Анвар Садатын нэрэмжит энх тайвны лекц тавих болсон минь маш хүндтэй хэрэг бөгөөд энэ үйл явдалд маш их баяртай байгаагаа хэлэх ёстой. Ерөнхийлөгч хүний үүргээр тэрээр тус бүс нутагт энх тайвныг тогтоох үнэхээр шийдмэг, зоригтой алхамуудыг авч хэрэгжүүлсэн. Би түүнийг алсаас биширч суудаг. Өнөөдөр би түүний гэр бүлийн хүнтэй уулзсан нь үнэхээр хүндтэй хэрэг бөгөөд би маш их баяртай байна. Түүний талийгаач нөхрөөр бахархаж явдгаа түүнд илэрхийллээ. Хэрэв тэр дотооддоо хардлага сэрдлэг, эсвэл үзэн ядах сэтгэл агуулж байсан бол тийм зориг гаргахад үнэхээр хэцүү байх байсан. Урт хугацааны ашиг сонирхлыг харсан өргөн хүрээнд, бүхий л тогтолцоог хамарсан холистик байдлаар авч үзэж, ингэхдээ дайснаа хүндэтгэж, ярилцаж, гар барин өөрсдийнхөө адил болон ялгаатай талыг харах – энэ бол хамгийн зөв зүйл.
Хүн бүр амар амгаланг хүсдэг, нэг ч хүн бэрхшээл, эсвэл үргэлж зовлон бий болгож байдаг хүчирхийллийг хүсдэггүй. Хүчирхийллийн хамгийн муу тал бол урьдаас хэлэх аргагүй байдаг. Нэгэнт үйлдсэн бол бүр хэдий сайн сэдэл, зорилгоор үйлдсэн байсан ч арга нь хүчирхийллийн шинжтэй учраас хүссэн үр дүнд хүргэдэггүй. Энэ үргэлж тохиолддог. Ийнхүү түүний нэрийн дор ярих болсон нь үнэхээр хүндэтгэлэй хэрэг бөгөөд тус их сургууль, надад энэ боломжийг олгосон бусдын төлөө сэтгэлтэй тэдгээр хүмүүст талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Шашин хоорондын эв нэгдлийг хөхүүлэн дэмжих
Би илтгэл тавихдаа юуны түрүүнд өөрийгөө нэг хүн төрөлтөн гэж авч үздэг билээ. Бид шашин шүтдэг, шүтдэггүй ялгаагүй бүгд адилхан хүн төрөлтөнгүүд, энэ үүднээс би дотоод амгалангийн тухай ярьдаг. Дараагийн түвшиндээ би бол Бурханы шашинтан, миний энэ насандаа хийхээр зорьж буй зүйлийн нэг бол шашны эв нэгдлийг уриалан дэвшүүлэх явдал. Дэлхийн гол гол шашны уламжлалуудыг дотор нь бүтээгч эзэнд итгэдэг шашнууд, ийм үзэл баримтлалгүй шашнууд гэж ангилдаг. Энэ нь тэдгээрийн хоорондох үндсэн ялгаа юм. Тейст буюу бүтээгч эзэнд итгэдэг шашнууд дотроо урд, хойд төрөл гэх мэт ойлголтуудыг авч үзэх байдлаараа бас ялгаатай байдаг. Үүнд Хиндү шашин нь туйлын бүтээгч эзэнд итгэдэг боловч шалтгаан, үр дагаварын хуулийн дагуу дараа дараагийн төрлүүд байдаг гэж үздэг. Мөн Христ, Исламын шашны хооронд Нэг эзэн, Туйлын ганц эзэн, Эцэг, хүү, ариун сүнс гурвын холбоо гэх мэт бага зэрэг ялгаатай ойлголтууд байдаг.
Эдгээр өөр өөр үзлүүдийн зорилго нь юу вэ? Тэд бол энэрэнгүй, ухаалаг, зөв хүн болж төлөвших өөр өөр аргууд юм. Ийм учраас бүхий л шашнууд асрал хайр, энэрэх сэтгэл, тэвчээр, уучлалын тухай адилхан сургадаг. Асуудлууд мөн уур бухимдал төрөх тохиолдлууд гардаг бөгөөд энэ үед уучлал, тэвчээрийн тухай сургаалууд хэрэг болдог. Тэвчээр нь уур бухимдалтай шууд тэмцдэг бол уучлал нь үзэн ядах сэтгэлтэй шууд тэмцдэг.
Ийнхүү бүх гол гол шашнууд адил санааг түгээж байдаг бөгөөд асарч хайрлах тухай ойлголтоороо энх амгаланг бий болгох адил нөөц бололцоотой. Учир шалтгааныг нь тунгаан харвал энх амгалан гэдэг бол цаад зүй тогтлоороо үзэн ядах сэтгэл, уур бухимдал, тэдгээрийг даван туулах энэрэх сэтгэлтэй холбоотой байдаг. Энх тайван нь бүр гэр бүлийн, хувь хүний түвшинд ч дотоод амар амгалангаар дамжиж бий болдог. Дотоод амар амгалангийн эх сурвалж нь энэрэх сэтгэл, уучлал байдаг. Бүх шашны уламжлалууд амар амгалан гариг, амар амгалан гэр бүл, амар амгалан хувь хүнийг төлөвшүүлэх адилхан нөөц боломжтой.
Тэгвэл яагаад тийм өөр өөр философиуд байдаг вэ? Хүмүүсийн дунд үнэхээр олон өөр өөр сэтгэлгээний хандлага байдаг. Заримд нь бүтээгч эзэн бүхий шашны сургаал илүү үр дүнтэй байхад бусад нэгэнд нь бүтээгч эзэнгүй шашны арга илүү үр дүнтэй. Энэ нь өөр өөр эм бэлдмэлүүд байдагтай адил. Тэд өөр өөр найрлагатай байж болох боловч бүгд өвчнийг анагаах үйлчилгээтэй. Цаашилбал бие махбодын онцлог байдал, нас зэргээс шалтгаалсан өөр өөр өвчин байдаг бөгөөд иймд бидэнд олон өөр эм хэрэгтэй болдог. Үүнтэй адил сэтгэлийн амгаланд хэрэгтэй эм нь бас өөр өөр байх хэрэгтэй ба бүх гол гол шашнууд адил нөөц боломж, адил зорилготой бөгөөд энэ нь ч долоон тэрбум хүмүүс бидэнд үнэхээр нийцэж байдаг юм.
Өөр өөр сэтгэлгээний хандлагуудад тохирох өөр өөр аргууд
Бурханы шашинд Гаутама Бурхан багш өөр өөр гүн ухааны үзлүүдийг заасан байдаг ч бид бүгд түүнд бүрэн сүсэглэдэг нь тодорхой харагддаг. Яагаад? Учир нь түүний сургаалыг сонсогч хүмүүсийн дунд их олон өөр сэтгэлгээний хандлагууд байсан учраас нэг шашны дотор ч ялгаатай аргууд үзүүлэх шаардлага гарсан байна. Өөр өөр газар зүйн орчинд хэдэн тэрбум хүн өөр өөр амьдралын хэв маягаар амьдарч байгаа бөгөөд өөр өөр арга шаардагдах ялгаатай сэтгэлгээний хандлагатай байна. Бүх гол шашны уламжлалууд асрал хайр, энэрэх сэтгэл, уучлалыг адилхан сургаж байдгийг ойлгох нь харилцан бие биеэ хүндэтгэх суурь болно. Харилцан бие биеэ хүндэтгэж байвал бид бусад шашнаа судлан үзэж болох ба энэ нь угтаа бидний тус тусын уламжлалыг баяжуулж байдаг юм.
Миний хувьд, би Христ, Ислам, Еврей, Хиндү шашны хүмүүстэй уулзаж учирснаар тэднээс олон шинэ санаанд суралцан тэр нь миний өөрийн бүтээлийг баяжуулах болсон. Иймээс харилцан бие биеэ үнэлж, хүндэтгэсний үндсэн дээр шашнууд жинхэнэ бодит эв нэгдлийг бий болгох боломжтой. Ийм ч үүднээс миний энэ насандаа хийхээр өөртөө авсан хоёр дахь амлалт бол шашны эв нэгдлийг дэвшүүлэн тавих явдал байдаг.
Ёс зүйн үнэт зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх
Миний өмнө хэлсэнчлэн энд байгаа минь үнэхээр хүндтэй хэрэг. Бид талийгаач Анвар Садатын тухай ярьж байгаа үедээ түүний гайхалтай үйл хэргийг дурсаад өнгөрөх бус харин түүний бий болгосон үнэт зүйлийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэхийг оролдох хэрэгтэй. Тэрээр харилцан ярилцах гэдэг ойлголтондоо хэдий хэцүү байсан ч гэсэн асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх нь маш чухал гэдгийг харуулсан. Би 20-р зууныг цус урсгасан зуун байсан, харин 21-р зууныг энх тайвны зуун байх хэрэгтэй гэж үргэлж хэлдэг. Энэ нь ямар нэг асуудалгүй байх гэсэн үг биш. Учир нь үргэлж асуудал байсаар байх болно. Энх амгалан зууныг бий болгоно гэдэг нь асуудлуудаа шийдвэрлэхийн тулд энх тайвны арга, харилцан яриан дээр суурилсан аргыг бий болгох гэсэн үг.
Энд ирэхийнхээ өмнө би мужийн захирагчийн хүүтэй уулзаж, нас өндөр болсон олон ах, эгч нар чинь, аль хэдийн өнгөрсөн 20-р зууны миний үеийнхэн, баяртай гээд явахад бэлэн болсон байна гэж түүнд хэлсэн юм. Тэгэхээр 21-р зууныхан, арван таваас гучин насныхан – тэд бол жинхэнэ 21-р зууны иргэд юм. Одоо энэ зуунаас бараг 90 жил үлдсэн байна. Шинэ үеийнхэн энэ хугацаанд үлдсэн амьдралаа өнгөрөөх хэрэгтэй болно. Тийм учраас та бүхэнд шинэ, илүү сайхан, аз жаргалтай дэлхийг бий болгох боломж, үүрэг хариуцлага ирээд байна. Үүнийг хүн төрөлхтөний нэгдмэл чанарт баттай итгэсэн итгэл үнэмшил дээр бий болгож болно.
Өөр шашны итгэл үнэмшил, өөр үндэстэн гэдэг бол хоёрдугаар түвшний, тийм чухал зүйл биш. Бид эдгээр хоёрдугаар түвшний ялгаан дээрээ хэт их анхаарал хандуулж, хүн төрөлхтөний адил, нэгдмэл чанараа мартах тэр үед асуудлууд бий болдог. Бид үүнийг эсрэг дарааллаар нь бодох хэрэгтэй. Эхлээд хүн төрөлхтөний адил, нэгдмэл чанарыг бодох хэрэгтэй. Өнөөгийн дэлхийн дулаарал, эдийн засгийн бодит байдал нь тэдгээрт үндэстэн хоорондын зааг, шашны ялгаа холбогдолгүй гэдгийг харуулж байна. Иймд шинэ үеийнхэн маань хүн төрөлхтөний талаар, бүх хүн төрөлхтөний адил, нэгдмэл чанарыг эх дэлхийн түвшинд илүүтэйгээр авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаар түвшнийхээ ялгааныхаа төлөө түр хугацааны ашгаар хөөцөлдөж ингэхдээ хүн төрөлхтөний адил, нэгдмэл чанараа үл хайхрах нь аюул. Энэ зууныг улмаар энх тайвны зуун болгох, дэлхий даяар зэвсэглэлгүй болох үзэл баримтлалыг бий болго. Энэ боломжтой зүйл, тийм учраас энэ талаар илүү нухацтай бодож үзээрэй!
Баярлалаа! Одоо асуулт, хариултандаа оръё.
Дээрхийн Гэгээн, та 2011 онд Ньюарк хотод зочлох үеэрээ АНУ бололвсролын системдээ ёс суртахууны сургалт оруулах хэрэгтэй гэж зөвлөж байсан. Та албан ёсны ёс суртахууны сургалтыг хэлж байсан уу? Дэлхий даяар олон эрх бүхий ёс суртахууны хөтөлбөрүүд байгаа. АНУ-ын боловсролын системд албан ёсны ёс суртахууны сургалт оруулах хэрэгтэй гэж зөвлөхдөө тэр тогтолцоонд ямар асуудал харсан юм бэ?
Хүн төрөлхтөний түүхийг аваад үзэхэд боловсрол үнэхээр гайхалтай шинэ ертөнцийг бий болгосон байна гэж надад санагддаг. Дэлхийн бүх хэсэгт хүмүүс боловсролыг хамгийн чухал зүйлд тооцдог гэж би бодож байна. Өнөөдөр олон орон, олон нийгэм орчин үеийн боловсролын маш өндөр түвшинд хүрсэн боловч бидэнд асуудал, хямралууд гарсаар байна. Бүр нийгэмд олон асуудлуудыг бий болгодог хүмүүсийг боловсролоор нь аваад үзвэл маш өндөр түвшний боловсролтой хүмүүс байгаа юм. Сэтгэлийн амгалангийн хувьд, маш сайн боловсролтой олон найзууд надад байдаг, гэвч хүнийхээ хувьд тэд маш баяр баясгалангүй байна. Энэ нь өөрийн эрхгүй эрүүл бус сэтгэлийн хандлагад хөтөлж цаашдаа амьд амьтдыг хөнөөх, худал хэлэх, ямар нэг итгэл үнэмшлийг баримталдаг мэт дүр үзүүлэх, шударга бусаар ашиглаж мөлжих, дээрэлхэн доромжлох гэх мэт үйлдлүүдийг хийхэд хүргэдэг.
Ийм учраас би тэдгээр хүмүүст гол гол шашнууд бол бидний илүү гүн гүнзгий үнэт зүйлүүдийн талаар сургаж байдаг юм гэж үргэлж хэлдэг. Мэдээж эдгээр үнэт зүйлүүдийн талаар сургаж байгаа тэдгээр хүмүүсийн дотор сургаж буй зүйлээ чин сэтгэлээсээ амьдралд хэрэгжүүлдэггүй хэсэг байдаг. Зарим тохиолдолд шашны нэрийн өмнөөс ярьж байдаг тэдгээр хүмүүс тухайн итгэл үнэмшлийг баримталдаг мэт дүр үзүүлж, сайхан зүйл ярих боловч амьдрал дээр өөр зүйл хийж байдаг гэдгийг би олон удаа хэлсээр ирсэн. Энэ бол дотоод үнэт зүйлийг бүрэн ойлгоогүй байгаагийн тодорхой илрэл юм. Зөвхөн сүсэг бишрэлээр эдгээр үнэт зүйлд бодитой ач холбогдол өгнө гэдэг нь үнэндээ маш хязгаарлагдмал. Харин өмнөх Пап ламын хэлсэнчлэн сүсэг бишрэл, учир шалтгааны ухаан хоёр хамт явах ёстой.
Би үүнийг үнэхээр зөв гэж боддог. Бид боловсрол, танин мэдэхүйгээрээ дамжуулан учир шалтгааныг тунгаах хэрэгтэй. Бидний цорын ганц итгэл найдвар бол боловсрол. Хэрэв бид хүмүүст сайхан сэтгэл, бусдын төлөө анхаарал тавих сэтгэлийн боловсрол олговол тэд бусдыг өөрсдийн сайн сайхан, эрүүл байх туйлын эх сурвалж гэдгийг харах болно. Гэр бүл, нийгмийн доторх асуудлууд нь ёс суртахууны зарчим дутагдсанаас бий болдог. Иймд одоо байгаа боловсролын салбартаа ёс суртахууны зарчмын талаар илүү олон хичээлүүдийг оруулах шаардлагатай. Учир нь одоогийн байгаа сургалт шаардлага хангахгүй байна.
Хэрэв сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаар ярьж байгаа бол эртний Энэтхэгийн гүн ухаанд уур бухимдал, үзэн ядах сэтгэл, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн зогсоох тухай олон тайлбарууд байдаг. Миний хувьд өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд эрдэмтэд, багш нартай ярилцсан ба тэдний ихэнх нь эртний Энэтхэгийн уламжлалууд болон Бурханы шашны тодорхой ойлголтуудыг өндрөөр үнэлдэг болсон. Эдгээр эрдэмтэд энэ бүхийг үнэлээд зогсоогүй бүр энэ талаар судалгаа явуулж, туршилт хийн үр дүнтэй гэдгийг нь баталж байна.
Сурагчид ээж болон найз нөхдийнхөө тэдэнд үзүүлж байдаг хайр халамжинд маш их баярладаг. Тэдний бага насанд хайр энхрийллийн үнэ цэнэ их амьд, хүчтэй байдаг. Бидэн шиг, насанд хүрсэн хүмүүс болох үедээ тэд заримдаа тэдэнд хайр халамж хэрэггүй, тэд өөрсдөө бүх зүйлийг хийж чадна гэж хэлдэг. Гэвч эдгээр хүний үнэт зүйлүүд бол биологийн суурь хүчин зүйл бөгөөд шашнаас шалтгаалдаггүй. Эхийн үрээ гэсэн хайр энхрийлэл бол бидний амьтнаас ч харж болох агуу зүйл. Энэ бол биологийн хүчин зүйл, шашнаас бий болдог зүйл биш. Иймд бидний хийх хэрэгтэй зүйл бол хүүхдүүдийг бага байхад нь, энэхүү хайр энхрийллийн мэдрэмж нь амьд байх үед нь эдгээр үнэт зүйлүүд бол тэдний сүүлчийн өдөр хүртэл, нас эцэслэх хүртэл хэрэгтэй маш чухал зүйл гэдгийг сургах явдал. Эдгээр үнэт зүйлүүд бол бидний баяр баясгалан, аз жаргалын туйлын эх сурвалж юм.
Бид шашинд найдах бус харин шинжлэх ухааны судалгаа, шинжилгээтэй тайлбар, баримтуудыг ашиглах ёстой. Хэрэв бид шашинд ач холбогдол өгвөл арга маань дэлхий нийтийнх болж чадахгүй. Нэгэнт бид дэлхий нийтэд нүүрлээд байгаа асуудлын тухай ярьж байгаа учраас асуудлуудыг шийдэх арга нь бас дэлхий нийтийнх байх хэрэгтэй. Би энэ аргыг гол төлөв “шашнаас ангид (иргэний) ёс зүй” гэж нэрлэдэг. “шашнаас ангид (иргэний)” гэдэг үгийг би бас тодруулах хэрэгтэй болдог. Учир нь Баруунд энэ хэллэг нь шашинд хүндэтгэлгүй, сөрөг утгаар ойлгогддог юм шиг санагддаг. Гэвч шашнаас ангид иргэний үзлийн Энэтхэг ойлголт бол тодорхой нэг шашныг илүүд үзэхгүйгээр бүх шашин болон шашин шүтлэггүй хүмүүсийг адил хүндэтгэнэ гэсэн утгатай юм. Ийм учраас Энэтхэг улс тусгаар тогтнолоо эргүүлэн авах үед үндсэн хуулийнх нь үзэл санаа нь шашнаас ангид иргэний үзэл санаан дээр тулгуурлах болсон юм.
Энэтхэг нь олон итгэл үнэмшил зэрэгцэн оршиж байдаг үндэстэн учраас нэг шашин нь нөгөө шашнаас дээгүүр гэж хэлэх боломжгүй. Дэлхийн түвшинд шашнаас ангид иргэний үзэл санаа бол бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч болох цорын ганц арга юм. Ийм учраас бид иргэний боловсролын салбарт тохирох хөтөлбөр бий болгохыг оролдож байна. Гэвч бид шинжлэх ухааны эрдэмтэд, философичид, боловсролынхонтой хамтран цаашдын судалгаануудыг хийх хэрэгтэй байгаа бөгөөд бид үүнийг Энэтхэгт аль хэдийн эхлүүлээд байна.
Ингээд бид хөтөлбөрийг боловсруулж дуусвал энэ их сургууль гэх мэт байгууллагууд хөтөлбөрийг туршиж үзэж болох юм. Нэг сургууль тэрхүү хөтөлбөрийг явуулж хэдэн жилийн дараагаар үр дүнг нь шалгаж болно. Хэрэв туршилт эерэг үр дүнг харуулбал бид хөтөлбөрийг гүйцээж арав, зуун сургууль, тэгээд мужын түвшинд өргөжүүлэх болно. Мужын түвшний дараагаар цаашдын яриа хэлэлцээрийг хийж энэ нь улмаар холбооны улсын түвшинд, цаашдаа НҮБ-ын түвшинд, бүх дэлхий нийтээрээ шашинд бус иргэний үзэлд тулгуурласан нэг төрлийн ёс суртахууны боловсролыг дэмжих хүртэл тэлж болно.
Сүүлийн арваад жилийн хугацаанд Исламын шашны хэт үзэлтнүүд болон АНУ, Исламын ертөнц хоёрын хоорондын асуудлууд, шашин хоорондын харилцан ойлголцлын талаарх таны гаргаж байгаа хүчин чармайлтанд бэрхшээл болсон гэж та үздэг үү? 9 сарын 11-ний үйл явдлаас хойшхи бүтэн арван жилийн хугацаанд харилцан ойлголцол илүү хялбар болсон уу?
Тодорхой өөрчлөлтүүд гараагүй л байна. Бид гуч, дөчин жилийн турш харилцан яриа хийсээр байна. Би шашин хоорондын уулзалтуудыг ердөө нэг инээмсэглэж гар барьсан тэмдэглэлт эсвэл шашны үйл ажиллагаа биш байхыг үргэлж хичээдэг. Харин би илүү хариуцлага харилцан яриа хийхийг хүсдэг. Бидний ялгаа, бидний адил төстэй талууд, зорилго нь юу вэ? Шашны бүтээл хийдэг хүмүүс шашны бүтээл хийдэг хүмүүстэйгээ уулзах нь илүү чухал байдаг. Би зарим Католик шашны хуврагуудыг үнэхээр биширдэг. Ромын Католик шашны маш чанд сахилга баттай Траппист байгууллагын гишүүн, талийгаач Томас Мертонтой танилцсаныхаа дараа би түүнээс болон бусад Христийн шашны эрэгтэй, эмэгтэй хувраг нараас их зүйл сурсан. Австралийн Сидней хотод болсон нэг уулзалтын үеэр би Христийн шашинтай сайдтай танилцсан юм. Тэрээр намайг маш сайн Христийн шашинтан гэсэн! Тэгээд би ярьж байхдаа түүнийг маш сайн Бурханы шашинтан гэж тодорхойлсон юм! Бид адилхан бүтээл хийдэг, адилхан нөөц боломжтой юм шиг тийм л ойлголт төрж байсан шүү. Хэрэв бид илүү ойртон, бие биеэ илүү гүнзгий мэдэх юм бол харилцан хүндэтгэх, бахдах сэтгэл аяндаа бий болдог.
Би мөн Исламын шашинтай ах дүү нартайгаа уулзахад онцгой хүчин чармайлт гаргасаар ирсэн. Шийт, суннит мусульманчууд хоорондоо дайтаж байгаа зөрчилдөөн нь Хойд Ирландын протестант, католик нарын хоорондохтой адил шашнаас бус, харин улс төрийн бодитой хүчин зүйлээс болж байдаг. Өнгөрсөнд ч мөн адил түүхийн шашны нэр дээрх аливаа зөрчилдөөн нь эрх мэдэл, эдийн засгийн сонирхлоос бий болж байсан. Иймд бид ялгааг нь гаргах ёстой. Улс төрийн асуудлууд шашны бус улс төрийнхөө аргаар шийдвэрлэгдэх хэрэгтэй. Шашны хувьд бусдад хор хүргэх ямарч учир шалтгаан байхгүй.
Эдгээр эмэгнэлтэй явдлууд нь бидэнд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байхыг сануулдаг. Учир нь шашны нэрээр аллага явуулна гэдэг бол үнэхээр маш гунигтай, төсөөлөх ч боломжгүй зүйл. Өнөөдөр бүр Бирм, Шри Ланкын Бурханы шашинтнууд ч үүнд оролцож байна. Бурханы шашинтнууд Исламын шашинтнуудын хийд, гэр орон руу халдаж байна. Энэ үнэхээр маш харамсалтай явдал. Нэг удаагийн үйл явдал дээр би өөрийн Бурханы шашинт ах дүү нартаа хэрэв тэдэнд Исламын шашны нийгмийн бүлэг рүү хандсан сөрөг хандлага төрвөл Бурханы дүрийг санах хэрэгтэй, Бурхан Исламын шашинтай ах, дүү нарыг минь хамгаалахыг хүсэх болно, эргэлзээгүй гэж хэлж байсан. Эдгээр зөрчлийн цаана гол төлөв эдийн засгийн учир шалтгаан байдаг бөгөөд шашныг оролцуулснаар хүний сэтгэлийг хөнддөг. Маш их хэмжээний сэтгэл хөдлөл явагдвал түүнийг гуйвуулан ашиглахад хялбар болно. Энэ үнэхээр харамсалтай, гэвч зориг мохох ямарч шалтгаан байхгүй. Бид хүчин чармайлт гаргасаар байх юм бол үр дүн ирнэ. Заримдаа би шашны эв нэгдэлд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэж бага зэрэг өөрөөрөө бахархах сэтгэлтэй явдаг.
Хүмүүс миний хичээл чармайлт, миний бодол санаатай санал нийлэн талархаж байгаагаа илэрхийлэхэд тэр нь надад илүү их урам зориг өгдөг. Нобелийн энх тайвны шагнал хүртээхэд би шууд би бол энгийн нэг Бурханы шашны хувраг хүн, илүү ч үгүй, дутуу ч үгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ бол миний дэлхийн энх тайван, хүн төрөлхтөн илүү сайн боловсрохыг дэвшүүлэн тавихад хүчин чармайлт гаргаж байгааг минь үнэлсэн хэрэг.
Энд арван таван мянга гаруй ах дүү нар минь цугласан гэж бодож байна. Хэрэв та бүхэн эдгээр санаануудыг нухацтай авч үзэх шаардлагагүй гэж бодож байвал түүнд асуудал байхгүй. Хэрэв та бүхэн үүнийг сонирхож, илүү их оролцохыг хүсэж байвал өөрийн дотоод үнэт зүйлийг авч үзэх хэрэгтэй. Эхлээд түүнийг мэдлэгийн түвшинд, эдгээр үнэт зүйлийн энгийн ойлголтуудыг хэрэглэ. Хоёрдугаарт, өөрсдийгөө эдгээр үнэт зүйлд сурга, тэр үед энэ бүхэн амьд зүйл болох юм. Тэгээд эдгээр үнэт зүйлсээ хэрэгжүүлснээр таны амьдралын өдөр тутмын нэг хэсэг болж та бодитой ач тусыг нь хүртэнэ. Илүү цааш нь бодоорой! Баярлалаа!