сибирийн хорих лагерьт илгээв. Энэ үеэс хүмүүс ихээр айдаст автах болсон бөгөөд Бурханы шашны олон зохиол бүтээлүүдийг уул, хаданд нуусан нь одоо хэр нь хэвээр байдаг. 1944 онд Тагнын Тува Зөвлөлт Холбоот Улсад нэгдэв.