Өвөр Байгалын хязгаар дахь Буриад үндэстэний Зөвлөлт засгаас өмнөх Бурханы шашны түүх


XVI зуунд төвөд-монгол Гэлүг уламжлалтай буриад-монгол овгууд Монголын хойд нутгаас Сибирийн Байгаль нуурын зүг нүүж эхэлсэн бөгөөд XVII зуунд Орос тус бүс нутгийг эзлэн авч өөрийн эзэнт гүрний нэг хэсэг болгосон байдаг. Ингээд 1727 онд тухайн үед манж Чин улсын хэсэг байсан Монгол болон Оросын хоорондох хил тодорхойлогдох болов. Үүнээс хойш мөргөлчид ирж очихыг зөвшөөрч байсан хэдий ч нүүдэллэн суух болон албан ёсны харилцаа холбоо зогссон байв. Оросын эзэн хаан буриадуудыг татах үүднээс Бурханы шашныг дэмжин татвар хураахдаа лам нарыг ашиглан түүгээр ард түмнийг хүчтэй хянаж байв. Ийнхүү Оросын төв нутгаар суурьшсан халимагуудаас ялгаатай нь Алс Дорнодын хилийн буриадуудад оросууд илүү зөөлөн хандаж байв. Оросод Манж-Хятад улсад нөлөөтэй байж, худалдаа арилжаа хийх хүчтэй байр суурийг бий болгоход буриадын хамтын ажиллагаа шаардлагатай байсан бөгөөд энэ үүднээс Бурханы шашин Буриадад Халимаг болон Тувагаас илүү хүчтэй, хурдан дэлгэрсэн байдаг.             

1741 онд анхны суурин дацан Цонголд баригдасан бөгөөд 1991 онд тус дацангийн 250 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Удалгүй гурван дацан байгуулагдсанаас Гузин нуур дацан илүү чухалд тооцогдож байв. Монголын шашны тэргүүн Өргөөгийн Богд Гэгээн Жавзан Дамба Хутагтын нөлөөг багасгаж, түүнтэй өрсөлдөх үүднээс Оросын хаан Гузин нуур дацангийн хамба ламыг Трансбайгалийн бүс нутгийн шашин болон нутгийн удирдлагын тэргүүнээр томилон Хамба бандид (Төвөд. pandita mkhan-po bla-ma) цол олгов. 

XVIII зууны сүүлээр дамжин XIX зуун туршид шашин ихээр өргөн дэлгэрч Төвөд ёсны бүхий л салбар ухаануудад өргөн суралцах болов. Төвөд рүү хийх мөргөл өргөн болж олон арван эх зохиолуудыг авч ирж байлаа. Төвөд болон монгол ховор эх зохиолуудыг Агийн болон Цугулын дацанд гол төлөв хэвлэж байв. Эдгээр дацангууд дотроо цан-нид (чойр), манба (анагаах ухаан), дү-кор (Цагийн хүрдэн), гюү (тарни) гэсэн дөрвөн дацанд хуваагдаж байв. Ихэнх дацангууд Монголд байдгийн адил Амитабха бурханы ариун орон буюу дэвачэн хийдтэй байв.       

Төвөдийн Лхас дахь Потала ордны Намгял дацангийн хэв маяг бүхий монгол дацангийн уламжлалыг дагадаг гол Цагийн хүрдэний дацангууд нь Гузин нуур, Анин, Эгэтуй дацангууд байв. Тэдний уламжлалаа авдаг Монгол дахь гол дацан нь Гялчэн Ринбүүчигийн байгуулсан Дэчэн Калава дацан байсан бөгөөд одоо тус дацан байдаггүй. Агийн дацан Цагийн хүрдэний уламжлал, хэв маягаа Лабран Таши-кийлээс шууд авч дагадаг байсан боловч уншлага нь (sgrub thabs mkhas grub zhal lung ) бусад дацангуудтай адил байв. Ийнхүү Агийн дацан Цагийн хүрдэний бүтээлийн голлох дацан болж байв. Өндөр настай лам хуврагууд Ленинградын дацан Агийн дацангийн хэв маягийн Цагийн хүрдэний бүтээлийг дагадаг байсан бөгөөд тэд мөн адил зөвхөн зан үйлийг үйлдэх ба бодит бүтээлийг хийдэггүй байсан болов уу хэмээн дурддаг. Агийн дацан өөрийн бүхий л уламжлал, дамжлагаа Лабран дацангаас шууд авсан байдаг учраас Кункхен Жамяан Жепагийн эх зохиолуудыг хэрэглэдэг байв. Гэвч өндөр настай лам нар Буриадад Монголд хэрэглэдэг байсан Кункхен, Жэцунма, Панчэн нарын бүх эх зохиолуудыг хэрэглэдэг байсан болов уу хэмээн таамаглах боловч бүрэн итгэлтэй биш байдаг. Цан-нидын дацангийн сайн суралцагчид Монгол уруу, тэнд сайн сурсан суралцагчид Төвөд рүү явдаг байлаа. 

1917 онд Трансбайгальд 46 дацан болон дуган (гэргийтэн хүмүүсийн ерөөл хурах танхим), 15 000 лам хувраг байв. Сталины үед, 1932 – 1936 оны хооронд дацангуудыг бөөнөөр нь эвдэн сүйтгэж, лам хуврагуудыг хорин, судар бичгүүдийг шатааж байв. Харьцангүй гэмтэл багатай үлдсэн нь Трансбайгалийн Агийн, Цугул болон Гузин нуур, Ленинградын дацан байлаа. Бусад нь эвдрэн гэмтэж, зарим нь бүрэн сүйдсэн байв. Танх (бөс даавуун гадартай Бурханы зурмал дүр) болон Бурханы баримал дүрүүдийг сүмүүдээс хураан авч Ленинградад болон агуулахаар ашиглагдаж байсан Улаан-Үдийн Христийн хуучин сүмд хураасан бөгөөд тэд бүгд тэндээ үлдсэн байна. Энэхүү хуучин сүмд Бурхан багшийн амьдарч байсан үед бүтээгдсэн Бурхан багшийн зандан модон дүр одоо хэр нь хадгалагдаж байдаг. 

Top